Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 1648

 

 

МАГАДЛАЛ

2019.09.09                                              Дугаар 01648

“М Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,    

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/01885 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч:”М Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Б-д холбогдох

          18 900 240 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухайн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Б нь-“М Т” ХХК-тай анх 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “БГ01” тоот “Малын тэжээл зээлээр нийлүүлэх гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр нийлүүлэгчээс борлуулагчид 20 000 000 төгрөг хүртэлх малын тэжээл зээлээр нийлүүлэх байсан бөгөөд хариуцагчийн зүгээс гэрээний барьцаанд Төв аймгийн Батсүмбэр сум, Мандал, 1 дүгээр баг, суврагийн задгай 1-4 “Б” хаягт байрлах 56 м2 талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-1403000139 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 18629359098766 нэгж талбарын дугаартай 0.07 м2 газрыг тавьсан. Гэрээний дагуу нийлүүлэгчээс борлуулагчид нийт 14 удаагийн таталтаар 54 326 000 төгрөгийн тэжээл зээлээр нийлүүлсэн. Үүнээс хариуцагч нь 39 686 000 төгрөгийг буцаан төлсөн. Одоо 14 640 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Гэрээний 5.4-т “борлуулагч тал төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд төлбөл зохих үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн торгууль ногдуулна” гэж заасан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу алданги нь 7 320 000 төгрөг болсон. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 14 640 000 төгрөг, алданги 7 320 000 төгрөг, нийт 21 960 000 төгрөг болж байгаа. Иймд хариуцагчаас 21 960 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Түүнчлэн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 21 960 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагуудыг гаргасан. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс 21 960 000 төгрөг гаргуулах шаардлагын хэмжээг дараах байдлаар багасгаж байна. Үүнд: 1.Талуудын байгуулсан гэрээний 2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дууссан. Гэрээний 5.4-т зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 14 640 000 төгрөгөөс тооцогдоно. Ийнхүү тооцоход 14 640 000 төгрөгийн нэг өдрийн алданги нь 43 920 төгрөг болно. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл тооцоход 97 хоног болно. Хариуцагчийн нийт төлөх ёстой алданги нь 4 260 240 төгрөг болж байна. Ийнхүү тооцож үзэхэд хариуцагч нь үндсэн төлбөр 14 640 000 төгрөг, алданги 4 260 240 төгрөг, нийт 18 900 240 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх ёстой. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал 3 059 760 төгрөгт холбогдох хэсгээсээ татгалзаж, үлдэх 18 900 240 төгрөгийг хариуцагчаас шаардаж байгаа. Харин нэхэмжлэгч тал барьцааны зүйл болох газар, үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа бүрэн дэмжиж байгаа. Нэхэмжлэлд дурдсанчлан хариуцагч Н.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн нийт 54 326 000 төгрөгийн тэжээлийг хүлээн авсан ба үүнээсээ 39 686 000 төгрөгийг буцаан төлсөн. Хамгийн сүүлд 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төлбөр төлөлт хийсэн. Үүнээс хойш нэг ч удаа төлбөр төлөөгүй. Хариуцагчид төлбөрөө төлөхийг удаа дараа сануулж байсан ч төлбөрөө огт төлөхгүй байсан учир бид аргагүйн эрхэнд шүүхэд хандсан гэжээ.

Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 12 дугаар сараас эхлээд ”М Т” ХХК-ийн рапсны шахмал тэжээлийг борлуулж эхэлсэн бөгөөд олонд танигдаагүй дээрх тэжээлийг өөрийн нөөц бололцоог дайчлан олонд таниулж зах зээлд борлуулж байсан. Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр миний түрээсэлж ажиллуулдаг байсан түрээсийн байранд өөрийн буруугаас болж гал гарч тэжээл болон эм бэлдмэл гэх мэт эд зүйл шатаж нийт 60 000 000 төгрөгийн хохирол учирч ажилд маань доголдол үүссэн. Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд Н.Ө гэж хүнд 5 тн буюу 125 ширхэг нийт 4 375 000 төгрөгийн тэжээл өгөөд одоо болтол авч чадаагүй. Дээрх хүн Солонгос улс яваад ирэхгүй байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, партизанд тэжээл борлуулж байсан. Д.Мандах 3 339 000 төгрөгийн тэжээлийн дутагдал үүсээд одоо Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байна. Иймд дээрх 14 640 000 төгрөгийг өдий болтол өгч чадахгүй явж байна. Дээрх компанийн нэхэмжилсэн 14 640 000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги 7 320 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Учир нь үйлдвэрийн үнэ 1 уут нь 35 000 төгрөг бөгөөд би цааш нь 36 500 төгрөгөөр борлуулдаг. Мөн Төв аймгийн Батсүмбэр сум Улаанбаатар хотоос 80 км байдаг. Иймд унааны зардал зөрүү 1 500 төгрөг тээврийн зардал, ажилчдын хөлс гэх мэт хүрэхгүй надад ашиг гардаггүй. Иймд эвлэрүүлж үндсэн төлбөр болох 14 640 000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сард барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү. Дээрх тэжээлийг хувиас ч төлбөрийг нь төлөөд сурталчлуулж байсан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлд дурдсан үйл баримт болон үндсэн нэхэмжлэлийн тооцоололтой маргахгүй. Харин нэхэмжилж буй алдангийг зөвшөөрөхгүй. Учир нь талуудын байгуулсан гэрээний 2.1-д “энэхүү гэрээний хүчинтэй хугацаа нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал 1 жилийн хугацаатай байна”, 2.2-т “Гэрээний хугацаа дуусахад талууд гэрээ цуцлах санал гаргаагүй, үүргээ гүйцэтгэсээр байгаа бол гэрээг 1 жилээр сунгасанд тооцож, хүчин төгөлдөр байгаад тооцно”, 2.3-т “талууд гэрээг цуцлах саналаа 7 хоногоос доошгүй хугацааны өмнө нөгөө талдаа бичгээр мэдэгдэж төлбөр тооцоо дууссаны дараа гэрээ цуцлах акт үйлдэнэ” гэж заасан.  Нэгэнт нэхэмжлэгчийн зүгээс албан ёсоор гэрээ цуцлах санал тавиагүй, гэрээний хугацаа сунгагдсан байгаа учир гэрээний хариуцлага болох алдангийг нэхэмжлэгч тал шаардах эрхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал хариуцагчид гэрээ цуцлах талаараа бичгээр мэдэгдээгүй, манайд ямар нэг байдлаар мэдэгдээгүй. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шаардлагуудын зарим хэсгийг нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

          Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Н.Б-с 16 770 120 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ”М Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 130 120 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын Ү-1403000139 дугаарт бүртгэлтэй, Төв аймаг, Батсүмбэр сумын 1 дүгээр баг, Мандал хаягт байршилтай, 56 м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас 18629359098766 нэгж талбарын дугаартай, 0.07 м2 хэмжээтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 337 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-с 241 801 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн алданги нэхэмжилсэн 4 260 240 төгрөгийн шаардлагын зарим хэсгийг буюу 2 130 120 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагчийн зүгээс алдангийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд үндэслэл нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу барааг хэзээ зарж дуусгаад хэзээ төлбөрийг шилжүүлж байх талаар тодорхой заалт байхгүй, тодруулбал хэзээ зарагдаж дууссан барааны мөнгийг хэзээнээс шилжүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа, энэ нь гэрээний ямар заалтыг хэрхэн зөрчсөн эсэх талаар тодорхойгүй, мөн гэрээний хугацаа дуусаагүй, үргэлжилж байхад алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн алданги нэхэмжилсэн 2 130 120 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч ”М Т” ХХК нь хариуцагч Н.Б-д холбогдуулан 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Малын тэжээл зээлээр борлуулах гэрээ”-ний үүрэгт 14 640 000 төгрөг, алданги 7 320 00 төгрөг, нийт 21 960 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 18 900 240 төгрөг болгон багасгасныг хариуцагч “...гэрээний хугацаа дуусаагүй байгаа тул алдангийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

            Зохигчдын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр №БГ01 тоот “Малын тэжээл зээлээр борлуулах гэрээ” байгуулагдаж, нэхэмжлэгч нь 20 000 000 төгрөгийн үнэ бүхий малын тэжээл нийлүүлэх, хариуцагч нь 1 жилийн хугацаанд үнийг төлөх, төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд төлбөл зохих үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги тооцохоор нэхэмжлэгчээс зээлсэн болох нь дээрх зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэргээр тогтоогдсон байна. /хх 8-11, 46-47/ 

            Мөн дээрх гэрээг хэрэгжүүлэх зорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр №БГ02 тоот “Зээлийн барьцааны гэрээ” байгуулж, уг гэрээгээр эрхийн улсын Ү-1403000139 дугаарт бүртгэлтэй, Төв аймаг, Батсүмбэр сумын 1 дүгээр баг, Мандал хаягт байршилтай, 56 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.

            Хариуцагч нь №БГ01 тоот “Малын тэжээл зээлээр борлуулах гэрээ”-ний дагуу нийт 54 326 000 төгрөгийн малын тэжээл хүлээн авснаас 39 686 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, гэрээний үлдэгдэл төлбөрийн хэмжээ 14 640 000 төгрөг байгаа талаар маргаангүй байна.

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний талаар дүгнэлт хийж, хариуцагч Н.Бгээс малын тэжээлийн үлдэгдэл төлбөр болох 14 640 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь зөв байна.

            Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар талууд зээлийн гэрээний 5.4 дэх хэсэгт “гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар” алдангийн талаар тус тус тохиролцон, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгээр хэлцэл хийгдсэн хүчин төгөлдөр тул хүчин төгөлдөр гэрээний үүргийг биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй тул алдангийг төлөхгүй гэх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

            Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/01885 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 49 032 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.ИЧИНХОРЛОО             

ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

                                            М.НАРАНЦЭЦЭГ