Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2024/00952

 

  

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Б.Ганцэцэг, О.Чулуунчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х дүүрэгт оршин суух, Б овогт Д.Н /РД:*********/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэгт байрлах, Х СӨХ /РД:******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 3 185 909 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Н*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранзул нар оролцов.

 

Шүүх хуралдаанд томилогдсон иргэдийн төлөөлөгч Ч.М******* нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, С.Э******* нь ирэх боломжгүй гэсэн бөгөөд зохигч талууд иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн тул тэдний зөвшөөрснөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Н******* нь хариуцагч Х******* СӨХ-д холбогдуулан гэм хорын хохиролд 3 185 909 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

1.1.Д.Н******* миний бие 2022 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн өглөө 9 цаг 20 минутад манаачийн путекны хажууд халтирч унан бэртсэн. Өмнөх шөнө нь их хэмжээний цас орсон байсан. Унахдаа 3 яс хугарч гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн 1 жил хүний асрамжид босож чадахгүй хэвтэрт орсон. Зүүн хөлийн дунд чөмөг толгойн хэсгээрээ хугарч булуу яс дундуураа цуурсан, сүүжний ясанд цууралт өгсөн. Одоо зүүн хөлийн булчин мах хатаж хөл урт богино болсон. Баруун хөлийн өвдөг хавдаж баруун гарын үе хавдаж аяга цайгаа даахгүй болоод байна. 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хагалгаанд орсон 9 хоног эмнэлэгт хэвтсэн. Тухайн үед СӨХ-ны жижүүр н.Г*******д хэлэхэд таны унаж бэртсэнийг жижүүрийн дэвтэр дээр бичсэн байгаа гэж хэлсэн. СӨХ-ны дарга н.Б*******д бэртсэн эмчилгээний төлбөр авъя гэхээр тоодоггүй, нэг ч удаа биеийн байдлын талаар асууж байгаагүй. Удирдах зөвлөлөөрөө хэлэлцэж байж бичиг хийж өгнө гээд одоо хүртэл тоохгүй байгаа. Би эрүүл байж байгаад гэмтсэндээ гомдолтой байна. Хог хаягдлын тухай хуулийн 9.4.12-т зааснаар ойр орчмын 50м зайд хамаарах цасыг тухайн аж ахуйн байгууллага цэвэрлэх үүрэгтэй гэж заасан. Тухайн өдөр би өглөө эрт гараагүй 9 цаг 40 минутад гэрээсээ гарсан. Цас орвол аль хэдий нь цэвэрлэх ёстой. Цаг хугацаа байсан. Хоносон жижүүр ажлаасаа буугаад дараагийн жижүүр нь ирсэн байсан. Энэ үүргээ биелүүлээгүй. Миний эмчилгээний зардлыг хариуцах ёстой байтал бидэнд хамаагүй гэж хэлсэн. Намайг гэмтсэн цагаас хойш миний охин ажлаасаа чөлөө аваад намайг асарч байгаа. Би байнга өдөр тутам эм ууж байгаа. Амьдралын түвшин доогуур учраас улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэсэн.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.  Хариуцагчийн тайлбарт тайлбар хэлэхэд 2022 оны 10 дугаар  сарын 30-ний өдөр цас орсон, гэтэл хариуцагч тал ороогүй гээд байгаа. 2022 оны 7 дугаар сарын 8,9-нд би хөдөө явж байгаад нүдээ гэмтээсэн түүнийг эднийх бичсэн байна. Үүнийг би нэхэмжлээгүй. 11, 12 сарын төлбөрөө л нэхэмжилж байгаа. Мөн сахарын эмчилгээний зардлаа ч нэхэмжлээгүй, зөвхөн гэмтсэн бэртсэнтэй холбоотой төлбөрөө л нэхэмжилсэн гэдгийг ойлгоорой. 2022 оны 12 дугаар сарын 30-ний өдрөөс хойш төлбөрийг 11 сарын төлбөртэй хамт нэхэмжилж байна гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Н*******гийн нэхэмжлэлтэй Х******* СӨХ-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тус нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2022 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн шөнө их хэмжээний цас орсон бөгөөд нэхэмжлэгчийн халтирч унасан гэх өглөө цас үргэлжлэн орсоор байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн үеийн цаг агаар, хур тунадасны талаарх мэдээлэл, лавлагааг Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргуулж өгөх болно. Манай СӨХ нь орон сууц орчмын цас, мөсийг тогтмол цэвэрлэдэг бөгөөд тухайн үед гадаа цас ихээр орж байсан тул түр цэвэрлэх боломжгүй байсан. Мөн нэхэмжлэгчийг халтирч унасан байхыг харсан оршин суугчдын хэлснээр замын боржур дээр гишгэхдээ халтирч унасан байсан. Тухайн үед цас орсоор байсан тул зам талбай мөстөөгүй байсан бөгөөд нэхэмжлэгч нь цас, бороотой үед өөрийгөө эрсдэлээс сэргийлэхийн тулд халтирахаас сэргийлсэн хэсгээр явах боломжтой байсан гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн нотлох баримт буюу гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээллээс үзэхэд 2022 оны 6, 7 дугаар саруудад Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзлэг, оношилгоо хийлгэсэн болох нь нотлогдож байна. Үүнээс харахад нэхэмжлэгч нь халтирч унахаас өмнө үе мөчний бэртэл, гэмтэлтэй байсан байх боломжтой байна. Нэхэмжлэгч нь өөрийн буруутай буюу болгоомжгүй үйлдлийн улмаас халтирч унасан бөгөөд нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагч төлөх үүрэг хүлээхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Халтирч унасан газрын тухайд нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн өглөө энэхүү тайлбарын хавсралтад байх зурагт үзүүлснээр хотхоны орох гарах гарцаас гарч, явган хүний замын боржур дээрх хэсэгт халтирч унасан байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 15.1.1-т орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна гэж заасан. Сууц өмчлөгчдийн холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах үүрэгтэй. Дээрх үүргийн дагуу манай СӨХ-ны харуул ээлж солигдохоос өмнө буюу 2022 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн өглөө 6 цагт цас орж байхад байрны үүдний явган хүний хэсгүүдийн цасыг цэвэрлэсэн. Мөн дараагийн ээлжийн харуултай 8:30 минутад ээлж солилцсон байдаг. Тухайн үед цас үргэлжлэн орсоор байсан ба цас орох бүрд орон сууц хоорондын талбайн цасыг байнга цэвэрлэдэг. Иймд нэхэмжлэгчийн тухайн халтирч унасан хэсэг нь Х******* СӨХ-ны нутаг дэвсгэрт хамааралгүй газар юм. Цаг уурын нөхцөл байдлын тухайд Цаг уур, орчны шинжилгээний газраас 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрүүдийн цаг агаарын мэдээг ирүүлсэн. 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шөнийн 04:42 цагаас 15:42 цаг хүртэл сул, дунд эрчимтэй цас орж байсан ба цаг агаарын температур нь -5 градусаас +2 градус хооронд, дундаж температур нь +1.9 градус байсан. Үүнээс харвал тухайн өдөр цас тасралтгүй орж байсан бөгөөд газар мөстөх боломжгүй байсан гэж үзэж байна. Эмчилгээний зардал болон бусад зардлын тухайд нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт хавсаргасан гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээллээс үзэхэд нэхэмжлэгч нь Дүүргийн эрүүл мэндийн төв болон өрхийн эмнэлэгт сар бүр үзлэг, оношилгоонд хамрагддаг, байнгын хөнгөлөлттэй эм худалдан авдаг болох нь тогтоогдож байна. Үүнээс харвал нэхэмжлэгч нь өмнө нь ямар нэг бэртэл гэмтэлтэй эсхүл өөр ямар нэг өвчний улмаас байнгын асаргаанд байх шаардлагатай байсан байж болзошгүй байна. Мөн хавтаст хэргийн 12 дугаар талаас 24 дүгээр тал хүртэл хавсаргаж өгсөн И-баримтын хуулбар нь н.Б******* гэж хүний нэр дээр байх бөгөөд эдгээр баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй буюу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг зөрчсөн байна.

2.1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан. Хальтарч унасан гээд байгаа тэр өдрийн цаг агаарын нөхцөл байдлын талаар тайлбар хэлэхэд 2024 оны 2 дугаар сарын 28-ны Цаг уур шинжилгээний газар хүсэлт гаргаж 2022 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн цаг агаарын мэдээллийг авч хэрэгт нотлох баримт болгож өгсөн байгаа. Тэр өдөр шөнийн 04 цаг 40 минутаас өдрийн 15 цаг 40 минут хүртэл сул болон дунд эрчимтэй цас орж байсан тухайн цаг агаарын температур -5-аас +2 градусын хооронд дундаж температур нь +1.9 градус байсан. Тухайн өдөр цас тасралтгүй орж байсан учраас нэхэмжлэгчийн хальтарч унасан гээд байгаа газар мөстөөгүй байсан гэж үзэж байна. Гэхдээ нэхэмжлэгч нь манай СӨХ-ны гишүүн, байрны оршин суугч учраас нэхэмжлэгчийн эмчилгээний зардал болон бусад зардлын тухайд гэвэл  2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мэс засалд орсон төлбөрийг нь төлөхийг Х******* СӨХ хүлээн зөвшөөрч байгаа. Бусад төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй, хавтаст хэргийн 12-24 дүгээр талд хавсаргаж өгсөн баримтууд нь н.Б******* гэж хүний нэр байсан, мөн эмчилгээнд хэрэглэсэн гэх боловч юу худалдаж авсан гэдэг нь тогтоогдохгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул нотлох баримт гэж үзэхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 618 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч бусад зардлыг төлөх боломжгүй гэж үзэж байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн албан бичиг, эмчийн бичиг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 04/3993 тоот албан бичиг, Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл, рентген зураг, e-barimt /хэргийн 2-25-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хариу тайлбар, Т.С*******, А.У******* нарт олгосон итгэмжлэл, нэмэлт тайлбар, рентген зураг, фото зураг, Улаанбаатар өртөөний 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрүүдийн цаг агаарын мэдээ, Цаг уур, орчны шинжилгээний газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 06/143 албан бичгийн хуулбар /хэргийн 35, 36, 43, 44, 47-52-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Н*******гийн хариуцагч Х******* СӨХ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 1 671 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 1 514 909 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн өглөө 9 цаг 20 минутын орчимд Х******* СӨХ-ны манаачийн байрны хажууд халтирч унан бэртсэний улмаас сүүжний 3 яс цуурч эрүүл мэндэд хохирол учирсан бөгөөд хариуцагч нь орчны газраа цэвэрлээгүйгээс унаж хохирсон тул эмчилгээний зардал болон гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилсан зардал нийт 3 185 909  төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон. 

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Н*******г хотхоны орох гарах гарцаас гарч, явган хүний замын боржур дээр халтирч унасан, Сууц өмчлөгчдийн холбоо нь орчны газрын цасыг цэвэрлэсэн байсан, цаг уурын нөхцөл байдлын хувьд цас тасралтай орж байсан газар мөстөх боломжгүй байсан гэж маргаад нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хохирол гаргуулахаар шаардсан баримтаас хагалгааны зардлыг нь төлөхийг зөвшөөрч, бусад баримтууд нь нотлох баримтын шаардага хангаагүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч Д.Н******* нь 2022 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн өглөө хариуцагч Х******* Сууц өмчлөгчдийн холбооны харуулын байрны хажууд халтирч унан бэртсэний улмаас сүүжний 3 яс цуурч эрүүл мэндэд нь гэмтэл учирсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл, рентген зураг, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн гэрэл зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

5.Талуудын маргааны зүйл нь гэм хор учруулсны төлбөрийг төлөх эсэх талаар байна, гэм хор учирсан үйл баримтын талаар маргаагүй.

6.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж зааснаар шаардах эрхтэй.  

6.1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-д “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасан бөгөөд хариуцагчид энэ үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.

6.2.Хариуцагчаас нэхэмжлэгчийн халтирч унахад Сууц өмчлөгчдийн холбооны буруутай үйлдэл нөлөөлөөгүй гэж тайлбарлаад нэхэмжлэгчийн унасан гэх орчны байдлыг харуулсан гэрэл зураг, Улаанбаатар хотын “Улаанбаатар өртөөний цаг агаарын мэдээ” гэсэн баримтуудыг шүүхэд ирүүлсэн боловч Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “орчны газар" гэж тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газрыг хэлнэ гэж заасан байх тул нэхэмжлэгчийн унасан гэх газар нь сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн нутаг дэвсгэр буюу орчны газарт хамаарахаар байна.

6.3.Мөн Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.12-д дүүргийн Засаг дарга нь “нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хилийн заагийг тогтоох”-оор заасан байх бөгөөд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-д иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь “энэ хуулийн 9.4.12-т заасан нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэх” үүрэгтэй гэж заасан байх тул хариуцагч Х******* Сууц өмчлөгчдийн холбоо нь орчны газрын болон 50 метр хүртлэх газрын цас, мөсийг цэвэрлэх үүрэгтэй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэв.  

6.4.Мөн хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн унаж бэртсэн үйл баримтын талаар маргахгүй гэж тайлбарласан бөгөөд учирсан хохирол болох хагалгааны зардал 1 618 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно.

7.Нэхэмжлэгч нь эмчилгээний зардал бусад зардалд нийт 3 185 909 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шаардлагаа нотлохоор Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл, и-баримтад бүртгүүлсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

7.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн хавсаргаж өгсөн и-баримтууд нь н.Б******* гэж хүний нэр байсан, мөн үнийн дүнд юу худалдаж авсан гэдэг нь тогтоогдохгүй, эмчилгээний зардал эсэх нь тодорхойгүй, мөн нотлох баримтын шаардлага хангахгүй бензин, хоолны мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж маргасан.   

8.Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2022 оны 10 дугаар сарын 30-ний өглөө халтирч унасан гэж тайлбарласан, хэрэгт авагдсан Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэлд “...Д Н*******, ШЗ44021100 2022он 11сар. Гэмтэл согог судлалын үндэсний төв мэс засал, 10/31/2022 -11/8/2022, дүн 1 618 000 төгрөг” гэсэн байх тул мэс заслын зардал болох 1 618 000 төгрөг нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардалд тооцогдох бөгөөд хариуцагч нь уг зардлыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно.  

8.1.Хэрэгт авагдсан Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэлд “...Д Н*******, ШЗ44021100, Гэмтэл согогийн үндэсний төв, амбулаторийн хяналтын үзлэг, 1/23/2023, 11 000 төгрөг, Д Н*******, ШЗ44021100, Хан-Уул ЭМТ, амбулаториор хийгдэх мэс ажилбар, 1/23/2023/, 27 000 төгрөг, Д Н*******, ШЗ44021100, Гэмтэл согог судлалын үндэсний төв, амбулаторийн үзлэг, 1/23/2023, 15 000 төгрөг” гэсэн бөгөөд уг зардлуудыг нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан буюу унасны улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсантай холбоотой зардал байх тул хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв. /11 000+27 000+15 000=53 000/

8.2.Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэлд авагдсан нэхэмжлэгчид гэмтэл учирснаас хойших /2022 оны 10 дугаар сарын 30-ний өдрөөс/   Улсын 2 дугаар төв эмнэлгийн амбулаторийн үзлэг, оношлогоо, шинжилгээний багц, Хан-Уул эрүүл мэндийн төвийн амбулаторийн үзлэгүүд, М ӨЭМТөвийн оношлогоо, шинжилгээний зардлууд нь гэм хор учирсан үйл баримттай холбоотой эсэх, хөнгөлттэй эм гэсэн нь ямар эмийг хөнгөлөлттэй авсан нь тодорхойгүй, мөн амбулаторийн үзлэгийн 15 000 төгрөгний зардлууд нь сахарын өвчний улмаас байнгын хяналтад байдаг тул үзлэгийн хийлгэсэн гэж нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд тайлбарласан тул гэм хор учирсантай холбогдон гарсан зайлшгүй зардалд тооцогдохгүй байна гэж үзэв.

8.3.Мөн нэхэмжлэгч шүүхэд эмчилгээний зайлшгүй зардалтай холбоотой гэж  и-баримтыг бүртгүүлсэн баримтыг ирүүлсэн боловч уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, уг баримтыг н.Б******* бүртгүүлсэн байх бөгөөд н.Б******* нь нэхэмжлэгчийг асран сувилж байсан түүний охин гэх боловч тайлбараа нотлосон баримтгүй, бүртгүүлсэн баримтад нэхэмжлэгч Скайхайпермаркет, Миний дэлгүүр, Сарнайх, Азифарма, Сити фарм мэйк, Монос Улаанбаатар, Петростар гэх баримтуудыг тэмдэглэсэн боловч уг баримтаар эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан эм, эмчилгээний, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх зэрэг зайлшгүй зардал гэж нотлогдохгүй, энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

9.Иймд хариуцагч Х******* Сууц өмчлөгчдийн холбооноос гэмтлийн улмаас эмчилгээний зайлшгүй зардалд мэс заслын зардал болох 1 618 000 төгрөг,  эмнэлгийн тусламж үйлчилгээ авсантай холбоотой зардал 53 000 төгрөг, нийт 1 671 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Н*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 514 909 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

10.Шүүх хуралдаанд томилогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигч талуудын зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Н******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагч Х******* Сууц өмчлөгчдийн холбооноос 41 926 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Х******* СӨХ-с гэм хорын хохиролд 1 671 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Н*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 514 909 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Н******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагч Х******* СӨХ-с 41 926 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ХУЛАН

                                    ШҮҮГЧИД                               Б.ГАНЦЭЦЭГ   

                                                                                      О.ЧУЛУУНЧИМЭГ