Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 201/МА2019/00023

 

Ш.С-ийн нэхэмжлэлтэй,

Ц.Х-т холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 05-ны өдрийн 138/ШШ2019/00510 дугаар шийдвэртэй Ш.С-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Х-т холбогдох 260 010 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ц.Х, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 08 сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.С /онлайнаар оролцсон/, хариуцагч Ц.Х, түүний өмгөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхрийн ажлын газрын захирал Цэрэндулам нь Ц.Хын найз юм билээ. Ц.Х эгч “найзаасаа чиний дугаарыг авлаа” гээд над уруу утсаар залгаж богино хугацаанд мөнгөө хоёр дахин өсгөж авах боломж байгаа талаар ярьсан. Хөдөө орон нутагт байдаг гэхээр нь би элсэхгүй гэдгээ хэлсэн. Тэгэхэд Ц.Х нь уг компанийн төв оффис нь төв номын сангийн ойролцоо байдаг, биет төлөөлөгчөөр дүүгээ явуулья гэсэн. Ц.Х эгчийн дүү Одгэрэл гэж хүн манай ажил дээр ирээд мөнгөө хэрхэн өсгөх талаар ярьсан. Их мөнгөөр элсвэл 7, 7 хоногоор ашгаа өгдөг. Хамгийн бага нь 90 еврогоор элсдэг. Багаар элсвэл нэг жилийн дараа ашиг авна гэж хэлсэн. Цаг хожиж багаар  ч гэсэн элсэх хэрэгтэй гэсэн. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ц.Х эгчийн ... гэсэн данс уруу тухайн үеийн евроны ханшаар тооцон 260010 төгрөг шилжүүлсэн. Хоёр дахин өсгөж өгнө гэхэд нь итгээд шилжүүлсэн. Нэг жилийн дараа Ц.Х эгч рүү ярихад надад хамаагүй гэсэн. Сүүлдээ миний утсыг блоклосон байсан. Тухайн үед Одгэрэл нь олон хүн элсүүлэхэд, хүний нэр шивэхэд мөнгө авдаг гэж ярьж байсан. Та нар ч гэсэн олон хүн элсүүлээд мөнгө авч болно гэж хэлсэн. Ц.Х нь миний мөнгийг яасан нь мэдэгдэхгүй байна. Ц.Х эгчийн ярьсан компани нь байдаг эсэхийг мэдэхгүй. Миний мөнгийг нөгөө компанидаа шилжүүлсэн эсэхийг ч мэдэхгүй байна. Миний хувьд нэг жилийн хугацаанд ямар нэгэн ашиг гэж аваагүй. Ашгаа жилийн дараа Ц.Х эгчээр дамжуулан авна гэж итгэсэн. Иймд Ц.Хаас 260010 төгрөгөө нэхэмжилнэ гэжээ.

Хариуцагч Ц.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 онд Questra World гэдэг гадаадын компанид хөрөнгө оруулалт хийсэн. Энэ компани нь 7 хоног бүр ноогдол ашиг олгодог байсан. Энэ үед миний бие компьютерт хүний нэр шивж сурсан учир хүмүүс нэрээ шивүүлье гэж өөрсдийн мэдээллийг явуулж нэрээ шивүүлдэг байсан. Шивсэн хүний нэр дээр аккаунт үүсээд өөрсдөө тэрийгээ хянаад явдаг байсан. Бараг нэг жилийн өмнөөс ноогдол ашгаа авч чадахаа больсон. Ноогдол ашгаа авч чадахгүй ч гэсэн ноогдол ашиг орж байгаа нь харагддаг байсан. Гэвч нэг сар орчмын өмнөөс сайт нь устаад юу ч харагдахаа больсон. Би ч гэсэн энэ компанийн хохирогч болоод явж байгаа. Ш.Сийн хувьд над уруу залгаад “...нөхрөөсөө энэ компанийн тухай сонслоо, би хөрөнгө оруулалт хийж мөнгөө өсгөх гэсэн юм, таныг шивж оруулж чаддаг гэнэ” гэж яриад өөрийн мэдээллээ явуулж шивүүлээд, мөнгөө явуулж аккаунт үүсгүүлсэн. Өөрөө над уруу залгаж, өөрийн хүслээр мөнгөө өсгөх гээд гадаадын компанид өгсөн мөнгөө надад өгсөн юм шиг нэхжээ. Тухайн үед энэ хүний аккаунтыг нээж өгөөгүй байсан бол тэр үедээ надаас мөнгөө нэхэх байсан юм. Компанийн сайт нь устаад алга болохоор өөрийнхөө өмнөөс хүнийг буруутгаж байгааг ойлгохгүй байна. Намайг утсаа салгаад алга болсон гэж гүтгэжээ. 2009 оноос хойш нэг ч удаа таслалгүй энэ дугаарыг ашиглаж байна. Ш.С өөрөө сайн дураараар гадаадын компанид хөрөнгө оруулалт хийсэн. Би энэ мөнгийг хэрэглээгүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 05-ны өдрийн 138/ШШ2019/00510 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ц.Х-аас 260010 /хоёр зуун жаран мянга арван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Ст олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8620 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 170 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Ц.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид 8450 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Ст олгож, ... шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ц.Х, түүний өмгөөлөгч Д.Урансувд нар давж заалдах гомдолдоо: “... шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхээс үйл явдал болон татгалзаж буй үндэслэлийг буруу тайлбарласнаар хуулийг буруу хэрэглэх үндэслэл болсон гэж маргаж байна.

Ш.С нь өөрийн нөхрөөсөө Questra world хөрөнгө оруулалтын компанийн талаар сонсож мэдээлэл авсан болохоо шүүх хуралдаан дээр тайлбарласан. Би Ш.С гэх эмэгтэйг огт хараагүй, танихгүй анхнаасаа  энэ компаний талаар түүнд би мэдээлэл огт өгөөгүй. Харин нөхрийнх нь компанийн захирал нь мэдээлэл өгөөд энэ компанид элсэн орох шийдвэрээ гаргасны дараа би түүнтэй холбогдсон ба гишүүнээр элсэхдээ надаар дамжуулан компьютерт шивүүлж аккуант үүсгүүлсэн. Анхнаасаа Ш.С нь гадаадын хөрөнгө оруулалтын компанид элсэн орж байгаа гэдгээ мэдсэн бөгөөд шүүх хуралдаан дээр мэдсэн болохоо тайлбарласан. Түүнээс миний компанид /би хөрөнгө оруулалтын компани байтугай өөр компани ч байхгүй/ элсэн орж байгаа биш учраас би түүнд мөнгийг нь нэг дахин өсгөж өгнө гэж авсан зүйл байхгүй шүү дээ. Энэ байдлыг шүүх ялгаж үнэн зөвөөр шийдээгүй. Нэхэмжлэл гаргахаас сарын өмнө энэ компанийн сайт устсан. Түүнээс өмнө бид адилхан л компанийн мэдээлэл авч байсан. Анх би Ш.Стэй утсаар холбогдоод дараа нь фэйсээр холбогдож бид 2 ярилцаад мэдээллийг нь шивж оруулсан ба оруулсан талаараа өөрт нь хэлж цаашид ингэж ордог гэдгийг зааж өгсөн. Үүгээрээ мэдээлэл нь орж хөрөнгө оруулалт нь тухайн компанид шилжсэн гэсэн үг. Хэрвээ мөнгийг нь компанид шилжүүлээгүй бол гишүүнээр элсэн орсон тухай мэдээлэл огт үүсэхгүй. Мэдээллийг нь компьютерт шивж оруулсан болохоо маш сайн мэдэж байгаа ба түүний нэрээр үүссэн аккуантад өөрөө л цаашид хандаж орох эрхтэй, надад биш Ш.Ст мэдээлэл нь харагддаг. 1 удаа орсон болохоо надад хэлээд дахин юм асууж байсан. Хэрвээ тухайн хугацаанд нь мэдээллийг нь шивж хөрөнгө оруулалт хийгээгүй байсан бол надад тэр даруйд нь хандах ёстой баймаар юм. Гэтэл компанийн сайт устсанаас хойш шүүхэд хандсан нь зөвхөн өөрийгөө л бодсон хэрэг. Би ч гэсэн энэ компанид хөрөнгө оруулалт оруулсан. Адилхан л хохироод явж байгаа. Бидний хэн аль нь мөнгөө өсгөх гэж энэ компанид элссэн шүү дээ. Хэрвээ өөрөө компьютерт сайн ажиллаж чаддаг байгаад өөрийнхөө мэдээллийг өөрөө шивж оруулсан байвал хэнээс мөнгөө нэхэх вэ. Надаар дамжуулан олон хүн хөрөнгө оруулалтын компанид гишүүнээр элсэхдээ мэдээллээ шивүүлж орж байсан. Би нэг ч хүний мэдээллийг буруу шивээгүй, хоцроогоогүй, оруулахгүй хохироож байгаагүй. Эргээд хүн нэмэгдэхэд эхлээд орсон хүмүүст ашиг нь бага ч атугай орж байдаг тул хэн орж ирж байгаа хүнийг оруулахгүй хохироох билээ дээ. Миний хэлний болон интернэтээр харьцах чадвар бусдад олзлогдон тусалсны хариуд би буруутан болно гэдэг нь шударга бус явдал. Би тэр хүнийг над руу мөнгө шилжүүлсэн гэж маргаагүй. Гэхдээ энэ мөнгийг би өөртөө хэрэглэсэн гэсэн үг биш л дээ. Хэрвээ энэ сайт нь устаад алга болохоор нь өөрийнхөө оруулсан хөрөнгийг үр ашиггүй болгохгүйн тулд намайг хохироож болмооргүй юм. Би дээд боловсролтой, багш мэргэжилтэй, олон жил ардын олон хүүхдүүдийг физикийн шинжлэх ухаанд нэвтрүүлэх гэж хүчин зүтгэж яваа жирийн нэгэн сэхээтэн эмэгтэй. Хэзээ ч надаас ийм муу муухай луйврын үйл хийх ёс суртахуун гарахгүй. Маш их ажилтай байдаг учраас гишүүн элсүүлэх талаар мэдээлэл хүргэдэггүй байсан. Харин элссэн хүмүүсийн ажилд туслан тэдний гуйлтаар тус болж байсан явдал өөртөө гай авчирна гэж бодоогүй. Монгол улсад байгаа сүлжээний бизнес яг л ийм байдаг юм байна.

Миний зүгээс яагаад компьютерт шивж байсан болох талаараа, мэдээлэл яаж оруулж, аккуант үүсгэдэг талаараа, нэхэмжлэгч нарт аккуант үүсгэж өгсөн талаараа нотолсон байтал ИХШХШТХ-ийн 25.2.2, 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж шүүх дүгнэсэн нь хэргийн үйл явдал, нотлох баримтад зөв дүгнэлт хийж чадаагүйгээс хуулийг буруу хэрэглэж байна гэж үзсэн юм. Харин эсрэгээрээ би аккуант үүсгэсэн гэж татгалзаж байхад нэхэмжлэгч өөрийн шаардлагаа нотлох ёстой. Мөнгө шилжүүлсэн баримтын дагуу иргэний хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байх гэж шүүх өрөөсгөл дүгнэлт хийсэн. Энэ мөнгө шилжиж ирснээр би түүний нэрээр хөрөнгө оруулалт хийж өгсөн. Над руу мөнгө явуулна гэдэг нь надад хөрөнгө оруулалт хийж байгаа биш. Би түүний ямар нэгэн зорилгод хүрэх үйл ажиллагааг дамжуулах үүрэгтэй болсон гэдэг нь үйл явдлаар тодорхой байна. Түүний хүсэлтийг биелүүлэхдээ би заавал төлбөр авах шаардлагагүй. Би хүний мэдээллийг шивж аккуант үүсгэхдээ нэг ч хүнээс урамшуулал авч байгаагүй. Гэтэл шүүх төлбөртэй мэт ойлголт төрүүлж хуулийг хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь өрөөсгөл байна. Эдгээр шүүхийн шийдвэрт гаргаж буй үндэслэлүүдийг хянан үзэж Ш.С болон Ш.С, Questra world компани, бидний хооронд болсон хөрөнгө оруулалтын үйл явдлыг зөв ялган шударгаар тогтоож, түүний өмнө хүлээсэн мэдээллийг шивж оруулах үүргээ биелүүлсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

 

                                           ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Ш.С нь хариуцагч Ц.Х-аас 260010 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ш.С нь Questra World гэх гадаадын компанид хөрөнгө оруулалт хийх зорилгоор 2017 оны 10 сарын 27-ны өдөр 90 евро /тэр үеийн ханшаар/ буюу 260010 төгрөгийг хариуцагч Ц.Х-ын ХААН банкны ... тоот дансанд шилжүүлсэн байна. Энэ талаар талууд маргаагүй байна. /хх-ийн 5 дахь тал/

Хариуцагч Ц.Х нь нэхэмжлэгчээс шилжүүлж авсан 260010 төгрөгийг Questra World гэх гадаадын компани руу шилжүүлсэн гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа боловч татгалзлын үндэслэлээ нотлосон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-д заасантай нийцээгүй байна.

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Х, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч Ц.Хаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 05-ны өдрийн 138/ШШ2019/00510 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Х, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 8450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

     

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.НАРАНБАЯР

                                                                                       Ж.ДОЛГОРМАА

                                                                                       З.ЭНХЦЭЦЭГ