Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2024/00439

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б дүүрэгт оршин суух, Б овогт Л.Н  /РД:******/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэгт байрлах, К ХХК /РД:*****/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 4 873 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Л.Н*******,  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У*******,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранзул нар оролцов.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Л.Н******* нь хариуцагч К******* ХХК-д холбогдуулан 4 873 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

            1.1.2023 оны 3 дугаар сарын 30-ний өдөр бид харилцан тохиролцож 2023 оны 6 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай цаашид ажлын шаардлагаар сунгах магадлалтай, хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Миний бие кемп менежер албан тушаалаар гэрээ байгуулан Ө******* аймгийн Х******* сум Д******* аймгийн Х******* сумдын нутгаар дамжин өнгөрөх Хангайн зам төсөл дээр нийт 50 хоног ажилласан болно. Ерөнхий захирал нь Т******* гэдэг Ө******* хүн байдаг. Би Б гэдэг бас компанийн төлөөлөгчийн удирдлага дор өөр кемп дээр ажиллаж байтал 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гэрээний дотоод журмын 1,2-р заалтыг зөрчин ахлах тогооч хүүхнийг дагуулж сум явж архидан согтуурч шөнө ирсэн. Би хариуцлагатай ажилтны хувьд өдөр тутмын тэмдэглэл хөтөлдөг хүн байгаа юм. Намайг дуудаад ажлын тэмдэглэлийг үзье гэсэн миний дээд удирдлага хүн учраас би дэвтрээ үзүүлтэл хэл амтай хүн байна намайг яв гээд хөөсөн. Чи намайг халж сольдог хүн бишээ, би захиралтай уулзаж байж болно гээд төв кемп дээр ирээд т******* захиралтай ийм юм боллоо гэсэн чинь за би ярилцаад шийдье гэсэн удалгүй яв гэсэн. Уг нь гэрээний дагуу бол надад 1 000 000 төгрөг өгөөд тэр хүнийг ажлаас халах ёстой байсан. Ингээд эсрэгээрээ 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөр би тасалбар болсон. Ингэж хятад монгол нийлсэн бүлэг нөхдүүд бусдыг бол байнга дарамтална. Өөрсдөд нь бол үйлчлэхгүй хууль дүрмээ зөрчиж олон хүнийг дураараа халж сольж байна. Монголд хууль дүрэм байдаг. Ард иргэдээ хамгаалдаг гэдгийг энэ хятад эзэнтэй компаниуд харуулж надаар дуусгавар болоосой гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна. 900 км гаруй газар аваачаад буцах зардал ч үгүй явуулж байна. Иймд хариуцагчаас 4 873 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.  

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хөлсөөр ажил гэрээг К******* ХХК-тай байгуулсан. 1 сар 50 гаруй хоног ажилласан энэ хугацаанд гэрээнд заасан ямар нэг зөрчил гаргаагүй, ажил тасалсан, архи уусан ямар нэг зүйл байхгүй, хийх ёстой юмаа хийгээд л явсан, даамал хийх хүн таниас өөр алга гэхээр нь хийсэн цалин буурахгүй гэсэн . Тэгэхээр нь би хийе гэсэн гэхдээ жинхэнэ ажил үүрэг нь кемп менежер байсан даамал, кемп менежер хоёрын хооронд цалингийн зөрүү гараад байсан яг бодоод үзэхээр 173 000 төгрөг дутуу авсан байгаа сайн бодоод үзвэл энэ нь гараад ирнэ. Н.Б гэж нөхөр бидний ажлыг удирдан зохион байгуулдаг, энэ гэрээнд заасан архи уусан хүнийг торгоно, түүнийг нь мэдээлсэн хүнийг шагнана гэсэн энэ заалтаас болсон н.Б гэж хүн архи уусан талаар дэвтэр дээрээ тэмдэглэсэнээс болоод намайг хүнтэй хэрэлддэг гэсэн үндэслэлээр н.Э гэдэг хүнтэй нийлж байгаад ажлаас хална гэсэн. Намайг ажлаас халах асуудлыг та нар мэдэхгүй би захиралтай уулзаж асууна гэсэн маргааш нь захирал ирээд асуухад би энэ асуудлыг шийднэ гэж захирал хэлсэн. Маргааш нь буюу 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр намайг ажлаас халлаа гэсэн, тэр өдөр цалин өгөөгүй тасалбар болгосон, 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл дутуу өгсөн цалин, гэрээний хугацаа 3 сар байсан тэр хугацаа буюу 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл авах ёстой байсан цалин,  замын зардал буюу таксины мөнгө зэрэг зардал нэхэмжилж байгаа, ажлаас халсан гэсэн ямар нэгэн эрхийн акт гараагүй, ажлаас хөөсөн учраас явахаас өөр аргагүй болсон, би 5 дугаар сарын 10 хүртэл ажилласан энэ төлбөрөө нэхэмжилж байна гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Л.Н*******тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан ажил нь байнгын ажлын байр биш, тухайн ажлын онцлогоос хамаарч байгуулсан дундын түр кемп дээрх ажил билээ. Замын барилгын ажил нь улирлын чанартай, хойшлуулж болохгүй, хойшлуулах боломжгүй төлөвлөсөн хугацаанд төлөвлөсөн ажлыг хийж гүйцэтгэсэн байх шаардлагатай ажил байдаг ба ажилтны цалгар назгай байдал нь кемп дотроо төдийгүй, нийт төслийн ажлын гүйцэтгэл болон аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлөх хандлагатай байдаг. Иймд гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.5-д "Ажил үүргийн гүйцэтгэлдээ хайхрамжгүй хандах, ажлын ур чадвар ажлын байрны шаардлагад нийцэхгүй байх", 6 дугаар зүйлийн 6.1-д "Ажилтан нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн гэж Ажил олгогч үзвэл түүнд ажлын хөлсийг олгохоос татгалзаж, гэрээг дангаар цуцлах эрхтэй" гэж зааснаар төслийн Талбайн инженер Т.Б, төслийн менежер (Төслийн талбай дээрх кемпүүдийг бүхэлд хариуцсан менежер) Х.Э нар Л.Н*******тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр буюу хөлсийг 3 хуваан төлөхөөр тохиролцсон өдрөөр тасалбар болгон цуцалсан бөгөөд гэрээг цуцлах хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлсийг бүрэн олгосон болно. Мөн бид хэдийгээр ажиллагсадтай богино хугацааны хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажилладаг ч гэсэн аль болох тогтвортой, аюулгүй ажиллуулах үүднээс гэрээнд дурдаагүй ч ажилтныг нийтэд нь гэнэтийн ослын даатгалд хамруулан ажиллуулж байгаа билээ. Иргэн Л.Н*******тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээнд цуцлах болон дуусгавар болохтой холбогдуулан төслийн талбайд ирж, буцахтай холбоотой зардлын талаар манай компани гэрээний үүрэг хүлээгээгүй болно. Иймд иргэн Л.Н*******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.1.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. н.Э гэж хүн нь төслийн менежер, н.Б гэдэг хүн талбай хариуцсан инженер, н.Т******* гэдэг хүн нь Д ХХК-ийн хүний нөөц хариуцсан хүн, нэхэмжлэгч манай компанитай кемп менежер гэсэн албан тушаалд хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажилласан түүн дээр маргахгүй. 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл гэрээ байгуулан ажиллаж байсан. Яагаад ийм зүйл болсон талаар холбогдох хүнээс нь тодруулахад удирдлагын үүрэг даалгавар биелүүлдэггүй, залхуу, унтаж байдаг. Тиймээс ажлаас халах шийдвэр 5 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгоод гэрээ цуцлах тухай өөрт нь 5 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдсэн гэсэн. Мэдэгдсэн талаар баримт байхгүй, н.Э амаараа мэдэгдсэн, тэгээд энэ хүн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Түүнээс хойш ямар нэг байдлаар бид нартай холбогдоогүй, 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажилуулж байсан цалингаа өгсөн гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 382 тоот албан бичиг, 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ХАГ2307 тоот Хөлсөөр ажиллах гэрээ /хэргийн 2-8-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, А.У*******д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, мемориалын баримт, Х.Эы гараар бичсэн тайлбар, 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн №23034068 тоот Ажилчдын гэнэтийн ослын даатгалын гэрээ, хавсралт, А.У*******д олгосон итгэмжлэл /хэргийн 14-15, 21-29, 50-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Л.Н*******гийн нэхэмжлэлээс 3 973 334 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 899 666 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч К******* ХХК-тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, кемп менежерээр гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн боловч үндэслэлгүйгээр гэрээг цуцлаж, ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байх тул ажилласан хугацааны хөлснөөс үлдэгдэл 173 000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 30-ний өдрийг хүртлэх хугацааны ажлын хөлс 4 500 000 төгрөг, ирж очсон замын зардал 200 000 төгрөг, нийт 4 873 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлсон.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Л.Н******* хөлсөөр ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул хугацаанаас өмнө гэрээг цуцалж, ажилласан хугацааны цалин хөлсийг бүрэн олгосон, талуудын байгуулсан гэрээгээр замын зардлыг хариуцах үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч Л.Н******* нь хариуцагч К******* ХХК-тай 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр №ХАГ2307 тоот “Хөлсөөр ажиллах гэрээ”-г байгуулж, нэхэмжлэгч нь ажил олгогчийн төслийн талбайд кемп менежерээр 3 сарын хугацаатай, 1 сар тутмын ажлын хөлс 2 700 000 төгрөг байхаар ажиллахаар харилцан тохиролцжээ.

5.Талуудын маргааны зүйл нь гэрээг үндэслэлгүй цуцалсан талаар байна, хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь кемп менежерээр ажиллаж, хариуцагч нь ажлын хөлсийг төлж байсан талаар маргаагүй.

 

6.Талуудын хооронд 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр №ХАГ2307 тоот хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь гэрээнд заасан кемп менежерийн ажил үүргийг гүйцэтгэж байсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

6.1.Иргэний хуулийн 359 дүгээр зүлйийн 359.1-д “хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.

 

6.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг хөлсөөр ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний 5.1.5-д заасан ноцтой зөрчил гаргасан тул ажил олгогчийн санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө буюу 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр цуцалсан болох нь ажилтан Х.Э, н.Б нарын тодорхойлолтоор тогтоогдоно гэж тайлбарлаад шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэнэ гэж кемп менежер Х.Э, талбайн инженер н.Б нарын тодорхойлолтыг ирүүлсэн боловч уг тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хуульд заасан журмыг зөрчсөн буюу хууль сануулж гэрчийн мэдүүлэг өгөөгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.

6.3.Мөн нэхэмжлэгч нь хөлсөөр ажиллах гэрээг К******* ХХК-тай байгуулсан байхад гэрээг кемп менежер Х.Э, талбайн инженер н.Б нар цуцлаад байгаа нь үндэслэлгүй, гэрээг цуцлах эрх олгогдсон, компанийг төлөөлж гэрээг цуцлах эрхтэй этгээд болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

6.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн  №ХАГ2307 тоот хөлсөөр ажиллах гэрээний 5.1.5-д “ажил үүргийн гүйцэтгэлдээ хайрамжгүй хандах, ажлын ур чадвар ажлын байрны шаардлагад нийцэхгүй байх” гэсэн ноцтой зөрчлийг нэхэмжлэгч нь гаргасан тул гэрээг нэг талын буюу ажил олгогчийн санаачилгаар цуцлаж, гэрээг дуусгавар болгосон гэж тайлбарласан боловч тайлбараа нотлосон баримтгүй, ажил үүргийн гүйцэтгэлдээ хэрхэн хайхарамжгүй хандсан, ажлын ур чадвар нь ажлын байрны шаардлагад нийцэхгүй байгаа талаараа баримтгүй, тайлбараа баримтаар нотлоогүй болно.

 

6.5.Нэхэмжлэгчээс гэрээг үндэслэлгүй цуцласан, ажил үүргээ гүйцэтгэж байсныг нотлоно гэж өөрийн хувийн дэвтэрийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд Д ХХК болон К******* ХХК-ийн дотоод журмын гэрээний 1, 2-т зааснаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ажилтанг мэдээлсэн илчилсэн бол 1 000 000 төгрөгөөр шагнах байтал дэвтэрт н.Бгийн зөрчлийн талаар тэмдэглэсэн байсан тул гэрээг цуцлах үндэслэл болсон гэж тайлбарласан.

6.6.Хэрэгт авагдсан Д ХХК болон К******* ХХК-ийн дотоод журмын гэрээний 1-д “ажлын талбайд ажилд гарахаас өмнө компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, талбайн даамал, кемп менежер, ерөнхий менежер нар ажилтан бүрийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхэд шалгалт явуулж өдөр бүр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар тэмдэглэл хөтлөнө” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь уг дэвтэрт тэмдэглэл хөтөлдөг байсан гэж тайлбарласныг хариуцагч маргаагүй, танилцах шаардлагагүй, хэн аль нь үзлэг хийх шаардлагагүй гэсэн болно.    

6.7.Иймд хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүй цуцласан байх тул нэхэмжлэгч нь гэрээг цуцласантай холбогдуулан учирсан хохирлоо шаардах эрхтэй байна гэж үзэв.

 

7.Зохигч талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний 3.1-т “энэхүү гэрээний хугацаа нь ажилтан төслийн талбайд ажиллаж эхэлсэн өдрөөс эхлэн  нийт 3 сарын хугацаанд үргэлжилнэ”, 3.2-т “ажилтны 1 сар тутмын ажлын хөлс нь 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг байна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Л.Н******* нь 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд ажилласан, энэ ажилласан хугацааны хөлсөнд 4 326 666 төгрөгийг олгосон болох нь хэрэгт авагдсан Голомт банкны мемориалын баримт, ажлын хөлсний тооцоолол /гарт олгох ажлын хөлс 360 000+833 333+1 333 333+900 000+900 000=4 326 666/ талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд зохигч энэ талаар маргаагүй.  

7.1.Нэхэмжлэгч нь ажилласан хугацааны дутуу олгогдсон хөлс 173 000 төгрөг, гэрээний хугацааны хөлс болох 4 500 000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсан боловч талууд 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр №ХАГ2307 тоот “Хөлсөөр ажиллах гэрээ”-г 3 сарын хугацаатай байгуулж, 1 сар тутмын ажлын хөлс 2 700 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон, ажилласан хугацааны хөлсөнд 4 326 666 төгрөгийг төлсөн талаараа зохигч маргаагүй тул /2 700 000 төгрөг х3 сар=8 100 000 төгрөг-4 326 666=3 773 334/ үлдэх хөлс болох 3 773 334 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

7.2.Мөн нэхэмжлэгч нь 900 км газраас замын зардал болж ирж очин 200 000 төгрөгний хохирол учирсан гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нь дээрх 200 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 227.3-д “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж зааснаар гэрээ цуцласны улмаас учирсан хохиролд 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

7.3.Иймд хариуцагч К******* ХХК-иас хөлсөөр ажиллах гэрээний хөлс 3 773 334 төгрөг, гэрээ цуцласны улмаас учирсан хохирол 200 000 төгрөг, нийт 3 973 334 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Н*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 899 666 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.  

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Н*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92 918 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч К******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 78 523 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Н*******д олгох нь хуульд нийцнэ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч К******* ХХК-иас 3 973 334 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Н*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 899 666 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Н*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92 918 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч К******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 78 523 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Н*******д олгосугай.

 

3.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн түүний хувийн дэвтэр болох ягаан өнгийн тэмдэглэлийн дэвтрийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгч Л.Н*******д буцаан олгож, тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Нямжаргалд даалгасугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

                                 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ХУЛАН