Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2023/03462

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: С дүүрэгт байрлах, М /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэгт байрлах, С ХХК /РД:*****/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний алданги 170 127 465 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, А.А*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эмүжин нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М******* ХХК нь хариуцагч С******* ХХК-д холбогдуулан гэрээний алданги 170 127 465 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Нэхэмжлэгч М******* ХХК нь хариуцагч С******* ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ХАГ-01/01 тоот гэрээ байгуулж, гүйцэтгэгч тал нь Ө аймгийн Х******* сумын нутагт орших, Б*******д өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээг, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ө аймгийн Ц******* сумын *******т өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан. Уг гэрээний дагуу гүйцэтгэгч тал болох М******* ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлыг тухай бүр захиалагчийн шаардлагын дагуу хийж гүйцэтгэсэн боловч захиалагч нь төлбөр төлөх хугацааг олон хоногоор хожимдуулж манай байгууллагад ихээхэн хохирол учруулсан болно. Талуудын байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.10 дахь хэсэгт заасны дагуу захиалагч тал нь гүйцэтгэлийн төлбөрийг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.1 хувиар алданги төлөхөөр тохирсон бөгөөд С ХХК нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй удаа дараа хожимдуулсанаас бидний хувьд ихээхэн хохирол үзсэн боловч бодит хохирол бус зөвхөн алдангийг гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд хариуцагч тал болох С******* ХХК-иас гэрээний алданги болох 170 127 465 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч талаас 2021 онд эхний гэрээний төлбөр бүрэн төлөгдөж дууссан гэж тайлбарлаж байгаа боловч төлбөр төлөгдөж дуусаагүй. Талуудын хооронд байгуулсан тооцооны үлдэгдлийн баталгаа дээр 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хариуцагч С******* ХХК нь манай байгууллагад 298 591 986,64 төгрөгийн өглөгтэй болохыг баталгаажуулсан байдаг. Хариуцагч төлбөр төлөх хугацаагаа хожимдуулсан үндэслэлээ нүүрсний борлуулалт, ковид цар тахалтай холбож тайлбарлаж байна. Хоёр дахь гэрээ нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан бөгөөд гэрээний хугацаа 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хийгдсэн. Энэ гэрээний 7.1.8 дахь хэсэгт алдангийг 0.1 хувиар тооцсон. Энэхүү 2 гэрээгээр 2 өөр газар өрөмдлөгийн ажил гүйцэтгэхээр тохиролцсон. Эхний гэрээний дагуу бүх ажил үйлчилгээгээ үзүүлсэн бөгөөд ямар нэгэн давагдашгүй хүчин зүйлээс болж ажил зогссон нөхцөл байдал тогтоогдоогүй. Тухайн бүсэд М******* ХХК-ийн зүгээс ажил үйлчилгээгээ бүрэн явуулсан. Хоёр дахь гэрээний хувьд мөн л ковидоос үл хамаарч ажил үйлчилгээгээ үзүүлсэн. Хариуцагч 2020, 2021 онд давагдашгүй нөхцөл байдал үүссэн бид нар алдангиас чөлөөлөгдөх ёстой гэсэн тайлбар өгсөн. Давагдашгүй нөхцөл байдал үүссэн бол гэрээнд заасны дагуу гэрээг дуусгавар болгох хүсэлтээ бичгээр мэдэгдэх боломжтой байсан. Эхний гэрээний 14.1.5-т “....үүргээ бүхэлд нь болон хэсэгчлэн биелүүлэх боломжгүй бол нөгөө талдаа бичгээр мэдэгдэж болно” гэж заасан. Манай байгууллагын зүгээс бүх ажил үйлчилгээгээ гүйцэтгэсэн тул хариуцагч байгууллагаас алдангиа нэхэмжилж байна. Гэрээгээр алданги төлөхөөр тохирсон тул үндсэн төлбөр төлөгдсөн ч гэсэн алдангиа нэхэмжилж байгаа. Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг 2022 оны 9 сард авсан байна. Тиймээс давагдашгүй хүчин зүйлийн нөлөө байсан гэдгийг зөвшөөрөхгүй. Иймд 2020.03.09-ний гэрээний 20 00 000 төгрөг, 2021.03.09-ний гэрээний 94 000 000 төгрөг, 2021.03.30-ний гэрээний 6 400 000 төгрөг, 2022.01.18-ны гэрээний 50 000 000 төгрөг, нийт 170 400 000 төгрөгний алданги байгаа гэв.

 

2.Хариуцагчийн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус компани нь уул уурхайн өрөмдлөг, тэсэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2020, 2021, 2022, 2023 онд Ө аймгийн Ц******* суманд байрлах ******* уурхай болон Х******* суманд байрлах Б*******д өрөмдлөг, тэсэлгээний гүйцэтгэж байна. Дээрх ажлыг хийж гүйцэтгэхдээ М******* ХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ХАГ-01/01 дугаартай Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, Ө аймгийн Х******* сум Б уурхай, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр №МS22/01 дугаартай Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, Ө аймгийн Ц******* сумын нутаг ******* уурхайд өрөмдлөгийн ажил, ажлын даалгавар, ажлын зураг төсөл зэргийг туслан гүйцэтгүүлэхээр тохиролцсон. М******* ХХК-иар өрөмдлөгийн ажлыг гүйцэтгүүлэх явцад 2020 оны 02 дугаар сараас дэлхий дахинд коронавируст Ковид-19 цар тахал өвчин гарч улс орнууд хөл хорио тогтоож, хилээ хаасан, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай" тогтоолоор анх хөл хорио тогтоож, 2020, 2021 онд нийтдээ 9 удаа бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж эхэлсэн. Улс даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор нүүрсний экспорт бараг зогсонги байдалтай байсан. Бидний гүйцэтгэж буй ажил үйлчилгээ нь нүүрс олборлогч компанийн үйл ажиллагаатай шууд холбоотой ба тэдгээрийн борлуулалтын орлогоос ажлын хөлс төлөгддөг. Ийнхүү Ковид-19 цар тахлын улмаас эдийн засгийн уналт, уул уурхайн салбар зогсонги байдалд хүрч ерөнхий захиалагчаас ажлын төлбөр орж ирэхгүй, хойшлох зэрэг хүндрэл үүсч байсан ч бид М******* ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ хугацаа хожимдуулахгүй биелүүлж, ББСБ-аас сарын 3-3.5% хүүтэй зээл авч төлж байсан. М******* ХХК-тай тухай бүр төлбөр тооцоог актаар баталгаажуулж байсан бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр эцсийн төлбөр 270 000 000 төлж барагдуулсан. Мөн М******* ХХК-тай байгуулсан 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн №ХАГ01/01 дугаартай Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний 14.1.1, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №МЅ22/01 дугаартай Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний 14.1.1-т "Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл гэдэгт ...халдварт өвчин, хөл хорио, хорио цээр, төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, эрх зүйн орчны өөрчлөлт, хил хаах, экспорт, импортын болон тээврийн хориг саад, нэвтрэлтийн удаашрал болон нүүрсний экспортын хэмжээний бууралт, зах зээлийн өөрчлөлт зэрэг... гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй байдалд хүргэсэн нөхцөл байдлыг ойлгоно" гэж, гэрээний 14.1.4-т “...гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлс үүссэний улмаас төлбөр хойшлох тохиолдолд тухайн хойшилж байгаа төлбөртэй холбоотой ямар нэг алданги, хүү, торгууль тооцохгүй" гэж тохиролцсон. Гэрээний дээрх заалтаар талууд давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын үед алданги тооцохооргүй байна. Мөн манай компанид М******* ХХК-тай байгуулсан гэрээний хэрэгжилтийн явцад хүнд нехцелд орсныг баталгаажуулж МҮХАҮТ-иас 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр №02/506 тоот "Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл”-ийн гэрчилгээ олгосон болно. Манай компани М******* ХХК-тай байгуулсан өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээнүүдээр хүлээсэн үүргээ хожимдуулаагүй, гэрээнүүдийн төлбөрийг бүрэн төлж, гэрээ дуусгавар болсон тул алданги төлөх үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр болон нэмэлт гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус тус Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаараа маргахгүй. Уг гэрээний төлбөр тооцоо бүгд хийгдээд дууссан. Талууд тооцоо нийлэх акт үйлдсэн. Мөн ковид цар тахалтай холбоотойгоор хугацаа хойшилсон талаар хэн аль нь мэдэж байгаа, нийтэд илэрхий үйл баримт юм. Талууд тооцоо нийлээд дууссан буюу 2022 онд нэхэмжлэгчээс төлбөрийн баталгаа өгсөн, үүнд төлбөрийн үлдэгдэл байхгүй гэсэн байдаг байж одоо алданги гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд үндсэн төлбөрийг бүрэн төлж дуусгасан тул алданги гэж нэхэмжилсэн 170 127 465 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс А.А*******од олгосон итгэмжлэл, төлбөрийн даалгавар, Голомт банк ХХК-ийн цахим гүйлгээний баримт, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №ХАГ-01/01 Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ, ажлын үнэлгээ тооцох аргачлал, гүйцэтгэлийн үнэлгээг тооцох аргачлал, өрөмдлөг, тэсэлгээтэй холбоотой дагаж мөрдөх заавар, С******* ХХК-ийн хугацаа хэтэрсэн төлбөрийн алдангийн тооцоолол, тэсрэх материалын дагалдах хуудас, М******* ХХК-ийн

хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.Б*******д олгосон итгэмжлэл /хэргийн 4-27-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас Н.Н*******, З.Н нарт олгосон итгэмжлэл, С******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №ХАГ-01/01-01 дугаартай Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх №ХАГ-01/01 тоот гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №ХАГ-01/01-02 дугаартай Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх №ХАГ-01/01 тоот гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №ХАГ-01/01 Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ, ажлын үнэлгээ тооцох аргачлал, гүйцэтгэлийн үнэлгээг тооцох аргачлал, өрөмдлөг, тэсэлгээтэй холбоотой дагаж мөрдөх заавар, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №МS22/01 дугаартай Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ, ажлын үнэлгээ тооцох аргачлал, талуудын үүрэг, тооцооны үлдэгдлийн баталгаа, С******* ХХК-иас 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Баталгаат тооцоолол аудит ХХК-д хүргүүлсэн албан бичиг, 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн №02/506 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, Голомт банк ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 19, 2020 оны 6 дугаар сарын 22, 2020 оны 8 дугаар сарын 07, 2020 оны 10 дугаар сарын 12, 2020 оны 11 дүгээр сарын 06, 2020 оны 12 дугаар сарын 15, 16, 17, 2021 оны 01 дүгээр сарын 12, 2021 оны 02 дугаар сарын 10, 2021 оны 3 дугаар сарын 10, 2022 оны 4 дүгээр сарын 29, 2022 оны 6 дугаар сарын 17, 18, 2021 оны 7 дугаар сарын 06, 2022 оны 8 дугаар сарын 26, 31-ны өдрүүдийн мемориалын баримт /хэргийн 42, 61-109-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч С******* ХХК-ийг өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөр төлөх хугацаагаа удаа дараа хэтрүүлсэн, хугацаа хэтрүүлснээс манай байгууллагад хохирол учирсан тул гэрээнд зааснаар үүргээ хугацаандаа биелүүлээгүй алданги 170 127 465 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлсон.

3.Хариуцагч нь нэхэмжлэгч М******* ХХК-тай байгуулсан өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж, төлбөрийг бүрэн төлж, гэрээ дуусгавар болсон тул алданги төлөх үндэслэлгүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч М******* ХХК нь хариуцагч С******* ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр №ХАГ-01/01 тоот “Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч М******* ХХК нь Ө аймгийн Х******* сумын нутаг дэвсгэрт байрлах, Б*******д өрөмдлөгийн ажлыг өрөмдлөгийн даалгавар, ажил гүйцэтгэх хуваарь, ажлын зураг төсөл, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, нормд заасан нөхцөлүүдэд нийцүүлэн хийж гүйцэтгэх, захиалагч С******* ХХК нь хөлсийг гэрээнд заасны дагуу төлөх, ажлын гүйцэтгэлийг тухайн сард захиалагчийн өгсөн даалгаврын дагуу өрөмдлөгийн ажлын гүйцэтгэлийн бодит гүйцэтгэлээр тооцохоор, гэрээний хугацааг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар байхаар харилцан тохиролцсон байна.

4.2.Зохигч талууд 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх ХАГ-01/01 тоот гэрээний нэмэлт, өөрчлөлт №ХАГ-01/01-01” тоот гэрээг байгуулж, гэрээгээр 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр №ХАГ-01/01 тоот “Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний хугацааг 2021 оны 03 дугаар сарын 30-ний өдөр хүртэл, мөн 2021 оны 03 дугаар сарын 30-ний өдөр “Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх №ХАГ-01/01 тоот гэрээний нэмэлт, өөрчлөлт №ХАГ-01/01-02” тоот гэрээг байгуулж, өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний хугацааг 2021 оны 03 дугаар сарын 30-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл тус тус сунгасан байх бөгөөд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, хугацаа сунгасан талаар талуудын хэн аль нь маргаагүй. 

 

4.3.Мөн талуудын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр №МS22/01 тоот “Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, гэрээгээр гүйцэтгэгч М******* ХХК нь Ө аймгийн Ц******* сумын нутаг дэвсгэрт байрлах, ******* уурхайд өрөмдлөгийн ажлыг өрөмдлөгийн даалгавар, ажил гүйцэтгэх хуваарь, ажлын зураг төсөл, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, нормд заасан нөхцөлүүдэд нийцүүлэн хийж гүйцэтгэх, захиалагч С******* ХХК нь ажлын хөлсийг энэхүү гэрээнд заасны дагуу төлөх, ажлын гүйцэтгэлийг тухайн сард захиалагчийн өгсөн даалгаврын дагуу өрөмдлөгийн ажлын гүйцэтгэлийн бодит гүйцэтгэлээр тооцохоор харилцан тохиролцож, гэрээний хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртлэх хугацаатай байгуулсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан гэрээ, гэрээний хавсралтуудаар тус тус тогтоогдож байна.   

 

5.Зохигч талууд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр №ХАГ-01/01 тоот “Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ” болон 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2021 оны 03 дугаар сарын 30-ний өдөр гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр №МS22/01 тоот “Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, ажил гүйцэтгэсэн, гэрээний үндсэн төлбөр буюу хөлс төлөгдсөн талаар маргаагүй, хөлс төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс алданги төлөх талаар маргаж байна.  

 

6.Талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ” болон 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2021 оны 03 дугаар сарын 30-ний өдөр гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ” тус тус байгуулсан талаар маргаагүй байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

6.1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

7.Нэхэмжлэгч нь 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний 7.10-д “гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын дагуу сарын төлбөрийг хийх үндэслэлтэй бол энэ гэрээний 3.5-д заасныг баримтлан гүйцэтгэгчээс ирүүлсэн нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш хуанлийн 60 хоногийн дотор багтааж төлбөрийг бүрэн шилжүүлнэ. Талууд харилцан тохиролцсоноос бусад тохиолдолд захиалагч төлбөрийг энэ хугацаанаас хэтрүүлсэн бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд тухайн төлөх ёстой төлбөрийн үнийн дүнгийн 0,1хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө. Хуульд өөрөөр заагаагүй бол алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй төлбөрийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна”, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний 7.1.8-д “хэрэв захиалагч тал нь гүйцэтгэгчийн нэхэмжилсэн төлбөрийг 3.6-д заасны дагуу төлөхгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлнө” гэж зааснаар хариуцагч нь нэхэмжилсэн төлбөрийг хугацаа хэтрүүлж төлсөн болох нь “С*******” ХХК-ийн хугацаа хэтэрсэн төлбөрийн алдангийн тооцоолол гэсэн баримтаар нотлогдоно гэсэн.

