Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2024/00141

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 08 өдөр Дугаар 183/ШШ2024/00141 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б 

 

 Хариуцагч: **** газар 

 

Гуравдагч этгээд: ***банк ХК  нарт холбогдох

 

  Үнэлгээ болон тогтоол хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.

 

Үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр, тогтоол хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 18 өдөр шүүх хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Б нь үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дугаар *** тоот шийдвэрээр 3,708,783,027 төгрөгийг гаргуулж **** банканд олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа **** газарт явагдаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Д.Б миний өмчлөлийн Улаанбаатар хот, *** тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураах ажиллагаа хийгдсэн. Мөн эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авахаар албан бичиг ирсэн. Д.Б миний зүгээс 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр үнийн санал гаргасан боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь уг үнийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэж шинжээч томилж эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон байна. Шинжээч нь Д.Б өмчлөлийн Улаанбаатар хот, *** тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг 239,195,500 төгрөгөөр үнэлсэн ба энэ үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээ юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан Үндэслэл журмын дагуу явагдах учиртай. Шинжээч томилж хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагаа нь дээрх хууль Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиас гадна Шүүхийн шинжилгээний тухай хууль болон хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцэж явагдах шаардлагатай. Иймээс хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллага нь үнэлгээ тогтоох ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн эсэхэд хяналт тавьж, хуулийн хүрээнд бодитой үнэлсэн гэж үзсэн тохиолдолд үнэлгээг холбогдох этгээдүүдэд мэдэгдэж тухайн үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулах ёстой. Гэтэл **** газар дээрх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн өртгийн, жишиг үнийн, орлогыг аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан байдаг. Гэтэл үнэлгээний тайлангаас харахад хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан дээрх шаардлагыг зөрчсөн. Үнэлгээчин нь хөрөнгийг үнэлэхдээ өртгийн болон зах зээлийн аргыг дурдсан байх боловч бусад аргыг хэрэглээгүй байна. Иймээс эд хөрөнгийн бодит үнэлгээг тогтоогдоогүй. Үнэлгээг тогтоох арга нь тодорхой байхад хуульд заасны дагуу үнэлгээг гаргаагүй. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад шинжээч томилохдоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, шүүхийн шинжилгээний тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул үнэлгээг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн гэж үзэх боломжгүй. Шинжээч дүгнэлтийн бүрдүүлбэр нь шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан бүрдүүлбэрийг хангаагүй. **** газар нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дугаар *** тоот хөрөнгөний үнэлгээний талаарх мэдэгдэл-ийг Д.Б надад 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд Эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан тул хуулийн хугацаанд нэхэмжлэлийг шүүхэд гаргав. Мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122 дугаар зүйлийн 122.5-д ...иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гаргана, (Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж) гэж заасан байдаг. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дугаар 0*** тоот захирамжаар шийдвэрлэсэн. Иймээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэлийг гаргасан болно. Иймд, **** газарт явагдаж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Д.Бгийн өмчлөлийн Улаанбаатар хот, *** тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг 239,195,500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

2.Нэхэмжлэгч Д.Б нь тогтоол хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Д.Б миний өмчлөлийн Улаанбаатар хот, *** тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг хураах ажиллагааг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хийсэн. 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явагдах шаардлагатай. Төлбөр төлөгч этгээд нь шүүхийн шийдвэрээр бусдад төлөх өр төлбөртэй этгээд мөн боловч тухайн этгээдийн эрхэнд хуульд заасан хязгаар, хүрээний хэмжээнд эрхэнд нь халдах, эрх бүхий этгээд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хуулиар өөрт нь олгосон эрх хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн эсхүл хууль бус ажиллагаа явуулсан бол эрх зөрчигдсөн этгээд шүүхэд хандаж хууль бус ажиллагааны талаар шүүхэд хандаж ажиллагааг хүчингүй болгуулж эрхээ хамгаалуулах нь шударга ёсонд нийцэх юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулах тохиолдол, журмыг хуульчилж заасан. Хөндлөнгийн гэрч нь нэг талаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх бүхий этгээдээс төлбөр төлөгчид хууль бус шаардлага тавихгүй байх, өгөө талаас төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид хууль бус шаардлага тавихгүй тавьсан бол түүнийг баримтжуулах чиг үүрэгтэй оролцуулахаар хуульчилсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлэхийн өмнө шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчид түүний эрх, үүргийг тайлбарлаж өгнө." гэж заасан байдаг. Гэтэл дээрх хураах ажиллагааг хийсэн гэх боловч хөндлөнгийн гэрчид урьдчилан эрх, үүргийг тайлбарлах, хууль сануулах ажиллагаа зохих журмын дагуу хийгдээгүй. Иймээс хөндлөнгийн гэрчийг хуульд заасны дагуу оролцуулсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэх боломжгүй. Мөн шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хураахын өмнө төлбөр төлөгчид төлбөрийн талаар мэдэгдэл хүргүүлэх, хөрөнгийн мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийхээр хуульд заасан. Гэтэл уг ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу хийгдээгүй байдаг. Тухайлбал: Төлбөр төлөгч Д.Бд шүүхийн шийдвэрийн дагуу мөнгө төлөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн байдаг боловч уг хугацаанд төлбөр төлөх боломж олгохгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг хураасан. Энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан дарааллын дагуу явагдсан гэж үзэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Нөгөөтэйгөөр төлбөрөө төлөх хугацааг тогтоосон боловч тухайн хугацаанд төлбөр төлөх бүрэн боломжийг олголгүй эд хөрөнгийг хураасан нь хуульд нийцэхгүй байна. Логик дарааллын хувьд алдаатай байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Д.Б миний үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хурааж, мэдэгдсэн ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно. гэж заасан тул 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. **** газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчээс 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гомдлыг шийдвэрлэж, хариу мэдэгдэх хуудсаар хариуг өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. гэж заасан тул 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдөр гомдлыг шийдвэрлэж хариуг бичгээр өгсөн. Дээр дурдсанаар хуулийн хугацаанд гомдлыг гаргаж урьдчилан шийдвэрлүүлсний дараагаар уг нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа болно. Мөн Хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д ... иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд, энэ хуулийн 6.2.3, 6.2.4-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо гүйцэтгэх хуудас олгосон шүүхэд, энэ хуулийн 6.2.5, 6.2.6-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гаргана. гэж заасан байдаг. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн дугаар 02600 тоот захирамжаар шийдвэрлэсэн. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг гаргасан болно. Иймд **** газрын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол-ыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр мөнгөн төлбөр гаргуулахаар шийдсэн байсныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Улаанбаатар хот, **** дугаар тоот хаяг байрлах үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлээд хураагаад ажиллагаа явуулах, үүний дараагаар үнэлэх ажиллагаа явагдсан байгаа юм. Гэхдээ үнэлэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаагүй гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд заасан үнэлэх ажиллагаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон шүүхийн шинжилгээний тухай хуульд нийцэж явагдах ёстой. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан шүүхийн шинжилгээний тухай хуульд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль дээр эхлээд шинжээч этгээдийг томилно түүнийг дуудаж авчраад шинжээч этгээдийг томилохоос өмнө түүнээс энэ асуудлаар дүгнэлт гаргах боломж байгаа эсэхийг тодруулна магадгүй хэргийн оролцогчтой ямар нэгэн садан төрлийн холбоо хамаарал дүгнэлт гаргаж болохгүй үндэслэл байгаа эсэхийг тодруулах ёстой. Гэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага уг хуулийн зүйл заалтыг зөрчөөд шууд шинжээчээр томилсон процессын ажиллагаа явагдсан байгаа юм. Өнөөдөр хуульд юу гэж заасан байна түүнийг шүүгч буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ч бай иргэн хуулийн этгээд дагаж мөрдөх үүрэгтэй. Тэгэхээр хуульд заасныг зөрчсөн байна. Шинжээчээр томилсон этгээдийг С.Ц гэдэг этгээдийг томилсон боловч шинжээчийн дүгнэлтийг гаргаж аваад байгаа этгээдэд дүгнэлтэй өөр этгээдээс авчихсан. Хэрэгт байгаа баримтаас харахад шинжээчийн дүгнэлт ирүүлсэн байгууллага нь өөрөө хуульд заасны дагуу энэ талаарх дүгнэлт гаргах эрхтэй байсан нь эргэлзээтэй байна. Тэгэхээр хуульд заасан тусгай мэдлэг бүхий этгээд дүгнэлт гаргана гэдэг асуудал энэ дээр байхгүй. Мөн шүүх шинжилгээний тухай хуулийн агуулгаар өнөөдөр 2 этгээд тухайн асуудлаар нэг дүгнэлт гаргаж чадахгүй байгаа эсхүл тусгай мэдлэг шаардсанаас болж тухайн этгээд худал дүгнэлт гаргахгүй шүү гэдэг дүгнэлт урьдчилан гаргаж энэ дүгнэлтийг гаргадаг. Гэтэл өнөөдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дүгнэлт ирүүлсэн этгээд ямар нэг хууль сануулаагүй тухайн асуудлаар ямар нэгэн баталгаа гаргаагүй дүгнэлт гаргасан. Тэгэхээр энэ төрлийн дүгнэлт гаргаад авахад шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, шүүхийн шинжилгээний тухай хууль заасныг зөрчиж байна гэсэн үг учраас үнэлгээ бүхэлдээ хууль зөрчиж явагдсан гэж ойлгож байна. Мөн нэхэмжлэлийн 2 дахь шаардлага нь дээрх дурдсан эд хөрөнгийг битүүмжлэх хураах ажиллагаа явагдсан. Хураах ажиллагаатай холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хураах ажиллагаа гэдэг бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 44 дүгээр зүйлд заасан ажиллагаа нь нэг төрөл хамаарна. Энэ төрөлд хамаарч байгаагийн хувьд эд хөрөнгөд нэвтрэх төрлийн ажиллагаа хамаарч байгаа. Нэвтэрч байгаа бол шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрч оролцуулж түүнд эрх үүрэг тайлбарлана. Хөндлөнгийн гэрч оролцуулах хуулийн зорилго нь шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгчид хууль бус шаардлага тавихгүй байх төлбөр төлөгчөөс шийдвэр гүйцэтгэгч хууль бус шаардлага, санал тавихгүй байх нөхцөлийг хангах зорилгоор оролцож байгаа энэ хүмүүст шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар эрх үүрэг тайлбарлагдаж хэрэгт баримтжуулах ёстой. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцож байгаа хүн би өөрөө ямар эрх үүрэгтэй оролцож байгаа вэ гэдгийг мэдэж байх ёстой. Гэтэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцуулсан хүмүүст эрх үүрэг тайлбарласан гэсэн баримт хэрэгт ирээгүй эрх үүрэг тайлбарласан ажиллагаа хийгдсэн зүйл байхгүй мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд дээр маш тодорхой заасан байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үр дүн баталгаажуулсан тэмдэглэл үйлдэнэ гээд заасан байдаг. Гэтэл өнөөдөр тогтоол үйлдсэн байгаа боловч тухайн ажиллагааны явцтай холбоотой ямар ч тэмдэглэл үйлдсэн зүйл байдаггүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж үзэх ямар ч боломжгүй тэгэхээр эд хөрөнгө хураах тухай 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн *** тоот эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байдаг. Иргэний хэргийн шүүхийн практик шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг харахад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан ч гэсэн хүн, хуулийн этгээд гэдэг эрх зүйн статусаа дагахгүй хоцорч байна. Мөн эрх зүйн статус байгаа цагт өөрийн эрх зөрчигдөж байгаа бол төрийн эрх бүхий хороонд гомдол гаргаад шийдвэрлүүлэх боломж байдаг. Тэр ч утгаараа шүүхэд ханддаг. Шүүхэд хандаж шийдвэрлүүлж байна гэдэг шүүх бол асуудлыг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тэгш эрхийн үндсэн дээр мэтгэлцээн болон нотлох баримтын үндсэн дээр шийдвэрлэнэ. Тэгэхээр тэмдэглэл үйлдсэн нь хувийн хэрэгт байгааг тогтоохгүй Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд шийдвэрлэнэ. Хэрэгт байгаа өөрсдийн тайлбар татгалзлыг нотлох баримтаар нотолж хэрэгт гаргаж өг гэж байгаа юм. Энэ нэхэмжлэлтэй хэрэг дээр хураах тогтоол үйлдсэн эрх үүрэг тайлбарласан нэг ч баримт байхгүй мөн тэмдэглэл үйлдсэн гэж яриад байх боловч хэргийн материалд ирсэн зүйл байхгүй байна. Шинжээчээр томилсон дүгнэлт гаргасан хүний гэрчийн мэдүүлэг өгөхдөө болон хэрэгт байгаа баримтаар хангалттай харагдаж байна. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг хариуцагч нотлох баримтаар няцаагүй гэж үзэж байна. Хууль сануулах ажиллагаа хуульд заасны дагуу хийгдээгүй байдаг. Хэрэгт байгаа баримтаас харахад ***компани аль хэдийн дүгнэлт ирүүлсэн гүйцэтгэх захирлын албан тамгатай. Гэтэл ***компанид хууль сануулах ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байна. С.Цд хууль сануулах ажиллагаа хийгдсэн гэж үзэх боловч өнөөдөр С.Ц дүгнэлт гаргаж хэргийн материалд ирүүлсэн зүйл байхгүй мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас ирүүлсэн зүйл байхгүй байна. Мөн С.Цд хууль сануулах ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгдсэн зүйл байдаггүй. Жишээ нь энгийн нэг хүнд дүгнэлт гаргаад ир гээд явуулж байхад энэ нь ямар ч эрх зүйн үр дагавар байхгүй. Энэ асуудлаар өөрийн хөндлөнгийн байр сууринаас дүгнэлт гаргаарай худал дүгнэлт гаргавал эрүүгийн хуулийн 21.4-т заасан хариуцлага хүлээлгэнэ гээд явуулахад тэр хүн зөв дүгнэлт гаргана гэж хуульд заасан байдаг. Тэгэхээр Эрүүгийн хуулийн зохих зүйл заалт сануулсан зүйл байдаггүй хууль ёсоор сануулаагүй байна. гэв.

4.Хариуцагч **** газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ***ХХК, Д.Б нарын шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай захирамжаар ***, Д.Б нараас 3,707,783,027 төгрөгийг гаргуулж **** банканд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Д.Бгийн өмчлөлийн эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, ***тоот хаягт байрлах 63,03 м.кв талбайтай орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-д заасны дагуу 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн *** тоот тогтоолоор битүүмжилж, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн *** тоот тогтоолоор хураан авч, тогтоолын хувийг төлбөр төлөгчид гардуулан өгч, тэмдэглэл хөтөлсөн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад төлбөр төлөгч ***ХХК, Д.Б нар нь өөрийн өмчлөлийн хөрөнгөө 10,000,000,000 төгрөгөөр үнэлж байгаагаа албан бичгээр тус газарт ирүүлснийг төлбөр авагч талд танилцуулахад хүлээн зөвшөөрөөгүй шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2-т заасны дагуу 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн ***тоот шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээчин С.Ц томилж зах зээлийг үнийг тогтоолгоход төлбөр төлөгч Байгалмаагийн өмчлөлийн эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, ***тоот хаягт байрлах 63,03 м.кв талбайтай орон сууцыг 239,195,500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 4- **** дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгч ***ХХК, Д.Б биечлэн гардуулж тэмдэглэл хөтөлж баталгаажуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

