| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 184/2019/01356/и |
| Дугаар | 1600 |
| Огноо | 2019-09-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 1600
МАГАДЛАЛ
2019.09. 02 Дугаар 1600
Н.Г-ын нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2019/01356 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Н.Г-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Ч.Б-д холбогдох,
Гэм хорын хохиролд 9 918 903 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь “Г” ХХК-ийн 21 дүгээр салбар хариуцсан захирлын албан үүрэг гүйцэтгэдэг. Хариуцагч Ч.Б манай салбарт 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл борлуулагч, жолоочоор ажиллах байхдаа 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс-2 худалдааны төвд газ хүргэж өгөхдөө өөрийн төрсөн дүү Ч.Бх-ыг оруулж холболт хийлгэсний улмаас гал алдсан. Ийнхүү гал алдснаас Ч.Б-ын зааварчилгааны дагуу түүний төрсөн дүү Ч.Бх хийн баллоны холболт хийхдээ гал алдснаас болж 5 цайны газар шатаж нийт 9 918 903 төгрөгийн хохирол учирсан. Энэхүү хохирлыг нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнөөс хохирол учирсан цайны газрын эздэд 2014 оны 10 дугаар сарын 30-31-ний өдөр төлж хохирлыг барагдуулсан. Энэхүү төлбөрийг “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.Бт холбогдох хэргийг өмнө нь шүүх шийдвэрлэхдээ “Г” ХХК нь хариуцагчид өгсөн бус харин Н.Г хүлээлгэж өгсөн гэж үзээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Хариуцагч Ч.Б бусдад учруулсан хохирлоо нэхэмжлэгчид барагдуулалгүй ажлаасаа гарсан. Өмнө нь “Г” ХХК-иас Ч.Б-т холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг хэрэг 3 шатны шүүхээр шийдэгдсэн. Гэхдээ уг мөнгийг “Г” ХХК өгөөгүй, Н.Г өгсөн байна гэх байдлаар шүүх шийдвэрлэсэн. Хариуцагч Ч.Б өөрийн төрсөн дүү Ч.Болдхуягаар хийн баллоны холболт хийлгэсэн гэм буруутай, гал алдсан, бусдад хохирол учирсан нь шалтгаант холбоотой гэсэн байдлаар дүгнэсэн байдаг. Тэрээр компанийн өмнөөс хувиараа төлсөн. Иймд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд хохирол учруулсан тул 9 918 903 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Гал гарсан үйлдэлд аюулгүй ажиллагааны журам, галын аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөн буюу тухайн үеийн Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн нэхэмжлэгч Н.Г-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд хохирол их хэмжээнд хүрээгүй тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж Дүүргийн 2 дугаар прокурорын газрын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 3509 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Дээрх хэргийг хянан шалгах явцад яллагдагч Н.Г хохиролд 9 918 903 төгрөг төлсөн. Өөрөөр хэлбэл, гэм буруутай буюу яллагдагчаар татагдсан этгээд нь хариуцагч Ч.Б биш, Н.Г болох нь дээрх үйл баримтаас харагддаг. Нэхэмжлэгч Н.Г буруутгагдан шалгагдаж буй өөрийнхөө үйлдсэн хэргийн хүрээнд хохирогчдод хохирлын мөнгө төлсөн нь хариуцагч Ч.Баас нэхэмжлэх үндэслэл болохгүй. Дээрх үйл баримт нь прокурорын тогтоолоор нотлогдоно. Мөн 3 шатны шүүхээр хохирлын асуудал шийдэгдээд дууссан, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд байгаа. Нэхэмжлэгч өөрийн холбогдсон хэрэгт одоо 9 918 903 төгрөгийг Ч.Б-с нэхэмжилж байна. Ч.Б төлнө гэсэн хэлцлийг өмнөх хэрэгт өгсөн. Энэ талаар талууд хоорондоо маргасан. Шүүх хариуцагч нь гарын үсэг зураагүй, хүлээн зөвшөөрөөгүй, нэхэмжлэгч нь баримтаар нотлоогүй, үүнийг үнэлэх боломжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосныг Улсын Дээд шүүх хэвээр үлдээсэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. “Г” компанийн газыг тээвэрлэн авч явж холбоод цалин хөлс авч байсан, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй. Авч явсан газ дэлбэрч аж ахуйн нэгжүүдэд хохирол учирсан үйл баримттай маргахгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Баас 4 959 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 959 903 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173 652 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 94 294 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Уг галын ослын хэрэгт өөрийн буруутай үйлдлийн хүрээнд хохирлоо сайн дураараа төлсөн болохыг илтгэдэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаад байгаа тухайн үед Ч.Б-ын өмнөөс хохирлыг нь Н.Г төлж байгаа тухай баримт эрүүгийн болон иргэний хэргийн материалд байхгүй. Гэтэл анхан шатны шүүх эрүүгийн журмаар шийдвэрлэсэн хохирлын асуудлыг дахин шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хуульд нийцэхгүй байгаа төдийгүй нотлох баримт тал бүрээс нь үнэн зөв үнэлээгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Н.Г нь хариуцагч Ч.Бт холбогдуулан гэм хорын хохиролд 9 918 903 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэн гэж, эс зөвшөөрч маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс 2 худалдааны Б зааланд 5 цайны газар шатаж, хийн түлштэй баллоныг сольж, угсрахдаа гал гарч, аюулгүй ажиллагааны журам болон галын аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад 23 841 631 төгрөгийн хохирол учирсан болох нь Дүүргийн 2 дугаар газрын прокурорын 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 3509 дугаартай тогтоол, “Г” ХХК-ийн нэхэмжлэлийг иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад төлсөн 9 918 903 төгрөгийг нэхэмжлэгч “Г” ХХК бус Н.Г нөхөн төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч уг хохирлыг Ч.Баас шаардах эрхгүй, 9 918 903 төгрөг төлөхөөр тохирсон хэлцлийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлээгүй болно гэсэн дүгнэлтийг хийж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гурван шатны шүүхийн шийдвэрүүдээр нэгэнт тогтоогдсон үйл баримт байна.
Харин нэхэмжлэгч нь “Г” ХХК-ийн салбарын захирал буюу эрх бүхий албан тушаалтан болохын хувьд хариуцагчид хөдөлмөрийн болон галын аюулгүй байдлын дүрэм журам, зааварчилгааг өгөх үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлж ажилласан эсэхээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж үзнэ.
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хариуцагчийг гэм хор учирахад зохих буруутай гэж үзэн Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасны дагуу “хохирлын тал хувийг” гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдааны товыг зохигч нарт 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
М.НАРАНЦЭЦЭГ