Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2016/00806

 

                                                                    Д.Долгормаагийн нэхэмжлэлтэй                                                                     иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/00985 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 767 дугаар магадлалтай,

Д.Долгормаагийн нэхэмжлэлтэй,

            М.Отгончимэгт холбогдох           

     Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага Тойруу, 20 дугаар байр, 49 тоот, 3 өрөө орон сууцны өргөтгөлийн 34.08 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгах, түрээсийн төлбөр 10.920.000 төгрөг гаргуулах, өөрийн өмчлөлийн хэсэгт ногдох түрээсийн орлогыг шаардан авах эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Э.Хашчулуун нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн        

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Долгормаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Давхарбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Хашчулуун, нарийн бичгийн дарга Б.Хүрэлтулга нар оролцов.

    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Миний төрсөн эгч Д.Махвалын хүү болох С.Мөнхтамга нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 20 дугаар байрны 49 тоотын 3 өрөө 44м2 талбайтай орон сууцыг 2001 онд худалдан авч эхнэр М.Отгончимэгийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тухайн үед уг байрыг худалдан авахад би өөрийн зүгээс зохих туслалцаа үзүүлсний үр дүнд уг байрыг худалдан авч чадсан. Анх авахад энэ байр гадагшаа гудамж руугаа хаалга гаргасан, үйлчилгээний зориулалттай байсан. Аваад бусдад түрээслүүлж байсан бөгөөд зэргэлдээ байх бусад байр өргөтгөл хийж эхэлсэн үед уг байрыг өргөтгөхөөр шийдэж өргөтгөлийн ажил хийгдсэн юм. Тус барилгын өргөтгөл хийх ажиллагаа, зардал бүгдийг би гаргасан. Би “Эко Констракшн” ХХК-тай хэлцэл хийж, тохирон 15.000.000 төгрөгийг төлж 48.07 м2-аар дээрх орон сууцны гадна хэсэгт өргөтгөл бариулсан. Орон сууцны гадна хэсэгт өөрчлөлт оруулсан учраас зөвшөөрөл авч газрын төлбөр төлөх ёстой. Иймээс би өөрийн хөрөнгөөр бариулсан өргөтгөлийн хэсгийн газрын төлбөрийг зохих ёсоор төлж ирсэн. 2007 оноос 2015 онуудад газрын төлбөрт нийтдээ 2.376.000 төгрөг төлсөн. Орон сууц М.Мөнхтамгын эхнэр М.Отгончимэгийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй учраас М.Отгончимэг нь бусадтай түрээсийн гэрээ байгуулдаг байсан. Харин cap бүрийн түрээсийн орлогоо тэнцүү хуваан 50 хувийг нь надад С.Мөнхтамгын дүү С.Отгонбаатар, түүний эхнэр Н.Сүрэнхорлоо нараар дамжуулан өгдөг байсан. Гэтэл 2014 оны 6 дугаар сараас хойш надад түрээсийн төлбөр өгөхөө больсон ба ямар шалтгаанаар өгөхөө больсныг асуухад шүүхдээд аваарай гэсэн. Уг байранд өргөтгөл хийснээс хойш түрээсийн талбайг 100 м.кв гэж заан гэрээ байгуулдаг, тэрхүү талбайн хэмжээгээр түрээсийн төлбөрийг тооцон авдаг. Өргөтгөл хийснээс эхлэн М.Отгончимэг 2014 оны 6 дугаар cap хүртэл миний өмчлөлийн хэсэгт оногдох төлбөр буюу түрээсийн орлогын 50 хувийг надад өгч байсан болон тухайн үл хөдлөх хөрөнгөнд хийгдсэн засвар, үйлчилгээний зардлыг бид хоёр талаасаа 50/50 хувиар хариуцан төлж байсан зэрэг нь Д.Долгормаа миний өмчлөх эрхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Газрын төлбөр, өргөтгөл бариулсан баримтуудаар энэ нь нотлогдоно. 2015 оны 3 дугаар сард шүүхэд энэ талаар нэхэмжлэл гаргасан ба намайг бүртгэлийн байгууллагад хандах ёстой гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилон өргөтгөлийн талбайн хэмжээг 48.7 м2 бус, 34.08 м2 болохыг 2015 оны 8 дугаар сард тогтоосон. Үүнийг харьцуулбал 60*40 буюу надад ногдох түрээсийн орлого 40 хувь болж байгаа юм. Тиймээс 2015 оны 9 дүгээр сараас эхлэн түрээсийн төлбөрийг хуучнаар 50 хувь биш 40 хувьд ногдох түрээсийн төлбөрийг шаардаж байгаа юм. Шүүгчийн захирамжид заасны дагуу бүртгэлийн байгууллагад хандсан боловч шүүхээр асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн. Иймд Д.Долгормаа намайг Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага Тойруу, 20 дугаар байр, 49 тоот, 3 өрөө орон сууцны өргөтгөлийн 34.08 метр квадрат талбайн өмчлөгчөөр тогтоож, өмчлөгчөөр бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгаж, М.Отгончимэгээс түрээсийн төлбөрт 10.920.000 төгрөг гаргуулан, цаашид өөрийн өмчлөлийн хэсэгт ногдох түрээсийн орлогыг шаардах, авах эрхтэй болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

           Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “М.Отгончимэг нь 2001 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 20 дугаар байрны 49 тоотод 3 өрөө, тухайн үедээ үйлчилгээний буюу зоогийн газрын зориулалттай байрыг өөрт байсан болон дүү н.Дашдондогийн хадгалуулсан 15.000.000 төгрөг, Зоос банкнаас авсан зээл 20.000.000 төгрөг, нийт 35.000.000 төгрөгөөр худалдан авч, улмаар уг үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн явуулж өр зээлээ даран өөрийн эзэмшилд бүрэн авсан. Уг байр нь хуучнаар ашигтай талбай 44 м2, одоогийнхоор 80 м2 орчим байр ба гал тогоо, коридороо нэгтгэн гал тогоогоо ажиллуулан, 3 өрөөгөө заалаар тохижуулан ажиллуулж байсан. Би эгч Д.Долгормаатай тохироод 2005 онд өргөтгөл бариулсан. Өргөтгөлийг "Эко Констракшн" ХХК барьсан. Хэдийгээр өргөтгөлийг 2.000.000 төгрөгөөс 3.000.000 төгрөгөөр барих бодит тооцоо бий ч Д.Долгормаа эгч өргөтгөлийг 15.000.000 төгрөгөөр бариулсан гэдгийг өмнөх шүүх хурал дээр ямар нэг маргаан гаргахгүйгээр зөвшөөрсөн. Энэ хугацаанд бид эгчид өөрийн нь зөвшөөрсөн болон бидний тооцоолсноор 80.000.000 орчим төгрөгийг өгсөн. 2014 он, 2015 онд өөр өмч хөрөнгийн талаарх маргааныг эгч Д.Долгормаа гаргасан ба энэ асуудлыг шүүх үнэн зөвөөр шийдэж өгсөн. Энэ үеэс бидэнд өөрийн өмч хөрөнгөө бүрэн дүүрэн захиран зарцуулах шаардлага гарч ирсэн ба бид эгч Д.Долгормааг ямар нэгэн байдлаар хохироогоогүй. М.Отгончимэгийн эд хөрөнгө өмчлөх эрх зөрчигдөж байгаа тул энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү.” гэжээ.

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/00985 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.2, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Долгормааг Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага Тойруу, 20 дугаар байр, 49 тоот, 3 өрөө орон сууцны гадна өргөтгөлийн хэсгийн 34.08 метр квадрат талбайн өмчлөгчөөр тогтоож, өмчлөгчөөр бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгаж, хариуцагч М.Отгончимэгээс түрээсийн төлбөрт 10.920.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Долгормаад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас өөрийн өмчлөлийн хэсэгт ногдох түрээсийн орлогыг шаардах, авах эрхтэй болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Долгормаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259.870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Отгончимэгээс 259.870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Долгормаад олгож шийдвэрлэжээ.

