Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 1602

 

МАГАДЛАЛ

2019.09.02                                                 Дугаар 1602

Б.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2019/01448 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Ц-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Г Б” ХХК-д холбогдох

          Барьцаа хөрөнгөө үүргийн гүйцэтгэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Ц, түүний өмгөөлөгч Ц.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 онд өөрийн үл хөдлөх эд хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5 хороолол 24 байр, 1 тоот байрыг Б.З-д итгэмжлэл хийж өгсөн. З Х Д ХХК-ийн захирал Б.З нь тухайн үед Г Б-д баталгаанд тавьсан уг баталгааны хугацаа дууссан боловч барьцаа хөрөнгөө Г Б-с чөлөөлүүлэхээр удаа дараа хандсан боловч ямар ч үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрсэн юм. З Х Д ХХК нь 2017 оны 12 сарын 25-ны өдөр хийгдсэн 499/DBG/17/4629 тоот гэрээ 2018 оны 12 сарын 24 өдөр дуусгавар болж Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо /1АТА/-Д гаргасан 190DOUPY150045 тоот банкны баталгаа нь 2018 оны 12 сарын 28 өдөр дуусгавар болж цуцлагдсан. Иймээс Г Б-д албан тоот хүрүүлсэн боловч Г Б шийдвэрлэж өгөхгүй байгааг тус компаниас надад мэдэгдсэн. Б.Ц би Г Б-тай өөрийн үл хөдлөх орон сууцтай холбогдуулан гэрээ хийж эрх зүйн харилцаанд оролцоогүй тул надад ямар үндэслэлээр миний үл хөдлөх хөрөнгө барьцаалсан талаар мэдээллийг өгөх боломжгүй гэсэн тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. З Х Д ХХК нь ямар хугацаатай ямар үүргийн барьцаанд миний үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан талаар ямарч мэдээлэл байхгүй болно. Иймд арга буюу лавлагаа авахад Г Б-д барьцаалсан талаар лавлагаа гарсан. Уг хөрөнгийн барьцааг чөлөөлүүлж өөрийн хөрөнгийг захиран зарцуулах хүсэлтэй байна. З Х Д ХХК-д энэ талаар хандсан боловч Г Б-д явуулсан албан бичигээс өөр баримт гаргаж өгөөгүй юм. Иймээс Нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү. Ингээд тухайн орон сууцыг барьцааны эд зүйлээс чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй бөгөөд Иргэний хуулийн 160.1.1-160.1.6 дугаар зүйлд барьцааны эрх дуусгавар болох тухай заасан байдаг боловч эдгээр үндэслэлийн алийг нь ч дурдсан зүйл байдаггүй. Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж байгаа эсэх нь тодорхойгүй учраас маргахад хүндрэлтэй байна. Зэт 24 ХХК нь нэхэмжлэгч Б.Ц-н ах болох Б.З гэж хүний компани юм. Энэ компани нь IATA буюу ОУ-ын нисэх байгууллагын өмнө банкны баталгаа гаргаж өгдөг компани байдаг. Монголын МИАТ, Айрмаркет, Айрлинк зэрэг компаниудын нислэгийн билетийг IATA-c худалдан авдаг. Билетээ мөнгийг нь төлөхгүйгээр аваад банкны баталгаанаас шилжүүлэн авч болдог. Энэ баталгаа нь 2015 оноос хойш 100 000 ам доллараас эхлээд одоогийн байдлаар 40 000 ам долларын үлдэгдэлтэй байгаа. 2018 оны 12 сарын 27-ны өдөр гэрээ нь хийгдсэн байгаа. Үндсэн гэрээ дуусгавар болоогүй байгаа учраас бид өөр хүнээс гаргуулан барьцааны гэрээг дуусгавар болгуулах үндэслэл байхгүй. 2 барьцаа байдаг бөгөөд банк өөрийн эрсдэлийг тооцоолоход Б.Ц-н орон сууцыг чөлөөлөх боломжгүй гэсэн хариу өгсөн байгаа. Тийм учраас барьцааны эрх дуусгавар болоогүй учраас нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г Б ХХК-иас Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 хороолол, 24 байр, 01 тоот орон сууцыг барьцаа хөрөнгийн үүргийн гүйцэтгэлээс чөлөөлүүлэх нэхэмжлэгч Б.Ц-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ц-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн итгэмжлэлээр А Б ХХК-д итгэмжлэл олгосон талаар талууд маргаагүй гэжээ. Гэвч миний бие иргэн Б.Зад олгосон бөгөөд А Б ХХК, З Х Д ХХК гэсэн хуулийн этгээдүүдэд огт итгэмжлэл олгоогүй. Өөрөөр хэлбэл миний орон сууцыг барьцаалсан гэх хуулийн этгээдүүд барьцаа хөрөнгийг зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр барьцаа болгон ашигласан байна. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан хэлцэл байна. Түүнчлэн шүүхээс А Б ХХК нь өөрийн нэрийг З Х Д ХХК болгон өөрчилсөн байна гэх боловч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас энэ талаар лавлагаа нотлох баримт байхгүй. Өөрөөр хэлбэл АБ ХЖ-г өөрчилсөн, хуваасан, нэгтгэсэн эсэх нь огт тодорхойгүй буюу А Б гэдэг хуулийн этгээдийн бүрэн эрх бүхлээрээ З Х Д ХХК-д олгогдсон гэх үйл баримт тогтоогдохгүй байхад Г Б-тай байгуулсан гэрээгээр нэр өөрчилсөн нь тогтоогдож байна гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Г Б-тай байгуулсан гэрээгээр хуулийн этгээдийн нэрийг өөрчилсөн гэдгийг тодорхойлох боломжгүй гэж бид үзэж байна. Мөн 2018 оны 12 сарын 27-ны өдрийн Г Б, З Х Д ХХК-тай байгуулсан гэрээний дагуу миний Сүхбаатар дүүргийн З-р хороо 5-р хороолол 24-01 тоот орон сууцыг барьцаа хөрөнгөөс хасч гэрээ байгуулсан байхад шүүх түүнийг хэрхэн үнэлээгүй нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл    Г Б, З Х Д ХХК нь 2015 оны 08 сарын 28-ны өдрийн ББГ14Ю05220/ВОҮБТ дугаар банкгы баталгааны гэрээний хугацааг 2016 оны 12 сарын 27-ны өдөр 2017 оны 12 сарын 27-ны өдрийг хүртэл, 2018 оны 12 сарын 27-ны өдөр 2019 оны 12 сарын 28-ны өдрийг хүртэл сунгасан болох нь 2016 оны 12 сарын 27-ны өдрийн Банкны баталгааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний болон 2018 оны 12 сарын 27-ны өдрийн Банкны баталгааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбараар тогтоогдож байна гэжээ. Гэтэл шүүхийн үнэлж буй 2018 оны 12 сарын 27-ны өдрийн Банкны баталгааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд миний хөрөнгийг хассан нь тогтоогдож байхад шүүх түүнийг анхаараагүй шийдвэрлэсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч Б.Ц хариуцагч Г Б ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 хороолол, 24 байр 01 тоот орон сууцыг барьцаа хөрөнгийг үүргийн гүйцэтгэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч, барьцааны эрх дуусгавар болоогүй учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 хороолол, 24 байр, 01 тоот/цаашид 01 тоот орон сууц гэх/ орон сууцны өмчлөгч болох нь 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, 000401998 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр А БХХК-д 01 тоот орон сууцыг үүргийн гүйцэтгэлд барьцаалах тухай итгэмжлэл олгож, улмаар А БХХК нь хариуцагч Г Б ХХК-тай 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ББГ141005220/BGNFL дугаар Банкны баталгааны гэрээ байгуулж, гэрээгээр хариуцагч Г Б ХХК нь Олон улсын агаарын тээврийн холбооны бичгээр тавьсан шаардлагаар А Б ХХК-ийн өмнөөс мөнгөн төлбөр төлөх үүрэг хүлээсэн байх ба хариуцагч нь баталгаа гаргах төлбөрийн хэмжээ 100 000 /нэг зуун мянга/ ам.доллар байхаар харилцан тохиролцож, уг гэрээний үүргийн гүйцэтгэлд дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдож байна.

Мөн А Б ХХК нь өөрийн нэрийг З Х Д ХХК болгон өөрчилж, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ББГ141005220/BGNFL-2 Баталгааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

Иймд З Х Д ХХК болон хариуцагч Г Б ХХК нарын хооронд Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1, Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан баталгааны болон барьцааны гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Дээрх гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сунгасан болох нь хэрэгт авагдсан банкны баталгааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүдийн хуулбараар тогтоогдож байх тул 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ББГ141005220/BGNFL дугаар Банкны баталгааны гэрээний хугацаа дуусгавар болоогүй байна.

Иймд шүүхээс Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г Б ХХК-иас Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 хороолол, 24 байр, 01 тоот орон сууцыг барьцаа хөрөнгийн үүргийн гүйцэтгэлээс чөлөөлүүлэх нэхэмжлэгч Б.Ц-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

Хэдийгээр нэхэмжлэгч тал үүргийн гүйцэтгэл дуусгавар болсон учраас барьцаа хөрөнгийг үүргийн гүйцэтгэлээс чөлөөлүүлнэ гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг няцааж, баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэгдсэн тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн         167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2019/01448 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

            ШҮҮГЧИД                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                   М.НАРАНЦЭЦЭГ