Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2017/0512/З/ |
Дугаар | 193 |
Огноо | 2018-04-25 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 193
“Б” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын
хэлтсийн татварын улсын байцаагч Л.Н, Р.Д нарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Л.Атарцэцэг
Шүүгчид: Х.Батсүрэн
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Н, Р.Д нарын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 210022... дугаар актыг хүчингүй болгуулах тухай.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0906 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0176 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Хариуцагч Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Н, Р.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нар,
Хариуцагч Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Н-ийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0906 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг тус тус үндэслэн “Б” ХК-ийн гаргасан “Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Н, Р.Д нарын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 210022... дугаар актыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0176 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0906 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.4-т заасныг тус тус баримтлан “Б” ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын улсын байцаагч Л.Н, Р.Д нарын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 210022... дугаар актаар тогтоосон нөхөн татварыг 315,842.1 мянган төгрөг болгон багасгасугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Хариуцагч Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Аливаа татварын ногдол нэгдүгээрт байцаагчийн акт үйлдэгдсэнээр, хоёрдугаарт татвар төлөгч өөрөө тайлагнаснаар үүсдэг. Энэ тохиолдолд 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 210022518 тоот байцаагчийн актаар нийт 7,498,421,600 төгрөгийн зөрчилд 749,842,160 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн ногдуулснаас 2013 онд төлсөн 434,530,000 төгрөг хасагдаж, 315,312,160 төгрөгийн татвар төлөгдөөгүй үлдэнэ. Харин татвар төлөгч өөрөө 2013 онд тайландаа хий падаан бичүүлэн авч 7,498,421,600 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр тайлагнасны улмаас улсад төлөх татвараа 749,842,160 төгрөгөөр бууруулж тооцсон. Шалгалтаар энэ зөрчил илэрч байцаагчийн дүгнэлт бичигдэж процессын ажиллагаанууд явагдсан юм.
4. 2013 онд төлсөн 434,530,000.00 төгрөгийн нөхөн татвар Татварын ерөнхий газрын тусгай дансанд төвлөрч байцаагчийн актын ногдол програмд шивэгдэж ороход хаагдахаар хүлээгдэж байгаа. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр болох төлөгдөөгүй үлдсэн 315,312,160 төгрөгийн хэмжээгээр акт үйлдсэн тохиолдолд тус компани 2013 онд төлсөн 434,530,000.00 төгрөгийн төлбөрөө буцаан авах байдал үүсэх тул давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь өрөөсгөл ойлголт бөгөөд хууль татвар төлөгч бүрт ижил, тэгш үйлчлэх ёстой гэсэн шударга зарчим алдагдаж байна.
5. Иймд тус компанитай холбоотой 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 210022518 дугаар актаар тогтоосон 749,842,160 төгрөгийн нөхөн татварыг 315,842,160.0 төгрөг болгон багасгаж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0176 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0906 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
6. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
7. Татварын улсын байцаагч Л.Н, Р.Д нар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаар тогтоол, эрх бүхий этгээдээс олгосон хяналт шалгалт хийх томилолтын дагуу “...“Б” ХК-ийн 2010, 2011 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг 2012 онд шалгаж, илрүүлсэн зөрчилд бичигдсэн татварын улсын байцаагчийн 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 980... дугаар дүгнэлт”-ийн хүрээнд хэсэгчилсэн шалгалт хийж, Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасныг үндэслэн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 210022... дугаар актаар “нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хуурамчаар бичүүлэн авч, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч төлөх татвараа санаатайгаар бууруулсан” гэх 7,498,421.6 мянган төгрөгийн зөрчилд 749,842.2 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн ногдуулжээ.
8. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, “Б” ХК-ийн 2010, 2011 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдлыг Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч О.Б, Л.М нар 2012 онд шалгаж нийт 36,495,556.9 мянган төгрөгийн зөрчил илрүүлсэнээс 26,375,114.3 мянган төгрөгийн зөрчлийг эрүүгийн журмаар шалгуулахаар 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 980... дугаар дүгнэлт бичсэн, Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Б” ХК-ийн захирал Ш.Э-г Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, “нэр бүхий компаниудын нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр 7,498,421.6 мянган төгрөгийн хий бичилт хийлгэн авч ашиглаж 749,842.2 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн” гэмт хэрэг үйлдсэнийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоож, улмаар “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирлын зарим хэсгийг төлсөн” зэргийг үндэслэн холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгох саналыг прокурорт хүргүүлсэн, Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаар тогтоолоор Ш.Э-д холбогдох уг хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон ба Ш.Эрдэнэбат нь мөрдөн байцаалтын шатанд хохирлын 434,530.0 мянган төгрөг нөхөн төлсөн байна.
9. Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2-т “татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу ногдох татварыг тодорхойлох, эд хөрөнгө битүүмжлэх, холбогдох хуульд заасан хариуцлага оногдуулахад акт үйлдэх”-ээр, 33 дугаар зүйлийн 33.2.6-д “татварын алба нь татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичих”-ээр зааснаас үзэхэд татвар төлөгчийн хууль зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт үйлдэл, эс үйлдэхүй байхаар хуульчилж заасан нөхцөлд захиргааны зөрчил нэгэн зэрэг байх үндэсгүй учир “татварын нэг зөрчил”-д давхардуулан акт, дүгнэлт бичих хууль зүйн боломжгүй.
10. Тухайн тохиолдолд, “Б” ХК-ийн захирал Ш.Э нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн” тул мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байсан эрүүгийн хэргийг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хэрэгсэхгүй болгосон ба уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “...ялаас өршөөн хэлтрүүлэх, ...эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй...” гэж заасныг баримтлан татварын улсын байцаагч Л.Н, Р.Д нар нь дахин хяналт шалгалт хийлгүйгээр 2012 оны 980... дугаар улсын байцаагчийн “дүгнэлт” гаргах үндэслэл болсон баримтууд дээр тулгуурлан, Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” /энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ гэсэн үндэслэлээр 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 210022... дугаар актыг бичсэн байна.
11. Иймд, уг “акт”-ыг бичсэн зорилго нь “өршөөлд” хамрагдсан этгээдийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхэд чиглэгдэж, шинээр зөрчил буюу “ногдуулж төлөөгүй татвар”-ыг илрүүлээгүй тул хариуцагч Л.Н-ийн “...актаар 7,498,421.6 мянган төгрөгийн зөрчилд 749,842,2 мянган төгрөгийн татвар нөхөн ногдуулсан,... 2013 онд төлсөн 434,530.0 мянган төгрөгийн татвар ...тусгай дансанд төвлөрч актны ногдол программд шивэгдэж ороход хаагдахаар хүлээгдэж байгаа, ...төлөгдөөгүй үлдсэн 315,312.1 мянган төгрөгийн хэмжээгээр акт үйлдсэн тохиолдолд тус компани 2013 онд төлсөн 434,530.0 мянган төгрөгийн төлбөрөө буцаан авах байдал үүснэ, ...хууль татвар төлөгч бүрт ижил, тэгш үйлчлэх ёстой гэсэн шударга зарчим алдагдаж байна” гэх гомдол үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэхээр хяналтын журмаар гаргасан уг гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0176 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