| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 194/2026/0328/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/421 |
| Огноо | 2026-02-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Дашням |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2026/ШЦТ/421
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
Улсын яллагч Б.Дашням,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М д холбогдох эрүүгийн 2511000002061 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ... тоотод байх гэртээ Б.Х ыг үл ялих зүйлээр шалтаглан цохиж зодон, эрүүл мэндэд нь “зүүн сарвуунд шарх, зүүн доод зовхи, баруун хацар, хамар, хүзүү, зүүн сарвуунд зулгаралт, зүүн дээд доод зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Б.М нь 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ... тоотод байх гэртээ Б.Х ыг үл ялих зүйлээр шалтаглан цохиж зодон, эрүүл мэндэд нь “зүүн сарвуунд шарх, зүүн доод зовхи, баруун хацар, хамар, хүзүү, зүүн сарвуунд зулгаралт, зүүн дээд доод зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогч Б.Х ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хутга барьчихсан гарч ирсэн. Тэр намайг цохиод л баруун гартаа хутгаа бариад цохиод мөргөөд татаж авч ирж цохиод ...гарын хажуугаар хэд хэд цавчиж байснаа миний гарыг оносон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар тал/,
Гэрч Л.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Х болон М хоёр зодолдоод байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,
Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын, шүүх эмнэлгийн амбулаторийн тасгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №ЕГ0725/13217 дугаартай: “...Б.Х ын биед зүүн сарвуунд шарх, зүүн доод зовхи, баруун хацар, хамар, хүзүү, зүүн сарвуунд зулгаралт, зүүн дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоогдлоо. Шинэ гэмтэл байна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх сарвуунд шарх нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 2 болон түүнээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар тал/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-27 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж, үйл баримтыг нотолж байна.
Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М с: “...Тухайн үед зодооныг хохирогч өөрөө эхэлсэн бөгөөд намайг цохиод унагаахад би айлгах гэж байгаад гар луу нь хатгачихсан. ...” гэж /шүүх хуралдааны тэмдэглэлд/ мэдүүлснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд Х ттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Б.М нь 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ... тоотод байх гэртээ Б.Х ыг үл ялих зүйлээр шалтаглан цохиж зодон, эрүүл мэндэд нь “зүүн сарвуунд шарх, зүүн доод зовхи, баруун хацар, хамар, хүзүү, зүүн сарвуунд зулгаралт, зүүн дээд доод зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч баримтаа бүрдүүлэн өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, мөн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 287,010 төгрөгийн хохирлыг шүүгдэгч төлөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Б.М нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын, шүүх эмнэлгийн амбулаторийн тасгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №ЕГ0725/13217 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Х ын биед учирсан гэмтэл нь “хөнгөн” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд “хүний эрүүл мэндэд” хөнгөн хохирол учруулсан, эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг хөндсөн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.М нь хохирогч Б.Х ын биед нь халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, шинжээчийн дүгнэлтэд дурдсан хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл шүүхээс тогтоосон үйл баримт болох шүүгдэгч Б.М нь хохирогч Б.Х тай маргалдаж, биед нь “...зүүн сарвуунд шарх, зүүн доод зовхи, баруун хацар, хамар, хүзүү, зүүн сарвуунд зулгаралт, зүүн дээд доод зовхинд цус хуралт...” гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх тул түүнийг “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Х ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь хэрэгт хохиролтой холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Д.Г г тогтоосон байх бөгөөд тэрээр “...245,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх...” нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 55/
Гэтэл Эрүүл мэндийн яамны эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэлд хохирогч Б.Х нь тус гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 270,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болох нь тогтоогдож байна. /хх-ийн 29/
Иймд шүүгдэгч Б.М с 270,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй.
Харин хохирогч Б.Х нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах эмчилгээний зардал, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.М с жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.М нь “...Торгуулийн ял оногдуулж өгнө үү, хуваан төлөх боломжтой...” гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.М ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 68 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар тал/, Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 37 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 38 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 41 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч Б.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Б.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Б.М с “...торгох ял оногдуулж өгнө үү...” гэх хүсэлт гаргасан ба хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь тогтсон ажил, орлоготой болох нь тогтоогдохгүй байхаас гадна түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан торгох ял оноох боломжгүй гэж шүүх үзсэн болно.
Бусад асуудлаар:
Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.М нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.М ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М ыг 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.М ас 270,000 /хоёр зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Х нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах эмчилгээний зардал, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.М ас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН