Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар  109/ШШ2023/0014

 

              

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Б.Б

            Хариуцагч: Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газар

Гуравдагч этгээд: У.Б нарын хоорондын “2023 оны 3 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулсан Архангай аймгийн Т сумын Б багийн конторын барилгыг худалдан борлуулах дуудлага худалдааг хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д, гуравдагч этгээд У.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

1. Нэхэмжлэгч Б.Б нь Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдуулан 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулсан Архангай аймгийн Т сумын Б багийн конторын барилгыг худалдан борлуулах дуудлага худалдааг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Архангай аймгийн Т сумын Б багийн конторын барилгыг худалдан борлуулах дуудлагын худалдааг зохион байгуулсан байна.

3. Улмаар дуудлага худалдааны оролцогч иргэн Б.Бөөс Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн А/81 дүгээр “Дуудлага худалдаа зохион байгуулах комисс томилох тухай” захирамжаар 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулсан дуудлагын худалдааг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж, Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 61 дүгээр албан бичгээр хариу хүргүүлжээ. Ийнхүү дээрх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг  маргаан үүсгэжээ.

4. Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орон нутгийн өмч болох Архангай аймгийн Т сумын 2 дугаар багийн конторын барилга нь дуудлагаар худалдахаар хувьчлагдах хөрөнгийн жагсаалтад орсон ба уг барилгыг дуудлагын худалдааг анх суманд зохион байгуулахаар болж, энэ дагуу 2023 оны 1 дүгээр сард суманд уг барилгын анхны дуудлага худалдаа зохион байгуулагдсан. Энэ дуудлага худалдааг явуулахаар аймгийн өмчийн газрын мэргэжилтэн Б, Т,  гэсэн хүмүүс ирсэн. Дуудлага худалдааны нэг оролцогч хүлээгдсэн гэдгээр шалтаглан 10 цагт эхлэх байсан дуудлага худалдаа 11 цагт эхэлсэн. Ингээд энэ дуудлага худалдааны ялагч болсон хүн уг барилгыг аваагүй байсан ба дахин 2023 оны 03 дугаар сарын 9-ний өдөр дуудлагыг худалдаа явагдсан. Энэ дуудлагын худалдааг хөтлөгчөөр аймгийн орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Ш.Д ажилласан.

Дуудлага худалдаанд Б.Б надаас гадна 2 оролцогч оролцож, 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 10:00 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын шилэн танхимд дуудлагын худалдаа эхэлсэн. Ийнхүү дуудлага худалдаа эхлэхэд нэг оролцогч болох У.Б нь согтуу байсан ба согтуу хүн оролцуулмааргүй байна гэдэг саналыг би болон өөр нэг оролцогч хэлсэн боловч хөтлөгч Д уг саналыг хүлээж аваагүй, хариу өгөөгүй үнэ дуудаж эхэлсэн. Ийнхүү үнэ дуудаж эхэлсний дараа дуудлагын худалдаа явуулж байсан байрыг өөрчилж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын танхим руу шилжсэн. Ингэж дуудлага худалдаа эхэлсний дараа байр солих явцад дугаар давхрын 00 өрөө рүү хөтлөгч Д нь нөгөө согтуу байсан оролцогч Б болон би бүтэн нэрийг нь мэдэхгүй байгаа оролцогч нарыг дагуулан орсон. Тэндээс гарч ирэхдээ гуравдагч оролцогч нь над руу үнэ дуудахгүй юм байна гэж хэлээд танхим руу орсон. Танхимд ороод дуудлага худалдааны оролцогч, тэдний оролцох журмыг тайлбарлан өгөөгүй атлаа дахин шинээр үнэ дуудаж эхэлсэн. Гэтэл нөгөө согтуу оролцогч Б гэгчээс архи үнэртэж миний /би архины харшилтай үнэр авч чаддаггүй юм/ дотор муухай болж үнэ дуудах боломж олгогдоогүй. Энэ байдлыг хэлсэн боловч хэн ч тоож сонсоогүй. Хөтлөгч дуудлага худалдааны явцын тэмдэглэлийг нэг бүрчлэн бичээгүй ба 2-3 кадр зураг л авч байсан. Дуудлагын худалдаа дууссаны дараа оролцогч нарт дуудлагын худалдаа явагдсан тэмдэглэлийг танилцуулаагүй, дуудлага худалдаа хууль зөрчиж явагдлаа гэсэн санал хүсэлтийг ч сонсоогүй. Дууслаа гээд л гарсан. Тэгэхээр нь ялагч болсон гэх Бийн байрлаж байсан Цахиур зочид буудалд түүний араас орж, чи мөн муухай аргаар ялагч боллоо доо гэхэд, энэ 2-т мөнгө өгөхгүй байсан ч яах вэ гээд байсан. Энэ үед хөтлөгчөөр ажиллаж байсан Д гэгч гуравдагч оролцогчтой хамт мөн ялагч болсон Бийн өрөөнд орж ирсэн. Тэднийг орж ирэхээр нь би зөрөөд гарсан. Тэд чухам яах гэж тэр хүний өрөөнд орсныг мэдэхгүй. Энэ дуудлага худалдааг хууль журам зөрчиж явагдсан талаар гомдол өгөхөд Архангай аймгийн орон нутгийн өмчийн газраас дуудлага худалдаа хууль журмын дагуу явагдсан гэсэн хариу өгсөн. Ийнхүү орон нутгийн өмчийн газраас зохион байгуулсан Архангай аймгийн Б багийн конторын барилгыг худалдан борлуулах дуудлага худалдааг хууль журмын дагуу явагдаагүй гэж үзэж байна.” гэжээ.

5. Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ дуудлага худалдаа эхлээд Архангай аймгийн Т суманд болсон. Ингэж болсон үеэсээ эхлээд хууль бус болсон. Т сумын Засаг даргын захирамж гаргаад өөрсдөө зохион байгуулах байсан. Гэтэл аймгийн Орон нутгийн өмчийн газрынхан сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өөрсдөө очиж зохион байгуулсан. Тэр үед цагтаа эхлээгүй. Оролцогч Нийг бүтэн цаг хүлээж эхлүүлээд тэр дуудлага худалдааны ялагч тал нь авахгүй орхисноос болж аймагт дараагийн дуудлага худалдаа явагдсан. Дараагийн дуудлага худалдаа эхлээд мөн будилж эхэлсэн. Шилэн танхимд эхэлж явцын дунд байраа сольж иргэдийн Хурлын заал руу орж эхэлсэн. Тэгэхэд Н гэдэг нөхөр согтуу байна, энэ согтуу хүнтэй бид дуудлага худалдаа явуулж болох юм уу гэж Дт хэлсэн. Гэтэл түүнийг ерөөсөө тоогоогүй, бүртгэж ч аваагүй, танхим сольж дуудлага худалдаа явуулсан. Хамгийн сүүлд У.Б бид хоёр өргөсөн. Тэгээд У.Б над руу заахаар нь намайг ав гэж байгаа юм байна гэж бодоод  3 тоолж  алх цохиулсан чинь намайг биш энэ хүнийг ялуулсан. Ийм будилаан үүсгээд өнөөдөр энд сууж байна. Тиймээс дуудлага худалдаа хууль бус болсон гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нь Т.Н бид хоёр хамт гомдол гаргасан боловч яагаад гомдлоо татан авсныг мэдэхгүй байна. Дуудлага худалдааны байрыг солих явцад энэ хүмүүс хоорондоо ярьж хуйвалдсан нь тодорхой, шатанд дээр уулзсан, дээд давхар руу гарахаар өгсөж явахдаа ариун цэврийн өрөөнд уулзсан. Сүүлд дуудлага худалдаа дууссаны дараа У.Бтэй буудлын өрөөнд байхад Ш.Д, Т.Н оролцогчтойгоо араас орж ирж байсан. Тиймээс үгсэн хуйвалдсан нь тодорхой гэж харж байна. Шүүхийн шийдвэр яаж гарахаас шалтгаалж Авлигатай тэмцэх газар хандана.” гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дуудлага худалдаа ямар байдлаар явагдсан бэ үнэхээр хууль журмын дагуу явагдсан уу гэдгийг дуудлага худалдааны тэмдэглэлээс харагдана. Дуудлага худалдааны зар тавигдсан үеэс ямар журмаар дуудлага худалдааг зохион байгуулах байсан юм бэ, ямар хэлбэрээр явуулах вэ, газар хаана гэдгийг тодорхойлох ёстой байсан. Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.13-т заасан шаардлага хэрхэн хангагдсан бэ гэдгийг харах ёстой байна. Дуудлага худалдааны зарыг харахаар Т сумын Б багийн төвийн барилга, дуудлага худалдаа болох газар, хугацаа нь товлогдсон. Товлогдсон газар нь Засаг даргын Тамгын газрын хурлын заал байдаг. Гэтэл дуудлага худалдаа яаж явагдсан талаар дуудлага худалдааны тэмдэглэлээс харагддаггүй. Өөрсдөө дуудлага худалдаа хууль журмын дагуу явагдсан гэж хэлдэг ч хуулийн шаардлагыг харах ёстой. Дуудлага худалдааг ямар журмаар явуулах юм бэ гэдгийг танилцуулж эхэлсэн үү гэдгийг явцын тэмдэглэлээс харахад дуудлага худалдааны оролцогчдоо бүртгэж, дуудсан хүний жагсаалтыг тавьсан. Түүнээс бол дуудлага худалдаа хууль, журмын дагуу явсан байна гэдгийг явцын тэмдэглэлээс харж чадахгүй байна. Мэдээж хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах ёстой. Тиймээс хуулийн хүрээнд дуудлага худалдааг явуулж чадаагүй юм уу гэсэн нөхцөл харагдаж байна. Дуудлага худалдаа явуулах газар, эхлэх цагийг заасан, өөр ямар ч нөхцөл харагддаггүй. Явцын тэмдэглэлээс дуудлага худалдаа яаж эхэлсэн нь тодорхойгүй. Түүнээс гадна эдгээр хүмүүс тавьсан шаардлагатай гэж ярьдаг. Нэхэмжлэгч би олон дуудлага худалдаанд ордог, та нартай муудалцах нь эвгүй байна гэж хэлсэн гэдэг. Угаасаа өмчийн газраас дуудлага худалдаанд ордог хэд хэдэн хүн байдаг. Эдгээр хүмүүстэйгээ дахин харилцах асуудал гарах учраас муудалцаад яах вэ гэдэг байдлаар Н гомдлоо татан авсан болов уу гэж харж байгаа. Тэр хүн гомдол гаргаж байгаа, дуудлага худалдааны явцын тэмдэглэл зэргээс хууль журам зөрчигдөж явагдсан болох нь харагдаж байна." гэв.

7. Хариуцагч Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  “Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Т сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 2 дугаар багийн төвийн ашиглалтгүй барилгыг үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасаж, нийтийн дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн. Дуудлагын худалдааг зохион байгуулах комиссыг аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн А/81 дүгээр захирамжаар байгуулсан. Дуудлагын худалдаа зохион байгуулах комисс нь 2 барилга, 3 автомашины дуудлагын худалдааг аймгийн Засаг даргын Тамгын газрын шилэн танхимд зохион байгуулсан бөгөөд дуудлагын худалдаа 11:00 цагт эхэлж Чулуут сумын Халуун ус багийн төвийн барилгыг үнэ хаялцуулан худалдсан. Дуудлагын худалдаа явагдаж байсан тус танхимд аймгийн Авто тээврийн төв, Замын цагдаагийн хэлтэс нь такси тээвэр, тээврийн үйлчилгээ эрхэлдэг иргэд, аж ахуй нэгжтэй 11:00 цагт уулзалт зохион байгуулахаар давхар зарлаж, олон хүмүүс цугласан байсан тул танхимыг сольсон. Дуудлагын худалдаа явагдахад иргэн Б.Б, ялагч болсон У.Б нар танхимд орж ирэхгүй 2-3 удаа дуудуулж байж орж ирсэн. Дуудлагын худалдааг эхлэхэд дуудлагын худалдаа явагдах журмыг комиссын гишүүд оролцогчдод танилцуулж дуудлагын худалдааг эхлүүлсэн. Дуудлагын худалдааны явцад иргэн Б.Б нэг ч удаа пайз өргөж үнэ хэлээгүй, тухайн өдрийн дуудлагын худалдааны тэмдэглэлд өөрөө гарын үсэг зурсан байна. .... Тус өдрийн дуудлагын худалдааг зохион байгуулсан комиссын гишүүд нь дуудлагын худалдааны ялагч У.Бтэй ямар нэг холбоо хамааралгүй, тухайн өдөр ч уулзаагүй гэж тайлбарыг өгч байгаа болно. Т сумын 2 багийн төвийн барилгын дуудлагын худалдааг эхлүүлэхийн өмнө дуудлагын худалдааны журам, захирамж, гишүүдийг танилцуулж дуудлага худалдааг эхлүүлсэн. Дуудлагын худалдааны явцад өргөдөл гаргагч нэг ч удаа пайз өргөж үнийн санал хэлээгүй болно. Дуудлагын худалдааны ялагчийн үнийг хөтлөгч 3 удаа дуудаж, 1,2,3 гэж дуудан алх цохисон гэдгийг комиссын гишүүд бүгд илэрхийлсэн. Дуудлагын худалдаанд оролцогч Б.Б нь надад дуудлагын худалдааны явцын талаар шүүхэд гаргаж өгөх баримтгүй гэсэн нь тухайн өдрийн дуудлагын худалдааг хууль журмын дагуу явагдсан гэж өөрөө баталж байна гэж үзэхээр байна.” гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 11 цагт дуудлага худалдааны зар тавигдсан байгаа. Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар нь 3 заалтай, их заал, ногоон танхим, шилэн танхимтай. Сарын өмнө дуудлага худалдааны зар олон нийтийн сонин хэвлэлд тавигддаг болохоор сарын өмнө нь дуудлага худалдаа тэр зааланд болно гэж товлох боломжгүй.  Уг зааланд сарын дараа ямар үйл ажиллагаа явагдах боломжтойг мэдэхгүй. Тиймээс Орон нутгийн өмчийн газарт дуудлага худалдаа явуулах өөрийн гэсэн заал танхим байдаггүй. Тамгын газрын үйлчилгээний дарга Эрдэнэчимэгтэй зохицож дуудлага худалдаа явуулдаг байгаа. Тэр өдөр шилэн танхимд дуудлага худалдаа явагдаж байсан. Дуудлага худалдаа Т сумын Б 2 дугаар багт явагдаагүй. Тухайн өдөр 3 машин, 2 барилгын дуудлага худалдаа явагдсан. Дуудлага худалдаа нь Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 11 цаг 00 гэхэд хүнээ бүртгэж дууссан. Тэгсэн 3 машины дуудлага худалдаанд оролцогч байхгүй Чулуут сумын Халуун ус багийн төвд болсон. Чулуут сумын Халуун ус багийн төв нь дуудлага худалдаа хийгээд 10 минут шахуу энэ Б.Б, У.Б гэсэн хүмүүсийг хүлээгээд орж ирээгүй. Тухайн дуудлага худалдаанд байр солих ямар ч шаардлагагүй, 11 цаг 20 минут гэхэд дуусах байсан. Ажлын хэсгийн 2 хүн ч мэдэж байгаа. Энэ хүмүүсийг Тамгын газрын үүдэнд машины зогсоолд байхад нь хурдан ирээч ээ дуудлага худалдаа явагдчихаад байна гэж тоглоомоор дуудаад орилж байна. Тухайн 2 хүн мэдэж байгаа байх. Тамгын газрын цонхны хажууд хоёулаа ярилцаад Ө гэсэн хүн рүү нэг нэгээрээ утсаар яриулсан. Ерөнхийдөө энэ 2 хүнээс болж танхим сольсон байдаг. Яагаад танхим сольсон гэхээр Архангай аймгийн Замын цагдаагийн тасаг, таксиныхтай уулзаж таксины номерыг шар болгох асуудлыг шилэн танхимд 11 цагаас цаг авсан байдаг. Ийм үйл ажиллагаа байсан учраас хүндэтгээд 11 цаг 20 минут хүртэл хүлээсэн. Тэгээд энэ 2 хүн орж ирэхгүй байсан. Мөн тэр Н гэх хүн энэ 2 хүнтэй гарч гүйгээд байхаар нь дуудлага худалдааны танхимаа сольсон. Манай комисст хурлын төлөөлөгч, хурлын ажлын албаны нэг ажилтан иргэний төлөөллөөр ордог. Тэр хүн манай танхим сул байгаа манай танхим руу орчих гээд иргэний танхимд дуудлага худалдааг бүх хүний саналыг авч дуудлага худалдааг дахин эхнээс нь үнэ хаяцуулж явах уу гэхэд бүгд тэгье гэсэн. Тухайн 2 хүн хоорондоо зэрэгцэж суугаад тохиролцсон инээгээд баяр, баясгалантай байсан. Яг дуудлага худалдаанаас гарч ирээд яагаад бие биеийгээ үзэж харж чадахаа байсныг ойлгохгүй байна. Дуудлага худалдаа болоход дуудлага худалдааны хөтөч Засаг даргын захирамжийг танилцуулдаг. Мөн Архангай аймгийн иргэдийн Хурлын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 20 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан орон нутгийн өмчийн хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журмыг танилцуулдаг байгаа. Мөн дуудлага худалдааны дээд болон доод интервалыг тогтоодог. Доод интервал нь дуудлага худалдааг 1,000,000 дээш бол 100,000 төгрөгөөр, 10,000,000 дээш бол 200,000 төгрөгөөр дээд интервал нь дэнчин хүртэл мөнгөөр өснө гэж танилцуулж явуулдаг байгаа. Тухайн дуудлага худалдаанд бүх хүнийг суулгаад нийтэд  нь танилцуулсан. Танилцуулж байхад энэ 2 хүн орж ирээгүй. Энэ 2 хүнийг орж ирэхэд нь дахин танилцуулсан байгаа. Байр солиход Засаг даргын захирамж болон дээд доод интервалыг дахин танилцуулсан. Хэвлэл мэдээллийн албаны ажилтан Баасан-Очир журмыг танилцуулж байхад зураг дарсан байсан. Хамгийн сүүлд ялагч гэх У.Бийг пайз өргөж байхад нь зураг дарсан. Түүнийг баримтад хавсаргаж өгсөн. Б.Б би пайз өргөсөн гэж хэлсэн, гэтэл өргөөгүй зогсож байсан. Дуудлага худалдааны хөтчийн үүрэгт 1,2,3 гэж хэлээд алх цохидоггүй. Үнийн дүнг 3 удаа хэлж 1,2,3 гэж хэлээд алх цохидог. Жишээ нь 4,000,000 төгрөг хүрсэн бол 4,000,000 гэж 3 удаа хэлээд 1, 2, 3, гэж хэлээд алх цохидог. Тиймээс 1 ,2, 3 гэж хэлээд алх цохиогүй. Тухайн үед ялагчийн үнийн дүнг 3 удаа хэлээд 1 ,2, 3 гээд алх цохисон байгаа. Энэ нь тухайн үед оролцож байсан хүмүүс хууль журмын дагуу болсон гэдгийг гэрчилнэ. Мөн тэмдэглэл хөтлөгч Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Б тэмдэглэл хөтөлдөг. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гарсан хавсралтыг орон нутагт буулгаж хийдэг. Түүнээс бол тэмдэглэлд тийм журам танилцууллаа Засаг даргын захирамжийг танилцууллаа гэдэг зүйл байхгүй. Тухайн оролцогч нарт пайз гаргаж өгдөг. Пайзны дагуу хүмүүсээ бүртгэдэг. Пайзны дарааллаар үнийн саналыг тавьдаг байгаа. Тухайн тэмдэглэлд янз бүрийн гомдол санал байхгүй гэсэн гарын үсэг зурдаг. Тухайн өдөр оролцсон 6 хүн бүгд гарын үсэг зураад дэнчин болох мөнгөө аваад гарсан.” гэв.

9. Гуравдагч этгээд У.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “2023 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Архангай аймгийн Т сумын 2 дугаар багийн конторын барилгыг дуудлага худалдаагаар хувьчлахаар олон нийтэд зарласны дагуу Удвал овогтой Б миний бие уг дуудлага худалдаанд оролцохоор болсон. Уг дуудлага худалдааг 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулсан бөгөөд нийт 5 хүн оролцож тухайн барилгыг 3 635 000 төгрөгөөс эхэлж худалдах унийг дуудсан бөгөөд миний бие ялагчаар тодорч 4.135,000 /дөрвөн сая нэг зуун гучин таван мянган/ төгрөгөөр уг конторын барилгыг худалдан авсан болно. Дуудлага худалдааг зохих журмын дагуу зохион байгуулсан бөгөөд миний бие хууль. журмын дагуу оролцож, ямар нэг хууль бус зүйл хийгээгүй болно. Гэтэл нэхэмжлэгч намайг согтуу байсан мэтээр гүтгэж, шүүхэд худал тайлбар гаргаж байгааг хууль бус гэж үзэж байна. Тухайн өдөр би согтуу байгаагүй бөгөөд дуудлага худалдаа болох байрны өмнө дуудлага худалдаанд оролцогч Архангай аймгийн Т сумын засаг даргын орлогч Б.Б ирж ярих яриа байна гэж Захиргааны байрны зүүн урд буланд очин дуудлага худалдаанд үнэ битгий өсгөөч Т сумын иргэдийн хурлын төлөөлөгч С.Ө авах хүсэлтэй байгаа гэж хэлэн өөрийн гар утсаараа С Өлзийбар руу залган намайг яриулсан бөгөөд С.Ө нь би авах хүсэлтэй байна чи энэ дуудлага худалдаанд оролцох хэрэггүй ээ, үнэ битгий өсгөөч гэж надад хэлэхэд нь чи өмнөх 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дуудлага худалдаагаар ялалт байгуулсан байж яагаад худалдан аваагүй юм вэ гэж хэлнэ утсыг Б.Бөд өгсөн. Удалгүй дуудлага худалдаа эхэлж журмын дагуу бүх оролцогч саналаа өгөх эрх нээлттэйгээр явагдсан. Дуудлага худалдаа дууссаны дараагаар Архангай аймгийн Т сумын засаг даргын орлогч Б.Б нь миний байрлаж байсан буудалд орж ирэн мөнгө нэхэж өгөхгүй бол дуудлага худалдааг цуцлуулна гэж сүрдүүлээд явсан. Тухайн дуудлага худалдаанд нэхэмжлэгч Б.Б худалдахаар үнэ хаялцуулсан барилгыг худалдан авахаар нэг ч удаа үнийн санал хэлээгүй тул түүний ямар нэг эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болно. Өөрөөр хэлбэл тухайн дуудлага худалдааны үйл ажиллагаанд ямар нэг харилцаанд ороогүй, ямар нэг үйлдэл хийгээгүй болно. Б.Б нь иргэнийхээ хувьд холбогдох хууль журмын дагуу дуудлага худалдаанд оролцох эрхтэй боловч улс төрийн албан хаагчийн хувьд хүнийг дарамталж, гүтгэж байгаа нь хууль бус бөгөөд төрийн байгууллагаас зохион байгуулсан үйл ажиллагаа нь ямар нэг хууль журам зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож иргэн миний үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах эзэмших, өмчлөх үндсэн эрхийг маань хамгаалж өгөхийг хүсье.” гэжээ.

10. Гуравдагч этгээд У.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дуудлага худалдаа болдог өглөө Захиргаан байрны гадаа Б.Б надтай уулзах хэрэг байна гэж хэлээд уулзсан байгаа. Тэгэхэд чи Өтай ярьж тохирооч Ө авах сонирхолтой байна гээд өөрийнхөө утсаар Өтай намайг яриулсан. Би ярих шаардлага байхгүй гэсэн. Ийм яриа өрнүүлж хугацаа алдсан асуудал байгаа. Би Өт чи өмнө нь дуудлага худалдаанд ялчхаад яагаад аваагүй юм бэ, хоёулаа шударгаар өрсөлдье надад ч гэсэн энэ барилга хэрэгтэй байгаа гэж хэлсэн. Мөн намайг согтуу байсан гэж яриад байгааг ерөөсөө ойлгохгүй байгаа. Би өмнөх өдөр нь Улаанбаатар хотоос машин бариад дуудлага худалдаанд оролцохоор ирсэн. Тэр өдрөө буцаж явах ажилдаа байсан учраас надад архи уух шаардлага байгаагүй, архи ч уугаагүй эрүүл байсан. Согтуу байсан гэж хэлээд байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Би согтуу байгаагүй дуудлага худалдаанд эрүүл оролцсон гэв.

11. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийн шаардлага бүхий 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулсан Архангай аймгийн Т сумын Б багт явуулсан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж харж байна. Хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж буйгаа товч тайлбарлая. Нэгдүгээрт 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 21 дугаартай тогтоолоор орон нутгийн өмч болох Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын 2 дугаар багийн төвийн барилгыг 3,635,000 төгрөгөөс эхэлж дуудлага худалдааг нээлттэй явуулах шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг үндэслэж дуудлага худалдааны зарыг сонинд тавьсан харагдаж байна. Дуудлага худалдаа явагдаж ялагч нь төлбөрөө төлөөгүй учраас энэ дуудлага худалдааг дахин явуулах шаардлага үүссэн харагдаж харагдаж байгаа. Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/81 дугаартай захирамжаар комисс байгуулагдаж тэр өдөр дуудлага худалдаа явагдсан. Дуудлага худалдаанд Н, Г, М, Б.Б, У.Б гэсэн хүмүүс оролцсон. Дуудлага худалдаанд оролцсон хүн бүр пайз өргөж үнийн дүн хэлдэг шаардлага байхгүй. Дуудлага худалдаанд оролцож байгаа оролцогчийн эрхийн асуудал байна. Тийм учраас дуудлага худалдаанд оролцсон зарим оролцогч саналаа хэлээгүй, үнийн дүн хэлээгүй нөхцөл байдал харагддаг. Дуудлага худалдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан гэж харагдаж байна. Иргэний хуулийн 175, 181, 97 дугаар зүйлд заасны дагуу болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хөрөнгө албадан борлуулах 12-75 дугаар зүйлийн зохих зүйлд заасны дагуу дуудлага худалдаа явагдсан байна. Мөн Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 306 тоот журам батлах тухай, дуудлага худалдааг зохион байгуулах журамд заасны дагуу явагдсан байна. Энэ нь ямар нотлох баримтаар нотлогдож байна вэ гэхээр дуудлага худалдааг хөтөлж явуулсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Ш.Д өнөөдрийн гаргасан мэдүүлэг болон иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б, дуудлага худалдааны тэмдэглэл хөтөлсөн Б болон гэрчээр асуугдсан Т.Б, Т.Н, Б.Нямсүрэн, Б.Г, З.Б нарын мэдүүлэг болон дуудлага худалдаа явагдсан явцын тэмдэглэл зэргээр нотлогдож тогтоогдож байна. Иймд дуудлага худалдааг хүчинтэйд тооцож, гарын үсэг зурсан. Хэрвээ дуудлага худалдааг хүчингүй болгуулах санал, хүсэлт байсан бол гарын үсэг зурж дэнчингээ авахгүй байх зохицуулалттай харагдаж байна. Гэтэл бүгд дуудлага худалдааг зөвшөөрч гарын үсгээ зурж, дуудлага худалдааны дэнчингээ авсан асуудал харагдаж байгаа. Дараагийн асуудал дуудлага худалдаа хэрхэн явагдсан талаар гэрэл зураг хэрэгт авагдсан. Үүнийг харах ёстой байх. Эдгээр нотлох баримтуудаар нотлогдож байна. Дуудлага худалдааны ялагч тодорч гэрээ байгуулж, гэрээний үндсэн дээр төлбөр төлөгдсөн болох нь хавтаст хэргийн материалд авагдсан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж шийдвэрлэх байх гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэг авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг  дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч Б.Б нь Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газраас Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 3-ний өдрийн А/81 дүгээр  захирамжаар дуудлага худалдаа зохион байгуулах комисс томилуулан 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулсан Архангай аймгийн Т сумын Б багийн конторын барилгыг худалдан борлуулах дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