5.Хариуцагч **** газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2026 дугаар шийдвэрээр Д.Б, ***ХХК-иас 3,707,783,027 төгрөгийг гаргуулж **** банканд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Б.Байгалмаагийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн ***, ***, ***, *** дугаартай хөрөнгүүдийг битүүмжилж, хурааж, шинжээч томилсон. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 44.2.8-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай захирамжаар ***ХХК, Д.Б нараас 3,707,783,027 төгрөгийг гаргуулж **** банканд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Д.Бгийн өмчлөлийн эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, ***тоот хаягт байрлах 63,03 м.кв талбайтай орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-д заасны дагуу 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн *** тоот тогтоолоор битүүмжилж, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн *** тоот тогтоолоор хураан авч, тогтоолын хувийг төлбөр төлөгчид гардуулан өгч, тэмдэглэл хөтөлсөн. 200 Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад төлбөр төлөгч ***ХХК, Д.Б нар нь өөрийн өмчлөлийн хөрөнгөө 10,000,000,000 төгрөгөөр үнэлж байгаагаа албан бичгээр тус газарт ирүүлснийг төлбөр авагч талд танилцуулахад хүлээн зөвшөөрөөгүй шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2-т заасны дагуу 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн ***тоот шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээчин С.Ц томилж зах зээлийг үнийг тогтоолгоход төлбөр төлөгч Байгалмаагийн өмчлөлийн эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, ***тоот хаягт байрлах 63,03 м.кв талбайтай орон сууцыг 239,195,500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 4- **** дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгч ***ХХК, Д.Б биечлэн гардуулж тэмдэглэл хөтөлж баталгаажуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлага хураах нөхцөл байдлыг хүчингүй болгох, хөрөнгийг үнэлгээг хүчингүй болгох тухай үндсэн нэхэмжлэл гаргасан. Хураах тогтоол шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8 дугаар зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг хураасан хураан авч тогтоолын өрийн төлбөрт биечлэн гардуулж өгөх тэмдэглэлээр баталгаажсан байгаа. Хөндлөнгийн гэрчид эрх үүрэг танилцуулаагүй. Хөндлөнгийн гэрч тухайн үед тухайн хөрөнгийг үлдээгээд танилцуулж байлцуулж тэмдэглэлээр баталгаажуулж авсан тэмдэглэл нь хувийн хэрэгт байгаа. Эд хөрөнгө хураах тогтоол дээр тэмдэглэл байхгүй биш байгаа. гэжээ.

7.Гуравдагч этгээд **** банк ХК нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Д.Бгийн өмчлөлийн буюу шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан *** тоотод байршилтай хөрөнгийг битүүмжилж, хурааж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу хөндлөнгийн гэрчээр үнэлгээ тогтоолгоход 239,195,500 төгрөгөөр үнэлэгдсэн. Д.Б нь үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй манай шүүхэд Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Энэхүү үнэлгээг хуулиар олгогдсон эрх буюу тусгай зөвшөөрөл баримт шинжлэн хийсэн бөгөөд холбогдох хурмын дагуу үнэлгээний аргын дагуу үнэлсэн, үнэлгээчин нь тус үнэлгээний ажлын хүрээнд хуулийн дагуу хариуцлага хүлээх буюу шийдвэр гүйцэтгэх явцад эрх, үүрэгтэй танилцсан, хуулийн хүрээнд хамтран ажилласан буюу хуульд заасны дагуу үнэлгээ гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн гаргасан үнэлгээнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

8.1.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн *** тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШЗ2020/0*** дугаар шүүгчийн захирамжийн хуулбар, ***ХХК-ийн Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан, **** газрын 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн *** тоот мэдэгдэх хуудас, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар шүүгчийн захирамж, **** газрын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаар эд хөрөнгө хураах тогтоол,

8.2.Хариуцагчаас шүүхэд төлөөлөх 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн итгэмжлэл олгох тухай албан бичиг, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар гүйцэтгэх хуудасны хуулбар, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШЗ2020/0*** дугаар шүүгчийн захирамжийн хуулбар, шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн ***дугаар шинжээч томилох тухай тогтоол, тэмдэглэл, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаар мэдээ тодруулсан тэмдэглэл, шинжээчид хууль тайлбарласан тухай баримт, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт, ***ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан, хавсралт,

8.3.Гуравдагч этгээдээс шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар шүүгчийн захирамжийн хуулбар, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн *** дугаар гүйцэтгэх хуудасны хуулбар хувь зэргийг шүүхэд ирүүлсэн байна.

8.4.Шүүх гэрчээр шинжээч С.Цыг асуусан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч *** газарт холбогдуулан үнэлгээ болон тогтоол хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч **** газарт холбогдуулан ***ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаартай үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн өртгийн, жишиг үнийн, орлогыг аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан байхад үнэлгээчин нь хөрөнгийг үнэлэхдээ өртгийн болон зах зээлийн аргыг дурдаж бусад аргыг хэрэглээгүй. Шинжээч томилох журмыг зөрчсөн. Шинжээчээр С.Цыг томилсон боловч өөр этгээдээс дүгнэлтийг авсан. Шинжээчид хууль сануулах ажиллагаа хийгдээгүй. гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч **** газарт холбогдуулан 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол-ыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Хөндлөнгийн гэрчид урьдчилан эрх, үүргийг тайлбарлах, хууль сануулах ажиллагаа зохих журмын дагуу хийгдээгүй. Төлбөр төлөгч Д.Бд шүүхийн шийдвэрийн дагуу мөнгө төлөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн байдаг боловч уг хугацаанд төлбөр төлөх боломж олгохгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг хураасан. төлбөр төлөх бүрэн боломжийг олголгүй эд хөрөнгийг хураасан. Хөндлөнгийн гэрчид эрх үүрэг тайлбарлаагүй. Эд хөрөнгө хураахдаа тэмдэглэл үйлдээгүй. гэжээ.

3.Хариуцагч **** газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2-т заасны дагуу 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн ***тоот шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээчин С.Ц томилж зах зээлийг үнийг тогтоолгоход төлбөр төлөгч Байгалмаагийн өмчлөлийн эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, ***тоот хаягт байрлах 63,03 м.кв талбайтай орон сууцыг 239,195,500 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг төлбөр төлөгч Д.Бд биечлэн гардуулж тэмдэглэл хөтөлж баталгаажуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 44.2.8-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.Гуравдагч этгээд **** банк нь хариуцагчийг дэмжин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үнэлгээг хуульд заасны дагуу үнэлсэн, үнэлгээчин нь эрх үүрэгтэй танилцсан гэж тайлбарлаж байна.

5.Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 8 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5.1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШЗ2020/0*** дугаар захирамжаар хариуцагч Д.Б, ***нараас 3,707,768,027 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч **** банканд олгохоор шийдвэрлэж, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцааны зүйл болох улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй ****тоот хаягт байрлах 883.1 м.кв талбай бүхий агуулах, Улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй ****тоот хаягт байрлах 443.8 мкв талбай бүхий гараж, нэгж талбарын 8014-/053 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ТЭЦ 3-н урд талд байршилтай үйлдвэрлэлийн зориулалтаар олгогдсон 5 873 мкв талбай бүхий газар, иргэн Д.Бгийн өмчлөлийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн *** тоотын 105.7 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, иргэн Д.Бгийн өмчлөлийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн *** тоотын 63.03 м.кв талбайтай 2 өрөө орон сууц зэрэг хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

5.2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШЗ2020/0*** дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай *** дүгээр захирамж гарч, *** дугаартай тус шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн.

5.3.**** газрын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаар тогтоолоор **** ажиллагаа үүсгэсэн.

 

5.4.**** газрын 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 9/323 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Д.Бгийн өмчлөлийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн *** тоотын 63.03 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хураасан байна.

 

5.5.**** газрын 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 9/323 дугаартай тогтоолоор Д.Бгийн өмчлөлийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн *** тоотын 63.03 м.кв талбайтай 2 өрөө орон сууцын зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч С.Цыг томилж эрх үүрэг тайлбарласан.

5.6.2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ***ХХК, С.Цоос хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлж, *** тоотын 63.03 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 239,195,500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг хүлээлгэн өгсөн.

 

5.7.**** газрын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаар албан бичгээр үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Д.Бд танилцуулсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. Энэ талаар маргаагүй.

6.Зохигч, *** тоотын 63.03 мкв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч нь Д.Б болох талаар маргаангүй, харин хөрөнгийн үнэлгээ, эд хөрөнгө хураах тухай тогтоол хуульд нийцсэн эсэх талаар маргаантай.

7.Хөрөнгийн үнэлгээний тухай /2010 оны/ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно. гэж заасан. Үнэлгээчин нь орлогын болон зах зээлийн хандлагыг ашиглан үнэлгээ хийсэн бөгөөд өртгийн хандлагыг ашиглах шаардлагагүй талаар тайлбарласан байна. Иймд орлогын болон зах зээлийн аргаас бусад аргыг ашиглаагүй гэж шинжээчийг буруутгах үндэслэлгүй.

8.**** газрын 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн ***дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор С.Цыг шинжээчээр томилжээ. Шинжээч С.Ц нь Сангийн сайдын 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 280 дугаар тушаалаар хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авсан байх ба тусгай зөвшөөрлийг 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан буюу дүгнэлт гаргах үед хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй байсан.

9.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үнэлгээ хийхийг С.Цд даалгасан байхад өөр этгээд болох ***ХХК-иас үнэлгээний тайлан ирсэн гэж тайлбарлаж байна. ***ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн тайланг захиалагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирүүлсэн байх ба орон сууцад шинжилгээ хийж, дүгнэлт гаргах ажлыг мэргэшсэн үнэлгээчин С.Ц гүйцэтгэсэн байх тул хуульд зааснаар үнэлгээ хийх эрх бүхий этгээд эд хөрөнгийн үнэлгээ хийж гүйцэтгэсэн гэж үзнэ.

10.Мөн шинжээч С.Цтой урьдчилан холбогдож шинжилгээ хийхээс татгалзах үндэслэл байгаа эсэхийг тодруулсан нь хэрэгт авагдсан Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээ тодруулсан тэмдэглэлээр тогтоогдож байна.

11.Шинжээч С.Цд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9, 12, 14, 15 дугаар зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13,14 дүгээр зүйлд заасан эрх үүргийн танилцуулжээ. Харин Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлд Шинжээч шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд, эсхүл Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хороонд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун  нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. гэж заасан байх ба тус заалтыг шинжээчид сануулсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна. Иймд шинжээч С.Ц хуульд заасан эрх үүрэгтэй бүрэн танилцаагүй буюу шинжээчид эрх үүрэг танилцуулсан гэж үзэхгүй.

Эд хөрөнгө хураах тухай тогтоолын тухайд

12.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна. гэж, 41.4-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлэхийн өмнө шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчид түүний эрх, үүргийг тайлбарлаж өгнө. гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан **** газрын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолд Э.Батбаяр, Э.Анхбаяр нарын хөндлөнгийн гэрч оролцсон боловч тэдэнд хуульд заасан эрх үүргийг нь тайлбарлаж өгөөгүй буюу эрх үүргийг тайлбарласан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

13.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйл явц, үр дүнг баталгаажуулах зорилгоор тэмдэглэл үйлдэнэ. гэж, 41 дүгээр зүйлийн 41.8-д Хөндлөнгийн гэрч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэлд өөрийн оролцсон ажиллагааны үйл явц, түүний үр дүнгийн талаар бичих эрхтэй бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэлтэй танилцсан тухайгаа баталгаажуулан тэмдэглэлд гарын үсэг зурах үүрэгтэй. гэж тус тус заасан. Харин эд хөрөнгө хураах тухай тэмдэглэл хийгдсэн болох нь баримтаар тогтоогдоогүй.

13.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа эд хөрөнгийг хураахад тэмдэглэл үйлдсэн. Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт байгаа. гэж тайлбарлаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах үүрэг хүлээнэ: 22.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж тус тус заасан бөгөөд хариуцагч **** газар нь маргаж буй үндэслэлээ нотлох баримтаа өөрсдөө цуглуулах үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.

14.Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ***ХХК-ийн *** тоотын 63.03 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 239,195,500 төгрөгөөр үнэлсэн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаартай үнэлгээ, **** газарт холбогдуулан 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол-ыг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй байна.

15.Нэхэмжлэгч Д.Б нь үнэлгээний мэдэгдлийг 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлээ 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасан журмын дагуу эд хөрөнгө хураах тухай тогтоолд холбогдуулан гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргаж шийдвэрлүүлсэн байх ба 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 03/2279 дугаартай Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлоо тус шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гомдлоо гаргасан нь хуульд нийцсэн байна.

16.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-д зааснаар ***ХХК-ийн *** тоотын 63.03 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 239,195,500 төгрөгөөр үнэлсэн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаартай үнэлгээ, **** газрын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол-ыг тус тус хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэгчид улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төлөхийг даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА