Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2024/00420

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2024/00420

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Э-т холбогдох,

 

36,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсан.

 

Шүүх хуралдаанд: 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Б.Эт холбогдуулан 36,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ц.Б би 2021 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр Б.Бөөс 36,000,000 сая төгрөгөөр **** маркийн дөрвөн дугуйтай мотоциклийг худалдаж авсан билээ. Гэтэл уг 4 дугуйт мотоцикл нь араа нь хугархай эвдрэлтэй байсан болохоор зарсан залууд буцааж өгөөд өөрөө ирээд авч яваад засаж зараад мөнгийг чинь өгье гэсэн юм. Хэсэг хугацааны дараа худалдаж авсан газраа очиход мотоциклийг задлаад эд анги нь байхгүй байхаар нь бид уурлатал тус гражийн эзэн Б.Э ах нь энэ чигээр нь худалдаад авъя хавар хүүдээ засаад унуулна, мөнгийг чинь 2022 оны 9 дүгээр сарын 01-ний дотор өгье гэж тохирч бичгээр гэрээ хэлцэл хийсэн юм. Гэтэл өдий болтол бидний мөнгийг өгөөгүй хохироож байна. Иймд Б.Эаас тус мотоциклийн үнэ 36,000,000 сая төгрөгийг өгнө үү. гэжээ. 

 

2.Хариуцагч Б.Э шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Эхолбогдуулан бичгээр хийсэн гэрээний үүрэгт 36,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Ц.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр Б.Бөөс 36,000,000 төгрөгөөр **** маркийн дөрвөн дугуйтай мотоциклыг худалдаж авсан. Гэтэл уг 4 дугуйт мотоцикл нь араа нь хугархай эвдрэлтэй байсан болохоор зарсан залууд буцааж өгөөд өөрөө ирээд авч яваад засаж зараад мөнгийг чинь өгье гэсэн юм. Хэсэг хугацааны дараа худалдаж авсан газраа очиход мотоциклыг задлаад эд анги нь байхгүй байхаар нь бид уурлатал тус гараашны эзэн Б.Э ах нь энэ чигээр нь худалдаад авъя хавар хүүдээ засаад унуулна, мөнгийг чинь 2022 оны 9 дүгээр сарын 01-ний дотор өгье гэж тохирч бичгээр гэрээ хэлцэл хийсэн юм. Гэтэл өдий болтол бидний мөнгийг өгөөгүй хохироож байна. Холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгсөн ба шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна. Хүсэлт шийдвэрлэх явцад хөдөлгөөгүй гэж яриад байна. Б.Э нь хөдөлгөөд унаад аваад явсан байдаг. Б.Эт түлхүүр болон өөрийн эзэмшлийн гараашинд байгаа учраас хариуцагч унаад аваад явах боломжтой. Буцааж ав гэсэн зүйлийг хэлээд байна. Энэ бол худлаа. Тийм зүйлийг нэг ч удаа яриагүй. Ярьж байсан бол нотлох баримтыг гаргаж өгөх хэрэгтэй гэж үзэж байна. гэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтайгаар өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Учир нь маргааны зүйл болох мотоцикл нь араа нь хугархай эвдрэлтэй байсан засаж янзлах ямар ч боломжгүй сэлбэг нь олдохгүй байгаа учраас мотоциклыг буцааж аваарай гэдгийг нэхэмжлэгч талд хэлж байсан боловч нэхэмжлэгч тал хүлээж аваагүй нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс мотоциклыг унаад явсан байсан гараашинд байхгүй байсан гэдэг зүйлийг яриад байна. Мөн нэхэмжлэгч талын байгуулсан хэлцэл болгон гэрээ болохгүй хэлцэл гээд байгаа нь худалдах худалдан авах гэрээний агуулга ерөнхий зүйл тусгагдаагүй хүчин төгөлдөр гэж үзэхэд учир дутагдалтай байна. Нэхэмжлэгч талын яриад байгаагаар очиход байхгүй байсан гэдгийг нотолж хэрэгт хавсаргаж өгөх байсан өгөөгүй мөн тээврийн хэрэгслийг унаж явсан гэх боловч тээврийн хэрэгслийн гэрчилгээ эх хувиараа нэхэмжлэгч талд байсан. Гэрчилгээний эзэмшигч шилжээгүй тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй хөдөлгөөнд оролцох боломжгүй. Анх хүлээлгэж өгсөн газартаа байдаг. Удаа дараа ав гэдгийг хэлсэн. Гэрээний шаардлагыг өнгөрөөж нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэж ойлгож байна. Хүсэлттэй холбоотой тайлбар хэлж байхад манайхаас худалдаж аваад буцаагаад өгсөн гэдэг зүйлийг яриад байна. Хэрвээ тийм бол худалдах худалдан авах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулах ёстой. Гэрээ нь байхгүй байна. Хэлцэл хийсэн боловч акт хүлээлгэж авсан, акт 2 талд хүлээлгэн өгсөн гарын үсэг зэрэг худалдах худалдан авах гэрээний шаардлага байхгүй байгаа учраас хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Б.Э болон Б.Б нар нь хамт 12 жил ажиллаж байгаа бизнес хийдэг мотоциклын холбооны үйл ажиллагаа компанийн хоёр хүн Б.Э нь захирал хийдэг. Б.Э нь 04 дүгээр сарын 18-ны өдөр Б.Бөөс худалдаж аваад 4 дугуйг шинээр сольж хийгээд унаад явах гэсэн араа нь эвдэрсэн байдаг. Тэгээд Б.Бөд өгөөд засах гэсэн боловч боломжгүй байсан учраас нэхэмжлэгч эхнэртэйгээ очиж мөнгөө авъя гэхэд Б.Э энэ чигээр нь авъя гэсэн байдаг. Тэр байдлаар нь аваад хэлцлийг 36,000,000 төгрөгөөр тохирч 2022 оны 09 сард мөнгийг нь өгөхөөр тохирсон зүйл болсон байдаг. Үндсэндээ түлхүүрийн зэргийг өгсний дараагаар өөр хүн худалдаж авахад нь нэхэмжлэгч очиход өөр хүн үзэхээр унаад явсан гээд гараашинд байдаггүй. Дахиад очих үед түлхүүрийн хүн аваад явсан байсан. Хөдөлгөөнгүй байсан гэдэг зүйлийг хэлээгүй. Мөн буцааж ав гэдэг зүйлийг хэлээгүй. гэжээ.

 

5.1.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж, 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн хэлцэл, **** улсын дугаартай авто тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл,

 

5.2.Хариуцагчаас иргэний үнэлэхийн хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, мотоциклийн гэрэл зураг зэргийг ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Б.Эт холбогдуулан 36,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Б.Эт холбогдуулан 36,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ц.Б би 2021 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр Б.Бөөс 36,000,000 сая төгрөгөөр **** маркийн дөрвөн дугуйтай мотоциклийг худалдаж авсан билээ. Уг 4 дугуйт мотоцикл нь араа нь хугархай эвдрэлтэй байсан буцаахаар худалдаж авсан газраа очиход тус гражийн эзэн Б.Э худалдаад авъя. Мөнгийг нь 2022 оны 9 дүгээр сарын 01-ний дотор өгье гэж тохирч бичгээр гэрээ хэлцэл хийсэн. Гэтэл өдий болтол бидний мөнгийг өгөөгүй хохироож байна. Иймд Б.Эаас тус мотоциклийн үнэ 36,000,000 сая төгрөгийг өгнө үү гэжээ.

 

3.1.Шүүхээс хариуцагч Б.Эт 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. гэж заасны дагуу хариу тайлбараа ирүүлээгүй.

 

3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь худалдах худалдан авах гэрээний агуулга тусгагдаагүй ерөнхий тул хүчин төгөлдөр бус байна. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ эх хуваариа нэхэмжлэгчид байсан. Гэрчилгээний эзэмшигч шилжээгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах боломжгүй. Гэрээний шаардлагыг өнгөрөөж нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манайхаас худалдан аваад буцаасан гэх боловч энэ талаар гэрээ байхгүй. Мотоциклыг шилжүүлсэн, хүлээлгэн өгсөн акт үйлдээгүй буюу байхгүй. гэжээ.

4.Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 5 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Хариуцагч Б.Э нь Б.Бөөс **** маркийн дөрвөн дугуйтай мотоциклийг 36,000,000 төгрөгөөр тооцон худалдан авчээ. Тус мотоцикл эвдрэлтэй байсан тул буцаан өгөхөөр Б.Бөд хандаж байжээ.

Хариуцагч Б.Э нь дээрх эн эн маверик маркийн дөрвөн дугуйтай мотоциклийг 36,000,000 төгрөгөөр тооцон худалдан авах саналыг Ц.Бод тавьсан байх ба Ц.Б зөвшөөрч мотоциклийг Ц.Бод үлдээсэн байна.

5.Талууд эн эн маверик маркийн дөрвөн дугуйтай мотоциклийг шилжүүлэх үед эвдрэлтэй байсан, мотоциклыг 36,000,000 төгрөгөөр тооцон худалдан авсан, мотоциклыг Б.Эт шилжүүлэн өгсөн талаар маргаагүй.

Харин хэлцэл хүчин төгөлдөр эсэх, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх талаар маргаж байна.

6.Дээрхээс үзэхэд Б.Э болон Ц.Б нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан ба тус гэрээгээр маверик маркийн дөрвөн дугуйтай мотоциклийг 36,000,000 төгрөгөөр тооцон худалдахаар тохиролцсон гэж үзнэ.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э нь 04 дүгээр сарын 18-ны өдөр Б.Бөөс худалдаж аваад 4 дугуйг шинээр сольж хийгээд унаад явах гэсэн араа нь эвдэрсэн байдаг. Тэгээд Б.Бөд өгөөд засах гэсэн боловч боломжгүй байсан учраас нэхэмжлэгч эхнэртэйгээ очиж мөнгөө авъя гэхэд Б.Э энэ чигээр нь авъя гэсэн байдаг. Тэр байдлаар нь аваад хэлцлийг 36,000,000 төгрөгөөр тохирч 2022 оны 09 сард мөнгийг нь өгөхөөр тохирсон зүйл болсон байдаг. гэж тайлбарлаж байх ба хэрэгт авагдсан хэлцэл/хх-5/-ийг буюу худалдах худалдан авах гэрээг талууд өөрийн хүсэл зоригоо бүрэн илэрхийлэн байгуулжээ.

8.Эн эн маверик маркийн дөрвөн дугуйтай мотоцикл нь **** улсын дугаартай бөгөөд тээврийн хэрэгслийн гэрчилгээ нэхэмжлэгч Ц.Бын нэр байгаа боловч нэхэмжлэгчээс тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэн өгөхөөс татгалзаагүй байна. Мөн мотоцикл нь хариуцагч Б.Эын бодит эзэмшилд байгаа болно.

Иймд талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй.

9.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-д Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ: 75.2.1.гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; гэж заасан. Ц.Б болон Б.Э нь Худалдах худалдан авах гэрээ /хэлцэл/-д 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 36,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон байх ба тус үүргийн гүйцэтгэлийг биелүүлэх өдрөөс 3 жилийн хугацааг тооцвол 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр дуусна. Иймд нэхэмжлэгч Ц.Б нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй.

10.Ц.Боос эн эн маверик маркийн дөрвөн дугуйтай мотоциклийг Б.Эт худалдсан худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардахад уг мотоциклыг анх Б.Бөөс худалдан авсан гэрээ, мотоциклыг шилжүүлсэн талаарх акт хамааралгүй болно.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар талуудын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээний дагуу Ц.Б нь Б.Эаас мотоциклын үнэ болон 36,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Эаас 36,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Бод олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эаас 337,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.ГОНЧИГСУМЛАА