2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2026/ШЦТ/428

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галмандах, улсын яллагч Н.Ундрах, хохирогч ***, түүний өмгөөлөгч Н.Дашням, шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508025272649 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

          Шүүгдэгч *** нь 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны *** тоот хашааны гадна байрлуулсан Бүгд найрамдах Хятад Ард Улсын иргэн *** /***/ эзэмшлийн 58-48 УЕК улсын дугаартай Тоёота кровн загварын тээврийн хэрэгслийн урд салхины шил, копудыг чулуугаар цохиж 870,000 төгрөгийн, мөн 65- 89 УБЗ улсын дугаартай Ланд 200 маркийн тээврийн хэрэгслийг урд салхины шил, жолооч талын хаалганы шил, хойд талын хаалгыг чулуугаар цохиж 7,729,984 төгрөгийн хохирол тус тус учруулж гэмтээсний улмаас нийт 8,599,984 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг: 

 

Хохирогч ***: “...2025 оны 05 дугаар сарын 08-ны орой би агуулах дээрээ очиход *** хоёр ажилчин залуутай манай агуулахад ирсэн байсан. Тэгээд юу хийгээд байж байгаа юм гэсэн чинь энэ хууль бус татвараас зайлж ирсэн бараа байх магадлалтай, шалгуулмаар байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би чи энэ барааг өөрөө шалгах эрхгүй, чи холбогдох гаалийн, татварын хүмүүсээр нь шалгуулаарай, одоо эртхэн яв гээд барьж байсан юмыг нь татаж аваад гаргасан, тэгээд цагдаа дуудсан байсан. Сонгинохайрханы цагдаагаа буцаасан шалтгаан нь цуг ирсэн хүүхэд нь жолоодох эрхээ хасуулсан, өөрөө согтуу байсан тул буруудах гээд байсан. Өөр юм ярьж суутал ***, *** нар ирсэн ба нөгөө бараанууд чинь энэ хоёрын гэр ахуйн болон гоо сайхны бараа байсан. Ирээд машинаасаа буугаад *** дээр очоод яагаад миний барааг ухаад хулгайлаад байна гэхэд *** нөгөө хүүхнийг зүүн мөрөөрөө мөрлөхөд нөгөө хүүхэн алгадчихсан. Тэгээд тэр хоёр муудалцахад нь  би дундуур нь ороод салгасан, тэгсэн нөгөө хүүхэн нь миний машинд суучихсан, *** миний зүүн гар талаас бултаад нөгөө хүүхэн рүү чулуу шидэх гэж байгаад машинд суусан байсан тул шууд машин руу чиглүүлээд шидчихсэн. Чулуу нь машины салхины шилэн дээр тусаад унахдаа копуд дээр унаж нүх гаргасан. Тэгээд *** жолооч талын хаалгыг татаж онгойлгох гээд байхаар нь би удирдлагаараа түгжиж амжсан.  Тэгтэл хаалгыг 2-3 удаа хүчтэй татаад нээж чадаагүй болохоороо хажуу талынх нь цонхыг нь гараараа хоёр удаа цохисон. Тэгж байтал нөгөө хүүхний дүү кроун загварын тээврийн хэрэгсэлтэй өөдөөс нь ирсэн. Зогсоол дээр дөнгөж зогсоод байж байхад *** бүгдийг нь алчихъя гээд чулуу аваад шидсэн. Тэгж байтал машинд байсан хүүхэн цагдаа дуудсан байсан...” гэв.

 

Шүүгдэгч ***: “...Тухайн үед би архи уусан байсан, хохирогч тухайн хоёр залууг тэр байшин дотор ажиллуулж, амьдруулж байсан юм. Надад тэр 2 залуу шөнө оройгоор хятад хүмүүс ирээд бид нараар бараа зөөлгөөд байна, ямар учиртай бараа зөөлгөөд байгаа юм мэдэхгүй байна гэсэн. Би тэр хүүхдүүдийг хариуцаж ажиллаж байсан. Тухайн үед тэр хүүхдүүд ингээд бид нарын ажил дуусаж байгаа болохоор хөнжил пүүгээгээ авъя. Тэнд амьдрахад хэцүү байна, автобуснаас хол нэг тийм агуулах шиг юм дотор баахан барааны дунд амьдруулаад байна, та ирээд үзээч гэхээр нь би очиж яг ямар учиртай дандаа шөнө оройгоор зөөгөөд байдаг бараа юм гэж очсон. Тухайн үед нь энэ хүнийг орж ирэхэд нь нүдэн дээр нь ямар учиртай бараан дотор энэ хүүхдүүдийг амьдруулаад байгаа юм. Шөнө орой яагаад хүүхдүүдээр бараа зөөлгөөд байгаа юм бэ гээд барааг нь задлаад энэ хүний нүдэн дээр үзүүлсэн, би өөрөө цагдаа дуудсан. Би бас Монгол Улсын иргэн учраас Монгол хүүхдүүдийг ямар байдлаар хятад хүмүүс юм зөөлгөөд байгаа юм бэ, үүн дээр би өөрийгөө иргэний үүргээ биелүүлж байна гэж ойлгоод цагдаа дуудсан. Тухайн үед цагдаа дуудахад ирсэн цагдааг энэ хүн манай найзын бараа байгаа юм байгаа чи цагдаагаа буцаагаад явуулчих гээд гуйгаад байхаар нь би цагдаа нарт буруу ойлгочихсон байна, найзынх нь юмнууд юм байна, тийм болохоор та нар буцаад явчих гээд буцаасан. Тэгсэн нөгөө хоёр хүүхнийг дуудсан, тэр хоёр хүүхэн нь энэний өөрийнх нь найз хүүхэн. Миний гараас өөрөө татаад өөрийгөө цохиод байсан ба намайг хэрэгт оруулах гээд байсан. Би урд салхины шилийг хагалсан, копуд зэрэгт хүрсэн нь үнэн байх, тээврийн хэрэгслийн арын хаалганы шилийг хагалсан гэдгийг би ойлгохгүй байгаа, тийм зүйл байхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч *** /***/ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны *** тост хашааны гадаа Болоргэрэл, Хатанбаатар нар хоорондоо маргалдаж Хатанбаатар миний унаж байсан 65-89 УБЗ улсын дугаартай Ланд-200 загварын тээврийн хэрэгслийн салхины урд шил, жолооч талын хаалганы шил, хойд талын хаалгыг чулуугаар цохиж хонхойлгосон, тээврийн хэрэгслийн эргэн тойронд сэв зураас учруулсан. Миний эзэмшлийн Болоргэрэлийн унаж явсан *** УЕК улсын дугаартай Тоёота кровн загварын тээврийн хэрэгслийн салхины урд шилийг хагалж, копуд хэсэгт чулуугаар цохиж хонхойлгосон. Үүнээс болж 11,054,680 төгрөгийн хохирол учирсан. 65-89 УБЗ улсын дугаартай Ланд-200 загварын тээврийн хэрэгсэл нь манай найз Далантайн эзэмшлийнх, харин *** УЕК улсын дугаартай Тоёота кровн загварын тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх. Далантайн тээврийн хэрэгслийг би засуулсан, тиймээс энэ тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг Хатанбаатараас нэхэмжилж байна. Далантай нь манай хамаатны ах бөгөөд надад машиныг унаж бай гээд хариуцуулж өгсөн...” /хавтаст хэргийн 57-58, 156, 160-161 дэх тал/ гэсэн,

 

*** мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны *** тоотод байрлах агуулахад хулгай гарлаа, танихгүй гурван залуу орж ирээд бараа авах гэж байхад нь *** дарга очиж тэд нартай танилцсан. Тэгээд *** эгч бид хоёр очсон. Тухайн газар очиход 3 залуу байсан ба хоёр нь согтуу байсан. Тэгээд агуулах руу ороход агуулахын барааны хайрцгийг задлаад бараануудыг ийш тийш нь шидсэн байсан. *** гэх залуу намайг хэл амаар доромжлоод дайраад байхаар нь би гэртээ харьсан. Гэртээ очсоноос хойш 10-20 минутын дараа манай эгч *** над руу залгаад машины шил хагалчихлаа, намайг зодоод байна гэхэд нь би буцаад очсон. Намайг очиход тухайн Ланд-200 загварын тээврийн хэрэгслийн шилийг хагалсан байсан. Би машинаа зогсоогоод буухад *** ирээд чулуугаар миний тоёота кровн 210 загварын автомашины урд шилийг хагалсан, машиныг тойроод чулуугаар цохиод зурсан. Би цагдаа дуудаад хүлээгээд байж байхад *** дүү рүүгээ залгаад намайг энэ хүмүүс бүлэглээд зодчихлоо, чи ахыгаа өмөөрөөд энэ хүмүүсийг машинаараа дайраадах гэж хэлээд байсан, том ковш гэдэг машин хүрч ирээд байж байхад цагдаа ирсэн. Надад 1,500,000 төгрөгийн хохирол учирсан. *** УЕК улсын дугаартай Тоёота кровн загварын машин Буяндүүрэнгийн нэр дээр байсан, одоо миний нэр дээр байгаа...” /хавтаст хэргийн 69-70, 175 дахь тал/ гэсэн,

 

*** /***/ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийн эзэмшлийн Ланд 200 загварын тээврийн хэрэгслийг 150,000,000 төгрөгөөр зарсан, надад урьдчилгаа 50,000,000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл 100,000,000 төгрөгөө шилжүүлж өгсний дараа би машиныхаа нэрийг шилжүүлж өгнө. Хэрэг болсны дараа Буяндүүрэн миний машины засварыг бүрэн төлсөн, надад нэхэмжлэх зүйл байхгүй. Буяндүүрэн өөрөө нэхэмжилнэ..” /хавтаст хэргийн 54 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Ө.*** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагийн үед Сонгинохайрхан дүүрэгт байрлах агуулахын манаач над руу залгаад агуулахад хулгай гарсан байна, Буяндүүрэнг хүмүүс зодоод байна гэхээр нь *** бид хоёр очсон, манай барааны хайрцгуудыг онгойлгоод тавьсан байсан. Тэгээд бид хоёр юу болсон талаар *** болон хоёр танихгүй залуугаас асуухад өөдөөс дайраад бид хоёрыг мөрлөсөн. Тэгээд манай дүү *** түрүүлээд явсан. Намайг агуулахаас гарахад *** над руу чулуу аваад дайраад байхаар нь Буяндүүрэнгийн Ланд 200 загварын автомашинд суусан. *** барьж байсан чулуугаар Ланд 200 автомашины салхины шил рүү шидсэн. Тэгээд цаашаа машин тойроод чулуу аваад шидсэн. Тэгээд ***ыг хамт явж байсан хоёр залуу болон Буяннэмэх нар болиулсан. Би дүү рүүгээ залгаад намайг зодож алах нь гэхэд манай дүүг хүрээд ирсэн, түүнийг ирэхэд *** дахиад чулуу аваад шидсэн. Тэгээд чулуугаар тухайн автомашины их биеийг сийчсэн, мөн *** дүү рүүгээ залгаад нэг хятад, хоёр хүүхэнтэй намайг алах гээд байна, чи ковштойгоо хүрээд ир, энэ хоёрыг дайрч ална гэх мэтээр ярьж байгаад тухайн дүү нь ковшоо унаад хүрээд ирсэн. Тэгээд дүүг нь дөнгөж ирээд байж байхад цагдаа ирсэн...” /хавтаст хэргийн 61 дэх тал/ гэсэн,

 

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр би том машин бариад ажлаа хийгээд явж байхад *** ах над руу залгаад ***тэй мөнгөнөөс болж маргалдаад гэж ярьсан. Тэгээд шөнө 21 цаг өнгөрч байхад ах над руу залгаад намайг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооноос ирээд аваарай гэхээр нь би очсон. Цагдаа нар ирчихсэн, хоёр хүүхэн манай ах руу дайраад Баяндүүрэн чи машины шил хагалчихлаа гээд маргалдацгаагаад байсан. Ланд 200 машины салхины шил хагарчихсан байсан, кровныг анзаараагүй...” /хавтаст хэргийн 66 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагийн үед манай хоёр дүү Баяндүүрэн кран барьж чадахгүй хүнээр бариулаад алах шахлаа, цалин өгөхгүй байна гэж надад хэлсэн. Тэгээд ***тай уулзаад бид хоёр 0,75 граммын архи хувааж уугаад *** замдаа бууж үлдээд би *** /***/-н Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах агуулах дээр хоёр дүүгийнхээ хөнжил, пүүгээг авахаар очсон. Тэгсэн араас *** /***/ ирэхээр нь би, чи манай хоёр дүүг хаана амьдруулаад, шөнө оройгоор юу зөөлгөөд байгаа юм бэ гэж хэлээд агуулах руу ороод хайрцагтай зүйлийг нь онгойлгоход бараа байх шиг байсан. Би энд ямар учиртай зүйл зөөлгөөд байна шалгаж өгнө үү? гэж цагдаад дуудлага өгөхөд удалгүй цагдаа ирсэн. *** /***/ энэ асуудлыг заавал цагдаа дуудаад байх шаардлагагүй биз дээ, бидний асуудал, хоорондоо учраа олъё гэхээр нь би буруу дуудлага өгсөн байна гэж хэлээд цагдааг явуулсан. Удаагүй *** /***/ нь хоёр эмэгтэй хүн дуудсан, тэгээд миний гарыг барьж *** /***/ өөрийгөө цохиод бичлэг хийгээрэй, намайг алах нь гэж хэлээд хоёр эмэгтэйдээ та нарын барааг энэ хүн задлаад байсан гэж хэлээд над руу дайраад байсан, би тухайн үед согтоод ухаанаа алдчихсан, юу болсон талаар санахгүй байна...” /хавтаст хэргийн 63-64, 99 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Тэнцвэр Эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Ц1/620, Ц1/6201 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 72-74, 81-83 дахь тал/,

