| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2024/0505/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/585 |
| Огноо | 2025-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/585
2025 12 19 2025/ШЦТ/585
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Т.Д,
хохирогч Т.С, өмгөөлөгч С.Н,
шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Н.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Т.Г-д холбогдох эрүүгийн 2425000000578 дугаартай хэргийг тус шүүх 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймаг Эрдэнэмандал суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнес удирдлага мэргэжилтэй, ****** ****** ****** ******* ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ****** ******* ********* ************* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Б овогт Т-ийн Г /РД; ***********/,
шүүгдэгч Т.Г нь;
2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 12.00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг “GS-25” /Жи Эс/ дэлгүүрийн үүдний хэсэгт хохирогч Т.С-г “эхнэртэй маргалдлаа” гэх шалтгаанаар шат руу түлхэн унагаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун өгзөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Т.Г “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн нэхэмжилсэн 4.970.000 төгрөгийг, мөн сэтгэл санааны хохирлыг 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлж байна.” гэв.
хохирогч Т.С “...Энэ гэмт хэргийн улмаас хохирч байна, шүүгдэгчийн өгсөн 1.121.000 төгрөгөөр сувилалд хэвтсэн. Одоогийн байдлаар эмчилгээнд 4.970.000 төгрөг зарцуулсан байгаа, цаашид хамрын эмчилгээ хийлгэх ёстой хийлгэж чадахгүй байна, сэтгэцийн хохирол гаргуулна. ...4.970.000 төгрөгийг, мөн сэтгэл санааны хохирлыг 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна гэсэн тул энэ хэргийг дуусгая. Дахин нэхэмжлэх зүйлгүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүгийн 2425000000578 дугаартай хэрэгт цуглуулсан;
хохирогч Т.С-гийн “…2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 12.30 цагт Орхон аймаг Баян-Өндөр сум “Зохимж” төвийн “GS-25” сүлжээ дэлгүүр рүү бие засах гэж орсон ч тухайн дэлгүүрийн менежер Энхмандах нь “манайд нойл байхгүй” гэсэн, “яахаараа нойл байдаггүй юм, аж, ахуйн нэгж байж” гэсэн чинь Энхмандах хэл, амаар доромжлоод, намайг шатан дээр байх үед түлхсэн. Миний шашны эрхи унаад би түүнийг аваад дээшээ хартал Энхмандахын нөхөр гэх залуу наймаг “зайл” гэж хэлээд цээж рүү түлхэхэд би хойшоо шатны уруу унасан. ...Зүүн талын бөөр хөхөрсөн өвдөж байна, толгойны дээд орой хэсэг хавдаж, үс халцарсан, уушги, хүзүү өвдөж байна, гуя хөндүүртэй хөхөрсөн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 14 дэх тал/,
“...тухай үед миний толгой их өвдөж байсан учраас өдрөө андуурч мэдүүлэг өгсөн байна, сүүлд гар утас болон бусад баримтаас үзэхэд 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр уг асуудал болсон байна. Толгойгоо бариулмаар байна, хэрэгт гаргаж өгөх хохирлын баримт байхгүй, цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлыг шүүхийн шатанд буруутай этгээдээс нэхэмжилнэ. ...Миний сэтгэл санаанд ямар нэгэн гэмтэл хор үүсээгүй, сэтгэцийн шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй, эрүүл мэндэд учирсан бодит хохирлоо нэхэмжилнэ, Г гэх залуу өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй, “битгий баашлаад бай, худлаа өвдөж байна” гэх мэтээр намайг хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 16 дахь тал/,
гэрч Б.Э-ын “...2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 12.00 цагийн орчим С гэх настай эгч манай дэлгүүрт орж ирээд, ариун цэврийн өрөө асуусан, би тухайн үед ариун цэврийн өрөө засвартай байгаа, манайхаас гараад замын урд талд нийтийн 00 байгаа талаар хэлсэн. ...би нөхрийнхөө хамт үдийн цайндаа орж байсан, хажууд ирж зогсчихоод “би өчигдөр танай ариун цэврийн өрөөнд орсон, танай байгууллага иргэдэд үйлчилж байгаа юм бол ариун цэврийн өрөөгөө нээлттэй байлгах ёстой” гээд над руу хуруу гараараа чичлээд, нөхөр бид хоёрыг “арчаагүй юмнууд наад хоолоо нохой шиг гудар” гэж хэл, үгээр доромжлоод... дахин, дахин орж ирээд хэрүүл хийгээд байхаар нь би аргаа барсандаа...“та гараад явчих” гэхэд дэлгүүрийн үүдний хэсэгт миний гар руу гартаа барьсан түлхүүрээр цохисон. Гэтэл манай нөхөр ирээд тухайн эгчийг “цаашаа яв” гээд түлхсэн, арагшаа савж шатны уруу унасан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 18 дахь тал/,
“...миний хувьд С гэдэг хүний биед халдсан, хүрсэн зүйл огт байхгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 247 дахь тал/,
Т.Г-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...манай эхнэр С гэдэг хүний биед халдсан, хүрсэн зүйл огт байхгүй, би хоолоо идээд нэлээн удаан харж суусан, тэр эгч орж ирээд 00 асуусан бөгөөд манай эхнэр “манай 00 ажиллахгүй байгаа, эвдэрсэн” гэж хэлсэн чинь нөгөө эгч “танай 00 ажиллах ёстой, олон хүнд үйлчилдэг байж” гээд үглээд уурлаад байсан, манай эхнэр тайлбарлаж зөндөө хэлсэн, үгийг нь ойлгохгүй уурлаад байсан. ...нөгөө эгч...манай эхнэрийн гар луу хоёр удаа цохисон, тэгэхээр нь би сууж байгаад очоод нөгөө эгчийг “яаж байгаа юм, та” гээд салгаад түлхсэн чинь шат руу унасан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 20, 38 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 75-78 дахь тал/,
гэрч Х.Д-ийн “…С гэх хүнийг танихгүй. ...“GS-25” сүлжээ дэлгүүрийн үүдэнд шатны уруу нэг эмэгтэй хүн гутал нь сугарсан, толгой нь шатны уруу харсан байдалтай унасан хэвтэж байхад нь би яг явж таараад “та зүгээр үү” гээд очсон чинь “эгчдээ түргэн, цагдаа дуудаад өгөөч, энэ хоёр хүүхэд намай түлхээд унагаачихлаа” гэж хэлсэн. Тэгэхэд шатны дээр эмэгтэй, эрэгтэй хоёр залуухан хүүхдүүд хараад зогсож байсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 45 дахь тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Б-ийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 840 дугаартай; “…Т.С-гийн биед тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун өгзөгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтлүүд байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 23-25 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газар Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч Ц.Д, Х.Б нарын 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 3062 дугаартай;
“...2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас Тогмидын С-гийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” гэсэн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 6-8 дахь тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Б-ийн 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 31 дугаартай; “…Т.Сгийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэсэн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн Шүүх Шинжилгээний төвийн шинжээч эмч П.О-ийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 53 дугаартай;
“...Т.С-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэсэн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 75-78 дахь тал/,
Т.С-гийн “...2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг “GS-25” сүлжээ дэлгүүрийн гадаа бусдад зодуулсан.” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2024 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 6 дахь тал/,
Орхон аймгийн Цагдаагийн газарт Т.Сгийн бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /1 дэх хавтаст хэргийн 9 дэх тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг “GS-25” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 9-10 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 46-47, 48-54, 55, 56-58 дахь тал/,
хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1 дэх хавтаст хэргийн 11 дэх тал/,
хохирогч Т.С-гийн;
эрүүл мэндтэй холбоотой хохирол, төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэл, холбогдох баримтууд /1 дэх хавтаст хэргийн 74-105, 157-161, 211-219, 2 дахь хавтаст хэргийн 61-62, 69 дэх тал/,
шинээр гаргаж өгсөн хохирогч 12 хуудас баримт,
шүүгдэгч Т.Г-ын “…миний бие хохирогч Т.Сгийн нэхэмжилсэн 4.970.000 төгрөгийг 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлж байна, мөн хохирогчид учирсан сэтгэл санааны хохирлыг мөн адил төлөөө илэрхийлж байна. Урьд 171.000 төгрөгийг эмнэлгийн байгууллагад 950.000 төгрөгийг хохирогчийн дансанд шилжүүлсэн болно.” гэсэн агуулга бүхий шүүгдэгч, хохирогч нарын гарын үсэгтэй баталгааны хуудас,
шүүгдэгч Т.Г-ын;
иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 32 дахь тал/,
эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 35 дахь тал/,
2025 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 970.408,71 төгрөгийг хохирогч Т.Сд шилжүүлсэн тухай Хаан банкны баримт /1 дэх хавтаст хэргийн 210 дахь тал/,
2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 200.000 төгрөгийг хохирогч Т.С-д шилжүүлсэн тухай Хаан банкны баримт зэргийг шүүх хуралдааны үед шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, гэрч, хохирогч нараас, мөн Т.Г-оос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Т.Г нь 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 12.00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг “GS-25” /Жи Эс/ дэлгүүрийн үүдний хэсэгт хохирогч Т.С-г “эхнэртэй маргалдлаа” гэх шалтгаанаар шат руу түлхэн унагаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун өгзөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээс гадна, мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Т.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” байдаг.
Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд л шалтгаант холбоотой, харин шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус харин зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.
Шүүгдэгч Т.Г-ын хохирогч Т.С-гийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүний эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалгаант холбоотой юм.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд шүүгдэгч Т.Г-ын хохирогч Т.С-гийн эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун өгзөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,
хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгч Т.Гыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Т.Г-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгч Т.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс олон нийтийн газар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд өнөөдрийн байдлаар /950.000 + 171.000 + 200.000/ 1.321.000 төгрөг төлснийг, хохирогчид 4.970.000 төгрөгийг, шүүхээс тогтоосон сэтгэцийн хохирлын хамт 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлснийг, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлснийг, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг,
мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх улсын яллагчийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...улсын яллагчийн саналаас бага хэмжээгээр торгох ял оногдуулна уу.” гэсэн саналуудыг тус тус харгалзан,
“эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулав.
Шүүгдэгч Т.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг,
1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг,
1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж,
497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж,
510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж,
511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж,
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.2-т “энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд түр зуурын, эсхүл байнгын шинжтэй өөрчлөлт орсон байх.” гэж,
40.2.3-т “хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх.” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Т.Г нь гэм буруутай үйлдлээрээ хохирогч Т.С-д “тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун өгзөгт цус хуралт” гэмтэл учруулсан нь хохирогчид учирсан хохирол бөгөөд түүний эмнэлгийн тусламж авах, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарах зардал хор уршигт тооцогдоно.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж,
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.4-д сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу 1-р зэрэглэлийг 0-3% гэж тогтоож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс нөхөн төлбөрийн хэмжээг хувьчлан тооцохоор журамласан.
Шүүх шүүгдэгч Т.Г-д холбогдох хэргийг хянан шийдвэрлээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Б-ийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 840 дугаартай, Шүүх шинжилгээний ерөнхий газар Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч Ц.Д, Х.Б нарын 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 3062 дугаартай дүгнэлтүүдийг тус тус үндэслэн, “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.8-д заасан “шүүгдэгчийн учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруудаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, ... зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 99.000.000 төгрөгөөс сэтгэцийн хор уршгийн хэмжээг 1 дүгээр зэрэглэл 1% гэж тооцож, хохирогч Т.С-гийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн мөнгөөр илэрхийлэгдэх хэмжээг 990.000 төгрөгөөр тогтоов.
Шүүгдэгч Т.Г нь хохирогч Т.С-гийн нэхэмжилсэн эмчилгээний зардалд зарцуулсан гэх 4.970.000 төгрөгийг, мөн түүний сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр 990.000 төгрөгийг тус тус 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор нөхөн төлөхөө илэрхийлж, үүнийг хохирогч хүлээн зөвшөөрснийг дурьдах нь зүйтэй.
Эд мөрийн баримтаар тооцож хэргийн хамт ирүүлсэн Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг “GS-25” сүлжээ дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж,
шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Год урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Т-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Г шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгчид торгох ял оногдуулсан, хохирол, төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Г-оос 5.960.000 төгрөг гаргуулж хохирогч Т.С-д олгосугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар нэг ширхэг хуурцаг ирүүлснийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э