Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/13

 

ШХХ-, ЕЧХ-, ХЯШ-,

ХШБ-, ЛЖФ-, Н- нарт холбогдох

        эрүүгийн хэргийн тухай      

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гансүлд,

орчуулагч А.Сарнай, А.Энхжаргал,

шүүгдэгч ШХХ-, ЕЧХ-, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

шүүгдэгч ХЯШ-, ХШБ-, ЛЖФ-, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Атарболд, 

шүүгдэгч Н-, түүний өмгөөлөгч Ц.Мэнджаргал, С.Батнасан,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, З.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/608 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч ШХХ-, ЕЧХ- нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Н- болон түүний өмгөөлөгч Ц.Мэнджаргал, С.Батнасан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар ШХХ-, ЕЧХ-, ХЯШ-, ХШБ-, ЛЖФ-, Н- нарт холбогдох эрүүгийн 1902008940336 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ШХХ, 1979 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Фү Жиан мужид төрсөн, 42 настай, эрэгтэй, бага сургууль төгссөн, мэргэжилгүй, ам бүл 7, эцэг, эх, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Монгол Улсад тодорхой оршин суух хаяггүй, ял шийтгэлгүй,

            2. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ЕЧХ, 1971 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Фү Жиан мужийн Нан ан хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бага дунд сургууль төгссөн, тариачин мэргэжилтэй, ам бүл 5, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Монгол Улсад тодорхой оршин суух хаяггүй, ял шийтгэлгүй,

            3. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ХЯШ, 1981 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Фү Жиан муж, Чуан Жаү хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, Монгол Улсад тодорхой оршин суух хаяггүй, ял шийтгэлгүй,

            4. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ХШБ, 1978 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Фү Жиан муж, Жиэ Ши суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хууль зүйн мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, 2 хүүхдийн амьдардаг, Монгол Улсад тодорхой оршин суух хаяггүй, ял шийтгэлгүй,

            5. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ЛЖФ, 1992 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуан Ши муж, Жуан үндэстний Өөртөө засах орны Сан Жиан Тун суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт амьдардаг, Монгол Улсад тодорхой оршин суух хаяггүй, ял шийтгэлгүй,

            6. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Н, 1991 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөрмонголын Өөртөө Засах орны Улаат гацаанд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцаа мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн амьдардаг, Монгол Улсад тодорхой оршин суух хаяггүй, ял шийтгэлгүй,

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ШХХ- /-/, ХЯШ- /-/, ЕЧХ- /-/ нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Юнион Бюлдинг” цогцолборын 1, 3, 4, 6, 7, 12 дугаар давхруудад “Ви Чат” /We chat/, “Дун Фан Цай Фү” /Dongfang Caifu/, “Тунхуа шүнь Цайжин” /Tonghuashun/, “Вэйтуо Жяо И” /Weituoxiadan/, “Тунда Шинь Жинрун Жундуань” /Tongda/, “Телеграм” /Telegram/, “Кюү Кюү” /QQ/,“Скайп” /Skype/ зэрэг цахим хэрэгсэл ашиглан хуурамч хаяг үүсгэж, улмаар хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авахад шууд чиглэсэн залилах гэмт хэрэг үйлдэх зорилгоор зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан,

- зохион байгуулалттай гэмт бүлэгт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Н- /-/, ХШБ- /-/, ЛЖФ- /-/ нарыг элсүүлэн, гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөж, бэлтгэсэн,

мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ШХХ- /-/, ХЯШ- /-/, ЕЧХ- /-/, Н- /-/, ХШБ- /-/, ЛЖФ- /-/ нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Юнион Бюлдинг” цогцолборын 1, 3, 4, 6, 7, 12 дугаар давхруудад 180 хүнийг тус тус байрлуулж, олон тооны өндөр үзүүлэлт бүхий суурин компьютер, зөөврийн компьютер, гар утас зэргийг ашиглан “Ви Чат” /We chat/, “Дун Фан Цай Фү” /Dongfang Caifu/, “Тунхуа шүнь Цайжин” /Tonghuashun/, “Вэйтуо Жяо И” /Weituoxiadan/, “Тунда Шинь Жинрун Жундуань” /Tongda/, “Телеграм” /Telegram/, “Кюү Кюү” /QQ/,“Скайп” /Skype/ зэрэг цахим сүлжээнд хуурамч хаяг үүсгэж, улмаар хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авахад шууд чиглэсэн залилах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдэхийг завдсан,

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Н- /-/, ХШБ- /-/, ЛЖФ- /-/ нар нь ШХХ- /-/, ХЯШ- /-/, ЕЧХ- /-/ нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Юнион Бюлдинг” цогцолборын 1, 3, 4, 6, 7, 12 дугаар давхруудад “Ви Чат” /We chat/, “Дун Фан Цай Фү” /Dongfang Caifu/, “Тунхуа шүнь Цайжин” /Tonghuashun/, “Вэйтуо Жяо И” /Weituoxiadan/, “Тунда Шинь Жинрун Жундуань” /Tongda/, “Телеграм” /Telegram/, “Кюү Кюү” /QQ/,“Скайп” /Skype/ зэрэг цахим хэрэгсэл ашиглан хуурамч хаяг үүсгэж, улмаар хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авахад шууд чиглэсэн залилах гэмт хэрэг үйлдэж ашиг олох зорилгоор зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн,

            Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Н- /-/, ХШБ- /-/, ЛЖФ- /-/, ШХХ- /-/, ХЯШ- /-/, ЕЧХ- /-/ нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Юнион Бюлдинг” цогцолборын 1, 3, 4, 6, 7, 12 дугаар давхруудад “Ви Чат” /We chat/, “Дун Фан Цай Фү” /Dongfang Caifu/, “Тунхуа шүнь Цайжин” /Tonghuashun/, “Вэйтуо Жяо И” /Weituoxiadan/, “Тунда Шинь Жинрун Жундуань” /Tongda/, “Телеграм” /Telegram/, “Кюү Кюү” /QQ/,“Скайп” /Skype/ зэрэг цахим хэрэгсэл ашиглан хуурамч хаяг үүсгэж, улмаар хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авахад шууд чиглэсэн залилах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдэхийг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: ШХХ- /-/, ХЯШ- /-/, ЕЧХ- /-/ нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар, Н- /-/, ХШБ- /-/, ЛЖФ- /-/ нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ШХХ-, ЕЧХ-, ХЯШ- нарыг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ХШБ-, ЛЖФ-, Н- нарыг зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ШХХ-, ЕЧХ-, ХЯШ-, ХШБ-, ЛЖФ-, Н- нарыг залилах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ШХХ-, ЕЧХ-, ХЯШ- нарыг тус бүр 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ХШБ-, ЛЖФ-, Н- нарыг тус бүр 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар ШХХ-, ЕЧХ-, ХЯШ-, ХШБ-, ЛЖФ-, Н- нарыг тус бүр 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ШХХ-, ЕЧХ-, ХЯШ-, ХШБ-, ЛЖФ-, Н- нарт энэ тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, ШХХ-, ЕЧХ-, ХЯШ- нарын эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар, ХШБ-, ЛЖФ-, Н- нарыг эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ШХХ-, ЕЧХ-, ХЯШ-, ХШБ-, ЛЖФ-, Н- нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ШХХ-, ЕЧХ-, ХШБ-, ЛЖФ-, Н- нарын тус бүр 671 хоног, ХЯШ-ий 610 хоног тус тус цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар орчуулагч нарт төлөх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 6.400.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүү хуваан гаргуулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ШХХ-, ЕЧХ-, ХЯШ- нараас тус бүр 318.431 төгрөг, нийт 955.291 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч “Unitel Group” ХХК-д олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого буюу эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн эд зүйлсийн жагсаалт /9 дүгээр хавтаст хэргийн 61-87, 91-106/, үнэлгээний тайлан /11 дүгээр хавтаст хэргийн 208-229/, битүүмжилсэн 38-08 УБХ улсын дугаартай “Тoyota Alphard” загварын автомашин нь Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын 3 дугаар хэсгийн автомашины гаражид, эд мөрийн баримтаар тооцсон хавсралт “2-4” дээр дурдсан эд зүйлс болон бэлэн 23.215.000 төгрөг, 1000 юань зэрэг мөнгөн тэмдэгт нь Эрүүгийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд, мөн хавсралт “1” дээр дурдсан 126 нэр төрлийн эд зүйлс нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Юнион Бюлдинг” цогцолборын “С” блокийн 3 давхрын 1-5 дугаартай өрөөнүүдэд тус тус хадгалагдаж /эд зүйлсийг албадан борлуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу орчуулагчийн хөлс 6.400.000 төгрөг, нарын бусдад учруулсан 955.291 төгрөгийг “Unitel Group” ХХК-д тус тус олгож, илүү гарсан мөнгийг улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаартай “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ШХХ-ы эзэмшилд байгаа 38-08 УБХ улсын дугаартай “Тoyota Alphard” загварын автомашиныг битүүмжилсэн” тухай тогтоолыг хүчингүй болгож, нэр бүхий 6 шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Нэг. Миний бие өөрт холбогдох хэргийн материалтай танилцаагүй, мөрдөгч надад огт танилцуулалгүйгээр гарын үсэг зуруулсан байдаг.

Хоёр. Миний бие Ц.Энхцогт гэх хүнийг огт танихгүй байхад тэрээр “...Энхцогт, Итгэлт, Баяржаргал гэх гурван хүний хамт уулзалт тохирон “Юнион Бюлдинг” цогцолборын 16 давхарт уулзаж гэрээ байгуулсан” /9хх 221-223/ гэж миний эсрэг огт худал мэдүүлэг өгсөн. Уулзаж байгааг харуулсан камерын бичлэг байдаггүй.

Гурав. С.Ядамсүрэнгээс “...биднийг Өвөрмонгол Нарсаа гэх орчуулагч хариуцаж өглөө оройд бүртгэдэг байсан...” гэж мэдүүлдэг. Миний бие зөвхөн орчуулагчийн ажил хийж байсан, тухайн үед ямар ч хүнийг бүртгэж цагдаж байсан удаа байхгүй.

Дөрөв. Миний бие зөвхөн орчуулагчийн ажил хийж байсан байхад намайг “Хуан Дон Хай” залилангийн бүлэглэлийн гэж байгаа нь үндэслэлгүй. Мөн гэмт бүлэглэлийн гишүүн гэдгийг олж тогтоох мөрдөн шалгах ажиллагаа яаж явагдаж нотлогдсон нь үндэслэлгүй байх тул мөрдөгч болон прокурорын гаргасан шийдвэрт гомдолтой байна.

Тав. “...Өвөрмонгол, Хятал хоёр хүн ирсэн. Тэр хоёр хүн намайг суурин компьютерт холбогдож байдаг. Интернет сүлжээнд холбогдож чадах уу гэж асуусан...” /9хх 249/ гэх мэдүүлэг нь худал. Миний бие П.Болдбаярыг огт танихгүй. Мөн тус компани дээр Хятад хүн дагуулж очиж ажлын санал тавьсан гэдэг нь худал гүтгэлэг юм.

Зургаа. Намайг гэм буруутайд тооцсон нотлох баримтууд дунд байх /2хх 55/ нотлох баримт нь үндэслэлгүй. Мөн тус нотлох баримтыг би олж үзээгүй. Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд явагдаагүй. Түүнчлэн гэрч Жан Фэн гэх хүнийг би огт танихгүй байхад түүний өгсөн мэдүүлэг намайг яаж нотлоод буйг ойлгохгүй байна.

Долоо. Миний гэрчээр өгсөн “...би арын ажлыг хариуцсан захирлаар ажиллаж байсан. 10.000 юанийн цалинтай ажиллаж байгаа. 2019 оны 9 дүгээр сард компанийг төлөөлөн 1 давхрын ресторан, 3, 4, 5, 6, 7, 12 давхруудыг түрээслэн гэрээнд гарын үсэг зурсан...” гэх мэдүүлэг нь худал. Миний бие огт ийм мэдүүлэг өгөөгүй. Би орчуулагчийн ажил хийж байсан болохоос залилангийн бүлэглэлийн гишүүн болж ажиллаж байсан удаа байхгүй.

Найм. Фан Гуа Фөн болон бусад таван хүн хоорондоо “Ви чат” групп чаттай гэдгийг миний өмгөөлөгч надад хэлсэн. Иймээс миний бие нь тус групп чатад байдаггүй тул Фан Гуа Фөн болон бусад хүмүүсийн юу ярьж тохиролцож байсныг би мэдэх боломжгүй. Энэ нь намайг Фан Гуа Фөн болон бусад хүмүүстэй гэмт хэргийн хамтран гүйцэтгэгч биш болохыг нотлох баримт болно.

Ес. Тухайн үед ШХХ- нь “Нэг бүс-Нэг зам” цахим бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж итгүүлэн итгэл үнэмшил төрүүлж ажилд авсан. Хэрэв ШХХ- болон бусад хүмүүс надад ямар хэрэг хийх гэж буйгаа, мөн ямар хэрэгт орооцолдуулах гэж буйгаа хэлсэн бол миний бие уг гэмт хэрэгт оролцохгүй байсан. Мөн иргэний үүргээ биелүүлэг цагдаа, шүүхийн байгууллагад мэдэгдэж сэрэмжлүүлэх байсан. Тийм учир миний бие ШХХ- болон бусад хүмүүсийн байгуулсан гэх “Хуан Дон Хай” гэмт бүлэглэлийн хохирогч болсон байхад намайг гэмт хэрэгтэн гэж үзэж гэм буруутайд тооцон яллаад байгаад гомдолтой байна.

Арав. Миний бие Эрээн хотоос оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнд огт хамааралгүй. Тухайн үед орж ирж байсан эд бараа, материал зэргийг хаана авчрах ёстойг зааж өг гэж хэлсэн захирлын хэлсний дагуу орчуулагчийн үүргээ гүйцэтгэн хэл гэснийг нь дамжуулан хэлснээс өөр зүйлгүй.

Арван нэг. Миний бие 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон. Тухайн үед ямар гэмт хэрэгт шалгагдаж байгаагаа мэдээгүй. Мөн мөрдөгч надаас хагас дутуу байцаалт авсан байхад тэр нь шийтгэх тогтоол дээр бичигдсэн /9хх 119/ ба миний мэдэхгүй шинэ мэдүүлгүүд гарч ирсэн байдаг. Мөн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр анхан шатны шүүхэд өөрийн ямар ажил эрхэлдэг болон ямар учраас Монгол Улсад ирсэн, тус компанид ямар ажил эрхэлж байсан зэргээ үнэн зөвөөр бичиж хүргүүлсэн. Тус өргөдлийг шүүгчийн туслах хүлээж авсан бөгөөд шүүх бүрэлдэхүүн авч хэлэлцэнэ гэж хэлсэн боловч шүүх хуралдаан дээр уг өргөдөл алга болсон.

Арван хоёр. Тус компанийг хуулийн зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулаг том компани гэж дотроо итгэж үнэмшин өсөн дэвжиж, илүү сайхан амьдрах чин хүсэл өвөрлөн үнэн сэтгэлээсээ тус компанид үнэнчээр ажиллаж байсан. Миний бие залилан хийх, гэмт хэрэг үйлдэх ямар ч бодол сэдэл байхгүй. Тухайн хүмүүсийг би гэмт хэрэгтэн гэж мэдээгүй. Том компанийн захирлууд гэж бодож явсан. Тийм учир хуулийн өмнө эрх тэгш байх, шударга байх зарчмыг баримтлан гэм буруугүй болохыг тогтоож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н-гийн өмгөөлөгч Ц.Мэнджаргал, С.Батнасан нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ц.Мэнджаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Нэг. Зохион байгуулалттай гэмт бүлэглэлд элссэн гэх гэмт хэргийн тухайд:

Монгол Улсын Дээд шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 10 дугаартай тогтоолд “Зохион байгуулалттай бүлэг гэдэгт гэмт хэрэг үйлдэх явдлыг орлогын эх үүсвэр болгоно. Зохион байгуулалттай бүлэг нь урьдчилан тохиролцсон бүлэг этгээдээс ялгагдах гол шинж нь бүлгийн гишүүд гэмт хэрэг үйлдэх явдлыг орлогын эх үүсвэр болгох зорилгоор урьдчилан нэгдэж зохион байгуулалтад орсон байхаас гадна, энэхүү үйл ажиллагаагаа тогтвортой эрхлэх зорилготой байна. Өөрсдийгөө гэмт хэргийн замаар орлого олж байгаагаа бүрэн ухамсарлах явдал байна.” гэжээ. Гэтэл манай үйлчлүүлэгч анх 2015 онд Монгол Улсад суралцахаар ирсэн. Энэ бол түүний зорилго. Сургуульд сурсан хүн мэдээж зах зээл дээр гарч ажил хийх хэрэгтэй. Ингээд 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 5 дугаар сар хүртэл “Эм Эн Эс Си Жи” ХХК-д орчуулагчаар ажиллаж байгаад нутаг буцсан. 2019 оныхоо намар түүний танил ах Алтансүхийн компанид ажиллах байсан боловч тухайн компани дээр маргаан үүссэн учир асуудал цэгцэртэл өөрийн өмнө нь ажиллаж байсан компанидаа ажиллаж, ядаж байрны түрээсийн мөнгөө олъё гэж түр ажиллахаар шийдсэн. Түүнээс биш ямар нэгэн гэмт хэрэг үйлдэх, түүнд оролцох хүсэл зорилго огт байхгүй байхад түүнийг хэдхэн гэрчийн мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, шийтгэх тогтоолын /28 дугаар хуудас/ “...Н-г гэм буруутайг нотлох баримт гээд ... бүлэглэлийн гишүүн гэх /2хх 55/ энэхүү баримт нь өөрөө эх сурвалж нь тодорхойгүй баримт байна. Өөрөөр хэлбэл, энэхүү нотлох баримт нь 1989 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаарх эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээг зөрчин явуулсан хүсэлтийн дагуу ирүүлсэн хариу бөгөөд хариу ирүүлэхдээ Н-г ямар баримт, ямар нотлох баримтаар гэмт бүлгийн гишүүн гэж нотлогдоод байгаа нь бусад нотлох баримтыг хавсаргаж ирүүлээгүй байдаг. Хүнийг ингэж ямар ч эх сурвалжгүйгээр хоморголон яллана гэдэг нь манай Үндсэн хуульд заасан тэгш байдал, шударга ёс, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, “...хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн зорилго, зорилтыг мөн зөрчиж байна. Мөн шүүх ... гэрч Жан Фэн мэдүүлэхдээ “...манай эхнэр Ли Ли Ру нь Камбожид 8 дугаар сарын үед очиж Жан Ян Чин нарын хамт залилангийн үйл ажиллагаа эрхлэх болсон ... гол зорилго нь бусад хувьцааны багш гэх дүр нь хэчнээн мундаг болохыг илрүүлэх, улмаар жирийн гишүүдийн итгэлийг олж тэд нарыг өөрийн компанийн платформд татан оруулах тухайн санхүүгийн бүтээгдэхүүнийг худалдан авах зорилго агуулж байсан. Санхүүгийн бүтээгдэхүүний танилцуулж амжаагүй тэр үе шатандаа хүрээгүй байтал Монголын цагдаад баригдсан /Зхх  83/ гэжээ. Энэ гэрчийн мэдүүлэг миний үйлчлүүлэгч Н-тай яаж холбож байгааг ойлгохгүй байна. Тодруулбал /2хх 79-232/ Хятад Улсаас ирсэн байцаалтын тэмдэглэлүүд /залилангийн бүтэц зохион байгуулалт хэрхэн залилангийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг талаар ярьдаг бөгөөд энэхүү тэмдэглэлүүдэд Н-г оролцож байсан талаар нэг ч гэрчийн мэдүүлэг байдаггүй/. Мөн /4хх 8-178/ урдаас ирсэн байцаалтын тэмдэглэлүүд байх бөгөөд Н- талаар дурдсан мэдүүлэг нэг ч байхгүй. Гэтэл ямар ч утгагүй Жан Фэн гэх Хятад хүний мэдүүлгээр тухайн мэдүүлэгт Н-г дурдсан нэг ч үг өгүүлбэр байхгүй байхад шүүхээс Н-г гэм буруутайг нотлох баримтууд гээд оруулж ирж байгаа нь үнэхээр харамсалтай бөгөөд ямар ч үндэслэлгүй байна. Дээрээс нь миний үйлчлүүлэгч Н- Камбож Улсад огт очиж байгаагүй. Мөн Жан Ян Чин гэдэг хүнийг огт танихгүй. Харин Жан Ян Чин гэдэг хүн нь энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан хүмүүсийг урьж авчирсан, сургалт зохион байгуулдаг, урьж авчирсан хүмүүстээ утас, компьютер хэрэгсэл тарааж өгдөг. Хүмүүсийг буудлаас гарч болохгүй гэж цагддаг гэх мэт гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүд байдаг. Тодруулбал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ван Чун Лин /9хх 176-177/, Лин Гуо /9хх 178-179/, Лю Жун /9хх 216-217/, Хө Биао /9хх 218- 219/, Ху Жи Дун /9хх 224-225/ нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Миний үйлчлүүлэгч Н- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 8 удаа мэдүүлэг өгсөн байхаас шүүхийн иш татаад байгаа энэхүү гэрчийн мэдүүлэгт /13хх 177-182/ “...сарын цалин 5000 юань, буудлын 1, 3, 4, 6, 7, 12 давхрыг түрээслэх гэрээг Баяржаргал гэдэг хүн бэлдэж авчирсан, харин гэрээнд хэн гарын үсэг зурах вэ гэдэг асуудлыг Фүжиан аялгаар яриад байсан, би огт ойлгоогүй...” гэх, гэтэл түүний мэдүүлгийг ийнхүү мушгин гуйвуулж түүний өгсөн мэдүүлгийг өөрийнх нь эсрэг ашиглаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Хоёр. Залилах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэглэл үйлдэхийг завдсан гэх гэмт хэргийн тухайд:

Дээрх үйлдлийг хэрхэн яаж гүйцэтгэсэн нь тодорхойгүй, шийтгэх тогтоолд дурдаад байгаа нэр бүхий гэрчүүдийн мэдүүлэгт манай үйлчлүүлэгч Н-г огт дурдагдахгүй байхад ямар үндэслэлээр түүнийг залилангийн гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэж тогтоогоод байгаа нь ойлгомжгүй байна. Мөн дээрх цахим хэрэгслүүдийг ашиглахад гар утас болон компьютер зайлшгүй шаардлагатай болно. Гэтэл манай үйлчлүүлэгч Н-гийн утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /8хх 163-165/-д байдаг бөгөөд хэрэгт ач холбогдолтой нотлох баримт юу ч байдаггүй. Мөн Н-гийн ашиглаж байсан гэх хар саарал өнгийн зөөврийн компьютерт үзлэг хийхэд хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй. /8хх 141-158, 159-162, 163-165, 167-175, 177-178, 179-181, 182-210, 213, 243/ Шүүгдэгч нарын гар утсанд хийсэн тэмдэглэлүүд байх бөгөөд тухайн тэмдэглэлүүдэд манай үйлчлүүлэгч Н-тай холбогдсон хэрэгт ач холбогдолтой мэдээлэл огт байхгүй. Зөвхөн дарга удирдлагынхаа даалгасан өдөр тутмын ажлыг л хийдэг байсан хүн. Ийм байхад манай үйлчлүүлэгч Н-г өндөр үзүүлэлт бүхий компьютер, гар утас зэргийг ашиглан “Ви Чат” /We chat/, “Дун Фан Цай Фү” /Dongfang Caifu/, “Тунхуа шүнь Цайжин” /Tonghuashun/, “Вэйтуо Жяо И” /Weituoxiadan/, “Тунда Шинь Жинрун Жундуань” /Tongda/, “Телеграм” /Telegram/, “Кюү Кюү” /QQ/,“Скайп” /Skype/ зэрэг цахим хэрэгслүүдээр хуурамч хаяг үүсгэж бусдыг залилахыг завдсан гэж буруутгаж байгаа нь үнэхээр өрөөсгөл байх бөгөөд ямар ч нотлох баримтгүй, ийнхүү буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1-21 хүртэлх хавтаст хэргийг бүхэлд нь судлахад, мөн шийтгэх тогтоолын үндэслэл болсон бичгийн нотлох баримтуудад манай үйлчлүүлэгч Н- нь Монгол Улсад Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэдийг авчирсан, урьсан, буудал түрээсэлсэн, бусад гэрээ, хэлцэл байгуулсан, залилангийн үйл ажиллагаанд оролцсон, гүйцэтгэсэн, компьютер, гар утас, өөр бусад эд зүйл хилээр оруулж ирсэн, машин техник худалдаж авсан гэх зэрэг үйл ажиллагаануудтай холбоотой үйлдэл хийсэн гэх түүнийг дурдсан гэрчүүдийн мэдүүлгүүдэд нэг ч байхгүй. Гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэх үйлдлийн талаар мөн Монгол Улсаас бусад оронд үйлдэгдсэн гэмт хэрэгт оролцсон хэлбэр эрүүгийн хэрэгт оролцсон оролцоог хуульд заасны дагуу тодорхойлох, тогтоох ажиллагаа хийгдээгүй, гэмт хэргийн улмаас учирсан хор хохирол нарийн бүрэн гүйцэд тогтоогдоогүй хамтран бүлэглэсэн гэх хэргийн оролцогч нарын хувийн байдал хоорондын харилцааг бүрэн гүйцэд тогтоох ажиллагаа хангалттай хийгдээгүй байх ба манай үйлчлүүлэгч тухайн гэмт хэргүүдийг үйлдсэн нь үйл баримтаар хангалттай нотлогдохгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдал бүрэн тогтоогдохгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Н-д холбогдох хэргийг бүхэлд хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н-гийн өмгөөлөгч С.Батнасан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н-гийн эхнэр нь Монгол Улсад ажиллаж, амьдардаг учраас эхнэртэйгээ хамт ажиллаж амьдрах зорилгоор Монгол Улсад ажил хайж ирсэн. Шүүгдэгч нарын мэдүүлгээр Н- нь зөвхөн орчуулга хийж байсан бөгөөд өөрөө энэ хэрэгт санаатай нэгдээгүй болох нь тогтоогддог. Иймд Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүний цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч ШХХ-, ЕЧХ- нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй, хэт яллах талыг барьж, миний үйлчлүүлэгч нарын эрх зүйн байдлыг илтэд дордуулсан үзэж байна. Шийтгэх тогтоолд ЕЧХ-г гэм буруутайд тооцож дүгнэхдээ Б.Пүрэвдоржтой байгуулсан “Юнион Бюлдинг” барипгын 1, 3, 4 давхар болон үүнд дагалдах 3 ширхэг автомашины зогсоолыг түрээсэлсэн түрээсийн гэрээ /18хх 177/, шүүгдэгч ЕЧХ-гийн гэрчээр өгсөн “...ШХХ-ы өмнөх компанид хөрөнгө оруулж байсан, одоо бол түүний компанид нярваар ажилладаг...” гэх мэдүүлэг, гэрч Э.Хурцаагийн “... “Би Эм Эн Си Эн Жи” ХХК-ийг 2018 оны 4 дүгээр сард байгуулж, 25 хувийн хувьцааг эзэмшдэг, тус компанийн 55 хувийн хувьцааг ШХХ- ззэмшдэг, Энхболд, ЕЧХ- нар тус бүр 10 хувийн хувьцааг эзэмшдэг...” гэх мэдүүлэг зэрэг 3 нотлох баримтыг л үндэслэсэн байх ба нотлох баримтуудыг хэрхэн үнэлж дүгнэсэн, яг ямар баримтыг үндэслэн шүүгдэгч ЕЧХ-г гэмт бүлэглэн зохион байгуулсан гэж үзэж байгаа талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Нэг. Эрүүгийн хуулийн 20.3 дугаар зүйлд заасан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах гэмт хэрэг нь “гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан” гэмт үйлдэл байх талаар хууль тогтоогч Эрүүгийн хуульд тодорхой тусгасан. Миний үйлчлүүлэгч ЕЧХ- нь тухайн Хятад хүмүүсийн хоол хүнсэнд хэрэглэх ногоог тогоочийн зааврын дагуу захуудаас худалдан авч, хүргэж өгөх, цэвэрлэгээ хийх, шал жорлон угаах ээрэг үүргийг гүйцэтгэж байсан. Цахим орчинд битгий хэл энгийн хэрэглээний компьютер асааж, хэрэглэж огт чаддаггүй, 3 дугаар анги төгссөн, бага боловсролтой, бусад этгээдүүдийг удирдан зохион байгуулах, гэмт бүлэглэлд элсүүлэх чадвар боломжгүй, өөрийн дансаараа нэг ч гүйлгээ хийж байгаагүй, Монгол Улсад эзэмшдэг дансгүй, өөрийнх нь хэрэглэж байсан гар утаснаас үзлэг нэгжлэгээр нэг ч цахим гэмт хэрэгтэй холбоотой ямар нэгэн сэжигтэй үйлдэл, баримт илрээгүй /8хх 176/. Зөвхөн цалин авч нярваар ажиллаж байсан, хэн нэгнийг удирдаж, үүрэг даалгавар өгч байгаагүй талаараа удаа дараа мэдүүлсэн ба энэ байдал нь ч хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Мөн ШХХ-, ЕЧХ- нар нь гэмт бүлэглэл байгуулсан, бусдыг гэмт бүлэгт элсүүлсэн үйлдэл хийгээгүй, ямар нэгэн гэмт бүлэглэлийн гишүүн огтоосоо биш болох нь объект, субъектийн судалгаа асар өндөр түвшинд хөгжсөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Цагдаагийн газраас хоёр улсын эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу Монголын талаас хүргүүлсэн даалгаврын хариуд 18 дугаарт “ЕЧХ- гэдэг хүний оролцоо тодорхойгүй” гэж, 19 дугаарт “ШХХ- “Юнион Бюлдинг”-ийн аж ахуйг хариуцсан хүн” /2хх 54-59/ зөвхөн түрээсэлсэн объектыг давхар түрээслэн, нэг хүний 50 юаниар ажлын хөлсөө тооцож авахаар тохиролцон ажиллаж байсан” гэх үйл баримтыг нотлон тогтоосон шууд эх сурвалж юм.

Яллах дүгнэлтэд тусгагдсан гэмт бүлэг байгуулсан гэх хугацаа нь 2019 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байх ба тухайн гэмт бүлэг байгуулсан гэх өдөр нь гэмт бүлгийг байгуулалцсан гээд байгаа ХЯШ- Монгол Улсад ч байгаагүй болох нь  хилээр орсон гарсан лавлагаа /14хх 248-250/-аар тогтоогддог. Гэтэл прокуророос Монгол Улсад байгаагүй хүнийг Монголд гэмт бүлэг байгуулсан гэж дүгнэсэн байгаа нь мөн л хууль зүйн үндэслэлгүй байна.

Хоёр. Залилах гэмт хэргийн хохирогч нь гэмт хэрэгтэнтэй бодит байдлаар харилцаж байгаа, оюун ухамсар бүхий хувь хүн байх бөгөөд гэмт хэрэгтний зүгээс ашиглаж буй хууран мэхлэх арга хэрэгсэл, үйлдэлд өөрийн зүгээс дүн шинжилгээ хийж, хариу үйлдэл гаргаж байгаа этгээдийг ойлгодог. Гагцхүү энэ бодит харилцаанд орох явцдаа төөрөлдөх нь залилах гэмт хэргийн хохирогч болох үндсэн нөхцөл болдог. Харин гэмт хэрэг үйлдэхийг завдах нь Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй” байхыг ойлгох талаар хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэхийг завдах гэдэг нь гэмт этгээд хохирогчийг залилан мэхлэхэд чиглэсэн, хохирогчид хандсан идэвхтэй үйлдэл хийсэн, ямар нэгэн байдлаар харилцаанд орсон байхыг шаардаж байгаа юм. Гэтэл эрүүгийн 1902008940336 дугаартай хэрэгт хохирогч тогтоогддоггүй бөгөөд бодитоор хэнийг залилсан, эсхүл хэнийг залилахыг завдсан болох талаар мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлын 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5 дахь заалтад заасныг бүрэн гүйцэд нотолж чадаагүй. Мөн 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /10хх 88-98/-ийн 7 дахь заалтад “...хууль бусаар бусдын сүлжээнд халдсан гэх мэдээлэл байхгүй байна” гэж тусгагдсан байдаг ба шүүгдэгч нар нь гэмт бүлэглэл байгуулсан гэж үзэх үндэслэлгүй. “Юнион Бюлдинг” барилгад Хятад ажилтнуудыг байршуулсан, түрээсийн гэрээ байгуулсан, ажилтнуудад зориулж засч тохируулсан зэрэг нь гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэх үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хайж олсон, шинээр хийсэн, засч тохируулсан, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсон, гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой нөхцөл зориуд бүрдүүлснийг гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэх гэнэ” гэх заалтад хамрагдах үндэслэлтэй гэж үзэж байна.

Гурав. Шийтгэх тогтоол /29 хуудас/-д “...Хэдийгээр дээрх хэрэгт Жан, Пан гэх захирлууд оролцоотой талаар гэрчүүдийн мэдүүлгүүд авагдсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэлээ...” гэж тусгасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өмгөөлөгч миний зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд тус хэрэгт хамааралтай, тус хэргийг гардан гүйцэтгэсэн, шүүгдэгч нарыг “өндөр цалин хөлстэй ажил байна” гэж итгүүлэн, гэмт хэргийг зохион байгуулсан, жинхэнэ гэм буруутан ял шийтгэл хүлээвэл зохих этгээд байж болзошгүй Фан Гао Фөн, Жан Ян Чин нарыг биечлэн оролцуулах шаардлагатай талаарх хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. Гэтэл шүүх дээр дурдсан дүгнэлтийг тусгасан нь Фан Гао Фөн, Жан Ян Чин нар нь тус гэмт хэрэгт хамтран оролцсон боловч прокурор тус хүмүүсийг яллаагүй учир шийдвэрлэхгүй гэх байдлаар хандаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд ял завших боломжийг олгосон, шударга ёсонд нийцээгүй хууль бус шийдвэр болсон талаар дурдах нь зүйтэй байна.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ШХХ-, ЕЧХ- нарыг ХЯШ-тэй бүлэглэн зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, зохион байгуулалттай гэмт бүлэг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэх хэргийн зүйлчлэлд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч ХЯШ-, ХШБ-, ЛЖФ- нарын өмгөөлөгч Ч.Атарболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч нарын хувьд гэмт бүлэглэлийг зохион байгуулж оролцсон зүйл байхгүй. Харин тухайн үйл ажиллагаанд тусалж дэмжсэнээрээ гэмт хэргийн зарим шинж чанарыг агуулж байна гэдэг. Өмгөөлөгчийн хувьд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хойшлуулшгүй таслан сэргийлэх арга хэмжээ авснаас хойш оролцож байгаа бөгөөд энэ хэргийн гол зохион байгуулагч Фан Гао Фөн, Жан Ян Чин нарыг мөрдөгч, прокурор нар аль хэдийн гаргаж явуулсан. Үүний дараа прокуророос Фан Гао Фөн гэх хүний нэрийг дурдсан хүмүүсийн гэрчийн мэдүүлгийг үндэслэж тэднийг ялласан. Үүний зөв эсэхийг шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэнэ байх. ...” гэв.

Шүүгдэгч ШХХ- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч ЕЧХ-гаас тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

Шүүгдэгч ХЯШ-ээс тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

Шүүгдэгч ХШБ-ээс тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

Шүүгдэгч ЛЖФ- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би олон улсын гэмт хэрэгт холбогдсоноо өөрөө ч ойлгохгүй байгаа бөгөөд энэ асуудалд үнэхээр их харамсаж байна. Би ямар нэг хууль зөрчсөн асуудалд оролцох, эсхүл тийм үйлдэл гаргана гэж огт боддоггүй, би хууль дүрмийг хүндэлнэ. Хоригдож байх хугацаанд надад маш хүнд байсан бөгөөд 2 жилийн хугацаанд гэрийнхэнтэйгээ холбогдож чадаагүй, эцэг, эх маань ямар байгааг сайн мэдэхгүй, гэрээ үнэхээр их санаж байна. Энэ хэрэг үүссэнээс хойших хугацаанд би ганцаараа эмэгтэй хүн байж ийм хэрэгт холбогдоод өдий хүртэл явж байгаадаа сэтгэл өвдөж байна. Иймд шүүх бүрэлдэхүүн надад нэг удаа боломж олгоод гэртээ харих боломж олгож өгнө үү. Надад маш хүнд байна. ...” гэв.

Прокурор Ц.Гансүлд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Н- хэргийн материалтай танилцуулаагүй гэж ярьж байна. Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусч хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлэх үед Н- болон бусад шүүгдэгч нарын хувьд хэлмэрч, орчуулагч нарыг байлцуулж өмгөөлөгч нарт хэргийн материалыг 7 хоногийн хугацаанд бүрэн уншиж танилцуулсан. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргийн материалтай уншиж танилцах хүсэлт гаргасны дагуу танилцуулсан. Тиймээс Н-гийн хэлж байгаа хэргийн материалтай танилцуулаагүй гэх тайлбар огт үндэслэлгүй. Шүүгдэгч Н-, түүний өмгөөлөгч Ц.Мэнджаргал, С.Батнасан нар  хэргийн материалтай танилцаж гарын үсэг зурсан тэмдэглэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно. Шүүгдэгч Н- зөвхөн орчуулагч хийж байсан тул уг асуудлыг мэдэхгүй гэж ярьж байгаа ч тэрээр анх ШХХ-тай уулзаж, Хятад Улсын иргэдэд орчуулга хийхээр харилцан тохиролцож тухайн газар ажиллаж эхэлсэн байдаг. 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Н- болон ШХХ-, ХЯШ-, ЕЧХ- нараас өгсөн үүрэг даалгаврын дагуу Хятад Улсаас ирэх 180 гаруй иргэдийн Монгол Улсад ирж үйл ажиллагаа явуулах газар буюу зочид буудлыг судлах, удирдлагуудтай уулзах, буудлын багтаамж, түрээсийн үнэ хөлс, ямар интернетийн шугам сүлжээг оруулж ирж үйл ажиллагаа явуулах талаар бүх асуудалд оролцож Монгол хэлний орчуулга хийж явсан гэх үйл баримт тогтоогддог. Зөвхөн орчуулгын үйл ажиллагаа явуулж, бүх явагдаж байсан асуудлуудыг мэдэхгүй гэж байна. Мөн түүний өмгөөлөгчийн зүгээс уулзаж байсан, гэрээ байгуулсан зэрэг гэрчүүдийн мэдүүлэг худал, үндэслэлгүй гэж ярьж байна. Зөвхөн Н-гийн мэдүүлгийг үндэслэж бусад гэрчүүдийн мэдүүлгийг хэрхэн няцаан үгүйсгэж байгаа нотлох баримтуудаа дурдаж хэлсэнгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу холбогдох гэрч нараас болон бусад Н-гийн холбогдсон хэргийн талаар нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлсэн. Гар утсанд нь үзлэг хийсэн ба ямар нэг нотлох баримт гарч ирээгүй гэж байна. Гэтэл шүүгдэгч ШХХ-ы утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр Н-тай холбогдсон талаарх баримт мэдээллүүд бүгд хэрэгт авагдсан. Энэ нотлох баримтуудаар Н- нь тухайн зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн, уг гэмт бүлгийн Монгол Улсын нутаг дэвсгэрээс хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг төөрөгдөлд оруулж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэх явцад нь оролцож байсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогддог. Хуан Дон Хай гэмт бүлэгт оролцоогүй гэдэг асуудал яригдаж байна. Гэтэл Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт 800 гаруй Хятад иргэд хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэдэг дуудлага, мэдээллийн дагуу Тагнуулын Ерөнхий газар, эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад энэ асуудлыг шалгаж эхэлсэн. Хуан Дон Хай гэдэг асуудлаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эрх бүхий байгууллагуудаас болон мөрдөн байцаах албанаас ирж Монгол Улсад мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний дагуу тухайн этгээдүүдийн үйлдэж байсан гэмт хэргийн үүрэг оролцоог тодорхойлуулж Монгол Улсад ирүүлсэн. Үүний дагуу Н-, ШХХ- нарын асуудал холбогдож гарч ирсэн. ШХХ-ы хувьд 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр анх Монгол Улсын нутаг дэвсгэрт “Эм Эн Эс Си Жи” ХХК-ийг үүсгэн байгуулж, тухайн компанийн 55 хувийг өөрөө эзэмшиж, 5 хувийг ЕЧХ- эзэмшиж, Монгол Улсын нутаг дэвсгэрт ямар нэгэн үйл ажиллагаа явуулахаар орж ирсэн байдаг. Монгол Улсын нутаг дэвсгэрт 2018 оны 9 дүгээр сараас эхлэн шүүгдэгч ШХХ-, ХЯШ-, ЕЧХ- нар “Юнион Бюлдинг” гэх зочид буудалд байрлаж, Монгол Улсын нутаг дэвсгэрт явуулах үйл ажиллагаагаа судалж эхэлсний үндсэн дээр Монгол Улсын бүртгэлтэй 2 аж ахуйн нэгж байгууллагуудын нэрээр жуулчны виз болон аяллын виз, G ангиллын визүүдийг захиалж, нийт 186 Хятад иргэдийг оруулж ирж, хувьцаа худалдах ажиллагаанаасаа орлого олж байгаа мэтээр бусдыг төөрөгдөлд оруулах буюу цахим хэрэгсэл ашиглаж гэмт хэрэг үйлдэх санаа зорилгыг гаргаж, гэмт хэрэг үйлдэж байсан гэх үйл баримт тогтоогдсон. Өмгөөлөгч Ц.Дэлгэрням нь ШХХ-, ХЯШ-, ЕЧХ- нарыг зөвхөн хангамж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан буюу 00-ын өрөө угааж байсан, хоол бэлтгэж байсан хүмүүс болохоос ямар нэгэн цахим хэрэгсэл ашиглаж залилах гэмт хэрэг үйлдээгүй, тухайн гэмт бүлэгт элсээгүй гэж байна. Гэтэл тухайн гэмт бүлэг байгуулах асуудлыг 2018 оны 9 дүгээр сараас эхлэн ШХХ-, ХЯШ-, ЕЧХ- нар Монгол Улсын нутаг дэвсгэрт байхдаа гэмт бүлгийг байгуулж, улмаар тухайн этгээдүүдийг элсүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон. Эдгээр хүмүүс тухайн үед гэмт хэрэг үйлдэх зорилгоор явуулж байсан үйл ажиллагаанууд нь маш тодорхой байдаг. Цахим хэрэгсэл ашиглаж хувьцаа худалдах ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг төөрөгдөлд оруулах гэмт хэргийг үйлдэхэд ЕЧХ- болон бусад шүүгдэгч нарын хувьд зочид буудалд байрлан ажиллаж байгаад Хятад иргэдийн техник, тоног төхөөрөмж, байрлах буудал, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нь зориулж аж ахуйн нэгж хариуцах, бараа материал татах асуудлыг хариуцаж санаатай үйлдлүүдийг хэрэгжүүлж байсан нөхцөл байдал хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний дагуу ирүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон тогтоогдсон гэж үзсэн. Улмаар прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхээс ял шийтгэл оногдуулсан. Өмгөөлөгч Ч.Атарболд, Ц.Дэлгэрням нарын зүгээс хэрэгт хамааралтай Фан Гао Фөн, Жан Ян Чин нарыг прокурор, мөрдөгч нар санаатайгаар гаргаж явуулсан мэтээр ярьж байна. 2019 оны 11 дүгээр сард Гадаадын иргэдийн харьяатын газрын даргын тушаалаар уг гэмт хэргийг гол зохион байгуулж үйл ажиллагааг нь явуулж байсан хэсэг бүлэг этгээдүүдийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэр болон Монгол Улсын нутаг дэвсгэрт ажиллагаа явуулж хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзсэний үндсэн дээр 759 иргэдийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэр рүү албадан гаргуулж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын мөрдөн байцаалт явуулах эрх бүхий байгууллагуудад шилжүүлэн өгсөн. Энэ байгууллагуудаас хэрэгт холбогдуулан Жан Ян Чин, Фан Гао Фен нарыг шалгаж байгаа талаараа Монгол Улс руу албан тоот ирүүлсэн. Түүнээс биш прокурор, мөрдөгчийн зүгээс гэмт хэргийг гол удирдан төлөвлөж, зохион байгуулж, үйл ажиллагааг нь явуулж байсан хүмүүсийг гаргаж явуулсан асуудал байхгүй. Энэ гэмт хэргийг гол зохион байгуулж, гардан гүйцэтгэж байсан, бүлэглэн оролцсон 6 этгээдийг зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт “Юнион Бюлдинг” гэх газарт үйл ажиллагаа явуулж байсан гэдгээр нь холбогдуулан шалгаж шүүхээр шийдвэрлэгдсэн. Нөгөө талаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэд гэдэг байдлаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан шашин шүтлэг, үндэс угсаагаар нь гадуурхсан мэтээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлэгдсэн гэж тайлбарлаад байна. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хилийн халдашгүй дархан байдалд хохирол учруулахуйц гэмт хэрийг санаатай бүлэглэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон. Түүнээс биш эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа зөвхөн Хятад иргэн гэдэг байдлаар ялгаварлан гадуурхаж, хэргийг үйлдсэн гэж үзэж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан зүйл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу энэ асуудлыг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

- Монгол Улсын нутаг дэвсгэрт явуулсан үйл ажиллагаа, түүнд оролцсон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэдийн үйлдэл оролцоо, болсон үйл явдлын талаар мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Д.Б /“Unitel Group” ХХК-ийн жижиг дунд байгууллагын борлуулалтын хэлтсийн менежер ажилтай/-гийн “...Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэний захиалгаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юнион Бюлдинг” цогцолборт 90 мб-ын хурдтай интернетийг ашигласан байна. Нийт төлбөр нь 4.355.291 төгрөг болсон. Барьцаа хөрөнгийг суутгаад үлдэгдэл интернет ашигласан төлбөр болох 955.291 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /9хх 109-111/,    

- гэрч ЖЧ /-/-ын “...би 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсад аяллын визээр ирсэн. “...“Юнион” нэртэй буудалд компьютер, гар утаснуудыг хооронд нь холбож худалдаа хийнэ” гэж тэнд байсан хүмүүс ярьж байсан. Гэхдээ бид арай үйл ажиллагаагаа эхлээгүй байсан. Би сард 5000 юанийн цалинтай ажилладаг. Би   интернетийн “58 Тун Чан” гэсэн сайтаас анх зар хараад энэ ажлын талаар мэдсэн. ... Намайг буудалд ирэхэд компьютер бэлдчихсэн байсан. ...” /9хх 113-114/,

- гэрч ЛШШ /-/-ийн “...би 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсад аяллын визээр ирсэн. “...“Юнион” нэртэй буудалд компьютер, гар утаснуудыг хооронд нь холбож худалдаа хийнэ” гэж тэнд байсан хүмүүс ярьж байсан. ...” /9хх 115-117/,

- шүүгдэгч Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн “...Монгол-Хятадын нэг бүс нэг замын эдийн засаг худалдааны нийгэмлэг компанид 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн орчуулагчаар ажиллаж байна. Уг ажилд намайг ШХХ- гэдэг хүн зуучилж тус компанийн А Шэн, ХШБ-, Ү овогт зэрэг хүмүүстэй танилцуулснаар би ажилд орсон. 10 дугаар сарын эхнээс дунд хүртэлх үед “Univision”, “Sky Media” зэрэг компаниудтай харилцаж “Юнион Бюлдинг”-ийн 12, 7, 6, 4 давхрын зарим өрөөнүүдэд интернетийн сүлжээний утас тавиулж өгсөн. “Univision” компанид 660.000 төгрөг, “Sky Media” компанид 630.000 төгрөгийн төлбөр төлж байсан. Бас “Univision” компаниас дата эрх нэмэлтээр авахад нь орчуулга хийсэн. Түүний төлбөр нь 1.000.000 төгрөгөөс илүү болж байсан. Мөн би Эрээнээс Улаанбаатар хотод ирсэн ачаа барааг “Юнион Бюлдинг" дээр ирэхэд нь хүргэж ирсэн хүнд нь компаниас өгсөн мөнгийг дамжуулж өгөөд бараа хүлээж аваад дээшээ яриад ажилчдаа буулгаад бараагаа ав гэж хэлдэг. Дандаа жижиг ачааны машин дээр хайрцагтай ачаанууд ирдэг. Хайрцагнууд дээр миний утасны дугаарыг бичсэн байдаг. Энэ компаниас миний хамгийн их харилцдаг хүн ХШБ- юм. Түүнтэй гадуур явж ажилчдын хоол хүнсний зүйлсийг цуглуулж авдаг. Бусад хүмүүстэй нь харилцаад байдаггүй. Мөн би ажилд ороод удаагүй 10 дугаар сарын эхээр компанийн байрны түрээсийн мөнгө 500.000 гаруй юаньтай тэнцэх хэмжээний төгрөгийг түрээслэх компанийн данс руу шилжүүлж өгч байсан. ...” /9хх 123-124/,                                                                                           

- гэрч М.О /“Үүдэн домч” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай/-ын “...ШХХ- нь өнгөрсөн хавраас надаас “Энэ байрандаа онлайн худалдааны үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа” гэж ярьж байсан. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр надтай “Одкон Холдинг” ХХК-ийн байранд уулзаад “Манай үйл ажиллагаа эхлэх гэж байна. Өөрийн гэсэн хамгаалалтын ажилтантай баймаар байна. Хамгаалалтын алба олж өгөөч” гэж гуйсан. ...” /9хх 136-137/,

- шүүгдэгч ЕЧХ-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн “...би 2018 оны 8 дугаар сарын сүүлээр анх Монгол Улсад ирсэн. Монгол Улсад ШХХ- намайг дагуулж ирсэн. Би түүнээс хойш 5-6 удаа Монголд ирсэн. ШХХ- Монгол Улсад компани байгуулсан. Хамгийн сүүлд 2019 оны 9 дүгээр сарын сүүлээр орж ирсэн. Би одоо ШХХ-ы компанид няравын ажил хийж байгаа. ...” /9хх 149-150/,

- гэрч ВЧЛ /-/-гийн “...би Монгол Улсад 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр онгоцоор ирсэн. Жан захирал надад нэг “MI” загварын зөөврийн компьютерыг ажилдаа ашиглаарай гэж өгсөн. Компьютерээр “Ви Чат” хаяг худалдах, худалдан авах зорилгоор “Ви Чат”-аар хүмүүстэй харилцаж ажилладаг байсан. Мөн Жан захирлын заавраар bk.u636.com URL хаягтай лоттогийн удирдлагын систем дээр ажиллана нүдэлж хянадаг байсан. Лотто нь мөрийтэй тоглоом юм шиг байсан бөгөөд би дөнгөж танилцаж байсан учраас сайн мэдэхгүй байна. ...” /9хх 176-177/,

- гэрч ЛГ /-/-гийн “...би 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсад онгоцоор ирсэн. Би ирснээсээ хойш “Юнион Бюлдинг” цогцолборын 7 давхарт бусад олон тооны Хятадуудын хамт байрлаж байсан. Ирснээс хойш тодорхой ажил хийгээгүй бөгөөд Жан захирал бид нарыг “Үгэнд орох хэрэгтэй. Гадагшаа гарч болохгүй” гэж зааварчилсан. Мөн компьютер дээр ажиллах талаар цөөхөн удаа хичээл орсон. Жан захирал надад нэг “Thinkpad” загварын зөөврийн компьютер, “Huawei” загварын гар утсыг “Ажилдаа ашиглаарай” гээд өгсөн. Миний компьютер дээр Жан захирал банкны сайт шиг хаяг суулгаж өгсөн. Тэр сайтад зарим өдрүүдэд юань ороод ирчихсэн байдаг байсан. ...” /9хх 178-179/,

- гэрч Н.И /“МД ТОФ” ХХК-ийн ТУЗ-ын гишүүн ажилтай/-ийн “...“Юнион Бюлдинг” цогцолборын “С” блокийн 1, 3, 4, 6, 7, 12 давхруудыг 100 гаруй Хятад иргэд 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс түрээсийн гэрээ байгуулан 3 жилийн хугацаатайгаар түрээслэхээр гэрээ хийсэн байсан. Түрээсийн үнийн хувьд манай “С” блокийн 3, 4, 6, 7, 12 давхруудын нийт 5000м2 талбайг 1м2 40, 34 юаниар бодож юанийн ханшийг тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцдог. 1 давхрын хувьд рестораныг дангаар нь түрээсэлдэг. 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр түрээсэлснээс хойш орж ирсэн. Түрээсийн мөнгөн дүн нь барьцаатайгаа нийлээд 370.878.797 төгрөг байна. Барьцаа нь сарын түрээсийн мөнгөн дүнтэй тэнцэх хэмжээний бэлэн мөнгөн барьцаа байдаг. Түрээсийн гэрээ би өөрийнхөө нэрээр, Хятадуудыг төлөөлж ХШБ- гэж хүн хийсэн. ...” /9хх 180-181/,

- гэрч ВЖМ /-/-ийн “...2019 оны 4 дүгээр сард манай танил Ва ах, Ли ах Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэдийн урилга явуулаад өгөөч гэхээр 11-13 хүн урьсан санагдаж байна. Ямар зорилгоор гэдгийг мэдэхгүй урьсан хүмүүсээ ч танихгүй. “Лорекс” ХХК, “Тан-Ирээдүй” ХХК-ийн гэрчилгээний хуулбар, урьж байгаа хүмүүсийн паспортын хуулбар, урих тухай албан бичиг зэрэг ийм 3 зүйл бүрдүүлж Гадаад хэргийн яаманд өгсөн. ...” /9хх 192-193/,          

- гэрч Д.М-ын “...би Хятадууд байсан давхрууд руу орж үзээгүй. Оруулдаггүй, давхар болгоны хаалга дээр кодоор нэвтэрч орох цоожтой болохоор орж байгаагүй. Тухайн объектын 12 дугаар давхарт байсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэд нь бүгд л шахуу дарга нар байсан гэж ойлгосон. Учир нь 12 дугаар давхарт байсан хүмүүс нь нөгөө Хятад хүмүүсээ удирдаад байгаа харагдсан. Гадаа хүнсний зүйл ирэхэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэдээр зөөлгөх, ресторанд орж, гарч байгаа байдал, бусад хүмүүстэй харьцаж байгаа байдал зэргээс харахад 12 дугаар давхарт байсан хүмүүс нь арай өөр удирдах албан тушаалын хүмүүс шиг санагдсан. Таны харуулсан 5 хүний зургийг харлаа. Тухайн объектын 12 дугаар давхарт байсан орчуулагч Н- гэдэг хүн байна. Мөн тухайн 12 дугаар давхарт байрлах байсан 2 хүнийг захирал /ШХХ-, ЕЧХ-/ нь гэж хардаг байсан. ...” /9хх 200-201/,

- гэрч ЛЖ /-/-ны “...миний визийг Жан захирал хөөцөлдөж олж өгсөн. Намайг ирэхэд тэнд миний өмнө ирсэн 10 гаруй Хятад хүмүүс 7 дугаар давхарт байрлаж байсан. Дараа нь тэр хүмүүс интернет, “Ви Чат”-ын талаар сургалт явуулсан. Би боловсрол муутай болохоор компьютерын талаарх тэр сургалтыг сайн ойлгоогүй. Миний ойлгосноор тэдний үүсгэсэн “Ви Чат”-ын групп дээр хэрхэн найз нэмэх арга зэргийг зааж байсан. Намайг тэнд хэд хоноход өдөр бүр Хятад хүмүүс нэмэгдэж байсан. Жангаас юу хийх талаар асуухад “Чи хүлээж бай. Хөдөлмөрийн зөвшөөрөл авахад паспорт чинь хэрэгтэй” гээд миний паспортыг болон бусад хүмүүсийн паспортыг бүгдийг нь Жан авчихсан байсан. Зарим хүмүүс компьютер угсарсан ширээн дээр сууж байгаа харагдсан. Зарим нэгний компьютерын дэлгэцийг харахад “Сугалаа”, “Хятадын хөл бөмбөг” зэрэг Хятадад байдаг сугалааны логоны зураг харагдаж байсан. Сугалааг Хятадад хуулиар хориглодоггүй тул сугалаа нэрийн дор хууль бус мөрийтэй тоглоом түгээмэл байдаг юм. Би тэр сугалаа гэсэн ханзыг хараад мөрийтэй тоглоом байж магадгүй юм байна гэж ойлгосон. ...” /9хх 216-217/,                                                              

- гэрч ХБ /-/-гийн “...биднийг Монгол Улсад ирэхэд онгоцны буудлаас нэг Хятад хүн тосож аваад Монгол жолоочтой “Юнион Бюлдинг” руу автомашинаар хүргэсэн. Тэнд бидний гадаад паспортыг /нэрийг нь мэдэхгүй/ нэг Хятад хүн хурааж аваад 12 дугаар давхарт аваачсан. Оршин суух болон ажиллах зөвшөөрөл хөөцөлдөнө гэж паспорт хурааж авсан Хятад хүн хэлсэн. Тэнд гурван том өрөөнд олон тооны ор зассан байсан. Биднийг очсоноос хойш хүмүүс нэмэгдсээр цагдаагийн шалгалт ирэх үед 70 орчим болчихсон. Тэнд ирсэн хүмүүсийг онлайн интернет орчинд ямар нэгэн зүйл хийлгэхээр сургалт зохион байгуулж байсан. Сургалтыг Жан гэх Хятад хүн явуулсан. Миний байрлаж байсан 7 дугаар давхрын үйл ажиллагааг тэр сургалт явуулсан Жан гэдэг хүн удирдаж зохион байгуулсан. Бусад давхруудыг хэн зохион байгуулж байсныг би сайн хэлж мэдэхгүй ч тэнд байсан бусад Хятад хүмүүс Шү захирал гээд нэг хүний тухай яриад байсан. Тэр хүн тэндхийн үйл ажиллагааг удирддаг юм байна гэж би ойлгосон. Шү захирал гэх тэр хүнийг одоо хоригдон шалгагдаж байгаа гэдгийг дуулсан. Намайг анх очиход тэдгээр олон компьютер гар утас техникүүдийг тэнд байрлуулсан байсан. ...” /9хх 218-219/,

- шүүгдэгч ХЯШ-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн “...хамгийн сүүлд 10 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсад ирээд байна. 2017 оны 10 дугаар сараас хойш ШХХ-ыг “Юнион Бюлдинг” цогцолборт оффислож ажлаа хийдэг байсан. “Юнион Бюлдинг” цогцолборын 1, 3, 4, 6, 7, 12 давхруудад явуулж байсан үйл ажиллагааг ШХХ-, Фан Гао Фөн гэх хоёр Хятад хүн зохион байгуулж ажиллаж байсан. Тухайн цогцолборын 1, 12 давхрыг үйлчилгээний зориулалтаар, 3, 4, 6, 7 давхруудыг бусдад дамжуулан түрээсэлж байсан. 1 давхарт нийтийн хоолны газар, 12 давхарт тухайн үйл ажиллагааг зохион байгуулж байсан зарим хүмүүс болон үйлчилгээний буюу тогооч, үйлчлэгч гэх зэрэг аж ахуйн ажилтнууд байрлаж байсан. 3, 4, 6, 7 давхруудад байсан хүмүүсийг танихгүй ямар ч гэсэн тэдгээр хүмүүс интернет мөрийтэй тоглоомтой холбоотой гэдгийг мэдэж байна. Тэр хүмүүс интернет мөрийтэй тоглоомд хүмүүсийн хандалтыг үүсгэдэг ажлыг хийдэг байсан учраас тийм олон утастай байсан гэж бодож байна. Би энэ үйл ажиллагаанд зориулж хувиасаа ямар нэгэн хөрөнгө оруулаагүй. ШХХ-, Фан Гао Фөн нар надтай уулзаад Монгол Улсаас мөрийтэй тоглоом тоглуулах тусгай зөвшөөрлийг авсан гэж надад үзүүлээд хөрөнгө оруулаач гэж хэд хэдэн удаа санал тавьсан. Би бол махны үйлдвэрт хөрөнгө оруулна гэж хэлээд тухайн мөрийтэй тоглоомын ажилд хөрөнгө оруулаагүй. Харин би ШХХ-ы хэлсэн махны үйлдвэрт хөрөнгө оруулахаар хүлээж байсан. Жан гэдэг Бүгд Найрамдах Хятанд Ард Улсын иргэн 4, 6, 7 давхруудад мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж ажиллаж байсан. 3 давхар нь хоосон түрээслээгүй байсан. ШХХ-, Фан Гао Фөн нар нь Монгол Улсад дээрх үйл ажиллагааг явуулж болох байрыг түрээсэлж аваад Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Жан гэгчид түрээсийн үнийг нэмээд түрээслээд үйлчилгээг нь үзүүлээд дундаас ашиг олж байсан. ЛЖФ-, ЕЧХ-, ХШБ-, Н- нар нь ШХХ-ы удирдлагад ажилладаг хүмүүс байна. ЕЧХ- бол худалдан авалт болон захаас бараа материал татах зэрэг хангамжийн ажлыг хариуцдаг. ЛЖФ- нь үйлчилгээний доторх тооцоог хариуцдаг байсан. ХШБ- засварын ажлыг хийдэг байсан. Н- орчуулагч хийдэг. 4, 6, 7 давхарт байгаа компьютер, гар утас тоног төхөөрөмж, эд зүйлс нь Жан гэдэг хүний өмч байгаа. Харин 12 давхарт байгаа эд зүйлс нь ШХХ-ы өмч хөрөнгө юм. ...”  /9хх 202-206/,

- гэрч Ц.Э /“Skytel” ХХК-д өрх байгууллага бизнесийн алба байгууллага борлуулалтын хэлтсийн харилцагч хариуцсан менежер ажилтай/-ын “...2019 оны хавар /одоо сар өдрийг нь санахгүй байна/ “Нэг Өвөрмонгол залуу ирж уулзаад манайхаас нилээд хэдэн давхраар нь байр түрээслэх санал тавилаа” гэж манай менежер Баяржаргал надад хэлсэн. Би түүнээс “Юу хийх гэж тийм олон давхраар нь түрээслэх гэж байгаа юм бэ” гэж лавлаж асуухад “Компьютер, сайттай холбоотой ажил хийдэг хүмүүс гэсэн” гэж Баяржаргал надад хариулсан. Түүнээс хойш нэг хэсэг тухайн асуудал яригдаагүй. Манай байр хоосон байгаад л байсан. Тэгтэл 2019 оны 9 дүгээр сард Баяржаргал “Нөгөө Өвөрмонгол чинь ирчихсэн гэрээгээ хийе” гэж байна гэсэн. Тэгээд 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр түрээслэгч талын орчуулагч гэх Өвөрмонгол залуу “Юнион Бюлдинг”-ийн “Д” блокийн 16 давхарт байдаг манай оффист ирж Итгэлт, Баяржаргал бид гуравтай уулзаад “С” блокийн 1, 3, 4, 10, 11, 12 дугаар давхруудыг түрээслэхээр тохирсон. Тэд 2-3 жилийн хугацаанд түрээсэлнэ гэж ярьж байсан. Нэг метр квадрат талбайг сарын 40.430 юаниар түрээслэхээр хоёр талаас харилцан тохирсон юм. Тэгээд түрээсийн гэрээ хийж эхний гурван сарын түрээсийн мөнгө болох 300.000.000 төгрөгийг Итгэлт бид хоёрын эзэмшдэг данс руу шилжүүлэхээр гэрээнд зааж өгсөн. Гэрээг бид өөр өөрсдийн эзэмшдэг давхруудаар тус тусад нь байгуулсан. Түрээслэгч талаас ХШБ- гэдэг нэртэй Хятад хүн зурсан. Тэр хүнтэй бид нүүр тулж уулзалдаагүй. Өвөрмонгол залуу гэрээг авч яваад тийм нэртэй хүнээр зуруулаад буцааж авчирсан. Гэрээний урьдчилгааны эхний 120.000.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 200.000.000 орчим төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Итгэлтийн данс руу шилжүүлсэн. ...”/9хх 221-223/,

-  гэрч ХЗД-ийн “...одоогоос 2 сарын өмнө Жан захиралтай Хятад Улсад хоол идэж байгаад анх танилцсан. Жан захирал “Би Монгол Улсад нэг төсөл хэрэгжүүлэх гэж байгаа. Тэр ажилд туслаад өгвөл сард доод тал нь 10.000 юанийн цалин өгнө. Өөрөөсөө гадна 8 хүн нэмээд олчих” гэж хэлсэн. Тэгээд би яг ямар ажил хийх талаар нь асуухад “Интернет худалдаа, лотто тоглоом ажиллуулна, итгэлтэй хүн хэрэгтэй байна” гэхээр нь урьд онлайн худалдааны ажил хийж байсан болохоороо чадна гэж бодоод түүнд итгээд тэр ч надад итгээд миний болон манай найзуудын визний асуудлыг шийдэж өгсөн. Ингээд Монгол Улсад өөрийн найз нар болох тогооч Жан Фан, үл хөдлөхийн мэргэжилтэн Ши Зон Лин, машин борлуулагч Чен Дан, дүү охин Хү Ай Мэй, Хуан Тиан Шан, Дай Ша Сан, Зи Хао нарын хамт Монгол Улсад ирсэн. Тухайн үед бид нараас өөр Хятад 15-20 хүмүүс байсан бөгөөд бид нарыг “Юнион Бюлдинг” цогцолборын гадаа буулгасан. Тэгсэн бид нарыг үл таних Хятад хүн хүлээж аваад “Юнион Бюлдинг”-ийн 6 давхрын байр руу оруулаад тэндээ амьдарна гэж хэлээд явсан. “Сургалтад хамрагдана” гээд 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тэнд байсан Хятад хүмүүсийг бүгдийг нь зааланд оруулаад “Ви Чат”-аар хэрхэн эрэгтэй хүнтэй эмэгтэй хүн болж хулхидаад мөрийтэй, бооцоот тоглоомонд уруу татах вэ” гэсэн сэдвээр хичээл заасан. Тэгээд 27-ны өдөр гар утсаа бэлдээд 28-ны өдөр бид нарт Монгол дугаартай гар утас олгоод “Ви Чат”-аар Хятадуудтай харьцаж эхлээд байж байтал 29-ний өдөр цагдаагийн ажилчид биднийг саатуулсан. Миний хувьд хүнийг хуурч тус сайтад оруулаад хүмүүсийн хандалтыг ихэсгэх зорилготой байсан. Жишээлбэл би эрэгтэй хүн “Ви Чат”-ын эмэгтэй хаягаар түүнтэй яриа өдөөд бооцоот тоглоом тоглохыг санал болгоод урхиддаг байсан. Бид нар “Ви Чат”-аас гадна лоттонд хүмүүсийг татаж оруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг байсан. Энэ тоглоомын дүрэм маш энгийн тоглогч Лө Юөү Юн Шан нэртэй аппликейшн утсан дээрээ татаж аваад аккаунт нээгээд мөнгөө байршуулаад бүх төрлийн лотто, сугалаанд оролцож мөнгө олох боломжтой байдаг. Гэхдээ бид нар тоглохгүй зөвхөн хүмүүсийг татах үүрэг хүлээсэн. ...” /9хх 224-225/,

- гэрч С.Я-ийн “...би “Шонхор” хамгаалалтын албанд ажиллаж байсан. Биднийг Өвөрмонгол Нарсаа гэдэг орчуулагч хариуцаж өглөө, оройд бүртгэдэг байсан. Түүнээс өөр бидэнтэй Хятад хүн харьцаж байгаагүй. ... Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нэр бүхий 5 иргэний зургийг харуулахад эдгээр хүмүүсийг тухайн барилгад үүрэг гүйцэтгэж байхдаа харж байсан. Дараачийн хоёр хүн нь /Хуан Би Бин, ЕЧХ-/ хоол хүнс, бараа материал татах болон ойр зуурын зохион байгуулалтын ажпыг хариуцаж байсан. ШХХ- гэдэг нь бусдыгаа бодвол арай өөр байдалтай, тэднийгээ захирдаг болов уу гэмээр харагддаг байсан. ...” /9хх 228/,

- гэрч Э.Х-ийн “...Монгол Улсын “АХО” ХХК-ийг үүсгэн байгуулсан байсан. Би “Эм Эн Си Эн Жи” компанийг 2018 оны 4 дүгээр сард байгуулж, компанийн 25 хувийн хувьцааг эзэмшдэг. Хөрөнгө оруулагч нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ШХХ- гэдэг хүн байгаа. Тэр хүн 55 хувийн хувьцаа эзэмшдэг. Мөн 10 хувийн хувьцааг Монгол Улсын иргэн Энхболд эзэмшдэг. Үлдсэн 10 хувийн хувьцааг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ЕЧХ- гэдэг хүн эзэмшдэг. Гэхдээ энэ компанид эдгээр хүмүүсийн хэн нь ч нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй. Компанийн нэрийн тайлал гэвэл Монгол Хятадын шинэ нийгэм гэсэн утгатай. Тус компанийг байгуулах санааг анх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ШХХ- гаргасан. Компани байгуулахад гарах зардал болох 16.000.000 төгрөгийг надад ШХХ-ы найз Пан Бэн Сэн өгсөн. Монгол Улсад бараа зарах, сугалаа явуулах зорилготойгоор тус компанийг үүсгэн байгуулсан. ...” /9хх 233-235/,                                         

- гэрч Д.Б /“Монголиан Токен Майнинг Инвестмент Групп Корпорэйшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай/-ын “...“Юнион Бюлдинг” цогцолбор руу анх 2018 оны намар Хурцаатай хамт очиход орчуулагч гэсэн нүдний шилтэй өндөр Өвөр Монгол залуу болон захирал /Шүй гэж дуудаад байдаг/, тогооч гэх цагаан царайтай Хятад хүн байсан. Мөн Пан Бэн Сэнийг 2018 оны 9 дүгээр сард болон 2019 оны 4 дүгээр сард Монгол Улсад ирэхэд нь хамтдаа тус барилгын 12 давхарт очиж байсан. Пан хэлэхдээ энэ миний оффис гэж надад хэлж танилцуулж байсан. Пантай хамт очиход тус барилгад Шүй захирал болон нөгөө 2 орчуулагч, тогооч нар нь хамт байж байсан. 2019 оны хавар Хурцаа бид хоёрыг очиход Шүй гэдэг захирал нь олон тооны ор хэрэгтэй олоод өгөөч гээд Хурцаа бид хоёр Нарантуул зах ороод модон ор хийж зарж байгаа хүмүүстэй уулзаад “50 ширхэг ор хийлгэе”, “Юнион Бюлдинг” цогцолборын 4 давхарт хүргүүлэх захиалгыг өгсөн. Энэ залуу орчуулагч залуу байна гэж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Н-г заав. Мөн энэ миний Шүй захирал гэж яриад байгаа хүн байна гэж ШХХ-ы зургийг заав. Бас энэ тогооч гээд байсан цагаан царайтай залуу байна гэж ЕЧХ-гийн зургийг заагаад нөгөө хоёр хүнийг нь танихгүй юм байна. ...” /9хх 236-238/,

- гэрч Ц.Б /“Оорцогийн хөндий” ББСБ-д теллер ажилтай/-ийн “...Хаан банкны 5077214848 дугаартай данснаас Хаан банкны 5629038672, 5024458366 дугаарын данс руу 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр, 10 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд нийт 4 удаагийн гүйлгээгээр 370.878.797 төгрөгийг шилжүүлсэн. Энэ данс манай захирлын данс бөгөөд би захирлын данснаас интернет гүйлгээг хийдэг юм. Дээрх 4 гүйлгээний талаар ярихад Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 1 эмэгтэй, 2 эрэгтэй ирээд “Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас мөнгөн гуйвуулга хийх гэсэн юм. Танай банк бусад Бүгд Найрамдах Хятад Ард Улсын банкны данс байна уу” гэж асуухаар нь байгаа гэж хариулсан. Тэгэхэд тэр данс руу чинь юань хийгээд танаас Монгол төгрөг авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тариалан банкны дансыг өгсөн. Тэгсэн тэр хүмүүс интернетээр манай Тариалан банкны данс руу юань шилжүүлэхээр нь тухайн өдрийн ханшаар Монгол төгрөгийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэний энэ данс руу шилжүүл гэж хэлсэн. Таны надад харуулж байгаа зураг дээр байгаа энэ хүн бол надаар юань солиулсан харааны нүдний шилтэй Өвөрмонгол хүн мөн байна. Энэ хүн над дээр 4 удаа ирж байсан гээд  /Н-/-г зааж байв. Бас энэ жижиг биетэй халзандуу шингэн үстэй хүн мөн байна энэ хүн бас ирж байсан гээд /ХЯШ-/-г зааж байв. Мөн энэ эмэгтэй хамт ирж байсан. /ЛЖФ-/-г зааж байлаа. Эдгээр хүмүүс ирэхдээ зөөврийн компьютер барьж ирээд интернетээр гүйлгээ хийдэг байсан. Их муу санаатай Хятадууд байсан. Учир нь юань солиулахдаа 200.000 юань солиулахад шууд нэг дор бөөнд нь хийхгүй. 4 удаа 50.000 юаниар тасалж хийж байсан. Уг нь 200.000 юанийг бөөнд нь солиулж болох байтал хүлээж зогсож байгаад 4 удаа шилжүүлээд байгаа нь надад их сонин санагдсан. ... Өмнөх мэдүүлэгт дурдагдсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 3 иргэний шилжүүлэг хийсэн хуулгыг хэвлээд аваад ирлээ. 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр, 10 дугаар сарын 9, 10-ны өдрийн гүйлгээний хуулгыг гаргаж өгч байна. Шилжүүлсэн дансны дугаар нь 6217858400028781293 дугаартай ЛЖФ- гэдэг хүний данс байна. 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1 удаагийн 50.000 юанийн гүйлгээ нь өөр банкны өөр эзэмшигчтэй данснаас шилжүүлсэн байна. ...” /9хх 244-246/,

- гэрч П.Б /“Tedy” худалдааны төвд компьютерын засвар үйлчилгээ явуулдаг/-ын “...2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр намайг ажил дээрээ байж байхад нэг Өвөрмонгол, нэг Хятад хоёр хүн ирсэн. Тэр хоёр хүн намайг суурин компьютер интернет сүлжээнд холбож чадах уу гэж асуусан. Тэгээд би “Юнион” нэртэй газар очоод 7 давхарт нь гарахад 56 ширхэг компьютер 3 өрөөнд хуваагаад байрлуулсан байсан бөгөөд би тэнд байсан гар утас, компьютер зэргийг судлаад 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр тус газарт очоод холбосон. Тухайн уулзсан хоёр хүн нь Хятад бор царайтай, шонхор хамартай, өндөр нь 167 см орчим 35 орчим настай хүн байсан. Өвөрмонгол орчуулагч нь маш өндөр, харааны шил зүүсэн байсан. Нэрийг нь Нарс гэж байсан шиг санагдаж байна. ...”  /9хх 249/,

- гэрч Г.Б /“Ноёд” группийн захирал ажилтай/-ийн “...“Монгол Хятадын Нэг Бүс Нэг Зам” худалдаа хөгжлийн дэмжих холбооны гүйцэтгэх захирал нь Монгол Улсад оршин суудаг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Хурцаа гэдэг хүн байдаг. Тус холбооны гэрчилгээ, тамга тэмдэг нь Фан Гао Фөнд байгаа. ...” /10хх 1-2/,

- гэрч Б.З /Татварын Ерөнхий газрын дарга ажилтай/-ын “...2019 оны 5 дугаар сарын үед миний таньдаг Соёлтхүү гэдэг ах над руу утсаар яриад “Монголд бизнес хийх гэж байгаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэнийг явуулъя, зөвлөгөө өгөөд туслаад өгөөч” гэж хэлэхээр нь над руу явуулчихгүй гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 2 иргэн манай өрөөнд орж ирсэн. Нэг нь Өвөрмонгол хүн байсан. Нөгөөх нь Хятад хүн байсан. Одоо зүс царайг нь санахгүй байна. Тухайн хоёр хүн орж ирээд надад сангийн яамнаас гардаг “Эд мөнгөний хонжворт сугалааны тусгай зөвшөөрөл” гэсэн улаан хүрэн өнгийн бичиг үзүүлсэн санагдаад байна. Тэгээд надад хэлэхдээ “Бид нарын хүссэн бичиг биш, бид интернетээр бооцоот тоглоом явуулах гэж байгаа юм” гэж хэлэхээр нь манай улсад интернет бооцоот тоглоом явуулах тусгай зөвшөөрөл өгдөггүй гэж хэлж тайлбарлаад гаргаад явуулсан. ...” /10хх 3-4/,

- гэрч Х-ийн “...миний нөхөр Н- нь Улаанбаатар хотод байдаг “Юнион” барилгад Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ШХХ-ы компанид өдөр тутмын орчуулагчаар ажиллаж байсан. ...” /10хх 10-11/,                                                                                           

- гэрч Б.Э /“Unitel” ХХК-ийн шийдэл хөгжүүлэлтийн мэргэжилтэн ажилтай/-ын “...“Юнион Бюлдинг”-ийн “С” блокийн аль нэг давхарт очиж Н-тай уулзсан. Н- хэлэхдээ “10 мб-н хурдтай интернет авахаар болсон. Интернет ашиглах чиглэлээ онлайн худалдаагаар үйл ажиллагаа явуулах гэж байгаа” гэж хэлсэн. Хэрэглэгчийн зүгээс гэрээ хийхгүй байх боломжийг асуусан. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хэвлэл мэдээллээр хууль бус ажиллагаа явуулсан гэж мэдээлэл гарсан учир менежер Болормаа надад тус оффисын интернетийг хаах чиглэл өгсөн. ...” /10хх 15/,

- гэрч Б.А /“Unitel” ХХК-ийн байгууллагын борлуулалтын ахлах мэргэжилтэн ажилтай/-ын “...Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Гуо Юн Чуань /ПД:ЕС8579650/ гэх хүн надтай ирж уулзаад “Би Дорноговь аймагт байдаг уурхайд ажилладаг юм. Манай уурхай гаднаас их хэмжээний ажиллах хүч оруулж ирж байгаа. Тийм учраас ажилчид ашиглах дугаарууд хэрэгтэй байна” гэж хэлээд 350 ширхэг сим карт буюу дугаарыг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 160 ширхэг, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 200 ширхэг дугаарыг дээрх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн өөрийн нэр дээр худалдаж авсан. Үлдсэн дугааруудыг ямар хүний нэр дээр, хэзээ авсан талаарх асуудлыг мэдэхгүй байна. ...” /10хх 65/ гэсэн мэдүүлгүүд,

- 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Юнион Бюлдинг” төвийн 1, 3, 4, 6, 7, 12 дугаар давхарт үзлэг, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 25-27, 28-41, 42-46, 47-71, 72-85, 86-92, 122-132, 133-157, 158-162, 165-173, 174-193, 229-250/,

- дээрх ажиллагааны явцад Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нэр бүхий иргэдийн гар утас, иргэний бичиг баримтыг түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 194-218/,

- хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан эд хөрөнгийн жагсаалт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /9хх 62-76, 78-87/,

- хураан авсан зөөврийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 219/,

- Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эрх бүхий байгууллагаас эрх зүйн туслалцаа хүсэх тухай хүсэлт /2хх 9-28/,

- Улсын Ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 9/6183 дугаартай эрх зүйн туслалцаа хүсэх тухай албан бичиг /2хх 29-32/,

- Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Элчин сайдын яамны 469 дугаартай хүсэлтийн хариу /2хх 38-199, 3хх 1-250, 4хх 1-201/,

- 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ХШБ-ий өмчлөлийн “Huawei” загварын гар утсанд үзлэг хийсэн “...8616311, 80195161, 80735161, 80605161, 80245161 гэсэн 5 гар утасны дугаарыг зургаар явуулж энэ 5 дугаарыг нэгжээр цэнэглээд өгөөч. Н- гэсэн “Ви Чат”-аас ахаа 6 давхрын ширээний тавцан 32 ширхэг, сандал 100 ширхэг, 7 давхарт ор 15 ширхэг, сандал 105 ширхэг, 4-н давхарт ор 35 ширхэг...” гэсэн тэмдэглэл /8хх 141-158, 159-162/,

- 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Бүгд Найрамд Хятад Ард Улсын иргэн ЛЖФ-ий өмчлөлийн “IPhone X” загварын гар утсанд үзлэг хийсэн “...гал тогоо заавал 1 давхарт байх шаардлагатай. Хугацаа болгоны түрээсийн мөнгийг бүтэн жилээр нь төлнө...” гэсэн тэмдэглэл /8хх 163-165, 167-175/,

- 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ЕЧХ-гийн өмчлөлийн “Huawei”, “Honor” загварын гар утсанд үзлэг хийсэн “...модон ор 1 ширхэг нь 430 юань...” гэсэн тэмдэглэл /8хх 177-178/,

- 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Бүгд Найрамд Хятад Ард Улсын иргэн ШХХ-ы өмчлөлийн “Huawei” загварын гар утсанд үзлэг хийсэн “...Монгол Улсын   интернет сугалаа шинэ аж үйлдвэр нь Монгол Улсын эдийн засаг, Монгол Улсын “Жи Ди Пи” хурдтай нэмэгдэх хувь нэмэр оруулж, 100.000 дээш хүмүүсийн ажлын байрны асуудлыг шийдвэрлэнэ. Эхлээд туршилт явагдана. ... Бид Монгол Улсад Шинэ аж үйлдвэрийн бүс /интернет сугалаа/ байгуулж Монгол Улсын ойр орчмын орнуудын ард иргэдэд интернет үйл ажиллагаа явуулна. Монгол Улсын иргэдэд яасан ч үйл ажиллагаа явуулахгүй. ... Тэгэхдээ нэрэнд Монгол гэж гарчиглаж ашиглахгүй байж ч болно. Монгол НG онлайн бооцоот тоглоомын төв. Ийм байж бас болно. ... Су И Ла цэцэгийн данс руу 17.000 юань шилжүүлсэн шилжүүлгийн амжилттай болсон зургийг илгээсэн. ... Миний энд 200 хүн Монгол ирнэ. Виз нь хугацаа нь дуусмагц Монголоос гарахгүй эндээ мөнгөө төлөөд сунгах арга байна уу. Монголд ирээд 3 сар болоод хилээр гарна. ... Бооцоот тоглоомын тусгай зөвшөөрөл гарсан уу? Хэр хугацаанд гарч чадах вэ. Бооцоот тоглоомын гэрчилгээ зөвшөөрөл баттай гарах уу? Хэрвээ болно гэвэл ойрын хоёр хоногт нутаг буцаж мөнгө бэлдье...” гэсэн тэмдэглэл /8хх 179-181, 182-210/,      

- 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Бүгд Найрамд Хятад Ард Улсын иргэн ХЯШ-ий өмчлөлийн “IPhone X” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /8хх 213/,

- хураан авсан 46 ширхэг флаш дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /8хх 221-234/,

- Автотээврийн үндэсний төвийн “38-08 УБХ улсын дугаартай “Toyota Alphard” загварын автомашин нь ШХХ-ы өмчлөлд байна” гэх тээврийн хэрэгслийн лавлагаа /9хх 90/,

- уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаартай тогтоол /9хх 94-95/,

- 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газруудын хамтарсан компьютер техникийн шинжилгээний “1. Шинжилгээнд ирүүлсэн компьютерууд нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хувийн жижиг компанийн угсран 2015 оноос худалдаанд гаргасан “Asus, Lenovo, MI” загварын зөөврийн компьютерууд, “Rons”  загвараар дуурайлган хийсэн байж болзошгүй компьютер загвар нь тодорхойгүй саарал өнгийн компьютерууд байна. Гар утаснууд нь 2015-2018 оны хугацаанд танилцуулагдаж үйлдвэрлэгдэж байсан байна. 2. “Юнион Бюлдинг” барилгын 4, 6, 7, 12 давхруудад “ZTE TPlink Cisco” загварын нийт 12 ширхэг дотоод сүлжээ тохируулах төхөөрөмжүүд байсан ба /Router/ гадаад сүлжээний тохиргоонд “59.153.112.2”, “59.153.94.2”, “103.80.211.127” гэсэн “IР” хаягууд тохируулагдсан байна. Үүнээс “59.153.112.2”, “103.80.211.127” гэсэн хаягууд нь Юнивишн компанид бүртгэлтэй хаягууд байна. Гар утаснуудад Unitel компанийн сим картуудыг ашиглаж байсан байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн компьютеруудаас интернет хөтчийн программ ашиглаж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хайлтын систем болон худалдааны гэх мэт цахим хуудсууд руу хандалт хийсэн байна. Shadowsocks гэсэн нэртэй программ ашиглаж “47.108.24.138”, “120.25.236.5” гэх мэт Бүгд Найрамдах Хятад Ард Улсад байрлалтай хаяг руу холбогдож байсан байна. 4. Интернет орчинд харилцах программууд “QQ”, Wechat, Dongfang Caifu, Tonghuashun, Weituoxiadan, Tongda түлхүү суугдаж хоорондоо болон өөр бусадтай харьцаж байсан байна. Тэдгээрийн зориулалт, дэлгэрэнгүйг Хавсралт №7-д харуулав. Интернет орчинд цахим харилцааны “Telegram” программуудыг түлхүү суугдаж ашиглан өөр хоорондоо болон бусадтай харьцаж байсан. 5. Харилцааны программууд ашиглан өөр хоорондоо “.doc” төрлийн файл мэдээллээр зааварчилгаа, зөвлөмж, “.xls” төрлийн файл мэдээллээр тайлан, санхүүгийн баримт, “.txt” төрлийн файл мэдээллээр утасны жагсаалт, “.ехе” төрлийн файлаар ашиглагдах программ, хэрэглүүрийн суулгац зэрэг файлуудыг дамжуулсан байна. 6. Төхөөрөмжүүдэд нууцалсан болон кодолсон файлууд байхгүй байна. Нууц үг нь хадгалагдаагүй зарим “Wechat” “QQ messenger” болон “Tonghuashun” гэх программуудыг нээж үзэх боломжгүй байна. 7.            Дээрх төхөөрөмжүүдийг ашиглан Бүгд Найрамдах Хятад Ард Улсад бүртгэлтэй “47.108.24.138” гэх мэт “IР” хаяг болон www.lexinchina.com, http://bk.u636.com цахим хаягууд руу тогтмол хандалт хийсэн байна. Хууль бусаар бусдын сүлжээнд халдсан гэх мэдээлэл байхгүй байна. 8. “Юнион Бюлдинг” гэсэн нэртэй барилгын “С” блокийн 4 дүгээр давхарт байрлах 30 дугаартай компьютерт гэсэн нэртэй файл байх бөгөөд www.lexinchina.com нэртэй цахим хуудсын хаяг, нэвтрэх нэр “[email protected]”, нууц үгийн “asdasd258” хамт хадгалагдаж байна. www.lexinchina.com цахим хуудсыг ашиглан утасны дугаараар “Wechat” программд нийтээр зурвас /Mass messenger/ бичиж илгээдэг зориулалт бүхий платформ байна. 2019 оны 10 дугаар сарын 24, 25, 28-ны өдрүүдэд тухайн платформыг ашиглаж нийт 11 удаагийн оролдлогоор “Сайн байна уу. Би тантай өмнө нь холбогдсон ажилтан байна. Энэ бол бидний санал болгож байгаа “Wechat” группийн дугаар 13534988585. Та хэсэг хугацааны дараа энэ группийг нэмнэ үү. Танд амжилт хүсье“ гэсэн утгатай зурвасыг 4645 утас руу давхардсан тоогоор 5194 удаа илгээснээс 2115 нь амжилттай болж 2530 бүтэлгүйтсэн гэсэн мэдээлэл байна. Мөн “Desktop” гэсэн байршилд утсаар холбогдох автомат хариулагчийн программ ашиглах заавар гэсэн утгатай файл бичгийн болон дүрс бичлэгийн хэлбэрээр хадгалагдаж байна. Уг дүрс бичлэгийн файлд “101.132.140.243:9898/admin” гэсэн цахим хаягаар орж ажиллах зааварчилгаа харуулсан байна. Дээрх байршилд 2 хүнтэй автомат хариулагч ярилцаж байгаа аудио файл байна. Үүнд: Анх хүнд хувьцаа хэрхэн санал болгох талаар мөн сонирхсон хүмүүс буцааж залгасан үед ямар харилцан яриа үүсгэх болон өөрийгөө юу гэж танилцуулах асуултад хэрхэн хариулах талаарх заавруудыг хадгалагдаж байна. Иймд тус буудалд байрлах төхөөрөмжүүдийг ашиглан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын гар утасны дугаарын жагсаалт үүсгэж тухайн дугаарууд уруу ярих болон нийтээр зурвас илгээх замаар хүмүүсийг олж өөрсдийн группд оруулж итгэл төрүүлэх замаар итгэлийн олж хувьцааны арилжаа хийлгэх нэрээр хуурамч хувьцааны зах зээлд оруулах, сошиал сүлжээнд “Lotto” бооцоот сугалааны систем “http://bk.u636.com”-д бүртгүүлэн мөрийтэй тоглоом тоглуулж байсан байх боломжтой байна. 9.                                                        “Юнион Бюлдинг” гэсэн нэртэй барилгын “С” блокийн 4 дүгээр давхарт байрлах компьютеруудад хувьцааны талаарх зааварчилгаа бүхий бичгийн болон дүрс бичлэгийн файлууд хадгалагдаж байна. Тухайн файлууд нь хүнтэй хэрхэн эелдэг ярьж өөрсдийн “Ви Чат” программын группд элсүүлэх талаар, хэрхэн баг бүрдүүлж хүмүүсийг татах талаар, багшийн дүртэй гишүүнийг хэрхэн магтах талаар, утасны дугаарын жагсаалт, хүмүүсийг группд хуваарилж, суралцаж байгаа зэргээр нь ялгаж оруулсан жагсаалт байна. /хувьцааны кодтой-үнийн дүн бүртгэгдсэн огноо/, хүмүүсээ тандаж асуусан асуултын хариуг бүртгэсэн жагсаалт, ямар гишүүд ямар ямар хүмүүстэй харилцаж байсан жагсаалт, “MA JIAN KE, QIO XU” нарын хувийн дансны орлого зарлагын бүртгэл “Ви Чат” хаяг худалдаж авсан мөнгөн дүнгийн жагсаалт гэх мэт утга агуулгатай мэдээллүүд байна гэжээ. ...” гэх дүгнэлт /10хх 88-98/,

- “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 01/06 дугаартай шинжээчийн “...126 төрлийн хөрөнгийн зах зээлийн үнийг 966.461.416 төгрөгөөр үнэлсэн тухай...” дүгнэлт /11хх 208-248/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ШХХ- /-/, ХЯШ- /-/, ЕЧХ- /-/ нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Юнион Бюлдинг” цогцолборын 1, 3, 4, 6, 7, 12 дугаар давхруудад “Ви Чат” /We chat/, “Дун Фан Цай Фү” /Dongfang Caifu/, “Тунхуа шүнь Цайжин” /Tonghuashun/, “Вэйтуо Жяо И” /Weituoxiadan/, “Тунда Шинь Жинрун Жундуань” /Tongda/, “Телеграм” /Telegram/, “Кюү Кюү” /QQ/, “Скайп” /Skype/ зэрэг цахим хэрэгсэл ашиглан хуурамч хаяг үүсгэж, улмаар хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авахад шууд чиглэсэн залилах гэмт хэрэг үйлдэх зорилгоор зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан,

- зохион байгуулалттай гэмт бүлэгт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Н- /-/, ХШБ- /-/, ЛЖФ- /-/ нарыг элсүүлэн, гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөж, бэлтгэсэн,

мөн ШХХ- /-/, ХЯШ- /-/, ЕЧХ- /-/, Н- /-/, ХШБ- /-/, ЛЖФ- /-/ нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Юнион Бюлдинг” цогцолборын 1, 3, 4, 6, 7, 12 дугаар давхруудад 180 хүнийг тус тус байрлуулж, олон тооны өндөр үзүүлэлт бүхий суурин компьютер, зөөврийн компьютер, гар утас зэргийг ашиглан “Ви Чат” /We chat/, “Дун Фан Цай Фү” /Dongfang Caifu/, “Тунхуа шүнь Цайжин” /Tonghuashun/, “Вэйтуо Жяо И” /Weituoxiadan/, “Тунда Шинь Жинрун Жундуань” /Tongda/, “Телеграм” /Telegram/, “Кюү Кюү” /QQ/,“Скайп” /Skype/ зэрэг цахим сүлжээнд хуурамч хаяг үүсгэж, улмаар хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авахад шууд чиглэсэн залилах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдэхийг завдсан,

Н- /-/, ХШБ- /-/, ЛЖФ- /-/ нар нь ШХХ- /-/, ХЯШ- /-/, ЕЧХ- /-/ нартай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Юнион Бюлдинг” цогцолборын 1, 3, 4, 6, 7, 12 дугаар давхруудад “Ви Чат” /We chat/, “Дун Фан Цай Фү” /Dongfang Caifu/, “Тунхуа шүнь Цайжин” /Tonghuashun/, “Вэйтуо Жяо И” /Weituoxiadan/, “Тунда Шинь Жинрун Жундуань” /Tongda/, “Телеграм” /Telegram/, “Кюү Кюү” /QQ/,“Скайп” /Skype/ зэрэг цахим хэрэгсэл ашиглан хуурамч хаяг үүсгэж, улмаар хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авахад шууд чиглэсэн залилах гэмт хэрэг үйлдэж ашиг олох зорилгоор зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн,

Н- /-/, ХШБ- /-/, ЛЖФ- /-/, ШХХ- /-/, ХЯШ- /-/, ЕЧХ- /-/ нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Юнион Бюлдинг” цогцолборын 1, 3, 4, 6, 7, 12 дугаар давхруудад “Ви Чат” /We chat/, “Дун Фан Цай Фү” /Dongfang Caifu/, “Тунхуа шүнь Цайжин” /Tonghuashun/, “Вэйтуо Жяо И” /Weituoxiadan/, “Тунда Шинь Жинрун Жундуань” /Tongda/, “Телеграм” /Telegram/, “Кюү Кюү” /QQ/,“Скайп” /Skype/ зэрэг цахим хэрэгсэл ашиглан хуурамч хаяг үүсгэж, улмаар хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авахад шууд чиглэсэн залилах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдэхийг завдсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдсон байна.

Ингэхдээ шүүгдэгч ШХХ- нь 2018 оны 9 дүгээр сараас эхлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт “Эм Эн Эс Си Жи” ХХК-ийг үүсгэн байгуулж, тухайн ХХК-ийн дийлэнх хувьцааг шүүгдэгч ЕЧХ-гийн хамтаар эзэмшиж эхэлсэн бөгөөд шүүгдэгч ШХХ-, ЕЧХ-, ХЯШ- нар нь Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт үйл ажиллагаа явуулахаар судалж эхэлсний үндсэн дээр тус улсад бүртгэлтэй аж ахуй нэгж байгууллагын нэрээр жуулчны болон аялалын визүүдийг захиалж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын олон тооны иргэдийг ажиллах хүчин болгон оруулж ирсэн, шүүгдэгч Н- нь Хятад иргэдэд орчуулга хийхээр харилцан тохиролцож, дээрх шүүгдэгч нараас өгсөн үүрэг даалгаврын дагуу 2019 оны 9 дүгээр сараас эхлэн Монгол Улсад орж ирэх олон тооны Хятад иргэдийг ажлын байр, техник хэрэгслээр хангахтай холбогдсон өдөр тутмын бүхий л асуудалд оролцсон бол шүүгдэгч ЕЧХ-, ХШБ- нар нь тухайн зочид буудлын давхрууд, автомашины зогсоол зэргийг урт хугацаанд түрээслэх гэрээг өөрсдийн нэрээр байгуулж, бараа материал татах, засвар үйлчилгээтэй холбогдсон ажлуудыг, шүүгдэгч ХЯШ-, ЛЖФ- нар нь үйл ажиллагаанд зарцуулагдах мөнгөн хөрөнгө, тооцооны асуудлыг тус тус хариуцаж байсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед тэдгээрийн өөрсдийн өгсөн  мэдүүлгүүдээр тодорхойлогдсон, энэ нь бусад гэрчүүдийн мэдүүлэг, холбогдох бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогджээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ШХХ-, ЕЧХ-, ХЯШ-, ХШБ-, ЛЖФ-, Н- нар нь тухайн зочид буудлыг урт хугацаагаар түрээслэх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирсэн олон тооны Хятад иргэдийг зочид буудлын давхруудад тараан байрлуулж, үйл ажиллагаа явуулахад нь идэвхтэй оролцсон, тухайлбал зочид буудалд техник, тоног төхөөрөмжүүдийг байршуулж, олон тооны бараа бүтээгдэхүүн, гар утас, компьютер, техник хэрэгслийг хилээр оруулж ирэх, Хятад иргэдийг суурьшин амьдрах, ажиллахад шаардлагатай хэрэгцээ нөхцлөөр хангах, түүнд зарцуулагдах мөнгөн хөрөнгийг татан төвлөрүүлэх зэргээр дээрх гэмт хэргүүдэд нэгдмэл санаа зорилгоор, зохион байгуулалттайгаар бүлэглэн, үйлдлээрээ хамтран оролцжээ.

Гэмт хэргийг бүлэглэн үйлдэх гэдэг нь үүргээ хуваарилах эсхүл хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зорилгоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл юм.

Энэ хүрээнд гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хүрэхийн тулд хамтын хүчин чармайлт гаргаж улмаар хүч нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзлэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдааны явцад зайлшгүй нотолбол зохилтой байдаг.

Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг бөгөөд энэ нь хамтран оролцохын ердийн хэлбэр юм. Энэ тохиолдолд гэмт хэрэг үйлдэхэд хоёр ба түүнээс дээш хүн оролцож, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хамтран хэрэгжүүлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх хангалттай үндэслэл болно.

            Гэмт хэрэг үйлдэх үе шат гэж гэмт санаа бодлоо илэрхийлэхээс эхэлж, түүнийгээ бодит байдлаар хэрэгжүүлэхээр бэлтгэх, гэмт хэрэг үйлдэж эхлэх, үйлдэж дуусгах /төгсгөх/ гэсэн хэд хэдэн тодорхой дэс дараатайгаар хэрэгжүүлж буй гэмт үйл ажиллагааны хөгжлийн үйл явц юм.

            Гэмт хэрэгт бэлтгэх гэж тодорхой гэмт хэрэг үйлдэгдэх урьдчилсан нөхцөл, боломжийг урьдаас төлөвлөж, санаатайгаар бүрдүүлэхэд чиглэгдсэн гэмт этгээдийн идэвхтэй үйл ажиллагааг хэлнэ. Гэмт хэрэгт бэлтгэх онцлог нь объектод халдаагүй, харин гэмт хэрэг үйлдэж, хохирол, хор уршиг бий болгоход чиглэсэн бололцоо нөхцлүүдийг бүрдүүлдгээрээ бусад үе шатаас ялгагдах ба нийгмийн аюулын хувьд харьцангуй бага байдаг.

            Гэмт хэрэгт завдах гэж гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл буюу эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн гэм буруутай этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй, өөрөөр хэлбэл тодорхой гэмт хэргийн объектив талыг хэрэгжүүлж эхэлсэн боловч хүссэн хор уршиг нь учраагүй байхыг хэлнэ.

            Гэмт хэргийн завдалтын үед субъект тодорхой үр дүнд хүрэхэд чиглэсэн үйлдэл хийж тодорхой объектод халдсан байдаг бол бэлтгэх үед ирээдүйд гэмт хэрэг үйлдэх нөхцлөө бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Бэлтгэх шатанд хуулиар хамгаалсан ямар нэгэн ашиг сонирхолд халдаагүй бол завдалтын үед халдлагын зүйлд нэгэнт бодит аюул заналхийлж эхэлсэн байна.

            Завдалтыг бэлтгэлтээс ялгахад бэлтгэлт нь гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг гүйцэтгэж эхлэхээс өмнө тасалдсан, завдалт нь нийгэмд аюултай хохирол, хор уршгийг буй болгохоос өмнө буюу гүйцэтгэх явцад зогсоогдсон байдаг онцлогтой. Завдалт нь Эрүүгийн хуулийн тусгай зүйлд заасан нийгэмд аюултай гэмт хохирол, хор уршиг буй болоогүй буюу эсхүл гэмт хэрэг төгс үйлдэгдэхэд зайлшгүй шаардагдах бүх үйлдэл бүрэн гүйцэд хийгдээгүй байдгаараа төгссөн гэмт хэргээс ялгагдана.

Хэргийн газраас хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон техник хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдэд компьютер техникийн шинжилгээ хийсэн дүгнэлтээр “...www.lexinchina.com цахим хуудсыг ашиглан утасны дугаараар “Wechat” программд нийтээр зурвас /Mass messenger/ бичиж илгээдэг зориулалт бүхий платформ байна. 2019 оны 10 дугаар сарын 24, 25, 28-ны өдрүүдэд тухайн платформыг ашиглаж нийт 11 удаагийн оролдлогоор “Сайн байна уу. Би тантай өмнө нь холбогдсон ажилтан байна. Энэ бол бидний санал болгож байгаа “Wechat” группийн дугаар 13534988585. Та хэсэг хугацааны дараа энэ группийг нэмнэ үү. Танд амжилт хүсье” гэсэн утгатай зурвасыг 4645 утас руу давхардсан тоогоор 5194 удаа илгээснээс 2115 нь амжилттай болж 2530 бүтэлгүйтсэн гэсэн...” гэсэн мэдээлэл байгаа болохыг тогтоосон бөгөөд үүнээс дүгнэвэл, шүүгдэгч нар нь цахим хэрэгсэл ашиглан хуурамч хаяг үүсгэж, улмаар хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хуурч, зохиомол байдлыг бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг шилжүүлэн авахад шууд чиглэсэн залилах гэмт хэргийг зохион байгуулалттайгаар үйлдэхийг завдсан, өөрөөр хэлбэл, дээрх зурвасыг хүлээн авсан олон тооны иргэдийн эд хөрөнгө, өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлэн авахаар гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхэлсэн боловч тэдгээрийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас туйлдаа хүрэлгүй таслан зогсоогджээ.

 

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шүүгдэгч ШХХ-, ЕЧХ-, ХЯШ-, ХШБ-, ЛЖФ-, Н- нарын гэм буруутай үйлдлийг бодитой тогтоож, “гэм буруу”, “үйлдэл оролцоо”-ны талаар маргасан тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбарт тус тус үндэслэл бүхий няцаалт хийжээ.

            Харин ийнхүү няцаалт хийхдээ шийтгэх тогтоол /29 дэх тал/-ын тодорхойлох хэсэгт шүүгдэгч ХШБ-ий мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн “...би арын ажлыг хариуцсан захирлаар ажиллаж байсан. 10.000 юанийн цалинтай ажиллаж байгаа. 2019 оны 9 дүгээр сард компанийг төлөөлөн 1 давхрын ресторан, 3, 4, 5, 6, 7, 12 давхруудыг түрээслэн гэрээнд гарын үсэг зурсан...” /9хх 119/ гэх мэдүүлгийг шүүгдэгч Н-гийн мэдүүлэг мэтээр тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх” шаардлагад нийцээгүй болохыг дурдаж байна.

            Түүнчлэн хэргийн материалыг судлахад, мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусган хавтаст хэргийн материалыг яллагдагч Н-, түүний өмгөөлөгч С.Батнасан нарт 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр танилцуулж, гарын үсэг зуруулсан /18хх 232/ байх ба шүүгдэгч Н-гийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй, тэрээр шүүх хуралдаанд “...ямар хэрэгт ялллагдаж байгаагаа ойлгож байна...” /22хх 129/ хэмээн мэдүүлснээс гадна, түүний аж байдлынхаа талаар бичиж өгсөн гэх өргөдөл /22хх 88-91/-ийг шүүх бүрэлдэхүүн уншиж танилцаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймээс гэм буруу, үйлдэл, оролцоо, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан шүүгдэгч ШХХ-, ЕЧХ- нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Н- болон түүний өмгөөлөгч Ц.Мэнджаргал, С.Батнасан нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна.

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч ШХХ-, ЕЧХ-, ХЯШ- нарыг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан гэмт бүлэг байгуулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ХШБ-, ЛЖФ-, Н- нарыг зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ШХХ-, ЕЧХ-, ХЯШ-, ХШБ-, ЛЖФ-, Н- нарыг залилах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдэхийг завдсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд 2-8 жил хүртэл хорих ял, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд 1-5 жил хүртэл хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдэхээр завдсан тохиолдолд 12 жил хорих ялын гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял шийтгэхээр тус тус зохицуулсан.

            Анхан шатны шүүхээс нэр бүхий 6 шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан ялын доод хэмжээнд, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан ялын хэмжээний дотор хүнд биш хорих ялыг тус тус ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг тогтоож, уг ялыг мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

            Шүүгдэгч ШХХ-, ЕЧХ-, ХШБ-, ЛЖФ-, Н- нар 2019 оны 11 дүгээр сарын 1-нээс 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл тус бүр 783 хоног, шүүгдэгч ХЯШ- 2019 оны 12 дугаар сарын 30-наас 2021 ны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 722 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

            Түүнлчэн Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийг заасан.

            Шүүгдэгч ШХХ-, ЕЧХ-, ХЯШ-, ХШБ-, ЛЖФ-, Н- нарын үйлдсэн “Залилах” /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/, “Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх” /Эрүүгийн хуулийн 20.3 дугаар зүйл/ гэмт хэргүүд нь “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэргийн төрөлд багтаж байгаа болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/608 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ШХХ-, ЕЧХ- нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Н- болон түүний өмгөөлөгч Ц.Мэнджаргал, С.Батнасан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ШХХ-, ЕЧХ-, ХШБ-, ЛЖФ-, Н- нар 2019 оны 11 дүгээр сарын 1-нээс 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл тус бүр 783 хоног, шүүгдэгч ХЯШ- 2019 оны 12 дугаар сарын 30-наас 2021 ны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 722 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар орчуулагч нарт төлөх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 1.266.800 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН