Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 75

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соёлмандах (ҮД:0857),

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ийн *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 201701080126 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 16 цаг 45 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.                                           

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ******* дүгээр хороо, ******* тоотод оршин суух,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаар захирамжаар 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлсэн, 

регистрийн ******* дугаартай, ******* овогт *******ийн ******* нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ******* дүгээр хороо, ******* тоот хашааны гадна А.*******ыг “чи согтуу байна, харьж амар” гэж хэлснээс болж хоорондоо маргалдан А.******* нь Г.*******ийг заамдан авахад түүнийг түлхэсний улмаас А.******* нь газар унаж зүүн хөл нь хугарч, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулан, талуудын хүсэлтээр шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүгдэгч Г.******* нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн ******* дүгээр хороо, ******* тоот хашааны гадна 19:30 цагийн үед Т.ын хамт зогсож байтал А.******* нь гудамжны дээд үзүүрээс ирж Т.аас тамхи гуйн татаж, 5 орчим минутын дараа Т. түүнийг “чи согтуу байна, харьж амар, бид хоёрт ярьж хөөрөх юм байна” гэж хэлээд цааш нь түлхэхэд “та хоёр юугаа ярьдаг юм бэ, би байж байхад яадаг юм” гээд өмсөж явсан гадуурх хувцсаа тайлж хашаан дээр тохоод Г.******* руу дайрч заамдах үед П.тай ирж Т.ын хамт салгаад явсаны дараа А.******* нь дахиад түүн рүү согтуурхан дайрч барьцалдан заамдахад Г.******* цээж рүү нь түлхэх үед хамт газар унаж зүүн хөл нь хугарч, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ийн: “... Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул одоо мэдүүлэг өгөхгүй ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч А.*******ын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: “... Би орой 18 цагийн үед гэр лүүгээ харих гээд *******-р хороо Өлгийн 6-р гудамжинд алхаад явж байтал гэдэг ах нэг хүнтэй хашааны гадна зогсож байхаар нь очоод ахаас ганц тамхи байна уу гээд тамхи аваад тамхи татаж байснаа санаж байна. Би яг тэр үед нэлээн согтолттой байсан учраас болсон зүйлийг тодорхой сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан намайг тэр танихгүй ах түлхэж байсан, тэгээд “чиний хөлийг хугалчихан шүү” гэж хэлж байсан шиг санаж байна. Тэгээд түлхэх үед би усны сувагны шуудуу руу унасан. Тэр үед миний хөл дээр дэвссэн гэж бодоод байна, тэгээд ч би өмнө өгсөн мэдүүлэгтээ дэвссэн гэж мэдүүлсэн. Гэхдээ би яг болсон асуудлыг тодорхой мэдэхгүй байгаа. Би унах үед миний зүүн талын хөл өвдөөд явчихсан. Тэгэхээр нь би “яая, хөл” гэж орилсон. Тэр үед би ганцаараа хэвтэж байсан, тэгээд би тэнд явж байсан танихгүй хүнээс “эгч рүү залгаад өгөөч” гэж хэлээд эгч рүүгээ залгуулж дуудуулсан.  Тэгээд эмнэлэгт хүргэгдсэн. ... Миний биед зүүн  талын хөл хугарсан. Мөн цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Эдгээр гэмтлүүдийг тэр танихгүй залуу учруулсан. ... “Хөлийг чинь хугалчихан шүү” гээд түлхсэн тэр үед би усны шуудуу руу унасан, би тэр үед хөл дээрээс дэвсчихсэн гэж бодож байна. ... Эмчилгээнд зориулж хашаа байшингаа 3.000.000 төгрөгөнд зарж 1.000.000 төгрөг бэлэн авч эмчилгээнд зориулсан. Мөн яаралтайгаар эмчилгээнд орохын тулд ээж, эгч нараасаа 1.000.000 төгрөг цуглуулж эмчилгээнд орсон, нийт 2.000.000 төгрөгөнд эмчилгээ хийлгэсэн байгаа ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад гэрч П.тайн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: “... Би тэр өдөр буюу 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 19 цаг 30 минутын үед байх гэрээсээ элсэнд явах гээд хойд тал руугаа гартал *******-р хороо Өлгийн 6-р гудамжны 02 тоот хашааны гадна талд ******* гэх залуу анх нэрийг нь мэдэхгүй байсан юм Ээгий гэх залуутай маргалдчихсан, бие биенээ барьцалдчихсан байж байсан ба хажууд нь зогсож байсан. Тэгэхээр нь би очоод тэр хоёрыг салгачихаад яваад өгсөн, тэгээд эргээд 30-40 минут болоод ирсэн, тэгэхэд Ээгий гэх залуу газар хэвтчихсэн “хөл хугарчихлаа” гээд орилоод хэвтэж байсан. Тэгээд түргэн дуудаад авч явсан. ... Би юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Намайг очиход нэг нэгнээ заамдалдчихаад зууралдаад байсан, тэр үедээ бол юу гэж хэлж байсныг санахгүй байна. Салгасны дараа ******* гүйж очоод хашааны банз хугалаад ******* руу дайрахаар нь модыг аваад шидсэн. Намайг байх үед бол *******ыг түлхэж унагасан асуудал байхгүй, харин явснаас хойш яасныг мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Т.