Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2024/00229

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 10 өдөр Дугаар 183/ШШ2024/00229 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *** ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Б холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,723,761 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийг 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авсан. 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           1.Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч О.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,723,761 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн О.Б нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч доорх зээлийг авсан хэдий ч өнөөдрийг хүртэл байгууллагаас таньсан удаа дараагийн шаардлага, үйлчилгээний нөхцөл, зээлдэгчийн үүргээ үл биелүүлэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байгаа тул Монгол улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Зээлийн дугаар 0029 анх авсан зээлийн дүн 180,000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 145,529 төгрөг, хүү 54,195 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,403 төгрөг, төлбөл зохих дүн 211,127 төгрөг, зээл авсан огноо 2021-07-10, зээлийн хүү/хувь 4,2, хугацаа хэтэрсэн хоног 236, төлөгдсөн монгол дүн 447,796 төгрөг. Зээлийн дугаар 0028 анх авсан зээлийн дүн 210,000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 177,168 төгрөг, хүү 65,978 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,866 төгрөг, төлбөл зохих дүн 257,012 төгрөг, зээл авсан огноо 2021-07-10, зээлийн хүү/хувь 4,2, хугацаа хэтэрсэн хоног 236, төлөгдсөн монгол дүн 172,363.19 төгрөг. Зээлийн дугаар 0027 анх авсан зээлийн дүн 110,000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 75,677 төгрөг, хүү 28,183 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,922 төгрөг, төлбөл зохих дүн 109,782 төгрөг, зээл авсан огноо 2021-07-10, зээлийн хүү/хувь 4,2, хугацаа хэтэрсэн хоног 236, төлөгдсөн монгол дүн 104,224 төгрөг. Зээлийн дугаар *** анх авсан зээлийн дүн 800,000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 798,761 төгрөг, хүү 302,313 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,766 төгрөг, төлбөл зохих дүн 1,145,840 төгрөг, зээл авсан огноо 2020-12-15, зээлийн хүү/хувь 4,2, хугацаа хэтэрсэн хоног 538, төлөгдсөн монгол дүн 629,180 төгрөг. Иймд хариуцагч О.Баас 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа зээлийн нийт төлбөр болох 1,723,761 төгрөгийг гаргуулж *** ХХК-д олгон компанийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

2.Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа: *** ХХК нь О.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,723,761 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тухайн нэхэмжлэлийн шаардлагыг О.Баас 0020-*** зээлийн гэрээний үүрэгт 1,145,840.14 төгрөг буюу **** зээлийн үүргийн иргэний хуулийн 492.1.1 дэх хэсэгт заасны үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнд тооцуулж 70,19.03 төгрөг гаргуулах буюу нийт хариуцагчаас 1,215,949.17 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

3.Хариуцагч О.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *** ХХК нь тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон зээлийн гэрээг нэхэмжлэлийн материал дунд байхгүй байх тул хэдийгээс хэдий хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон болон тооцох ёстой байсан эсэх тодорхойгүй. Нэхэмжлэлд дурдагдсан зээлүүдийг төлж барагдуулж дуусгасан. Нэхэмжлэлд дурдсан *** дугаартай зээл дээр багахан үлдэгдэл байна. Үүнийг төлөөд хаагдана гэж 2023 оны 02 дугаар сарын 16-нд утасны дугаараар мэссэж явуулсан бас ярьсан. Ингээд тус өдрөө гүйлгээ хийж 20*** дугаартай зээл хаагдсан боловч энэ зээл дээр нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн гэрээ байхгүй, *** нь зээлээ олон салгаж олон кодтой болгож олгогдсон тул яг энэ байгууллагаас өөрсдөөс нь бүтэн дансны хуулга гаргуулж авахгүй бол бүрэн дэлгэрэнгүй хариу тайлбар өгөх боломжгүй байна. Авсан бүх зээлээ бүрэн төлж дуусгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** ХХК нь О.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,723,761 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. Тухайн нэхэмжлэлийн шаардлагыг О.Баас 20*** зээлийн гэрээний үүрэгт 1,145,844.13 төгрөг буюу **** зээлийн гэрээний үүргийн гэрээний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнийг тооцуулж 70,109.03 төгрөгийг гаргуулах буюу нийт 1,215,949.17 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Эхний ээлжид 20*** дугаартай зээлийн гэрээ нь 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр О.Бд холбогдсон зээлийн гэрээний дагуу 800,000 төгрөг олгогдсон. Үүнээс 18 удаагийн төлөлтөөр 629,180 төгрөгийг хийсэн дансны хуулга дээр тусгагдсан. Зээлийн гэрээний 4.1.2, 4.2.3-т заасан гэрээ хүчин төгөлдөр болсноор өөрийн үүссэн эрхийн хэмжээнд **** аппликейшнд цахим зээлийн хүсэлт илгээн зээлийг зориулалтын дагуу тохирсон хугацаанд хүүгийн төлбөртэйгөөр ашиглах 4.2.3-т зээлийн эргэн төлөх хуваарийг тухайн ашигласан зээлийн дүн, хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү, алдангийг төлөх заалт болон холбогдох хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн суутгалд хийгдээд 20*** зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 798,760.84 төгрөг холбогдох хүү 302,313.65 төгрөг нэмэгдүүлсэн хүү 44,765.67 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн **** зээлийн гэрээний нэхэмжлэлийн шаардлага бууруулсан үндэслэл хариуцагчийн зүгээс гаргаж байгаа шаардлага нь зөв зээлийн гэрээ 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан нэг жилийн хугацаатай буюу автоматаар нэг жилээр сунгагдаад 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Энэ 3 зээл 07 дугаар сарын 10-нд олгогдсон буюу тус бүр 260027 зээл нь болохоор 110,000 төгрөг анх авсан үүнээс 11 удаагийн эргэн төлөлтөөр 104,224 төгрөгийг төлсөн. Үүнд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэрээний 5,773 төгрөг, 270028 зээлийн гэрээ нь 210,000 төгрөг аваад 172,366.19 төгрөгийг 10 удаагийн төлөлтөөр төлсөн буюу 37,636 төгрөг, 280029 зээлийн гэрээ нь 180,000 төгрөгөөс 153,300 төгрөгийг 10 удаагийн төлөлтөөр төлөөд 26,699.22 төгрөг нийт нэхэмжлэлийн шаардлага 1,215,949.17 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна. Мөн хөөн хэлэлцэх хугацаа гэдэг нь гэрээний хугацаа явж байгаад гэрээний хугацаа дуусаад холбогдох байгууллагад гомдлын шаардлага гаргах эрх үүссэнээс хойш 3 жил явж байгаа тэгэхээр 2021 оны 07 дугаар сарын 02-ноос хойш 3 жил буюу 2024 оны 07 дугаар сарын 02-нд гэхээр хөөн хэлэлцэх хугацаа хамааралгүй. Мөн тусгай зөвшөөрөл гэж явж байна энэ нь гэрээ байгуулагдсан субъект тусгай зөвшөөрлийн асуудал байхгүй манай зүгээс холбогдох журмаар явж байгаа түүнийг нарийвчлах шаардлагагүй гэж үзэж байна. гэжээ.

 

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. О.Бд гаргасан нэхэмжлэл 20*** дугаартай зээлийг авснаас хойш хугацаа алдсан гэхдээ сар сард бага багаар төлөөд явж байсан. 2023 оны 02 дугаар сарын 16-нд **** дугаараас О.Б өөрөө хэлэхдээ эрсдэлийн албаны дарга гэж өөрийгөө танилцуулсан хүн залгаад таны 20*** дугаарт зээлийн хөнгөлөлт эдлүүлж байна гэсэн тухайн үед О.Бд 2 зээл байсан. 20*** төгрөг дээр 5,000 төгрөг хийвэл хаагдана, 0030 дугаартай зээл дээр 160,000 төгрөг хийгдэнэ гэж утсаар ярьсны дараа тэр гүйлгээг нь О.Б өөрийн данснаас регистрийн дугаар зэргийг хийгээд шилжүүлсэн байдаг. Түүний дараагаар **** дугаараас зээл данс, зээл хаах дүн, гүйлгээний утга дээр регистрийн дугаараа бичнэ гээд заавар мессеж 12 цагт илгээсэн. О.Б 3, 4 цагийн үед өөрийн данснаас регистрийн дугаар зээлээ бичээд шилжүүлсэн. Үүний дараа зээл хаагдсаны дараа зээлийн мэргэжилтэн 88060391 дугаараас ороод ирсэн байна ахаа хоёр зээл нь хаагдсан байна баярлалаа гэсэн мессеж ирсэн. О.Б нь анх удаа зээл аваагүй нэгээс 30 хүртэлх зээл авсан тэгэхэд О.Б руу хөнгөлөлт оруулж байна гээд ярихад гайхаад байх зүйл байхгүй олон удаагийн давтамжтай хүүгээ төлөөд зээл авсан байна тэр зээл дээр асуудал үүссэн байна эрсдэлийн албаны дарга хүн залгасан мэдээж хоорондоо тохиролцож ярилцсан. Ер нь бол **** финтек ХХК төлөөлж 2 эрх бүхий албан тушаалтан харилцагчтайгаа тэгж худал мэдээлэл хийхгүй байх гэж үзэж байна. Үнэхээр зээл хаагдаагүй байгаа бол систем болон **** финтек ХХК-ийн ажилчдын буруу систем дээр тэмдэглэл хийгээгүй өөрсдийн буруу тиймээс хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн **** дугаартай зээлийн гэрээнүүд байгаа О.Бд зээлдүүлсэн гэрээ нь 2019 оны 07 дугаар сарын 02-нд байгуулсан энэ зээлийн гэрээний 3.5 дах хэсэг дээр зээлийн хугацааг заасан байдаг. Зээлийн эрхийн хугацаа нэг жил ба энэхүү хугацаа нь гэрээ байгуулсан өдрөөс тооцно. Зээлдэгч эргэн төлөлт болон зээлийн сахилга батын зөрчилгүй талууд гэрээг дуусгавар болгох талаар аль нэг талдаа санал мэдэгдэл гаргаагүй бол дахин нэг жилээр сунгагдсанд тооцно гэж байдаг. Дахин нэг жилээр сунгагдсанд тооцсон ч гэсэн энэ гэрээг 2021 оны 07 дугаар сарын 02-нд дуусгавар болсон гэрээ байдаг. О.Давуубалын **** дугаартай зээл нь 2021 оны 07 дугаар сарын 10-нд авагдсан зээл учраас энэ гэрээгээр зохицуулагдах боломжгүй хүү, алданги тооцож байгаа бол заавал бичгээр байгуулна гэж хуульд заасан эрхээ зөрчиж байгаа тул хүү, алданги авах эрхээ алдаж байгаа. Тиймээс **** финтек ХХК **** дугаартай зээлийн хүү, алданги хассан авах эрхээ алдана. Мөн нэхэмжлэл бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах шалтгаан нь уг зээл бүрэн хаагдаад дууссан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэг шаардлага гаргах хугацаа 3 жил гэж заасан тиймээс энэ гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан байдаг. *** ХХК-тай О.Б нь 2019 оны 07 дугаар сарын 02-нд гэрээ байгуулсан байдаг. Гэтэл *** ХХК нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр санхүүгийн зохицуулах хорооноос авсан байдаг. Мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зээлийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр авсан. Тус гэрчилгээг авсан он, сар өдөр нь хэргийн материалын 4, 5 талуудад авагдсан нотариатаар баталгаажуулсан хуулбараар нотлогдож байна. Монгол улсын иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т хүчин төгөлдөр бус байхыг хэлцлийг зохицуулсан байдаг. Тус хэсэгт заасан хэлцлийг байгуулсан бол уг хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байна гэж заасан байдаг. Мөн аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3.1-т банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх 15.3.4-т заасан банкнаас бусад этгээд хадгаламж болон зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ эрх бүхий тусгай этгээдээс тусгай зөвшөөрөл авсан байна гэж заасан хуулийн заалтыг зөрчсөн. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 7.1, 7.1.1, 7,1.2, 6.6.1 дүгээр зүйл заалтыг зөрчсөн гэж харж байна. Тиймээс уг гэрээнд 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарч байна. гэжээ.

 

6.1.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, дансны хуулганы хуулбар, зээлийн тооцоолборын хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн *** дүгээр цахим зээлийн эрх нээх гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн *** дүгээр барьцаагүй зээлийн бүрэлдэхүүний нөхцөлийн хуулбар,

 

6.2.Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбарыг ирүүлсэн байна.

 

6.3.Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр ****финтек ББСБ ХХК-иас хариуцагч О.Бтай байгуулсан ****0*** дугаартай зээлийн гэрээний дансны хуулгыг гаргуулж, хариуцагчийн гар утсанд ирсэн мессежинд үзлэг хийв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч О.Бд холбогдуулан 1,723,761 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа 507,812 төгрөгөөр багасгаж 1,215,949.17 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

1.Нэхэмжлэлийн 244,929 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч О.Бд холбогдуулан 1,215,949.17 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн О.Б нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч доорх зээл авсан боловч зээл хугацаанд нь төлөөгүй. *** ХХК нь О.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,723,761 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тухайн нэхэмжлэлийн шаардлагыг О.Баас 0020-*** зээлийн гэрээний үүрэгт 1,145,840.14 төгрөг буюу **** зээлийн үүргийн иргэний хуулийн 492.1.1 дэх хэсэгт заасны үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнд тооцуулж 70,19.03 төгрөг гаргуулах буюу нийт хариуцагчаас 1,215,949.17 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон зээлийн гэрээг нэхэмжлэлийн материал дунд байхгүй байх тул хэдийгээс хэдий хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон болон тооцох ёстой байсан эсэх тодорхойгүй. Нэхэмжлэлд дурдагдсан зээлүүдийг төлж дуусгасан. Хамгийн сүүлд 2023 оны 02 дугаар сарын 16-нд надруу мэссэж явуулж, ярьсан бөгөөд 20*** дугаартай зээлийн үлдэгдэл 5,000 төгрөг, 0030 дугаартай зээлийн үлдэгдэл 160,000 төгрөг төлснөөр тус зээлүүд хаагдана гэж надад тайлбарласан. Би тус мөнгийг төлж бүх зээл дуусгавар болсон. Мөн Иргэний хуулийн 75.2.1-д зааснаар зээлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тусгай зөвшөөрөлгүй байсан, улсын бүртгэлийн гэрчилгээгээ хожим 2020.3.18-ны өдөр авсан байж зээл олгосон тул тус зээлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэрээнд хамаарна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

4.Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 6 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч О.Б нь **** аппликейшнаар дамжуулан *** ХХК-тай цахим зээлийн гэрээ байгуулан зээл авсан. Цахимаар 4 удаагийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 20*** дугаартай зээлийн гэрээний үүрэгт 1,145,840.14 төгрөг, **** дугаартай зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 70,109.03 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж байна.

 

5.Талууд анх зээл авсан хэмжээ дээр маргаагүй. Харин зээлийн эргэн төлж барагдуулсан, зээлийн хүүгийн тооцоолол, зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх, зээлийн гэрээний дагуу гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх талаар маргаж байна.

 

6.Хариуцагч О.Б нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 00*** дугаартай Цахим зээлийн эрх нээлгэх тухай гэрээг ****ХХК-тай байгуулжээ. Тус гэрээгээр О.Б нь **** аппликейшнаар дамжуулан 50,000-1,500,000 хүртэлх төгрөгийг 12 хүртэлх сарын хугацаатайгаар зээлэх эрхтэй болсон байна. Тус цахим зээлийн эрх нээлгэх гэрээний хүрээнд О.Б нь 20***,**** дугаартай цахим зээлийн дэд гэрээг байгуулж, 20*** дугаар гэрээгээр 800,000 төгрөг, 260027 дугаар гэрээгээр 110,000 төгрөг, 270028 дугаар гэрээгээр 210,000 төгрөг, 280029 дугаар гэрээгээр 180,000 төгрөгийг зээлж авчээ.

 

7.Хариуцагч О.Б нь нэхэмжлэгч *** ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ****ХХК нь **** аппликейшнийг хариуцдаг байсан бөгөөд *** ХХК-д шилжүүлэн өгсөн. О.Бтай байгуулсан зээлийн гэрээ, гэрээний үүрэг ч мөн адил *** ХХК-д шилжсэн тул гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж тайлбарласан.

 

Гэвч ****ХХК-иас О.Бтай байгуулсан зээлийн гэрээнүүдийн шаардах эрхийг *** ХХК-д шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Мөн О.Б нь **** аппликейшн дээр 20*** дугаар зээлийн гэрээг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэх боловч тус зээлийн гэрээ, тус зээлийн гэрээг байгуулах цахим зээлийн эрх нээлгэх гэрээг **** финтек ХХК-тай байгуулаагүй байна.

 

Иймд нэхэмжлэгч *** ХХК-ийг О.Бтай зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй байх ба дээрх зээлийн гэрээний дагуу үүргийг хангуулахаар шаардлага гаргах эрхгүй.

 

8.Нэхэмжлэгч *** ХХК болон О.Б нарын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаагүй.

 

О.Б нь 20*** дугаартай зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь 800,000 төгрөг зээлсэн бөгөөд тус гэрээний үүрэгт 629,180 төгрөгийг хариуцагч *** ХХК-д төлсөн. Талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаагүй буюу 20*** дугаартай зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзнэ.

 

Иймд талуудын хооронд зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах буюу гэрээний үүргийг шаардах эрх үүсэхгүй.

 

9.Иргэний хуулийн 492 дугаар зүлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: 492.1.1.хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж зааснаар *** ХХК нь 20*** дугаартай гэрээний дагуу шилжүүлсэн гэх 800,000 төгрөгөөс буцаан төлөөгүй үлдэгдэл төлбөр болох 170,820 төгрөг, **** дугаар зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үлдсэн 70,109 төгрөгийг хариуцагч О.Баас тус тус шаардах эрхтэй байна.

 

10.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна. гэж заасан бөгөөд бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр шилжүүлэн авч хөрөнгөжсөн этгээдээс хөрөнгөө буцаан шаардахад дээрх 10 жилийн хугацааг баримтална. Иймд нэхэмжлэгч *** ХХК нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй.

Иймд нэхэмжлэгч *** ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч О.Баас 241,929 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгож, үлдэх 974,020 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

10.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч О.Баас 241,929 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгож, үлдэх 974,020 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Баас 7,908 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА