Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2024/00440

 

                  

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б дүүрэгт тоотод оршин суух, Т овогт М.Т /РД:********/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэгт оршин суух, Б овогт Т.Д  /РД:*********/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 87 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.С*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранзул нар оролцов. Хариуцагч Т.Д******* нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас буюу өвчний учир оролцох боломжгүй талаараа хүсэлт ирүүлсэн тул зохигч талуудын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.Т******* нь хариуцагч Т.Д*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 87 750 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Хариуцагч Т.Д******* нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр надаас 45 000 000 төгрөгийг зээлэхээр хүсэлт гаргасан. Т.Д*******гийн хүсэлтийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 45 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр дууссан бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт нэг ч төгрөг төлөөгүй. Зээлийн гэрээний 3.7-д “Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар зээлдүүлэгч талд алданги төлнө” гэж заасан. Зээлийн гэрээний үндсэн төлбөр 45 000 000 төгрөг, 6 сарын хүү 6 x 2.250.000=13 500 000 төгрөг, нийт гүйцэтгээгүй үүрэг 58 500 000 төгрөг болсон. Үүнээс алданги тооцоход нэг өдрийн 292 500 төгрөгийн алданги шаардах эрхтэй байна. Нийт алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасанд нийцүүлэн алдангид 29 250 000 төгрөг, зээлийн гэрээний үндсэн үүрэгт 58 500 000 төгрөг, нийт 87 750 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Т.Д*******гээс зээлийн гэрээний үүрэгт 87 750 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн. 

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Талууд 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу үндсэн зээл 45 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ зээлийн гэрээ нь 6 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй байсан, энэ дээр нэг сарын хүү 2 250 000 төгрөг 6 сараар бодохоор 13 500 000 төгрөгийн хүү нэхэмжилж байгаа нийт 58 500 000 төгрөг гэрээний дагуу 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс буюу 6 сарын алданги 0,5 хувиар тооцож 1 хоногийн 292 500 000 төгрөг болсон. Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас илүү гарсан байгаа тул хуульд нийцүүлээд 29 250 000 төгрөгийн алданги тооцож нийт 87 750 000 төгрөг нэхэмжилж байна. Иргэний хуулийн 281.1, 232.4-т зааснаар нэхэмжилж байна. Хариуцагч нь мөнгө зээлээд хохирч байна гээд байна. Гэтэл тухайн үеийн мөнгөний ханш одоо үеийн мөнгөний ханш ялгаатай, илүү хохирч байгаа хүн нь нэхэмжлэгч М.Т*******. Нэхэмжлэгч нь хариуцагч Т.Д*******д олон удаа зээл олгож байсан ч Т.Д******* төлж байгаагүй. Зээлийн зориулалтаа гэрээнд тусгаж өгөөгүй, хариуцагч нь гадагшаа юм захисан гэсэн баримт хэрэгт байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү. Хариуцагчийн гадагшаа гүйлгээ хийсэн бараа саатсан гэдэг байдлаар хүү алданги зөвшөөрөхгүй байгаа нь хариуцагч хариу тайлбараа нотлох үүрэгтэй ч нотлох баримт байхгүй байна. Уг тайлбараа нэхэмжлэлийг шүүхээс гардан аваад л хэлж байсан, гэтэл одоо хурал хүртэл баримт ч өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө  үү, нэхэмжлэгч мөнгөө буцаан авч чадахгүй мөн л хохирч байна гэв.

 

2.Хариуцагч Т.Д******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие худалдааны төвд олон жил тогтвортой борлуулалт хийж ирсэн бөгөөд 2020 оны 03 дугаар сараас эхлэн дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид-19 манай улсад дэгдэн, Монгол улсын Засгийн газрын болон Улсын онцгой комиссын удаа дараагийн тогтоол шийдвэрээр тодорхой хязгаарлалт, хөл хорио тавьсантай холбоотойгоор миний хувийн бизнес зогсонги байдалд орж эхэлсэн боловч, ийнхүү улам хатуу хязгаарлалт тавигдана, улсын хил бүрэн хаагдана гэдгийг огт мэдэхгүй байсны улмаас шинэ жилийн бараа захиалах зорилгоор М.Т*******гаас санал тавьсаны дагуу 45 000 000 төгрөгийг зээлж авсан. Гэтэл хэдхэн хоногийн дараа Монгол Улсын Засгийн газрын болон Улсын Онцгой Комиссын шийдвэрээр хөл хорио тогтоон, улсын хил бүрэн хаагдан, тээвэрлэлт саатан, захиалсан барааг хүлээн авч чадахгүй болж, миний бие 100 хувь алдагдал хүлээсэн бөгөөд энэхүү хохирол алдагдлын талаар нэхэмжлэгч М.Т******* байнга тодорхой мэдээлэлтэй байсан. Ийнхүү улсын хил бүрэн хаагдан, 100 хувь бүрэн алдагдал хүлээн, худалдаа арилжаа бүрэн зогссон талаар нэхэмжлэгч М.Т*******д тайлбарлан хэлж, тодорхой хэмжээний төлбөрийг төлөн, өрийн асуудлыг зохицон шийдвэрлэх талаар санал хэлсэн боловч нэхэмжлэгч М.Т******* энэ саналыг хүлээн авахаас эрс татгалзан, заавал мөнгийг 100 хувь бүрэн буцааж авна гэж шаардсанаар, ийнхүү төлбөр маш өндөр дүнтэй болж өнөөдрийг хүрсэн билээ. Иймд 2020 оноос 2023 он хүртэлх хугацаанд улс орон даяар бий болсон хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан, хөнгөлөлт болон хугацаа олгон нэхэмжлэлийг шийдвэрлэж тусална уу хэмээн энэхүү хариу тайлбарыг гаргаж байна гэжээ.

2.1.Хариуцагчийн өмгөөлөгч Б.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч нар нь бие биеэ сайн мэднэ. Бараа бүтээгдэхүүн татсан тухайгаа ч хэлэлцэж ярилцсан, мэдэж байсан. Гаднаас бараа захиалсан гэдэг нь худлаа гэж байгаа бол цар тахлын үед Монгол улсын засгийн газар цахим гэрээ, цахим гүйлгээ зэрэг баримтыг гаргаж, энэ талаар мэдэж байгаа гэрчийг оролцуулж ч болно. Мэтгэлцэх боломжоор хангаж өгнө үү. Хүүгийн дээд хэмжээг хязгаарлах зохицуулалтын талаар нэгэн улсын их хурлын гишүүн санаачилсан, ярьсан. Хэт өндөр хүү олж байна далд эдийн засаг бий болж байна гэдэг агуулгаар ярьсан. Мөнгөн зээлийн хүүгийн хэмжээг зохицуулах хууль санаачилж тэр хууль нь 2023 оноос хэрэгжиж эхэлсэн. 45 000 000 төгрөгийн хүү нь 20 000 000 орчим сая төгрөгийн хүү тооцсон. Дээр нь алданги гэж тооцоод 50 хувь нэмэгдээд 80 орчим сая төгрөг болж байгаа. Энэ нь өөрөө зүй бус зүйл юм байна гэсэн агуулга. Төлөхгүй гээгүй тодорхой хэмжээнд төлье гэсэн. Гэхдээ ийм хүндрэл бий болсон гэдгээ маргаан шүүхэд ирэхээс өмнө нэхэмжлэгч талд хэлж байсан. Хариуцагч нь аргагүй байдлаас ийм байдалд орсон гэдгийг нотлох бололцоог хангаж асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Үүргээ биелүүлээгүй нь хариуцагчаас өөрөөс нь хамааралгүй үүнийг нотлох боломжтой, Засгийн газрын тогтоолууд нь нээлттэй байгаа. 45 000 000 төгрөг зээлсэн хугацаанд бүхий л үйл ажиллагаа таг зогссон байсан. Алданги тооцсон нь хариуцагчийн буруугаас үйл ажиллагаа нь зогсоогүй байхад л тооцоод яваад байсан. Хувийн байгууллагууд ашиг олох боломжгүй байсан. Нийлүүлэгч талаас хүртэл бараа худалдан авсан баримт гаргаж өгч болно. Угаасаа хүндрэлтэй нөхцөл байдал байсан учраас нотлох баримт гаргаж өгөх гэж хичээгээгүй. Эвлэрчих байх гэж бодсон, гэтэл эвлэрэхгүй байгаа учраас баримтуудыг гаргаж өгч болно. Мөн хэт өндөр хүүтэй байгаа, хүү, алдангийг зөвшөөрөхгүй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Зээлийн гэрээ, Т.Д*******гийн хүсэлт, шилжүүлгийн баримт, Т.А*******т олгосон итгэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-6, 32-34-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хариу тайлбар, Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 238 дугаар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоол, 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102 дугаар Монгол улсын Засгийн газрын Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоол, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн байдлаар шилжүүлэх тухай тогтоол, Улсын онцгой комиссын 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дүгээр Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол, Б.С*******тэй байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,  2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар Монгол улсын Засгийн газрын Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн тухай тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 238 дугаар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 385 дугаар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоол, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн танилцуулга /хэргийн 15, 35-42, 50, 55-59-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч М.Т******* нь хариуцагч Т.Д*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 73 125 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 14 625 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Т.Д*******г зээлийн гэрээний үүргээ зөрчиж, гэрээнд заасан хугацаандаа төлж барагдуулаагүй тул үндсэн зээл 45 000 000 төгрөг, ашигласан хугацааны хүү 13 500 000 төгрөг, алданги 29 250 000 төгрөг, нийт 87 750 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлсон. 

 

3.Хариуцагч нь нэхэмжлэгч М.Т*******тай зээлийн гэрээ байгуулсан, үүргээ хугацаандаа гүйцэтгэх байсан боловч Ковид19 цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогссон тул зээлийн эргэн төлөлтийг төлөх боломжгүй байсан, мөн хүү хэт өндрөөр тогтоосон тул үндсэн зээл 45 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, хүү, алдангийг зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн болон өмгөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч М.Т******* нь хариуцагч Т.Д*******тэй 2020 оны 11 дүгээр  сарын 06-ны өдөр №2314 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 45 000 000 төгрөгийг, 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. 

 

5.Талуудын маргааны зүйл нь хүү хэт өндөр тогтоогдсон, цар тахалын улмаас зээлийг төлөх боломжгүй байхад хүү, алданги шаардаж байгаа талаар байна, зээлийн гэрээ байгуулсан, зээлийн гэрээний зүйл болох 45 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, хүлээн авсан талаар маргаагүй байна.

            6.Зохигч талууд 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан талаар маргаагүй, нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний зүйл болох 45 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, хариуцагч нь уг 45 000 000 төгрөгийг хүлээн авсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн буюу зээлийн гэрээ байгуулагджээ.

6.1.Зохигчдын хооронд байгуулагдсан 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, гарын үсэг зурагдсан, хэн аль нь уг гэрээг байгуулсан эсэх талаараа маргаагүй, хүлээн зөвшөөрч байх тул хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

7.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

7.1.Иймд нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хариуцагч Т.Д*******д шилжүүлсэн, хариуцагч нь зээлийн гэрээний зүйл болох 45 000 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаандаа буцаан өгөөгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

8.Хариуцагч, түүний өмгөөлөгч нь үндсэн зээл болох 45 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй боловч хүү, алдангийг төлөхийг зөвшөөрөхгүй, хэт өндөр хүү тооцсон, зээлийг эргэн төлөх боломжгүй буюу цар тахалтай нөхцөл байдалтай байхад алданги шаардаад байгаа нь үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

8.1.Хариуцагчийн өмгөөлөгч нь хүүг 5 хувиар тогтоосон нь үндэслэлгүй, хэт өндөр хүүгээр ашиг олж байгаа, далд эдийн засгийг зохицуулахаар гаргасан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд нийцээгүй, хүүгийн дээд хэмжээнээс хэтэрсэн болох нь Хууль зүйн дотоод хэргийн яамны хуулийн танилцуулгаар нотлогдоно гэсэн.

8.2.Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “энэ хуулийн 17.4.2-т заасан зээлийн хүүгийн дээд хэмжээг барьцаат болон барьцаагүй зээлд ялгамжтай байдлаар тогтоож болно”, 18.2-т “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс гэрээний үндсэн дээр зээлдэгчид олгосон мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу үнийг хүү гэж тооцох бөгөөд зээлийн хүүг ашигласан хугацаагаар нь тооцно”, 18.5-т “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байна” гэж заажээ.

Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “энэ хуульд заасан мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлох, зохицуулах, холбогдох төрийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд орон тооны бус Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/-ийг байгуулна”, 17.4.2-д “дээрх зөвлөл нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох” талаар заасан байх боловч энэ хууль нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгддөхөөр заасан байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн нэхэмжлэгчийн хүүгийн дээд хэмжээг тогтоосон, хуульд нийцээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна гэж үзэв.

8.3.Зохигч талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.3-т “Зээлийн хүү: 5 хувийн хүүтэй / сарын 5 хувийн хүүтэй/ байхаар харилцан тохиролцсон байх тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар хүү төлөх талаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээндээ харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийг ашигласан хугацааны хүүнд 13 500 000 төгрөгийг шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв. /45 000 000 х5хүү=2 250 000 төгрөг, 2 250 000х6сар=13 500 000 төгрөг/

 

8.4.Хариуцагч, түүний өмгөөлөгч нь алдангийг төлөх боломжгүй, цар тахалын улмаас бизнест хүндрэл гарсны улмаас зээл төлөх чадваргүй байсан, гадагшаа бараа захиалсан байсан боловч хил гааль хаагдаад бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогссон болох нь нийтэд илэрхий баримт баримт болох Засгийн газрын хөл хорио тогтоосон тогтоолуудаар тогтоогдоно гэсэн.

 

8.5.Зохигч талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.7-д “гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдод хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж харилцан тохиролцсон, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар алдангид 29 250 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасныг зөрчөөгүй байна. /45 000 000+13 500 000=58 500 000, 58 500 000х0,5=292 500 төгрөг, 58 500 000:2=29 250 000 төгрөг/

 

8.6.Хариуцагч нь улс орон даяар үүссэн цар тахалын улмаас бизнест хүнд байдал тохиолдсон, хил гааль хаагдсаны улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй буюу түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг байсан, бараа захиалсан, уг бараа нь хил гааль дээр гацсан талаараа баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

 

8.7.Хариуцагчийн өмгөөлөгч нь уг үйл баримтыг нотлох боломжтой 45 000 000 төгрөг зээлсэн хугацаанд үйл ажиллагаа нь бүх нийтийг хамарсан цар тахлын улмаас зогссон байсан, бараа худалдан авсан талаарх баримт байгаа, нэхэмжлэгчтэй эвлэрэх саналтай байснаас гаргаж өгөөгүй тул нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д “...шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад буюу зохигч талуудын мэтгэлцээний явцад шинээр нотлох баримт шаардлагатай гэж  үзвэл шүүх хуралдааныг хойшлуулах”-аар заасан боловч өмгөөлөгчийн тайлбар, хүсэлтэд дурдсан баримтуудыг хэргийн оролцогч нь нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлсэн боловч шүүх хуралдаанд дээр мэтгэлцээн явагдсанаар шинээр шаардлагатай байсныг мэдсэн гэж үзэх боломжгүй, өмнө нь гаргах, санал болгох боломжгүй байсан талаарх баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан нотлох баримт бүрдүүлэх, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул хүсэлтийг хангахгүй орхисон болно.

 

8.8.Гэвч хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарт дурдсан Ковид19 цар тахалтай холбоотойгоор улс орон даяар хөл хорио тогтоож, бизнесийн үйл ажилллагаан, иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан болох нь нийтэд илэрхий баримт болох Монгол улсын засгийн газрын тогтоолуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 29 250 000 төгрөгний 50 хувийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв. /29 250 000:2=14 625 000 төгрөг/

 

9.Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 45 000 000 төгрөг, зээлийг ашигласан хугацааны хүү 13 500 000 төгрөг, алданги 14 625 000 төгрөг, нийт 73 125 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Т*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас алдангийн 50 хувь болох 14 625 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.  

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар нэхэмжлэгч М.Т*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 596 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Д*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 523 575 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Т*******д олгох нь хуульд нийцнэ гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Д*******гээс зээлийн гэрээний үүрэгт нийт 73 125 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Т*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14 625 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Т*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 596 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Д*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 523 575 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Т*******д олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

                                 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН