Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2024/00353

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 18 өдөр  Дугаар 183/ШШ2024/00353 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, шүүгч Б.Ганцэцэг, О.Чулуунчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,  Б******* овогт Ж*******гийн Д******* ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, Их мянган овогт Ж*******жавын М*******-О 

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  Боржигин овогт Ахайгийн Э*******  холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 17,275,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ж.Д*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О,

Хариуцагч Ж.М*******-Од, А.Э*******,

Иргэдийн төлөөлөгч Н.Я,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Д******* нь гэм хорын хохирол 17,275,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Э*******т холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Үүнд: Ж.Д******* миний бие 2023 оны 9 дүгээр сарын 16-ны шөнө 23 цагийн орчим өөрийн ********** Тоёота Такхома маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ Баянгол дүүргийн 20 дугаар хороо Гурванжингийн гүүрний орой дээр тээврийн хэрэгсэлтэйгээ зорчин хөдөлгөөнд оролцож байхад Тээврийн Цагдаагийн алба хаагчид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор тандагч багажаар үлээлгэж байсан ба Цагдаагийн алба хаагч таныг өөр багажаар шалгах шаардлагатай байна та тухайн тээврийн хэрэгслийг зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд байрлуулчих гэж хэлсний дагуу 1-р эгнээнд цоожлон үлдээсэн байхад Цагдаагийн алба хаагчид таны тээврийн хэрэгслийг ********** улсын дугаартай Тоёота Приус маркийн авто машины жолоодон явсан Ж.М гэгч мөргөсөн байна гэхээр нь ирж харахад миний машиныг Ж.М гэгч нь мөргөсөн байдалтай байсан. Цагдаагийн байгууллага Зөрчил шалган шийдвэрлэх ажил ажиллагаа явуулахад Ж.М гэгч нь өөрийн нэрийг Э овогтой М гэж худал хэлсэн байдаг ба тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж Ахай овогтой Э*******ийн өмчлөлийн тээрийн хэрэгслийг унаж яваад зам тээрийн осол гаргаж Ж.Д******* нь миний автомашиныг мөргөж эд хөрөнгөд хохирол учруулсан. Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа хийгдэх явцад Ж.Д******* миний 31-49 УНӨ Тоёота такхома маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг тогтоолгохоор үнэлгээ хийлгээд ир гэсэн тэгэхээр нь би Тэнцвэр Эстимэйт ХХК-аар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн, хөрөнгийн үнэлгээгээр миний автомашинд 17,275,000 төгрөгийн хохирол учирсан гэх үнэлгээ гарсан боловч надад энэ үнэлгээний төлбөрийг төлөх мөнгө, төгрөг байхгүй тул албан ёсны үнэлгээний баримт байхгүй. Баянгол дүүргийн Замын Цагдаагийн газраас Ж.М-н Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэж 200,000 нэгжээр торгож шийдвэрлэсэн ба шийдвэрийг үндэслэж Ж.М-г Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн төлбөрийг төлөөд үнэлгээний тайланг аваад өг гэхээр авч өгөхгүй байгаа тул өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг А.Э*******, Ж.М нараас гаргуулж хохиролгүй болох хүсэлтэй байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу ззэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэснийг хуулийн заалтыг үндэслэж байна. Иймд ********** улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашины эзэмшигч А.Э******* болон жолоодон явсан Ж.М*******-Од нараас Ж.Д******* миний ********** Тоёота такхома маркийн тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорыг арилгуулах тухай шаардлагыг гаргаж байна, гэжээ.

 

Хариуцагч А.Э******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие А.Э******* нь 2023 оны 9 дүгээр сарын 16-ны шөнө 22 цаг 30 минутын орчим найз Мөнгөнтуяа нь тэмцээнд оролцож байх явцдаа гар болон мөр нь гэмтчихлээ гэхэд миний бие өөрөө тээврийн хэрэгсэл жолоодож явахад эрүүл мэндийн шалтгаантай байсны улмаас найз Ж.М-д хэлж эмнэлгийн тусламж үзүүлээд өгөөч гэж гэсний дагуу ГССҮТ рүү явсан. Эмнэлэгт хүргэж өгөөд буцаж явах үедээ Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Гурвалжингийн гүүрэн дээр осол гаргасан байсан. ********** Приус 20 маркийн автомашин нь Гуртын тавилан ЗГБХ Нөхөрлөлын нэр дээр байдаг нэр шилжүүлэх гэхээр тус байгууллага нь хуулийн маргаантай, захирал нь нас барсан шинээр захирал томилогдоогүй гэсэн шалтгаанаар нэр шилжүүлж өгөөгүй. 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэн Э овогтой М-с худалдан авсан боловч тухайн иргэн тус байгууллагад зээлийн үлдэгдэлтэй байсныг төлж барагдуулсан ч, өр авлагын асуудал байхгүй тул тухайн тээврийн хэрэгслэлийг нэр дээрээ шилжүүлэх гэхээр тус байгууллагын захирал нас барсан шалтгааны улмаас шилжүүлээгүй байсан юм. 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гарсан ослын улмаас миний бие эд хөрөнгөөрөө хохирсон. Өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээ 10 орчим сая төгрөг болж байна. Шинээр сэлбэг авах, засвар, ажпын хөлс гэх мэтчилэн их хэмжээний мөнгө шаардлагатай байна. Миний бие энэ их мөнгийг гаргаж өөрийн тээврийн хэрэгслэлээ янзлах боломж байхгүй. 2018 оноос хойш 3 хүүхдийн хамт өрх толгойлж амьдардаг. Эрүүл мэндийн хувьд шалтгаантай. Ж.М-дтой ямар нэгэн садан төрөл, гэр бүлийн харилцаагүй. Иргэн Ж.Д-н нэхэмжилж байгаа мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч чадахгүй төлөх боломж байхгүй, гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгч Н.Я шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Би ч гэсэн тээврийн хэрэгслээ хүнд өгч явуулдаг болохгүй юм байна гэдгийг өнөөдрийн шүүх хуралдаанаас ойлголоо. Шүүх хуралдааны явцад тээврийн хэрэгслийн эзэмшигчийн асуудал гарч ирсэн боловч хариуцагч А.Э******* нь уг тээврийн хэрэгслийн эзэмшигч гэдгээ амаар зөвшөөрсөн тул уг тээврийн хэрэгслээс үүдэлтэй үүссэн зам тээврийн ослын төлбөрийг барагдуулах үүрэгтэй гэж үзэж байна. Хэдийгээр хариуцагч А.Э******* өөрийн биеэр бусдад хохирол учруулаагүй хамтран хариуцагч Ж.М гэм буруутай гэж үзэж байна. Гэхдээ нэхэмжлэгч бас өөрөө зарим нэг зүйлд буруу байна. Эдгээр зүйлийг харгалзан хохирлыг арилгах нь зүйтэй гэж үзэж байна, гэжээ.

 

Нэхэмжлэгчээс 2023.09.16-ны өдрийн Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, иргэний үнэмлэхийн лавлагаа, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Холбогдогч жолоочийн биеийн байцаалт, Гуртын тавилан ЗГБХН гаргасан хүсэлт, 2023.09.27-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2023.10.09-ний өдрийн шийтгэлийн хуудас, Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан,

 

Хариуцагч нараас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбар, Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичгийн баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Д******* нь хариуцагч Ж.М, А.Э******* нарт холбогдуулан гэм хорын хохирол 17,275,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч хариуцагч Ж.М холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч А.Э*******т холбогдуулан гэм хорын хохиролд 17,275,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шүүх хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Ж.М нь 2023 оны 9 дүгээр сарын 16-ны шөнө 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хороо Гурванжингийн гүүрний орой дээр зорчих хөдөлгөөнд оролцож байхдаа нэхэмжлэгч Ж.Д*******гийн эзэмшлийн ********** улсын дугаартай Тоёота Такхома маркийн автомашиныг зогсож байхад нь мөргөж хохирол учруулсан болох нь Тээврийн цагдаагийн албаны 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, холбогдогчоос авсан тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.

 

Хариуцагч А.Э******* нь ...Toyota Prius маркийн ********** улсын дугаартай автомашиныг Гуртын тавилан ЗГБХ нөхөрлөлтэй уг машины өмнөх өмчлөгч зээлийн гэрээ байгуулж, зээлээр худалдаж авсан байх ба тээврийн хэрэгсэлийг өмчлөлд шилжүүлэх гэрээгээр уг автомашиныг Гуртын тавилан ЗГБХ нөхөрлөлийн өмчлөлд шилжүүлсэн. Би өмнөх өмчлөгчөөс нь 24-13 УНО улсын дугаартай автомашиныг худалдан авсан. Тээврийн хэрэгслийг А.Э******* би өөрийн өмчлөлд шилжүүлэх гэтэл Гуртын тавилан ЗГБХ нөхөрлөлийн захирал нас барсан тул одоогоор өөрийн өмчлөлд шилжүүлж авч чадаагүй, уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь А.Э******* би өөрөө мөн тул эзэмшлийн талаар маргахгүй, харин уг ослыг би үйлдээгүй, нэхэмжлэгч тээврийн хэрэгслээ зогсох ёсгүй гүүрэн дээр тавьснаас болж осол гарсан мөн тухайн үед нэхэмжлэгч согтуугаар тээврийн хэрэгслээ жолоодсноос уг осол гарсан, миний бие өрх толгойсон эмэгтэй тул төлбөр төлөх боломжгүй, өөрийн машинд ч мөн адил хохирол учирсан.Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, 499 дүгээр зүйлийн 499.4-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус заажээ.

 

Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2023.09.18-ны өдрийн №19184/ДД№27627560 дугаартай үнэлгээний тайлангаар нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд 17,275,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ, 89.2-т Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна, 89.3-т Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна гэж тус тус заасан бөгөөд Toyota Prius маркийн ********** улсын дугаартай автомашины өмчлөлийн талаар хариуцагч А.Э******* маргаагүй, нэхэмжлэгчийн тайлбараар тээврийн хэрэгслийн өмчлөгч болох нь мөн тогтоогдож байна. Тиймээс шүүх энэ талаар дахин нотлох баримт цуглуулах, эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй тул нэхэмжлэгч Toyota Prius маркийн ********** улсын дугаартай автомашины өмчлөгч хариуцагч А.Э******* гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасан бөгөөд зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдалд нэхэмжлэгч Ж.Д******* нь 0,69 хувийн согтууруулах ундаа хэрэглэсний улмаас гүүрэн дээр буюу зогсох ёсгүй газар цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслийг зогсоосон үйлдэлд хохирогчийн эс үйлдэл, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг тус тус харгалзан хариуцагчид хариуцах гэм хорын хэмжээг 30 хувь буюу 5,182,000 төгрөгөөр багасгах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд хариуцагч А.Э*******ээс 12,092,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэн 5,182,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1, 499.4, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.Э*******ээс 12,092,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Д*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,182,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.М холбогдох гэм хорын хохиролд 17,275,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Д*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,452 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Э*******ээс 208,430 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Д*******д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.ОЮУНБИЛЭГ

 

ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ

 

О.ЧУЛУУНЧИМЭГ