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 17 дахь тал/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7, 8-10 дахь тал/,

- Флаш дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 11-14 дэх тал/,

- Дансны хуулга /хавтаст хэргийн 20 дахь тал/,

- Үнийн санал /хавтаст хэргийн 26, 39-43, 45-46 дахь тал/,

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 112-117, 125-126 дахь тал/,

- Тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт /хавтаст хэргийн 139, 142, 144, 147, 150, 152 дахь тал/,

- Шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 103 дахь тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 104 дэх тал/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 105 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 106 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 102 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 109 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч *** 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны *** тоот хашааны гадна байрлуулсан Бүгд найрамдах Хятад Ард Улсын иргэн *** /***/ эзэмшлийн 58-48 УЕК улсын дугаартай Тоёота кровн загварын тээврийн хэрэгслийн урд салхины шил, копудыг чулуугаар цохиж 870,000 төгрөгийн, мөн 65- 89 УБЗ улсын дугаартай Ланд 200 маркийн тээврийн хэрэгслийг урд салхины шил, жолооч талын хаалганы шил, хойд талын хаалгыг чулуугаар цохиж 7,729,984 төгрөгийн хохирол тус тус учруулж, нийт 8,599,984 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч *** /***/-ийн:  “...2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны *** тост хашааны гадаа ****  нар хоорондоо маргалдаж **** миний унаж байсан 65-89 УБЗ улсын дугаартай Ланд-200 загварын тээврийн хэрэгслийн салхины урд шил, жолооч талын хаалганы шил, хойд талын хаалгыг чулуугаар цохиж хонхойлгосон, тээврийн хэрэгслийн эргэн тойронд сэв зураас учруулсан. Миний эзэмшлийн **ийн унаж явсан *** УЕК улсын дугаартай Тоёота кровн загварын тээврийн хэрэгслийн салхины урд шилийг хагалж, копуд хэсэгт чулуугаар цохиж хонхойлгосон. Үүнээс болж 11,054,680 төгрөгийн хохирол учирсан...” /хавтаст хэргийн 57-58, 156, 160-161 дэх тал/ гэсэн, иргэний нэхэмжлэгч ***ийн: “...*** гэх залуу намайг хэл амаар доромжлоод дайраад байхаар нь би гэртээ харьсан. Гэртээ очсоноос хойш 10-20 минутын дараа манай эгч *** над руу залгаад машины шил хагалчихлаа, намайг зодоод байна гэхэд нь би буцаад очсон. Намайг очиход тухайн Ланд-200 загварын тээврийн хэрэгслийн шилийг хагалсан байсан. Би машинаа зогсоогоод буухад *** ирээд чулуугаар миний тоёота кровн 210 загварын автомашины урд шилийг хагалсан, машиныг тойроод чулуугаар цохиод зурсан. Надад 1,500,000 төгрөгийн хохирол учирсан...” /хавтаст хэргийн 69-70, 175 дахь тал/ гэсэн, *** /***/-ийн: “...Би өөрийн эзэмшлийн Ланд 200 загварын тээврийн хэрэгслийг 150,000,000 төгрөгөөр зарсан, надад урьдчилгаа 50,000,000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл 100,000,000 төгрөгөө шилжүүлж өгсний дараа би машиныхаа нэрийг шилжүүлж өгнө. Хэрэг болсны дараа Буяндүүрэн миний машины засварыг бүрэн төлсөн, надад нэхэмжлэх зүйл байхгүй. Буяндүүрэн өөрөө нэхэмжилнэ...” /хавтаст хэргийн 54 дэх тал/ гэсэн, гэрч Ө.***гийн: “...Намайг агуулахаас гарахад *** над руу чулуу аваад дайраад байхаар нь ***гийн Ланд 200 загварын автомашинд суусан. *** барьж байсан чулуугаар Ланд 200 автомашины салхины шил рүү шидсэн. Тэгээд цаашаа машин тойроод чулуу аваад шидсэн. Тэгээд ***ыг хамт явж байсан хоёр залуу болон Буяннэмэх нар болиулсан. Чулуугаар тухайн автомашины их биеийг сийчсэн...” /хавтаст хэргийн 61 дэх тал/ гэсэн, гэрч ***гийн: “...Орой 21 цаг өнгөрч байхад ах над руу залгаад намайг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооноос ирээд аваарай гэхээр нь би очсон. Цагдаа нар ирчихсэн, хоёр хүүхэн манай ах руу дайраад **** чи машины шил хагалчихлаа гээд маргалдацгаагаад байсан. Ланд 200 машины салхины шил хагарчихсан байсан, кровныг анзаараагүй...” /хавтаст хэргийн 66 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, “Тэнцвэр Эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2025 оны Ц1/620, Ц1/6201 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангууд /хавтаст хэргийн 72-74, 81-83 дахь тал/, дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 17 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7, 8-10 дахь тал/, флаш дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 11-14 дэх тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч ***т тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, хохирлын заримыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэмжээ, хохирол нөхөн төлсөн, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж мэдэгдэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч ***-д 2 ширхэг тээврийн хэрэгсэлд Тоёото Ланд 200 загварын тээврийн хэрэгсэлд 7,729,984 төгрөгийн, Тоёото Кровн загварын тээврийн хэрэгсэлд 870,000 төгрөгийн, хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлгээний тайлан гаргахад 530,000 төгрөгийн, нийтдээ 9,129,984 төгрөгийн шууд хохирол учирсан /хавтаст хэргийн 71, 72-74, 81-83 дахь тал/.

Тоёото Кровн загварын тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлтэй холбоотой гарсан зардалд *** 1,100,000 төгрөг төлсөн, энэ мөнгийг нэхэмжилнэ гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, тухайн тээврийн хэрэгслийг засахад *** нь 400,000 төгрөгийг төлсөн байх тул /хавтаст хэргийн 20 дахь тал/ шүүгдэгчээс 9,129,984 төгрөг гаргуулж, хохирогч ***-д 8,729,984 төгрөг, иргэний нэхэмжлэгч ***д 400,000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй.

Шүүгдэгч *** нь хохирогч ***-д шүүхийн шатанд 7,000,000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч ***аас 2,199,984 төгрөг гаргуулж, хохирогч ***-д 1,799,984 төгрөг, иргэний нэхэмжлэгч ***д 400,000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2508025272649 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалан үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь 65-89 УБЗ улсын дугаартай, Тоёото Ланд 200 загварын тээврийн хэрэгслийн багажны хаалганд огт хүрээгүй, энэ асуудлаар маргаж байгаа, хохирлын дүнгээс хасаж тооцуулах санал гаргаж оролцсон боловч хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар няцаагдах бөгөөд шүүгдэгчийн дээрх гэмт хэрэг үйлдээгүй болохыг нотолсон баримт авагдаагүй учир шүүгдэгчийн саналыг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****  1,500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Шүүгдэгч ***т шийтгэсэн 1,500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас 2,199,984 /хоёр сая нэг зуун ерэн есөн мянга есөн зуун наян дөрөв/ төгрөг гаргуулж хохирогч ***-д 1,799,984 /нэг сая долоон зуун ерэн есөн мянга есөн зуун наян дөрөв/ төгрөг, иргэний нэхэмжлэгч ***д 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөг тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн 2508025272649 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалан үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч *** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР