Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 1599

 

МАГАДЛАЛ

 2019.09.02                                                Дугаар 1599

П.Б-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,   

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/01876 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч П.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “М Б Т” ТББ-д холбогдох

          Захирлын 19/18 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч П.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдөр “М Б Т” ТББ-д экспертийн албан тушаалд ажилд орсон. Ажилд орсон үеэс хойш 14 сар ямар нэгэн зөрчил гаргалгүй ажиллаж байгаад жирэмсэн болж, 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр охин Ц.Итгэлийг төрүүлж, хүүхэд асрах амралттай байх хугацаандаа буюу 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүү Ц.Мэргэнийг төрүүлсэн. Би жирэмсний болон хүүхэд асрах чөлөөг Хөдөлмөрийн тухай хууль, бусад хуульд заасны дагуу эдэлж, үр хүүхдүүдээ асран хүмүүжүүлж байгаа. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 19/18 тоот тушаалаар ажлаас халагдсанаа 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр мэдэж, мөн өдөр тушаалаа гардаж авсан. Би хүүгээ 3 нас хүртэл нь асрах хүсэлтэй байгаагаа илэрхийлж хуульд заасан чөлөөтэй байгаа гэж ойлгон үр хүүхдээ асарч байгаа. Ажлаас халагдах тушаал гарах хүртэл нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж байсан. Гэтэл “М Б Т” ТББ нь намайг хүүхэд асрах чөлөө аваагүй, ажилдаа эргэж ороогүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Иймд “М Б Т” ТББ-ын 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 19/18 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.Бтой 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдөр жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэ үед ажилтан жирэмсэн болж ар гэрийн нөхцөл байдлыг нь харгалзан байгууллагаас нийгмийн даатгалыг нь төлж байсан. Манай байгууллагаас 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг тасралтгүй төлсөн. Энэ хугацаанд ажилдаа эргээд орох эсэхийг албан бус байдлаар асууж тодруулсан. Нэхэмжлэгч П.Б “ажилд орох тухай бодолгүй байна” гэсэн хариултыг тухайн үед өгч байсан. Иймд “М Б Т” ТББ нь 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 18/19 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг зогсоосон. П.Бт 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдөр тушаал гарч байна гэж мэдэгдсэн. Нэхэмжлэгч утсаар залгаад тушаалын агуулгыг хэлээд өгөөч гэж хүсэлт гаргасны дагуу тушаалын агуулгыг утсаар тайлбарлаж өгсөн. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүнээр ирүүлсэн өргөдөлд “хүүхэд асрах чөлөө олгож өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн байсан. Тэр үед би нэхэмжлэгч П.Бт ажлаас чөлөөлөх тушаал гарсан байхад одоо боломжгүй гэж хэлсэн. П.Б тушаалаа авахгүй байсан шалтгаан нь хугацаа хожих гэсэн арга байсан гэж үзэж байна. 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр нийгмийн даатгалаа тасалдуулваа гэдгийг сануулж байсан. Ажлаас халагдах тушаал гарсныг мэдсээр байж ирж аваагүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхээ тасалдуулсан нь хувь хүний хариуцлагагүй байдалтай холбоотой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч П.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Б-г “М Б Т” ТББ-ын экспертийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Бын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “М Б Т” ТББ-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М Б Т” ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагч тал анхан шатны шүүх хурлаар талуудын хооронд байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссаны улмаас ажилтан, ажил олгогчийн харилцаа дуусгавар болсон гэж маргасан бөгөөд шүүх талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний талаар шүүхийн шийдвэрт ямар нэгэн үндэслэл дурдаагүй. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн харилцааны суурь нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ бөгөөд талууд өөрсдийн үйл ажиллагааны онцлог, үүсэж буй харилцаанаас хамаарч гэрээг хугацаатай болон хугацаагүй байгуулдаг. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэхдээ хөдөлмөрийн гэрээтэй холбоотой аливаа үндэслэл дурдалгүй шууд хөдөлмөрийн харилцаа үргэлжилж буй мэтээр дүгнэсэн нь буруу болжээ. Ажил олгогч нь П.Бтой хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээг 2014 оны 7 дугаар  сарын 2-ны өдрөөс 1 жилийн хугацаатай байгуулсан. Ажил олгогч хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж, нэхэмжлэгчийн анхны хүүхэд 3 нас хүртэл буюу 2018 оныг хүртэл нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийж байсан. Гэтэл шүүх “ажлын хамтын олон нь нэхэмжлэгчийн хоёр дах хүүхдийг төрөхөд гэрт нь очсон тиймээс нэхэмжлэгчийг 3 хүртэлх настай хүүхэдтэй болохыг мэдсээр байж ажлаас халсан нь үндэслэлгүй болжээ” гэж дүгнэжээ. Нэхэмжлэгч П.Б хоёр дах хүүхэд төрүүлэхдээ ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг сунгах талаар санал гаргаагүй, жирэмсний амралтаа сунгах хүсэлт өгөөгүй, талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар бичгээр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй бөгөөд үүнээс үүдэн хөдөлмөрийн харилцаа ч үүсээгүй юм. Анхан шатны шүүх танилын журмаар нэхэмжлэгчийн гэрт очсон үйл баримтыг хууль зүйн үр дагавартай болгож үүнийг хариуцагч байгууллагад хамааралтайгаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Мөн анхан шатны шүүх ажлаас халах тушаалыг тушаал гаргах эрхгүй этгээд ажлаас халсан учраас үндэслэлгүй гэж үзсэн бөгөөд “М Б Т-ийн үйл ажиллагаанд туслах, түүний эзгүйд албан үүргийг орлон гүйцэтгүүлэхээр төвийн дэд захиралтай байж болно” гэж заасан байдаг. Төвийн гүйцэтгэх захирал Н.А-г Удирдах зөвлөлийн тогтоолоор ажлаас чөлөөлсөн бөгөөд хэрэгт энэ тогтоол авагдсан байгаа. Төвийн дүрмийн 5.13.6-д зааснаар Удирдах зөвлөлийн дарга нь “...гүйцэтгэх захирлын эрхийг түр түдгэлзүүлэх, үүрэг гүйцэтгэгчийг томилох” эрхтэй бөгөөд энэхүү эрхийн хүрээнд дэд захирлыг томилсон байдаг. Дэд захирал нь гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн хувьд дүрмийн 6.3.5-д заасан хөдөлмөрийн гэрээгээр ажилтан ажилд авах, ажлаас чөлөөлөх, халах эрхийг эдлэнэ. Энэхүү хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халах эрхтэй этгээд халсан болно. Хариуцагч тал нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж маргасан бөгөөд анхан шатны шүүх энэ үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дах хэсэгт заасны дагуу ажил олгогч утсаар холбогдож ажлаас халах тушаал гарсаныг мэдэгдэж байгаа нь үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй гээд хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж хэргийг  шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч П.Б ажлын байранд жирэмсний амралтаа авсанаас хойш буюу 2015 оноос хойш тушаал гарсан өдрийг хүртэл ажлын байранд ирээгүй хүнд бид утсаар ажлаас гарсан тушаалыг мэдэгдэхээс өөрөөр мэдэгдэх боломжгүй. Тиймээс утсаар ярьсан түүхийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчид тухайн нөхцөлд байж болох аргаар тушаалыг мэдэгдсэн мөн тушаал гарсныг мэдсэнээс хойш буюу 12 дугаар сарын 10-ны өдөр төв дээр ирж чөлөө сунгах хүсэлтээ өгсөн атлаа ажлаас халах тушаалаа гардан аваагүй эс үйлдэхүй гаргасан бөгөөд тушаал гарсанаас хойш 3 сарын дараа тушаал гарсан тухай мэдэгдээгүй, сүүлд тушаалаа мэдсэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч “М Б Т” ТББ-д холбогдуулж захирлын 19/18 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс “М Б Т” ТББ-д экспертийн ажлын байранд ажиллаж байгаад жирэмсний болон амаржсаны амралтаа авч, 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дэд захирал Ц.Батбилэгийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.

Нэхэмжлэгч нь жирэмсний болон амаржсаны амралтаа авсан байх хугацаандаа хоёр хүүхэд төрүүлсэн, харин хариуцагч байгууллага нь “...ажилдаа эргэж орохыг асуусан, орох бодолгүй байсан...” гэж үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 9.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажлаас халах тушаал гаргасан үйл баримт тогтоогдож байна.

Ажлаас чөлөөлөх дээрх тушаалыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр    нэхэмжлэгч нь гардан авч, ажлаас үндэслэлгүй халагдсан талаархи гомдлоо 2019 оны 3 сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гаргана” гэж заасны дагуу хугацаандаа гомдлоо шүүхэд гаргасан байна.

Хэдийгээр хариуцагч байгууллага нь ажлаас халах тухай тушаалаа авахыг П.Бт удаа дараа мэдэгдэж байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн няцааж, баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Хариуцагч байгууллагаас давж заалдах гомдолдоо “дэд захирал халсан нь хууль зөрчсөн, мөн нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон нь үндэслэлгүй” гэж үндэслэсэн нь “М Б Т” ТББ-ын дүрмийн 6.3.5-т зааснаар хөдөлмөрийн гэрээгээр ажилтан ажилд авах, ажлаас чөлөөлөх, халах эрхийг гүйцэтгэх захиралын эрх хэмжээнд хамааруулж бичсэн байх тул дээрх тушаал зөрчилтэй гарсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэгдсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/01876 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

            ШҮҮГЧИД                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                   М.НАРАНЦЭЦЭГ