 

7.1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан.

7.2.Хэрэгт авагдсан “С******* ХХК-ийн хугацаа хэтэрсэн төлбөрийн алдангийн тооцоолол” гэсэн баримтад 2020 оны 03 сарын 31-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртлэх нэхэмжилсэн төлбөрийг хугацаа хэтрүүлж төлсөн, нийт дүн 2022 оны 8 дугаар сарын 26-нд төлөх дүн 2 499 872 804, төлсөн дүн 2 499 872 804, тооцсон алданги, нийт үлдэгдэл алданги 170 127 465,39 төгрөг гэсэн байх боловч алданги төлөх талаар хариуцагч талд мэдэгдэж байсан талаарх баримтгүй, мөн нэхэмжлэгч нь 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн “Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.5, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.6-т зааснаар хариуцагчид төлбөр төлөх нэхэмжлэлийг хэзээ явуулсан эсэх, нэхэмжлэлийг хариуцагч нь хүлээн авснаас хойш хугацаа хэтрүүлсэн талаарх баримтыг хавсаргаагүй байна гэж үзэв.

7.3.Өөрөөр хэлбэл зохигч талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.5-т “...захиалагч нь тухайн сарын төлбөрийг холбогдох нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 60 хоногийн дотор өрөмдлөгийн ажил үйлчилгээний төлбөрийг М******* ХХК-ийн Голомт банкны 19050 дансанд шилжүүлнэ”, мөн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.6-т “...захиалагч нь тухайн сарын төлбөрийг холбогдох нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 60 хоногийн дотор гүйцэтгэгчийн Голомт банкны 19050 дансанд тус тус шилжүүлнэ” гэж харилцан тохиролцжээ.

 

8.Мөн хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар нэхэмжлэгчийн өмнөөс тус компанид нягтлан бодогч ажилтай Т.Э, хариуцагчийн өмнөөс тус компанид нягтлан бодогч ажилтай Л.А нар нь талуудын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үзүүлсэн ажил үйлчилгээг нэг бүрчлэн нийлж үзэхэд хариуцагч С******* ХХК нь 298 591 986,44 төгрөгийн өглөгтэй гарсныг харилцан баталж, гарын үсэг зурж, компанийн санхүүгийн тэмдэг дарсан байх бөгөөд уг баримтад алданги төлөх талаар дурьдаагүй байна.

8.1.Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны Хэнд: Баталгаат тооцоолол Аудит ХХК гэсэн баримтад “...2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар манай бүртгэл тайланд тусгагдсан С******* ХХК-ийн өр төлбөр дүн нь 0.00 төгрөг байна. 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар өглөг байхгүй” гэсэн байх бөгөөд баримтад нэхэмжлэгч М******* ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч ажилтай, Ч.М нь гарын үсгээ зурсан, уг баримтыг үйлдсэн талаар нэхэмжлэгч нь маргаагүй тул 2022 оны 8 дугаар сарын 26-ны тооцоололоор алданги 170 127 465 төгрөгийг төлөөгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна гэж үзэв.

 

9.Иймд хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлж, ажлын хөлсийг бүрэн төлсөн байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн болохыг баримтаар нотлоогүй, мөн тооцооны үлдэгдлийн баталгаа, хэрэгт авагдсан баримтаар үүрэг дуусгавар болсон, өглөг байхгүй гэсэн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэж, нэхэмжлэгч М******* ХХК-ийн хариуцагч С******* ХХК-нд холбогдуулан гаргасан алданги 170 127 465 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. 

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч М******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 012 000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч М******* ХХК-ийн хариуцагч С******* ХХК-нд холбогдуулан гаргасан алданги 170 127 465 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 012 000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.                                                                                                   

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

                                 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН