| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2021/04116/И |
| Дугаар | 183/ШШ2023/03528 |
| Огноо | 2023-11-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2023/03528
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч дүүрэгт байрлах, Т ХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэгт оршин суух, А овогт А.Т /РД:********/,
Хариуцагч: Х дүүрэгт оршин суух, О овогт Н.Ч /РД:*********/,
Хариуцагч: Х дүүрэгт тоотод оршин суух, О овогт Н.А /РД:********/,
Хариуцагч: Х дүүрэгт оршин суух, О овогт Д.Н /РД:********/ нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 34 184 963 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэцэгбадам,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.
Хариуцагч Н.Чинзоригийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан, хариуцагч А.Тунгалаг, Н.Анударь, Д.Нармандах нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонмаа нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Төрийн банк ХК нь хариуцагч А.Тунгалаг, Н.Чинзориг, Д.Нармандах, Н.Анударь нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34 184 963 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Зээлдэгч А.Тунгалаг, Н.Чинзориг нар нь Төрийн банкны Өргөө тооцооны төвтэй 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 17/50 тоот зээлийн гэрээ байгуулан 40 000 000 төгрөгийг жилийн 28.8 хувийн хүүтэй 40 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь Төрийн банк ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан дугаар 17/50 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 17/50 тоот барьцааны гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 8 дугаар гудамж З60а тоот хаягт орших 142 м.кв талбайтай, Ү-2206007992 дугаартай амины орон сууц, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 8 дугаар гудамж З60а тоот хаягт орших 354 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-2206002046 дугаартай өмчлөх эрхтэй газар зэргийг барьцаалсан. Төрийн банк нь зээлийн гэрээний дагуу зээлдэгч А.Тунгалагийн Төрийн банк дах 104000660794 тоот харилцах дансанд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 40 000 000 төгрөгийг шилжүүлэн олгосон. Зээлдэгч А.Тунгалаг Н.Чинзориг нар нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 17/50 тоот Зээлийн гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан тул банкнаас 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээний үүргээ биелүүлэх, нэмэлт хугацаа олгох мэдэгдлийг зээлдэгчид хүргүүлж зээл төлөхийг зээлдэгчийн гар утсаар болон биечлэн уулзаж удаа дараа сануулж тайлбар авч байсан боловч үр дүнд хүрээгүй, зээл төлөх амлалт хугацаа авсан боловч хугацаандаа зээлийн төлбөрийг төлөлгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж өнөөдрийг хүрсэн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 20 588 500 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 12 333 573 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1 249 995 төгрөг нийт 34 172 069 төгрөг шүүхэд хүргүүлсэн нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлсэн зардал 12 894 төгрөг, нийт 34 184 963 төгрөг хуримтлагдаж банкийг хохироож байна.
Иймд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 17/50 тоот зээлийн гэрээний үүрэгт А.Тунгалаг болон Н.Чинзориг нараас зээлийн гэрээний төлбөрт 34 172 069 төгрөг, нотариатын зардалд 12 894 төгрөг, нийт 34 184 963 төгрөг нэхэмжилж байна. А.Тунгалаг болон Н.Чинзориг нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.
1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч А.Тунгалаг, Н.Чинзориг нар нь анх Төрийн банкны Өргөө тооцооны төвтэй 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1750 тоот зээлийн гэрээг байгуулан 40 000 000 төгрөгийг жилийн 28,8 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1750 тоот барьцааны гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, сонсголонгийн гудамжны 360/10 тоот хаягт орших 142 м.кв-тай улсын бүртгэлийн Ү-2206007992 дугаартай амины орон сууц, тус хаягт орших 354 к.кв-тай улсын бүртгэлийн 2206002046 дугаартай өмчлөх эрхийн газрыг тус тус барьцаалсан. Төрийн банк нь зээлийн гэрээний дагуу А.Тунгалагийн дансанд 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 40 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч зээлдэгч нар нь зээл авснаас хойш зээлийн гэрээний хавсралт 1-т заасан үүргээ удаа дараа зөрчиж, банкны зүгээс удаа дараа шаардлага өгсөн боловч, үр дүнд хүрээгүй, зээлийн хугацаа хэтэрсэн. Өөрөөр хэлбэл зээлийн хугацаа хэтрээд 2 жил 09 сар болж байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргаад, нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар үлдэгдэл 20 588 000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 12 333 573 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн мөнгө 1 249 995 төгрөг нийт 34 172 069 төгрөг, нотариатын зардал 12 890 төгрөг нийт 34 184 963 төгрөгийг нэхэмжилсэн. Бид нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгээгүй. Гэвч хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхгүй удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулсан. Иймд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 1750 дугаартай зээлийн гэрээний үүрэгт А.Тунгалаг, Н.Чинзориг нараас нийт 34 184 963 төгрөгийг гаргуулж, Төрийн банк ХК-д олгуулах, мөн хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Д.Нармандах, Н.Анударь, А.Тунгалаг нарын барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгайлан тусгуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч А.Тунгалаг, Д.Нармандах, Н.Анударь нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Тунгалаг, Н.Чинзориг нарт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч А.Тунгалагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Төрийн банк ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад зарим хэсгийг үл хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. А.Тунгалаг нь хувиараа оёдлын үйп ажиллагаа эрхэлдэг бизнесийн эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор Төрийн банк ХХК-ийн Өргөө тооцооны төвтэй 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 40 000 000 төгрөгийг 1 жилийн 28.8 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлж, 17/50 тоот зээлийн гэрээ байгуулсан. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17/50 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өөрийн дундын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Сонсголонгийн 8-р гудамж, З60а тоот хаягт орших 142 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206007992 дугаартай амины орон сууц, Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Сонсголонгийн 8-р гудамж, З60а тоот хаягт орших 354 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-2.206002046 дугаартай өмчлөх эрхтэй газрыг барьцаанд тавин 2017 оны 10-р сарын 17-ны өдөр дугаар 17/50 тоот Барьцааны гэрээ байгуулсан. Хариуцагч А.Тунгалаг нь Төрийн банкинд хэдэн төгрөг төлсөн талаараа сайн мэдэхгүй байгаа, энэ талаарх баримт байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан зээлийн дансны харилцагчийн хуулгаас үзэхэд А.Тунгалаг зээлийн төлбөрт 147 020 805 төгрөг төлсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагч Н.Чинзоригийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанжан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Тунгалаг, Н.Чинзориг нарт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч Н.Чинзоригийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Б.Дагважанцан би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үл хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд Төрийн банк ХХК-с 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 40 000 000 төгрөгийг жилийн 28.8 хувийн хүүтэй зээл авч Зээлийн гэрээ байгуулсан. Зээлийг зээлдэгч А.Тунгалаг нь бүхэлд нь захиран зарцуулсан бөгөөд тус зээлийг эргэн төлөлтийг мөн адил төлж байсан. Н.Чинзориг нь тухайн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр орсон бөгөөд зээлийн захиран зарцуулалт, эргэн төлөлтийг огт мэдэхгүй ирсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл /ХХ10-15 тал/ Зээлийн гэрээний үүрэгт хариуцагч А.Тунгалаг нь 147 020 805 төгрөгийг Зээлдүүлэгчид төлсөн байдаг. Талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа гэж үзэх үндэслэлгүй. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.2.1-д Банк байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэхээр зохицуулсан ба нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөлтэй этгээд болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй. Иймд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд хамааруулах үндэслэлтэй бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг төлж дууссан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Зээлийн гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Барьцааны гэрээ, зээлийн дансны харилцааны агуулга, Ү-2206007992 дугаартай Д.Нармандах, А.Тунгалаг, Н.Анударь нарын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г-2206002046 дугаартай Д.Нармандах, А.Тунгалаг, Н.Анударь нарын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн газрын гэрчилгээ, Барьцаалбар 11-1034943, Д.Нармандах, Н.Анударь нараас А.Тунгалагт олгосон итгэмжлэл, 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаар мэдэгдэл, А.Тунгалагийн гаргасан хүсэлт, өргөдөл, №20211130800490757538 тоот мемориалын баримт, итгэмжлэл, Төрийн банкны 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/174 дүгээр Зээлийн бүтээгдэхүүний нэмэгдүүлсэн хүү, шимтгэлээс чөлөөлөх тухай захирлын тушаал /хэргийн 2-23, 79, 158-159, 176-177-р хуудас/,
хариуцагч А.Тунгалагаас М.Отгонмаад олгосон итгэмжлэл, хариу тайлбар /хэргийн 37, 39-40-р хуудас/,
хариуцагч Н.Чинзоригоос Б.Дагважанцанд олгосон итгэмжлэл, хариу тайлбар /хэргийн 49-50, 88-р хуудас/,
хариуцагч Н.Анудариас М.Отгонмаад олгосон итгэмжлэл /хэргийн 142-р хуудас/,
хариуцагч Н.Нармандахаас М.Отгонмаад олгосон итгэмжлэл /хэргийн 145-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн нэхэмжлэлээс 34 172 069 төгрөгийг хангаж, 12 890 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч А.Тунгалаг, Н.Чинзориг нарыг зээлийн гэрээний үүргээ зөрчиж, ашигласан зээлээ хүүгийн хамт хугацаандаа төлж барагдуулаагүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 20 588 500 төгрөг, хүү 12 333 573 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 249 995 төгрөг, нотариатын зардал 12 894 төгрөг, нийт 34 184 963 төгрөг гаргуулж, үүргээ гүйцэтгэхгүй зохих ёсоор гүйцэтгэхгүй бол хариуцагч А.Тунгалаг, Д.Нармандах, Н.Анударь нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан.
3.Хариуцагч А.Тунгалаг нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, цар тахалтай холбоотойгоор оёдлын үйл ажиллагаа зогссон, зээлийн гэрээний үүрэгт нийт 147 020 805 төгрөгийг төлсөн гэж үгүйсгэсэн.
4.Хариуцагч Н.Чинзориг нь зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг А.Тунгалаг бүхэлд нь захиран зарцуулсан, эргэн төлөлтийг мөн А.Тунгалаг нь төлж байсан бөгөөд уг зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон, мөн нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд болохоор нотлоогүй, зээлийн гэрээний үүрэг 147 020 805 төгрөгийг төлснөөр дуусгавар болсон гэж маргасан.
5.Хариуцагч Н.Анударийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонмаа нь 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр, хариуцагч Д.Нармандахийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонмаа нь 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр тус тус нэхэмжлэлийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй болно.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1.Нэхэмжлэгч Төрийн банк ХК нь хариуцагч А.Тунгалаг, Н.Чинзориг нартай 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр №17/50 тоот зээлийн гэрээ байгуулж, бизнесийн эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 40 000 000 төгрөгийг жилийн 28.8 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №17/50 тоот барьцааны гэрээгээр хариуцагч А.Тунгалаг, Д.Нармандах, Н.Анударь нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголонгийн 8 дугаар гудамж, З60а тоот хаягт байрлах, 142 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206007992 дугаартай амины орон сууц, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголонгийн 8 дугаар гудамж, З60а тоот хаягт байрлах, 354 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-2206002046 дугаартай өмчлөх эрхтэй газрыг барьцаалсан болох нь зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбар, мемориалын баримт, зээлийг эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, Төрийн банкны тусгай активийн албанд гаргасан хүсэлт, өргөдөл, итгэмжлэлүүд зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
7.Талууд зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн эсэх талаар маргаж байна, зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан, зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаараа маргаагүй.
8.Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 451.2-т “зээлийн гэрээг бичгээр хийнэ”, мөн Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д “хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна”, 156 дугаар зүйлийн 156.1-д “барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2-д “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэж зааснаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.
8.1.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар хэрэгт авагдсан зээлийн дансны харилцагчийн хуулга, зээлийн тооцооллоор хариуцагч А.Тунгалаг, Н.Чинзориг нар нь үндсэн зээлийн үлдэгдэл 20 588 500 төгрөг, зээлийг ашигласан хугацааны хүү 12 333 573 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 249 995 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй байна.
