Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2024/01312

 

 

 

 

 

 

 

 

  

  2024     03        26                                           182/ШШ2024/01312

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ........ тоот хаягт оршин суух, Д.М-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ........... тоот хаягт оршин суух, Б.Д-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 142,406,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О,

Хариуцагч Б.Д,

Хариуцагчийн өмгөөлөгч С.Э,

Гэрч Ч.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Б.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 142,406,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна. Үүнд:

1.1.“Миний төрсөн эгч Д.М-ын өмчлөлийн Баянгол дүүрэгт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Б.Д нь 300,000,000 төгрөгөөр худалдан авахаар тэд хоорондоо тохиролцсон. Хасбанкны зээлийн хорооны шийдвэр 225,000,000 төгрөгөөр гараад Б.Д-г урьдчилгаа төлбөрөө Д.М-д өгөх шаардлагыг банк тавьсан байдаг. Үүний дагуу Б.Д-г урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх боломжийг олгож зээлийн шийдвэр гарснаас хойш тодорхой хугацаа өгсөн ч мөнгөө олж чадаагүйн улмаас зээлийн хорооны шийдвэр цуцлагдаж болзошгүй цаг үед Б.Д, эгч хоёр надтай уулзаж мөнгө зээлүүлэх хүсэлт гаргасан. Миний зүгээс зээлээс гадна миний мөнгийг яаж төлөх талаар түүнээс асуухад худалдан авч буй хөрөнгөд бизнесийн үйл ажиллагаа явуулна үүнээс таны зээлийг хангалттай төлнө гээд тооцоолол гаргаж үзүүлж байсан. Ингээд түүний саналыг би хүлээн зөвшөөрч 2018.10.25-ны өдөр Б.Д-тэй зээлийн гэрээ байгуулан 75,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, нэг сарын 1,7 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Б.Д нь зээлийн төлбөрийг 2019.03.25-ны өдөр төлж барагдуулах ёстой байсан хэдий ч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа бөгөөд үндсэн зээл 75,000,000 төгрөг, 1 сарын хүү 1,275,000 төгрөг, 5 сарын хүү 6,375,000 төгрөг, нэг хоногийн алданги 406,875 төгрөгийг 150 хоногоор тооцвол 61,031,250 төгрөг, нийт 142,406,250 төгрөгийг үлдэгдэлтэй байна.

Иймд хариуцагч Б.Д-гээс зээлийн гэрээний үүрэгт 142,406,250 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.

 

2.Хариуцагч Б.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Би зээлийн гэрээг Д.М-тай бичгээр байгуулсан боловч энэ нь дүр үзүүлсэн зээлийн гэрээ бөгөөд Д.М нь бодит байдлаар надад 75,000,000 төгрөгийг хүлээлгэн өгч, зээлийн харилцаа үүсээгүй. Мөн Д.М нь энэ хугацаанд надтай нэг ч удаа холбогдож байгаагүй. Учир нь тэрээр 75,000,000 төгрөгийг бодитоор зээлдээгүй учраас над руу нэг ч удаа залгаж мөнгөө нэхээгүй. Харин тухайн үед би түүний эгч Д.М-ын үл хөдлөх хөрөнгийг худалдан авах зорилгоор банкнаас зээл хөөцөлдөж байсан бөгөөд урьдчилгаа төлбөрийг банканд байршуулах эсвэл Д.М-д бэлнээр хүлээлгэн өгсөн баримтаа хавсаргаад зээлийн хурлаар орох байсан. Үүнээс улбаалаад үл хөдлөх хөрөнгө худалдаж авах урьдчилгаа төлбөрийг Д.М-д хүлээлгэн өгсөн хөрөнгийн эх үүсвэрээ нотлох шаардлагатай болоод түүний дүү Д.М-тай зээлийн гэрээ байгуулсан мэтээр дүр үзүүлэн гэрээ хийсэн.

Иймд би Д.М-аас зээлийн гэрээний дагуу 75,000,000 төгрөгийг бодитоор хүлээж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан тэмдэгтийн хураамжид 2023.11.02-ны өдөр 870,000 төгрөг тушаасан баримт /хх-ийн 2 х/,

-2022.10.24-ний өдөр Г.Г-т олгосон итгэмжлэл /хх-ийн 3 х/,

-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 4 х/,

-2018.10.25-ны өдрийн Зээлийн гэрээ /хх-ийн 5-6 х/,

-Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.06-ны өдрийн 183/ШШ2023/00728 дугаар шийдвэр /хх-ийн 7-8 х/,

-Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.10-ны өдрийн 102/ШЗ2023/03322 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж /хх-ийн 9 х/,

-Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.06-ны өдрийн 102/ШЗ2022/00750 дугаартай “Нэхэмжлэлийг буцаах тухай” шүүгчийн захирамж /хх-ийн 10 х/,

-Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.17-ны өдрийн 102/ШЗ2021/16936 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамж /хх-ийн 11 х/,

-Баянгол дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн 2023.05.18-ны өдрийн 28ё1-3/2530 тоот албан бичиг /хх-ийн 12 х/,

-Худалдаа хөгжлийн банкны 2024.03.12-ны өдрийн 7-820/174 тоот Дансны үлдэгдлийн баталгааны тодорхойлолт /хх-ийн 40 х/,

-Худалдаа хөгжлийн банкны 2024.03.12-ны өдрийн 7-820/175 тоот Дансны үлдэгдлийн баталгааны тодорхойлолт /хх-ийн 41 х/,

-Худалдаа хөгжлийн банкны 2024.03.12-ны өдрийн 7-820/176 тоот Дансны үлдэгдлийн баталгааны тодорхойлолт /хх-ийн 42 х/,

-2024.03.11-ний өдрийн Мал тооллогын лавлагаа /хх-ийн 43 х/,

-2018.06.07-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 44-45 х/,

-Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 46-54 х/,

-Хас банкны Дансны хуулга /хх-ийн 55 х/,

-2018.06.07-ны өдрийн Түрээсийн гэрээний сунгалт /хх-ийн 74 х/,

-2018.07.04-ний өдрийн Түрээсийн гэрээний сунгалт /хх-ийн 75 х/,

-2018.10.29-ний өдрийн Мөнгө хүлээлцсэн акт /хх-ийн 76 х/ зэрэг баримтуудыг,

 

4.Хариуцагч Б.Д тайлбар, татгалзалтайгаа холбогдуулан шүүхэд гаргасан хариу тайлбар /хх-ийн 21 х/,

-2024.03.19-ний өдөр С.Э-тай байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 66 х/ зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүхээс Б.Д-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 142,406,250 төгрөг гаргуулах тухай Д.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Б.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 142,406,250 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.1.Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Б.Д-д 2018.10.25-ны өдөр 75,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 1,7 хувийн хүүтэй, үүргээ гүйцэтгээгүй хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийг төлөөгүй учраас үндсэн зээл 75,000,000 төгрөг, хүү 6,375,000 төгрөг, алдангийг 150 хоногоор тооцож, 61,031,250 төгрөг буюу нийт 142,406,250 төгрөгийг гаргуулна гэж,

2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байна.

 

3.Хариуцагч Б.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

3.1. “...Зээлийн гэрээг бичгээр байгуулсан хэдий ч бодитоор надад 75,000,000 төгрөгийг өгөөгүй учраас төлөхгүй...” гэж,

3.2.Хариуцагчийн өмгөөлөгч зээлийн гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тус тус маргасан.

 

4.Талууд 2018.10.25-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ний дагуу 75,000,000 төгрөгийг хүлээлгэж өгсөн эсэх, хүлээн авсан эсэх, хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх талаар маргаж байх бөгөөд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

а. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

б. Нэхэмжлэгч Д.М нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцагч Б.Д-д 2018.10.25-ны өдөр 75,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн байх ба зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэл бүхий байна. /хх-ийн 5-6 х, 6 хуудасны ар тал/

 

в. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасан бөгөөд зээлдэгч нь гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд эд хөрөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй, нөгөө талаар гэрээний зүйл зээлдэгчид шилжсэн үеэс эхлэн тухайн эд хөрөнгийг эзэмших, захиран зарцуулах эрх зээлдэгчид үүсдэг.

 

г. Тодруулбал зээлдэгч, зээлдүүлэгчид мөнгийг шилжүүлснээр өмчлөх эрхийг ч мөн шилжүүлж байх тул өөрийн өмчлөлд авсан эд хөрөнгө, мөнгийг зээлдэгч эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй болдог бөгөөд хариуцагч нь 2018.10.29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт 75,000,000 төгрөгийг худалдагч Б.М-д бэлнээр хүлээлгэн өгсөн болох нь “Мөнгө хүлээлцсэн акт” /хх-ийн 76 х/-аар тогтоогдож байх тул түүний “...зээлийн гэрээг бичгээр байгуулсан хэдий ч бодитоор надад 75,000,000 төгрөгийг өгөөгүй учраас төлөхгүй...” гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.

 

д. Хэдийгээр гэрч Ч.С нь шүүх хуралдаан дээр “...Мөнгө аваагүй мөртлөө түр мөнгө өгсөн, авсан гэдэг гэрээ хийчихсэн...” гэж мэдүүлсэн боловч энэхүү мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй тохиолдолд нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн дээрх зээлийн гэрээ болон мөнгө хүлээлцсэн актыг няцаах баримт болж чадахгүй.

 

5.Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д “Зээлийн хэмжээ 75,000,000 төгрөг”, 2.2-т “зээлийн хугацаа 2018.10.25-ны өдрөөс 2019.03.25-ны өдөр хүртэл 5 сарын хугацаатай олгов”, 2.4-т “Зээлийн хүү сарын 1,7 хувийн хүүтэй”, 2.8-д “Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно” гэж тохиролцжээ.

 

а. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, мөн хуулийн 232.4-т “анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан.

 

б. Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа 2019.03.25-ны дуусахад үндсэн зээл 75,000,000 төгрөг, хүү 6,375,000 төгрөг /75,000,000 х 1,7 хувь хүү = 1 сарын хүү 1,275,000 төгрөг х 5 сар/-ийг буюу нийт 81,375,000 төгрөг төлөх үүрэгтэй байжээ.

 

в. Мөн талууд зээлийн гэрээг бичгээр хийж алданги тооцохоор тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний дагуу алданги тооцож нэхэмжилж байгааг буруутгах үндэслэлгүй учраас алдангид 40,687,500 төгрөг /81,375,000 : 50 хувь = 40,687,500/, нийт 122,062,500 төгрөг /81,375,000 + 40,687,500/-ийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

6.Гэвч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил”,

78 дугаар зүйлийн 78.1.3-т “Хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнөх зургаан сарын дотор гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас эрх бүхий этгээд шүүхэд хандах боломжгүй байсан, эсхүл шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон бол энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно”,

78.3-т “хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох нөхцөл байдал арилсан үеэс эхлэн хугацааг үргэлжлүүлэн тоолно. Хэрэв үлдсэн хугацаа гурван сараас бага бол гурван сар хүртэл, хөөн хэлэлцэх хугацаа нь зургаан сараас бага бол үлдсэн хөөн хэлэлцэх хугацаагаар тус тус сунгана”,

79 дүгээр зүйлийн 79.6-д “Эрх бүхий этгээд зургаан сарын дотор шинэ нэхэмжлэл гаргавал анхны шаардлага гаргасан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тасалдсанд тооцно. Энэ хугацаанд энэ хуулийн 78.1.3, 78.4-т заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж тус тус заасан.

 

а. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж тайлбарласан бөгөөд шүүх энэхүү тайлбарыг хүлээн авах боломжгүй.

 

б. Учир нь нэхэмжлэгч дээрх зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг зээлийн гэрээний хугацаа дууссан 2019.03.25-ны өдрөөс хойш 3 жилийн дотор буюу 2021.09 сард шүүхэд хандсан, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2022.01.06-ны өдрийн 102/ШЗ2022/00750 дугаартай “Нэхэмжлэлийг буцаах тухай” шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн гэж тайлбарласан.

 

в. Үүнээс үзэхэд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-т “Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь  бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.06-ны өдрийн 102/ШЗ2022/00750 дугаартай “Нэхэмжлэлийг буцаах тухай” шүүгчийн захирамж гарснаас хойш 6 сарын дотор буюу 2022.06.06-н гэхэд нэхэмжлэлээ дахин гаргахаар байжээ.

 

г. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх шүүгчийн захирамж гарснаас хойш 376 хоног /1 жил 11 хоног/-ийн дараа буюу 2023.01.18-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэлийг буцааснаас хойш 6 сарын дотор дахин нэхэмжлэлээ гаргаагүй байгаа нь хөөн хэлэлцэх хугацааны тасалдал үүссэн гэж үзэх боломжгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэл бүхий байна.

 

д. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааны тасалдал үргэлжилж байгаа, хариуцагч нь 75,000,000 төгрөгийг бэлнээр хүлээж аваагүй гэх тайлбараа тус тус баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

е. Иймд нэхэмжлэгч Д.М-ын хариуцагч Б.Д-д холбогдуулан гаргасан 142,406,250 төгрөг гаргуулах шаардлагыг зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.

 

7. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2023.11.02-ны өдөр төлсөн 870,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Д-гээс 142,406,250 төгрөг гаргуулах тухай Д.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдварлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн 2023.11.02-ны өдөр төлсөн 870,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                            Х.ДАШДЭЧМАА