Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 201/МА2019/00022

 

 Б.Б-гийн нэхэмжлэлтэй,

Р.О, О.О нарт холбогдох хэргийн талаар

 

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 26-ны өдрийн 138/ШШ2019/00486 дугаар шийдвэртэй Б.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Р.О, О.О нарт холбогдох бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэг 5 991 720 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Б-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 08 сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Р.Оын эзэмшил болох 2 давхарын байрнаас их хэмжээний ус алдаж, миний эзэмшлийн 8 дугаар баг 57-3 тоотод их хэмжээний хохирол учруулсан. Тухайн үед манай хоёр айл эзэнгүй байсан би нийтийн аж ахуйг дуудаж бүрэлдэхүүнтэй ирж үйлчилгээ үзүүлсэн. Р.О бол холбоогүй газарт хөдөө ажилладаг хүн учраас холбогдохгүй байсан. Тэгээд охин О.О руу Фэйсбүүкээр нь видео дуудлага хийж дуудаж авчирсан. О.Ог ирэхэд 2 давхар тэр чигээрээ усанд автсан байсан. О.Од байр байдлаа хэлсэн, өөрөө ч харсан. Нөхөр нь яанаа гээд л явж байсан. Тэгсэн О.Огийн нөхөр “Эгчээ бид байраа 150 000 000 төгрөгийн даатгалд даатгуулсан юм. 72 цагийн дотор баримтаа бүрдүүлэхгүй бол мөнгө олдохгүй” гэж хэлсэн. Тэгээд хүн авчираад зураг аваад гарын үсэг зуруулаад байсан. Тэгсэн даатгалын газраас хүн авчраагүй, үнэлгээний газраас Саранзаяа гэдэг хүнийг авчирсан болохыг би сүүлд мэдсэн. Тэгээд 2,3 хоногийн дараа надтай Батзаяа холбогдоод таны иргэний үнэмлэхний хуулбар, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар хэрэгтэй байна, 72 цаг нь болох гээд байна гэсэн. Тэгээд би ажлаасаа чөлөө аваад банкнаас гэрчилгээ, ордероо гуйж авч канондаад өгөөд явуулсан. Тэгээд энэ хоёр алга болсон. Тэгээд би Хэрлэн номин дээр сар гарангийн дараа очиж уулзсан. Тэгсэн та хэдэн төгрөг авах гээд байна гэсэн. Паркетан шалны булан, хүрээ нийлээд 100 айлын Одкон гэх газраас хоёр сая гаран төгрөгөөр авсан. Манайх 47 м2 байранд супер засвар хийсэн гэж хэлсэн. Тэгсэн О.Огийн нөхөр уурлаад тийм юм байхгүй, 281 000 төгрөгийн хохирол гарсан гэсэн. Тэгээд юун хохирол гээд асуусан чинь Вендо үнэлгээний компаниас үнэлгээ хийлгээд 281 000 төгрөг гарсан гэсэн. Тэгээд би явдаг газраар нь явна гээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх дээр Вендо үнэлгээний газрын үнэлгээг нь харсан. Гэтэл намайг гарын үсэг зурсан мэтээр Б.Б гээд бичсэн байсан. Би үнэлгээ хийлгээгүй, би нэг ч гарын үсэг зураагүй. Ингээд шүүхэд гарын үсгийн шинжилгээ хийлгэхэд миний гарын үсэг мөн гэж гарсан. Энэ бол худлаа. Вендо үнэлгээний компанийн Саранзаяаг гэрчээр асуулгахад намайг гарын үсэг зураагүй, Батзаяа зурсан гэдгийг гэрчилсэн. Гэтэл О.Огийн нөхөр Батзаяа мэдүүлэг өгөхдөө гарын үсэг зураагүй гэж өгсөн. Би худлаа мэдүүлэг өгсөн талаар нь Батзаяаг шалгуулж, хариуцлага хүлээлгэнэ гэж бодож байгаа. Р.Оын хувьд нэг ч удаа яаж байна гээд ирж уулзаагүй. Гэтэл өнөөдөр манай жижиг өрөө, коридор хоёр харанхуй байгаа. Би Ашидбилгүүн гээд үнэлгээний газраар үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээний дүн бас учир дутагдалтай гарсан учраас үнэлгээг нь хүлээн зөвшөөрөхгүй гээд гарын үсэг зураагүй байгаа. Гэхдээ цахилгаангүй гэдгийг нь нотлох хэрэгтэй байсан тул шүүх рүү явуулчих гэсэн. Одоо паркетан шал маань бүгд дээшээ овойгоод гараад ирсэн. Би ноднин 7 дугаар сарын 01-нд банкнаас 30 000 000 төгрөгийн цалингийн зээл аваад 10 хэдэн сая төгрөгөөр нь байрандаа супер засвар хийсэн. Гэрэл гэхэд 3 янзаар асдаг байсан. Гэтэл одоо хав харанхуй болчихсон. Гэрлийн монтаж гэхэд тэр үедээ зүгээр байж байгаад яваандаа нэг нэгээрээ маслаад жижиг өрөө болон коридор бүрэн гэрэлгүй болсон. Гэтэл би гэрлийн мөнгөнд бүтэн хэрэглээний мөнгө төлөөд явж байна. Сар болгон гэрэл хагас хэрэглэж байгаа хэрнээ бүтэн төлөөд явж байна. Энэ айлаас болж байгаа. Би 10 жил нөхрөөсөө салаад өчнөөн жил болоод засвар хийж байхад энэ айл ус алдуулж, хийсэн засварыг маань юу ч үгүй болгосон. Тэгсэн мөртлөө ганц ч удаа яаж байна гэж ирээгүй. Тэгээд худлаа яриад яваад байсан. Би зөндөө хугацаа өгсөн. Ус алдсанаас хойш 3, 4 сар хүлээсэн. Шууд ус алдахад би шүүхэд нэхэмжлэл өгөөгүй. Би ингэх болов уу гээд одоо ч гэсэн засвар хийгээгүй байна. Паркетан шалны үнэ 2 809 200 төгрөг, 2 өрөөний обой 494 000 төгрөг, унтраалга, гэрлийн монтажинд 154 000 төгрөг. Тэгээд би материалаа Улаанбаатар хотоос 100 айлаас авчирсан. Тэрний бензиний зардалд 460 000 төгрөг, гэрлийн бүрхүүл /абжур/ 135 000 төгрөг, мөн бусад зардал гээд нийт 5 991 720 төгрөг нэхэмжилсэн байгаа. Үнэлгээний газрууд зөвхөн ус алдсан хэсгийн хохирлыг хэсэгчилж гаргадаг, бүхлээр нь тооцож гаргадаггүй юм байна. Жишээ нь ханын обой гэхэд яг тийм ижил обой олдохгүй учраас хоёр өрөөний обойг бүхэлд нь солих шаардлагатай. Паркетан шал гэхэд хөндийрсөн хэсгийн яг ижил паркет нь олдохгүй учраас тэр хэсгийг нь солих боломжгүй тул том өрөө, жижиг өрөө, коридорыг бүхэлд нь солих шаардлагатай. Гэрлийн утас гэхэд л хичнээн метр орно, мөн нүдэн гэрлүүд үнэтэй байдаг. Манайхыг засчихсан байна гэх байх гээд би одоо болтол гэрлээ засуулаагүй, харанхуй байгаа. Мөн засвар хийгээгүй байгаа учраас засварын тооцоог супер засвар хийхдээ авсан материалын тооцоогоор бодож гаргасан. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хэрлэн сумын 7 дугаар баг, 51-14 тоотод нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Намайг ямар учраас хариуцагчаар татсаныг ойлгохгүй байгаа. Хэрлэн сумын 8 дугаар баг, 57-05 тоотод манай аав Р.О амьдардаг. Би аавынхаараа орж гараад явдаг болохоос амьдардаггүй. Миний эзэмшил өмчлөлд энэ байр байдаггүй. Би ааваасаа тусдаа амьдардаг. Харин 2018 оны 9 сарын 15-ны өдөр аавын байранд дулаан өгөх үеэр паарны хий авдаг хэсгээрээ буудаж ус их хэмжээгээр алдсаныг мэдсэн. Тэр өдөр 13 цагийн үед Б.Б эгчээс Фэйсбүүкээр дуудлага ирсэн. Би дуудлага аваад очиход шатаар дамжаад орцоор нэг ус алдаж байсан. Ус алдаж байсан учир би шууд аавынх руу орж усыг нь шавхсан. Надад түлхүүр нь байдаг. Ганц Б.Б эгчийнх ч биш өөр 2 айл руу ус алдсан байсан. Тэгээд доод айл болон хажуу айлд нь хүн байхгүй байсан. Голын айл бол нэг хэсэг байхгүй байсан. Нөгөө айл нь орой 5 цагийн үед ирсэн. Би аавын гэрийн усыг шавхаж дуусаад ус алдсан айлууд руу орж хохирлын хэмжээг харсан. Хохирлыг барагдуулна гэдгийг айлуудад хэлсэн. Тэгээд нөгөө хоёр айлтай тохиролцож ханын обой, таазны хэсэг, норсон паркетан шалыг нь хэсэгчилж засаж өгөхөөр болсон. Б.Б эгчтэй уулзсан боловч үнэ дээрээ тохиролцож чадаагүй, байрандаа бүрэн засвар хийх хэмжээний мөнгө нэхсэн. Нөхөр бид хоёр зөвшөөрөөгүй, аав ч зөвшөөрөөгүй. Нөхөр бид хоёр хотруу явж засварын материал авчирч нөгөө хоёр айлд өгөөд хохирлыг барагдуулсан. Ганц Б.Б эгчтэй л тохирч чадаагүй. Дараа нь хэсэг хугацааны дараа Номин дээр тааралдаад 1 700 000 төгрөг өгч болно гэхэд нь нөхөр бид хоёр бас зөвшөөрөөгүй. Ингээд тохиролцож чадаагүй тул өдийг хүртэл хохирлыг барагдуулж чадаагүй явсан. Аав их ажилтай байдаг учраас тэр болгон айлуудтай, Б.Б эгчтэй уулзаад байж чаддаггүй. Нөхөр бид хоёрыг уулзаад хохирлыг нь барагдуулаарай гэсэн учраас бид хоёр асуудлыг хөөцөлдөж явсан. Иймд миний хувьд хохирлыг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байгаа гэжээ.

 

Хариуцагч Р.О шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байрнаас доод айл болох Б.Б гийнд ус алдсан нь үнэн боловч нэхэмжлэлд дурдсан хэмжээний хохирол учраагүй. Нэхэмжлэгч нь тухайн орон сууцандаа бүрэн засвар хийх хэмжээний хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ус алдах явцад байрны тодорхой хэсэг гэмтэж, засварлах шаардлагатай болсон болохоос байр бүхэлдээ засвар хийх хэмжээнд хохироогүй, одоо ч хэвийн амьдарч байгаа. Тухайн үед манай хүүхдүүд бодитоор учирсан хохирлыг төлье гэж санаачилга гаргаж байгаа байдалтай нь танилцсан. Мөн хохирлын үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий Вендо ХХК нь тухайн байранд ус алдсанаас учирсан хохирлын зах зээлийн дүнг гаргасан байсан ба уг үнэлгээгээр нийт хохирол нь 281 500 төгрөгөөр үнэлэгдсэн тул уг мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө, өөр хохирлыг нэмж төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Р.О ын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд хариуцагч Р.О ын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч О.О.гийн өмгөөлөгчийн хувьд төлөөлөгчийн хувиар болон өмгөөлөгчийн хувиар хамтатган нэг тайлбар гаргаж байна. Хариуцагч Р.Оын хувьд ажлын шалтгаанаас болж Дорнод аймагт байдаггүй, хөдөө ажилладаг хүн. Шүүх дээр ирж хэргийн материалтай танилцаад надад итгэмжлэл үлдээгээд явсан байгаа. Итгэмжлэл авсан цагаас эхлээд хэрэгт цугларсан бичгийн материалуудтай танилцсан. Нэхэмжлэгч нь 5 991 720 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байна. Гэвч нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ус алдсан үйл баримт байгаа дээр дөрөөлөөд урьд засвар хийсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө гаргуулах гээд байгаа юм шиг нэхэмжлэл гаргасан байдаг. Монгол улсын Иргэний хуульд зааснаар бол учирсан бодит хохирлыг өмнөх байдалд нь сэргээх буюу мөнгөөр нөхөн төлнө гэсэн зохицуулалт байгаа. Нэхэмжлэгч сая тайлбартаа ус алдсанаас хойш засвар хийгээгүй гэж хэлж байна. Тэгэхээр ямар нэгэн байдлаар засвар хийгээгүй байгаа юм байна. Шүүхэд гаргаж өгсөн баримт он удаан жил засвар хийгээгүй байж байгаад бүрэн супер засвар хийхдээ зарцуулсан баримтаа хавсаргаж хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Энэ нь бодитоор учирсан хохирлын баримт болохгүй юм гэж үзэж байна. Харин хохирлыг хэрхэн тогтоох вэ гэхээр хохирлын үнэлгээ хийх эрх бүхий хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар хохирлын үнэлгээг тогтоодог. Тухайн үед нөгөө хоёр айлд бас хохирол учирсан байсан болохоор Р.О ын хүүхдүүд болох О.О, Батзаяа нар нь айлуудын гоожсон хэсгийг нь засварлаж хуучин хэвэнд нь оруулж өгсөн. Харин Б.Бгийн хувьд яг юу нь яаж гэмтсэн юм бэ, тухайн үед нийтийн аж ахуйгаас байцаагч очоод гэрэл цахилгаан, монтаж, шугамын асуудал нь асуудалтай байсан бол нийтийн аж ахуйгаас тухай бүр акт тогтоож үүнийг шинэчлэх, засварлах ажил зохицуулагдах ёстой байсан. Яг ямар хохирол хэрхэн учирсан нь тодорхойгүй. Ингээд засаад засварлаад өгье, юу засварлах вэ гэхээр урьд нь супер засвар хийснээ яриад баахан мөнгөн дүн нэхэмжилдэг. Ингээд маргаантай байсан учир хөндлөнгийн байгууллагаар дүгнэлт гаргуулъя гээд Вендо компаниар үнэлгээ гаргуулсан байдаг. Энэхүү хохирлын үнэлгээг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй гээд байна. Хохирол нэхэмжилж байгаа бол нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлж, нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх ёстой. 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ус алдсан гэх энэ цаг хугацаанаас хойш бараа материал татсан, ажил үйлчилгээ хийсэн зарлагын баримт хэрэгт авагдаагүй байна. Харин хоёр удаа үнэлгээ гаргасан байна. Энэ хоёр үнэлгээг нэхэмжлэгч бас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Юуг үндэслэж 5 991 720 төгрөг нэхэмжилж байгаагаа нотлож чадахгүй байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Харин хохирлын үнэлгээний байгууллагуудын гаргаж өгсөн баримтад тулгуурлаж энэ хэмжээнд нь шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Харин хариуцагч О.О гийн хувьд ааваасаа тусдаа өрх тусгаарлан амьдардаг, ус алдсан гэх байранд амьдардаггүй, уг байрыг өмчилдөггүй тул уг хохирлыг хариуцах хариуцагч биш гэж үзэж байна гэжээ.

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 26-ны өдрийн 138/ШШ2019/00486 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар хариуцагч Р.О аас бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 631 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 360 220 төгрөгийг болон хариуцагч Б.Од холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 500 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 19 595 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т заасан үндэслэлээр тус шүүхийн 2018 оны 12 сарын 19-ний өдрийн №2843 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Б.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас 55 317 төгрөгийг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, ... шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б давж заалдах гомдолдоо: “... шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн дээрх шийдвэрээр Р.О, О.О нараас 5 991 720 төгрөг гаргуулах тухайн миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  631 500 төгрөгийг хохирол гэж үзэж шийдвэрлэснийг миний бие эс зөвшөөрч байна. Учир нь би шүүх хуралдаан эхлэхээс өмнө ИХШХШТХ-ийн 91.1.3-т зааснаар шүүгчээс татгалзан уг хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан боловч шүүх өөрийн эрх мэдлийн хүрээнд шүүх хурлыг үргэлжлүүлсэн. Мөн Р.Оын төлөөлөгч В.Днь “нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох баримтаар тодорхойлж, нотлох баримтыг гаргаж өгөөгүй, ус алдсанаас хойш бараа материал татаж, ажил үйлчилгээ хийсэн зарлагын баримт хэрэгт авагдаагүй” гэж тайлбар гаргасан.  Миний зүгээс нотлох баримтыг хангалттай гаргаж өгсөн гэж үзэж байна. Вендо үнэлгээний тайлан дахь захиалагчийн гарын үсэг нь минийх биш тул хүсэлт гаргаж шинжээч томилуулж дүгнэлт гаргуулсан боловч шинжээчийн ур чадвар учир дутагдалтайн улмаас буюу хариуцагч нар нөлөөлсөн байж болзошгүйгээр “Б.Б” гэх гарын үсэг нь нэг хүний гарын үсэг мөн гэж буруу дүгнэлт хийн шүүхэд ирүүлсэн боловч шүүх уг үнэлгээг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл “Ашид билгүүн” хөрөнгө үнэлгээний газрын тайлан нь 2 хувь хийсэн байх ба зөвхөн тамга дарж гарын үсэг зурсан эх хувь нь хүчинтэй гэж үнэлгээний тайланд тусгасан байх боловч захиалагчийн гарын үсгээр баталгаажаагүй байна. Уг үнэлгээ нь бодит хохиролтой нийцэхгүй байсан тул би зөвшөөрөөгүй. Мөн коридорын тааз, жижиг өрөөний тааз шарласан гэж тайланд тусгасан боловч тус таазны бүх хохирлын хэмжээг /гипсэн тааз, таазны хүрээ, замаск, цавуу, дотор боолт, рамм/ оруулан тооцоогүй байна. Мөн гэрлийн бүрхүүлийн нэг бүрийн үнийг зарлагын баримтанд хавсаргасан боловч уг хохирлын баримт байхгүй гэх үндэслэлээр тооцоогүй, гэрлийн монтажны утасны метр хэмжээ, үнийн дүнг бага хэмжээгээр авч тооцсон зэрэг буруу шийдвэр их байгаа тул гомдол гаргаж байна. Миний бие уг байрандаа бүрэн засвар хийгээд удаагүй байхад ус алдаж хор хохирол учруулсан. Нийт нэхэмжилсэн 5 991 720 төгрөг нь бүрэн засвар хийсэн нийт мөнгөн дүн биш уг хохирол учирснаас үүдсэн мөнгөн хохирол юм. Иймд дээрх шүүхийн шийдвэрийг дахин хянаж нэхэмжлэлийг бодит, үнэн зөвөөр хангаж өгнө үү гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Р.О, О.О нарт холбогдуулан гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 5 991 720 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Р.О эс зөвшөөрсөн, хариуцагч О.О“би хариуцагч биш” гэж тус тус маргажээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хариуцагч Р.Оын өмчлөлийн Хэрлэн сумын 8 дугаар баг, 57 дугаар байрны 05 тоот байрны гал тогооны өрөөний паарнаас 2018 оны 09 сарын 15-ны өдөр ус алдсанаас доод айл болох 57 дугаар байрны 03 тоот Б.Бгийн байрны унтлагын өрөө, үүдний өрөөний хана, тааз,таазны хүрээ норж шарласан, ханын цаас норж хууларсан, том өрөө, унтлагын өрөөнүүдийн үүдний хэсгийн паркетан шал, мөн үүдний өрөөний паркетан шал тус тус овойж хөөсөн, унтлагын өрөө, үүдний өрөөний гэрэл асахгүй болсон зэрэг тодорхой хэмжээний гэм хорын хохирол учруулжээ. Энэ талаар талууд маргаагүй байна.  /хх-ийн 51, 54 дэх талууд/

Зохигчдын хооронд үүссэн маргааны зүйл нь учирсан гэм хорын хохирлын  үнэлгээний /үнийн/  асуудал юм.

Анхан шатны шүүх хариуцагч талын хүсэлтээр хийгдсэн Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2018 оны 10 сарын 15-ний өдрийн №Р18-40 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан болон түүнтэй холбоотой нотлох баримтанд /шинжээчийн дүгнэлт, гэрч Г.Саранзаяагийн мэдүүлэг зэрэг/ дүгнэлт хийж, уг үнэлгээний тайланг “үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй” гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй нь үндэслэлтэй болсон байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгч талын хүсэлтээр хийгдсэн Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайланг үндэслэн нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохиролд 631 500  төгрөг  гаргуулан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч О.О нь энэ хэргийн хариуцагч болж чадахгүй байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болсон байна. /хх-ийн 54 дэх тал/

Нэхэмжлэгч Б.Б нь давж заалдах гомдолдоо “ шүүгчээс татгалзан, уг хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан боловч шүүх өөрийн эрх мэдлийн хүрээнд шүүх хурлыг үргэлжлүүлсэн...” гэжээ. Хэрэгт авагдсан баримт болох шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албанаас гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй,  бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан байна. /хх-ийн 124-125 дахь талууд/

Харин шүүгчээс татгалзсан тухай баримт хэрэгт байхгүй, энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглэгдээгүй байх тул шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй байна.

Иймд нэхэмжлэгч Б.Бгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Бгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 26-ны өдрийн 138/ШШ2019/00486 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.НАРАНБАЯР

                                                                                 Ж.ДОЛГОРМАА

                                                                                 З.ЭНХЦЭЦЭГ