3. Улмаар шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа “2023 оны 3 дугаар сарын 3-ний өдөр зохион байгуулсан Архангай аймгийн Т сумын Б багийн конторын барилгыг худалдан борлуулах дуудлага худалдааг хүчингүй болгуулах” гэж тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэв.

 

Нэг. Дуудлагын худалдааг хууль зөрчин явуулсан гэх үндэслэлийн тухайд

 

            4. Анх Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 21 дүгээр “Орон нутгийн өмчөөс 2022 онд хувьчлах үл хөдлөх хөрөнгийн доод үнийг тогтоох тухай” тогтоолоор Орон нутгийн өмчөөс 2022 онд хувьчлах үл хөдлөх хөрөнгийг худалдах нийтийн дуудлагын худалдааны доод үнийг хавсралтаар тогтоожээ. Улмаар уг тогтоолын хавсралтын 3 дахь хэсэгт Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын  2 дугаар багийн төвийн ашиглалтгүй барилгын үнийг 3.635.000 төгрөгөөр тогтоосон байна. (Хавтаст хэргийн 23-24 дэх тал)

 

5. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1-т “Хувьчлах эд хөрөнгийн цаашдын зориулалтын талаар тусгайлсан болзол тавих шаардлагагүй тохиолдолд дуудлагын худалдааны аргыг хэрэглэнэ” гэж заасан.

 

6. Архангай аймгийн Т сумын Засаг даргын 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн А/12 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэг, Сангийн сайдын 2019 оны 306 дугаар тушаал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 20 дугаар тогтоолыг тус тус үндэслэн дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулжээ.

 

            7. Ийнхүү 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Т суманд Архангай аймгийн Т сумын 2 дугаар багийн нутагт байрлах хуучин багийн төвийн барилгыг худалдан борлуулах дуудлагын худалдаа 11 цаг 40 минутад эхэлж, 1, 2, 3, 4 дугаартай оролцогчид 244 удаа үнэ хаялцаж, 2 дугаартай оролцогч Ө 60.035.000 төгрөгөөр ялагч болсон байна. Улмаар тус дуудлага худалдааны тэмдэглэлд: “14 хоногийн дотор худалдан авсан үл хөдлөхийн мөнгийг төлөх үүрэг хүлээж байгаа бөгөөд эс биелүүлсэн тохиолдолд дэнчингийн мөнгөн дүнг эргүүлж олгохгүй болохыг анхааруулж гарын үсэг зуруулан баталгаажууллаа” гэжээ. (Хавтаст хэргийн 27 дахь тал)

 

8. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн  44 дүгээр зүйлийн 1. дэх хэсэгт “Энэ хуулийн ... 43 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар удаах оролцогч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй бол уул худалдааг дахин явуулна.” гэж заасан.

 

9. Хэргийн оролцогч нараас Архангай аймгийн Т сумын Засаг даргын 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн А/12 дугаар захирамжаар 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Т суманд болсон Архангай аймгийн Т сумын 2 дугаар багийн нутагт байрлах хуучин багийн төвийн барилгыг худалдан борлуулах дуудлагын худалдаатай холбогдуулан маргаагүй болно.

 

            10. Улмаар Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын  2 дугаар багийн төвийн ашиглалтгүй барилгын үнийг 3.635.000 төгрөгөөр, аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 11 цагт худалдан борлуулахаар дуудлагын худалдааны зарыг Зууны мэдээ сонины №36 (7021) дугаарт 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр нийтлүүлжээ. (Хавтаст хэргийн 46 дахь тал)

 

            11. Түүнчлэн тус сонинд “... дуудлагын худалдаанд оролцогч цахим үнэмлэхийн хуулбар, дуудлагын худалдааны 20 хувьтай тэнцэх дэнчин төлж дуудлагын худалдаанд оролцох, бүртгэл 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 11 цаг 00 минутад дуусна. Асууж тодруулах зүйл байвал 7033*****, 99******** дугаарын утсаар лавлах талаар дурдсан байна. (Хавтаст хэргийн 46 дахь тал)

 

12. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1. дэх хэсэгт “Дуудлагын худалдаа явуулах зар, мэдээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэхүү ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө мэдээлнэ.” 39 дүгээр зүйлийн 2. Дуудлагын худалдааны зар, мэдээнд энэ хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана”, 1/ дуудлагын худалдаа эхлэх он, сар, өдөр, цаг; 2/ эрхэлдэг ажил үйлчилгээний нэр төрөл, барилга, байгууламж, машин тоног төхөөрөмжийн тодорхойлолт, тоо хэмжээ;, З/ дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ; 4/ дуудлагын худалдаанд оролцогчдыг бүртгэх журам, хугацаа; 5/ худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл.” гэж зааснаар дуудлагын худалдаа явуулах зарыг 30-аас доошгүй хоногийн өмнө дуудлагын худалдаа эхлэх он, сар, өдөр, цаг, эрхэлдэг ажил үйлчилгээний нэр төрөл, барилга, байгууламжийн тодорхойлолт, дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ болон дуудлагын худалдаанд оролцогчдыг бүртгэх журам, хугацааны талаар мэдээлсэн байна.

 

13. Ийнхүү Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн А/81 дүгээр “Дуудлага худалдаа зохион байгуулах комисс томилох тухай” захирамжаар 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдөр явагдах нийтийн дуудлага худалдааг зохион байгуулах комиссын дуудлагын худалдааны хөтлөгчөөр Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Ш.Д, иргэдийн Хурлын төлөөллөөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтан Н.Б, дуудлагын худалдааны явцын тэмдэглэл хөтлөгчөөр Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн З.Б нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, нийтийн дуудлагын худалдааг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж, явуулахыг дуудлагын худалдааны хөтлөгч Ш.Дт үүрэг болгожээ. (Хавтаст хэргийн 45 дахь тал)

 

14. Улмаар дуудлагын худалдааны хөтлөгч,  Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Ш.Д, иргэдийн хурлын төлөөлөл Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтан Н.Б, дуудлагын худалдааны явцын тэмдэглэл хөтлөгч, Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн З.Б нар ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлж, тэмдэглэл хөтөлсөн байна. (Хавтаст хэргийн 48-50 дахь тал)

 

15. Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын  2 дугаар багийн төвийн ашиглалтгүй барилгын дуудлагын худалдаанд оролцохоор, иргэн Б.М, Т.Г, Т.Н,  нэхэмжлэгч Б.Б гуравдагч этгээд У.Б нар дуудлагын худалдаанд оролцох хүсэлтээ гаргаж, дэнчингийн үнэ болох 727000 төгрөгийг тушаасан байна. (Хавтаст хэргийн 51-64 дэх тал)

 

16. Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын  2 дугаар багийн төвийн ашиглалтгүй барилгын дуудлагын худалдаа Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 11 цаг 30 минутад эхэлж, дуудлагын худалдааны доод үнэ 3635000 төгрөгөөр дуудлагын худалдаанд оролцохоор  оролцогч 1.Н, 2.Г, 3.М, 4.У.Б, 5.Б.Б гэсэн дугаартайгаар бүртгүүлсэн байна. (Хавтаст хэргийн 47 дахь тал)

 

17. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “... Дуудлагын худалдааны тэмдэглэлд бичигдсэн 1.Н, 2.Г, 3.М, 4.У.Б, 5.Б.Б дуудлага худалдааны пайзны дугаар, тус дуудлагын худалдааны тэмдэглэлд 1 дүгээр пайз өргөсөн нь 1., 3735000 үнийн санал,  4 дугаартай пайз өргөсөн нь 4. 3835000 төгрөгийн үнийн санал хэлсэн тэмдэглэл, хамгийн сүүлд бичигдсэн байгаа 4.4135000 гэж тэмдэглэсэн байгаа нь гуравдагч этгээд У.Бийн хэлсэн үнийн санал гэх, Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 5 дугаарын пайзтай байсан гэх, гуравдагч этгээд У.Б 4 дугаарын пайз өргөж, үнийн санал хэлсэн гэж тайлбарладаг.

 

18. Тус дуудлагын худалдааны интервал 100.000 төгрөгөөр, 1. 3735000, 4. 3835000, 3.3935000, 1.4035000, 4.4135000, гэж тэмдэглэж, 4 хувийн дугаартай оролцогч У.Б нь дөрвөн сая нэг зуун гучин таван мянган төгрөгөөр дуудлагын худалдааны ялагчаар тодров гэж тэмдэглэжээ. (Хавтаст хэргийн 47 дахь тал)

 

19. Гэрч Т.Г: “... Тэр нэг алх цохидог юм байна лээ. Тэр алх цохихоос өмнө тоолоод хүн үнийн санал хэлбэл энэ хүн тэдэн төгрөгийн үнийн санал хэллээ гэж танилцуулдаг юм байна лээ. Үнэ нь өсөөд хамгийн сүүлийн хүн үнийн санал  хэлэхээр хэдэн секунд хүлээж байгаа тоолоод тэгээд алх цохиод дуудлага худалдаа дуусдаг юм байна лээ.” гэж, гэрч Б.М: “... Би пайзаа нэг өргөөд үнийн санал 4 саяаас дээшээ гаргахаар нь пайзаа өргөөгүй утсаа оролдоод суусан. Дуудлага худалдаа дуусахад 1,2,3 гэж тоолоод дуудлага худалдаа дууссаныг мэдэгдье гэсэн” гэж мэдүүлжээ. (Хавтаст хэргийн 90-92 дахь тал)

 

20. Гэрч З.Б: “... Дуудлагын худалдаанд оролцсон оролцогч У.Б ялагч болсон, гэрч Н.Б: “... дуудлагын худалдаа хууль журмын дагуу явагдаж, Б гэдэг залуу ялалт байгуулсан гэж тус тус гэрчийн мэдүүлэг өгчээ. (Хавтаст хэргийн 87-89 дэх тал)

 

21. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн  43 дугаар зүйл. 1. дэх хэсэгт “Дуудлагын худалдааг үнэ хаялцуулж дууссаны дараа дохио өгч хааснаар дуусгавар болсонд тооцно.”, 2. дахь хэсэгт “Дуудлагын худалдаанд хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч нь ялагч болно.” 4. дэх хэсэгт “Дуудлагын худалдааг нийтэд товлон зарласан газар, хугацаанд нь эхэлж, оролцогчдоор үнэ хаялцуулан, эцсийн үнэ хэлсний дараа дохио өгөх буюу 1, 2, З гэж тоолсны эцэст өөр санал гараагүй бол хаасныг зарлана.” гэж заасан.  

 

22. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2/-т “худалдааг товлон зарласан газар хугацаанд нь эхлэх”, З/ “үнэ хаялцуулах дэгийн дарааллыг нэг бүрчлэн тэмдэглэх”, 5/ “дуудлагын худалдааны явцын тэмдэглэлийг үнэн зөв, бүрэн хөтлүүлэх.” гэж, 38 дугаар зүйлийн 4. дэх хэсэгт “Дуудлагын худалдаанд оролцогчид үнийн саналаа дуудлагын худалдаанд биеэр буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөө байлцуулж үнийн саналаа ээлж дараалан өсгөн хэлэх, эсхүл худалдан авах үнийн дээд саналаа битүүмжлэн ирүүлэх замаар илэрхийлнэ.” гэж зааснаар тус дуудлагын худалдааг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 11 цаг 30 минутад эхэлж, дуудлагын худалдааны оролцогч нар үнийн саналаа ээлж дараалан өгч, ялагч тодорсон болох нь дуудлагын худалдааны тэмдэглэлээр баталгаажуулсан байна.

 

23. Түүнчлэн тус дуудлагын худалдаанд хамгийн өндөр санал буюу 4135000 төгрөгийн үнийн санал хэлсэн оролцогч У.Б Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга ажилтай Х.Ганхуяг нар 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын 2 дугаар багийн конторын барилгыг 4.135.000 төгрөгөөр худалдан авахаар “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулжээ. Ингээд гэрээний дагуу худалдан авагч тал гэрээ байгуулсан өдрөөс эхлэн 14 хоногийн дотор буюу 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн дотор худалдан авсан үнийг Архангай аймгийн Төрийн сан дахь 100010000955 тоот дансанд төлөхөөр тохиролцжээ. (Хавтаст хэргийн 65 дахь тал)

 

24. Улмаар иргэн У.Бөөс 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Төрийн сангийн 100010000955 дугаар дансанд дэнчингийн үнэ 727000 төгрөгийг төлж, 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр үлдэгдэл 3408000 төгрөгийг Төрийн сангийн 100010000955 дугаар дансанд тушаасан байна. (Хавтаст хэргийн 66 дахь тал)

 

25. 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулсан Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын 2 дугаар багийн төвийн ашиглалтгүй барилгыг худалдан борлуулах дуудлагын худалдаа хууль ёсны болж дуусгавар болсон бөгөөд ялагчаар гуравдагч этгээд У.Б  тодорсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

26. Иймд тус дуудлагын худалдаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан зарчимд нийцсэн, хуульд үндэслэсэн, хариуцагч захиргааны байгууллагын зүгээс эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн хэмжээний агуулгад нийцсэн үйл ажиллагаа явуулсан байна гэж дүгнэлээ.

 

27. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... үнэ дуудах боломж олгогдоогүй.” гэж маргажээ.

 

28. Дуудлагын худалдааны явцын тэмдэглэлд: “Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын  2 дугаар багийн төвийн ашиглалтгүй барилгын дуудлагын худалдаа Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 11 цаг 30 минутад эхэлж, дуудлагын худалдаанд оролцохоор 1.Н, 2.Г, 3.М, 4.У.Б, 5.Б.Б нар бүртгүүлсэн бөгөөд  1. 3735000, 4. 3835000, 3.3935000, 1.4035000, 4.4135000, гэж тэмдэглэж, 4 хувийн дугаартай оролцогч У.Б нь дөрвөн сая нэг зуун гучин таван мянган төгрөгөөр дуудлагын худалдааны ялагчаар тодров” гэж тэмдэглэжээ. (Хавтаст хэргийн 47 дахь тал)

 

29. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Дуудлагын худалдааны тэмдэглэлд бичигдсэн 1.Н, 2.Г, 3.М, 4.У.Б, 5.Б.Б гэсэн дуудлага худалдааны пайзны дугаартайгаар оролцсон байх бөгөөд тус дуудлагын худалдааны тэмдэглэлд 1 дүгээр пайз өргөсөн нь 1.3735000 үнийн санал,  4 дугаартай пайзтай оролцогч 3835000 төгрөгийн үнийн санал болон хамгийн сүүлд 4.4135000 гэж тэмдэглэсэн байгаа нь гуравдагч этгээд У.Бийн хэлсэн үнийн санал юм.” гэж тайлбарладаг.

 

30. Түүнчлэн нэхэмжлэгч шүүх хуралдаанд: “ Би 5 дугаарын пайзтайгаар оролцсон” талаар, гуравдагч этгээд У.Б: “4 дугаарын пайз өргөж, хамгийн өндөр үнийн санал хэлж авсан” гэж мэдүүлдэг.

 

31. Тус дуудлагын худалдааны явцын тэмдэглэлээс үзэхэд 1 дугаартай дуудлагын худалдааны оролцогч Т.Н 3735000 төгрөгийн үнийн саналыг, 4 дугаартай оролцогч У.Б 3835000 төгрөгийн үнийн саналыг, 3 дугаартай оролцогч Б.М 3935000 төгрөгийн үнийн саналыг, 1 дугаартай оролцогч Т.Н 4035000 төгрөгийн үнийн саналыг хэлсэн бол дахин 4 дугаартай оролцогч У.Б хамгийн өндөр буюу 4135000 төгрөгийн үнийн саналыг хамгийн сүүлд хэлсэн болох нь тогтоогдож байна.

 

32. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн З/ -т “дуудлагын худалдаанд биеэр буюу төлөөллөөр оролцож ялаагүй бол дэнчингээ буцааж авах” гэж заасан.

 

33.  Нэхэмжлэгч Б.Б нь 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтаар дэнчингийн үнэ болох 727000 төгрөгийг Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газраас буцаан авчээ.  (Хавтаст хэргийн 53 дахь тал)

 

34.  Хэрэгт цугларсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч Б.Б нь Архангай аймгийн Т сумын 2 дугаар багийн конторын барилгыг худалдан борлуулах дуудлагын худалдаанд оролцохдоо ямар нэг үнийн санал хэлээгүй, мөн дэнчин буцаан авсан тэмдэглэлд гарын үсгээ зурсан нь иргэн Т.Н шүүхэд өгсөн “...Тухайн дуудлага худалдаанд 2 хүн л дуудлага худалдааны пайз өргөж, үнийн санал хэлсэн. Нэхэмжлэгч Б.Б нь дуудлага худалдааны пайз өргөж үнийн санал огт хэлээгүй.” гэх, Гэрч З.Бийн “... Архангай аймгийн Т сумын 2 дугаар багийн конторын барилгыг худалдан борлуулах дуудлагын худалдаанд оролцсон оролцогч нар  дуудлагын худалдааны тэмдэглэлтэй танилцаж, гарын үсэг зурсан гэх  мэдүүлэг, Хариуцагчийн “...дуудлагын худалдааны явцад иргэн Б.Б нэг ч удаа пайз өргөж, үнэ хэлээгүй, тухайн өдрийн дуудлагын худалдааны тэмдэглэлд өөрөө гарын үсэг зурсан ...” гэх тайлбар,  тус дуудлагын худалдааны тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 

35. Шүүх диспозитив зарчмын хүрээнд буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106.5-д заасны дагуу шүүхэд гаргасан маргаан бүхий актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.

36. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.1-д зааснаар маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж гаргасан.

37. Маргаан бүхий актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь буюу субьектив эрх нь зөрчигдсөн байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн хувьд хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн байхыг шаардах бөгөөд “зөрчигдсөн” болох  нь тогтоогдсон тохиолдолд л шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасан шийдвэрийг буюу маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох шийдвэрийг гаргах боломжтой байдаг.

38. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд дуудлагын худалдаанд оролцогчийн эрх, үүргийг зааж өгчээ. Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газраас “2023 оны 3 дугаар сарын 3-ний өдөр зохион байгуулсан Архангай аймгийн Т сумын Б багийн конторын барилгыг худалдан борлуулах дуудлагын худалдаа нь оролцогч, нэхэмжлэгч Б.Бийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эрхийг нь хязгаарласан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

39. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... дуудлагын худалдаа эхлэхэд нэг оролцогч болох У.Б нь согтуу байсан ба согтуу хүн оролцуулмааргүй байна гэдэг саналыг би болон өөр нэг оролцогч хэлсэн боловч хөтлөгч Ш.Д уг саналыг хүлээж аваагүй, хариу өгөөгүй үнэ дуудаж эхэлсэн. ... Гэтэл нөгөө согтуу оролцогч Бөөс архи үнэртэж, миний дотор муухай болж үнэ дуудах боломж олгогдоогүй.” гэжээ.

40. Гэрч Б.М: “... Үнэ дуудах боломжийг бол бүгдэд нь олгосон. Согтуу хүн бол хараагүй бүгд л эрүүл байсан.” гэх, гэрч Т.Н: “... Дуудлага худалдаа өглөө эрт болсон. Тийм учраас тухайн дуудлага худалдаанд согтуу хүн байхгүй байсан.” гэх, гэрч Т.Г “Дуудлага худалдаа 11 цагт Захиргааны 1 давхрын шилэн танхимд эхэлсэн. Согтуу хүн гэж анзаарахаар хүн байгаагүй. Илт согтуу гэхээр хүн байхгүй байсан. Тийм учраас согтуу хүн байхгүй байсан байх.” Гэх мэдүүлэг зэргээс тус дуудлагын худалдаанд согтуу оролцогч байсан үүнээс үүдэж нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

 

Хоёр. Дуудлагын худалдаа явуулж байсан байрыг өөрчилсөн гэх үндэслэлийн тухайд

 

41. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 42 дугаар зүйлд Дуудлагын худалдааг хууль зөрчин явуулсанд тооцох үндэслэлийг тухайлан заасан байна. Тухайлбал, тус хуулийн 42 дугаар зүйлд “Дуудлага худалдааг хууль зөрчин явуулсанд тооцох”, Дор дурдсан үндэслэлийн аль нэг байвал дуудлагын худалдааг хууль зөрчин явуулсан гэж тооцно: 1/ товлон зарласан цагаас өмнө буюу эсхүл 1-ээс дээш цагаар хойшлуулж эхэлсэн; 2/ товлон зарласнаас өөр газар явуулсан; З/ үнийн саналын дарааллыг алдагдуулсан;4/ хорооны төлөөлөгчгүйгээр эхэлсэн, явуулсан; 5/ үнийн санал хэлж дуусаагүй байхад буюу дохио өгөөгүйгээр хаасан; 6/ үнэ хаялцуулахад хөтлөгч ба хорооны төлөөлөгч, эсхүл бүртгэгдээгүй этгээд оролцсон; 7/ дуудлагын худалдааны зарлалд заасан бусад болзлыг зөрчсөн.” гэж заасан.

 

42. Нэхэмжлэгч “...  дуудлага худалдаа эхэлсний дараа дуудлага худалдаа явуулж байсан байрыг өөрчилж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн танхим руу шилжсэн” гэж тайлбарлан маргадаг.

 

43. Хэрэгт авагдсан  Архангай аймгийн Т сумын 2 дугаар багийн төвийн конторын барилгыг худалдан борлуулах дуудлагын худалдааг 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгуулахаар зарлагдсан. Нэхэмжлэгчийн “2023 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 10 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын шилэн танхимд дуудлагын худалдаа эхэлсэн. ... үнэ дуудаж эхэлсний дараа дуудлагын худалдаа явуулж байсан байрыг өөрчилж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын танхим руу шилжсэн.” гэх тайлбар, хариуцагчийн “Дуудлагын худалдаа зохион байгуулах комисс нь 2 барилга, 3 автомашины дуудлагын худалдааг аймгийн Засаг даргын Тамгын газрын шилэн танхимд зохион байгуулсан бөгөөд дуудлагын худалдаа 11:00 цагт эхэлж Чулуут сумын Халуун ус багийн төвийн барилгыг үнэ хаялцуулан худалдсан. Дуудлагын худалдаа явагдаж байсан тус танхимд аймгийн Авто тээврийн төв, Замын цагдаагийн хэлтэс нь такси тээвэр, тээврийн үйлчилгээ эрхэлдэг иргэд, аж ахуй нэгжтэй 11:00 цагт уулзалт зохион байгуулахаар давхар зарлаж, олон хүмүүс цугласан байсан тул танхимыг сольсон.” гэх тайлбар,

 

44. Гэрч Т.Нийн: “... Дуудлага худалдааны танхимыг сольсон. Цагдаагийн байгууллагаас буюу Замын цагдаагийн тасгаас гаднаас хаалгыг татаад болж байна уу гэж асуугаад байсан.  Таксиныхтай уулзах уулзалт давхардсан тул 2 давхар руу иргэдийн Хурлын танхим руу оръё гэж хэлээд дээшээ иргэдийн Хурлын танхим руу шилжсэн.” гэх, гэрч Б.Мийн: “... Цагдаа нар буюу замын цагдаагийнхад ирсэн мотоциклийн такси болон таксиныхтай хурал хийнэ гээд дуудлага худалдааны байрыг сольсон. Дуудлага худалдааны байрыг солиод дээд давхар руу шилжин орсон.” гэх мэдүүлэг, баримтаар Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын шилэн танхимаас шилжиж Архангай аймгийн иргэдийн Хурлын танхимд дуудлагын худалдааг зохион байгуулсан байна.

 

45. Аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь нэг газарт, нэг байранд байрладаг бөгөөд тухайн байрны танхимыг дээр дурдсан нөхцөл байдлаас үүдэж өөр газар бус нэг байрын өөр танхимд шилжүүлэн зохион байгуулсныг “товлон зарласнаас өөр газар” явуулсан гэж үзэхгүй.

 

46. Нөгөөтээгүүр танхим нь солигдсоноос үүдэж нэхэмжлэгч төдийгүй дуудлага худалдаанд оролцсон бусад оролцогчийн субьектив эрхийг хөндөх нөхцөл байдал үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

47. Тийм учраас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 2/ товлон зарласнаас өөр газар явуулсан” гэсэн хуулийн эл үндэслэл тухайн тохиолдолд бүрдээгүй, эл үндэслэлээр тус дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

48. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

          ТОГТООХ нь:

 

1.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 1, 43 дугаар зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1. заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бөөс гаргасан “2023 оны 3 дугаар сарын 3-ний өдөр зохион байгуулсан Архангай аймгийн Т сумын Б багийн конторын барилгыг худалдан борлуулах дуудлага худалдааг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.ТҮВШИНТУЛГА