Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 487

 

Б.С, Л.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 34 дүгээр магадлалтай, Б.С, Л.Н нарт холбогдох 1838000000040 дугаартай эрүүгийн хэргийг Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Амартүвшингийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Онход овогт Б.С нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Хөх чоно овогт Л.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.С-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, Л.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Л.Н-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Б.С-т Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д заасныг баримтлан шүүгдэгч Л.Н-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Амартүвшин бичсэн эсэргүүцэлдээ: “... Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна... Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт, учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж тодорхойлсон байх ба Б.Сын үйлдэлд дээрх шинжүүд байдаг нь гэрч, хохирогчийн мэдүүлэгт дурдагдсан. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь ойлгомжгүй бөгөөд хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Прокурорын эсэргүүцлийг дэмжихгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг буруу шийдвэрлэсэн. Хэргийн зүйлчлэл шүүгдэгч нарын үйлдэлд тохирохгүй байна. Давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүгдэгч Б.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд Л.Нын үйлдэлд аргагүй хамгаалалтын шинж тогтоогдоогүйн дээр түүний үйлдэл гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байх тул хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Амартүвшингийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.С, Л.Н нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Хөвсгөл аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.С-ыг өөрийн эхнэр Л.Н-ыг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар, шүүгдэгч Л.Н-ыг өөрийн нөхөр Б.С-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Давж заалдах шатны шүүхээс “шүүгдэгч Б.С-ын үйлдэлд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинж тогтоогдоогүй, мөн шүүгдэгч Л.Н нь хохирогч Б.С-ын хууль бус довтолгооны эсрэг хийгдсэн аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн” гэж үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.С, Л.Н нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн бие махбодид байнгын бус тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйлдэл бүрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангажээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 34 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Амартүвшингийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                   ДАРГАЛАГЧ                                        Б.ЦОГТ

                                   ШҮҮГЧ                                                 С.БАТДЭЛГЭР

                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН