Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
Хэргийн индекс | 183/2023/03732/И |
Дугаар | 183/ШШ2024/00813 |
Огноо | 2024-02-20 |
Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2024/00813
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х дүүрэгт байрлах, М ХХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэгт байрлах, А ХХК /РД:*****/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гурван талт гэрээгээр хүлээсэн үүрэг болох өөрийн ашиглаж буй газраас А цэгт 3320мкв, С цэгт 890мкв, D цэгт 1184мкв газар буюу нийт 5394мкв газрыг М******* ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэх түүнд холбогдох баримт материалыг бүрдүүлж өгөх үүргийг даалгах тухай нэхэмжлэлийг 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А*******, С.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М******* ХХК нь хариуцагч А******* ХХК-д холбогдуулан гурван талт гэрээгээр хүлээсэн үүрэг болох өөрийн ашиглаж буй газраас А цэгт 3320мкв, С цэгт 890мкв, D цэгт 1184мкв газар буюу нийт 5394мкв газрыг М******* ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэх түүнд холбогдох баримт материалыг бүрдүүлж өгөх үүргийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.А******* ХХК А тал, иргэн Б.О******* Б тал, М******* ХХК С тал нар нь 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр харилцан тохиролцож Гурван талт гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр Б.О******* нь өөрийн эзэмшлийн А******* ХХК-ийг 4 ширхэг хувьцааг 67 018 ам.доллараар А******* ХХК-д буцаан худалдаж холбогдох хэлцэл бичиг баримтуудад гарын үсэг зурж, шаардлагатай бичиг баримтыг бүртгэлийн байгууллагад 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дотор гаргаж өгөх, мөн 4 хувийн хувьцаа, түүнд холбогдох төлбөр тооцоо дуусмагц Баянгол, Х*******, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан зээлийн гэрээний үүрэгт 443 337 528 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзах, А******* ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 474 тоот захирамжийн дагуу өөрийн ашиглаж буй газраас А цэгт 3320мкв, С цэгт 890 мкв, D цэгт 1184 мкв газар буюу нийт 5 394 мкв газрыг М******* ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дотор Нийслэлийн засаг даргад бичгээр гаргах, М******* ХХК-ийн эзэмшиж ашиглаж буй 20, 21, 22 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг тус компанид шилжүүлэн өгөхөд А талаас татгалзахгүй тухай албан бичгийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дотор бэлэн болгож өгөх Б.О*******ийн эзэмшлийн 4 хувийн хувьцааны үнэ, ногдол ашиг болон зээлдүүлсэн үндсэн зээл, хүүнд нийт 156 535 ам.долларыг шилжүүлж, Б.О*******ийг хувьцаа эзэмшигчээс хасуулах бүртгэлийг хийлгэх, М******* ХХК нь Х******* дүүргийн 3 дугаар хороо Эв нэгдлийн гудамж хаягт орших өөрийн эзэмшлийн барилга газар эзэмших эрхийг худалдах бол А******* ХХК-д тэргүүн ээлжинд санал болгох А******* ХХК-тай найрсаг хөршийн харилцаатай байх зарчмыг баримтлах үүргийг тус тус хүлээсэн байдаг. Дээрх гэрээний талуудын хүлээсэн үүргүүдээс гэрээний 2.1 дэх хэсэгт заасан А******* ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 474 тоот захирамжийн дагуу өөрийн ашиглаж буй газраас А цэгт 3320мкв С цэгт 890 мкв D цэгт 1184 мкв газар буюу нийт 5394 мкв газрыг М******* ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргад бичгээр гаргах гэсэн үүргээс бусад нь хэрэгжиж биелэлээ олсон бөгөөд А******* ХХК тус газраа шилжүүлэн өгөөгүй өнөөг хүрсэн тул гэрээний үүргээ биелүүлэхийг шаардан нэхэмжлэл гаргаж байна. Учир нь 2018 онд Б.О******* нь А******* ХХК-ийг Гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж өгсөн авснаа буцах тухай нэхэмжлэл гаргаж тус нэхэмжлэл бүхий иргэний хэрэг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон эцэслэн шийдвэрлэгдсэн болно. Тус хэргийг шийдвэрлэсэн Х******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2021/03050 дугаар шийдвэрээр талуудын хооронд байгуулсан Гурван талт гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэг, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан мөн хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн баталгаажуулсан, Худалдах худалдан авах болон зээлийн гэрээний шинжийг агуулсан гуравдагч этгээдэд ашигтай хоёр талын холимог гэрээ хэмээн дүгнэсэн бөгөөд Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэг, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэг, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 505 дугаар магадлалаар хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулан хэвээр үлдээсэн бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 001/ШХТ2022/00499 дугаар Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор нэхэмжлэгчийн төлөөлөгч өмгөөлөгч нарын гаргасан гомдол ИХШХШТ-ийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан аль ч үндэслэлд хамаарахгүй байх тул хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзан шийдвэрлэсэн болно. Дээрх шүүхийн маргааны явцад А******* ХХК нь М******* ХХК-д Гурван талт гэрээнд заагдсан газрыг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйл байхгүй талаар тус шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн даруй шилжүүлэх бүрэн боломжтой хэмээн мэдэгдэж шүүхэд болон нэхэмжлэгч, хамтран хариуцагч М******* ХХК нарт албан бичиг болон хариу тайлбараар мэдэгдэж байсан болно. Дээрх шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн даруй М******* ХХК-аас А******* ХХК-д газар шилжүүлэх хүсэлтийг гаргасан боловч албан ёсны тодорхой хариу өгөөгүй өнөөдрийг хүрээд байна. Иймд А******* ХХК-аас Гурван талт гэрээгээр хүлээсэн үүрэг болох өөрийн ашиглаж буй газраас А цэгт 3320мкв, С цэгт 890 мкв, D цэгт 1184 мкв газар буюу нийт 5394 мкв газрыг М******* ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэх түүнд холбогдох баримт материалыг бүрдүүлж өгөx үүргийг даалгаж өгнө үү гэсэн.
1.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр А******* ХХК болон, иргэн н.О*******, мөн М******* ХХК-иуд хоорондоо 3 талт гэрээг байгуулсан байдаг. Энэхүү гэрээгээр н.О******* нь өөрийн эзэмшлийн А******* ХХК-ийн 4 ширхэг хувьцааг 67 018 ам.доллароор А******* ХХК-д буцаан худалдаж, холбогдох хэлцэл, бичиг баримтад гарын үсэг зурах, шаардлагатай бичиг баримтыг Улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгөх үүрэг хүлээгээд, мөн 4% хувьцаа, түүнд холбогдох төлбөр тооцоог дуусмагц Баянгол, Х, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан зээлийн гэрээний үүрэгт 443 337 528 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзах үүргийг хүлээсэн байдаг. Харин А******* ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 74 тоот захирамжийн дагуу өөрийн ажиллаж байгаа газраас А цэгт 3320м2, Ц цэгт 890м2, Б цэгт 1184м2 буюу нийт 5394м2 газрыг М******* ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэхтэй холбоотой хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад бичгээр гаргах, шаардлагатай бичиг баримтуудыг М******* ХХК-д өгөх үүргийг хүлээгээд, тухайн газраа М******* ХХК-д эзэмшүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг бүрдүүлж өгөхөөр үүрэг хүлээсэн. Энэ М******* ХХК-ийн эзэмшиж байгаа 20, 21, 22 дугаар бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг мөн тус компанид шилжүүлэн өгөхөд А******* ХХК нь татгалзах зүйлгүй тухай албан бичгийг мөн бэлдэж 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр бэлэн болгож өгөх үүрэг хүлээсэн. н.О*******ийн эзэмшлийн 4 хувьцааны үнэ ашиг болон зээлдүүлсэн үндсэн зээл хүүд нийтдээ 156 535 ам долларыг хувьцаа эзэмшигчээс хасуулахаар тус гэрээнд тусгасан байдаг. М******* ХХК, Х дүүргийн 3 дугаар хороо эв нэгдлийн гудамж хэсэгт орших өөрийн эзэмшилд байрлах газар эзэмших эрхийг худалдах бол А******* ХХК-д тэргүүн хугацаанд санал болгох, А******* ХХК-тай найрсаг хөршийн холбоотой байх зарчмыг баримтлах М******* ХХК хүлээсэн байдаг. Дээрх гэрээний заалтуудын хүлээсэн үүргүүдээс 2.1 дэх хэсэгт заасан А******* ХХК-нь Нийслэлийн засаг даргын захирамжаар өөрийн ашиглаж байгаа газраас нийт 5394 м2 газрыг 3 цэгт М******* ХХК-д шилжүүлэх тухай хүсэлтийг гаргах гэсэн энэ заалт өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй, биелэгдээгүй байгаа учраас энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Учир нь 2018 оны тус 3 талт гэрээний нэг тал болох н.О******* нь, А******* ХХК-ийг 3 талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас гэрээнээс татгалзаж байна гэсэн утгатай өгсөн авснаа буцаах нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийг 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Монгол Улсын дээд шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэсэн. Уг шийдвэрт гэрээний үүргийн дийлэнх хэсэг нь биелэгдсэн, гэрээг цуцлах хэмжээний ноцтой зөрчил гараагүй гэж үзсэн. Энэ нь М******* ХХК газрын эрх шилжээгүйтэй холбоотой үүргийн зөрчил байгаа, энэхүү зөрчил нь гэрээнээс бүхэлд нь татгалзах зөрчил болохгүй гэсэн Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан. Уг маргаанд А******* ХХК болон М******* ХХК-иуд хариуцагчаар оролцсон. Ингэж оролцохдоо н.О*******ийн нэхэмжлэлд гаргасан энэхүү хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдсэн нөхцөлд газрыг шилжүүлэх өөрөөр хэлбэл М******* ХХК-д тухайн 3 цэгт байрлах газрыг шилжүүлэхэд ямар ч асуудал байхгүй, хамгийн гол нь н.О******* гэж иргэний гаргасан нэхэмжлэлтэй хэрэг эцэслэн шийдвэрлэгдвэл бид татгалзах зүйл байхгүй гэсэн утгатай тайлбар болон албан бичгийг шүүхэд ирүүлсэн. Мөн М******* ХХК-д бас тайлбараа ирүүлсэн байдаг. Эдгээр баримтуудыг өмнөх хэргийн материалд болон, М******* ХХК-д байсан материалуудаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Дээрх шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн даруй М******* ХХК-аас А******* ХХК-д албан бичиг удаа дараа явуулсан. Тухайн албан бичгээрээ гэрээний дагуу шилжүүлж өгөхөөр тохирсон газруудаа шилжүүлж өгнө үү, танай талаас энэ асуудлыг хариуцах хүн байвал томилоод ажлын хэсэг байгуулан хариуцуулаад шийдүүлье гэдэг хүсэлтийг удаа дараа гаргасан боловч ямар ч хариу өгөөгүй. Дээрээс нь тодорхойгүй байдалтай, өөр бусад зүйлтэй холбож, үүгээрээ шийдэл гаргахгүй удааширсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. А******* ХХК-аас 3 талт гэрээгээр хүлээсэн үүрэг болох өөрийн ашиглаж байгаа газраасаа, А цэгт 3320м2 ,Ц цэгт 890м2, Б цэгт 1184м2 буюу нийт 5394м2 газрыг М******* ХХК-д шилжүүлэх, баримт бүрдүүлж өгөх үүргийг даалгаж өгөөч гэж шүүхэд хүсэлт гаргасан юм. Тус газар нь М******* ХХК-ийн өөрийн өмчлөлд нь байгаа үл хөдлөх хөрөнгийн доорх газар, мөн орц гарцанд хамаарах бас нэг тодорхой хэсэг газрууд хамааралтай байгаа. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ энд бас авагдсан байгаа. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А*******, С.Б******* нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр А******* ХХК, М******* ХХК, иргэн Б.О******* нарын хооронд Гурван талт гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээгээр А******* ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 474 тоот захирамжийн дагуу өөрийн ашиглаж буй газраас хавсралт-1-д байгаа кадастрын зурагт заасан А цэгт 3320 м.кв, С цэгт 890 м.кв, Б цэгт 1184 м.кв газар буюу нийт 5394 м.кв талбай бүхий газрыг М******* ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргад албан бичгээр гаргаж өгөх үүрэг хүлээсэн. Дээрх үүргийнхээ дагуу 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр М******* ХХК-ийн өмгөөлөгчид газартай холбоотой бүх баримтаа акт үйлдэн нотариатаар баталгаажуулан хүлээлгэн өгсөн байдаг. Тухайн үед газрын төлбөр, бүх зүйлийн тооцоог дуусгаад газрын албанд хандсан бичгээ гарган хүлээлгэн өгсөн. Харин энэхүү бичиг баримтын дагуу М******* ХХК нь Нийслэлийн газрын албанд хандаагүй жил гаран болсон бөгөөд хандахгүй байгаа учир шалтгааныг тодруулахад М******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.А******* нь ажлаас чөлөөлөгдсөн байхдаа М******* ХХК-ийн газар шилжүүлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэх хүсэлт гаргаж өөрөө газар шилжүүлэн авахаар хуурамч баримт бичиг бүрдүүлэн газар шилжүүлэн авахаар хүсэлт гаргаж байсан болно. Өөрөөр хэлбэл А******* ХХК нь дээрх Гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ тухайн цаг хугацаанд тодорхой биелүүлсэн бөгөөд газар нь М******* ХХК-д шилжээгүй нь нэхэмжлэгчийн дотоодын өөрсдийн буруутай ажиллагаанаас шалтгаалсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч Гурван талт гэрээнд заагдсан газартай холбогдох ямар нэгэн маргаан байхгүй талаар хүсэл зорилгоо илэрхийлж ирсэн тухайд А******* ХХК нь дээрх Гурван талт гэрээний үүргээ биелүүлснээс хойш М******* ХХК-ийн буруутай ажиллагаанаас шалтгаалан нийт газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болж А******* ХХК-ийн хүртэл газаргүй болсон тул М******* ХХК-тай ярилцаж тохиролцсны үндсэн дээрээс тухайн газрын эрхийг сэргээлгэх, эзэмших эрхийг цаашид А******* ХХК-ийн өөрийн нэр дээр үргэлжлүүлэн эзэмшихээр холбогдох хүсэлтийг Нийслэлийн газрын албанд хандаж шйдвэрлүүлсэн байдаг. Энэ тухай үйл баримт нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1/17 дугаар албан тоот, 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1/89 дугаар албан тоотоор М******* ХХК нь Нийслэлийн газрын албанд хандаж “Хоёр компанийн хооронд газар эзэмших талаар ямар нэгэн маргаан байхгүй, А******* ХХК-ийн нэр дээр газар эзэмншх гэрчилгээ гарахад татгалзах зүйлгүй болно” гэсэн хүсэл зоригоо маш тодорхой илэрхийлдэг. Дээрх үйл баримтуудаас харахад нэхэмжлэгч Гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ А******* ХХК биелүүлсэн бөгөөд өөрсдийн буруугаас шалтгаалан дээрх газрыг М******* ХХК өөрийн нэр дээрх гаргуулах авч чадаагүй цаашлаад А******* ХХК-ийн нэр дээр гарахад татгалзахгүй гэдэг нь тодорхой нотлогдож байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх нөхцлийг бүрдүүлж байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн.
2.1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь хариуцагчийн зүгээс 3 талт гэрээний үүргийг биелэгдсэн гэж маргаж байгаа. 2015 оны 11 сарын 12-ны өдөр А******* ХХК болон, М******* ХХК, иргэн н.О******* нарын хооронд 3 талт гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээгээр манайх А******* ХХК , М******* ХХК-ийн өмнө Нийслэлийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 474 тоот захирамжийн дагуу өөрийн ашиглаж байгаа газраас хавсралт-1 болох кадастрын зурагт заасан А цэгт 3320м2, С цэгт 890м2, Д цэгт 1884м2 талбай бүхий 5394м2 талбай бүхий газрыг “М*******” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын газрын албанд хүсэлтийг холбогдох бичиг баримтаар гаргана гэсэн үүргийг хүлээсэн. Энэхүү үүргийг манай зүгээс 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баримт бичиг хүлээлцсэн акт үйлдэн М******* ХХК-ийн компанийн өмгөөлөгч н.Энхчулуунд албан ёсоор шилжүүлэн өгсөн. Энэ бичиг баримт нь 9 нэр төрлийн баримтууд байгаа. Жишээлбэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, газар эзэмших гэрчилгээний эх хувь, мөн газар шилжүүлэхтэй холбоотой хүсэлтүүд гэх мэтчилэн бичиг баримтуудыг шилжүүлэн өгсөн. Мөн тухайн газар дээр барилга 20, 21 22, дугаар агуулах, М******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн хүсэлтийг гаргаж өгсөн. Энэ хүсэлтийн дагуу бол М******* ХХК тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг, өөр хүний өмчлөлд шилжүүлэн авч одоо ашиглаад явж байгаа. Тийм учраас энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ манай тал биелүүлсэн байгаа юм. Уг хүсэлтийг гаргаж өгсөн байхад тухайн газар М******* ХХК-ийн эзэмшилд шилжээгүй вэ гэдэг шалтгаан нь байгаа, энэ нь М******* ХХК-ийн дотоод үйл ажиллагаанаас шалтгаалаад, газрын гэрчилгээ нь М******* ХХК-ийн нэр дээр гараагүй байгаа. Энэ талаар Нийслэлийн газрын албанд хүсэлт гаргаж тодруулахад, М******* ХХК-ийн зүгээс Нийслэлийн газрын албанд өөрсдөө хандаагүй байдаг. Ингээд бид яагаад хандахгүй байгаа учир шалтгааныг нь 1 жилийн дараа тодруулсан. Тэгтэл тухайн үед М******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан н.А******* гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөний дараагаар өөрөө М******* ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх хуурамч бичиг баримтыг бүрдүүлээд М******* ХХК-д хандан газрын гэрчилгээ шилжүүлгийг түдгэлзүүлж өгөөч, гэсэн хүсэлтээ газрын албанд гаргасны үндсэн дээрээс, зөвхөн “М*******” ХХК-ийн газар төдийгүй, манай өөрийн эзэмшилд байсан газар хүчингүй болсон ийм үр дагавар бий болсон. Энэ шалтгааны улмаас бид нар ч өөрсдөө газаргүй болсон учраас энэ асуудлыг хөндөж тавиад М******* компанид танайхаас шалтгаалаад манайх газаргүй болчихлоо, гэсэн баримтыг хөндөж тавиад, тухайн үед “М*******” ХХК нь хариу өгөхдөө танайх газраа бүхлээр нь өөрийнхөө өмчлөлд шилжүүлээд авчих, газар эзэмших эрхийн гэрчилгээ захирамжаа сэргээлгээд ав, бидний зүгээс ямар нэгэн татгалзах зүйл байхгүй гэсэн албан тайлбарыг хэд хэдэн удаа илэрхийлсэн. Энэ нь хэргийн нотлох баримтын шаардлага хангасан гэдгээр хэрэгт авагдсан.Тийм учраас “М*******” ХХК нь 3 талт гэрээний дагуу газар шилжүүлэн авахгүй байх хүсэл зоригоо манай талд илэрхийлсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл өчнөөн жилийн хугацаа өнгөрсөн. Өнөөдрийн байдлаар тухайн газарзүйн байрлал дахь эд хөрөнгийг өөрийн эзэмшилд өмчилж ашиглаад явж байгаа.”