Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2024/00257

 

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х дүүрэгт байрлах, Т ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэгт  тоотод байрлах, П ХХК /РД:********/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 210 275 224 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэгт байрлах, П ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгч: Х дүүрэгт байрлах, Т ХХК /РД:*******/-д холбогдох

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Зуучлалын хөлс 4 250 ам.доллар буюу 14 940 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранзул нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т******* ХХК нь хариуцагч П******* ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 210 275 224 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Нэхэмжлэгч Т******* ХХК нь хариуцагч П******* ХХК-тай Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэг, 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт заасны дагуу 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ГХХАА 24/07/22 дугаар тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээ байгуулан хамтран ажилласан. Бид ийнхүү дээрх гэрээний хүрээнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод байрлах Shanghai Jielong Industry group Co Itd компаниас 2022 оны 6 дугаар сард нийт 59 875.56 ам.долларын үнэ бүхий пиццаны хайрцгийг захиалсан захиалгыг хариуцагч П******* ХХК нь Монгол Улсад 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ирүүлэн бидэнд хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Гэвч тухайн ачаа нь 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Шанхайгаас хөдөлж 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Тианжин боомтод ирсэн боловч өнөөдрийг хүртэл Монгол Улсад орж ирээгүй, бид ачаагаа авч чадаагүй хохирол хүлээсээр байна. Хариуцагч П******* ХХК нь ийнхүү гэрээний 3 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүйгээс үүдэн бид өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, өөр нийлүүлэгч хайх, зардал гаргасаар байгаа бөгөөд тухайн ачаа нь Тианжин боомтод устаж, хэрэглэх боломжгүй болсон. Иймд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэг, 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэг, 419 дүгээр зүйлийн 419.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн улмаас манай компанид учирсан нийт 210 275 224 төгрөгийг хариуцагч П******* ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Т******* ХХК-ийн Хаан банкны 5622047232 тоот дансанд шилжүүлж өгөхийг хүсч байна. Ачааны үнэ 197 948 602 төгрөг, нийлүүлэгчид төлсөн төлбөрийн хүүний зардал 7 926 622 төгрөг, өөр нийлүүлэгчээс авсан худалдан авалт 4 400 000 төгрөг, нийт 210 275 224 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч тал хариуцагч талтай Тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай  ГХХАА24/07/22 дугаартай байгуулсан. Энэхүү тээвэр зуучлалын гэрээгээр Хятад улсын Шанхай хотод байрлах компаниас 2022 оны 6 дугаар сард нийт 59 875.56 доллар буюу 197 948 602 төгрөгийн үнэ бүхий пиццаны хайрцаг захиалсан захиалгыг хариуцагч байгууллага нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Монгол улсад ирүүлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Гэвч 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Шанхай хотоос хөдлөөд 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Тянжин боомтод ирсэн боловч өнөөдрийг хүртэл бид ачаагаа хүлээн аваагүй. Хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс бидний өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, зардал гарсаар байгаа бөгөөд тухайн ачааг Тянжин боомтод устаж хэрэглэх боломжгүй болсон гэж үзэж байгаа. Хариуцагч нь нэхэмжлэлийг гардан авсан цагаасаа хойш л ачаа байгаа гээд байгаа боловч энэ талаар хариуцагч байгууллагаас ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Нэг зураг ирүүлээд байгаа боловч уг ачаа нь манай ачаа мөн эсэх, эвдэрч гэмтээгүй байгаа эсэх нь тодорхойгүй. Мөн бид байгаа ачааг авчираад өгчих юм болов уу гээд эвлэрэх хугацаа хангалттай өгч харсан боловч одоо хүртэл байхгүй байна. Иймд барааны буюу ачааны үнэд төлсөн 197 948 602 төгрөг, нийлүүлэгчид төлсөн төлбөрийн хүүний зардал 7 926 622 төгрөг, өөр нийлүүлэгчээс авсан худалдан авалт 4 400 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа, гэвч уг ачааны төлбөрт төлсөн 7 926 622 төгрөгний баримт нь байхгүй, мөн өөр нийлүүлэгчээс худалдан авсан хайрцагны үнэ 4 400 000 төгрөг үүнийг хасч болно. Нийт Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 413 дугаар зүйлийн 413.1, 419 дүгээр зүйлийн 419.2 дох хэсэгт заасны дагуу хариуцагчийн гүйцэтгээгүй үүргээс барааны буюу ачааны үнэд төлсөн 210 275 224 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд гэвэл өмнөх шүүх хурал дээр гаргасан тайлбараа дэмжиж байгаа. Учир нь хариуцагчаас ирүүлсэн мэйл дээр танайх ачаагаа авсныхаа дараа төлбөрөө төлөөрэй гэсэн тиймээс одоо хүртэл төлөөгүй байгаа. Тиймээс ачаа буусан хойно төлбөр төлөгдөх учраас өмнө нь төлөх боломжгүй энийг хариуцагч тал ч хүлээн зөвшөөрсөн учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа, бидний байгуулсан гэрээнд ч энэ талаар тохиролцсон. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлсэнчлэн ачааны хүүний зардал болон бусад тээвэрлэгчээр тээвэрлүүлсэн тээвэрлэлтийн зардал нь нэхэмжлэлдээ хавсаргаж өгөөгүй нотлох баримтын шаардлага хангаагүй тул үүнийг зөвшөөрөх боломжгүй. Пиццаны хайрцаг захиалагчийн захиалсан тоо ёсоор Тянжин боомтод ирсэн байгаа хугацаагаа тогтоочихвол хүлээлгэн өгч чадна тэрнээс биш мөнгөн төлбөрөөр төлөх боломжгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд гэвэл нэхэмжлэгчийн захиалгын дагуу Хятад улсаас авч ирсэн 2 чингэлэг ачааны тээврийн зардал манайхаас төлсөн төлбөрийг нэхэмжлэгч тал төлөх хэрэгтэй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч тал тухайн барааг хэрэглэх боломжгүй болсон гэж үзэж байна. Тиймээс хохирлоо барагдуулья гэж ярьж байгаа учраас манайх тээврийн зардлыг төлж тухайн барааг тээвэрлэсэн нь бидэнд ч бас хохирол үүсч байгаа, тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Талууд 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээ байгуулсан. Гэрээний дагуу П******* ХХК зуучлуулагчийн захиалгын дагуу барааг Монгол Улсад ирүүлэх тээвэр зуучлалыг хариуцах, нөгөө талаас харилцан тохиролцсон төлбөрийг төлөх харилцсан гэрээ байгуулсан. Маргаан бүхий захиалгын 2 чингэлэгийн асуудлаар бид маргаан шийдвэрлүүлж байгаа. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.2.4 дэх хэсэгт заасны дагуу зуучлагч нь нэхэмжлэлийг нөгөө талдаа хүргүүлснээр зуучлуулагч төлбөрийг төлөх үүрэг хүлээнэ. Ингээд 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Пролог ХХК-ийн нягтлан бодогчоос хариуцагч компанийн мэйл хаяг руу мэйл явуулсан. Үүндээ тухайн төлбөр тооцоог түргэн төлж барагдуулна уу гэдэг мэйл явуулсан. Гэтэл уг төлбөрийг барагдуулсан гэсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Ийм учраас гэрээний төлбөрийн нэхэмжлэлийн дагуу төлөгдөөгүй байгаа зуучлалын хөлс 4 250 ам.доллар буюу өнөөдрийн Монголбанкны хаалтын ханшаар 14 940 000 төгрөгийг  хариуцагч талаас гаргаж өгнө үү гэсэн.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б.Ж*******ид олгосон итгэмжлэл, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээ ЗЗБХ-/2022/, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01/81 тоот шаардлагын хариу гэх албан бичиг,  нэхэмжлэх, гэрэл зургийн хуулбарууд /хэргийн 3-10, 80-81, 93-98-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас Н.С*******д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Б.Цогд олгосон итгэмжлэл, мейлээр харилцсан зурвас, М.Жавхлан, Б.Цог нарын байгуулсан Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б.Цогд олгосон итгэмжлэлээс татгалзсан бичиг, М.Жавхланд олгосон итгэмжлэл, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Н.С*******д олгосон итгэмжлэл /хэргийн 46, 55-56, 76-78, 86-87, 115-119, 162-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн [email protected], [email protected] мейл хаяг, захиалгын хуудас, Amartuvshin, Orkhontuul нарын гар утасны вайбераар харилцсан бичвэрт үзлэг хийсэн тэмдэглэл, нэхэмжлэгчээс төлбөр шилжүүлсэн талаарх баримтуудыг /хэргийн 125-130, 152-155-р хуудас/ бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т******* ХХК-ийн нэхэмжлэлээс 197 948 602 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 12 326 622 төгрөгийн нэхэмжлэлийг болон  хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч П******* ХХК-тай тээвэр зуучлалын гэрээ байгуулж, БНХАУ-ын Шанхай хотод байрлах компаниас нийт 59 875,56 ам.долларын үнэ бүхий 2 чингэлэг пиццаны хайрцгийг захиалж, уг захиалгыг хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Монгол улсад авчирч хүлээлгэн өгөх байсан боловч үүргээ биелүүлээгүй, ачааг хүлээлгэн өгөөгүй тул ачааны үнэд төлсөн 197 948 602 төгрөг, нийлүүлэгчид төлсөн төлбөрийн хүүний зардал 7 926 622 төгрөг, өөр нийлүүлэгчээс авсан худалдан авалт 4 400 000 төгрөг, нийт 210 275 224 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.  

 

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Т******* ХХК-тай тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээ байгуулж, БНХАУ-ын Шанхай хотоос 59 875,56 ам.долларын үнэ бүхий 2 чингэлэг пиццаны хайрцгийг захиалсан захиалгыг 2022 оны 7 дугаар сард ачиж 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Тианжин боомтод хүргүүлж ирсэн бөгөөд уг ачаа нь одоо Тианжин боомтод байгаа учраас ачаа устаж алга болоогүй, хүлээлгэн өгөх боломжтой гэж үгүйсгэсэн.

 

4.Хариуцагч П******* ХХК нь нэхэмжлэгчээс зуучлалын хөлс төлбөрт 4 250 ам.доллар буюу 14 620 000 төгрөг, ачааны төлбөр 320 000 төгрөг, нийт 14 940 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зааснаар зуучлалын хөлсийг нэхэмжлэхийн дагуу илгээсэн боловч шилжүүлээгүй, мөн ойрын хуваарьт оруулан тээвэрлэх ачааны төлбөрийг шилжүүлэх талаар мэдэгдсэн боловч төлөөгүй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

5.Нэхэмжлэгч Т******* ХХК нь хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй, ачааг хүлээлгэн өгөөгүй байж зуучлалын хөлс төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, уг хөлс нь маргаан бүхий гэрээний төлбөр биш, гэрээндээ ачааг хүлээлгэн өгсний дараа нэмэлт зардал, тээврийн хөлсийг төлөхөөр тохиролцсон гэж маргасан.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.1.Нэхэмжлэгч Т******* ХХК, хариуцагч П******* ХХК нар нь 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдөр №ГХХАА 24/04/22 дугаартай Тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээг байгуулж, зуучлагч нь зуучлуулагчийн захиалгын дагуу үнийн саналд заасан тээврийн замналаар Монгол улсын нутаг дэвсгэрт орж гарах импорт, экспорт, агаарын тээвэрт зуучлагчийн үйлчилгээ үзүүлэхээр буюу нэхэмжлэгчийн БНХАУ-ын Шанхай хотод байрлах Shanghai Jielong Industry group Co Itd компаниас захиалсан 59 875,56 ам.долларын үнэ бүхий 2 чингэлэг пиццаны хайрцгийн захиалгыг хариуцагч нь Монгол улсад 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр авчирч, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцжээ.

 

7.Зохигч талууд 2022 оны 2 дугаар сарын 08ы өдөр тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан талаараа маргаагүй, ачааг хүлээлгэн өгөх, хохирол гаргуулах талаар маргаж байна.

8.Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч П******* ХХК нь худалдааны зуучлал, автомашинаар ачаа тээвэр, гадаад худалдааны үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчтэй 2022 оны 2 дугаар сарын 08ы өдөр Тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээг байгуулжээ.  

8.1.Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-д “аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд худалдах-худалдан авах, даатгал, тээвэр, эд хөрөнгө хөлслөх, эсхүл худалдааны бусад үйл ажиллагаанд зуучлал явуулж байгаа этгээд худалдааны зуучлагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан.

8.2.Хариуцагч П******* ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан тээвэр зуучийн үйлчилгээг үзүүлэх, нэхэмжлэгч Т******* ХХК нь хөлс төлөх үүргийг хүлээж оролцсон ба Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул талуудын хооронд тээвэр зуучийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна гэж үзэв.

8.3.Нэхэмжлэгч тээвэр зуучлалын гэрээнд зааснаар ачааны үнэд 59 875 ам.доллар буюу 197 948 602 төгрөгийг төлж, 2 чингэлэг пиццаны хайрцагийг захиалсан бөгөөд хариуцагч нь үйлчлүүлэгчийн захиалгад заасан ачааг тээвэрлэх, тээвэр зуучийн цогц үйлчилгээ үзүүлэхээр харилцан тохиролцсон боловч хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1.17-д заасан тээвэрлэгдэн ирсэн ачаа барааг илгээгчийн үйлдсэн лац, ломбоор эцсийн хүрэх газар буюу нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар хариуцагчийг үүргээ биелүүлж, ачааг хүлээлгэн өгөхийг шаардсан боловч хариуцагч нь уг ачааг гэрээнд заасан хугацаандаа хүлээлгэн өгөөгүй, мөн уг ачаа нь Монгол улсад хүрэлцэн ирээгүй байгаа гэж тайлбарласан тул ачааны үнийг шаардах эрхтэй байна гэж үзэв.

8.4.Зохигч талууд Тээврийн зуучлалын үйчилгээний гэрээний 3.1.24-д “зуучлагчийн буруутай үйлдлээс шалтгаалан ачаа бараанд гэмтэл, дутагдал учирсан нь нотлогдвол уг гэмтсэн болон дутсан барааны үнийн дүнг зуучлагч бүрэн барагдуулах үүрэгтэй” гэж заасан байх бөгөөд гэрээнд заасан ачаа нь Монгол улсад хүргэгдэн ирээгүй байгаа талаар хэн аль нь маргаагүй.

8.5.Хариуцагч нь уг ачаа нь гэмтээгүй, дутаагүй Тиянжин боомт дээр байгаа тул барааг хүлээлгэн өгөх боломжтой гэсэн боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүй, хэрэгт ачааны зураг гэх гэрэл зургийг ирүүлсэн боловч уг гэрэл зурагт байх чингэлэг, ачаа нь гэрээний зүйл мөн эсэх, уг ачаа бараанд гэмтэл, дутагдал учирсан эсэх нь нь нотлогдохгүй байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гардан авч, 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хариу тайлбар ирүүлэхдээ уг ачааг хүлээлгэн өгөхөд татгалзахгүй, өгөх боломжтой гэж байсан боловч шүүх хуралдаан хүртлэх хугацаанд энэ нь хэрэгжээгүй болно.

8.6.Хариуцагч нь талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.13-д “олон улсын тээвэр, худалдааны зах зээлд зуучлуулагчийн сонирхлыг ямагт хамгаалан тээвэрлэлтийн хамгийн тохиромжтой замналыг санал болгох” үүргийг нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн байх бөгөөд гэрээний 3.1.15-д заасан “тээвэрлэлтийн явцад ачааны аюулгүй байдлыг хангах талаар зуучлуулагчийн өмнөөс холбогдох тээврийн байгууллагуудтай хамтран ажиллаж аливаа эрсдэл гэмтэл дутагдал гарсан тохиолдолд тээвэрлэгч байгууллагаас акт тодорхойлолт гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн ачаа буюу 2 чингэлэг нь одоо хаана аль боомтод байгаа хэзээ ирэх талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

8.7.Иймд нэхэмжлэгч нь 2 чингэлэг ачааны үнэд 59 875 ам.долларыг төлсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэх, төлбөрийн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасныг зөрчсөн, нэхэмжлэгчид уг 2 чингэлэг ачааг харилцан тохиролцсон буюу гэрээнд заасан хугацаандаа хүлээлгэн өгөөгүй байх тул хариуцагчаас Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.11-д “худалдааны зуучлагч өөрийн буруугаас үүссэн хохирлыг талуудын өмнө хариуцна” гэж зааснаар ачааны үнэ 59 875 ам.доллар буюу 197 948 602 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэв.

8.8.Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дурьдсан нийлүүлэгчид төлсөн төлбөрийн хүүний зардал 7 926 622 төгрөг, өөр нийлүүлэгчээс авсан худалдан авалт 4 400 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй, учир нь нэхэмжлэгч нь дээрх зардал буюу хохирол учирсан болохыг баримтаар нотлоогүй тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

8.9.Нэхэмжлэгч нь ачааны үнийг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “Гадаад вальютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцно” гэж заасантай нийцэж байх тул төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг нэхэмжлэлд дурдсан 3 306 /59 875,56х3 306=197 948602/ төгрөгөөр /www.mongolbank.mn/ тооцсон нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

8.10.Иймд нэхэмжлэгч Т******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас ачааны үнэ 197 948 602 төгрөгийг хариуцагч П******* ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 12 326 622 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

9.Хариуцагч нь нэхэмжлэгчээс зуучлалын хөлс төлбөрт 4 250 ам.доллар буюу 14 620 000 төгрөг, ачааны төлбөр 320 000 төгрөг, нийт 14 940 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээнд зааснаар зуучлалын хөлс төлбөрийг төлөхийг нэхэмжлэгчид мэдэгдэж байсан болох нь түүнд мэйлээр илгээсэн 2023 оны 11 дугаар сарын 17-ны өдрийн баримтаар нотлогдоно гэсэн.

9.1.Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй, уг ачааны төлбөр, зуучлалын хөлс нь талуудын хооронд байгуулагдсан Тээврийн зуучлалын гэрээний төлбөр буюу 2 чингэлэг пиццаны хайрцагийн төлбөр биш, өөр гэрээний төлбөр, мөн 2 чингэлэг пиццаны хайрцагийн төлбөрийг ачаа Улаанбаатарт ирсний дараа төлөхөөр гэрээндээ харилцан тохиролцсон байсан гэж мэтгэлцсэн.

9.2.Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээний 4.2-д “Т******* ХХК-ийн нэр дээрх ачаа Улаанбаатар хот дахь Гаалийн хяналтын бүсэд ирсэн өдөр нэмэлт зардал, тээврийн хөлсийг хамт төлнө” гэж харилцан тохиролцсон байх бөгөөд уг ачаа Улаанбаатар хотод ирээгүй байхад хариуцагч нь нэхэмжлэгчээс зуучлалын хөлс, ачаааны төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэж үзэв.

9.3.Мөн гэрээний 4.3-д “зуучаас зуучлуулагчид бараа бүтээгдэхүүн түүний баримт бичгийн хамт хүлээлгэн өгөхдөө үндсэн төлбөр болон нэмэлт зардлыг баталгаажуулсан тооцоо нийлсэн акт үйлдэнэ”, 4.6-д “зуучлагч нь төлбөрийн нэхэмжлэхийн ебаримт үүсгэж, ажлын 3 хоногт багтаан зуучлуулагчид эх хувиар нь өгөх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн байх бөгөөд гэрээний 4.1-д заасан “тээвэр зохион байгуулалтын үйл ажиллагааны үнэ хөлсийг тухайн тээвэрт зуучлуулагч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулна. Зуучлагчийн үнийн саналын дагуу тооцох бөгөөд уг хавсралт Үнийн санал эсхүл цахилгаан шуудангаар баталгаажуулан тээврийн үнийн санал нь энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг байна”гэж харилцан тохиролцжээ.  

9.4.Хэрэгт авагдсан үзлэг хийсэн баримтаар “...ТGBU8946073/40, DFSU6859240/40 чингэлэг дугаартай 2 ширхэг пиццаны хайрцаг бүхий ачилтуудын талаарх мэдээллийг хүргэж байна. ...та бүхэн сүүлд тээвэрлэгдсэн цуглуурбар ачааны төлбөр болох 4 250 ам.доллар болон 320 000 төгрөгийг бидэнд өнөөдрийн дотор шилжүүлж өгч тус болно уу. /нэхэмжлэх илгээсэн байгаа/ Мөн бидний тохиролцсоны дагуу 2 чингэлэг УБ-д орж ирэх үед 2 чингэлэгийн төлбөрийг хийж өгнө гэдэгт найдаж байна” гэжээ.

9.5.Дээрх баримтаар уг төлбөрийг “сүүлд тээвэрлэгдсэн цуглуурбар ачааны төлбөр” гэсэн байх бөгөөд өөрөөр хэлбэр уг мэйлд 2 чингэлэг Улаанбаатар орж ирэх үед төлбөрийг хийж өгнө” гэсэн байх тул талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээний 2 чингэлэг ачааны төлбөр биш гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж дүгнэв.

9.6.Иймд хариуцагч П******* ХХК-ийн нэхэмжлэгч Т******* ХХК-нд холбогдуулан гаргасан зуучлалын хөлс төлбөрт 4 250 ам.доллар буюу 14 620 000 төгрөг, ачааны төлбөр 320 000 төгрөг, нийт 14 940 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 209 327 төгрөг, хариуцагч П******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 800 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч П******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 147 693 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т******* ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 413 дугаар зүйлийн 413.1, 413.11-д зааснаар хариуцагч П******* ХХК-иас ачааны үнэ 197 948 602 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12 326 622 төгрөгийг, хариуцагч П******* ХХК-ийн нэхэмжлэгч Т******* ХХК-нд холбогдуулан гаргасан зуучлалын хөлс төлбөрт 4 250 ам.доллар буюу 14 620 000 төгрөг, ачааны төлбөр 320 000 төгрөг, нийт 14 940 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 209 327 төгрөг, хариуцагч П******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 800 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч П******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 147 693 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т******* ХХК-д олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

                                 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ХУЛАН