Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2021/ДШМ/58

 

С.Б, Ш.Э нарт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгч Ш.Э /цахимаар/

Шүүгдэгч С.Б /цахимаар/,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Гансүх /цахимаар/,

Нарийн бичгийн дарга Н. Номинчулуун нарыг оролцуулан,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ш.Э, С.Б нарт холбогдох 1929002290065 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

Монгол Улсын иргэн,

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Ц сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байсан Ш.Э, хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан С.Б нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-ийн байранд шалгалтын ажиллагаа явуулан илрүүлсэн зөрчлийг Цагдаагийн байгууллагын нэгдсэн бүртгэлд оруулалгүйгээр албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд БНХАУ-ын иргэн J-аас 3000 юань буюу 1.175.580 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь шүүгдэгч Ш.Э, С.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Д овогт Ш-н Э, Б овогт С-н Б нар бүлэглэн нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 3.000 юань буюу 1.175.580 төгрөгийн хахууль авсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э, С.Б нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 10.000 / арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э, С.Б нарт оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ш.Э, С.Б нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар Ш.Э-н эзэмшлийн “Тоёота Премио” маркийн суудлын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол болон шилжилт хөдөлгөөнийг зогсоосон арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийг эзэмшигч Ш.Э-д буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээх, ханз үсгэн бичиглэл бүхий сонингийн цаасанд боосон нунтаг цагаан бодис / 10 грамм/, НӨАТ-ын баримтын цаасанд боосон бага зэргийн нунтаг цагаан бодис / 3 грамм/, 10 см-ийн өргөнтэй, цаасан дамрыг ороож хуйлсан тугалган цагаан цаас 1 ш, хөх, ягаан, тунгалаг өнгийн тамхины асаагуур 4 ширхэг, 10 см-ын урттай, 0.5 мм-ийн диаметртэй, дотроо нунтаг зүйлийн үлдэцтэй цайвар өнгийн төмөр соруул 1 ширхэг, БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт 1 юанийг хуйлж ороосон соруул мэт зүйл 1 ширхэг, гадаргуу дээр нь ямар нэгэн зүйл шатаасан, түлсэн ул мөрүүдтэй, зарим хэсэгтээ цоорч, атирч хунирсан, хамгийн том нь 5*9.5 см, хамгийн бага нь 6*2.5 см хэмжээтэй, өөр хоорондын ижил бус дүрстэй нийт 7 ширхэг тугалган цаас зэрэг зүйлүүд нь Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны хар тамхитай тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа ба үүнийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хар тамхитай тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3.000 юанийг гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого гэж үзэж, 3.000 юанийг хурааж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч Ш.Э, С.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Э, С.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлнэ гэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүх нь давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хэргийг нотолж чадаагүй байхад хэргийг шийдвэрлэж миний үйлчлүүлэгч нарыг гэм буруутайд тооцлоо.

Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст “Т” ХХК-ны байранд хятадууд мансууруулах бодис хэрэглэж байна гэсэн мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу мөрдөгч ахмад Батжаргал, Эрүүгийн мөрдөгч ахлах дэслэгч Ш.Э, хэсгийн төлөөлөгч ахлах дэслэгч С.Б нар очиж шалгалт хийж БНХАУ-ын иргэн J буюу Б.З гэж нэрлээд байгаа хятад иргэн Ми ми гэдэг мансууруулах бодис хэрэглэж байгааг олж тогтоон саатуулж цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн байна. С.Б Б.З-н биед үзлэг хийж 3000 юань, паспортыг нь авч үлдэн маргааш өглөө ир гэж явуулсан ба маргааш өглөө нь Б.З-т гэх хятад иргэн нэг иргэний хамт паспортын хугацаа дуусаж байгаа учир сунгуулаад  ирнэ гэж хэлээд ор сураггүй алга болсон байна.

Б.З-н “С.Б Цагдаагийн хэлтэс дээр ирээд №7 өрөөнд оруулж мансууруулах төрлийн МИ МИ бодис татлаа гэж хууль тайлбарлаж өгсөн, тэгээд би өөрөө торгуулъя гэж гуйсан. Тэгээд намайг 10.000 юаниар торгоно гэхээр нь гуйж байгаад 3000 юаниар торгуулсан, тэгээд паспортаа аваад явсан хажууд хамт нэг хүн байсан” гэх мэдүүлэг, Мөн Цагдаагийн ерөнхий газраас шалгалтаар ирсэн Д.Нандинжаргалын хийсэн бичлэг дээр Б.З-н “ би 3000 юаниар торгуулсан” гэж мэдүүлсэн энэ хоёр материалд тулгуурлан С.Б, Ш.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан “бүлэглэн гүйцэтгэх” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авсан” гэм буруутайд тооцож яллаж байгаа нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна.

Ш.Э нь энэ хэрэгт ямар ч хамааралгүй болох талаар хавтас хэрэгт авагдсан материалаар тогтоогдоогүй. Шүүхийн хэлэлцүүлэгт ч өөрөө болон С.Б мэдүүлж байгаа юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл “Шударга ёсны зарчим” 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн. С.Б нь тухайн цаг үед ажлын хариуцлага алдсан ба бусдаас шаардсан авсан үйлдэл байхгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг зөрчиж Б.З-с мэдүүлэг авч бичлэг хийсэн. Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтоож чадаагүй бөгөөд хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасны дагуу зөвтгөж шийдэж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор В.Төгсбаяр дүгнэлтдээ “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зөрчөөгүй, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүхийн давж заалдах журмаар гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь шүүгдэгч Ш.Э, С.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Ш.Э, С.Б нар нь  Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч, хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-ийн байранд шалгалтын ажиллагаа явуулан илрүүлсэн зөрчлийг Цагдаагийн байгууллагын нэгдсэн бүртгэлд оруулалгүйгээр албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд БНХАУ-ын иргэн J-аас 3000 юань буюу 1.175.580 төгрөгийн хахууль авч, бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж үзэн тэднийг бүлэглэн нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 3.000 юань буюу 1.175.580 төгрөгийн хахууль авсан гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоол гаргасныг шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Гансүх эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад,

Мөрдөгч комиссар Г.Гантулгын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр үйлдсэн тэмдэглэлд С.Б-с БНХАУ-ын 100 дэвсгэртийн 30 ширхэг юанийг хураан авсан тухай, Прокурорын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад “... БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт болох 3000 юань ... хэрэгт хавсаргагдсан болно.” гэж, анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/102  дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд “...Даргалагчаас: Хэрэгт хяналт тавьсан прокурор эд мөрийн баримтыг шинжлэн судалъя гэхэд, Улсын яллагч: Эд мөрийн баримтаар БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт болох 3000 юань .. шинжлэн судлав...” гэж тус тус тусгагдсан ба шүүх уг гадаад валютын талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3000 юанийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэн, 3000 юанийг хурааж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлсүгэй” гэж шийдвэрлэсэн байна./хэргийн 1 дүгээр хавтасны 234-235 дугаар хуудас, 2 дугаар хавтасны 221 дүгээр хуудас, 3 дугаар хавтасны 10, 21 дүгээр хуудас /

Эд мөрийн баримтад хэргийн бодит байдлыг тогтоох эсхүл  сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, эд зүйлийг тооцдог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Хавтаст хэргийн материал, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хүлээн авах, хадгалах, шилжүүлэх, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох, улсын орлого болгох болон энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т заасан ажиллагааны журмыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор хамтран батална” гэж заасны дагуу  Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 36, А/68 дугаар хамтарсан захирамж, тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журам” батлагдсан.

Шүүх эд мөрийн баримтаар хураагдсан гэх гадаад валютыг хэзээ хэрхэн хүлээн авсан, хаана ямар журмын дагуу хадгалж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул мөрдөн шалгах болон прокурорын байгууллага, шүүхээс эд мөрийн баримтаар хураагдсан гэх дээрх гадаад валютын талаар явуулсан ажиллагаа, шийдвэр нь “Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримт шийдвэрлэх” журмын дагуу явагдаагүй гэж үзнэ.

Уг гадаад валют анхан шатны шүүхэд байсан болох нь давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор болон өмгөөлөгч нар нь анхан шатны шүүх хуралдаан дээр цаасан уутанд хийсэн байсныг шинжлэн судалсан талаар тайлбарласнаар тогтоогдож байна.

Түүнчлэн тухайн хэрэгт эд мөрийн баримтаар авагдаж, шүүхэд шилжиж ирсэн гэх эд зүйл нь хэргийн бодит байдлыг тогтооход хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхэд шүүхээс дүгнэлт хийгээгүй, мөн уг эд зүйлийг хууль, журамд нийцүүлэн шийдвэрлээгүй шүүхийн шийдвэрийг хууль бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5, 3 дахь хэсгийн 3.1-т заасан шүүхийн тодорхойлох хэсэгт тусгавал зохих зүйлийг тусгаагүй шийдвэр гаргасан зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй, энэ нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих үндэслэл болж байх тул шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Өмгөөлөгч П.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 346 дугаартай албан бичигт  “... С.Б, Ш.Э нарт холбогдох 1929002290065 дугаартай эрүүгийн хэргийг хүргүүлэв. 3 хавтас, 527 хуудас” гэж бичигдсэн ба эд мөрийн баримтаар дурдаагүй, эд мөрийн баримт давж заалдах шатны шүүхэд ирээгүй болохыг дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол С.Б, Ш.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

  

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Н.НАСАНЖАРГАЛ

                                  ШҮҮГЧИД                    Х.ГЭРЭЛМАА

                                                                       Ц.ОТГОНЦЭЦЭГ