М*******” ХХК-ийн эрх ашиг өнөөдөр хөндөгдөхгүй явж байгаа гэдгийг давхар хэлмээр байна. Мөн бид газраа дахин шинээр баримт бүрдүүлэн авсан, бид одоо гэрээнд заасан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн захирамжаар газар ашиглаагүй, энэ газрыг шилжүүлж авахаас нэхэмжлэгч нь өөрсдөө татгалзаад бид шинээр газраа авсан. Мөн хөөн хэлэлцэх хугацаа буюу гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байсан юм бол 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш шаардлага гаргаагүй, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Гурван талт гэрээ, №000346121 тоот А ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээ, кадастын зураг, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах гэрээ, Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2021/03050 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 505 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 499 дүгээр тогтоол, М******* ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 156 тоот албан бичиг, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 73 тоот албан бичиг, IVCO ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 213 тоот албан бичиг, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 83 тоот албан бичиг, Г.Г*******т олгосон итгэмжлэл, Ц.М*******тай байгуулсан Хууль зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Баримт бичгүүд хүлээлцсэн акт, М******* ХХК-ийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн №01 тоот зөвлөгөөний тогтоол, 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн №01 дугаар хурлын шийдвэр, IVCO ХХК-тийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 554 дүгээр тайлбар хүргүүлэх тухай албан бичиг, М******* ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/202 дугаар албан бичиг, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/17 тоот албан бичиг, IVCO ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 55 тоот Санал хүргүүлэх тухай албан бичиг, М******* ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1/89 тоот албан бичиг, газрын нэгж талбарын зургууд, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206002945 дугаартай М******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, гэрэл зургууд, кадастрын зургууд /хэргийн 4-40, 57, 60-78-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас А******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Н.А*******, С.Б******* нарт олгосон итгэмжлэл, хариу тайлбар /хэргийн 48-49, 55-56-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр А******* ХХК-иас 1780200090 дугаартай газрын гэрчилгээ, кадастын зураг, Гадаадын аж ахуй нэгж, гадаадын хөрөнгө оруулалттай оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах гэрээ /хэргийн 91-95-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч А******* ХХК-ийг гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулагдсан гурван талт гэрээний 2.1-д заасан А цэгт 3320 м.кв, С цэгт 890 м.кв, D цэгт 1184 м.кв, нийт 5394 м.кв талбай газрыг шилжүүлэн эзэмшүүлэх, үүргээ биелүүлэх, холбогдох баримт материалыг бүрдүүлж өгөх үүргийг даалгуулахаар шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч М******* ХХК-тай гурван талт гэрээ байгуулсан, гэрээний дагуу газартай холбоотой бүх баримтаа акт үйлдэн нотариатаар баталгаажуулан хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч өөрийн буруутай үйлдлийн улмаас Нийслэлийн газрын албанд хандаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Хэрэгт авагдсан 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Гурван талт гэрээг хариуцагч А******* ХХК, иргэн Б.О*******, нэхэмжлэгч М******* ХХК нь харилцан тохиролцож, гэрээгээр Б.О*******ийн эзэмшлийн А******* ХХК-ийн 4 ширхэг хувьцааг буцаан худалдаж авах, хувьцааны үнийг төлөх, түүний А******* ХХК-нд зээлдүүлсэн мөнгийг хүүгийн хамт буцаан төлөх, А******* ХХК нь өөрийн ашиглаж буй газраас 5394 м.кв газрыг М******* ХХК-нд шилжүүлж өгөх хүсэлт гаргах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг зөвшөөрсөн талаар Худалдаа хөгжлийн банкинд албан бичиг өгөх асуудалтай холбоо бүхий харилцааг зохицуулахаар харилцан тохиролцжээ.
4.2.Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2021/03050 дугаар шийдвэрээр Б.О*******ийн нэхэмжлэлтэй А******* ХХК, М******* ХХК, Л.М нарт холбогдох 2015 оны 11 сарын 15-ны өдөр байгуулсан Гурван талт гэрээ, 2015 оны 11 сарын 19-ний өдөр байгуулсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээнээс тус тус татгалзаж, А******* ХХК-ийн 4 хувийн хувьцааг Л.Маас гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 203 дугаар зүйлийн 203.1 дугаар зүйлийг баримтлан нэхэмжлэгч Б.О*******ийн хариуцагч А******* ХХК, М******* ХХК, Л.М нарт холбогдуулан 2015 оны 11 сарын 15-ны өдөр байгуулсан Гурван талт гэрээ, 2015 оны 11 сарын 19-ний өдөр байгуулсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээнээс тус тус татгалзаж, А******* ХХК-инй 4 хувийн хувьцааг Л.Маас гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.
4.3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 505 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2021/03050 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “243 дугаар зүйлийн 243.1, 203 дугаар зүйлийн 203.1 дүгээр зүйлийг баримтлан” гэснийг “205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.
5.Талуудын маргааны зүйл нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж өөрийн ашиглаж буй газраас 5394 м.кв газрыг эзэмших эрхээ шилжүүлээгүй талаар байна, гэрээ байгуулагдсан, гэрээнд дурдсан 20, 21, 22 дугаар бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид шилжүүлсэн талаар маргаагүй байна.
6.Талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Гурван талт гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1-д заасан гуравдагч этгээдэд ашигтай гэрээний шинжийг агуулсан Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаар шүүх дүгнэсэн байх тул гэрээний үүргийг биелүүлэхийг нэхэмжлэгч М******* ХХК нь хариуцагч А******* ХХК-иас шаардах эрхтэй байна гэж үзэв.
6.1.Хэрэгт авагдсан Гурван талт гэрээний 2.1-д “А тал нь /А******* ХХК нь/ Нийслэлийн засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 474 тоот захирамжийн дагуу өөрийн эзэмшиж ашиглаж буй газраас энэ гэрээний хавсралт 1-д заасан кадастрын зурагт заасан А цэгт 3320мкв, С цэгт 890мкв, D цэгт 1184мкв газар буюу нийт 5394мкв газрыг С талд /М******* ХХК-д/ шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дотор Нийслэлийн засаг даргад албан бичгээр гаргаж өгнө”, 2.2-д “М******* ХХК-ийн эзэмшиж ашиглаж буй 20, 21, 22 дугаар бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг тус компанид шилжүүлэн өгөхөд А******* ХХК-иас татгалзахгүй тухай албан бичгийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дотор бэлэн болгож М******* ХХК-нд өгнө”, 2.3-д “Энэ гэрээний 2.1, 2.2-т заасны дагуу С талд шилжүүлэн өгөхөд шаардлагатай бичиг баримт, холбогдох зөвшөөрөлд /А талын өгөх зөвшөөрлийн албан бичгүүд, А******* ХХК-ийн гэрчилгээний хуулбар, газрын гэрчилгээ, хувь, газар эзэмших гэрээний хувь, кадастрын зураг, төлбөр төлсөн баримт, тооцоо нийлсэн акт зэрэг хамаарна” гэж харилцан тохиролцжээ.
6.2.Нэхэмжлэгч нь хариуцагч А******* ХХК-ийг 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Гурван талт гэрээний 2.2-д заасан үүргийг биелүүлсэн, үл хөдлөх эд хөрөнгүүдийг эзэмшиж, ашиглаж байгаа талаараа маргаагүй, 2.1-т заасан үүрэг болох А цэгт 3320мкв, С цэгт 890мкв, D цэгт 1184мкв газар буюу нийт 5394мкв газрыг шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гаргах үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, албан бичгүүдээр нотлогдоно гэж тайлбарласан.
6.3.Хариуцагч нь гурван талт гэрээний үүрэг биелэгдсэн, гэрээний 2.2.-д заасан үүргийг биелүүлсэн, үл хөдлөх эд хөрөнгүүдийг эзэмшиж, ашиглаж байгаа, гэрээний 2.1-д заасан 5394 м.кв газрыг эзэмшүүлэх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад гаргаж өгөх үүргээ биелүүлж нэхэмжлэгчийн өмгөөлөгчид нь гэрээний 2.3-д заасан бүхий л бичиг баримтуудыг хүлээлгэн өгсөн, мөн уг эрхээсээ нэхэмжлэгч нь өөрөө татгалзсан тул гэрээний үүрэг дуусгавар болсон болох шүүхийн шийдвэр, магадлалаар, нэхэмжлэгчийн албан бичгээр нотлогдоно, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул шаардах эрхгүй гэж мэтгэлцсэн.
6.4.Хэрэгт авагдсан Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2021/03050 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Түүнчлэн гэрээгээр тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг М******* ХХК шилжүүлэн авсан, маргааны зүйл болох 5394 м.кв газар А******* ХХК-ийн эзэмшилд хэвээр байгаа зэрэг үйл баримтад маргаагүй байна.
...Хэргийн баримтуудаас үзвэл А******* ХХК нь гэрээний 2.3-д заасан бичиг баримтуудыг 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр М******* ХХК-нд хүлээлгэн өгсөн бөгөөд тус компанийн өмгөөлөгч н.Энхчулуун нь дээрх баримт бичгүүдийг хүлээн авч, Х******* дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлдвэрийн барилга 20, 21, 22 дугаар агуулахын өмчлөх эрхийн гэрчилгээ, холбогдох газар эзэмших эрхийн гэрчилгээг компанийн нэр дээр гаргах ажлыг хариуцахаар болсон болох нь тогтоогдож байна.
Тодруулбал М******* ХХК газрыг шилжүүлэн аваагүй нь тус компанийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, газар шилжээгүй үйл баримтад А******* ХХК буруугүй, харин М******* ХХК-ийн дотоод асуудлаас хамааралтай удааширсан, түүнчлэн М******* ХХК газрын эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн болгож чадаагүй ч гэсэн өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа гэж тайлбарлаж байгаа зэргээс гэрээний үүрэг биелэгдэх боломжтой гэж үзэхээр байна” гэжээ.
6.5.Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 505 дугаар магадлалын хянавал хэсэгт “...6в.Гурван талт гэрээгээр хариуцагч А******* компани М******* ХХК-нд 5394 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргад албан бичгээр гаргаж өгөх үүрэг хүлээсэн ба энэ үүргийнхээ дагуу А******* ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 429 дүгээр албан бичгээр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт газар эзэмших эрхийн тодорхой хэсгийг шилжүүлэн өгөх тухай хүсэлт болон газар эзэмших эрхийг шилжүүлэн өгөхөд шаардлагатай баримт бичгүүд болох улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, газар ашиглуулах гэрээ, кадастрын зураг, дүгнэлт, тооцоо нийлсэн акт газрын төлбөр төлсөн баримт, хавсралт-1д заасан кадастрын зураг зэрэг нийт 9 хуудас баримтыг М******* ХХК-ийн өмгөөлөгч Энхчулуунд актаар хүлээлгэн өгсөн боловч М******* ХХК энэ асуудлаар шийдвэр гаргуулахаар газрын харилцааны асуудлыг тухайн үед хариуцаж байсан Нийслэлийн Өмчийн харилцааны газар, шинээр байгуулагдсан Нийслэлийн Газрын албанд хандаагүй нь Дотоод аудитын албаны 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хариу хүргүүлэх тухай 1/84 дүгээр албан бичиг, А******* ХХК-ийн 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн мэдээлэл хүргүүлэх тухай 466 дугаар албан бичгээр тогтоогдсон байна гэсэн байна.
6.6.Иймд зохигч талууд нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар маргаагүй бөгөөд хариуцагчийн гэрээний 2.1-д заасан 5394 м.кв газрыг эзэмшүүлэх хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад гаргаж өгөх үүргээ биелүүлж нэхэмжлэгчийн өмгөөлөгчид нь гэрээний 2.3-д заасан бүхий л бичиг баримтуудыг хүлээлгэн өгсөн байсан гэх тайлбар нь үндэслэлтэй байх боловч 5394 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтийг өмгөөлөгчид биш Нийслэлийн Засаг даргад албан бичгээр гаргаж өгнө гэсэн үүргээ биелүүлээгүй гэж Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэхийг шаардсан нь үндэслэлтэй, гэрээний үүрэг дуусгавар болсон буюу биелүүлсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна гэж үзэв.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр газартай холбоотой бүх баримтаа акт үйлдэн нотариатаар баталгаажуулан нэхэмжлэгч М******* ХХК-д хүлээлгэн өгсөн, өөрсдөө Нийслэлийн газрын албанд хандах үүргээ хэрэгжүүлээгүй, өөрсдийн буруутай үйл ажиллагааны улмаас газар эзэмших эрх цуцлагдсан, гэрээний 2.1-т заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрх нээлттэй байсан боловч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Гурван талт гэрээнээс татгалзаж шүүхэд хандсан, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэлх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж мэтгэлцсэн бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” гэж заасан боловч хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзэв.
8.Талуудын хооронд байгуулагдсан Гурван талт гэрээний 2.1-д хариуцагч А******* ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 474 тоот захирамжийн дагуу өөрийн эзэмшиж ашиглаж буй газраас энэ гэрээний хавсралт 1-д заасан кадастрын зурагт заасан А цэгт 3320мкв, С цэгт 890мкв, D цэгт 1184мкв газар буюу нийт 5394мкв газрыг шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дотор Нийслэлийн засаг даргад албан бичгээр гаргаж өгөх үүргийг хүлээсэн боловч хэрэгт авагдсан газар ашиглах эрхийн №000346121 дугаартай гэрчилгээнд А******* ХХК нь Х******* дүүргийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/897 тоот шийдвэрийг үндэслэн 16440 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар Х******* дүүргийн 3-р хороонд үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглуулахаар олгосон уг газрыг олгоход 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1/89 тоот албан бичгээр нэхэмжлэгч нь газар ашиглах эрхийн гэрчилгээг дахин шинээр авахад татгалзах зүйлгүй, хоёр компанийн хооронд газар эзэмшихтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй талаар хүсэлт гаргасан болох нь тогтоогдож байна.
8.1.Мөн хариуцагч А******* ХХК нь Аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийн №0000192774 дугаар гэрчилгээгээр Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/442 тоот шийдвэрийг үндэслэн Х******* дүүргийн 3-р хороо, 83/1, 83/2, 83/3 хаягт байрлах нэгж талбарын 1780200090 дугаар бүхий 16428 м.кв газрыг үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газрын зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн А-2206000045 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байх бөгөөд дээрх газарт нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй 5394 м.кв газар багтаж байгаа талаарх баримтгүй, гэрээний хавсралт кадастрын зургийг ирүүлээгүй, мөн нэхэмжлэгч нь 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 474 тоот захирамжийн дагуу ашиглаж байсан эрх нь хариуцагчийн буруутай үйлдлээс цуцлагдсан, одоо Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/442 тоот шийдвэрийг үндэслэн 16428 м.кв газар эзэмшиж байгаа гэж тайлбарласан нь үндэслэлтэй, нэхэмжлэгч нь хариуцагчаас газар шилжүүлэн эзэмшүүлэхтэй холбоотой баримт материалыг бүрдүүлж өгөх үүргийг даалгахаар шаардсан нь үндэслэлгүй, гэрээний 2.3-д заасан шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгчид 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 429 дүгээр албан бичгээр хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна гэж үзэв.
9.Иймд нэхэмжлэгч М******* ХХК-ийн хариуцагч А******* ХХК-нд холбогдуулан гаргасан гурван талт гэрээгээр хүлээсэн үүрэг болох өөрийн ашиглаж буй газраас А цэгт 3320 мкв, С цэгт 890 мкв, D цэгт 1184 мкв газар буюу нийт 5394 мкв газрыг М******* ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэх, түүнд холбогдох баримт материалыг бүрдүүлж өгөх үүргийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар нэхэмжлэгч М******* ХХК-ийн хариуцагч А******* ХХК-д холбогдуулан гаргасан гурван талт гэрээгээр хүлээсэн үүрэг болох өөрийн ашиглаж буй газраас А цэгт 3320 мкв, С цэгт 890 мкв, D цэгт 1184 мкв газар буюу нийт 5394 мкв газрыг М******* ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэх, түүнд холбогдох баримт материалыг бүрдүүлж өгөх үүргийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН