Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2024/00780

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2024/00780

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.О-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.Б-т холбогдох,

 

40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авсан.

 

Шүүх хуралдаанд: 

 

Нэхэмжлэгч А.О,

Хариуцагч С.Б

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.О нь хариуцагч С.Бт холбогдуулан 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 2021 оны 6 дугаар сарын 8-нд 10,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 11-нд 30,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгийг зээлүүлсэн юм. Уг 40,000,000 төгрөгийг одоо болтол буцааж өгөөгүй бөгөөд хамгийн сүүлд 2023 оны 11 дүгээр сарын 14-нд очиж уулзахад намайг нохойн гөлгөөр дуудан гэрээсээ хөөж 2 дугаар давхраас 1 дүгээр давхар луу чирч хувцсыг минь уран биед маш их хөхрөлт, шарх үүсгэсэн. Иймд миний бие гомдолтой бөгөөд 40,000,000 төгрөгөө буцааж авахыг хүсэж байна. Хүсэлтийг минь хүлээн авч С.Бөөс мөнгийг минь нэхэмжилж авч өгнө үү. гэжээ. 

 

Хариуцагч С.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие А.Оийн охин Н.Нтэй 2015 оноос эхлэн одоог хүртэл гэр бүл болон амьдарч, 4 хүүхдийн эцэг эх болцгоосон. Хадам ээж болох А.О нь охин Н.Нийн хамтаар эзэмшдэг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны Цаг уурын байранд 2 өрөө байртай байсан бөгөөд 2021 онд зарсан. Тус байрыг Н.Н хамтран эзэмшдэг байсан бөгөөд хадам ээж А.О байраа зарахдаа охин Н.Нд шинэ байр авахад нь мөнгө нэмэрлэж өгнө гэж хэлж байсан. Үүний дараа хадам ээж А.О миний дансанд 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тус мөнгийг өгөхдөө эхнэр бид хоёрт шинэ байр авахдаа урьдчилгаанд нь нэмэрлээрэй ээж нь ингэж л хүүхдүүддээ /гэр бүлд нь/ дэм болъё хэмээн өгсөн. Эхнэр бид 2 тус мөнгийг бидэнд бэлэглэж байна гэж ойлгосон байсан. гэвч үүнээс хойш бага зэрэг маргалдах бүртээ өгсөн мөнгө нэхэж уурладаг байсан. Одоогоор бид Эвэл апартмент шинэ байр захиалсан байгаа. Уг байрыг миний төрсөн ах болох С.Б түүний эхнэр болон Ундрахбаяр нар тодорхой хэмжээнд тусалж гэрээ хийж захиалж өгсөн. Ийм учраас миний бие ах С.Батсуурь болон бэр эгч н.Ундрахбаяр нарын дансанд байрны мөнгийг тогтмол шилжүүлж байгаа. Хадам ээжийн өгсөн 40,000,000 төгрөгийг мөн адил өөрийн нь хэлснээр байрны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн. Миний бие гэр бүлдээ ганцаараа ажил хийж 6 ам бүлээ тэжээдэг, улирлын чанартай ажил эрхэлдэг. Хадам ээж болох А.О намайг 40,000,000 төгрөгийг нь зээлж аваад өгөхгүй байгаа мэтээр мэдэгдсэн байсан. Үнэн хэрэгтээ анх өгөхдөө охин Н.Н бид хоёрт байр авах үедээ нэмэрлээрэй хэмээн өгсөн юм. Үүнийг миний эхнэр Н.Н гэрчлэх тул гэрчээр татан оролцуулах хүсэлттэй байна. Миний бие одоогоор байрны гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг тогтмол төлж байгаа тул хадам ээж болох А.Оийн нэхэмжлээд байгаа 40,000,000 төгрөгийг өгөх боломжгүй байгаа юм. Та бүхнээс энэхүү асуудлыг үнэн зөв эерэгээр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. гэжээ.

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар хувь, дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг ирүүлжээ.

 

Хариуцагчаас 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн **** дугаар орон сууц захиалгын гэрээний хуулбар хувь, дансны дэлгэрэнгүй хуулга, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа зэргийг ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.О нь хариуцагч С.Бт холбогдуулан 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.А.О нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: Миний бие 2021 оны 6 дугаар сарын 8-нд 10,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 11-нд 30,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгийг зээлүүлсэн. Одоо хүртэл мөнгийг нэхэхэд өгөхгүй байгаа тул 40,000,000 төгрөгийг С.Бөөс буцаан гаргуулж өгнө үү. гэжээ.

3.Хариуцагч С.Б нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр татгалзаж байна. Үүнд: Миний хадам ээж болох А.О нь охин Н.Н бид хоёрт тус 40,000,000 төгрөгийг шинэ байр авахдаа урьдчилгаанд нь нэмэрлээрэй гэж хэлээд өгсөн. Энэ мөнгийг зээлээгүй буюу зүгээр өгсөн. гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч А.О нь хариуцагч С.Бийн ***банк дахь *** дугаар дансруу 40,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь А.Оийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

5.Нэхэмжлэгч А.О нь 40,000,000 төгрөгийг зээлсэн гэж, хариуцагч С.Б нь зээлээгүй, харин бэлэглэсэн гэж маргаж байна.

 

6.Талууд нэхэмжлэгч А.Оээс хариуцагч С.Бт 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаар маргаагүй. Харин талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан талаар маргаж байна.

 

7.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. 282 дугаар зүйлийн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж зааснаар хүү, алданги тооцоогүй бол талууд зээлийн гэрээг амаар байгуулж болно.

 

195 дугаар зүйлийн 195.1-д Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ. гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. гэж гэрээ байгуулах санал гаргах, түүнийг хүлээн авсанд тооцох тухай харилцааг зохицуулсан бөгөөд хариуцагч С.Б нь 40,000,000 төгрөгийг хүлээн авсан байх тул түүнийг буцаан төлөх үүрэгтэй буюу талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй.

 

8.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээнэ: 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; гэж, 38 дугаар сарын 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж тус тус заасан бөгөөд зохигч нь шүүхэд гаргаж буй тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй. Харин хариуцагч С.Б нь 40,000,000 төгрөгийг өөрт нь хариу төлбөргүй шилжүүлсэн болохыг баримтаар нотлоогүй байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч С.Бөөс 40,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Од олгох үндэслэлтэй байна.

 

9.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч С.Бөөс 40,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Од олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бөөс 357,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.ГОНЧИГСУМЛАА