Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 1579

 

МАГАДЛАЛ

 2019.08.28                                                Дугаар 1579

 

Г.Э-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 181/ШШ2019/01520 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “В Р” ХХК-д холбогдох   

          Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны 1 сарын цалинтай тэнцэх олговор 700 000 төгрөг гаргуулах, 2019 оны 4 дүгээр сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч компанийн Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд байрладаг уурхайд уурын зуухны галчаар 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс ажилд орсон бөгөөд гэрээг 2019 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүртэл хугацаатай байгуулсан. Уг хугацаанд би ажлаа ямар нэг асуудалгүй хийсэн бөгөөд гэрээний хугацаа дууссанаас хойш ч ажиллаж байгаад 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 10 хоногийн амралтаа авсан. Амраад эргээд ажилдаа очиход намайг ажлаас халсныг мэдээгүй, дараа нь сонсоход гэрээний хугацаа дууссан гэсэн. Уг нь төвөөс хүмүүс ирээд гэрээг шинэчилж сунгана гэж хэлж байсан боловч надаас бусад бүх хүмүүсийн гэрээг сунгаад миний гэрээг сунгаагүй байсан. Би 20 хоног ажиллаад 10 хоног амрах ёстой, амралтаа аваад ирэхэд гэрээний хугацаа дууссан гэж хэлсэн. Гэрээг бүх хүмүүстэй 3 сараар, хотоос явдаг хүмүүстэй 2 сарын гэрээ хийдэг байсан. Би хотоос очсон болохоор мөн 2 сарын гэрээ хийсэн юм. Зуух халаах ажил зогсохоор намайг үйлдвэрийн засварчин машинистаар ажиллуулахаар тохирсон. Энэ тухай тушаал ч байдаг юм билээ. Намайг үйлдвэрийн засварчин механикаар ажилд авна гэж хэлж байсан атлаа миний оронд өөр хүн авчихсан байсан. Намайг гэр галлаад байж бай, би засвар руу орох юм чинь гэж бодоод уг ажлыг хийж байсан боловч сүүлд нь ажлын зохион байгуулалтад орохооргүй хүн бидний хооронд маргаан үүсгэж, намайг ажлаас чөлөөлсөн. Хамгийн хүнд үед би 2-уулахнаа 24 цагаар ажиллаж байсан. Намайг ажилтай байлгана гэж хэлчхээд халсанд гомдолтой байна. Иймд намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны 1 сарын цалинтай тэнцэх олговорт 700 000 төгрөг гаргуулах, 2019 оны 4 дүгээр сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан. Өвлийн улирал кемп халаах зорилгоор Г.Э-тай хөлсөөр ажиллах гэрээг 2 сарын хугацаатай байгуулсан. Гэрээ хууль болон талуудын хүсэл зоригт нийцсэн. Гэрээнд заасан 2 сарын хугацаа дууссан учир түүнээс хойш тодорхойгүй хугацаагаар сунгагдаж, 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцалсан. Энэ нь хуульд нийцсэн бөгөөд анхнаасаа Г.Э-г ажилд авсан тушаал гаргаагүй учир ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй. Нийгмийн даатгалын дэвтэрт ажилд авсан тушаалын тэмдэглэгээ энэ шалтгаанаар хийгдээгүй, харин ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж байсан. Нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлэн ажиллуулахаар тохирсон зүйл байхгүй. Цаашид ажил олгогч нэхэмжлэгчийг авч ажиллуулахгүй байсан шалтгаан нь уурхайн гүйцэтгэх захирал, уурхай хариуцсан захирал, уурхайн ня-бо, хүний нөөцийн дарга нарын зүгээс “Г.Э-г үүрэгт ажил дээрээ унтдаг, энэ байдлаа хүлээн зөвшөөрдөггүй, мөн ажил гүйцэтгэх явцдаа зурагт үзэх зэргээр ажилдаа хариуцлагагүй ханддаг, өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, өөрийн дураар өөртөө амралт олгодог, уурхайн ажлыг дураараа зохион байгуулдаг, энэ байдалдаа үнэлэлт дүгнэлт хийдэггүй, энэ байдлаас нь болж кемпийн галчаар ажиллуулахаар шийдвэрлэхэд ажлыг өөрөө хийхгүй” гэх тайлбар гаргасан гэх гомдол, мэдээлэл гарснаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хувийн байдлаас шалтгаалан цаашид гэрээг сунгаагүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Э-г уурын зуухны галчаар үргэлжлүүлэн ажиллуулахыг В Р ХХК-д даалгаж, Г.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 700 000 төгрөг гаргуулах, 2019 оны 4 дүгээр сарын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгчээс 91 550 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож  шийдвэрлэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.3, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус нийцсэн хөлсөөр ажиллах гэрээг хариуцагчтай байгуулан гэрээний дагуу зөвхөн өвлийн улиралд үйлдвэр, байгууламжийг хөлдөхөөс сэргийлэх зорилгоор уурын зуухын галчаар гэрээнд заасан хугацаанд /2 сар/ ажилласан. Гэрээний хугацаа дууссан ч цаг уурын шалтгааны улмаас талууд гэрээг хугацаагүйгээр сунгаж нэхэмжлэгчийг уурын зуухын галчаар үргэлжлүүлэн ажиллуулсан. Улмаар өвлийн улирал дуусч, зуух халаах ажил зогсож үйлдвэр байгууламжийг халаах шаардлагагүй нөхцөл байдал үүссэн тул Г.Этай гэрээг шинэчилж байгуулаагүй, түүнийг үргэлжлүүлэн ажиллуулаагүй. Учир нь хөлсөөр ажиллах гэрээгээр тохирсон ажлын байр нь улирлын шинж чанартай буюу зөвхөн өвлийн улиралд үйлдвэр байгууламж халаах үүрэгтэй уурын зуух галч байсан тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дах хэсэгт тус тус заасны дагуу хариуцагч тал дангаар гэрээг цуцалсан. Өөрөөр хэлбэл, гэрээг шинэчилж байгуулаагүй, нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллуулаагүй, хариуцагч тал дангаар гэрээг цуцалсан хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл нь улирлын шинж чанартай холбоотой юм. Хариуцагчийн энэхүү үйлдэл, эс үйлдэхүй нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дахь хэсэгт тус тус заасанд нийцсэн. Хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж байсан нэхэмжлэгч Г.Эг ажилд эгүүлэн ажиллуулах асуудлыг талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах ёстой. Харин зохигчдын хооронд ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, Хөдөлмөрийн тухай хууль энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй хэмээн шүүх өөрөө дүгнэсэн. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч “В Р” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны 1 сарын цалинтай тэнцэх олговор 700 000 төгрөг гаргуулах, 2019 оны 4 дүгээр сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2 сарын хугацаатай, хөлсөөр ажиллуулах гэрээний дагуу нэхэмжлэгчийг уурын зуухны галчаар ажилд авсан боловч 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс хариуцагч гэрээг цуцалснаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон байна.

Уг гэрээнд талууд харилцан хүлээх эрх үүргийн талаар зааж Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгийн хэлцэл хийгджээ.

Түүнчлэн, талуудын хооронд 2 сарын хугацаагаар гэрээ байгуулагдсан ба гэрээний хугацаа 2019 оны 2 дугаар сарын 05-ны өдөр дууссан боловч хариуцагч байгууллага нь гэрээг үргэлжлүүлснээр Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1 дэх хэсэгт зааснаар тодорхой бус хугацаагаар сунгагдсанд тооцогдох үндэслэлтэй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Тодруулбал, тодорхойгүй хугацаагаар байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа дуусгавар болох хуульд заасан шаардлагыг хариуцагч тал биелүүлээгүйгээр гэрээг цуцалсан нь хууль зөрчсөн гэж үзэж, хөлсөөр ажиллах гэрээний харилцааг үргэлжлүүлж, нэхэмжлэгчийг уурын зуухны галчаар ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь зөв.

Хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дахь хэсэгт заасны дагуу “Г.Этай гэрээг шинэчилж байгуулаагүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь хаана байрлах ямар ажлын байранд эргэж томилуулах талаар үйл баримтаа тодруулаагүй байсан боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд тодруулан “нэхэмжлэгч Г.Эг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уурхайн үйлдвэрийн уурын зуухны галчаар үргэлжлүүлэн ажиллуулахыг “В Р” ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийвэрлэсэн нь зөв байна.  

Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргасан боловч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, хугацаа хэтрүүлж давж заалдах шатны шүүхэд гомдлыг хүргүүлсэн байна. Анхан шатны шүүх дээрх байдлыг зохих журмын дагуу шийдвэрлэлгүй гомдлыг ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3 дахь хэсэгт зааснаар хүлээн авахгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 181/ШШ2019/01520 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ЭНХТӨР

  ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

                                                              М.НАРАНЦЭЦЭГ