Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/00889

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/00889

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Ш-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Ц-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 64,575,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсан.

 

Шүүх хуралдаанд: 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.Ш нь хариуцагч Д.Над холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 64,575,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Монгол Улсын иргэн Ц.Ш миний ээжийн танил болох Маар дамжуулан Д.Н гэж хүн надтай утсаар холбогдсон. Д.Н нь Солонгос Улсаас бараа оруулж ирж худалдан борлуулдаг ба гаалийн татвар төлөхөд мөнгө дутаад байна. 50 сая төгрөгийг 1 сарын хугацаатай зээлүүлээч гэсэн. Ингээд түүний хэлсэн ярьсан зүйл болон ээжийн минь танил Мөнхтуяа нарын үгэнд маш их итгээд 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Зээлийн гэрээг бичгээр байгуулж, 50 сая төгрөгийг 15 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэйгээр зээлүүлж Д.Нын Хаан банкны *** дугаартай дансанд цувуулан шилжүүлэн өгч нотариатчаар гэрчлүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан ч Д.Н нь өнөө, маргаашдаа өгнө гэж хэлж байсаар нэг ч төгрөгийг эргүүлэн төлөхгүй өнөөдрийг хүрч маш их хохироож байна. Зээлийн гэрээний 3.7-д заасны дагуу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг төлөхөөр тохирсон тул үндсэн зээл, түүний хүү болох 52,500,000 төгрөгт 0.5 хувийн алдангийг тооцвол нэг өдрийн 262,500 төгрөг болж байна. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2023 оны 8 дугаар сарын 11 хоног, 9 дүгээр сарын 30 хоног, 10 дугаар сарын 05-ны өдрөөр 5 хоног нийт 46 хоногийг нэг өдрийн 262,500 төгрөгийн алдангиар тооцож үзвэл нийт алданги 12,075,000 төгрөг болж байна. Үндсэн зээл, түүний хүү болох 52,500,000 төгрөг дээр 46 хоногийн алданги 12,075,000 төгрөгийг нэмж нийт 64,575,000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд Д.Наас Зээлийн гэрээний үүрэгт нийт 64,575,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 480.825 төгрөгийн хамтаар гаргуулан Ц.Ш надад олгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ. 

 

2.Хариуцагч Д.Н нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

 

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н нь Ц.Ш болон түүний ээж н.Мөнтуяа нараас мөнгө зээлсэн талаарх тодорхой бичгийг Ц.Ш гаргаж өгдөг. Ц.Шаас болон түүний ээжээс 08 дугаар сарын 05-ны өдөр 50,000,000 төгрөг авсан гэдэг нь үнэн болно. 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр барагдуулж дуусна гэсэн тодорхойлолтуудыг өгдөг. Мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Штай утсаар холбогдож өөрийн гэр бүлийн эзэмшилд байдаг дэлгүүрийг худалдан борлуулж байгаа. Үүнээс мөнгө төгрөгийг барагдуулж эвийн журмаар шийдвэрлэх сонирхолтой байна гэдэг хүсэлтийг өгч байсан боловч өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй шүүхэд хүндэтгэлгүй хандаж, мөн хариу тайлбараа өгдөггүй асуудлууд байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлтэй байна. гэжээ.

 

4.1.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж, иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, харилцах дансны харилцагчийн хуулга, Д.Нын бичсэн өргөдөл, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэргийг ирүүлжээ.

 

4.2.Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Д.Н Солонгос Улсаас бараа оруулж ирж худалдан борлуулдаг ба гаалийн татвар төлөхөд мөнгө дутаад байна гээд түүнд 50 сая төгрөгийг 1 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлийн гэрээг нотариатчаар гэрчлүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан ч Д.Н нь төлбөрөө төлөөгүй. Зээлийн гэрээний 3.7-д заасны дагуу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг төлөхөөр тохирсон тул үндсэн зээлд 52,500,000 төгрөг алданги 12,075,000 төгрөг, нийт 64,575,000 төгрөгийг нэхэмжилж байна. гэжээ.

 

3.Шүүхээс хариуцагч Д.Над 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. гэж заасны дагуу хариу тайлбараа ирүүлээгүй.

4.Шүүхээс хариуцагчид 2024 оны 2 сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т заасныг үндэслэн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюун-Эрдэнэд мэдэгдсэн. Хариуцагч Д.Нын утасны дугаарруу залгасан боловч шүүхэд өгсөн утасны дугаар холбогдох боломжгүй байсан. Мөн тус хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ. гэж заасан ба энэхүү үүргээ биелүүлээгүй байна. Хариуцагч Д.Н нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тодорхойлох хэсгийн 4 дүгээр зүйлд заасан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.Нэхэмжлэгч Ц.Ш болон хариуцагч Д.Н нар нь 2023 оны 8 сарын 5-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр Ц.Ш нь 50,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 15 хоногийн хугацаатайгаар Д.Над зээлсэн байна.

 

Зээлийн гэрээг нотариатаар баталгаажуулсан буюу хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан.

7.Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн, гарын үсэг тамга, тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээнд хамаарч байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээнэ: 25.2.1.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; гэж, 25 дугаар зүйлийн 25.2-д Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээнэ: 25.2.1.шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах; гэж тус тус заасан эрхээ эдлээгүй, үүргээ биелүүлээгүй.

9.Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд гаргасан тайлбартаа хариуцагч Д.Над 50,000,000 төгрөг зээлсэн гэх боловч зээлийн гэрээний дагуу хариуцагчид нийт 32,500,000 төгрөг зээлсэн болох нь дипозит дансны хуулгаар тогтоогдож байна. Харин хэрэгт авагдсан 50,000,000 төгрөг авсан талаар бичсэн Д.Нын өргөдөл нь огноо дугааргүй, хэзээ бичсэн нь тодорхойгүй эргэлзээтэй тул тус баримтыг үндэслэх боломжгүй.

Иймд дээрх үндэслэлээр талуудын хооронд 32,500,000 төгрөгийн хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.

10.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж, 282 дугаар зүйлийн 282.1-д Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. гэж, Зээлийн гэрээний 3.7-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө. тус тус заасан.

Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр дуусахаар тохиролцсон байх ба зээлийн гэрээний хүү нь 1,625,000 төгрөг байна.

Дээрх гэрээний хугацаа дууссан өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл нийт 46 хоног хэтэрч, тус хэтэрсэн хоногийн алдангид 7,475,000 төгрөг болно.

Иймд Ц.Ш нь гэрээний үндсэн төлбөр, хүү, алдангид нийт 41,600,000 шаардах эрхтэй байх тул хариуцагч Д.Наас 41,600,000 төгрөгийг гаргаж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

11.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.Наас 41,600,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Шт олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 480,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Наас 365,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.ГОНЧИГСУМЛАА