Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/00507

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч дүүрэгт оршин суух, У хуулар овогт Б.Т /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэгт байрлах, Э ХХК /РД:********/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10 832 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Т*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранзул нар оролцов.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч товлон зарласан шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйгээр шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Т******* нь хариуцагч Э******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10 832 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Б.Т******* миний бие 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Э******* ХХК-тай аман хэлцэл хийж хонины ястай махыг 1 кг-ийг нь 9 500 төгрөгөөр бодож 1 тонн 296 кг мах нийлүүлсэн. Махны нийт үнийн дүн 12 321 000 төгрөг болсон ба тус компани нь 7 хоногийн дотор төлж барагдуулна гэсэн тул дахин мах нийлүүлэх аман хэлцэл хийж Э******* ХХК нь зарлагын баримт үйлдэж надад өгсөн. Энх М******* ХХК нь 2021 оны 08 сард миний эзэмшлийн 5899******* данс руу 1 000 000 төгрөг 2021 оны 09 сарын эхээр бэлэн 480 000 төгрөг, нийт 1 480 000 төгрөг өгсөн. Үүнээс хйш Э******* ХХК-ийн худалддан авсан махны мөнгөнөөс нэг ч төгрөг өгөөгүй 10 832 000 төгрөгийн үйлдэгдэлтэй өнөөг хүртэл хүрч байна. Б.Т******* миний бие Э******* ХХК-ийн захирал Т.Э******* руу удаа дараа мөнгөө өгөхийг шаардсан боловч Т.Э******* удахгүй өгнө итгээрэй, түр хүлээж бай гэх мэт янз бүрийн шалтаг хэлж сүүлдээ утсаа авахгүй надаас зугтаах болсон тул миний бие аргагүйд хүрч тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.  Иймд хариуцагч Э******* ХХК-иас худалдан авсан махны мөнгөний үлдэгдэл 10 832 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний бие 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр нийт 12 312 000 төгрөгний махыг хариуцагч Э******* ХХК-нд аваачиж өгсөн юм. Тухайн үед махыг шалгаад хүлээгээд авчихсан. Тэгээд 800 000 төгрөгийг бэлнээр өгөөд, дансаар бас шилжүүлсэн, 400 000 орчим төгрөг бэлнээр авсан. Тэгээд үлдэгдэл мөнгө болох  10 832 000 төгрөгийг өгөхгүй, удахгүй гэчихээд алга болсон. Утсаа авахаа байгаад мөнгө авах гээд очихоор алга болчихсон, дарга цэрэг нь солигдсон хүлээж бай гээд байсан. Тэгээд би аргаа ядаад цагдаад хандсан, цагдаа нь прокурорт шилжүүлээд иргэний журмаар шийд гэсэн. Э******* ХХК дээр очоод уулзахаар эзэн нь солигдсон манайх хариуцахгүй гээд байгаа. Би тухайн хүнтэй нь биш компанид нь махаа хүлээлгэн өгсөн. Тиймээс компаниас нь нэхэмжилж байгаа. Тэр буцаан шилжүүлсэн гээд байгаа 1 000 000 төгрөг бол зээлсэн мөнгөө Т.Э******* ньь буцааж өгсөн юм, махны үнэд бол 1 480 000 төгрөгийг л төлсөн гэв.

 

2.Хариуцагчийн төлөөлөгч Б.Т******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.Т*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Энэхүү зээлийг тухайн үед Т.Э******* авч үйл ажиллагаандаа ашигласан тул одоогийн Э******* ХХК-тай хама*******гүй гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 331 тоот албан бичиг, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 5/1050 тоот албан бичиг, 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Зарлагын баримт, зарлагын баримт  /хэргийн 3-6, 11-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар,

/хэргийн 13, 18-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

            Шүүхээс Г-4359 дугаартай хэрэг бүртгэлийн талаарх лавлагаа, холбогдох баримтуудыг /хэргийн 25-40-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Т*******ийн нэхэмжлэлээс 9 832 000 төгрөгийг хангаж, үлдэх 1 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Б.Т******* нь хариуцагч Э******* ХХК-тай харилцан тохиролцож 1 тн 296 кг нийт 12 312 000 төгрөгний хонины ястай мах нийлүүлсэн боловч 2021 оны 8 сард 1 000 000 төгрөг, 2021 оны 9 сард 480 000 төгрөгийг төлж, үлдэх 10 832 000 төгрөгийг төлөөгүй тул худалдан авсан махны үнэ 10 832 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Т******* нь компанийн захирлаар ажиллаж Т.Э*******тай харилцан тохиролцсон, уг махыг Т.Э******* хүлээн авч үйл ажиллагаандаа ашигласан тул компани хариуцахгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Нэхэмжлэгч Б.Т******* нь хариуцагч Э******* ХХК-нд 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 1,296 кг, ястай махыг 9 500 төгрөгөөр тооцож, нийт 12 312 000 төгрөгөөр нийлүүлсэн болох нь хэрэгт авагдсан Э******* ХХК-ийн зарлагын баримт, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 5/1050 дугаартай хариу мэдэгдэх хуудас, нэхэмжлэгчийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус тогтоогдож байна.

 

5.Талууд мах хүлээн авсан талаар маргаагүй боловч уг махыг компани хүлээн аваагүй, захирлаар ажиллаж байсан Т.Э******* авсан гэж маргаж байна.

5.1.Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчээс компани мах хүлээн аваагүй гэж маргадаг боловч зарлагын баримтад Э******* ХХК-нд хүлээлгэн өгсөн, хүлээн авсан гэсэн байх бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Зарлагын баримтад Э******* ХХК, шалгасан нягтлан бодогч С.Ж******* гэж гарын үсэг зурсан, 667******* дугаартай Э******* ХХК-ийн тамга дарагдсан, нэхэмжлэгчийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2021.7.22-нд 250 000 төгрөгийг “Э******* ”, 2021.7.27-нд 1 000 000 төгрөгийг “Э******* ХХК махны мөнгө”, 2021.7.28-нд 1 000 000 төгрөгийг “Э******* ХХК” гэсэн гүйлгээний утгатайгаар тус тус шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч Б.Т******* болон хариуцагч Э******* ХХК-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

7.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийг буюу хүлээлгэн өгсөн махны үнийг шаардах эрхтэй.

 

7.1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар хариуцагч нь махны үнэ болох 12 312 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй, худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь махны үнийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.

 

7.2.Нэхэмжлэгч нь хариуцагч Э******* ХХК нь хүлээлгэн өгсөн махны үнэ болох 12 312 000 төгрөгнөөс 2021 оны 8 сард 1 000 000 төгрөг, 2021 оны 9 сард 480 000 төгрөг, нийт 1 480 000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл төлбөр болох 10 832 000 төгрөгийг гаргуулна гэсэн.  

7.3.Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б.Т*******ийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2021 оны 7 дугаар сарын 22-нд 250 000 төгрөгийг “Э******* ”, 2021 оны 7 дугаар сарын 27-нд 1 000 000 төгрөгийг “Э******* ХХК махны мөнгө”, 2021 оны 7 дугаар сарын 28-нд 1 000 000 төгрөгийг “Э******* ХХК”  гэсэн гүйлгээний утгатайгаар тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь дансны хуулгаар болон бэлнээр нийт 1 480 000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан, дансаар шилжүүлсэн 1 000 000 төгрөгийг Т.Э******* зээлсэн мөнгөнд буцаан төлсөн гэсэн боловч баримтаар тогтоогдохгүй “Э******* ХХК” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжин орсон байх тул хариуцагчийг махны үнэд нийт 2 480 000 төгрөгийг төлсөн байна гэж дүгнэв.

7.4.Иймд хариуцагч Э******* ХХК-иас махны үнэд 9 832 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. /12 312 000-2 480 000=9 832 000/

7.5.Нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөр нь 10 832 000 төгрөг болох нь хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсаар нотлогдоно уг баримтад үлдэх төлбөрийг “...10 832 000 төгрөгийг өгөөгүй байгаа болох нь тогтоогдсон байна” гэж дүгнэсэн гэж маргасан боловч түүний хэрэгт авагдсан дансны хуулга, тайлбараар хариуцагчаас нийт 2 480 000 төгрөгийг махны үнэд төлсөн гэж дүгнэсэн болно.

 

8.Хариуцагч Э******* ХХК-ийн төлөөлөгч Б.Т******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” бөгөөд нэхэмжлэлийг гардан авч эрх үүрэгтэйгээ танилцаж баримтад гарын үсгээ зурсан боловч татгалзлын үндэслэл нотлох баримтаа хуульд заасан хугацааны дотор ирүүлээгүй, хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлээгүй хуульд заасан үүргээ биелүүлээгүй болно.

Мөн товлон зарласан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар нэхэмжлэгч Э.Т*******ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188 262 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 172 262 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Т*******од олгох нь хуульд нийцнэ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э******* ХХК-иас махны үнэд 9 832 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Т*******ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188 262 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 172 262 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Т*******од олгосугай.

 

   3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ХУЛАН