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 767 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/00985 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4, 106 дугаар зүйлийн 106.2, 227 дугаар зүйлийн 227.3-т...” гэснийг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 108 дугаар зүйлийн 108.5 дахь хэсэгт зааснаар...” гэж өөрчлөх, шийдвэрийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Долгормаагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259.870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Отгончимэгээс 294.970 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 180.000 төгрөг гаргуулан “Ю-Би Пропертиз” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Э.Хашчулуун нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Иргэн Д.Долгормаа нь миний үйлчлүүлэгч М.Отгончимэгт холбогдуулан “Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн 20 дугаар байрны 49 тоотын гурван өрөө орон сууцны өргөтгөл болох 34,08 м.кв ашигтай талбай бүхий хэсэг нь Д.Долгормаагийн өмч болохыг тогтоолгох, Улсын бүртгэлийн газарт өмчлөгчөөр Д.Долгормааг бүртгэхийг даалгах, түрээсийн төлбөрт 10.920.000 төгрөгийг гаргуулах, өөрийн өмчлөлийн хэсэгт оногдох түрээсийн орлогыг шаардах, авах эрхтэй болохыг тогтоолгох" шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/000985 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 сарын 21-ний өдрийн 767 дугаар магадлалаар нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэснийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: М.Отгончимэг нь Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 20 дугаар байр, 49 тоот 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч юм. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгө нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дангаар өмчлөх өмчлөлийн талбай бөгөөд орон сууцны зориулалттай эд хөрөнгө юм. М.Отгончимэг нь энэхүү орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авах үед өмнөх өмчлөгч тухайн орон сууцанд гадагш гарсан хаалга гарган үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан, хариуцагч нь уг зориулалтаар цаашид өмчилж байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч энэ талаар маргаж байгаагүй. Нэхэмжлэгч Д.Долгормаа нь хариуцагч М.Отгонцэцэгийн зөвшөөрлөөр 2006 онд уг орон сууцанд өргөтгөл барьсан бөгөөд ингэхдээ өөрийн эзэмшлийн бус газар дээр Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг зөрчин өргөтгөл барьсан. Өргөтгөл барих үедээ уг эд хөрөнгийг бусдад түрээслүүлэн түрээсийн ашгаас хүртэх үндсэн хүсэл зорилготой байсан бөгөөд өргөтгөлийн цахилгаан, дулаан зэрэг ашиглалтын зардлыг огт төлж байгаагүй, 10 гаруй жилийн хугацаанд нэг ч удаа засвар хийж байгаагүй, гуравдагч этгээдэд түрээслэх харилцаанд огт оролцдоггүй зөвхөн түрээсийн төлбөр авдаг, уг өргөтгөлийг эзэмшдэггүй, ашигладаггүй, түлхүүр нь байдаггүй, тэнд амьдардаггүй. Талуудын хооронд өргөтгөл барих, ашиг хүртэх харилцааг бичгээр гэрээ хэлцэл байгуулагдаагүй ч шүүхэд гаргасан тайлбаруудаас харвал Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2-т заасны дагуу “Хамтран ажиллах гэрээ”-г амаар байгуулсан байх боломжтой байна. Ийнхүү тохиролцохдоо өргөтгөлийг Д.Долгормаа барих, цаашид түрээсийн төлбөрөөс зохих хувь хүртэхээр тохиролцсон боловч Д.Долгормаа нь орон сууцыг өргөтгөлийн хамт хамтран өмчлөх эсэх, уг хамтын ажиллагаа нь хэзээ дуусгавар болох зэргийг огт тохиролцоогүй нь тохиролцоон дахь дутагдлын (диссенс) шинжтэй байна. Энэ тохиолдолд шүүх өргөтгөл барих болсон үндсэн нөхцөл буюу 49 тоот 3 өрөө орон сууцыг хэн өмчилдөг, хэний ямар зөвшөөрлөөр өргөтгөл баригдсан, өргөтгөл нь нийтийн зориулалттай орон сууцны байшингаас салгаж болох эд хөрөнгө эсэх, нэхэмжлэгчийг сууц өмчлөгч гэж үзэх боломжтой эсэх, уг өргөтгөлийн доорхи газар нь нэхэмжлэгчийн эзэмшлийн бус Чингэлтэй дүүргийн эзэмшлийн газар гэдгийг, уг өргөтгөл нь өөрийн гэсэн цахилгаан болон сантехникийн дэд бүтэцгүй, 00 өрөөгүй зэргээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн мэдүүлгэд заагдсан шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодруулж дүгнэлт хийх ёстой. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлоогүй, гэрээ байгуулагдсан гэж үзэх эсэхийг дүгнээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байна уу. Гэрээний бус үүргийн гүйцэтгэлийг шаардаж байна уу гэдгийг шаардлага тус бүрээр оновчтой дүгнэлт хийгээгүй байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг өмчлөгч гэж үзэн шууд Иргэний хуулийн иргэний эрхийг хамгаалах аргыг (9.4.2) 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай хамтатган хэрэглэсэн бол давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 108 дугаар зүйлд заасан хамтран өмчлөх дундын өмч гэж үзсэн нь дэндүү явцуу ойлгомжгүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна. Өргөтгөл нь 3 өрөө орон сууцны хамт дундын өмч мөн үү. Нэхэмжлэгч хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй дүгнэлт хийсэн байна. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Нэхэмжлэгч Д.Долгормаагийн “Улсын бүртгэлийн газарт өмчлөгчөөр бүртгэхийг даалгах” тухай шаардлагыг Улсын бүртгэлийн газар биш миний үйлчлүүлэгч иргэн М.Отгончимэг хариуцаад нэхэмжлэлийн шаардлага хангагдаж шийдэгдэж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн газарт бүртгэл хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Чингэлтэй дүүргийн харьяа Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст хандсан байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу, 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 17 өдрийн 37086 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байна. Гэтэл шүүх уг захирамжид заасан шүүхээр гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал нөхцөл арилаагүй байхад иргэний хэрэг үүсгэн хэргийг шийдвэрлэсэн байна. Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д өмчлөгчөөр бүртгүүлэх мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах 9 төрлийн урьдчилсан нөхцлийг хуульчилсан байх бөгөөд 14.2-т “Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэж заасан. Шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоолгох шаардлагатай гэсэн үндэслэл нь уг хуулийн 14.1-д заасан үндэслэлүүдэд хамаарахгүй байна. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтад энэ хуулийн 14.1-д заасан үндэслэл илэрвэл улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамтаар мэдүүлэг гаргагчид буцаана.", 15.5-д "Мэдүүлэг гаргагч нь энэ хуулийн 15.4-т заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл ерөнхий бүртгэгчид, түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүнд, тэдгээрийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх боломжтой, энэ нөхцөл арилаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон журмыг илт зөрчсөн байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

           Нэхэмжлэгч Д.Долгормаа нь хариуцагч М.Отгончимэгт холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага Тойруу, 20 дугаар байр, 49 тоот, 3 өрөө орон сууцны өргөтгөлийн 34.08 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгах, түрээсийн төлбөр 10.920.000 төгрөг гаргуулах, өөрийн өмчлөлийн хэсэгт ногдох түрээсийн орлогыг шаардан авах эрхтэй болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

         Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагчийн өмчлөлийн орон сууцны зориулалттай байр болон өргөтгөлийг  нэхэмжлэгч Д.Долгормаа нь хариуцагчийн хамт бусдад түрээслэн, ашиг орлогыг талууд тэнцүү хэмжээгээр хуваан авч байсан, шинжээчийн тогтоосон 34,08 м.кв талбай бүхий өргөтгөл байгаа газрын төлбөрийг нэхэмжлэгч төлсөн, түрээсийн зүйлийн урсгал засвар, үйлчилгээний зардлыг талууд тэнцүү хариуцаж байсныг хариуцагч үгүйсгээгүй, 2014 оны 6 дугаар сараас хойш хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн орлогоос өгөөгүй зэрэг үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч Д.Долгормаагийн хариуцагч М.Отгончимэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Зохигчдын хооронд үүссэн маргааны зүйл болж буй хөрөнгө бий болсон үндэслэл, талуудын тохиролцоо тодорхой бус, нэхэмжлэгч нь 3 өрөө орон сууцанд байсан өргөтгөлийг засан сайжруулахад оруулсан хөрөнгө оруулалтдаа ногдох хэсгийг хариуцагчаас шаардсан, эсхүл энэ сууцанд шинээр хийсэн өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоолгох гэж байгаа нь ойлгомжгүй, уг өргөтгөлийг хариуцагчийн өмчлөлийн 3 өрөө орон сууцнаас тусад нь улсын бүртгэлд бүртгэх боломжтой эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх тул хяналтын шатны шүүхээс маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Э.Хашчулуун нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:        

         1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/00985 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 767 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч М.Отгончимэгийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 294.970 /хоёр зуун ерэн дөрвөн мянга есөн зуун далан/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

                                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Х.СОНИНБАЯР

                                                   ШҮҮГЧ                                                      Д.ЦОЛМОН