8.2.Хариуцагч А.Тунгалаг, Н.Чинзориг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь зээлийн гэрээний үүрэгт 147 020 805 төгрөгийг төлсөн гэсэн боловч энэ талаарх баримтыг ирүүлээгүй, цар тахалтай холбоотой аж ахуйн буюу бизнесийн үйл ажиллагаа доголдсон талаарх баримтгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд нотлох баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна гэж үзэв.
8.3.Хариуцагч Н.Чинзориг нь зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон, мөнгөн хөрөнгийг захиран зарцуулаагүй гэсэн боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-д зааснаар хамтран хүлээх үүрэг нь гэрээнд зааснаар үүссэн, мөн зээлийн гэрээнд хамтран үүрэг хүлээхээр хүлээн зөвшөөрч хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан талаараа маргаагүй тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг гэрээний талууд болох хариуцагч нараас шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.
8.4.Иймд хариуцагч А.Тунгалаг, Н.Чинзориг нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 20 588 500 төгрөг, хүү 12 333 573 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 249 995 төгрөг, нийт 34 172 069 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгохоор шийдвэрлэв.
8.5.Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг үүргээ биелүүлээгүйгээс гарсан зардал буюу нотариатаар нотлох баримтуудыг гэрчлүүлсэн зардалд 12 894 төгрөгийг нэхэмжилж, нотариатын үйлчилгээний хураамж гэх 2021 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн мемориалын баримтыг ирүүлсэн, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардлыг хохиролд тооцно” гэсэн боловч уг баримтаар нотариатын зардал төлсөн эсэх нь тодорхойгүй, нотариатчийн төлбөрийн баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул үүргээ гүйцэтгээгүйгээс гарсан зардал 12 894 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
9.Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд зохигч талууд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №17/50 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, А.Тунгалаг, Д.Нармандах, Н.Анударь нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголонгийн 8 дугаар гудамж, З60а тоот хаягт байрлах, 142 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206007992 дугаартай амины орон сууц, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголонгийн 8 дугаар гудамж, З60а тоот хаягт байрлах, 354 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-2206002046 дугаартай өмчлөх эрхтэй газрыг барьцаалжээ.
9.1.Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр хариуцагч А.Тунгалаг, Д.Нармандах, Н.Анударь нар бүртгэлтэй байх бөгөөд Д.Нармандах, Н.Анударь нар нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр А.Тунгалагт дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалан зээл авах, зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалуулах, зээлийн болон барьцааны гэрээ байгуулах, барьцаалбар хийх үйлдэлд төлөөлөх итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгожээ.
9.2.Хариуцагч Д.Нармандах, Н.Анударь нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонмаа нь нэхэмжлэлийг гардан авч, эрх үүрэгтэйгээ танилцсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор байх тул хариуцагч нарын нэхэмжлэгч Төрийн банк ХК-тай байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.
9.3.Нэхэмжлэгч нь хариуцагч нартай байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний 4.1.2, 6.1-д энэ талаар харилцан тохиролцсон байна.
9.4.Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж зааснаар хариуцагч А.Тунгалаг, Н.Чинзориг нар нь үүргээ гүйцэтгэхгүй, зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцаа хөрөнгө болох хариуцагч Д.Нармандах, Н.Анударь, А.Тунгалаг нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328 810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Тунгалаг, Н.Чинзориг, Д.Нармандах, Н.Анударь нараас 328 810 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгох нь зүйтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч А.Тунгалаг, Н.Чинзориг нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 34 172 069 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардал 12 890 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Тунгалаг, Н.Чинзориг нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцааны зүйл болох хариуцагч А.Тунгалаг, Д.Нармандах, Н.Анударь нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголонгийн 8 дугаар гудамж, З60а тоот хаягт байрлах, 142 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206007992 дугаартай амины орон сууц, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголонгийн 8 дугаар гудамж, З60а тоот хаягт байрлах, 354 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-2206002046 дугаартай өмчлөх эрхтэй газрыг албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328 810 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Тунгалаг, Н.Чинзориг, Д.Нармандах, Н.Анударь нараас улсын тэмдэгтийн хураамжид 328 810 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН