Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2024/00095

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 03 өдөр

             Дугаар 183/ШШ2024/00095                  Улаанбаатар хот

                  

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, П******* овогтой Д******* -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Ч******* овогтой Н******* -д холбогдох

 

Б тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, Үйлдвэрлэлийн зориулалттай 675 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр, уг үл хөдлөх эд хөрөнгийн доорхи 945 м.кв талбайтай газрын эзэмшигчээр тус тус тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон газар эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж, хугацаандаа үүргээ биелүүлээгүйн алданги 500,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, 65,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмждэгдсэн төлөөлөгч Л.Э*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Н*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Н*******

Гуравдагч этгээд Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л******* /онлайн/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Д******* нь Ч.Н*******д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. ...Б тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, Үйлдвэрлэлийн зориулалттай 675 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр, уг үл хөдлөх эд хөрөнгийн доорхи 945 м.кв талбайтай газрын эзэмшигчээр тус тус тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон газар эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү хэмээн өөрчлөн тодруулж байна. Мөн нэхэмжлэгч талын зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Нэхэмжлэгч П.Д******* миний бие хариуцагч Ч.Н*******тэй 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр худалдан авагч болох би Улаанбаатар хот,  тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, Үйлдвэрлэлийн зориулалттай 675 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө болон уг үл хөдлөх эд хөрөнгийн доорхи 945 м.кв талбайтай эзэмшлийн газрыг 1,000,000,000 төгрөгөөр худалдан авах, худалдагч тал болох Ч.Н******* нь гэрээний 3.4-т заасан гэрээний зүйлийг 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор худалдан авагчийн нэр дээр шилжүүлэх үүрэг, 3.7-д заасан Үл хөдлөх хөрөнгийн цэвэр бохирын шугамыг төвийн шугам сүлжээнд холбох ажлыг худалдагч тал өөрийн зардлаар хариуцан 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэхэд хийж гүйцэтгэж дуусгах үүрэг, 3.10-д заасан Худалдагч тал нь өөрийн зардлаар үл хөдлөх хөрөнгийн зориулалтыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хандан үйлчилгээний зориулалттай болгох өөрчлөлтийг оруулж өгөх үүрэг, 3.11-т заасан Худалдагч тал нь гэрээ хүчин төгөлдөр болсоноос хойш худалдсан үл хөдлөх эд хөрөнгийн орох гарах гарцыг чөлөөлж, 20-иос доошгүй автомашины зогсоолтой болгож өгөх үүргүүдийг тус тус хүлээсэн боловч энэ үүргүүдийн алийг ч биелүүлэлгүйгээр нэхэмжлэл гаргах өдрийг хүрсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.4-т Худалдагч тал нь гэрээнд заасан эрх, үүргийг заасан хугацаанд биелүүлээгүй болон үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг гэрээний хугацаанд шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж заасан байдаг. Дээр дурдсан гэрээний үүргүүд үүссэн өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцвол 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 632 хоног, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 724 хоног өнгөрсөн байна. Гэрээний нийт үнийн дүн нь 1,000,000,000 төгрөг бөгөөд өдрийн 0.5 хувь буюу 5,000,000 төгрөгөөр тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасанг баримтлан хариуцагчаас үүргээ хугацаандаа биелүүлээгүйн алданги болох 500,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлж байна... гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа: ...Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд зааснаар худалдан авагч тал тухайн хөрөнгийн үнийг 100 хувь бүрэн төлж барагдуулсны дараа өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авахаар тохиролцсон байсан. Худалдах, худалдан авах гэрээнд зааснаар болон гэрээний хавсралт төлбөр тооцоо хүлээлцсэн актад гэрээний төлбөрийг 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүх төлбөр тооцоог дуусгахаар өөрийн гараар бичиж гарын үсэг зурсан. Ийнхүү дуусгасан тохиолдолд нэхэмжлэлд дурдагдаад байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг үүсэхээр байсан. Ийм байтал төлбөр тооцоог бүрэн төлж дуусгасан мэтээр нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Худалдах, худалдан авах гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй гэх шаардлагуудад тус барилга нь хэвийн ашиглалтын шаардлага хангасан төвийн эрчим хүч, цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдсон хөрөнгө бөгөөд нэхэмжлэгч тал 2020 оны 8 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд эзэмшиж ашиглаж байгаа бөгөөд төлбөрийг 2022 оны 7 сард төлж барагдуулсан. Иймээс 675 м.кв үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын хүрээнд маргахгүй.Дагалдах газар гэдэг нь үл хөдлөх хөрөнгийг суурь болох 675 м.кв талбайн хэмжээгээр газрын хэмжээг тохиролцсон. Нэхэмжлэгчтэй 945 м.кв талбайтай газрыг эзэмшүүлэхээр тохиролцоогүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх, 675 м.кв газрын эзэмшигчээр тогтоолгоход шаардагдах бичиг баримтыг гаргаж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагын зөвшөөрнө маргахгүй. Харин гэрээний дагуу төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлөөгүй тул алданги 500,000,000 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ... гэжээ.

 

Гуравдагч этгээд болох Нийслэлийн газар зохион байгуулалтын алба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Маргаан бүхий 945 м.кв газар дээр ямар нэгэн давхцал байхгүй, орж гарц хаагаагүй. Зохигчид холбогдох материалаа бүрдүүлээд газрын албанд хүсэлтээ гаргаад газар эзэмших эрхээ шилжүүлж авах боломжтой... гэжээ.

 

Хариуцагч Ч.Н******* нь П.Д*******д холбогдуулан 65,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. ... Миний бие маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон уг үл хөдлөх эд хөрөнгийн доорхи 675м.кв талбайтай газрын хамт П.Д*******д 1 тэрбум төгрөгөөр худалдахаар тохирч, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан үед үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэхээр гэрээ байгуулсан. Гэтэл П.Д******* нь худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн үнэ болон төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байж үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гаргаж, үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг бүрэн барагдуулах гэрээнийхээ заалтыг зөрчин шүүхэд хандаж шүүхийн шатанд төлбөрийг бүрэн төлж барагдуулсан юм. Гэвч тухайн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд төлбөрийг дараах хуваарийн дагуу төлөхөөр тус гэрээний 2 дахь хэсгийн 2.3-2.4.2 дахь заалтад гусгасан байдаг.

-2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 150,000,000 төгрөгийг,

-2020 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөгийг,

-2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөгийг,

-2020 оны 9 дүгээ сарын 29-ний өдөр 200,000,000 төгрөгийг,

-2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 85,000,000 төгрөгийг,

-2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор 200,000,000 төгрөгийг,

-2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор 200,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр тусгасан. Иймд П.Д******* нь тус гэрээний 2 дахь хэсгийн 2.4.1 дэх заалтад 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний дотор 200,000,000 төгрөгийг төлөх ёстой байтал уг заалтыг зөрчиж 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 200,000,000 төгрөгийг 65 хоногийн хугацаа хэтрүүлж төлсөн байх бөгөөд өөрөө бас энэ талаараа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрсөн байдаг билээ. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 6-р зүйлийн 6.3 дахь заалтад гэрээний 2 дугаар зүйлд заасан хугацаанд худалдан авагч тал төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлнө гэж заасны дагуу П.Д*******өөс 65 хоногийн алданги болох 65,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгч П.Д******* нь сөрөг шаардлагын тайлбартаа: ... Нэхэмжлэгч П.Д******* нь гэрээнд заасан уг хугацаанд төлбөрийг төлөөгүй үүргийн гүйцэтгэлийн хугацааг хэтрүүлсэн нь үнэн боловч уг асуудал нь үүрэг гүйцэтгүүлэгч буюу хариуцагч Ч.Н*******гийн буруутай үйлдлээс болсон юм. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.3-т "Худалдагч тал энэхүү гэрээний 1.1-т заасан үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн бөгөөд уг хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдахгүй, барьцаалаагүй болохыг үүгээр батлаж байна." гэж заасан байдаг атлаа бодит байдал дээр уг хөрөнгө нь "Хас банк"-ны барьцаанд байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тодорхой харагдах ба талуудын тайлбараар ч мөн нотлогддог. Худалдагч тал уг хөрөнгийг 2021 оны 6 дугаар сарын 01-ний дотор барьцаанаас чөлөөлнө, ийнхүү чөлөөлсний дараа худалдан авагч талын нэр дээр шилжүүлнэ гэж амлаж, үүнийгээ батлан гэрээний 3.4 дэх заалтыг нэмэлтээр оруулсан байдаг боловч уг амлалтандаа хүрээгүй учир талуудын хооронд анх маргаан үүссэн. Ингээд барьцаанд байсан объектыг худалдаж авахын тулд нэгэнт 600,000,000 төгрөг төлсөн байсан бөгөөд үлдэгдэл 200,000,000 төгрөгийг төлөхдөө амласан ёсоор барьцаанаас чөлөөлөхгүй бол төлөхгүй гэж удаа дараа сануулсан боловч худалдагч тал барьцаанаас чөлөөлж өгөөгүй тул арга буюу харилцан тохиролцож уг 200,000,000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр "Т" ХХК-ийн нэрийн өмнөөс "Хас банк"-ны дансанд байршуулж, үүний үндсэн дээр барьцаа хөрөнгийr суллаж авсан. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй нь үүрэг гүйцэтгэгчийн буруутай үйлдлээс бус үүрэг гүйцэтгүүлэгчийн буруутай, зүй бус үйлдэл болсон учир сөрөr нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ... гэжээ.

Нэхэмжлэгч талаас, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, гэрээний төлбөр тооцоо хүлээлцсэн акт, Ч.Н*******н өмчлөлийн Б тоот хаягт байрлах, 675 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай сендвичэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Х ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 10,14, 9 дүгээр сарын 29, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрүүдийн шилжүүлгийн баримтууд, Б.Х Хаан банк дахь 5212044044 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, П.Б Хаан банк дахь 51250644334 тоот депозит дансны хуулга, Л.Э Хаан банк дахь ********** тоот депозит дансны хуулга, СТТ төвийн 2021 оны 8 дугаар сарын 31, 9 дүгээр сарын 26, 10 дугаар сарын 04, 11, 13, 15, 20, 11 дүгээр сарын 15, 12 дугаар сарын 13-ны өдрүүдийн зарлагын баримтууд, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн орлогын ордер, Хас банк ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн орлогын маягт, төлбөрийн задаргаа, Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 13/1888 дугаартай шугам сүлжээний талаар тодруулга гэх албан бичиг, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Хариуцагч талаас, Б тоот хаягт байрлах, 675 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, мөн хаягт дээрх 7152 м.кв талбайтай, контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрын эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №01107-2020/00377 дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүх зохигчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар, Хас банк ХХК-иас Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2б/648 дугаар Зээлийн барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай албан тоот, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, Б тоот хаягт байрлах, 675 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар, хариуцагчаас эрхийн улсын бүртгэлийн Э-********** дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, нэгж талбарын ********** дугаар бүртгэгдсэн, 7152.0 /0.7152/ м.кв талбайтай, контор, үйлдвэрлэлийн зориулалттай газрын эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 7/1976 дугаартай албан бичиг түүний хавсралт, зэргийг нотлох баримт гаргуулж, хэрэгт хавсаргасан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч Ч.Н*******д холбогдох П.Д*******ий нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг мөн сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч П.Д******* нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд хариуцагч Ч.Н*******д холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний 3.7, 3.10, 3.11-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулах, гэрээний 3.4-т заасан үндсэн үүрэг болох үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар буюу гэрээний 3.4-т заасан үндсэн үүрэг болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, газрын эзэмшигчээр тогтоолгож, нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэх, үлдсэн шаардлага болох гэрээний 3.7, 3.10, 3.11-т заасан үүргүүдийг биелүүлэхийг хариуцагчид даалгаж, хариуцагч тал үүргээ биелүүлээгүй тохиолдолд өөрийн зардлаар уг үүргийг гүйцэтгэж, учирсан хохирол зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснөө,

 

Дахин 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар буюу Б тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, Үйлдвэрлэлийн зориулалттай 675 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр, уг үл хөдлөх эд хөрөнгийн доорхи 945 м.кв талбайтай газрын эзэмшигчээр тус тус тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон газар эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж, хугацаандаа үүргээ биелүүлээгүйн алданги 500,000,000 төгрөг гаргуулахаар өөрчилж, нэмэгдүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...нэхэмжлэгч П.Д******* нь хариуцагч Ч.Н*******тэй 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, Б тоот хаягт байрлах, 675 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө болон тус үл хөдлөх эд хөрөнгийн доорх 945 м.кв талбайтай эзэмшлийн газрыг 1,000,000,000 төгрөгөөр худалдан авах, худалдагч тал Ч.Н******* нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчийн нэр дээр 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор шилжүүлэх болон бусад үүргийг хүлээсэн. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу нийт 1,000,005,000 төгрөгийг төлж барагдуулан гэрээний үүргээ биелүүлсэн. Харин худалдагч тал гэрээний 3.4-т заасан Гэрээний зүйлийг 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор худалдан авагчийн нэр дээр шилжүүлэх, 3.7-д заасан Үл хөдлөх хөрөнгийн цэвэр бохирын шугамыг төвийн шугам сүлжээнд холбох ажлыг худалдагч тал өөрийн зардлаар хариуцан 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэхэд хийж гүйцэтгэж дуусгах үүргээ биелүүлээгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.4-т Худалдагч тал нь гэрээнд заасан эрх, үүргийг заасан хугацаанд биелүүлээгүй болон үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг гэрээний хугацаанд шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж заасан байдаг. Дээр дурдсан гэрээний үүргүүд үүссэн өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцвол 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 632 хоног, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 724 хоног өнгөрсөн. Гэрээний нийт үнийн дүн нь 1,000,000,000 төгрөг бөгөөд өдрийн 0.5 хувь буюу 5,000,000 төгрөгөөр тооцож алдангийг гаргуулахаар шаардсан. Иймд Б тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, Үйлдвэрлэлийн зориулалттай 675 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр, уг үл хөдлөх эд хөрөнгийн доорхи 945 м.кв талбайтай газрын эзэмшигчээр тус тус тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон газар эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж, хугацаандаа үүргээ биелүүлээгүйн алданги 500,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж тайлбарласан.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. ...Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авагч тал 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор тухайн хөрөнгийн үнийг 100 хувь бүрэн төлж барагдуулсны дараа өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авахаар тохиролцсон. Тус барилга нь хэвийн ашиглалтын шаардлага хангасан төвийн эрчим хүч, цэвэр бохирын шугам холбогдсон ашиглах бүрэн боломжтой гэрээгээ зөрчөөгүй болно. Нэхэмжлэгч тал уг хөрөнгийг 2020 оны 8 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл эзэмшиж ашиглаж байгаа. Хариуцагчийн зүгээс П.Д*******ийг гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлэхийг шаардаж, төлсөн тохиолдолд бид дээрх хөрөнгийг банкны барьцаанаас чөлөөлөхийг удаа дараа сануулж байсан ч төлбөрийг төлж барагдуулахгүй явсаар 2021 оны төгсөлд төлбөл зохих 400,000,000 төгрөгийн үлдэгдлээс 200,000,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч тал гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй биднийг барьцаа хөрөнгүүдээ банкнаас чөлөөлж байгаад үл итгэсэн хандлага гаргаж байсан тул манай зүгээс дээрх хөрөнгийг барьцаалсан байсан арилжааны банканд хандаж, төлбөр төлөгдсөн тохиолдолд барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөх тухай бичиг хийлгүүлэн авч нэхэмжлэгч талд танилцуулсан. Хариуцагч 945 м.кв газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчид худалдаагүй, зөвхөн тухайн үл хөдлөх хөрөнгийн суурийн хэмжээ болох 675 м.кв газар эзэмших эрхийг худалдсан. Гэрээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэгч бүрэн төлөлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч төлбөр төлөөгүйгээс хариуцагч үл хөдлөх хөрөнгийг түүний өмчлөлд шилжүүлээгүй тул 500,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй ... гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч Ч.Н******* нь улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, Б тоот хаягт байрлах, 675 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах шаардлагын хүрээнд маргаагүй бөгөөд уг шаардлагыг зөвшөөрч байна.

Харин үл хөдлөх эд хөрөнгийн доорхи 945 м.кв талбайтай газрын эзэмшигчээр тогтоолгож, газар эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж, хугацаандаа үүргээ биелүүлээгүйн алданги 500,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх тул шүүх маргаж буй шаардлагын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэлээ.

 

Зохигчдын хооронд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр хариуцагч Ч.Н******* нь өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, Б тоот хаягт байрлах, 675 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө болон тус үл хөдлөх эд хөрөнгийн доорх 945 м.кв талбайтай эзэмшлийн газрыг нэхэмжлэгч П.Д*******д 1,000,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцжээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д ...худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1-д Талууд дараах үл хөдлөх хөрөнгийг зээлээр худалдаж, худалдан авахаар тохиролцов. Үүнд: Улаанбаатар хот, Б тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай 675 м.кв талбай бүхий /380 вт тог, төвийн/ үл хөдлөх хөрөнгө болон уг үл хөдлөх эд хөрөнгийн доорхи 945 м.кв талбайтай эзэмшлийн газар болно гэж заажээ.

 

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэжээ. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 1.1-д заасан үгийн шууд утга ...үл хөдлөх эд хөрөнгийн доорхи 945 м.кв талбайтай эзэмшлийн газар болно... гэснээс дүгнэвэл хариуцагч буюу худалдагч үл хөдлөх эд хөрөнгийн доорхи 945 м.кв талбайтай эзэмшлийн газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч буюу худалдан авагчид худалдсан байна гэж үзэхээр байх тул хариуцагчийн 675 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн газрын сууриар газар эзэмших эрхийг худалдсан гэх татгалзал үндэслэлгүй байна.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авагч П.Д******* гэрээний 2.3, 2.4 дэх заалтаар хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлж, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Б.А ********** тоот дансанд 100,000,000 төгрөг, 50,000,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр мөн дансанд 150,000,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдөр мөн дансанд 5,000,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр мөн дансанд 10,000,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр мөн дансанд 200,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мөн дансанд 35,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мөн дансанд 10,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мөн дансанд 10,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Т ХХК-ийн нэрийн өмнөөс нийт 200,000,000 төгрөг, 4,929,000 төгрөгийн үнийн дүн бүхий бараа материалыг Т ХХК-д хүлээлгэн өгсөн, 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 205,076,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.

 

Үүнээс үзэхэд 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч 205,076,000 төгрөгийн төлбөр төлөх үүргээ биелүүлсэн тул алданги 500,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан хариуцагчийн татгалзал талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасантай нийцэж байх тул үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч шүүхэд 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч дээр дурдсан гэрээний үүргээ өөрөө бүрэн биелүүлээгүй атал хариуцагчийг үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах, алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээний 2.5-д гэрээг улсын бүртгэлд төлбөрийг бүрэн төлж дууссаны дараа бүртгүүлнэ гэж талууд харилцан тохиролцсон байх тул хариуцагч үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлээгүй, мөн төлбөрийг бүрэн төлөөгүй байхад маргаан үүссэнтэй холбогдуулан шүүхээс гарах шийдвэрийн биелэлт баталгаажуулах 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 6667 дугаар захирамж хүчин төгөлдөр үйлчилж байна. Иймээс үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх боломжгүй нөхцөл байдлыг нэхэмжлэгч өөрөө үүсгэсэн байх тул үүргээ зөрчсэн үндэслэлээр хариуцагчаас 500,000,000 төгрөгийн алданги шаардсан нь үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн уг шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хас банкнаас 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Т ХХК-д хүргүүлсэн 2б/4468 дугаар албан бичиг болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 6/3688 дугаар албан бичиг зэргээр маргаан бүхий, Ч.Н*******н өмчлөлийн Б тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, Үйлдвэрлэлийн зориулалттай, 675 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, 7157 м.кв газар хариуцагчийн Хас банктай байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн баталгаат ипотекийн гэрээ дуусгавар болж, барьцаанаас чөлөөлөгдсөн байна. /х.х-ийн 48,55 хуудас/

 

Түүнчлэн дээрх 675 м.кв талбайтай эзэмшлийн барилга нь төвийн цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдсон бөгөөд ердийн байдлаар ашиглах боломжтой болохыг ус сувгийн удирдах газрын 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 7/1976 тоот албан бичгээр тогтоогдож байх тул гэрээний үүргээ зөрчсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Мөн Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж зааснаар нэхэмжлэгч үнийг бүрэн төлсөн байх тул түүний өмчлөлд шилжих үндэстэй юм.

 

Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэх үүрэг, гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д заасан цэвэр бохир усыг төвийн шугамд холбох үүргээ тус тус биелүүлсэн болох нь хэргийн баримт, хариуцагчийн тайлбараар тогтоогдсон, нэхэмжлэгч Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хууль ёсоор эзэмшил үүссэн болох нь мөн тогтоогдож байх тул Улаанбаатар хот, Б тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, Үйлдвэрлэлийн зориулалттай 675 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр, уг үл хөдлөх эд хөрөнгийн доорхи 945 м.кв талбай бүхий газрын эзэмшигчээр тус тус нэхэмжлэгчийг тогтооож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон газар эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 500,000,000 төгрөг гаргуулах үндсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т худалдагч тал нь энэхүүний гэрээний 1.1-т заасан үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн бөгөөд уг хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдаагүй, барьцаалаагүй болохыг үүгээр баталж байна гэж зааснаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалаагүй болохыг баталж хариуцагч гэрээ байгуулсан байна.

 

Гэвч уг үүргээ худалдагч тал биелүүлээгүйгээс үүрэг гүйцэтгэгч буюу худалдан авагч үүргээ гүйцэтгээгүй гэж тайлбарлаж буй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасантай нийцэж байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,815,900 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Н*******гээс 5,157,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Д*******д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1, 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг тус тус баримтлан 500,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, 65,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улаанбаатар хот, Б тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, Үйлдвэрлэлийн зориулалттай 675 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр, уг үл хөдлөх эд хөрөнгийн доорхи 945 м.кв талбай бүхий газрын эзэмшигчээр тус тус П******* овогтой Д*******ийг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ болон газрын эзэмших эрхийг гэрчилгээг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг П.Д*******д гаргаж өгөхийг хариуцагч Ч.Н*******д даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,815,900 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5,157,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Д*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Ц.ОЮУНБИЛЭГ