Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2024/00145

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2024/00145

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, М******* овогт А*******ын Б******* -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, С******* г******* ХХК-д холбогдох

 

Гэрээг цуцалж, 130,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Б******* нь гэрээг цуцалж, 130,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С******* г******* ХХК-д холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Үүнд: Миний бие А*******ын Б******* нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн. Би 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 128/11-8F-5 тоот орон сууц захиалгын гэрээг "С******* г*******" ХХК-тай байгуулсан. Уг захиалгын гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Эрчим хотхон орон сууцны үнэ 87,000,000 төгрөг болсон. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шудрага өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Орон сууцны төлбөр 87,000,000 төгрөгийг 2022 оны 2022 оны 3 дугаар сарын 16-ны "С******* г*******" ХХК-ийн Хаан банкны ********** тоот дансанд шилжүүлж гэрээний талууд гэрээнд гарын үсэг зурж гэрээг баталгаажуулсан. Гэрээний 1.3-т гүйцэтгэгч тал болох "С******* г*******" ХХК нь орон сууцыг 2022 оны 1 дүгээр улиралд багтаан барилгын ажлыг дуусгаж ашиглалтанд оруулна гэж заасан байгаа. Гэрээний 1.4-т Орон сууц ашиглалтанд оруулна гэдгийг "Улсын комисс" орон сууцыг ашиглалтанд хүлээн авахыг зөвшөөрсөн акт гаргахыг ойлгоно гэж заасан байх ба Улсын комисс хүлээн авч уг орон сууц ашиглалтанд орсон. Мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т гүйцэтгэгч орон сууцыг хүлээлцэх акт үйлдэж, түлхүүр хүлээлцэхэд бэлэн болоход захилагчид мэдэгдэж, мэдэгдэл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор орон сууцаа хүлээн авна. Гэрээний 4.2-т төлбөр бүрэн төлсний дараа түлхүүрийг гардан авна гэсэн заалтуудыг зөрчиж өнөөдрийг болтол орон сууцыг минь хүлээлгэж өгөхүй хохироосоор ирлээ. Гэрээний нэг тал болох захиалагч миний бие төлбөрийг бүрэн төлсөн, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул "С******* г*******" ХХК-аас гэрчилгээ болон орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэхийг шаардах эрхтэйгээс гадна, өөрийгөө шударга өмчлөгч гэж үзэж байгаа тул С******* г******* ХХК-аас 2 өрөө орон сууц түүний өмчлөлийн гэрчилгээг шаардах эрхтэй гэж үзэж байна гэж байна нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон. Гэвч одоо нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж С******* г******* ХХК-д төлсөн 87,000,000 төгрөгийг гэрээнд заасан 0,1 хувийн алдагийн хамт нэхэмжилж байна. 1 хоногийн алданги 87,000 төгрөгөөр тооцож хугацаа хэтэрсэн 19 сар алданги 30 хоногоор тооцож 49 500 000 төгрөг болно. Алданги нь үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй тул алданги 43,500,000 төгрөгийг нэмж нэхэмжилнэ. Иймд 130,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Нэхэмжлэгчээс 2022.03.16-ны өдрийн 128/II-8F-5 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ, нэхэмжлэх, Хаан банкны шилжүүлгийн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл,

 

Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Б******* нь хариуцагч С******* г******* ХХК-д холбогдуулан гэрээг цуцалж, 130,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шүүх хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 128/II-8F-5 дугаартай, орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр гүйцэтгэгч С******* г******* ХХК нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ДЦС-3 ТӨХК-ийн баруун хойд талд Эрчим хотхон орон сууцны хаягт байрлах 51.69 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2022 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулж, захиалагч А.Б*******ийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч нь 1 м.кв талбайг 1,683,110 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, нийт 87,000,000 төгрөгийг гүйцэтгэгчид төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарах ба гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Гэвч гүйцэтгэгч тал буюу С******* г******* ХХК нь талуудын хооронд байгуулсан 1 дүгээр зүйлийн 1.3-т энэ гэрээгээр гүйцэтгэгч тал нь ХУД, баруун хойд талд Эрчим хотхон орон сууцны  тоот 51.69 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалагчид 2022 оны 1-р улиралд барилгын ажлыг дуусгаж ашиглалтад оруулна гэж заасан хүлээсэн үүргээ биелүүлээгүй, орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөөгүй байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225 , 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заажээ.

 

Уг орон сууцыг иргэн Ц.Д худалдсан нь хэргийн материалд авагдсан 2015 оны 6 дугаар сарын 24-ний 128/II-8F-5 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээгээр нотлогдож байх тул нэхэмжлэгч А.Б******* 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 128/II-8F-5 дугаартай гэрээг цуцалж, гэрээний дагуу төлсөн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч А.Б******* нь алданги шаардах эрхтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд А.Б*******, С******* г******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 128/II-8F-5 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцалж, хариуцагчаас гэрээний үндсэн үүрэгт 87,000,000 алданги 43,500,000 төгрөг нийт 130,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.4, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С******* г******* ХХК-иас 130,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Б*******т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б*******ийн улсын тэмдэгтийн хураамжид 968,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С******* г******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 968,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