Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2024/00798

 

2024 оны 02 сарын 20-ны өдөр

Дугаар 183/ШШ2024/00798

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х дүүрэг, ....... дүгээр хороо, Б....-45, .......ХК-ийн Төв байранд байрлах, М ТӨХК /РД:......../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х.... дүүрэг, ...... дүгээр хороо, Б.......35 тоот хаягт байрлах, Э. Э /РД:......./-д холбогдох,

 

Сургалтын зардал болох 27,371,710 төгрөг, 2023 оны ээлжийн амралтын зөрүү мөнгө болох 10,707,879 төгрөг, нийт 35,815,140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ТӨХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Э.Э нь 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс "М ТӨХК-нд Нислэгийн хэлтэст Бионг 737-800 агаарын хөлгийн 2 дугаар нисгэгчээр, Гүйцэтгэх захирлын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/390 тоот тушаалаар Боинг 737-800 агаарын хөлгийн даргаар томилогдон, харилцан тохиролцон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдсан болон цалин хөлсөнд өөрчлөлт орсонтой холбогдуулан 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Хариуцагч нь 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсөн ба хүсэлтийг үндэслэн Гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/423 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. "М ТӨХК нь нисгэгчдийг бэлтгэхэд багагүй хэмжээний цаг хугацаа болон зардал мөнгө гаргадаг бөгөөд нислэгийн ид ачааллын үед олон жил бэлтгэсэн боловсон хүчин өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөнд харамсалтай байна. Э.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар бүлэгт ажилтны эрх, үүргийг тодорхойлж өгсөн байдаг бөгөөд 6.2.12-т "Ажлын байрандаа тогтвор суурьшилтай ажиллах бөгөөд өөрийн санаачилгаар болон сахилгын шийтгэл гарган хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд ажилтны мэдлэг, чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх зорилгоор сүүлийн хоёр жилд хамруулсан сургалтын зардлыг үл маргах журмаар компанид буцаан төлнө" гэж заасан. Мөн хөдөлмөрийн гэрээний 8.5-д "Хөдөлмөрийн гэрээний үйлчлэх хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачлан дуусгавар болгосон эсхүл энэхүү гэрээний 10.4 дэх хэсэгт заасны дагуу ноцтой зөрчил гаргаж ажлаас халагдан гэрээг цуцалсан тохиолдолд сүүлийн хоёр жилийн дотор хамрагдсан сургалтын зардлыг ажил олгогч талд нөхөн төлнө. гэж заасан. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т "Ажил олгогч өөрийн зардлаар ажилтныг сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэхээр ажилтантай сургалтын нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болно.", "73.3. Сургалтын дараа ажилтны тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллах хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд гурван жилээс илүүгүй байна.", "73.4. Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан бол ажил олгогч сургалтын зардлыг хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлснөөс бусад тохиолдолд ажилтан ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардлыг хувь тэнцүүлж ажил олгогчид нөхөн төлнө. гэж тус тус заасан. Э.Э нь 2023 оны ээлжийн амралтыг /2023.02.13-2024.02.13 эдлэхээр нийт 22 ажлын өдрөөр тооцсон/ 2023 оны 4 дугаар сарын 01-ний өдрөөс эдлэн, ээлжийн амралтын мөнгөө тооцон авсан бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тул 2023 оны 8, 9, 10, 11, 12 сар, 2024 оны 1, 2 сард ногдох нийт 12.81 өдрийн ээлжийн амралтын цалингийн зөрүү болох 10,707,879 төгрөгийг гаргуулна. Компанийн зүгээс Э.Энхбаяраас 2022 оны нисгэгчийн хаврын давтан сургалтын зардлаас 4,154,733 төгрөг; 2022 оны нисгэгчийн намрын давтан сургалтын зардал 8,415,117 төгрөг; 2023 оны нисгэгчийн давтан сургалтын зардал 14,801,859 төгрөг; 2023 оны ээлжийн амралтын зөрүү мөнгө болох 10,707,879 төгрөг. нийт 38,079,589 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бичгээр гаргасан нэхэмжлэлээ дэмжинэ, 2014-02-13 ний өдөр Э.Э нисгэгчээр, 2017-05-19 ний өдөр хөлгийн даргаар дэвшин ажилласан. 2022-10-01 ний өдөр хөдөлмөрийн гэрээгээ шинэчилсэн байсан 2023-07-30 ний өдөр хүсэлтээ өгөөд чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн гэрээний 6.1.12, 8.5 д тодорхой заагаад өгчихсөн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 73.1 т зааснаар нэхэмжилж байгаа ба бүгдийг биш компанийн зүгээс Э.Э 2022 оны нисгэгчийн хаврын давтан сургалтын зардлаас 4,154,733 төгрөг; 2022 оны нисгэгчийн намрын давтан сургалтын зардал 8,415,117 төгрөг; 2023 оны нисгэгчийн давтан сургалтын зардал 14,801,859 төгрөг; 2023 оны ээлжийн амралтын зөрүү мөнгө болох 10,707,879 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа ба 8 дугаар сарын цалин олгоогүй тул 2,264,449 төгрөгийг нийт авлагаас хасахаар 35,815,140 төгрөг болж байгаа юм гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М ТӨХК-ийн нэхэмжлэлтэй Э.Э холбогдох хэргийн шүүх хуралд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна. Иргэний нисэхийн дүрэм 121-т зааснаар агаарын тээвэрлэгч нь багийн гишүүн үүрэг гүйцэтгэх нисэх онгоцны багийн гишүүний ажил үүрэг, үйл ажиллагааны төрөлд тухайн багийн гишүүн чадвартай байх болон мэргэшихийн тулд гэрчилгээний эрхийн хүрээнд үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцны нисгэгч эсхүл бүхээгийн ажилтныг 121.553-т шаардсан сургалтын хөтөлбөрийн давтан сургалтын үе шатанд хамрагдсан болохыг бататгах үүрэгтэй гэж заасан. Энэхүү үүргээ биелүүлсэн сургалтын төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үүгэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сургалтын зардлыг бол хүлээн зөвшөөрөхгүй, учир нь Э өөрөө хүсэлтээ өгч ажил олгогч 2023-08-30 ний өдөр чөлөөлсөн ба 8 сарыг дуустал ажиллуулсан. Байгууллага нисгэгчээ мэргэшүүлж байж нислэгт гаргадаг тул үүргээ хэрэгжүүлсний зардлыг нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч байгууллага нь Иргэний нисэхийн дүрэмд захирагддаг ба энэ дүрмийн 121.59 д Нисэхийн бэлтгэл А хэсэгт гэрчилгээ эзэмшигч гэж М ХК г үзэх бөгөөд 121 р зүйлийн 550 аас Гэрчилгээ эзэмшигчийн үндсэн үүргийг заасан. 6 сар тутам давтан сургах ба энэ баталгааг байгууллага гаргадаг, энэ давтан сургалтын зардлыг нэхэмжилж байгаа нь утгагүй. 4 төрлийн сургалт хийгддэг, манай төлөөлүүлэгч давтан л сургалтад суусан байгууллага зорилгоо хэрэгжүүлэхийн тулд өөрсдөө хамруулах үүрэгтэй. 6 сар тутам сургалтад суугаад жишээ нь 2024-01-01 ний сургалтын үйлчлэл 2024-06-01 гээд дуусчхаж байгаа юм л даа. Мэргэжил дээшлүүлэх бус давтан сургаалтанд суусан, хуваар баталсан тушаалаас нь харахаар давтан гэдэг нь ойлгомжтойгоос гадна цаашаа сургалтын ямар байгууллагад хэдэн төгрөг төлсөн юм гэдэг нь байхгүй, санхүүгийн анхан шатны баримт байх ёстой. Түүнчлэн нэхэмжлэгч нь төрийн өмчит хуулийн этгээдийн хувьд эрсдэлийн 5 хувь гэж байдаг, энэ асуудал нь эрсдэлээрээ шийдэгдээд явдаг гэдгийг шүүх анхаараасай. Ээлжийн амралтын зөрүү гэх шаардлагад заримыг нь хүлээн зөвшөөрнө, Манай тооцооллоор бол 835,900 төгрөгийг 10,75 хоногоор үржүүлэхээр 8,985,925 төгрөг гарч байгаа ба нэхэмжлэлдээ 2,264,449 төгрөгийг хасна гэж байсан тул тэрийг хасахаар 6,721,476 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, М ТӨХК-ийн дүрмийн хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, М ТӨХК-ийн 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/115 тоот захирлын тушаал, М ТӨХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/390 тоот захирлын тушаал, М ТӨХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/423 дугаар захирлын тушаал, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1105 дугаар хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээний хавсралт-2, М ТӨХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/106 тоот захирлын тушаал, тушаалын хавсралт-1, Б737 нисэх багийн дадлагажуурын хуваарийн хуулбар хувь, албан ажлын зардлын төсвийн хуулбар хувь, М ТӨХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/397 тоот захирлын тушаалын хуулбар хувь, Албан ажлын зардлын төсөв С/67 тоот, М ТӨХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/24 тоот захирлын тушаалын хуулбар хавсралт, Албан ажлын зардлын төсөв 22/С-03 тоот, 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 3 дугаар ээлжийн амралтын цалингийн тооцоо, амралтын цалингийн жагсаалт зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

4. Хариуцагч талаас иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Шүүх хариуцагчийн хүсэлтийн дагуу М ТӨХК-ийн захиргаа хүний нөөцийн хэлтсийн 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 03/2023 тоот албан бичиг, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 04Ж/38 дугаар хөдөлмөрийн гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 04Ж/38 дугаартай хөдөлмөрийн гэрээ, Иргэний нисэхийн дүрэм 121-ын В бүлгийн 121.59 Нислэгийн бэлтгэл гэсэн хэсгийг бүтнээр, Иргэний нисэхийн дүрэм 121-ын I бүлэг Сургалт гэсэн хэсгийг бүтнээр, иргэний нисэхийн дүрмийн нэр томьёоны тайлбар зэрэг баримтыг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...М ТӨХК-нд Нислэгийн хэлтэст Бойнг 737-800 агаарын хөлгийн 2 дугаар нисгэгчээр, Гүйцэтгэх захирлын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/390 тоот тушаалаар Боинш 737-800 агаарын хөлгийн даргаар томилогдон, харилцан тохиролцон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдсан болон цалин хөлсөнд өөрчлөлт орсонтой холбогдуулан 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Хариуцагч нь 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсөн ба хүсэлтийг үндэслэн Гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/423 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. "М ТӨХК нь нисгэгчдийг бэлтгэхэд багагүй хэмжээний цаг хугацаа болон зардал мөнгө гаргадаг бөгөөд нислэгийн ид ачааллын үед олон жил бэлтгэсэн боловсон хүчин өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөнд харамсалтай байна. Э.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар бүлэгт ажилтны эрх, үүргийг тодорхойлж өгсөн байдаг бөгөөд 6.2.12-т "Ажлын байрандаа тогтвор суурьшилтай ажиллах бөгөөд өөрийн санаачилгаар болон сахилгын шийтгэл гарган хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд ажилтны мэдлэг, чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх зорилгоор сүүлийн хоёр жилд хамруулсан сургалтын зардлыг үл маргах журмаар компанид буцаан төлнө" гэж заасан. Мөн хөдөлмөрийн гэрээний 8.5-д "Хөдөлмөрийн гэрээний үйлчлэх хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачлан дуусгавар болгосон эсхүл энэхүү гэрээний 10.4 дэх хэсэгт заасны дагуу ноцтой зөрчил гаргаж ажлаас халагдан гэрээг цуцалсан тохиолдолд сүүлийн хоёр жилийн дотор хамрагдсан сургалтын зардлыг ажил олгогч талд нөхөн төлнө. гэж заасан. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т "Ажил олгогч өөрийн зардлаар ажилтныг сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэхээр ажилтантай сургалтын нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болно.", "73.3. Сургалтын дараа ажилтны тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллах хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд гурван жилээс илүүгүй байна.", "73.4. Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан бол ажил олгогч сургалтын зардлыг хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлснөөс бусад тохиолдолд ажилтан ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардлыг хувь тэнцүүлж ажил олгогчид нөхөн төлнө гэж заасан. Ингээд Э.Энхбаяраас 2022 оны нисгэгчийн хаврын давтан сургалтын зардлаас 4,154,733 төгрөг; 2022 оны нисгэгчийн намрын давтан сургалтын зардал 8,415,117 төгрөг; 2023 оны нисгэгчийн давтан сургалтын зардал 14,801,859 төгрөг 27,371, 710 төгрөгийг гаргуулна.

 

Э.Э нь 2023 оны ээлжийн амралтыг /2023.02.13-2024.02.13 эдлэхээр нийт 22 ажлын өдрөөр тооцсон/ 2023 оны 4 дугаар сарын 01-ний өдрөөс эдлэн, ээлжийн амралтын мөнгөө тооцон авсан бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тул 2023 оны 8, 9, 10, 11, 12 сар, 2024 оны 1, 2 сард ногдох нийт 12.81 өдрийн ээлжийн амралтын цалингийн зөрүү болох 10,707,879 төгрөгийг гаргуулна. Компанийн зүгээс Э.Э 2022 оны нисгэгчийн хаврын давтан сургалтын зардлаас 4,154,733 төгрөг; 2022 оны нисгэгчийн намрын давтан сургалтын зардал 8,415,117 төгрөг; 2023 оны нисгэгчийн давтан сургалтын зардал 14,801,859 төгрөг; 2023 оны ээлжийн амралтын зөрүү мөнгө болох 10,707,879 төгрөг, Ингээд нийт 35,815,140 төгрөгийг гаргуулна. гэв.

 

3.Хариуцагч Э.Э нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Иргэний нисэхийн дүрэм 121-т зааснаар агаарын тээвэрлэгч нь багийн гишүүн үүрэг гүйцэтгэх нисэх онгоцны багийн гишүүний ажил үүрэг, үйл ажиллагааны төрөлд тухайн багийн гишүүн чадвартай байх болон мэргэшихийн тулд гэрчилгээний эрхийн хүрээнд үйл ажиллагаанд ашиглаж байгаа нисэх онгоцны нисгэгч эсхүл бүхээгийн ажилтныг 121.553-т шаардсан сургалтын хөтөлбөрийн давтан сургалтын үе шатанд хамрагдсан болохыг бататгах үүрэгтэй гэж заасан. Энэхүү үүргээ биелүүлсэн сургалтын төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Ээлжийн амралтын зөрүү гэх шаардлагад заримыг нь буюу тооцооллоор бол 835,900 төгрөгийг 10,75 хоногоор үржүүлэхээр 8,985,925 төгрөг гарч байгаа ба нэхэмжлэлдээ 2,264,449 төгрөгийг хасна гэж байсан тул тэрийг хасахаар 6,721,476 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Э.Э нь 2014-02-13 ний өдөр М ТӨХК-д анх 2 дугаар нисгэгчээр, Гүйцэтгэх захирлын 2017-05-19-ний өдөр агаарын хөлгийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг үндэслэн Гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/423 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.

Талуудын хооронд хамгийн сүүлд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулжээ. Улмаар Э.Э нь 2022-2023 онуудад нийт 3 удаа давтан сургалтад хамрагдсан болох нь 2023-03-22 ний А/106 дугаартай тушаал, 2022-08-29 ний өдрийн Б/397 дугаартай тушаал, 2022-01-27 ний өдрийн А/24 дугаартай тушаалуудаар нотлогдож байна.

5. Талуудын маргааны зүйл нь хариуцагчийг 2022-2023 онуудад сургалтад хамрагдсан зардлын зарим хэсгийг буюу 27,371,710 төгрөг нэхэмжилснийг нэхэмжлэгч тал хөдөлмөрийн гэрээний 6.2.12 , 8.5 болон Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 т заасны дагуу хариуцагчаас шаардах эрхтэй гэж, харин хариуцагч нь гэрээний 8.5 дах заалт нь хүчээр цалин олгохгүй гэж дарамтлан зуруулсан учраас хүчин төгөлдөр бус, түүнчлэн Иргэний нисэхийн дүрмийн дагуу ажил олгогч нисгэгчээ давтан сургалтад хамруулах үүргээ биелүүлсэн байхад уг зардлыг нисгэгч төлөх ёсгүй гэж маргадаг. Харин нэхэмжлэлийн 2 дах шаардлага буюу ээлжийн амралтын зөрүү гэх шаардлагад заримыг нь буюу хариуцагчийн тооцооллоор бол 835,900 төгрөгийг 10,75 хоногоор үржүүлэхээр 8,985,925 төгрөг гарч байгаа ба нэхэмжлэлдээ 2,264,449 төгрөгийг хасна гэж байсан тул тэрийг хасахаар 6,721,476 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэдэг.

6. Талууд хамгийн сүүлд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1105 дугаартай Хөдөлмөрийн гэрээг байгуулсан байх ба тус гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.12 т Ажлын байрандаа тогтвор суурьшилтай ажиллах бөгөөд өөрийн санаачилгаар болон сахилгын шийтгэл гарган хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд ажилтны мэдлэг чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх зорилгоор сүүлийн 2 жил хамруулсан сургалтын зардлыг үл маргах журмаар компанид нөхөн төлүүлэх , 8 дугаар зүйлийн 8.5 д Хөдөлмөрийн гэрээний үйлчлэх хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачлан дуусгавар болгосон эсхүл энэхүү гэрээний 10.4 дэх хэсэгт заасны дагуу ноцтой зөрчил гаргаж ажлаас халагдан гэрээг цуцалсан тохиолдолд сүүлийн 2 жилийн дотор хамрагдсан сургалтын зардлыг ажил олгогч талд нөхөн төлнө гэж, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 т .Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан бол ажил олгогч сургалтын зардлыг хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлснөөс бусад тохиолдолд ажилтан ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардлыг хувь тэнцүүлж ажил олгогчид нөхөн төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч сургалтын зардлын ажилтан ажиллагаагүй хугацаанд ногдох хэсгийг ажил олгогч нэхэмжлэх эрхтэй байна. Учир нь хэрэгт авагдсан 3 удаагийн сургалтад хамрагдуулсан тухай тушаал болон Иргэний нисэхийн дүрмийн 121.563 т зааснаар Э.Э хамрагдсан сургалт нь давтан сургалт, давтан сургалтад хамруулах нь гэрчилгээ эзэмшигч М ТӨХК-ийн үүрэг болох нь тогтоогдож байх боловч талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 6.2.12 т ..ажилтан ажлаас өөрийн санаачилгаар гарсан бол ажилтны мэдлэг чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх зорилгоор сүүлийн 2 жилд хамруулсан сургалтын зардлыг үл маргах журмаар төлүүлэх гэж зааснаас гадна гэрээний 8.5 д ажилтан санаачлан дуусгавар болгосон... тохиолдолд сүүлийн 2 жилийн дотор хамрагдсан сургалтын зардлыг ажил олгогч талд нөхөн төлнө гэж заасан байх тул давтан сургалтын зардлыг төлүүлэхгүй байх үндэслэл байхгүй байна. Өөрөөр хэлбэл бүхий л сургалт нь ажилтны мэдлэг чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх зорилгыг агуулдаг. Тооцооллыг гаргахдаа ажилтан ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардлыг хувь тэнцүүлэн тооцоолсон нэхэмжлэгчийн 41-42 дугаар хуудсанд авагдсан баримт нь үндэслэл бүхий гэж үзсэн болно

Түүнчлэн ээлжийн амралтын олговроос ажиллаагүй хугацаанд ногдох 2023 оны 8, 9, 10, 11, 12 сар, 2024 оны 1, 2 сард ногдох нийт 12.81 өдрийн ээлжийн амралтын цалингийн зөрүү болох 10,707,879 төгрөгөөс хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 8,985,925 төгрөгийг гаргуулж шийдвэрлэлээ. Учир нь хөдөлмөрийн гэрээг 2023 оны 8 сарын 31 ний өдөр цуцалж, талуудын хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх тайлбар татгалзал үндэслэлтэй.

Иймд хариуцагчаас сургалтын зардалд 27,371,710 төгрөгийг, ээлжийн амралтын олговорт 8,985,925 төгрөгийг нийт 36,357,635 төгрөг болох ба үүнээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан олгоогүй гэх 2023 оны 8 дугаар сарын цалин 2,264,449 төгрөгийг хасахаар 34,096,185 төгрөгийг хангаж, үлдэх 1,718,985 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйд нийцнэ.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 т зааснаар хариуцагч Э.Э 34,096,185 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,718,985 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 328425 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ТӨХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 т зааснаар хариуцагч Э.Э-аас 34,096,185 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,718,985 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 328,425 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ТӨХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