Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2024/00397

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б дүүрэгт байрлах, Ө ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэгт байрлах, С ХХК /РД:*******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үнэд төлсөн 180 000 000 төгрөг, гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд засвар үйлчилгээнд зарцуулсан 20 786 825 төгрөг, үйлдвэрт үлдээсэн бараа материалын үнэ 4 770 000 төгрөг, нийт 205 556 825 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хдүүрэгт байрлах, С ХХК /РД:********/-ийн,

Нэхэмжлэгч: Б дүүрэгт байрлах, Ө ХХК /РД:**********/-д холбогдох,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол буюу эвдэлсэн тоног төхөөрөмжийг засварлахад гарсан зардалд 96 040 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранзул нар оролцов.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Т*******т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ө******* ХХК нь хариуцагч С******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул гэрээний үүрэгт  төлсөн 180 000 000 төгрөг, засвар үйлчилгээнд зарцуулсан 20 786 825 төгрөг, үйлдвэрт үлдээсэн бараа материалын үнэ 4 770 000 төгрөг, нийт 205 556 825 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Ө******* ХХК нь С******* ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр "Худалдах, худалдан авах" гэрээгээр Хөнгөн блокны үйлдвэрийн иж бүрдэл тоног төхөөрөмжийг Үйлдвэрийн байр, газрын хамт 1 300 000 000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Гэрээ батлагдсан өдрөөс хойш 7 хоногийн дотор урьдчилгаанд 200 000 000 төгрөгийг төлж үлдэгдэл 1 100 000 000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны дотор зээл авч төлөхөөр тус тус тохиролцсон. Худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөл нь зээлээр худалдан авах байсан бөгөөд бидний зүгээс уг үйлдвэрийг хэвийн ажиллуулж банкнаас бизнесийн зээл авч гэрээний үлдэх дүнг шилжүүлэхээр харилцан тохиролцсон байдаг. Тиймдээ ч үйл ажиллагаа явуулж эхлэхийн өмнө засвар үйлчилгээ хийж банкнаас зээл авахаар материал бүрдүүлсэн боловч уг үйлдвэрийн газар бусдын барьцаанд байсан нь бидний төлөвлөсөн нөхцөл биелэлээ олоход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Нөгөөтэйгүүр худалдагч тал болох С******* ХХК-ны зүгээс удаа дараа үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж ажиллах боломжоор хангахад хүндрэл үүссэний улмаас гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхэд хүндрэлтэй байлаа. Гэтэл худалдагч тал болох С******* ХХК-иас гэрээний хугацаа дуусаагүй байхад 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрээнээс татгалзаж биднийг үйлдвэрийн байрнаас хөөн гаргаж үйлдвэрийг хаасан. Бидний зүгээс үйлдвэрийг нээлгэхээр удаа дараа шаардлага хүргүүлж байсан боловч хариуцагч тал дур мэдэн гэрээг цуцлаж гэрээний урьдчилгаанд төлсөн мөнгө хийгээд үйлдвэрт хийгдсэн засвар үйлчилгээ, эд хөрөнгийг буцаан олгоогүй өнөөдрийг хүргээд байна. Нөгөөтэйгүүр С******* ХХК-ийн зүгээс анх хэлцэл хийж байхдаа банкны зээлэнд тавьж болно гэж хэлж хийж байсан бөгөөд газар нь өөрөө банкны барьцаанд байгаа гэдгийг бидэнд мэдэгдэлгүй хожим гэрээний төлбөр төлөх үүргээ биелүүлэх боломжгүй гэдгийг анхнаасаа мэдсээр байж бидэнтэй хэлцэл байгуулж гэрээнд тусгагдсан үл хөдлөх хөрөнгийг засварлуулж ажиллах боломжтой болсон даруйд үйлдвэрийг хааж битүүмжлэн биднийг хөөн гаргасан зэрэг үйлдэл нь уг хэлцлийг анх байгуулж байхдаа үнэн санаанаасаа бус гэрээний обьектийг засварлуулан хэвийн ажиллагаатай болгох зорилгоор хийсэн гэж ойлгогдохоор байна. Бид гэрээний дагуу 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 10 000 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 10 000 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 120 000 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 40 000 000 төгрөг төлсөн, мөн анх үйлдвэрийн тодорхой эд ангиудыг засч ажиллуулахад нийт 20 508 440 төгрөг сэлбэг, тоног төхөөрөмжийг ажиллуулсан байдаг. Мөн биднийг хөөж гаргахад үйлдвэрийн байранд 4 770 000 төгрөгийн бараа материал үлдсэн байсан бөгөөд бидэнд буцаан өгөөгүй болно. Иймд худалдагч тал болох С******* ХХК 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр "Хөнгөн блокны үйлдвэрийн иж бүрдэл тоног төхөөрөмжийг Үйлдвэрийн байр, газрын хамт 1 300 000 000  төгрөгөөр "Худалдах, худалдан авах" гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу 205 556 825 төгрөг гаргаж өгнө үү гэжээ.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ө******* ХХК нь С******* ХХК-тай үйлдвэр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу талууд үйлдвэрийг тоног төхөөрөмж, газрын хамтаар 1 300 000 000 төгрөг гэж тохиролцсон, урьдчилгаанд нь 200 000 000 төгрөг өгөхөөр тохиролцсон үүнээсээ 180 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн, хариуцагч тал үүнтэй маргаагүй, мөн үйлдвэрт 20 786 825 төгрөгөөр засвар үйлчилгээг хийсэн, үйлдвэр дотор авч чадаагүй байгаа бараа, эд зүйлсийн үнэ нь 4 770 000 төгрөг байгаа. Нэгэнт хариуцагч өөрөө гэрээнээс татгалзаад нэхэмжлэгчийг хөөн гаргасан учраас нэхэмжлэгчид гэрээний үнэд төлсөн мөнгийг болон гэрээнээс татгалзснаас учирсан хохирлыг төлөх үүрэгтэй. Бид нэхэмжлэл гаргахаас өмнө энэ талаар хэлж байсан, маргааныг эвийн журмаар шийдвэрлье гэсэн, гэтэл за гэчихээд алга болчихоод байсан учраас шүүхэд хандсан. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад жил гаруй хугацаанд эвлэрье гэдэг асуудал ярьсан. Бид тухайн үед эвлэрэх асуудлаар ярилцсан. Хүлээцсэн хандаж, үнийн дүнг ярилцаад 150 000 000 төгрөгт эвлэрнэ гэж хариуцагч талын өмгөөлөгч Л.Б*******тай тохиролцож байсан боловч Л.Б******* нь эцсийн байдлаар эвлэрлийг баталгаажуулаагүй. Иймд хариуцагч тал эвлэрэх сонирхолгүй байсан юм байна гэж үзэж байгаа. Манай компанийн зүгээс анх энэ хөрөнгийг худалдаж авахдаа үлдэгдэл төлбөрийг банкнаас зээлж авч өгнө, банкнаас зээлж авахдаа энэ үйлдвэрээрээ барьцаалаад авна гэдэг яриа, тохиролцоо хийсэн байдаг. Ингэж ярилцаж тохирсон этгээд өнөөдөр бол харамсалтай нь амьд сэрүүн байхгүй байгаа. Түүний эхнэр н.С******* гэдэг хүн энэ компанийг эзэмшээд явж байгаа эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй байгаа. Тухайн үйлдвэрийг барьцаанд тавих гэсэн боловч одоо тухайн үйлдвэр нь Хас банкны барьцаанд байсан, энэ талаар Ө******* ХХК-ийн удирдлагуудтай Хас банкны эдийн засагч ирж уулзаад явсны дараа л бид мэдсэн. Ингээд талуудын тохиролцоо хэрэгжих эсэх нь тодорхой бус болсон. Тиймээс үйлдвэрээ барьцаалаад зээл аваад үлдэгдлийг нь төлөөд үлдэх зээлээ Ө******* ХХК өөрөө төлье гэж ярьж байсан. Энэ тохиролцоо бүтээгүй. Энэ тохиролцоо бүтээгүй учраас хариуцагч ажиллаж байсан үйлдвэрийг шууд зогсоогоод хөөж гаргаад дотор нь байсан 4 770 000 төгрөгийн үнэтэй компьютер, цай, хоолны хэрэгслүүд  авч чадаагүй хөөгдсөн. Энэ үйл явдал 2018 оны 10 дугаар сарын 20-нд  гэрээний хугацаа дуусахаас өмнө болсон. Хэрвээ шууд ингэж хөөж гаргаагүй байсан бол н.Я******* гуайн хэлж байгаагаар бол хүйтний улиралд үйл ажиллагаагаа зогсоохын тулд тодорхой хэмжээний бэлтгэл ажилуудаа хийдэг, бэлтгэл ажлыг хийхгүйгээр шууд зогсоох юм бол үйлдвэр хөлдөх аюултай байдаг. Тэр үйлдвэр дотор ус хэрэглэдэг хөлдөх юм бол бүх тоног төхөөрөмжүүд нь эвдрэх, гэмтэх аюултай байдаг гэсэн. Гэтэл хариуцагч тал үйлдвэрээс шууд  хөөгөөд гаргачихсан. Арга хэмжээ авах ямар ч боломжит хугацаа болоогүй. Хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас гэрээнээс татгалзсаны улмаас тухайн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг тодорхой хэмжээнд элэгдэлд оруулсан байхыг үгүйсгэхгүй. Тэрийг хэлж мэдэхгүй, нэхэмжлэгч нь энэ их зүйлийг эвдлээгүй. Тоног төхөөрөмж эвдэлэх байтугай юу ч авч чадаагүй л гарсан гэдэг. Мөн гэрчээр оролцсон Н.Я*******гийн ачааны автомашиныг хашаандаа цоожилчихоод гаргаж өгдөггүй. Жилийн дараа н.Я******* үйлдвэрийн тээрмийн булыг сольж засаж өгье гэж хэлж байж албан бичиг бичиж өгч байж машин тэргээ сүүлд нь авсан гэдэг. Үүнийг хариуцагч эрс зөвшөөрөөгүй, эрс няцаахгүй байгаа. Үүнээс хойш удаа дараа С******* ХХК-д хамт хандсан боловч ямар ч үр дүн гаргаагүй. Ингээд С******* ХХК өөрийнхөө үйл ажиллагааг бие даагаад явуулсан, Ө******* ХХК ч гэсэн өөрийнхөө үйл ажиллагааг бие даагаад явуулсан. Худалдах, худалдан авах гэрээ хэрэгжих боломжгүй болсон, гэрээтэй холбоотой эрх, үүрэг дуусгавар болсон гэх ойлголтыг хэн хэн нь авсан. Ө*******ы зүгээс 205 556 825 төгрөг зарцуулчихсан энэ үйлдвэрийг ажиллуулах, худалдаж авахын тулд өөрөөр хэлбэл 180 000 000 төгрөг өгөөд дээрээс нь 20 гаруй сая төгрөгийг засвар үйлчилгээнд зарцуулчихсан байсан учраас арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийг хүлээж аваад эвлэрэх гэж ярьж байсан боловч эвлэрээгүй. Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан энэ сөрөг нэхэмжлэлийг яагаад 2023 онд гаргаж байгаа юм? гэдэг нь эргэлзээтэй. Үнэхээр л эвдэрсэн гэмтсэн байсан юм бол тэр дор нь энэ талаарх тайлбар, шаардлагаа гаргах байсан. Энэ үйлдвэрийг өөр этгээдүүд зарчихсан, өөр этгээдүүд эзэмшиж ашиглаж байгаа. Тухайн үед үйлдвэрийн барилгыг бид барьцаанд тавихад газар нь өөр компанийн нэр дээр, үйлдвэр нь ямар ч гэрчилгээгүй, газар дээрээ тулгуурлаад тэр үйлдвэрийн үнэ цэн оршиж байсан ийм үйлдвэр байсан. Тэгээд газар банкны барьцаанд байсан учраас гэрээ ажил хэрэг болж чадаагүй юм. Одоо үйлдвэрийг өөр компанид зарснаараа хариуцагч худалдах худалдан авах гэрээнээсээ татгалзсан гэж үзэж байгаа. Ингээд татгалзаж байгаа учраас өгсөн авсанаа буцаах ёстой гэж үзэж байна. Иймд бид 180 000 000 төгрөгийг хэрэгжээгүй, хэрэгжих ч боломжгүй гэрээний үнэд төлчихсөн тул уг мөнгийг буцаан гаргуулах нь зүйтэй, мөн үйлдвэрийг засахад гарсан зардалд 20 786 825 төгрөг зарцуулсан, үүнийг ч бас хариуцагч төлөх үүрэгтэй, мөн хөөн гаргаж үйлдвэрт ашиглаж байсан эд хөрөнгөө ч авах боломж олгоогүй тул түүний үнийг төлөх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Өөрсдөө барьцаанд байсан үйлдвэрийг болон газрын шилжүүлж төлбөр төлөх боломжгүй болгосон, үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож, хөөн гаргасан тул нэхэмжлэгч нь хохирлыг хариуцахгүй, харин гэрч гадна ачилтын кран болон шохойн тээрмийн хугарсан булыг шинээр суурилуулж өгнө гэж байсан боловч өөрсдөө хөөн гаргаж, энэ боломжийг олгоогүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

2.Хариуцагч С******* ХХК-ийн захирал С.С******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь эвдрэл гэмтэл засуулсан хохирлоо гаргуулах хүсэлттэй байна. Бүх эвдрэл гэмтлийн нэхэмжлэгч тал хариуцах ёстой байсан. Түүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байсан. Тоног төхөөрөмжөө хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч тал хүлээн аваад жил гаран болсон. Энэ хугацаанд гэрээнээс татгалзсаны улмаас тоног төхөөрөмжүүд эвдэлсэн хохирол болох 96 040 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлжлийн шаардлага гаргаж байна. Манай компани Ө******* ХХК-д 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Худалдах худалдан авах гэрээгээр хөнгөн блокны үйлдвэрийн иж бүрдэл тоног төхөөрөмжийг үйлдвэрийн байр, газрын хамт худалдахаар тохирсон. Уг гэрээний нийт үнийг 1 300 000 000 төгрөг байхаар тохирсон бөгөөд гэрээ байгуулагдсанаас 7 хоногийн дотор 200 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 1 100 000 000 төгрөгийг 6 сарын дотор банкны зээл авч төлж барагдуулахаар болсон. Уг 1 100 000 000 төгрөгийг 6 сарын дотор төлж барагдуулах хүртлээ сар бүр 1.9%-ийн хүү төлж байхаар гэрээний 1.2-т тохирч, манай зүгээс гэрээний зүйлийг шилжүүлэн өгсөн. Гэтэл Өгөөмөр Констракшн ХХК-аас 7 хоног дотор төлөх 200 000 000 төгрөгөөс 180 000 000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 4 хувааж төлж, үлдэгдэл 20 000 000 төгрөгийг мөн хугацаандаа төлөөгүй, түүнчлэн 1 100 000 000 төгрөг, түүний хүүг огт төлөхгүй байсан тул манай компаниас удаа дараа үүргээ биелүүлж төлбөр тооцоогоо барагдуулахыг шаардаж байсан боловч биелүүлээгүй. Ингээд Ө******* ХХК зээл хөөцөлдсөн гэсэн боловч борлуулалтын орлого хангалтгүй гэх үндэслэлээр татгалзаад байна гэснээр уг гэрээ биелэгдэх боломжгүй, Ө******* ХХК төлбөрийн үүргээ биелүүлж чадахгүй бодит нөхцөл байдал үүссэн. Ийнхүү гэрээ байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш Ө*******” ХХК нь Хөнгөн блокны үйлдвэрийн иж бүрдэл тоног төхөөрөмжийг үйлдвэрийн байр, газрын хамтаар 2018 оны 12 сарын сүүл хүртэл 6 сарын хугацаанд ашигласаар байсан учраас манай компаниас ийнхүү 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 01/89 дугаар албан бичгээр гэрээний үүрэг хангуулах тухай албан бичиг, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/105 дугаар албан бичгүүдийг хүргүүлж гэрээ цуцлагдахад хүрсэн. Энэ хугацаанд Ө******* ХХК нь хөнгөн блокны үйлдвэрийн гадна ачилтын талбайн краныг эвдэлсэн, шохойн тээрмийн булыг хугалсан, шохойн үйлдвэрийн сэлбэгүүдийг эвдэлсэн байсан. Ингээд Ө******* ХХК-д эвдэлсэн зүйлсээ засаж өгөх шаардлагыг тавьж байсан тул Ө******* ХХК-иас 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 19/07 дугаартай албан бичгээр манай компанид хүсэлт гаргаж, эвдэрсэн ачилтын краныг шинээр суурилуулж, шохойн үйлдвэрийн эвдэрсэн сэлбэгийг шинээр авч тавин хэвийн ажиллагаанд оруулна гэж байсан боловч огт засаж өгөөгүй. Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр болоход Ө******* ХХК-ийн Д.Я******* захирал 2020 оны 04 дүгээр сард багтааж засварлаж дуусгана. Хэрэв хугацаа хэтэрсэн тохиолдолд хариуцлага хүлээнэ  гэж хэлж өөрийн гараар бичиг хийж өгсөн боловч мөн л засваруудыг хийж өгөөгүй. Иймээс манай компаниас үйлдвэрийг буцаан ашиглалтад оруулахын тулд 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Ж******* ХХК-тай хөнгөн блокны үйлдвэрийн засварын ажлын гэрээ байгуулж Ө******* ХХК-ийн эвдэлсэн тоног төхөөрөмжүүдийг засварлуулсан. Уг засварын нийт дүн 96 040 000 төгрөг болсон ба уг үнийн дүнд манай компаниас Ж******* ХХК-д 48 000 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг элс, шохойн тээрмийг бартераар хүлээлгэн өгч тооцоог хаасан. Хэрэв Ө******* ХХК-иас  гэрээний үүргээ биелүүлж, тогтоосон хугацаанд төлбөрүүдээ төлсөн бол уг гэрээ хүчин төгөлдөр үргэлжлээд хэрэгжих байсан. Гэвч бодит байдал дээр Ө******* ХХК санхүүгийн боломжгүй болсон тул гэрээ цааш хэрэгжих боломжгүй болж, цуцлагдахад хүрсэн. Ингээд анх гэрээ байгуулснаас хойш манай үйлдвэрийг 6 сарын хугацаанд ашиглаж, хөнгөн блок үйлдвэрлэн борлуулж, өөрсдөө ашгийг нь хүртэж байсан. Гэрээ цуцлагдсан боловч ийнхүү 6 сар ашиглахдаа эвдэлсэн тоног төхөөрөмжүүдээ тохирсон хугацаандаа буюу 2020 оны 04 сар гэхэд засварлаж өгсөн бол " бид үйлдвэрээ бүрэн хэмжээгээр ашиглах боломжтой байсан. Гэтэл эдгээр эвдэлсэн тоног төхөөрөмжүүдийг засварлаагүйгээс болж манай компани үйлдвэрийн хэвийн ажиллагааг хангахын тулд бусдаар уг тоног төхөөрөмжүүдийг засварлуулж 96 040 000 төгрөгийн хохирол учирсан. Иймд Ө******* ХХК-иас эвдэлсэн тоног төхөөрөмжийг засварлахад гарсан зардлыг хохиролд тооцож 96 040 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний хувьд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжинэ, харин нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Манай өмгөөлөгч оролцоогүй учраас би хуулийн талаар биш болсон үйл баримтын талаар тайлбар хийнэ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь гэрээг бол байгуулсан нь үнэн, гэрээг байгуулахад үйлдвэр, газрыг барьцаанд байгаа гэдгийг хэлж байсан гэдэг. Мөнгө гаргуулахаар шаардаад байгааг нь зөвшөөрөхгүй, манайх өөрсдөө бас хохирчихоод байхад баахан хохирол гаргуулна гээд байна. Бид нарын зүгээр ажиллуулж, ажиллаж байсан үйлдвэрт орж ирээд ажиллуулаад ашиг хийгээд явсан гэдгээ гэрчээр оролцсон н.Я******* өөрөө хүлээн зөвшөөрсөн. Бид нар тухайн үед Хас банкинд өр ширтэй байсан, түүний хүү, алданги гээд бүх юмыг банк дээр дагуулж очоод хэлсэн, өөрсдөө энэ бүх юмыг нь ойлгоод авъя гээд гэрээгээ өөрсдөө хийцгээсэн.  Өөрсдөө зөвшөөрч хийчихээд гэрээгээ биелүүлээгүй, үнийг нь төлөөгүй, хүний үйлдвэрийг ашиглаж ашиг орлого олсон учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гээд байгаа. Яагаад гэвэл бид нар ч гэсэн өөрсдөө хохирсон, сая 2 гэрчийг оруулъя гэдэг маань энэ 2 хүн бид нар тэр төхөөрөмжийг эвдлээгүй, хэрэв тоног төхөөрөмж эвдрээгүй байсан бол бид энэ хугацаанд үйлдвэрийг ажиллуулсан бол бид нар ямар орлого олох ёстой байсан юм гэдгийг нотлуулах байсан. Гэхдээ бид нар ч бас өөрсдөө хохирсон тул 180 000 000 төгрөгийг буцаан төлөхийг зөвшөөрөхгүй. Ер нь бол бүхэлд нь л зөвшөөрөхгүй байгаа. Засвар үйлчилгээ хийсэн гээд 20 786 825 төгрөгийг нэхээд байгаа нь үндэслэлгүй, хэвийн ажиллаж байсан үйлдвэрийг авсан, өөрсдөө л ажиллуулахын тулд авсан юмаа нэхээд байна. Хөөн гаргасан эд зүйлсээ үлдээсэн гээд байгаа боловч тийм зүйлс үлдээсэн гэдгийг мэдэхгүй байна. Нарийн хуулийн юмыг манай өмгөөлөгч өөрөө хууль зүйн талаас нь бас ярих байсан байх, би бол хууль зүйн мэдлэггүй. Үйлдвэрийг бид нар өөрсдөө ажиллуулж байхад зүв зүгээр хэвийн байсан үйлдвэр гэтэл засвар гэдэг нь өөрсдийнх нь  блок үйлдвэрлэх бэлтгэл ажлынхаа юмыг л засвар хийсэн гэж яриад байгаа. Би бол тэгж л ойлгоод байна. 1 сарын хугацаанд ажиллуулахын тулд засвар хийсэн гэж яриад байгаа. Тэрийг бол бид нар хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл бид нар зүв зүгээр ажиллуулж байгаад, зүгээр зогсчихсон байсан үйлдвэрийг бид нар аваад л цаашаа үргэлжлүүлээд ажиллуулсан энэ талаар саяны 2 гэрч хэлэх байсан. Манайх өөрсдөө бас хохирчихоод байгаа бид нарын зүгээр ажиллуулж байсан үйлдвэрт орж ашиг хийгээд явсан гэдгээ гэрчээр оролцсон н.Я******* нь өөрөө хүлээн зөвшөөрсөн. Бид үйлдвэрээ ажиллуулж байсан бол бид нар ямар орлого олох ёстой юм гэдгийг гэрчээр нотлуулах байсан юм. Өмнө нь гаргах боломжгүй байсан, өмгөөлөгчдөө л хэлсэн байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үйлдвэрийн тоног төхөөрөмжид гарсан эвдрэл гэмтэл засуулсан, шинээр авч тавьсан хохирлоо гаргуулах хүсэлттэй байна. Бүх эвдрэл гэмтлийг ажиллуулж ашиг олж байснаараа нэхэмжлэгч тал хариуцах ёстой байсан. Тоног төхөөрөмжөө бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч тал хүлээн аваад жил гаран болсон. Энэ хугацаанд гэрээнээс татгалзсаны улмаас тоног төхөөрөмжүүд эвдэлсэн хохирол болох 96 040 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлжлийн шаардлага гаргаж байна. Манай компани Ө******* ХХК-д 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Худалдах худалдан авах гэрээгээр хөнгөн блокны үйлдвэрийн иж бүрдэл тоног төхөөрөмжийг үйлдвэрийн байр, газрын хамт худалдахаар тохирсон. Уг гэрээний нийт үнийг 1 300 000 000 төгрөг байхаар тохирсон бөгөөд гэрээ байгуулагдсанаас 7 хоногийн дотор 200 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 1 100 000 000 төгрөгийг 6 сарын дотор банкны зээл авч төлж барагдуулахаар болсон. Уг 1 100 000 000 төгрөгийг 6 сарын дотор төлж барагдуулах хүртлээ сар бүр 1.9%-ийн хүү төлж байхаар гэрээний 1.2-т тохирч, манай зүгээс гэрээний зүйлийг шилжүүлэн өгсөн. Гэтэл Өгөөмөр Констракшн ХХК-аас 7 хоног дотор төлөх 200 000 000 төгрөгөөс 180 000 000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 4 хувааж төлж, үлдэгдэл 20 000 000 төгрөгийг мөн хугацаандаа төлөөгүй, түүнчлэн 1 100 000 000 төгрөг, түүний хүүг огт төлөхгүй байсан тул манай компаниас удаа дараа үүргээ биелүүлж төлбөр тооцоогоо барагдуулахыг шаардаж байсан боловч биелүүлээгүй. Ингээд Ө******* ХХК зээл хөөцөлдсөн гэсэн боловч борлуулалтын орлого хангалтгүй гэх үндэслэлээр татгалзаад байна гэснээр уг гэрээ биелэгдэх боломжгүй, Ө******* ХХК төлбөрийн үүргээ биелүүлж чадахгүй бодит нөхцөл байдал үүссэн болохоос газар, үйлдвэр барьцаанд байснаас болоогүй. Ийнхүү гэрээ байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш Ө******* ХХК нь Хөнгөн блокны үйлдвэрийн иж бүрдэл тоног төхөөрөмжийг үйлдвэрийн байр, газрын хамтаар 2018 оны 12 сарын сүүл хүртэл 6 сарын хугацаанд ашигласаар байсан учраас манай компаниас ийнхүү 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 01/89 дугаар албан бичгээр гэрээний үүрэг хангуулах тухай албан бичиг, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/105 дугаар албан бичгүүдийг хүргүүлж гэрээ цуцлагдахад хүрсэн. Энэ хугацаанд Ө******* ХХК нь хөнгөн блокны үйлдвэрийн гадна ачилтын талбайн краныг эвдэлсэн, шохойн тээрмийн булыг хугалсан, шохойн үйлдвэрийн сэлбэгүүдийг эвдэлсэн байсан. Ингээд Ө******* ХХК-д эвдэлсэн зүйлсээ засаж өгөх шаардлагыг тавьж байсан тул Ө******* ХХК-иас 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 19/07 дугаартай албан бичгээр манай компанид хүсэлт гаргаж, эвдэрсэн ачилтын краныг шинээр суурилуулж, шохойн үйлдвэрийн эвдэрсэн сэлбэгийг шинээр авч тавин хэвийн ажиллагаанд оруулна гэж байсан боловч огт засаж өгөөгүй. Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр болоход Ө******* ХХК-ийн захирал байсан Д.Я******* 2020 оны 04 дүгээр сард багтааж засварлаж дуусгана. Хэрэв хугацаа хэтэрсэн тохиолдолд хариуцлага хүлээнэ гэж хэлж өөрийн гараар бичиг хийж өгсөн боловч мөн л засваруудыг хийж өгөөгүй. Иймээс манай компаниас үйлдвэрийг буцаан ашиглалтад оруулахын тулд 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Ж******* ХХК-тай хөнгөн блокны үйлдвэрийн засварын ажлын гэрээ байгуулж Ө******* ХХК-ийн эвдэлсэн тоног төхөөрөмжүүдийг засварлуулсан. Уг засварын нийт дүн 96 040 000 төгрөг болсон ба уг үнийн дүнд манай компаниас Ж******* ХХК-д 48 000 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг элс, шохойн тээрмийг бартераар хүлээлгэн өгч тооцоог хаасан. Хэрэв Ө******* ХХК-иас  гэрээний үүргээ биелүүлж, тогтоосон хугацаанд төлбөрүүдээ төлсөн бол уг гэрээ хүчин төгөлдөр үргэлжлээд хэрэгжих байсан. Гэвч бодит байдал дээр Ө******* ХХК санхүүгийн боломжгүй болсон тул гэрээ цааш хэрэгжих боломжгүй болж гэрээнээс татгалзах, цуцлагдахад хүрсэн. Ингээд анх гэрээ байгуулснаас хойш манай үйлдвэрийг 6 сарын хугацаанд ашиглаж, хөнгөн блок үйлдвэрлэн борлуулж, өөрсдөө ашгийг нь хүртэж байсан. Гэрээ цуцлагдсан боловч ийнхүү 6 сар ашиглахдаа эвдэлсэн тоног төхөөрөмжүүдээ тохирсон хугацаандаа буюу 2020 оны 04 сар гэхэд засварлаж өгсөн бол бид үйлдвэрээ бүрэн хэмжээгээр ашиглах боломжтой байсан. Гэтэл эдгээр эвдэлсэн тоног төхөөрөмжүүдийг засварлаагүйгээс болж манай компани үйлдвэрийн хэвийн ажиллагааг хангахын тулд бусдаар уг тоног төхөөрөмжүүдийг засварлуулж 96 040 000 төгрөгийн хохирол учирсан. Иймд Ө******* ХХК-иас эвдэлсэн тоног төхөөрөмжийг засварлахад гарсан зардлыг хохиролд тооцож 96 040 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, О.Д*******, О.Баяржаргал нарт олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, Ө******* ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №18/17 тоот албан бичиг, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №01/89 тоот албан бичиг, тооцооллын баримт, зарлагын маягт, Ц.Алтанцэцэгийн дансны хуулга, мессежний зураг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2021/01751 дүгээр шийдвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШЗ2021/05886 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 5415 тоот албан бичиг, төлбөрийн баримт, гэрэл зургууд, бэлэн мөнгийн орлогын баримт, төлбөрийн баримт, Ө******* ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, Зардлын тойм нэгтгэл буюу төлбөрийн баримтууд /1хх-ийн 3-21, 44-48, 101-229-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Д.Зд олгосон итгэмжлэл, Э.Мд олгосон итгэмжлэл, Э.М Л.Б******* нарын байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Э.М Э.Б нарын байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б.Т*******т олгосон итгэмжлэл, сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С******* ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Гэрээний үүрэг хангуулах тухай албан бичиг, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/105 тоот албан бичиг, Д.Я*******гийн баталгаа, Ө*******  ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 19/07 тоот албан бичиг, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Хөнгөн блокны үйлдвэрийн засварын ажлын гэрээ, хавсралт, гэрэл зураг, тооцооны үлдэгдлийн баталгаа, тоног төхөөрөмж хүлээлцсэн акт, С******* ХХК-ийн хүсэлт /1хх-ийн 21, 31, 33, 36-37, 53, 94, 247-250, 2хх-ийн 1-16-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гар утасны мессежид үзлэг хийсэн тэмдэглэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрчээр Х.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрчээр Д.Я******* нарыг асуусан тэмдэглэл /1хх-ийн 1-59, 2хх-ийн 48-52-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ө******* ХХК-ийн хариуцагч С******* ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 184 770 000 төгрөгийг хангаж, үлдэх 20 786 825 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, хариуцагч С******* ХХК-ийн нэхэмжлэгч Ө******* ХХК-нд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 16 020 000 төгрөгийг хангаж, үлдэх 80 020 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч С******* ХХК-ийг худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, хөнгөн блокны үйлдвэрийг хааж, гэрээний хугацаа дуусаагүй байхад үйлдвэрлэл явуулах боломжгүй болгож хөөн гаргасан тул гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 180 000 000 төгрөг, засвар үйлчилгээнд зарцуулсан 20 786 825 төгрөг, үйлдвэрийг хааснаас авах боломжгүй болсон тул үйлдвэрт үлдээсэн эд хөрөнгийн үнэ 4 770 000 төгрөг, нийт 205 556 825 төгрөгийг гаргуулахаар шаардсан.  

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Ө******* ХХК-ийг худалдах худалдан авах гэрээний үүргийг зөрчиж, хөнгөн блокны үйлдвэр, үйлдвэрийн иж бүрдэл тоног төхөөрөмж, газрын үнийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй, үйлдвэрийг ашигласаар байсан тул гэрээнээс татгалзсан, гэрээнээс татгалзсан нь нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс шалтгаалсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.

4.Хариуцагч нь нэхэмжлэгчийг хөнгөн блокны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ашиглах явцдаа гадна ачилтын талбайн краныг эвдэлсэн, шохойн тээрмийн булыг хугалсан, шохойн үйлдвэрийн сэлбэгүүдийг эвдэлсэн тул уг тоног төхөөрөмжийг засаж, шинээр авч суурилуулсан, уг тоног төхөөрөмжийг зассан засварын зардал буюу хохиролд 96 040 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

5.Нэхэмжлэгч нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас буюу эрхийн доголдолтой хөрөнгө шилжүүлснээс гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон, мөн гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээнээс татгалзсан тул хохирлыг хариуцахгүй, мөн тоног төхөөрөмжид эвдрэл гэмтэл учруулаагүй, хэвийн ашиглаж байсан, засах нөхцөл бололцоогоор хангаагүй гэж няцаасан.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.1.Нэхэмжлэгч Ө******* ХХК нь хариуцагч С******* ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр харилцан тохиролцож, худалдагч С******* ХХК нь хөнгөн блокны үйлдвэрийн иж бүрдэл тоног төхөөрөмжийг үйлдвэрийн байр, газрын хамт худалдан авагч Ө******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр, худалдаж байгаа хөрөнгийг 1 300 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, гэрээ батлагдсан өдрөөс хойш 7 хоногийн дотор 200 000 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 1 100 000 000 төгрөгийг 6 сарын дотор банкнаас зээл авч төлж барагдуулахаар, үлдэгдэл 1 100 000 000 төгрөгийг төлж дуусах өдөр хүртлээ үлдэгдэл дүнгээс сар бүр 1,9 хувийн хүү төлж байхаар, гэрээний хугацааг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл байхаар байгуулжээ.

6.2.Нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний урьдчилгаа төлбөрт 2018 оны 4 дүгээр сарын 24-нд 10 000 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 02-нд 10 000 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 05-нд 120 000 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 26-нд 40 000 000 төгрөг, нийт 180 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Хас банкны зарлагын маягт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь гэрээний төлбөрт 180 000 000 төгрөгийг хүлээн авсан талаараа маргаагүй болно.

7.Зохигч талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээнд зааснаар худалдаж байгаа хөнгөн блокны үйлдвэрийг тоног төхөөрмж, газрын хамт 1 300 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, гэрээний урьдчилгаанд 180 000 000 төгрөгийг шилжүүлж, хөнгөн блокны үйлдвэрийг тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгсөн талаар, гэрээнээс татгалзаж, гэрээг дуусгавар болгосон талаараа маргаагүй, харин гэрээнээс татгалзсан буюу гэрээ дуусгавар болсон нь хэний буруугаас болсон, хохирол төлөх эсэх талаар маргаж байна.

 

8.Нэхэмжлэгч нь хариуцагч С******* ХХК нь гэрээнээс татгалзаж, үйлдвэрийг ашиглах, үйл ажиллагаа явуулах боломжгүй болгон хааж, хөөсөн тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 180 000 000 төгрөгийг, гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол буюу үйлдвэрийн засвар үйлчилгээнд зарцуулсан 20 786 825 төгрөг, үйлдвэрээс хөөхөд авах боломжгүйгээс үлдээсэн эд зүйлсийн үнэ 4 770 000 төгрөгийг хариуцагч нь төлөх үүрэгтэй гэсэн.

8.1.Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, төлбөрөө төлөхгүйгээр  үйлдвэрийг ашиглаж, ашиг орлого олж байсан тул гэрээнээс татгалзсан, үйлдвэрийг ашиглаж ашиг орлого олсон учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, хохирлыг хариуцахгүй гэж мэтгэлцсэн.  

 

8.2.Талуудын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээний 1.1-д хариуцагч нь хөнгөн блокны үйлдвэрийн иж бүрдэл тоног төхөөрөмжийг, үйлдвэрийн байр, газрын хамт нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр, 1.4-д хариуцагчаас шилжүүлж байгаа хөрөнгө нь Хөнгөн блокны үйлдвэрийн иж бүрэн төхөөрөмж /элсний терм 1ш шинэ дагалдана/, үйлдвэрийн барилга, ямаан кран, ковш, погрушка ачигч, конторын байр агуулах контейнер, шохойн чулуу бутлах үйлдвэр иж бүрдэл гэж заасан байна.

8.3.Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох Хөнгөн блокны үйлдвэр нь хариуцагчийн өмчлөлийнх болох талаар мараагүй боловч үйлдвэрийн газар нь хариуцагч С******* ХХК-ийн эзэмшил, өмчлөлд байсан эсэх талаарх баримтыг ирүүлээгүй, эрхийн доголдолтой хөрөнгө буюу банкны барьцаанд байсан хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн, банкны барьцаанд байгаа талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн, мэдэж байсан гэх боловч хариуцагчаас тайлбараа баримтаар нотлоогүй, мөн нэхэмжлэгч нь гэрээний 1.2-д “...үлдэгдэл 1 100 000 000 төгрөгийг 6 сарын дотор банкны зээл авч төлж барагдуулахаар тохиролцсон” байх тул  нэхэмжлэгчийг эрхийн доголдолтой хөрөнгийг мэдсээр байж шилжүүлэн авсан буюу банкны барьцаанд байсан эсэхийг мэдэж байсан гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд хариуцагч нь гэрээний 2.4-д заасан “Хөнгөн блокны үйлдвэртэй холбоотой бичиг баримтыг хүлээлгэн өгөх” үүргээ биелүүлээгүй байна гэж үзэв.  

8.4.Талуудын гэрээний зүйл болох хөнгөн блокны үйлдвэр, газар нь үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д “үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана” гэснийг зөрчсөн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл байна гэж үзэв.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан "хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн" гэдэг нь хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т заасан шаардлагад хамааралтай ба энэхүү хэлбэрийн шаардлагад энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариатаар болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийг мөн хамааруулан үзнэ.

8.5.Иймд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах нь хүчин төгөлдөр гэрээний хувьд шаардах бөгөөд талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчаас гэрээний үнэд шилжүүлсэн 180 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.

8.6.Хариуцагч нь гэрээний үнэд шилжүүлсэн 180 000 000 төгрөгийг буцаан төлөх үндэслэлгүй, үйлдвэрийг 2018 оны 12 дугаар сарын сүүл хүртэл ашиглаж үйл ажиллагаа явуулж ашиг олж байсан болох нь нэхэмжлэгчийн хариуцагчид ирүүлсэн албан бичгүүд болон хүсэлтээр, гэрчийн мэдүүлгээр нотлогдоно гэсэн.

8.7.Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 18/17 тоот “С*******” ХХК-нд гэсэн албан бичигт “...2019 оны 07 сараас танай зүгээс үлдэгдэл төлбөрийг яаралтай төлөхийг сануулж үргэлж үйлдвэр хаана лацдана гэх мэтээр ярьж гэсэн боловч та бүхэн үйлдвэрийн ажиллагааг 2018 оны 10 сарын 20-нд зогсоож байгаад гомдолтой байна” гэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн огноог андуурсан гэх тайлбар үндэслэлтэй байх бөгөөд хариуцагч С******* ХХК-иас 2018 оны 10 дугаар сарын 30-ний өдөр гэрээний үүрэг хангуулах тухай 01/89 тоот албан бичгийг нэхэмжлэгч Ө******* ХХК-д хүргүүлж, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 01/105 тоот Гэрээ цуцлах тухай албан бичгийг хүргүүлжээ.

8.8.Иймд хариуцагчийн нэхэмжлэгчийг үйлдвэрийг ажиллуулж ашиг олж байсан учраас гэрээний урьдчилгаанд төлсөн 180 000 000 төгрөгийг буцаан шаардах үндэслэлгүй гэсэн тайлбар нь хуульд нийцэхгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээ нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байх бөгөөд үйлдвэрийг тоног төхөөрөмжийн хамт буцаан авсан талаараа маргаагүй тул нэхэмжлэгчид үйлдвэрийн байр, газрын үнэд төлсөн 180 000 000 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй болно.   

 

9.Мөн нэхэмжлэгч нь үйлдвэрт үлдээсэн хөрөнгийг буцаан өгөөгүй тул үнийг гаргуулахаар шаардаж С******* ХХК-аас Ө******* ХХК-нд гаргуулах компанийн хөрөнгийн жагсаалт нийт 20 төрлийн 4 770 000 төгрөгийн эд хөрөнгийн жагсаалтыг ирүүлсэн бөгөөд хариуцагч нь дээрх эд хөрөнгийг байгаа эсэхийг мэдэхгүй гэж тайлбарласан боловч байхгүй болох талаар баримтаар нотлоогүй тул дээрх эд хөрөнгийн үнэ болох 4 770 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

10.Харин нэхэмжлэгч нь хариуцагч С******* ХХК-ийн хөнгөн блокны үйлдвэрийг ажиллуулахад гарсан засварын зардлыг нэхэмжилж, хэрэгт баримтаар “Блокны үйлдвэрийг худалдан авах зорилгоор ажиллуулж эхлэхэд шаардагдсан зардлын тойм нэгтгэл” гэх баримтыг ирүүлж, нийт 20 786 825 төгрөгний зардал гарсан болох нь хэрэгт авагдсан зардлын баримтууд орлогын баримтуудаар тогтоогдоно гэсэн.

10.1.Хариуцагч нь үйлдвэрийг хэвийн ажиллах боломжтойгоор шилжүүлэн өгсөн, үйл ажиллагаагаа явуулж байсан, мөн дээрх зардлын баримтууд нь үйлдвэрийг ажиллуулж байх явцад гарсан зардал гэж мэтгэлцсэн.

10.2.Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн үйлдвэрийг ажиллуулахад шаардагдсан зардлын тойм нэгтгэл, баримт, орлогын баримтаар дээрх эд зүйлс нь үйлдвэрийг ажиллуулахад гарсан зардалд тооцогдохоор байх тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна гэж дүгнэв.

11.Иймд хариуцагч С******* ХХК-иас гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 180 000 000 төгрөгийг, үйлдвэрт үлдээсэн эд хөрөнгийн үнэ болох 4 770 000 төгрөг, нийт 184 770 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас засварын зардал 20 786 825 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

12.Хариуцагч С******* ХХК нь нэхэмжлэгч Ө******* ХХК-нд холбогдуулан эвдэлсэн тоног төхөөрөмжийг засан сайжруулсан, шинээр авч суурилуулсан зардал буюу хохиролд 96 040 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч нь гэрээний үүргээ зөрчиж төлбөрөө хугацаандаа төлөөгүй боловч үйлдвэрийг, газрын хамтаар 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 12 сарын сүүл хүртэл 6 сарын хугацаанд ашиглаж, ашиг орлого олж байхдаа хөнгөн блокны үйлдвэрийн гадна ачилтын талбайн краныг эвдэлсэн, шохойн тээрмийн булыг хугалсан, шохойн үйлдвэрийн сэлбэгүүдийг эвдэлсэн байх тул тоног төхөөрөмжүүдийг засварлахад гарсан зардалд 96 040 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

12.1.Нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрөхгүй, үйлдвэрийг үйл ажиллагаа хэвийн явуулж байхад хариуцагч нь өөрсдөө хааж, хөөн гаргасан, засвар хийсэн зардал гарсан гэдэг нь баримтаар тогтоогдохгүй, харин үйлдвэрийг ажиллуулж байх явцад эвдэрсэн гадна ачилтын кран болон шохойн тээрмийн булыг засаж өгөх байсан боловч энэ боломжоор хангаагүй, үйлдвэрт нэвтрүүлээгүй тул зөвшөөрөхгүй гэсэн.

12.2.Зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.4-д “худалдан авагч нь төлбөр тооцоот гэрээний хугацаанд тоног төхөөрөмж ажиллаж байх үеийн эвдрэлийг 100 хувь хариуцана”, 3.7-д “худалдан авагч нь эвдрэл засварыг хариуцаж засаж хүлээлгэн өгөх үүрэгтэй” гэж заасан байх боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул хариуцагч нь нэхэмжлэгчээс гэрээний үүргийг шаардах үндэслэлгүй, харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үнийг шаардах эрхтэй байна.

12.3.Гэвч зохигч талууд хөнгөн блокны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх буцаан авахдаа хэн аль нь акт үйлдээгүй, нэхэмжлэгч нь хэвийн ажиллаж байсан үйлдвэрийг хаан хөөж гаргасан гэж, хариуцагч нь хэвийн ажилллаж байсан тоног төхөөрөмжийг хүлээн авсан гэж маргаж байна.

12.4.Хариуцагч нь тоног төхөөрөмжид эвдрэл гэмтэл гарсан болох нь гэрч Д.Я*******, Д.Э нарын мэдүүлэг, ажил гүйцэтгэх гэрээ, завсарын үнийн тооцооллоор нотлогдоно гэсэн.

12.5.Хэрэгт авагдсан 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Хөнгөн блокны үйлдвэрийн засварын ажлын гэрээг С******* ХХК нь Ж ХХК-тай хөнгөн блокны үйдвэрийн засвар үйлчилгээ хийлгэхээр хамтран ажиллах болон ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байх бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Хөнгөн блокны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн жагсаалт /Тоног төхөөрөмж хүлээлгэж өгсөн акт/, Ж ХХК-ийн засварийн үнийн тооцоо “...уурын зуух нийт 67 640 000 төгрөг, үйлдвэрийн засвар нийт 28 400 000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Хөнгөн блокны үйлдвэрийн тоног төхөөрөмж хүлээлцсэн акт /Тоног төхөөрөмж хүлээж авсан акт/ ирүүлсэн боловч дээрх эвдрэл гэмтэл нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас үүссэн гэх баримтгүй байна.

12.6.Мөн гэрч Ж ХХК-ийн захирал Д.Э мэдүүлэхдээ “...С******* ХХК-иас 2 тээрэм аваад түүнийх нь оронд үйлдвэрийг нь засаж өгсөн. Гадна талын кран ажиллагаагүй болсон, явах анги дээд удирдлагууд нь эвдсэн, мотор нь шатсан, үйлдвэр дотор уурын зуухыг нь задлаад бүх хоолойг нь сольсон. Уурын зуух, носос нь таг хөлдсөн ажиллагаагүй байсан. Уурын зуухыг иж бүрэн янзалсан, гадна кран бүрэн засварласан. Гадна кран хүний үйл ажиллагаа, уурын зуух үйл ажиллагааны элгэдэл байсан” гэсэн байх тул тоног төхөөрөмжүүдэд хүний үйл ажиллагаанаас болж эвдрэл гэмтэл учирсан гэж үзэх боломжгүй, мөн нэхэмжлэгчээс хариуцагч нь дээрх тоног төхөөрөмжүүдийг хүлээн авсан байх тул үнийг төлөх буюу засварын зардлыг бүхэлд нь нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэж үзэв.

 

12.7.Гэхдээ нэхэмжлэгч нь үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ашиглаж байх явцдаа гадна кран, тээрмийн булийг эвдэлсэн талаараа хүлээн зөвшөөрсөн болох нь гэрч Д.Я*******гийн “...ажиллуулж байх явцад 1 кран, 1 тээрмийн бул эвдэрсэн. 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажиллуулсан . 2019 оны 11 сард хашаанаас нь ачааны машинаа авсан” гэх мэдүүлэг, С******* ХХК-нд Баталгаа гаргах нь “...Д.Я******* би гадна ачилтын талбайн краныг шинээр суурилуулж өгөх, шохойн тээрэмний хугарсан булыг шинээр суурилуулж ажиллагааг хэвийн болгож өгнө” гэснээр тогтоогдож байх бөгөөд гэрчээр оролцсон Д.Я******* нь нэхэмжлэгч компанийн захирал байсан, үйл ажиллагааг нь хариуцаж байсан талаар зохигч талууд хэн аль нь маргаагүй болно.  

12.8.Иймд нэхэмжлэгч Ө******* ХХК-иас хөнгөн блокны үйлдвэрийг ажиллуулж байхдаа гадна ачилтын талбайн кран, шохойн тээрмийн бул хугалсан талаараа хүлээн зөвшөөрч, энэ талаараа “гадна ачилтын талбайн краныг шинээр суурилуулж өгөх, шохойн тээрэмний хугарсан булыг шинээр суурилуулж ажиллагааг хэвийн болгож өгнө” гэсэн, мөн хариуцагчийн шүүхэд ирүүлсэн Хөнгөн блокны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн жагсаалтад “...гадна ямаа кран явах эд анги солих, цахилгаан шатсан, 4R шохойн тээрэм 1 хутга хугарсан, 4 бул гацаж эвдэрсэн, бул баригч хугарсан, шарик солих шаардлагатай” гэсэн байх тул дээрх эвдэрсэн гадна ямаан краны үнэ болох 2 500 000 төгрөг, ямаа кран редуктор, моторын үнэ 4 300 000 төгрөг, шохойн тээрмийн бул баригч 6 500 000 төгрөг, шохойн тээрмийн бул 1 200 000 төгрөг, шохойн тээрмийн хутга 4 ширхэг 1 520 000 төгрөг, нийт 16 020 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

12.9.Иймд нэхэмжлэгч Ө******* ХХК-иас 16 020 000 төгрөгийг гаргуулж хариуцагч С******* ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 80 020 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

 

12.10.Нэхэмжлэгч Ө******* ХХК-ийн шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 184 770 000 төгрөгийг хариуцагч С******* ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 20 786 825 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч С******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 16 020 000 төгрөгийг нэхэмжлэгч Ө******* ХХК-иас гаргуулж, хариуцагчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 80 020 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. 

 

13.Хариуцагч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, сөрөг нэхэмжлэлийг нотлох баримтыг гаргаж өгөх байсан, баримтууд өмгөөлөгчид байсан, өмгөөлөгчтэй оролцох эрхээ хэрэгжүүлээгүй гэсэн боловч хариуцагч С******* ХХК нь нэхэмжлэгч Ө******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гардан авсан боловч хуульд заасан хугацаандаа хариу тайлбараа ирүүлээгүй, 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өмгөөлөгч Л.Б*******тай байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг ирүүлсэн бөгөөд шүүх хариуцагчийн өмгөөлөгчтэй оролцох эрхийг нь хангаж, 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан, мөн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өмгөөлөгч Б.Бтай байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг ирүүлсэн, шүүхээс өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах эрхийг нь хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан. Мөн 2023 оны 04 сарын 28-ны өдөр хариуцагчийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэйгээ оролцох эрхийг нь хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан болно.  

13.1.Хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр өмгөөлөгчөөр М.Т*******ийг оролцуулахаар хүсэлт ирүүлсэн бөгөөд өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах эрхийг нь шүүхээс хангасан. 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр М.Т******* өмгөөлөгч нь шүүх хурал давхацсан хүсэлт гаргасан тул хүсэлтийг нь хүлээн авч хуралдааныг хойшлуулсан, 2024 оны 01 дүгээр сарын 09-нд өмгөөлөгчтэй оролцох эрхийг нь хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан.

13.2.Гэвч хариуцагчийн өмгөөлөгч нь товлон зарласан хуралдаанд дахин хуралдааныг хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн бөгөөд Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.12-д заасан “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд товлосон цагт оролцох” болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.5-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүхээс товлосон хугацаанд шүүх хуралдаанд оролцох” үүргээ биелүүлээгүй байна гэж үзэж, шүүх хуралдааныг түүний эзгүйд шийдвэрлэсэн болно.

13.3.Мөн хариуцагч нь өмгөөлөгчид нотлох баримтууд байгаа, гэрч асуулгаж олох байсан орлогын талаар нотлуулах байсан гэсэн боловч дээрх баримтуудыг болон хүсэлтийг шүүх хуралдаанаас өмнө нь шүүхэд гаргаж өгөх боломжтой байсан бөгөөд хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй, үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаан дээр гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байх тул хангаагүй орхисон болохыг дурдах нь зүйтэй.

 

14.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч Ө******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 185 734 төгрөг, хариуцагч С******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 638 150 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С******* ХХК-иас 1 081 800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө******* ХХК-нд, нэхэмжлэгч Ө******* ХХК-иас 238 050 гаргуулж, хариуцагч С******* ХХК-нд олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч С******* ХХК-иас гэрээний төлбөрт шилжүүлсэн 180 000 000 төгрөг, үйлдвэрт үлдээсэн бараа материалын үнэ 4 770 000 төгрөг, нийт 184 770 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20 786 825 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ө******* ХХК-иас 16 020 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч С******* ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 80 020 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ө******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 185 734 төгрөг, хариуцагч С******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 638 150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С******* ХХК-иас 1 081 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө******* ХХК-нд олгож, нэхэмжлэгч Ө******* ХХК-иас 238 050 төгрөгийг гаргуулан хариуцагч С******* ХХК-нд олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ХУЛАН