Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 72

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч Б.Энхмэнд,

шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Батзаяа (ҮД:0766),

шүүгдэгч Г.Мавган, Б.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Майнаа овогт Ганбатын Мавган, Луугар овогт Баярсайханы Болдбаатар нарт Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201701080099 дугаар, 108/2017/0076/Э индекстэй хэргийг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                           

1. Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүгийн хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо, Нарангийн 19 дүгээр гудамжны 536 тоотод оршин суух,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт зааснаар 7 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, Монгол Улсын 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар 3 жилийг өршөөн хасч, 2002 оны Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-д зааснаар үлдсэн 4 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлсэн,

регистрийн ИЭ86033075 дугаартай, Майнаа овогт Ганбатын Мавган,

2. Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 16 дугаар гудамжны 16 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

регистрийн ГИ84012831 дугаартай, Луугар овогт Баярсайханы Болдбаатар нар нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - бүлэглэн урьдчилан үгсэж тохиролцож 2017 оны 03 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн орчимд Налайх дүүргийн 3 дугаар хороо Их уурхайн орчимд үйл ажиллагаа явуулдаг А.Арманы бичил нүүрсний уурхайгаас 800.000 төгрөгийн үнэтэй 380 вольтын мотор, 350.000 төгрөгийн үнэтэй цахилгааны шийд зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад нийт 1.150.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Мавган, Б.Болдбаатар нар нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн үед ажлаасаа буугаад гэр лүүгээ алхаж явах зуураа Налайх дүүргийн 3 дугаар хороо Их уурхайн орчимд үйл ажиллагаа явуулдаг А.Арманы бичил нүүрсний уурхай дээр люботка байсныг хараад “манаачгүй уурхай юм байна” гэж хоорондоо ярилцан гэр гэртээ харьцгааж, мөн өдрийн 23 цагийн үед “хоёулаа нөгөө эзэнгүй уурхай дээр байсан моторыг авъя” гэж утсаар ярилцан “Хорго” үйлчилгээний төв дээр уулзаж, галын нүүрс ачихаар уурхай явж байсан Б.Эрхэмбаяртай таарч түүнд дайгдан тус уурхайн зэргэлдээ бууж мотор болон цахилгааны шийдийг салган зам руу зөөж дөхүүлээд 00 цаг өнгөрч байхад Б.Эрхэмбаярыг “нэг юм ачих гэсэн юм, та дөхүүлээд өгөөч” гэж дуудан ирүүлж хулгайлсан эд зүйлсээ ачин Б.Хадбаатарын хашаанд аваачин амбаарт нь хийж Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Мавганы: “... Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв болохоор дахин мэдүүлэг өгөхгүй ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Болдбаатарын: “... Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв болохоор дахин мэдүүлэг өгөхгүй ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Баасандолгорын 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “... 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нөхөр Хадбаатар эгчийнхээ уурхай дээр очиж хонолоо гээд явсан. Эгч ганцаараа байна хүрээд ирээч гээд байсан юм. Би орой нь хүүхдүүдийн хамт унтаж байтал гадаа машин дуугарсан. Удалгүй Мавган ганцаараа орж ирээд амбаарынхаа түлхүүрийг өгчих гэсэн. Би амбаарын түлхүүр байгаа газраа зааж өгөхөд түлхүүр аваад гарсан. Би тухайн үед амбаарт юу хийснийг нь хараагүй. Маргааш өдөр нь 14 цагийн үед Мавган, Болдбаатар, Эрхэмбаяр гурав ирээд амбаарт хийсэн гэх зүйлээ аваад явсан. Манай нөхөр орой нь 20 цаг өнгөрч байхад ажлаасаа бууж ирсэн. Мавган, Болдбаатар нартай холбоотой юм яриагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагч Г.Мавганы өгсөн: “... Бид 2 алхаад “Хорго” үйлчилгээний төвийн хажууд 21 цагийн үед очоод гэр гэр лүүгээ салаад явцгаасан.  Би гэртээ ороод хоолоо идээд байж байтал 23 цагийн үед Болдбаатар над руу залгаад “хоёулаа нөгөө эзэнгүй уурхай дээр байсан моторыг авчих уу” гэхээр нь “би тэгье”гээд бид “Хорго” үйлчилгээний төв дээр уулзахаар болоод би гэрээсээ гараад “Хорго” үйлчилгээний төв рүү алхаж явтал Хадбаатар уурхай орж эгчийнхээ уурхайг манаж хонохоор явж байна гээд алхаж явахаар нь бид 2 хамтдаа алхаад “Хорго” үйлчилгээний төвийн хажууд яваад очтол Болдбаатар ганцаараа зогсож байсан ба бид 2 уурхай руу алхах гээд зогсож байтал Эрхэмбаяр ах ирээд өөрийнхөө портер маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ уурхай орж галын нүүрс ачих гэж байна гээд явж байгаад таараад бид 3 уурхай дөхөөд бууя гээд машинд нь суугаад 23 цаг 30 минутын үед их уурхайн хажууд байх нөгөө эзэнгүй амны ойролцоо Болдбаатар бид 2 энд бууя гээд үлдсэн. Эрхэмбаяр ах Хадбаатар 2 болохоор цаашаа уурхай руугаа явсан. Тэгээд Болдбаатар бид 2 мотор болон цахилгааны шийдийг салгаад зөөж зам руу дөхүүлээд 00 цаг өнгөрч байхад Эрхэмбаяр ах руу залгаад “нэг юм ачих гэсэн юм, та дөхүүлээд өгөөч” гэхэд зөвшөөрөөд удалгүй ганцаараа машинтайгаа ирээд Болдбаатар бид 2 люботка болон цахилгааны шийдээ ачаад шууд Хадбаатарын байшинд очоод амбаарт нь хийсэн. Тэгээд л гэр гэр лүүгээ харьцгаасан. Маргааш нь 15 цагийн үед Болдбаатар манайд ирээд бид 2 Эрхэмбаяр ах руу залгаад нөгөө мотороо ачаад нэг газар буулгаад өгөөч гэхэд удалгүй хүрээд ирсэн. Тэгээд мотороо ачаад төмөр авдаг цэг дээр мотороо зарах гээд очтол цагдаа нар хүрээд ирсэн. ... Бид нар бүгдээрээ эрүүл байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байхгүй. ... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчоосоо уучлалт хүсч байна. ... Таньдаг хүмүүсээс хамгийн ойрхон нь Хадбаатарынх байсан болохоор тэднийд буулгасан юм. Хулгайлсан эд зүйлсийнхээ зэсийг аваад тушаан гэж бодож байсан юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-67 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагч Б.Болдбаатарын өгсөн: “... Би Мавганы хамт Налайх дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Лоошко гэх хүний нүүрсний бичил уурхайд ажилладаг юм. Тэгээд 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн үед ажлаасаа буугаад Мавганы хамт уурхайн дундуур алхаж явтал нэг эзэнгүй уурхай дээр люботка байсан тэрийг харчихаад манаачгүй уурхай юм байна гэж бодоод Мавгантай хоорондоо яриад явсан ба “Хорго” үйлчилгээний төвийн хажууд ирээд Мавган гэр лүүгээ яваад би гэр лүүгээ явсан. Тэгээд гэртээ хариад хоолоо идчихээд хэвтэж байтал 20 цагийн үед Мавган над руу залгаад “Хорго дээр хүрээд ир” гэхээр нь зөвшөөрөөд яваад очтол ганцаараа Хоргын хажууд зогсож байсан ба надад “хоёулаа уурхай оръё, нөгөө люботкыг авчих уу” гэхээр нь би “явган яаж явж очиж авдаг юм” гэхэд “Эрхэмбаяр ахыг дуудаад уурхай руу хүргүүлье” гэсэн. Тэгээд Эрхэмбаяр ах руу залгаад “уурхай хүргээд өгөөч Хорго дээр байна хүрээд ир” гэхэд зөвшөөрөөд удалгүй 21 цагийн үед хүрээд ирсэн. Тэгээд Эрхэмбаяр ахын 01-18 НАА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлд Мавган бид 2 суугаад хөдлөх гэж байхад Хадбаатар Мавган луу залгаад “хаана байгаа юм” гээд “уурхай явах гэсэн юм” гэж хоорондоо яриад утсаа тасалсан. Тэгээд Магван “Хадбаатар ирж байна, уурхай явна гэнэ ээ” гэхээр нь бид нар машинтай явах гэж байна дөхөөд буух юм уу гэсэн чинь хүрээд ирье гэж байна гэсэн ба бид нар хөдлөөд уурхай явах замд байдаг цагаан буудлын хажууд яваад очтол Хадбаатар гэрээсээ гарч машинд суугаад цаашаа шууд нөгөө эзэнгүй уурхайн хажууд ирээд 22 цаг 30 минутын үед Мавган бид 2 бууж үлдээд Эрхэмбаяр ах Хадбаатарыг эгчийнх нь уурхай руу хүргэж өгөхөөр явсан. Тэгээд Магван бид 2 уурхай дээр очоод люботка, цахилгааны шийд, мотор 3-ыг аваад зам руу зөөж ойртуулж тавиад Эрхэмбаяр ах луу залгахад нөгөө газраа хүрээд ирээч гэхэд яах гэж байгаа юм гэхээр нь “хүрээд ирээч хүнээс юм авсан тэрийгээ ачих гэсэн юм” гэхэд удалгүй хүрээд ирсэн. Тэгээд машинд нь хулгайлсан эд зүйлсээ ачаад буцаад Налайхын төв рүү явсан ба замдаа ойрхоноор нь Хадбаатарын хашаанд юмнуудаа буулгаад гэр гэр лүүгээ харьцгаасан. Маргааш нь 12 цагийн үед Мавган над руу залгаад “нөгөө хулгайлсан эд зүйлсийг хүнд зарахаар болчихлоо ачаад ир гэж байна” гэхээр нь би гэрээсээ гараад Магваны гэрт явж очоод Эрхэмбаяр луу залгаад “нөгөө эд зүйлсээ ачаад нэг газар хүргээд өгөөч, төмрийн цэгийн хүнд зарах гэсэн юм” гэж хэлэхэд зөвшөөрөөд удалгүй хүрч ирээд эд зүйлсээ ачаад төмөр авах цэг дээр очтол цагдаа нар хүрээд ирсэн. ... Хулгай хийх санааг би гаргасан юм. Эзэгүй юм шиг люботик байхыг анх харсан юм. Уг люботикийг тойроод харуул манаа байхгүй, айл байгаагүй, үүнийг авъя гэж Мавганд хэлсэн. Мавган зөвшөөрсөн. ... Хадбаатар наана нь бууж эгч дээрээ очно гээд явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-61 дүгээр тал/,

Хьюндай портер маркийн 01-18 НАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тогтоол /хх-ийн 9 дүгээр тал/,

            Б.Болдбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 94 дүгээр тал/,

            Б.Болдбаатарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 95-101 дүгээр тал/,

            Г.Мавганы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 112 дугаар тал/,

            Г.Мавганы хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 113-120 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Майнаа овогт Ганбатын Мавган, Луугар овогт Баярсайханы Болдбаатар нарыг Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа нь үндэстэй байна.

Учир нь шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн хулгайлах гэсэн хэсэгт өмнөх хуулийн хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь хэвээр хадгалагдсан ба 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан торгох, баривчлах ял байхгүй болсон, шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялтай болж, оногдуулах хорих ялын доод хэмжээ нь 6 сар болон хөнгөрч Г.Мавган, Б.Болдбаатар нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч А.Арман “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Майнаа овогт Ганбатын Мавган, Луугар овогт Баярсайханы Болдбаатар нарт Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Майнаа овогт Ганбатын Мавган, Луугар овогт Баярсайханы Болдбаатар нарыг бүлэглэн хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Ганбатын Мавган, Баярсайханы Болдбаатар нарт шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

4. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Мавган, Б.Болдбаатар нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.Мавган, Б.Болдбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч А.Арман “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Мавган, Б.Болдбаатар нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЛУВСАНДОРЖ