Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 74

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч С.Эрдэнэбаяр (томилолтоор),

хохирогч Б.Мөнхбаяр,

шүүгдэгч Ч.Алтаншагай (өөрөө өөрийгөө өмгөөлнө) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Бичээч овогт Чулуунцэцэгийн Алтаншагайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1707000010001 дугаар, 108/2017/0078/Э индекстэй хэргийг 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 17 цаг 00 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.                                           

Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерийн график дизайн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Жаргалант 3 дугаар гудамжны 34 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн УШ93111313 дугаартай, Бичээч овогт Чулуунцэцэгийн Алтаншагай нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - 2017 оны 06 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Багахангай дүүргийн 2 дугаар хороо Хангай хотхоны авто гражийн урд талд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Мөнхбаярын нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Алтаншагай нь гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулан, талуудын хүсэлтээр шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Алтаншагай нь 2017 оны 06 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Багахангай дүүргийн 2 дугаар хороо Хангай хотхоны авто гражийн урд талд Э.Золжаргал, Б.Энх-Учрал, Ц.Алтанбазар нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үед хохирогч Б.Мөнхбаяр нь түүнд хандан “би уурлах гээд байна шүү, пизда нар аа, чи надад таалагдахгүй байна, миний уур хүрээд байна шүү, надад хэлэх үг байгаа шүү” гэж хэлэн агсарч дайраад байхад нь Б.Мөнхбаярыг Э.Золжаргал, Б.Энх-Учрал, Ц.Алтанбазар нар машинд суулгахад хэсэг хугацааны дараа бууж ирээд Ч.Алтаншагайг гражны хаалгатай хавсарч мөргөхөд түүний нүүрэн тус газар нь гараараа 3-4 удаа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Алтаншагайн: “... Найзыгаа зодсон нь миний буруу, найзаасаа уучлалт гуйж байна ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Мөнхбаярын: “... Бид хоёр архи уугаад ийм хэрэг болсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Э.Золжаргалын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “... тэгээд гражны тэнд гадаа уугаад сууж байсан чинь Мөнхбаяр гэнэт агсан тавиад “би уурлах гээд байна шүү, пизда нар аа” гээд байсан бид нар тайвшруулах гээд машинд нь суулгасан, тэгсэн удалгүй машинаас бууж ирээд Алтаншагайг түлхэж мөргөх шиг болсон Алтаншагай “чи боль л доо согтуу байна” гэж хэлсэн. Тэгсэн Мөнхбаяр Алтаншагайг дахин гражийн хаалгатай хавсарч мөргөсөн, тэгсэн Алтаншагай “чи яагаад агсан тавиад байгаа юм” гээд Мөнхбаярын нүүрэн тус газар нь цохиод авсан, 3-4 удаа цохьсон. Тэгээд Алтанбазар бид хоёр салгасан. Тэгээд Мөнхбаяр “найз нар ийм байдаггүй юм, би явлаа, та нар миний машинаас буу” гээд орилж машинаасаа хөөж эхэлсэн. Алтанбазарт Мөнхбаярын машины түлхүүр байсан өгөөгүй. Осол аваарт орно гэж бодоод бид нар хажууд нь суугаад байсан. Тэгээд бид нар 07 цаг хүртэл “одоо больчих” гэж хэлсэн. Тэгсэн Мөнхбаяр “одоо та нар яв, би гомдол санал байхгүй, аавыгаа дуудсан, аавыг ирэхэд байх юм бол өөртөө гомдоорой” гээд хөөгөөд байсан. Би Учрал руу яриад машин олуулж Улаанбаатар хот явсан. Анхбаяр болсон асуудлын талаар юу ч мэдээгүй машинд унтаж явсаар байгаад таарсан. ... Алтаншагай Мөнхбаярыг цохьсон. Хэрүүл маргаан Мөнхбаяр агсан тавьснаас болсон. Би Мөнхбаярыг зодсон цохьсон асуудал байхгүй. Харин зодолдож байхад нь салгасан ба над руу дайрах гээд байхад нь би машинд нь оруулаад тэвэрч хэвтсэн. Тэрийг Мөнхбаяр чи намайг боосон гээд байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Энх-Учралын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “... Тэгээд бид байрны өмнөх гражны тэнд гарч пиво уусан. Надад өгөх үед нь би амсаад л өгсөн уугаагүй. 03-04 цагийн үед ууж байгаад Мөнхбаяр нь юунаас болсон юм мэдэхгүй Алтаншагай гэх залуу руу “чи надад таалагдахгүй байна шүү, миний уур хүрээд байна шүү, надад хэлэх үг байгаа шүү” гээд агсарч дайраад байсан. Тэгсэн тэнд байсан Алтанбазар гэх залуу нь Мөнхбаяр гэх залууг машиндаа суулгаад хэсэг байж байгаад Мөнхбаяр нь гэнэт л бууж ирээд Алтаншагай гэх залууг гражны хаалгатай хавсарч мөргөөд багалзуурдсан. Тэгсэн Алтаншагай өмнөөс нь гараараа 3-4 удаа нүүр лүү нь цохьсон. Тэгээд Алтаншагай “би чиний аясаар байх гэж зөндөө хичээлээ, чи найзуудыгаа хүндлэхгүй байна” гэж хэлж байсан. Тэгээд Алтанбазар, Золжаргал хоёр тэр хоёрыг салгасан. Би ойртож чадахгүй хараад зогсож байгаад 05 цагийн үед гэртээ орсон. Тэгээд би 07 цагийн үед ажилдаа явах гээд гэртээ байж байтал Золжаргал над руу залгаад “Мөнхбаяр явахгүй гээд машинаасаа хөөгөөд явахгүй гээд байна, найздаа унаа олоод өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би унаа олж өгөөд тэд нарыг явуулсан. ... Мөнхбаярыг миний нүдэн дээр Алтаншагай цохиж байсан өөр хүн цохиж байхыг би хараагүй. Мөнхбаяр Алтаншагайг харин хэд хэдэн удаа цохиж байсан. Уул нь бид хэрүүл маргаангүй сууж байсан. Тэгсэн Мөнхбаяр агсан согтуу тавьж эхэлснээс болж маргаан гарсан. Золжаргал маргааш ажилтай гэж хэлээд их уугаагүй. Алтаншагай, Мөнхбаяр хоёр их согтуу байсан. Тэнд өөр бэртсэн гэмтсэн хүн байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Алтанбазарын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “... Тэнд уугаад байж байгаад 03-04 цагийн үед Мөнхбаяр согтоод Алтаншагайд хандаж “ойрд уулзаагүй чи их сонин байгаад байгаа шүү” гэж хэлж байсан. Бид нар Мөнхбаярыг “миний найз жаахан согтсон байна, машиндаа жаахан унт” гээд оруулсан. Тэгсэн Мөнхбаяр машиндаа сууж байгаад гарч ирээд “пизда нар аа миний уур хүрээд байна шүү” гэж хэлсэн. Тэгсэн Алтаншагай “чиний уур яасан гэж хүрээд байгаа юм” гэж хэлсэн чинь Мөнхбаяр шууд очоод Алтаншагайгийн өмнөөс мөргөсөн. Тэгээд Алтаншагай Мөнхбаярын нүүрэн тус газар нь хоёр удаа гараа зангидаж байгаад цохиж нэг удаа алгадах шиг болсон. Би тухайн үед Мөнхбаярыг барьж авсан, Золжаргал Алтаншагайг барьж аваад энэ хоёрын зодооныг салгасан. Тухайн үед Мөнхбаяр цохиулснаасаа болоод газар унасан. Тэгсэн Золжаргал Мөнхбаярыг босгоод машинд суулгасан. Би цаашаа Алтаншагайг аваад явсан. Тэгээд би жаахан байж байгаад эргээд ирсэн чинь Мөнхбаярын нүүр ам нь хавдсан “түлхүүр өг, би явна” гээд согтуу жолоогоо барих гээд машинд ороод суух гэхээр “зайл ийм найз нар байдаггүй юм” гээд хөөгөөд байсан. Бид нар “зүгээр явья” гэж 2 цаг хэртэй гуйсан. Тэгсэн Мөнхбаяр бүр агсан тавиад би “аавыгаа дуудсан, хэрэв миний аав ирэхэд та нар байх юм бол өөртөө гомдоорой, аавыг ирэхээс өмнө та нар яв, би цагдаа гэхгүй гомдолгүй та нарыг харахаар нүд хорсоод байна” гэж хэлсэн. Бид нар 07 цагийн үед зам дээрээс машинд суугаад хот явсан. ... Мөнхбаярыг миний нүдэн дээр Алтаншагай цохиж байсан, өөр хүн цохиж байхыг би хараагүй. Хэрүүл маргаан Мөнхбаяр агсан согтуу тавьж эхэлснээс болж гарсан. ... Золжаргал маргааш ажилтай гээд нээх их уугаагүй. Алтаншагай, Мөнхбаяр хоёр их согтуу байсан. Тэнд өөр гэмтсэн бэртсэн хүн байхгүй ээ. Золжаргалтай хамт явж байсан охин болон найз залуу хоёр хажууд хараад зогсож байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ганзоригийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №8534 тоот дүгнэлтэд:

1. Б.Мөнхбаярын

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /хх-ийн 29 дүгээр тал/,

Ч.Алтаншагайн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 дугаар тал/,

Ч.Алтаншагайн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 39-44 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ч.Алтаншагайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Ч.Алтаншагай нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, түүний төрсөн ах Ч.Нямдаваа нь торгуулийн ялын мөнгөн дүнг өөрийн биеэр төлөхөө илэрхийлж шүүхэд хүсэлт гаргасан зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Б.Мөнхбаяр “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Бичээч овогт Чулуунцэцэгийн Алтаншагайг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Чулуунцэцэгийн Алтаншагайд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Алтаншагай нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ч.Алтаншагай нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Б.Мөнхбаяр “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Алтаншагайд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЛУВСАНДОРЖ