| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 142/2017/0245/э |
| Дугаар | 00291 |
| Огноо | 2017-09-29 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Т.Ганзориг |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 00291
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж
Улсын яллагч Т.Ганзориг
Хохирогчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ганзориг
Шүүгдэгч Ц.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Э холбогдох эрүүгийн 201714000305 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ний өдөр Булган аймагт төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ц.Э
Шүүгдэгч Ц.Э нь ХХК-ийн О салбарт худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа буюу 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд 12 282 370 /арван хоёр сая хоёр зуун наян хоёр мянга гурван зуун дал/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...З-ээс авсан барааны үнийн дүн нь худал дүн явуулсан гэж бодож байгаа. З нь гарын үсгээ зур гэхээр нь би зурдаг байсан. 2015 оны 11 дүгээр сарын 24-нд З-н ажлыг надад хүлээлгэж өгөх гэж компаниас хүмүүс ирсэн ч З хөдөө байна гээд ирээгүй. 2015 оны 11 дүгээр сарын 24-нд надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаад явсан ч ажил хүлээлцээгүй. З сар бүрийн 10, 20, 30-нд тооцоо хийж тооцоог компанид явуулдаг байсан. 2016 оны 01 дүгээр сарын 01-нд би З-н ажлыг хүлээн авч бид хоёр ажилаа хүлээлцсэн. Ингэж ажил хүлээлцэхдээ З хоосон хайрцаг тоолуулж, дутуу бараа материалаа байгаа мэтээр санхүүгийн баримт үйлдэж түүнийгээ ХХК руу явуулсан. З-ын дутагдалтай байгаа бараа материалыг би байгаа мэтээр хүлээн авсан нь үнэн. З 13-14 сая төгрөгийн өртэй, ээж, аавынхаа дэлгүүрийг зараад өрөө дарчихна гэж надад хэлж байсан. Хоосон хайрцаг тоолж авч байгааг Т гэж хүн мэдэж байсан.Т бид хоёр одоо хамтран амьдарч байгаа. З яаж тайлан тооцоо гаргадаг талаар надад зааж өгдөггүй, асуухаар хэлж өгдөггүй байсан. 2016 оны 03 дугаар сараас ХХК цалин мөнгөө өгөхөө байсан учир би ахуй хэрэглээндээ 2 700 000 гаруй төгрөгийг бол ашигласан гэж бодож байна. Иймд 2 700 000 төгрөгийг төлнө. Энэ нь 2016 оны 03 дугаар сараас 06 сар хүртэлх дутагдал. Ахуйн хэрэглээндээ бараа хэрэглэсэн нь үнэн. 13-14 сая төгрөгийн өртэй гэж З хэлдэг байсан. Өглөө 09 цагаас борлуулалтаа хийгээд орой 16 цагаас өмнө мөнгөө тушаах ёстой. З л тайлан тооцоогоо явуулдаг байсан. Миний явуулсан паданыг З холбооноос очиж авсан байсан. Хугацаа дууссан бараагаа компани мэдэж байсан ч аргалаад зар гэдэг байсан. Анх 2015 оны 08 дугаар сарын 05-наас 12 дугаар сарын 31-нийг хүртэл худалдааны төлөөлөгч борлуулагчаар ажиллаж З-аас бараа авч гадуур бараа бүтээгдэхүүн түгээдэг байсан. 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 06 дугаар сарын 03-ны хооронд нярав худалдааны төлөөлөгчөөр ажилласан. 2016 оны 01 дүгээр сарын 01-нд ажлаа аваад Золжаргалтай сар бүрийн 10, 20, 30-н гэж тооллого хийдэг байсан. Жолооч Б хааяа тоолж өгдөг байсан. Худалдааны төлөөлөгч, няравын ажлыг хавсран хийж байсан. Бамбайн дохиололыг Золжаргал тайлж орж бараа бүтээгдэхүүн надад өгдөг байсан. Би дутаасан гэх 12 828 370 төгрөгнөөс 9 519 525 төгрөгийг төлөхгүй, 2 762 845 төгрөгийг төлнө гэх мэдүүлэг,
-Хохирогч Б.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Ц.Э нь 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс тус компаны салбарын төлөөлөгч хийж гүйцэтгэх захирлын тушаал гарч энэ хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд томилсон. Ц.Э нь бэлэн барааны борлуулалт хийж мөнгийг нь бэлнээр авч албаны данс руу өдрийнхөө орлогыг боруулсан барааныхаа санхүүгийн анхан шатны баримтуудыг үйлдэж 10 хоногийн хугацаатай тайлангаа төв байгууллага руу явуулах үүрэгтэй. Манай компани хүнсний бүтээгдэхүүн болох чихэр, печень, шоколад, набор зэргийг худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг юм. Ц.Э нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс барааг түгээж бэлэн мөнгөөр борлуулалт хийдэг байж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс агуулахын бараагаа давхар хариуцаж эхэлсэн. Агуулахыг давхар хариуцаж эхэлснээс хойш бараа бүтээгдэхүүний дутагдал гарч эхэлсэн. Агуулахын няравын ажлыг Золжаргал гэх эмэгтэй хариуцаж байгаад ажлаа хүлээлгэн өгөөд архи пивоны борлуулалт явуулдаг Арвайн үндэс ХХК-ний үйл ажиллагааг хариуцах болсон. Тэгтэл Ц.Э нь 2016 оны 05 дугаар сараас хойшхи тайлангаа явуулахгүй залгахаар утсаа авахгүй, бэлэн мөнгөний орлого тушаахгүй зэрэг зөрчил гаргаад эхлэхээр нь байгууллагаас гэнэтийн шалгалт явуулахаар болж комисс томилогдон ирсэн. Шалгалтын комисст гүйцэтгэх захирал В.О, нягтлан Ж нар ажилласан. Энэ хүмүүс 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Э-н явуулж буй үйл ажиллагааг шалгахад агуулах дотор хураалгаастай барааны доод эгнээний хайрцагнууд хоосон. Дунд хэсэгтээ үе хоосон орхисон. Хайрцаг дутуу мөн хугацаа дууссан бараанууд илэрсэн. Хугацаа дууссан бараануудын талаар төв рүүгээ мэдэгдэж ямар шалтгаанаас хугацаа нь дууссан, яагаад борлуулагдахгүй талаар хэлэх ёстой. Гэвч хугацаа дууссан гэх бараанууд манай байгууллагын өндөр хэрэгцээнд зарагддаг хүнсний бүтээгдэхүүнүүд байсан. Бараа бүтээгдэхүүн болон санхүүгийн баримтын тооллого явуулахад хугацаа дууссан барааны үнэ 4 398 610 төгрөг, бэлэн мөнгөний дутагдал 7 858 300 төгрөг, барааны дутагдал 50 080 төгрөг, нийтдээ 14 692 350 төгрөгийн хохирол байгууллагад учруулсан. Шалгалтын дүнг тухайн үед Э өөрөө уншиж танилцаад хүлээн зөвшөөрсөн. Мөн хэзээ төлөхөө хүртэл бичиж өгсөн. Тооллого хийж байхад анхан шатны баримтуудаа өгөхгүй нуух зэрэг үйлдэл гаргаж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 ху/,
- Шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ОЦ/17/69 дугаартай: Бэлэн мөнгөний дутагдал 12 282 370 төгрөг гэсэн дүгнэлт /хх-ийн 77-98 ху/
-Гэрч Б.З мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Э худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа над дээрээс ирж бараа авдаг байсан. Тэр үед ямар нэгэн зөрчил гарч байгаагүй. Өмнөх өдрүүдэд агуулахаас авсан барааг заавал дуусгаж байж шинээр бараа авна гэсэн ойлголт байхгүй. Би зөвхөн агуулахаас авна гэсэн барааг нь гаргаж өгдөг. Миний ажил үүрэгт өмнөх өдрийн барааны тооцоог худалдааны төлөөлөгчтэй нийлж тулгана гэсэн зүйл байхгүй. Агуулахаас авна гэсэн барааг нь гаргаж өгөх, мөн агуулах дотор байгаа бараануудын ашиглалтын хугацаанд хяналт тавина, хугацаа дууссан буюу дуусах дөхөж байгаа бараануудын талаар төв байгууллагад мэдэгдэж буцаалт хийлгэдэг. Ерөнхийдөө 2 сарын өмнөөс хэлж танилцуулдаг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 50 ху/, 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр би ХХК-ийн агуулахын бараа бүтээгдэхүүнийг Ц.Э-т хүлээлгэн өгсөн юм. Алтан жолоо ХХК-ний бараа бүтээгдэхүүнийг тоо ширхэг бүрээр нь хүлээлгэн өгсөн ямар нэгэн зөрүү байгаагүй гэсэн мэдүүлэг /хх 51-52ху/,
-Гэрч П.Ж мөрдөн байцаалтын шатнад өгсөн: “... . Худалдааны төлөөлөгч нь тухайн өдрийн төлбөр тооцоогоо байгууллагын дансанд тухайн өдрөө хийсэн байх ёстой. Мөн харилцагч нараар гарын үсгийг бүрэн зуруулж холбогдох баримтуудыг бүрэн гүйцэт хөтөлсөн байх ёстой. Орлого зарлагын баримт бүрэн хөтөлсөн байх ёстой. Төв компаны зүгээс худалдааны төлөөлөгч нарыг тооцооны нягтлан гэх хүмүүс хянадаг гэсэн мэдүүлэг /хх 53 ху/,
Гэрч В.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай компаны зүгээс гэнэтийн тооллого хааяа, хааяа хийдэг. 2016 оны 06 дугаар сард гэнэтийн тооллого хийхээр болоод харилцагч хариуцсан нягтлан бодогч П.Ж хамт тус салбарт томилогдон тооллого хийсэн юм. Тооллого хийхэд бараа дутсан. Тооллого хийхэд зөрүү гарсан учраас Э-с зарлагын баримт хүсэхэд надад төв компани уруу шуудангаар явуулсан гээд шуудангийн баримт үзүүлсэн. Төв компаниас асуухад баримт ирээгүй байсан. Шуудангийн газраас Э шуудан явуулсан эсэхийг лавлаж асуухад түүнийг шуудан явуулах гэж байгаад больсон талаар мэдэгдсэн. Э нь шалгалтаар нийт 14 692 350 төгрөгийн бараа бүтээгдэхүүн болон бэлэн мөнгө дутаасан. Шалгалтын комиссд Ж бид хоёроос өөр хүн байгаагүй. Э-с яагаад ийм асуудал гаргасан талаар асуухад түрээсийн байранд амьдрах гэж хүнээс мөнгө зээлсэн. Зээлсэн мөнгөө төлөх боломжгүй болоод компаны орлогоос аваад өрөө төлчихсөн гэсэн. 14 692 350 төгрөгийн бараа бүтээгдэхүүн болон бэлэн мөнгө дутсан талаар Энхбаярт танилцуулсан. Өөрөө хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Тиймээс тэр дор нь цагдаад хандаагүй гэсэн мэдүүлэг /хх 57-58 ху/,
Гэрч Ч.Б мөрдөн байцаалтын шатнад өгсөн: ...Би салбарт түгээлтийн жолоочоор 2015 оны 11 дүгээр сараас 5 сарын хугацаатай ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Э намайг ажиллаж байх үед түгээгч байсан. Өглөө ажилдаа ирээд бараагаа аваад надтай хамт явж тараалт хийдэг. Намайг ажилд орох үед Золжаргал гэх эмэгтэй агуулах хариуцаад Э-ын өдөрт тараах бараа материалыг агуулахаас гаргаж өгдөг байсан. Э нь З-ын ажлыг авсан байсан. Э-ыг З-ын ажлыг авснаас хойш би түүнийг түгээсэн барааныхаа баримтыг явуулсан уу гэж асуудаг байсан. Би 2-3 удаа агуулах доторх бараа бүтээгдэхүүнийг тоолох ажилд оролцож байсан. Би агуулахад байгаа бараа бүтээгдэхүүний тоо ширхэгийг гаргаж өгнө түүнээс дансаар зөрж байна уу? үгүй юу гэдгийг мэдэхгүй. Хоосон хайрцаг бараа бүтээгдэхүүн байгаа мэтээр тоолж байсан тохиолдол байхгүй. Бараа дутаад цалин дээрээс хэдэн төгрөг суутгачихлаа гэж ярьж байсан, өөр мэдэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 63ху/,
Шинжээч Д.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Ц.Э-ийн ХХК-д төлсөн кассын орлого, хүлээж авсан бараа материалыг тоолох явцад дутсан бараа материалын суутгал, агуулахад байгаа хугацаа хэтэрсэн бараа материалыг үндсэн баримттай тулгаж, хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан бараа материалын зөрүүгээр тооцоог гаргасан. Э нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өмнө нь ажиллаж байсан З-аас 76 163 350 төгрөгийн үнэ бүхий бараа материал хүлээн авсан. 2016 оны ХХК-аас Ц.Энхбаярт 79 792 280 төгрөгийн нийт 2015, 2016 оны байдлаар 2 048 359 230 төгрөгийн бараа материал хүлээн авсан. Үүнээс Э ХХК-д шилжүүлсэн мөнгөн дүн нь 2015 онд 118 374 870 төгрөг, 2016 оны 94 590 670 төгрөг, нийт 212 965 540 төгрөгийн орлогоос зарцуулсан дүн нь 2015, 2016 оны байдлаар 448 320 төгрөг цалингаас суутгасан. 2015, 2016 оны байдлаар 853 310 төгрөг Ц.Э 2016 оны 06 сарын 02-ны өдөр агуулахын бараа материалыг хүлээлгэн өгөхөд 57 809 690 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн. Нийт 272 076 860 төгрөг хийсэн байсан. Үүнээс хадгалах хугацаа дууссан бараа 4 398 610 төгрөгийн бараа материал байсан. Ц.Э хариуцах дутагдал бэлэн мөнгө 12 282 370 төгрөг гэх мэдүүлэг /хх-ийн 101-102 ху/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 107 ху/
-Ц.Э-ыг яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 03-07ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Э нь салбарт худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа буюу 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 12 282 370 /арван хоёр сая хоёр зуун наян хоёр мянга гурван зуун дал/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ...2016 оны 03 дугаар сараас 06 дугаар сар хүртэл ХХК нь цалингаа өгөхгүй байсан тул бараа, бэлэн мөнгөнөөс ахуй хэрэглээндээ хэрэглэж байсан учир 2 700 000 төгрөгийг төлнө гэсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Г-ийн...2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс хойш Ц.Э нь тайлангаа явуулахгүй, залгахаар авахгүй, бэлэн мөнгөний орлого тушаахгүй зэрэг зөрчил гаргаад эхлэхээр нь байгууллагаас гэнэтийн шалгалт явуулахаар болж комисс томилогдон ирсэн. 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Э-ын явуулж буй үйл ажиллагааг шалгахад агуулах дотор хураалгаастай барааны доод эгнээний хайрцагнууд хоосон, дунд хэсэгтээ үе хоосон орхисон. Хайрцаг дутуу мөн хугацаа дууссан бараанууд илэрсэн. Нийтдээ 14 692 350 төгрөгийн хохирол байгууллагад учруулсан. Э өөрөө уншиж танилцаад зөвшөөрсөн гэх мэдүүлэг /48-49 ху/, гэрч Б.З-ын... ХХК-ний бараа бүтээгдхүүнийг тоо ширхэг бүрээр нь хүлээлгэн өгсөн, ямар нэг зөрүү байгаагүй гэх мэдүүлэг, /хх 51-52 ху/, П.Ж /хх 53 ху/, В.О /хх 57-58 ху/, Ч.Б/хх 63 ху/ нарын мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Б.Г нь бараа бүтээгдэхүүн болон санхүүгийн баримтуудын тооллого явуулахад нийтдээ 14 692 350 төгрөгийн хохирлыг байгууллагад учруулсан гэх боловч 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн оц/17/69 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тооцооллыг баримтанд тулгуурлан хийж үзэхэд Ц.Э бэлэн мөнгөний дутагдал 12 282 370 төгрөг гэж дүгнэсэн байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг үнэн зөвд тооцсон болно. Хэдийгээр шинжээчээр Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай эрхтэй байгууллага ЛЭНДС ХХК-г томилсон боловч шинжээчээр мэргэшсэн нягтлан бодогч, аудитор А.М оролцож дүгнэлт гаргасан байгааг шүүх хууль зөрчсөн гэж үзээгүй болно.
Шүүгдэгч Ц.Э-ын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.
Ц.Э-с 12 282 370 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох нь үндэстэй байна.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ШүүгдэгчЦ.Э-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Ц.Э-г 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 2.д зааснаар шүүгдэгч Ц.Э-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/-өөс дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Ц.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар Ц.Э-с 12 282 370 төгрөг гаргуулж ХХК -д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6.д зааснаар шүүгдэгч Ц.Э-ын хохирол төлөх хугацааг 6 /зургаа/ сараар тогтоосугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