| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2023/0189/З |
| Дугаар | 128/ШШ2023/0587 |
| Огноо | 2023-07-05 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2023/0587
2023 07 05 128/ШЗ2023/0587
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн тавдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.Жанболат
Хариуцагч: Монгол улсын Дотоодын цэргийн командлагч,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Наранбаатар, Э.Болор-Эрдэнэ нарын хоорондын “Дотоодын цэргийн командлагчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/01 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймаг дахь Дотоодын цэргийн 829 дүгээр тусгай салбарт харуулын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ахмад цол тэмдгийг буцаан олгож, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах”-ыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Жанболат, түүний өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар, Э.Болор-эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Жанболат нь нэхэмжлэлийн шаардлагаа “Дотоодын цэргийн командлагчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/01 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймаг дахь Дотоодын цэргийн 829 дүгээр тусгай салбарт харуулын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ахмад цол тэмдгийг буцаан олгохыг даалгуулах” гэж тодорхойлж байгаад “Ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэж нэмэгдүүлжээ.
2. Нэхэмжлэгч Т.Жанболат нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/380 дугаар тушаалаар Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах /гэрээт/ хэсэгт эргүүлийн офицероор, Дотоодын цэргийн командлагчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймаг дахь “Цагааннуур” чөлөөт бүсийг хамгаалах тусгай салаа /гэрээт/-ны харуулын даргаар томилогдсон байна.
3. Улмаар Дотоодын цэргийн командлагчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/01 тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.5-д заасны дагуу төрийн албанд 3 жил орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан байна.
4. Нэхэмжлэгчээс дээрх захиргааны актыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01/205 дугаартай албан тоотоор хариуг авч шүүхэд 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.
5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
5.1 Захиргааны хэргийн шүүхэд орон нутагт ажилласан нэмэгдэл олгуулах асуудлаар Дотоодын цэргийн штабыг шүүхэд өгсөн асуудлаас болж сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль бус,
5.2 Миний бие үүрэг гүйцэтгэх хугацаанд ямар нэгэн байдлаар ажлын байр, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ялгаварлан гадуурхсан, эрхшээлдээ байлгасан, басамжлан доромжилсон, сүрдүүлсэн үйлдэл хийж байгаагүй,
5.3 Салбарын захирагчаар ажиллаж байсан А.Бахытбекийн явуулсан албаны шалгалтыг зохион байгуулалттай миний эсрэг явуулсан гэх гомдлыг гаргасан байхад надад сахилгын шийтгэл оногдуулсан,
5.4 Миний бие хэнийг яс үндсээр ялгаварлан гадуурхах үйлдэл гаргаж байгаагүй,
5.5 Хэн нэгний зураг бичлэгийг зөвшөөрөлгүй авч түүгээр дамжуулан бусдыг эрхшээлдээ байлгасан зүйл байхгүй байхад ямар үндэслэлээр тийнхүү дүгнэлт хийсэн ойлгомжгүй байна гэжээ.
6. Нэхэмжлэгч Т.Жанболат шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Би Дотоодын цэргийн штабт 2022 оны 4 дүгээр сарын сүүлээр таван жилийн тэтгэмжтэй холбоотой Дотоодын цэргийн штабын удирдлагуудад өргөдөл гаргасан. Цагааннуур чөлөөт бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа учраас, яагаад гэвэл Дотоодын цэргийн тухай хуулийн 36.1-т цагдаагийн албан хаагчийн нийгмийн баталгаатай Дотоодын цэргийн албан хаагчийн нийгмийн баталгаа нэгэн адил үйлчилнэ гэж заасан. Би хуулийн дагуу өргөдөл гаргасан, энэ өргөдөлтэй холбоотой Дотоодын цэргийн удирдлагууд болон салбарын удирдлагууд энэ өргөдөлтэй холбоотой намайг удаа дараа шагнал, урамшуулал болон зохион байгуулалттай албаны шалгалт хийж, үндэслэлгүй ажлаас халсан. Мөн алба хаагч нараас зохион байгуулалттай эсрэг мэдүүлэг авсан. Миний бие алба хаагч нарыг ялгаварлаж байгаагүй. Би 2006 оноос хойш Нийслэлийн Чингэлтэй дүүргийн дэргэдэх цагдаагийн хэлтэс, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст нийслэлийн хөдөлгөөнт эргүүл болон дараа нь Цагдаагийн академид өдрөөр дөрвөн жилээр сураад Увсад хоёр суманд ажиллаад, Баян-Өлгий аймагт шилжиж ирсэн байгаа юм. Миний ажилласан жилийг 12 жил 5 сартай гэж дутуу бичсэн байна, 16 жил 9 сартай. Би энэ албанаас үндэслэлгүйгээр халагдсан байгаа юм. Албан шалгалт хийх болсон шалтгаан нь таван жилийн тэтгэмжтэй холбоотой өөрийнхөө эрх, ашгийн төлөө хөдөө суманд ажиллаж байсан нь таван жилийн тэтгэмжээ авахын тулд гомдол гаргасан гэж намайг удирдлагаас удаа дараа зохион байгуулалттай сүүлд нь ажилгүй болгож байгаа юм” гэжээ.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Жанболатад 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01 тоот сахилгын шийтгэл ногдуулах Дотоодын цэргийн штабын командлагчийн шийдвэрээр төрийн албанд хоёр жил орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан байгаа. Үүнийхээ үндэслэлдээ алба хаагчтай цэргийн дүрэм бусаар харилцаж, бүдүүлэг үг, хэллэгээр дарамталж, заналхийлсэн, яс, үндсээр ялгаварлан гадуурхан, зүй бус харьцсан, тэдний зөвшөөрөлгүй дүрс бичлэг хийж, өөрийн эрхшээлдээ байлгасан гэдэг зүйлүүдийг дурдсан. Эдгээр нь үндэслэлгүй талаар нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхой дурдсан. Албаны шалгалтын үед Баян-Өлгий аймгийн Дотоодын цэргийн 829 дугаар салбар нь Баян-Өлгий аймгаасаа зайтай, Цагааннуурын чөлөөт бүсийн боомтын хашааны харуул хамгаалалтын үйл ажиллагааг гүйцэтгэдэг тусгай чиг үүрэг бүхий салбар. Үүнд албаны дарга, захирагч Ж.Бахытбол гэдэг хувь хүн болон харуулын дарга Т.Жанболат хоёрын хоорондын хувь хүний бие биеийнхээ хооронд үүссэн харилцаануудаас энэ зүйлүүд гарсан байдаг. Ж..Бахытболд тодорхой шаардлагууд тавьсны үндсэн дээр, мөн Ж.Бахытболын Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн, албаны үүргээ хэрэгжүүлээгүй үйл ажиллагааны талаар, анх томилогдохдоо Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн, гэмт хэрэгт шалгагдаж байсан атлаа тэр мэдээллүүдээ нууж, энэ нь Нууцын тухай хууль дээр зөрчилддөг, нууцтай харилцах хүн урьд нь гэмт хэргээр ял шийтгэгдэж байсан байхыг хориглодог байтал нууцтай холбоотой алба, чиг үүргээ гүйцэтгэж байгаа нь Төрийн нууцын тухай хууль болон Дотоодын цэргийн тухай хууль, тогтоомжийг зөрчиж байна гэдэг талаар шүгэл үлээсэн.
Албаны шалгалтаар Ж.Бахытболд хяналт шалгалт хийгээд Т.Жанболатын гаргасан энэ мэдээллүүд үнэн зөв, бүрэн дүүрэн үндэслэлтэй байна гээд албан тушаал бууруулах, албанаас шилжүүлэх тухай шийдвэр гарч шилжүүлсэн байдаг. Гэсэн атлаа буцаагаад Т.Жанболат дээр албаны шалгалтыг хувийн ашиг сонирхлын зөрчил бүхий тухайн албаны дарга Ж.Бахытболоор ахлуулж албаны шалгалтыг хийлгэсэн байдаг. Ж.Бахытбол өөрийн албан тушаалын нэр, нөлөөг ашиглаж өөрийн харьяанд байдаг алба хаагч нараараа, өөрийн шууд удирдлагад байдаг алба хаагч нараараа Т.Жанболатын талаар ор үндэслэлгүй, худал мэдүүлгүүдийг авхуулж, баримт бүрдүүлж, үүнийг Дотоодын цэргийн штабт хүргүүлснийг Дотоодын цэргийн штаб үнэн зөв, үндэслэлтэй хэмээн үзэж, үндэслэлүүдээ нягтлалгүйгээр Т.Жанболатыг тушаалд үндэслэлүүдийг үнэн зөв мэтээр дүгнэж, сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Код 112 гэж дурдаад байгаа. Энэ нь Цагдаагийн байгууллагын сайт дээр байхгүй. Т.Жанболат дээр явуулсан дотоод хяналт шалгалтын дүнд анх гарсан дүгнэлт нь Т.Жанболатад сануулах сахилгын шийтгэл авъя гэдэг үр дүн гаргасан. Гэтэл шалгалтын үр дүн, тайланг үндэслэж шууд шийтгэл ногдуулах алба хаагч болох хошууч, генерал, командлагч н.Болд албаны шалгалтын хэсгээс гаргасан дүгнэлтийг зөрчиж шууд хоёр жил төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан.
Үүнд дурдагдаад байгаа дээрх үйл баримтууд дээр нотолж байгаа хариуцагч байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад албаны шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал гээд, ахлагч нь Ж.Бахытбол. Ж.Бахытбол гэдэг тусгай салбарын харуулын ахлагчийг 16 км чөлөөт бүсийн торон хашааг өдөрт 3 удаа тойруулж алхуулдаг гэх ор, үндэслэл байхгүй, бодит нөхцөл байдалд нийцэхгүй зүйлүүдийг дүгнэсэн. Тухайлбал чөлөөт бүсийн төмөр торон хашаа 16 км-ийн өргөнтэй бөгөөд үүнийг нэг хүн өдөрт 3 удаа тойрч алхах ямар ч бодит нөхцөл байхгүй. Албаны үйл ажиллагаа дээр тухайн харуул хамгаалалтыг эрхэлж байгаа албан хаагч нь албаны мотоциклоор харуул, хамгаалалтын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Мөн ховын шинжтэй, бусад хүмүүсийн тэгж ярьж байхыг сонссон гэдэг тайлбар, мэдүүлгүүдийг Т.Жанболатыг ажлаас халах тухай шийтгэлийнхээ үндэслэл болгож байгаа юм. Тэгэхээр тэр мэдүүлгийг албаны шалгалтын үед тайлбар хэлж байгаа хүмүүс тодорхой цаг хугацаа байхгүй, үйл баримт байхгүй, тэгж сонссон, хэзээ, хаана болсон нь мэдэгдэхгүй баахан зүйлүүдийг хэлсэн.
Энэ нь хоорондоо учир холбогдол, логик зохицолгүй байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй Ж.Бахытболын зүгээс дээрх байдлаар нөлөөлж мэдүүлэг өгүүлсэн нь хоорондоо зохицолгүй, логикгүй дүгнэлт байсан гэж харагдаж байна. Зөвшөөрөлгүй дүрс бичлэг хийж, өөрийн эрхшээлд байлгасан гэсэн нь Т.Жанболат нь 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр эргүүлийн үйл ажиллагаа эрхэлж байх үедээ алба хаагч нарыг ажлын цагаар харуулын байран дээр архидан согтуурч байхад нь чиг үүргийн хувьд хяналт шалгалт тавьж түүн дээрээ албаны даргын даалгаврын дагуу зургийг нь авч түүн рүү явуулсан. Албаны дарга энэ тухай илтгэхэд зургийг нь над руу явуул гэдэг даалгавар өгсөн. Тэр явуулсан бичлэг, зургийг хожим хаана, ямар нэгэн байдлаар ашигласан зүйл байхгүй. Өмнө нь Ж.Бахытбол, Т.Жанболат хоёр албаны чиг үүрэг гүйцэтгэж байх үедээ харилцаж байсан зүйлүүдийг хожим зургийг нь авч далайлган сүрдүүлсэн гэсэн утгатай болгож мушгин гуйвуулсан. Яс үндсээр ялгаварлан гадуурхсан, зүй бус харьцсан гэдэг зүйлүүдийг дурдаж байгаа. Үүнийг шууд нотлох зүйл байхгүй. Алба хаагчид яс үндсээр ялгаварлан гадуурхсан, үгүй гэдэг талаар хоорондоо цуг ажиллаж байсан алба хаагчид нь Т.Жанболат нь алба хаагч нарыг яс үндсээр ялгаварлан гадуурхаж байсан үзэл гаргаж байгаагүй гэсэн тайлбаруудаа хэлдэг. Дүрс бичлэг хийж, өөрийн эрхшээлд байлгах гэдэг нь хэрвээ зөвшөөрөлгүйгээр хувь хүний эрхэд халдаад дүрс бичлэг хийгээд үйл ажиллагаа явуулсан бол бусдыг далайлган сүрдүүлэх бие даасан гэмт хэрэг. Үнэхээр тэр нь бодитой байсан бол цагдаагийн байгууллагад шилжүүлээд үүн дээр нь гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэлт өгөх болохоос ёс зүйн зөрчил гэж дүгнэх үндэслэл байхгүй. Энэ байдлаар гаргасан дүгнэлтүүд эцсийн бүлэгтээ ажлаас халах сахилгын шийтгэл бус, сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай ажлын хэсгийн санал гаргаад очиход яагаад 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн командлагчийн шийдвэрээр гурван жил төрийн албанд орох эрхгүй болж хувирсан шалтгааныг сая Т.Жанболат дурдлаа.
Дотоодын цэргийн тухай хуульд Дотоодын цэргийн алба хаагч цагдаагийн алба хаагчийн баталгааг нэгэн адил эдэлнэ гэдэг хуулийн заалт байдаг. Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн алба хаагч аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй таван жил ажилласан хугацаанд түүний 36 хүртэл сарын үндсэн цалингийн нэмэгдэл, урамшуулал, хөдөө ажилласны нэмэгдэл олгоно гээд заасан байдаг. Дотоодын цэргийн байгууллага нь ихэвчлэн төв, орон нутгуудад үйл ажиллагаа явуулдаг, алслагдсан хөдөө орон нутаг, сум суурин дээр байгаа бүсэд зөвхөн Баян-Өлгий аймгийн Цагааннуур дахь чөлөөт бүсийн харуул хамгаалалтын 829 дугаар тусгай салбар гэж хэлж байгаа тохиолдол. Үүн дээр Т.Жанболат тасралтгүй таван жил ажилласан учраас Дотоодын цэргийн тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хуульд заасан хөдөө ажилласны урамшууллыг авъя гэдэг хүсэлтийг удаа дараа Дотоодын цэргийн штабын удирдлага болон Дотоодын цэргийн командлагч буюу Цагдаагийн ерөнхий газрын даргад удаа дараа хандаж байсан. Улмаар тус асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа. Энэ нөхцөлд дээрх байдлаар анх удаа нэгдүгээрт шүгэл үлээсэн, хоёрдугаарт шүүхэд мэдүүлэх, өөрийн эрх нь зөрчигдсөн асуудлыг төрийн албан хаагчийн баталгааг эдлэх тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан асуудал дээр үндэслэж төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 48.1.5-д заасныг хэрэглэсэн. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 тоот төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журам дээр төрийн албан хаагчийг ямар тохиолдолд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах вэ гэдэг зохицуулалт нь гурван зүйл дээр байдаг. Төрийн жинхэнэ албан хаагч Төрийн албаны тухай хуулийн 34.1-т заасан төрийн албаны шалгалт авах журмыг зөрчиж уг үйл ажиллагаатай холбоотой хуурамч нотлох баримт бичгээр баталгаа гаргаж өгсөн бол, 35.2-т төрийн жинхэнэ албаны шалгалт авах журмыг зөрчсөн этгээд байсан бол, 76.4, 76.5 дахь заалтыг зөрчсөн эрх бүхий албан тушаалтнууд гэсэн тохиолдлууд байгаа. Дээрх тохиолдлуудын алин дээр нь ч Т.Жанболатын гаргаж байгаа зөрчил гээд байгаа зүйлүүд хамааралгүй, агуулгад дурдагдаад байгаа зүйлүүд нь сахилгын зөрчил үү эсвэл ёс зүйн зөрчил үү гэдгийг ялгаж салгаж дүгнээгүй. Ёс зүйн зөрчил юм бол Дотоодын цэргийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд заасны дагуу тухайн байгууллагын ёс зүйн хорооноос ёс зүйн дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн талаар дүгнэлт гараагүй байхад сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн дээрх дурдагдаад байгаа үйл баримтууд нь хэзээ, хаана, ямар байдлаар болсон, хэрхэн, яаж нотлогдож байгаа талаар үндэслэл, дүгнэлт байхгүй, цаг хугацаа байхгүй. Ёс зүйн эсвэл сахилгын зөрчлийг гарсан цаг хугацааг бодитой тогтоох Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах журамд заасан үндэслэл, нөхцөлүүдийг алийг нь ч хангаагүй. Тэгэхээр дээрх нөхцөл байдлуудаас шалтгаалаад нэгдүгээрт зөрчил гаргасан нь нотлогдоогүй, хоёрдугаарт гаргасан гэх зөрчлийн цаг хугацаа нь нотлогдоогүй учраас хөөн хэлэлцэх хугацааг нь тооцож, тогтоох боломж байхгүй. Гуравдугаарт ёс зүйн зөрчлийг Ёс зүйн хороогоор дүгнэж шийдвэр гараагүй. Дөрөвдүгээрт томилогдсон ажлын хэсгээс гаргасан саналаас өөр саналаар сахилгын шийтгэл ногдуулсан. Сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 48.1.5-д заасан болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 36/32 тоот тушаалын 7.1-т заасныг шууд зөрчсөн тушаал байгаа учраас хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сахилгын шийтгэл ногдуулах тухай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрхийг хамгаалж өгнө үү гэж хүсэж байна.
8. Хариуцагч Дотоодын цэргийн командлагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэгдүгээрт би юуг хариуцлагатайгаар хэлэх вэ гэвэл Монгол Улсын Үндсэн хуульд заасан, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, Дотоодын цэргийн тухай хуульд заасан эрхээ эдэлж, дээд шатны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлынх нь төлөө хүнийг хахаж хавчиж, ажлаас халах хүртэл шийтгэл оногдуулдаггүй. Өнөөдрийн шүүх хуралдааныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу юу гэж явагдах ёстой вэ, түүнд заасан журмын дагуу яаж явагдах ёстой вэ, Дотоодын цэргийн командлагчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01 дугаар тушаалын энэ үндэслэлийг ийм, ийм учраас хүлээн зөвшөөрөхгүй байна, хавтаст хэрэгт байгаа энэ хүний өгсөн тайлбарыг ийм, ийм нотлох баримтаар манай тал няцааж байна, Дотоодын цэргийн штабаас Дотоодын цэргийн командлагчдаа танилцуулах илтгэх хуудсан дээр энэ хүнд сануулах сахилгын шийтгэл оногдуулъя гэж анх явуулж байсан баримт нь энэ байна гэх ч юм уу гээд энэ хавтаст хэрэгт байгаа баримтыг дахиад баримтаар үгүйсгээд мэтгэлцэх юм болов уу гэсэн чинь зүгээр үндэслэлгүй байна, ийм боломж байхгүй гэсэн таамаг шинжтэй зүйл яриад байгаад нь харамсалтай байна.
Би үүнийг юугаар нотлох гэж байгаа вэ гэвэл цагдаа, дотоодын цэргийн байгууллага ингэж таамгаар, хүнийг өөрийн эрхийг эдэлсний төлөө ямар нэгэн байдлаар хяхан хавчдаггүй гэдгийг хэлье. Маргаан юунаас эхлэлтэй вэ гэвэл 10 дугаар сард Дотоодын цэргийн 829 дүгээр тусгай салбараас нэг алба хаагч өөрийн хүсэлтээр гаръя гэдэг хүсэлтийг Дотоодын цэргийн штабт ирүүлсэн. Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн хийдэг хүн нь тухайн асуудлыг судлаад ямар учраас гарч байгаа юм бэ гэхэд Т.Жанболатын хууль бус шийдвэр, үйл ажиллагаа, дарамттай холбоотойгоор гарч байна гэдэг зүйл яриад, энэ асуудлаар Дотоодын цэргийн 829 дүгээр салбарын захирагч буюу Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаад танайд албаны шалгалт хийж танилцуул гэсэн бичиг явуулсан байдаг. Үүнээс улбаатай Дотоодын цэргийн 829 дүгээр салбарын захирагч Ж.Бахытбол энэ хоёрын хоорон дахь маргаан эхэлсэн байдаг. Үүнээс улбаалаад өөрийн дотоод алба хаагчид албаны шалгалт явуулж чадахгүй юм байна гэдэг үүднээс Дотоодын цэргийн штаб нь тэндээ ажилладаг байсан тэр үед Дотоодын цэргийн штабын хяналт шалгалтын чиглэлийн ажилтан гэдэг хүнээр ахлуулсан хоёр хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гараад Дотоодын цэргийн 829 дүгээр тусгай салбар дээр буюу Баян-Өлгий аймагт очиж албаны шалгалт хийж ирээд дүнг танилцуулсан баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангуулаад өгсөн байгаа. Үүн дээр алба хаагчийн өгсөн тайлбар, тэр дундаа Дотоодын цэргийн штабт хандаж шүүхээс энэ, энэ нотлох баримтыг ирүүлнэ үү гэсэн баримт нь яаж Т.Жанболатын бид нарын маргаан бүхий актад тусгагдаад байгаа асуудлууд яаж нотлогдож байгаа юм бэ гэдэг баримт нь хангалттай байгаа.
Тийм учраас нотлох баримтыг тэр бүр дурдаад яахав гэж үзэж байна. Цаасаар гардуулсан нэхэмжлэлийн шаардлагад нэг зүйл дурдсан байдаг нь дараах тохиолдолд хүмүүсийг төрийн албанаас халах, гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулна гэж заасан. Төрийн албаны тухай хуулийн 34, 35 дугаар зүйлийг тэр чигээр нь аваад үзэхэд 7 дугаар бүлэг 33 дугаар зүйлээс эхэлж байгаа. Төрийн жинхэнэ албаны шалгалт зохион байгуулахтай холбоотой бүлэг юм. Үүн дээр дурдаад байгаа өмгөөлөгчийн яриад байгаа энэ тохиолдолд хална гэдэг нь зөвхөн төрийн албаны шалгалт зохион байгуулахтай холбоотой асуудал үүсээд ийм ийм зөрчил гаргасан бол энэ хүмүүсийг төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан тухай заалт. Хуулийн заалтыг аваад үзэхэд Т.Жанболат төрийн албаны шалгалт зохион байгуулах эрх бүхий субъект биш. Тэгэхээр энэ нь хууль зүйн үндэслэлийн хувь буруу болж байна. Маргаан бүхий актад дурдагдсан энэ асуудал нь юугаар нотлогдож байгаа вэ гэвэл Дотоодын цэргийн штабаас явуулсан албаны шалгалт болон Дотоодын цэргийн штабаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар, тэр дундаа тайлбар, мэдүүлэг өгсөн алба хаагчдын тайлбаруудаар хангалттай нотлогдож байгаа гэж үзэж байгаа.
Хэрвээ Дотоодын цэргийн штабын харуулчин, байлдагч, ахлагч нар өөрийнх нь эсрэг худлаа, хуурамч баримт бүрдүүлээд хуйвалдсан гэж байгаа бол тэр баримтаа энэ хэрэгт өгөх ёстой. Хэрвээ тийм хангалттай үндэслэл байвал миний эсрэг хуйвалдаад байна шүү дээ, тусгай салбарын захирагч байгаа нь албан тушаал буураад томилогдсон байгаа тэр албан тушаалтанд холбоотой үйл ажиллагаа байвал тэр албан тушаалтантай холбоотойгоор миний эсрэг ингэж хуурамч мэдүүлэг гаргасан гэх гомдлоо гаргах эрх нь одоо ч Т.Жанболатад байгаа, тэр эрхээ алдаагүй байгаа. Одоогоор шүүх хуралдаанд ямар нэгэн байдлаар энэ хүмүүст ийм, ийм гомдол гаргасан, ийм, ийм гомдол ингэж шийдвэрлэгдэх гэж байгаа гэдэг баримт буюу тийм тайлбар хэлсэнгүй. Тэгэхээр үүнийг хүлээн зөвшөөрч байгаа нэг хэлбэр гэж ойлгож байна. Дотоодын цэргийн командлагч Дотоодын цэргийн тухай хуульд зааснаар өөрөө энэ албан хаагчийг томилох, чөлөөлөх бүх эрхийг эдэлнэ. Дотоодын цэргийн командлагч гэдэг нь Цагдаагийн ерөнхий газрын дарга юм.
2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад Т.Жанболатын таван жилийн урамшуулал авъя гэснийхээ хүрээнд хавчиж байгаа юм гэдэг байдлаар тайлбарласан тайлбар нь үндэслэлгүй гэдгийг нотлоод Улсын Их Хурлаас Дотоодын цэргийн алба хаагч нарт аймгийн төвөөс алслагдсан суманд таван жил ажиллаж байсан бол 30 сартай тэнцэх хэмжээний мөнгө олгоно гэдэг заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дотоодын цэргийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Дотоодын цэргийн тухай хуулийн 36 дугаар зүйл, олгох журмыг батлуулахаар Засгийн газарт Хууль зүй, дотоод хэргийн яамаар уламжлуулаад хүргүүлсэн байгаа. Батлагдаад ирэхээр алслагдсан суманд ажиллаж байгаа албан хаагчид нэмэгдэл авах байх гэж үзэж байгаа. Энэ үүднээс үүнийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Алба хаагчдын буюу ахлагч нарын өгсөн тайлбарын дагуу өөрийнх нь гаргасан Б/01 дугаар тушаалд заагдсан үндэслэлүүд хангалттай нотлогдсон гэж үзэж байгаа учраас Дотоодын цэргийн командлагч энэ тушаалыг гаргаж, Дотоодын цэргийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийг оногдуулсан байдаг. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Т.Жанболат нь анх Цагдаагийн ерөнхий газрын Нийгмийн хэв журам хамгаалах газрын даргын 2006 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 12 дугаар тушаалаар цагдаагийн дэд ахлагч цолтой Нийслэлийн Цагдаагийн газарт хуваарилагдан цагдаагийн бүрэлдэхүүнд орж ажиллах болсон. Улмаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргын 2006 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс цагдаагаар,
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/380 дугаар тушаалаар Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах /гэрээт/ хэсэгт эргүүлийн офицероор,
Дотоодын цэргийн командлагчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймаг дахь “Цагааннуур” чөлөөт бүсийг хамгаалах тусгай салаа /гэрээт/-ны харуулын даргаар тус тус томилогдон ажиллажээ.
3. Дотоодын цэргийн командлагчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/01 тоот тушаалаар нэхэмжлэгч Т.Жанболатыг Баян-Өлгий аймаг дахь “Цагааннуур” чөлөөт бүсийг хамгаалах тусгай салаа /гэрээт/-ны харуулын даргаар ажиллаж байхдаа “...алба хаагчдтай цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, бүдүүлэг үг хэллэгээр дарамталж, заналхийлсэн, яс үндсээр ялгаварлан гадуурхан зүй бус харьцан, тэдний зөвшөөрөлгүйгээр зураг, дүрс бичлэг хийж өөрийн эрхшээлдээ байлгасан” нь:
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.3, 37.1.7, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дүгээр зүйлийн 6.1.2, 6.1.3, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, Дотоодын цэргийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, Монгол улсын цэргийн дотоод албаны дүрмийн хоёрдугаар бүлгийн 6 дугаар зүйлийн 6.3.3, 6.3.4, Дотоодын цэргийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.2, 2.2.1, 2.2.2, 2.4.2, 2.4.15 дахь заалтад заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан байна.
4. Дотоодын цэргийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын дотоодын цэргийн /цаашид "Дотоодын цэрэг" гэх/ тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 7 дугаар зүйлийн 7.1-т “Дотоодын цэрэг нь дотоодын цэргийн штаб /цаашид "штаб" гэх/, анги, салбараас бүрдэнэ”, 7.2-т “Цагдаагийн төв байгууллагын дарга нь дотоодын цэргийн командлагч байна” гэж заажээ.
5. Дээрх хууль журмын зохицуулалтуудаас үзвэл Цагдаагийн ерөнхий газрын дарга нь дотоодын цэргийн офицер, ахлагч нарыг албанаас халах эрх хэмжээг хэрэгжүүлэхээр байх боловч энэхүү эрх хэмжээгээ хэрэгжүүлэхдээ тухайн алба хаагчийн цэргийн дүрэм, сахилгыг хэрхэн ямар байдлаар зөрчсөнийг, мөн алба хаагчид тавигдах шалгуур үзүүлэлтийг хангахгүй болсон талаарх нөхцөл байдлыг буюу төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах нөхцөл үндэслэлийг шийдвэр гаргахаасаа өмнө эргэлзээгүйгээр шалгаж тогтоосон, түүнчлэн зөрчлийн шинж байдал, анх болон давтан үйлдсэн байдлыг нь харгалзан шийтгэл ногдуулсан тохиолдолд тухайн шийдвэрийг бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байхыг шаардана.
6. Нэхэмжлэгч Т.Жанболат нь төрийн тусгай албан хаагчийн хувьд эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хууль, Дотоодын цэргийн тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хуулиар зохицуулагдахаар байна.
7. Хариуцагчаас нэхэмжлэгч Т.Жанболатыг төрийн албанаас халах үндэслэлээ “...алба хаагчдтай цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, бүдүүлэг үг хэллэгээр дарамталж, заналхийлсэн, яс үндсээр ялгаварлан гадуурхан зүй бус харьцан, тэдний зөвшөөрөлгүйгээр зураг, дүрс бичлэг хийж өөрийн эрхшээлдээ байлгасан...” гэж маргаж байх боловч “...тэдний зөвшөөрөлгүйгээр зураг, дүрс бичлэг хийж өөрийн эрхшээлдээ байлгасан...” гэх үндэслэлийн тухайд албаны шалгалтаар тогтоогдсон баримтгүй, хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, тогтоогдоогүй байна.
8. Хариуцагч нөхцөл байдлыг нягтлан шалгаагүйн зэрэгцээ, ёс зүйн зөрчлийг шалган тогтоосон дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийг ажил, албан тушаалаас нь халж, нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.3-д “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх” 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дүгээр зүйлийн 6.1.2-д” өргөсөн тангарагтаа үнэнч байх” 6.1.3-д “Монгол Улсын хууль тогтоомж, цэргийн нийтлэг дүрмийг чанд сахин биелүүлэх”, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Мэдээллийн эзнээс хуульд заасан үндэслэл болон анх зөвшөөрөл авснаас өөр зорилгоор мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахыг хориглоно” Дотоодын цэргийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд дотоодын цэргийн алба хаагч хувь хүн, байгууллагын нууцтай холбоотой мэдээллийг хайх, цуглуулах, хэрэглэх, тараахыг хориглоно”, Дотоодын цэргийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.2-д “нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээ болон дотоодын цэргийн үйл ажиллагааны журмыг сахин мөрдөх”, 2.2.1-т “хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдал, бэлгийн чиг хандлагаар нь ялгаварлан гадуурхахгүй байх”, 2.2.2-д “дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ бусдын эрхэнд хууль бусаар халдах, чирэгдүүлэх, дарамтлах, хүнд суртал гаргахгүй байх”, 2.4.2-д “ажлын байр, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, ялгаварлан гадуурхах, эрхшээлдээ байлгах, басамжлан доромжлох, сүрдүүлэхгүй байх”, 2.4.15-д “анги, байгууллагын үйл ажиллагааг мушгин гуйвуулах, хамт олны эв нэгдлийг бутаргах, үндэслэлгүйгээр гүтгэх, нэр, хоч өгөхийг цээрлэх” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн нь,
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ”, 4.2-т “захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1-т “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх”, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэж заасантай нийцээгүй байна.
9. Учир нь Баян-Өлгий аймаг дахь 829 дүгээр тусгай салбарын харуулын дарга ахмад Т.Жанболатаас Баян-Өлгий аймаг дахь 829 дүгээр тусгай салбарын захирагч, ахмад А.Бахытбекд холбогдуулан, түүнийг “...ажлаа хийдэггүй, харьцааны соёлгүй, ашиг сонирхлын зөрчилтэй...” гэх гомдлын дагуу Дотоодын цэргийн штабын дарга 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2022059000000010 дугаартай Албаны шалгалт явуулах төлөвлөгөөг баталсны дагуу хошууч Б.Бум-Эрдэнэ, ахлах дэслэгч Б.Батзориг нар нь шалгалтын ажиллагааг явуулахдаа шалгалтын төлөвлөгөөнд заагдаагүй ажиллагаа явуулж, гомдол гаргагчийн эсрэг тайлбар мэдүүлэг авч, хэт нэг талыг барьж үнэлж дүгнэсэн, нөхцөл байдлыг судлан үзэлгүйгээр буюу гэрчүүдийн мэдүүлгийг бусад баримтаар нотлолгүйгээр, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр танилцуулга хийж, нэхэмжлэгч Т.Жанболатыг төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах санал оруулсан нь, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй, нэхэмжлэгчийг ажил, албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлж, хуулиар тогтоосон төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл баталгааг алдагдуулсны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байна.
10. Мөн шүүх маргаан бүхий шийдвэрийг гаргах болсон шалтгаант нөхцөл бодитоор бүрдсэн байсан эсэх, тус шийдвэр үндэслэлтэй эсэх, мөн тус шийдвэр оновчтой, зорилгодоо нийцсэн эсэхтэй холбогдуулан хуулиар тогтоосон журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, маргааны үйл баримтад дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас гарсан маргаан бүхий шийдвэрийн шалтгаан үндэслэлийг нөхөн шалгаж, баталгаажуулах үүрэггүй юм.
11. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах, нийгмийн хэв журмыг хамгаалахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараах албан тушаал хамаарна” 8.1.6-д “зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, ... байгууллагын офицер, ахлагч,...” гэж заасан байх тул мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “төрийн жинхэнэ албан хаагч дараах нэмэгдэл баталгаагаар хангагдана”, 27.2.1-т “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэж заасны дагуу Төрийн албаны тухай хуулиар тогтоосон нэмэгдэл баталгаагаар хангагдаж, хамгаалагдахаар байна.
12. Харин нэхэмжлэгчээс гаргасан “...орон нутагт ажилласан 5 жилийн тэтгэмжтэй холбоотой хүсэлтийг хариуцагч захиргааны байгууллагад гаргаснаас болж сахилгын шийтгэлээр албан тушаалаас халагдсан,...төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах тохиолдлуудыг Төрийн албаны тухай хуулийн дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.2, 76 дугаар зүйлийн 76.4, 76.5 дах хэсэгт заасан...” гэсэн тайлбаруудыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:
Нэхэмжлэгч Т.Жанболатыг Дотоодын цэргийн ахлагч бүрэлдэхүүнтэй удаа дараа зүй бус харьцаж, харилцааны зөрчил гаргасан гэх үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн 202203700000032 дугаартай албаны шалгалт хийж, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Дотоодын цэргийн штабын даргад хүргүүлсэн танилцуулгаар “...Баян-Өлгий аймаг дахь Дотоодын цэргийн 859 дүгээр тусгай салбарын харуулын дарга, ахмад Т.Жанболат нь ахлагч бүрэлдэхүүнтэй харилцахдаа хараалын үг хэллэг хэрэглэж, зүй бусаар харьцдаг, дарамталдаг, хамт олны эв найрамдалтай уур амьсгалыг эвддэг болох нь албаны шалгалтаар тогтоогдсон байх тул Дотоодын цэргийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2 дах хэсэг, Цэргийн сахилгын дүрмийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар сануулах сахилгын шийтгэл оногдуулж, өөр анги, салбар луу шилжүүлэн ажиллуулах санал”-ыг танилцуулсан байна.
13. Гэвч дээрх албаны шалгалтын танилцуулгыг Дотоодын цэргийн штабын дарга танилцаж удирдлагын шийдвэр гаргаагүй байх тул 2022 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн 202203700000032 дугаартай албаны шалгалтаар илэрсэн зөрчилд сахилгын арга хэмжээ авахад шүүхийн энэхүү шийдвэр саад болохгүй.
14. Мөн Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т “Энэ хуулийн 34.1, 35.2-т заасныг зөрчсөн төрийн албан хаагчийг төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр хална” 76 дугаар зүйлийн 76.6-д “Энэ хуулийн 76.4, 76.5-д заасныг зөрчсөн эрх бүхий этгээдийг төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр төрийн албанаас хална” гэсэн заалтууд нь тухайн тохиолдолд хамааралгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт авах журмыг зөрчсөн болон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй албан тушаалтанд оногдуулах тусгайлсан сахилгын шийтгэл болно.
15. Нөгөөтэйгөөр хариуцагч Т.Жанболатыг шалгасан 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 202203700000032 дугаартай албаны шалгалтаар илэрсэн зөрчилд сануулах сахилгын шийтгэлийг оногдуулах санал хүргүүлсэн байхад тус салбарын захирагч А.Бахытбекийг шалгах төлөвлөгөөний дагуу хийгдээгүй албаны шалгалтын дүгнэлтээр нэхэмжлэгчийг албан тушаалаас халах сахилгын шийтгэл оногдуулсныг зөвтгөх боломжгүй байна.
16. Иймд Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон зарчим, журамд нийцээгүй Дотоодын цэргийн командлагчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01 тушаалыг зөвтгөх үндэслэлгүй байх тул тус тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймаг дах Дотоодын цэргийн 829 дүгээр тусгай салбарын харуулын даргын албан тушаалд нь эгүүлэн тогтоож, түүний ахмад цолыг буцаан олгохыг даалгах нь зүйтэй гэж үзлээ.
17. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д ...Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу Т.Жанболатын ажилгүй байсан 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нөхөн олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.1 Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Жанболатын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Дотоодын цэргийн командлагчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймаг дахь Дотоодын цэргийн 829 дүгээр тусгай салбарын харуулын даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ахмад цолыг буцаан олгохыг хариуцагчид даалгасугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан Т.Жанболатын ажилгүй байсан 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нөхөн олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