Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/14

 

А.Г-од холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Анхбаяр,

шүүгдэгч А.Г-, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/649 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч А.Г-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2105 00445 0502 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             А.Г-, 1989 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Төв аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 72 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлсэн, үлдэх 648 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй,

            А.Г- нь 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг Ундраа” төвийн 1 давхарт Ц.Э-ын халааснаас “IPhone 11 pro” загварын гар утсыг хуч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.699.100 төгрөгийн хохирол учруулсан,

            2021 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, “Өндөр-Од” худалдааны төвд үйлчлүүлж байсан Н.Ж-ын халааснаас “Samsung A50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 622.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 15 цаг 20 минутын үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эв плаза” дэлгүүрт үйлчлүүлж байсан М.К-ы “Samsung A51” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жоби” худалдааны төв дотор үйлчлүүлж байсан Ц.Б-ийн халааснаас “IPhone X max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.370.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

             Баянгол дүүргийн прокурорын газраас: А.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Г-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан А.Г-од Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас биелүүлээгүй эдлээгүй үлдсэн 648 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 81 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 81 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган хадгалж, шүүгдэгч А.Г-ын 10 настай Д.У, 8 настай Г.О, 5 настай Г.Т нарт асран хамгаалагч тогтоох хүртэл Г.А, Ц.А нарын асрамжид үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Г-оос 3.574.100 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Э-д 2.699.100 төгрөгийг, М.К-д 600.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Э-д 275.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч А.Г-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч А.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие бусдын эд хөрөнгийн хулгайлж, хохирол учруулсандаа гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. Хохирогч Ц.Э-, М.К-, иргэний нэхэмжлэгч Б.Э- нарт учруулсан хохирлоо ар гэрийн тусламжтайгаар нөхөн төлөхөө илэрхийлж байна. Би 5-10 насны гурван хүүхэдтэй, өрх толгойлсон эх бөгөөд эрүүл мэндийн байдал дунд зэрэг, өвчний улмаас баруун бөөрөө авахуулсан болно. Эдгээрийг харгалзан үзэж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч А.Г-ын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. А.Г-ын зүгээс ар гэрийнхнээрээ дамжуулж хохирогч нарын хохирол төлбөрийг төлсөн бөгөөд хохирогч М.К-д 600.000 төгрөг, Ц.Э-д эхлээд 1.000.000 төгрөг, дараа нь 670.000 төгрөг, нийт 1.670.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Э-д 270.000 төгрөгийг тус тус төлсөн талаарх баримтуудыг өмгөөлөгч миний бие давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн. Хохирогч Ц.Э-ын үлдсэн хохирол болох 1.029.100 төгрөгийг нөхөн төлөх баталгааг эцэг, эхээрээ дамжуулан гаргаж, нотариатаар баталгаажуулж хэрэгт хавсаргасан. Мөн А.Г- нь 5-10 насны хүүхэдтэй бөгөөд хүүхдүүдийн төрсний гэрчилгээг хохирол төлсөн баримтуудын хамт шүүхэд өгсөн байгаа. Баруун бөөрөө авахуулсан талаарх эмнэлгийн картыг шүүхэд өгснийг буцаан авах хүсэлтэй байна. Эрүүл мэндийн байдлыг тодорхойлох зорилгоор энэхүү эмнэлгийн картыг өгсөн байсан. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих талаар хуульчилсан. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт ялтан, шүүгдэгч, яллагдагчид энэ хуульд зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн аль ашигтай үндэслэлээр өршөөлд хамруулахаар заасан. Өмгөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд А.Г-ыг өршөөлд хамруулахад шаардлагатай баримтууд гэж үзэж байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү. Энэ нь эрх зүйн байдлыг дээрдүүлэх үндэслэлд хамаарах болно. Урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 648 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 81 хоногийн хорих ял болгон нэмж нэгтгэсэн байдаг. Миний үйлчлүүлэгч 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон. Тиймээс энэ 81 хоногийг дүйцүүлж урьд шийтгэх тогтоолоор ялаа эдэлсэнд тооцож, илүү гарсан 16 хоногийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялаас хасаж үлдсэн хорих ялыг өршөөлд хамруулж зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү. ...” гэв.

            Прокурор М.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүх тухайн үед Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй шалтгаан нь шүүгдэгч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлээгүй, хохирол төлөгдсөн талаарх ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй байдаг. Анхан шатны шүүх энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

А.Г- нь 2021 оны 2 дугаар сарын 9-нөөс 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд, 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрүүдэд үйл ажиллагаа явуулдаг худалдааны төв, захуудаар үйлчлүүлж байсан иргэн Ц.Э-, Н.Ж-, М.К-, Ц.Б- нарын халааснаас гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 5.291.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Ц.Э- нь “...2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр 18 цагийн үед, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баялаг-Ундраа” худалдааны төвийн 3 давхрын лангуун дээр байж байгаад 1 давхрын хүнсний лангуу руу хүнс цуглуулахаар орсон. Хүнсээ цуглуулаад явж байтал миний цамцны урд талын халаасанд байсан “IPhone 11 pro” загварын гар утас байхгүй байсан. Тэгэхээр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд дуудлага өгөөд “Баялаг-Ундраа” худалдааны төвийн хяналтын камерыг шүүхэд толгой дээрээ нүдний шил зүүсэн, цэнхэр өнгийн амны хаалттай, саарал өнгийн богино куртиктэй, хар өнгийн өмд, гуталтай, саарал өнгийн цүнх баруун ташаа дээрээ үүрсэн 35-40 орчим насны эмэгтэй миний халааснаас гар утас хулгайлж байгаа бичлэг байсан. Би хулгайд алдсан гар утсаа 2020 оны 12 дугаар сард “Теди” худалдааны төвөөс 3.500.000 төгрөгөөр авч байсан ба одоо энэ үнээрээ үнэлж байна. ...” /1хх 108-109/ гэж,

хохирогч Н.Ж- нь “...2021 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн 16 цагийн үед хүнсний зүйл цуглуулахаар охин Н, дүү Л нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өндөр-Од” худалдааны төв рүү орсон. Тэгээд хүнсний зүйл цуглуулж байгаад гар утсаараа ярихаар халаас руугаа гараа хийтэл алга болсон байхаар нь тэр дор нь “Өндөр-Од” төвийн хяналтын камерыг шүүж үзэхэд нэг үл таних эмэгтэй 16 цаг 07 минутад миний куртикны баруун талын халааснаас авч байгаа бичлэг байсан учир цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би гар утсаа 2020 оны 12 дугаар сард 850.000 төгрөгөөр “Теди” төвөөс шинээр нь худалдаж авч байсан. ...” /1хх 66-67, 69/ гэж,

хохирогч М.К- нь “...2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 15 цаг 20 минутын үед, Баянгол дүүрэг 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эв” плазагийн 1 давхарт хүүхдийн хувцасны дэлгүүрт үйлчлүүлж байгаад өөрийн зүүн талын халааснаасаа “Samsung А51” загварын ногоон өнгийн гар утсаа алдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Уг гар утсыг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Мобикомын төвөөс 900.000 төгрөгөөр худалдан авч байсан. ...” /1хх 16-17, 23-24/ гэж,

хохирогч Ц.Б- нь “...2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жоби” худалдааны төвийн 1 давхарт 05 дугаар лангуун дээрээс барилгын материал худалдаж аваад байж байхад цамцны зүүн талын халаасанд байсан “IPhone X max” загварын гар утас маань алга болчихсон байсан. Тэгээд тус төвийн хяналтын камерыг шүүж үзэхэд улаан, цэнхэр өнгийн куртиктэй нэг мөрөвчтэй цүнх үүрсэн, 30 орчим насны махлагдуу, 160 см орчим өндөртэй, бордуу царайтай эмэгтэй миний халааснаас гар утсыг аваад явж байгаа дүрс бичлэг үлдсэн байсан. Миний гар утас нь 256 GB багтаамжтай, саарал өнгийн, шилэн наалт нь бага зэрэг цуурсан, гадуураа хар хөх өнгийн хавтастай, хавтсан гэрэнд нь иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх байсан юм. Би гар утсаа 2019 онд 3.200.000 төгрөгөөр худалдан авч байсан. ...” /1хх 164/ гэж эд хөрөнгөө алдсан газар, цаг хугацаа, болсон үйл явдал, алдагдсан эд хөрөнгийнхөө шинж байдлын талаар тус тус тодорхой мэдүүлсэн бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь:

- тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдлыг харуулсан худалдааны төв, захуудын дотоод хяналтын дүрс бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1хх 9-13, 57-58, 102, 153-154/,

- алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлангууд /1хх 29-31, 77-78, 116-117, 175-176/,

- алдагдсан эд хөрөнгийн заримыг шүүгдэгч А.Г-оос худалдан авсан талаараа мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Б.Э-ийн “...2021 оны 3 дугаар сарын сүүлээр ажил дээрээ сууж байтал гаднаас 30 орчим насны эмэгтэй хүн “Гар утасны код гаргуулах гэсэн юм” гэж хэлээд хар өнгийн гэртэй, ар талын таг нь бага зэрэг хагарсан, “IPhone X max”  загварын гар утас үзүүлсэн. Би тэр үед “Энэ гар утас чинь ID lock-той бол код гаргаж боломжгүй” гэхэд “Та худалдаж авах уу” гэхээр нь “Ямар учиртай гарт утас юм бэ” гэхэд “Миний гар утас, кодоо мартсан” гэж хэлэхээр нь би гар утасны сэлбэгт авъя гэж бодоод 275.000 төгрөгөөр худалдаж авсан. ...” /1хх 168-169/ гэх мэдүүлэг,

- шүүгдэгч А.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд /1хх 42, 47, 86-87, 130-131, 143-144/,

- алдагдсан эд хөрөнгийн заримыг шүүгдэгч А.Г-, иргэний нэхэмжлэгч Б.Э- нараас хураан авч, хохирогч нарт нь хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /1хх 54-56, 1хх 155, 157/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч А.Г-ыг үргэлжилсэн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

 Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Г-ын гэм буруу, хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 1 жилийн хорих ял оногдуулж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 648 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, 81 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 81 хоногийн хугацаагаар тогтоожээ.

Ийнхүү шийдвэрлэхдээ “Шүүгдэгч А.Г- нь хохирогч Ц.Э-, М.К-, иргэний нэхэмжлэгч Б.Э- нарт учирсан хохирол төлбөрийг төлөөгүй, нөхөн төлөхөө бодитоор илэрхийлээгүй тул түүнд 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй.” хэмээн дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Учир нь, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийг зааснаас гадна, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн зарим хэсэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хязгаартай хэрэглэхээр хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ... 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/, ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заасан үндэслэлд шүүгдэгч А.Г-ын үйлдсэн гэмт хэрэг хамаарах боловч энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход 4.2-т заасан /гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн/ шаардлагыг хангасан байхаар тусгайлан зохицуулжээ.

Шүүгдэгч А.Г- нь давж заалдсан гомдолдоо гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлээд, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад хохирогч М.К-, иргэний нэхэмжлэгч Б.Э- нарт учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч Ц.Э-д учруулсан хохирлоос зарим хэсгийг төлж, үлдэх хэсгийг тодорхой хугацааны дотор нөхөн төлөхөөр баталгаа гаргаж өгсөн байна.

Иймээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулах үзэл баримтлалд нийцүүлэн мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас түүний 2021 оны 9 дүгээр сарын 17-ноос 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 97 хоног цагдан хоригдсоныг хасч эдлээгүй үлдсэн 8 сар 28 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон сольж, эдлэх ялыг 268 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Үүнтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Г-ыг албан ёсны хаяг болох Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Г-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 268 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болон Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 648 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол /3 дахь тал/-ын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулгыг тусгахдаа камерын бичлэгийг хуулбарласан дискт үзлэг хийсэн тэмдэглэлийг мэдүүлэг мэтээр бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр ойлгомжтой бичигдсэн байх” бүтцийн шаардлагад нийцээгүйг буруутган тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/649 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Г-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 28 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон сольж, эдлэх ялыг 268 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.”,

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Г-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 268 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 648 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дууссаны дараа тусад нь эдлүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалтыг тус тус оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Г-ыг албан ёсны хаяг болох Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнийг нэн даруй сулласугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                           Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН