Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2023/0568

 

 

 

 

 

   2023          06            29                                    128/ШШ2023/0568

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ч******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С******* ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ч*******

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.М нарын хоорондын “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн С******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ган-э******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа Төв аймгийн Баянцагаан сумын нутагт орших уул нэртэй 619.13 гектар талбай бүхий тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн С******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулжээ.

2. Нэхэмжлэгч С******* ХХК нь маргаан бүхий актыг гардан авч, 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдол гаргаж, гомдлыг хангахаас татгалзсан 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1/4450 дугаартай албан бичгийг 2022 оны 9 дүгээр сарын 07-ны  өдөр гардан авч, шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба тус шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШЗ2023/3570 дугаартай захирамжаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн тул шүүхэд дахин 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

3.1 Манай компанийн тусгай зөвшөөрлийн хугацааг 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 275 дугаар шийдвэрээр 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байхад 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр цуцалсан,

3.2 Манай компанийг Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангасан гэж үзэж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан боловч захиргааны байгууллагын өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр цуцалж байгаа нь хуульд нийцээгүй гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Манай компани ХҮ******* тусгай зөвшөөрлийг эзэмшиж байх хугацаандаа хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрөө хугацаанд нь бүрэн төлсөн. Байгаль орчинд нөлөөлөх байдлын төлөвлөгөөг жил бүр гаргаж хариуцагч байгууллагад хүлээлгэж өгч байсан. Хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах хугацаа 3 жил байдаг. Анх манайх 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр дуусах байсан. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хариуцагч захиргааны байгууллагад гаргасан.

Тухайн хүсэлтийг үндэслээд хариуцагч захиргааны байгууллагаас Кадастрын хэлтсийн даргын 2022.06.06-ны өдрийн 275 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг сунгахдаа 2022.06.26-ны өдрөөс эхлээд 2025.06.25-ны өдөр хүртэлх 3 жилийн хугацаатай сунгаж шийдвэрлэсэн. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдаад нэмж сунгагдсан гэж бодоод явж байтал захиргааны байгууллагаас Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5, 34.6, 34.7-д ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй гэдэг үндэслэлээр Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр цуцлагдсан болохыг бид нар мэдсэн. Тус шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны ерөнхий хуулийн 92, 93 дугаар зүйлд заасны дагуу 2022 оны 08 дугаар сарын 17, 19-ний өдрүүдэд Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдол гаргасан боловч гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэж хариу ирүүлсэн. Манай зүгээс хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг захиргааны байгууллагад гаргасан. Захиргааны байгууллагаас тухайн өргөдлийг хянаж үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу хуульд заасан өргөдөл гаргах шаардлагыг хангасан байна гээд 2025 он хүртэл сунгах шийдвэрийг гаргасан байгаа юм. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана:, мөн хуулийн 22.1.1-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шгаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар; 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт; гэж тус тус заасан. Хэрвээ эдгээр баримтуудын бүрдэл дутуу байх юм бол хугацаа сунгахаас татгалзах асуудлаар тухайн өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэхийг тусгайлан хуульчилсан байгаа юм. Хариуцагч тусгай зөвшөөрлийн эзэмшигчээс гаргасан өргөдлийг шийдвэрлэхдээ хуульд заасан өгөгдлийг хангаж байна уу гэдгийг нарийвчлан шалгаад хэрвээ тухайн бүрдэл хангаагүй байвал хэрхэн шийдвэрлэх талаар хуульд тусгайлан заасан. Гэтэл тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах талаар өргөдлөө өгөөд хүсэл зоригоо бүрэн илэрхийлээд байхад хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа хуульд заасан сонсох ажиллагааны журмыг хуульд зааснаар хэрэгжүүлэхгүйгээр маргаан бүхий актыг гаргаж байгаа нь хуульд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцэхгүй, тохироогүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Манай компанийн гүйцэтгэх захирал Д.Б нь 2022.6.15-ны өдрөөс Герман улс рүү хүндэтгэн үзэх шалтгааны улмаас явах шаардлага үүсээд 20 хоногийн хугацаанд Мд байгаагүй талаар баримтыг хэрэгт хавсаргасан. Тухайн компанийн тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаагийн хувьд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа, шийдвэр гаргах эрх бүхий этгээд Д.Б гэдэг иргэн байгаа юм. Эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Эмчилгээний дараа хэвтрийн дэглэм сахихаар эмчийн хяналтад байсан. 2022.10.26-11.02-ны өдрийг хүртэл бөөрний үрэвсэл өвчний улмаас ажлаас чөлөөлөгдөх акттай байсан. Хариуцагч байгууллага нь маргаан бүхий актыг гаргахдаа хуулийн шаардлага хангасан байна гээд сунгаад дараа нь төлбөрөө төлөхгүй хүндэтгэн үзэх шалтгаан байсныг тодруулахгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа нь хууль бус шийдвэр байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр шийдвэр гаргахдаа тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зарчмыг баримталж ажилладаг. Энэ хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг ямар арга хэрэгслээр явуулах вэ гэдгийг зааж захиргааны байгууллагад үүрэг болгосон байгаа юм. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах, олгохтой холбоотой харилцааг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-56.4 дэх заалтуудад захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар ямар журмыг баримтлах талаар сонсох ажиллагааны журмыг нарийвчлан зохицуулсан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана., мөн хуулийн 56.3-т Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ., 56.4-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ. гэж тус тус заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан мэдэгдэнэ гэдгийг Улсын Дээд шүүхийн тогтоолоор тайлбарласан байдаг. УДШ-ийн 2010.04.26-ны өдрийн 09 дүгээр тогтоолд мэдэгдэнэ гэдгийг төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно.

Захиргааны байгууллагаас 2022.07.07-ны өдөр төлбөрийн хугацаа төлөх хугацаа хэтэрсэн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдэл гаргасан. Үүнийг хариуцагч хариу тайлбартаа сонсох ажиллагаа хийгдсэн гэж тайлбарладаг. М ш ХК-иас ирүүлсэн нотлох баримт дээр тухайн мэдэгдлийг шд 2022.07.08-ны өдөр хүлээлгэн өгсөн, илгээмжийн хаяг алдаатай гэдэг үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын холбогдох мэргэжилтэнд буцаан өгсөн байгаа юм. Хуульд заасан хугацаанд нэхэмжлэгчид хүргэгдээгүй байгаа юм. Хаягийн асуудалд тус компанийн гэрчилгээ, компанийн дүрэмд хаяг байгаа юм. Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, тоот гэсэн ийм хаяг байгаа юм. Шүүхэд гаргаж өгсөн 2022.10.22-ны өдрийн нотариатаар баталгаажуулсан гэрчилгээ, дүрэм дээр мөн энэ хаяг байгаа юм. Ашигт малтмалын газраас ирүүлсэн тайлбар дээр ч гэсэн энэ хаяг байгаа юм. Шгаас ирүүлсэн нотлох баримт дээр хүргүүлсэн болон буцаагдсан хавсралт баримтууд дээр зөвхөн Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо гээд тавьсан байгаа юм.

Мөн утасны дугаар тавигдсан бөгөөд энэ утасны дугаар манай компанийн дугаар биш. Захиргааны байгууллага нь мэдэгдэл хүргүүлэх ажиллагааг хийгээгүй байна. Яагаад манайх мэдэгдлийг аваагүй талаар өөрсдийн эрх ашгийг хамгаалах тайлбар, баримтыг гаргаж өгөх боломжгүй болсон. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоос өмнө ямар ажиллагаа хийх талаар журамласан зохицуулалтыг захиргааны байгууллага өөрөө зөрчсөн байна. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хуулийн урьдчилсан нөхцөл нь хангагдаагүй байна. Захиргааны акт хууль бус гэж үзэж байгаа юм.

Анх захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл өгөхдөө захиргааны байгууллага бүрдлийг харах ёстой байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт; гэж заасан. Эдгээр баримтууд бүрдсэн тохиолдолд захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл сунгах талаар шийдвэр гаргана. Бид нар 3 дахь жил дээрээ явж байсан. Хугацаа дуусаж байсан. Бид 3 жилээр сунгах сунгалтын хүсэлт гаргасан. Өргөдөл гаргаж байгаа этгээдээс 4 дэх жилийн төлбөрөө төлсөн гэх баримт шаардах ёстой байсан. Манай зүгээс баримт шаардсаны дагуу баримт гаргаж өгсөн. Өргөдөл хангагдсан гэж үзэж захиргааны байгууллага шийдвэр гаргасан байна. Нэгэнт сунгагдсан тул төлбөрийн асуудал ямар ч асуудалгүй байна гэсэн ойлголттой хуульд заасан үүргээ биелүүлсэн гэж итгэж явтал захиргааны байгууллага итгэл хамгаалах зарчим алдагдуулсан. Захиргааны байгууллага хуульд заасан журмаа зөрчиж шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөж байгаа учраас маргаан бүхий актыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

6. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “ дугаар тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2019.06.26-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр С******* ХХК-д олгосон байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022.06.06-ны өдрийн 275 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2025.06.26-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар сунгасан. Гэтэл тус компани нь 2019.06.26-ны өдрийн дотор тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг төлөх ээлжит төлбөрийн хамт 2022.06.26-ны өдрөөс өмнө төлөөгүй. Хамгийн сүүлийн хугацаанд 2022.07.26-ны өдөр төлбөрөө төлөөгүй байгаа юм. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасны дагуу төлбөрөө төлөх ёстой байсан. Гэтэл 2022.06.06-ны өдөр эцсийн хугацаа болоогүй байхад захиргааны байгууллага төлбөрийг төл гэж нэхэх үүрэггүй.

Захиргааны байгууллага төлбөрийг хуулийн хугацаанд төлөөгүй гэдэг мэдэгдлийг 2022.07.07-ны өдөр 8/3628 албан бичгээр алданги төл, төлбөрөө төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг мэдэгдээд шд хүргүүлсэн байдаг. 2022.07.08-ны өдөр шгаас буцаасан гэх тайлбарыг мэдэхгүй байна. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу 2022.08.15-ны өдөр цуцалсан. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална., мөн хуулийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө. 34.4-т Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно. гэж тус тус заасан. Компанийн захирал нь хагалгаанд орсон гэдэг байдлаар яриад байдаг.

Гэтэл мэдэгдлийг нягтлан гардаж аваад байдаг. Захирал нь өөрөө захиргааны байгууллага дээр биечлэн ирж төлбөр төлсөн баримт байхгүй, хуульд зааснаар банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцож болохоор байтал гэрээсээ интернэт банкаар эсхүл нягтлан нь банкнаас гүйлгээ хийж төлбөрөө төлөх бүрэн боломжтой байсан. Иймд нэхэмжлэгч нь төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална. гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Анх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 295 дугаар шийдвэрээр “...ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтад /СШ-34-4/ шалгарсан С******* ХХК-д Төв аймгийн Баянцагаан сумын нутагт орших уул нэртэй газарт 619.13 га бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэж,

 Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаартай гэрчилгээг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар олгож,

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалтыг үндэслэн Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 275 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс тооцон, 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж, тусгай зөвшөөрлийн бүртгэлд болон хавсралтад тэмдэглэгээ хийжээ.

3. Маргаан бүхий акт буюу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 07 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч С******* ХХК-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг нь цуцалжээ.

            4. Нэхэмжлэгч С******* ХХК-аас “...хариуцагчийн зүгээс тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэр гаргаж нэхэмжлэгчийг төөрөгдөлд оруулсан, маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын мэдэгдэх ажиллагаа хийгээгүй...” гэж, хариуцагчаас “...С******* ХХК нь хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс өмнө төлөөгүй тул цуцалсан нь үндэслэлтэй, цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 8/3628 тоот албан бичгээр бүртгэлтэй албан ёсны хаягаар хүргүүлж сонсох мэдэгдэх ажиллагаа хийсэн...” гэж тайлбарлан маргажээ.

            5. С******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрт 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 89,773 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 179,547 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 270,000 төгрөг, алданги 30,000 төгрөгийн хамт, Ашигт малтмал, газрын тосны газрын үйлчилгээний орлогод 3,000,000 төгрөг, СШ-34-4 үнийн саналын зөрүү үнэ 46,213,915 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            6. Мөн 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Д и******* ХХК-тай хамтран ажиллах гэрээгээр тусгай зөвшөөрлийн талбайд геологи судалгаа, эрэл, хайгуулын ажил гүйцэтгүүлэхээр,

            Э******* д******* ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хамтран ажиллах урьдчилсан гэрээ байгуулан хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох гэрээнүүдээр тогтоогдож байна.

            7. Нэхэмжлэгч компанийн Ашигт малтмал, газрын тосны газарт бүртгэлтэй албан ёсны хаяг нь Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, тоот гэж байх ба энэ хаягт нь өөрчлөлт ороогүй болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа дээрх хаягийн мэдээллээр тогтоогдож байна.

            8. Хариуцагч захиргааны байгууллага дээрх бүртгэлтэй хаягаар 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 8/36228 тоот албан бичгээр буюу тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдэхийг мэдэгдэж нэхэмжлэгч компанид хүргүүлэхээр шгаар явуулсан боловч 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр буцаалт хийгдсэн болох нь явуулсан бичгийн бүртгэл болон М ш ХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 18/18 тоот албан бичгээр тогтоогджээ.

            9. С******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн сунгалт хийгдэх үед тус компани нь 2019-2021 оны жилийн төлөвлөгөө, тайланг хянуулж, хайгуулын ажлын зардлыг доод хэмжээг баталгаажуулсан болох нь Ашигт малтмалын газрын хуулийн хэлтсийн тодорхойлолтоор нотлогдож байна.

10. Нэхэмжлэгч компани “...2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр тусгай зөвшөөрлийн сунгалт хийгдэхэд төлсөн 1,000,000 төгрөгийг ээлжит жилийн төлбөр байсан, тухайн жилийн төлбөрөө төлөөгүй бол сунгалт хийгдэхгүй байх байсан...” гэж тайлбарлаж байгаа хэдий ч нэхэмжлэгчийг төөрөгдөлд оруулсан дээрх төлбөр хийгдсэн болох нь 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн мөнгөн шилжүүлгээр тогтоогдож байх боловч үүнийг ээлжит жилийн төлбөрийг төлсөн гэж үзэх боломжгүй байна.

11. Мөн С******* ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөр 897,738 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тусгай зөвшөөрлийн алданги 80,797 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

12. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахдаа үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримтыг хавсаргахаар заажээ.

13. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт хандан гаргасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргахдаа эхний 3 жилийн төлбөр төлсөн баримтыг хавсарган өгсөн, захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөр төлөгдөөгүй байхад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 275 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа хэдий ч тухайн тусгай зөвшөөрлийг сунгасан шийдвэр нь  С******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлд хамааралгүй, цаг хугацааны хувьд өмнө болсон үйл баримт байна.

14. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасан ба 32 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг тодорхойлох аргачлалыг зааж, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөх”-өөр, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах”-аар гэж тус тус хуульчилжээ.

15. Хуулийн дээрх шаардлагууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдлуудаас үзвэл, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргахад дараа жилийн төлбөр төлсөн байх урьдчилсан шаардлагыг хуулиар тавиагүй, харин тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдсан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хангаж ажиллах хуулийн шаардлагын хүрээнд ээлжит жилийн төлбөрийг мөн хуулиар тогтоосон боломжит хугацааны дотор төлөх үүрэгтэй байна.

16. Тухайн тохиолдолд нэхэмжлэгч С******* ХХК-аас хугацаа сунгасан талаарх мэдэгдлийг 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн аваад дараа жилийн төлбөрийг хуульд заасан боломжит хугацаа болох 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлөх боломжтой байсан боловч энэ хугацаанд төлөөгүй байх тул нэхэмжлэгч талын “...хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээж авахдаа дараа жилийн төлбөр төлсөн баримтыг хариуцагч нь шаардаагүй, улмаар тусгай зөвшөөрлийг хугацааг сунгасан нь бидний хувьд төлбөр төлөх шаардлагагүй гэсэн төөрөгдөлд оруулсан” гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй.  

17. Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цуцлахтай холбоотой харилцаанд нарийвчилсан зохицуулалттай хууль болох Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэх ба тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдэл хүргүүлэх үйл ажиллагааны журмыг тус хуулиар зохицуулсан тул уг харилцаанд Захиргааны ерөнхий хууль хэрэглэгдэхгүй. Иймд нэхэмжлэгч талын “...Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй” гэх тайлбар мөн үндэслэлгүй.

18. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэх үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан байх ба тухайн тохиолдолд хариуцагч нь хуулиар хүлээсэн энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

 19. Тодруулбал, хариуцагчаас 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 8/3628 тоот мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн гэх боловч уг мэдэгдэл нэхэмжлэгч хуулийн этгээдээс үл хамаарах шалтгаанаар хүргэгдээгүй болох нь “М ш” ХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 18/18 тоот албан бичигт “...******* бүртгэлийн дугаартай илгээмжийг хаяг алдаатай шалтгаанаар илгээгчид буцааж 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 14:56 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын ажилтан А.М*******д гардуулсан болох нь тогтоогдож байна.

20. Мөн шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шийдвэрлэж байгаа нэг үндэслэлд: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” захиргааны үйл ажиллагааны зарчмыг тухайн тохиолдолд хамруулан үзвэл сонгон шалгаруулалтаар их хэмжээний төлбөр  төлж тусгай зөвшөөрөл авсан, энэхүү сонгон шалгаруулалтын үнэ болон 2019-2021  онуудад төлсөн ээлжит жилийн төлбөр, хураамж, хайгуулын талбайд гаргасан зардал зэрэг хуулийн этгээдээс гаргасан зардалтай харьцуулахад 2022 оны тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр болох 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч компаниас төлөхгүй байх шалтгаангүй байх бөгөөд хэрэв хуулийн этгээдийг 1,000,000 төгрөгийг 3 сараар хожимдуулан төлсөн гэж тусгай зөвшөөрлийг нь цуцалбал тухайн нэхэмжлэгч компанид мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх асар их хохирол учрах бодит нөхцөл үүсэхээр байна гэж үзлээ. 

21. Нөгөөтэйгөөр С******* ХХК-ийн гүйцэтгэх захирал хүнд өвчний улмаас мэс засалд орж, гадаад, дотоодод олон сараас эмчлүүлсэн, 2021 онд улсын хэмжээнд цар тахлын хүнд нөхцөл байдалтай, нэхэмжлэгчээс ээлжит жилийн төлбөрөө төлсөн гэж төөрөгдөлд орсон, мөн оны 10 дугаар сард төлбөрөө алдангийн хамт төлсөн нөхцөл байдал үүссэн болох нь тогтоогдож байх тул эдгээр нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзэх боломжгүй юм.

 22. Иймд маргаан бүхий актын үндэслэл болсон тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй гэх үндэслэл бодитоор арилсны зэрэгцээ хариуцагч нь хуулиар хүлээсэн мэдэгдэл хүргүүлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч С******* ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан С******* ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн С******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                     ШҮҮГЧ                                      Д.ЧАНЦАЛНЯМ