ын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “... Би 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хөрш айл болох найзындаа сууж байгаад 19 цагийн үед тэднийхээс гараад харих гээд явж байтал танил *******той тааралдаад надаас тамхи аваад бид хоёр тэдний гэр болох Өлгийн 6-02 тоотод ирж тэгээд тэднийд хоол идчихээд гараад тэдний гэрийнх нь хашааны гадна талд тамхи татаад зогсож байтал манай хорооны танил Ээгий гэх залуу бүтэн нэрийг нь мэдэхгүй сүүлд цагдаа дээр ирсний дараа ******* гэдэг гэсэн. Гудамжны баруун талаас уруудаад ирсэн. Тэр архи уучихсан нэлээн согтуу байсан. Тэгээд ******* бид хоёроос тамхи асуухаар нь би тамхи гаргаж өгсөн юм. Тэгээд *******той юм ярих гэхэд ******* саад болоод байсан учраас би “чи харьж амар” гэхэд явахгүй байсан. Тэгээд ******* руу “чи хэн юм бэ” гээд дайраад байсан. Олон юм яриад согтуурхаад байсан, тэгтэл ******* *******ыг заамдаад авсан, заамдахаас өмнө нь ******* дайраад байсан юм. Тэгээд больчихоод ******* *******ыг “чи харьж амар, би тай нэг ажил ярих хэрэгтэй байна” гэхэд ******* нь “намайг эндээс явуулдаг хэн бэ чи” гээд өмсөж явсан гадуурх хувцсаа тайлж хашаан дээр тохоод ******* руу утга учиргүй дайраад эхэлсэн, тэгээд би салгах гээд байж байтал тайг урд хашаанаас буюу Өлгийн 5-2 тоотоос гарч ирээд надтай хамт салгачхаад төв рүү ажилтай гээд яваад өгсөн юм. Тэгээд ******* ******* руу дайраад эхэлсэн тэр хоёр дахиад хэрэлдэж байгаад зууралдаад давхралдаад газар унаад өнхөрсөн тэгэхдээ бол бие биенээ зодсон асуудал бол болоогүй. Тэгэхээр нь би *******ийг салгахад ******* хашаанаас банз хугалаад ******* руу дайраад ирэхээр нь би банзыг нь булааж аваад шидсэн. Тэгээд л ******* босох гэхэд хөл гээд орилоод босохгүй байсан юм. ******* гэр лүүгээ орчихсон би хөл нь гэмтсэн талаар мэдээгүй гайгүй юм байх гэж бодоод яваад өгсөн. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. ... Тухайн үед хөл гээд орилоод байсан өөр ч харагдах гэмтэл юм харагдаагүй сүүлд сонсоход хөл нь хугарсан гэж байсан. ... ******* *******ийг заамдаад орооцолдоод газар унасан, их хурдан унасан болохоор яг яаж унасныг анзаарч хараагүй. Гэтэл орооцолдоод давхарлалдаад унасан, газар унасны дараа удаагүй би босгосон. ... *******ыг “яв” гээд байхад явахгүй өөрөө хэрүүл өдөөд дайраад байсан юм, тэгээд тэр хоёр зууралдаж байгаад газар уначихсан.  Бие биенээ цохьсон асуудал бол байхгүй, ******* газар унасны дараа босож ирээд хашаанаас банзыг хугалаад дайрсан, тэгэхээр нь би булааж авсан цохиулаагүй. ******* халамцүу байсан архи унэртэж байсан, гэхдээ гайгуй байсан. Харин ******* нэлээн согтуу байсан. ******* тэр үед зүгээр явчихсан бол ийм зүйл болохгүй байсан. ... Бид гурав байсан тай ирчихээд яваад өгсөн, өөр хүн байгаагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “... Би А.*******ын биед 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр үзлэг хийсэн. Уг үзлэгээр зүүн шаант боон тахилзуур ясны доод 1/3 хэсгийн мушгирсан зөрөөтэй далд хугарал, чээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн байна. Уг зүүн шаант боон тахилзуур ясны доод 1/3 хэсгийн мушгирсан зөрөөтэй далд хугарал гэмтэл нь зүүн шилбээр хөшилт хийх, мушгиж унах тохиолдолд үүсэх боломжтой. Чээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь чээжин хэсгээр доргих, унах, цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. Өшиглөх үед үүсэх боломжгүй. Өшиглөх үед өөр хөндлөн хугарал үүсдэг юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Өвчний түүхээр хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08 шэ/178 тоот:

1. А.*******ын зүүн шаант болон тахилзуур ясны доод 1/3 хэсгийн мушгирсан зөрөөтэй далд хугарал, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7 дугаар тал/,

            Г.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 дугаар тал/,

            Г.*******ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар тал/,

            Г.*******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 47-51, 59-61, 64-67 дугаар тал/,

       Хохирогч А.*******ын эмчилгээний зардал нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 53-57 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Г.*******ид шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Гэхдээ шүүгдэгч Г.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлсөн, үлдсэн 517.596 төгрөгийг төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч А.******* “гомдол саналгүй” гэснийг тус тус дурдаж,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хугархай банзыг тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ийн *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. *******ийн *******ид Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 (хоёр зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******оос 517.596 (таван зуун арван долоон мянга таван зуун ерэн зургаа) төгрөгийг гаргуулан хохирогч А.*******ад олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хугархай банзыг тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч А.******* “гомдол саналгүй” гэснийг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Г.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЛУВСАНДОРЖ