| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2023/03222/И |
| Дугаар | 183/ШШ2024/00421 |
| Огноо | 2024-01-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2024/00421
2024 оны 01 сарын 22 өдөр Дугаар 183/ШШ2024/00421 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Ф ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, Б******* овогт Г*******ын Б*******,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, Б******* д******* х******* овогт Х*******ын А******* нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 177,787,375 төгрөг гаргуулж, фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Фин экспресс ББСБ ХХК нь 177,787,375 төгрөг гаргуулах, фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Б*******, Х.А******* нарт холбогдуулан гаргасан Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Зээлдэгч Г******* овогтой Б******* болон хамтран зээлдэгч Х.А******* нар нь Фин Экспресс ББСБ ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ********** дугаартай Зээлийн гэрээ болон ********** дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ байгуулан 110,000,000 төгрөгийн зээлийг сарын 2,5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлсэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2021/01911 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Х.А*******, Г.Б******* нарыг эрэн сурвалжилж оршин суух хаягийг тодорхойлсон. Зээлдэгчтэй удаа дараа холбогдож зээлээ төлөхийг сануулсан, төлнө гэсээр байгаад өнөөдрийг хүрлээ. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 110,000,000 төгрөг, зээлийн хүү 57,046,553,47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,740,821,91 төгрөг, нийт 177,787,375,38 төгрөг гаргуулах, фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч Х.А******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Энэхүү зээлийг авч экскаватораа янзлан ажилд гаргахаар бэлдэж ажиллуулж байсан. Тухайн үед хүүгээ сар бүр төлөөд явж байсан. Экскаватороо 2020 оны 9 дүгээр сараас өөр ажилд гарган Энхбаатар гэх хүнтэй ярилцаад ажилд гаргасан боловч өнөөдрийг хүртэл нэг ч сарын түрээсээ авч чадалгүй экскаватороо хаана байгааг ч мэдэхгүй луйвардуулаад явж байна. Яг энэ асуудлаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар Энхбаатар гэх хүн холбогдуулан 2022 оны 10 дугаар сард өргөдөл гаргаж өгсөн одоог хүртэл экскаватороо олж авах мөн 2 жилийн түрээсийн төлбөрөө гаргуулж авахаар Өнөболд ахлах дэслэгч байцаагч дээр шалгуулж байна, гэжээ.
Хариуцагч Г.Б******* шүүхэд хариу тайлбар гаргаж өгөөгүй.
Нэхэмжлэгчээс шүүхэд төлөөлөх нэхэмжлэл, иргэдийн зээлийн хүсэлтийн тухай мэдээлэл, иргэдийн зээлийн хүсэлтийн тухай мэдээлэл, зээлийн хүүгийн тооцоолол, зээлийн гэрээний мэдээлэл, Фин экспресс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэсийн албан бичиг, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэсийн албан бичиг, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Ханан шишгэд ХХК-ны хүсэлт, 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн Ханан шишгэд ХХК-ны хүсэлт,техникийн тодорхойлолт, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн автомашин барьцаалсан зээлийн гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ зэрэг баримтыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч нараас хариу тайлбар, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ф ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 177,787,375 төгрөг гаргуулж, фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Б*******, Х.А******* нарт холбогдуулан гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шүүх хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Ф ХХК нь Г.Б*******, Х.А******* нартай 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр №ЗГ20-0002 дугаартай Автомашин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж, 110,000,000 төгрөгийг, жилийн 30 хувь, сарын 2.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан нь хэрэгт авагджээ. / х.х 20-21 тал/
№********** дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр №********** дугаартай Mercedes Benz GLA 180 маркийн ********** улсын, ********** арлын дугаартай 2006 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн суудлын автомашин, Hyundai Robex 5000LC маркийн ********** улсын, ********** арлын дугаартай 2009 онд үйлдвэрлэгдсэн шар өнгийн механизм автомашиныг тус тус барьцаалсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ байгуулсан байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр №********** дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тус тус хангуулахаар байгуулсан №********** дугаартай барьцааны гэрээ Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 235 дугаар зүйлийн 235.1-д нийцсэн хүчин төгөлдөр фидуцийн гэрээ байх тул шаардах эрхтэй байна.
Хариуцагч зээлийн хүүнд нийт 54,430,158 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулсан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр дуусгавар болсон. Хариуцагч Г.Б******* зээлийн гэрээний хугацааг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгаж, зээл төлөх үүргээ биелүүлээгүй хариуцагч үүргийн зөрчил гаргасаар байхад нэхэмжлэгчээс шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасан байдаг бөгөөд зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1-т заасан гэрээ дуусгавар болгох, цуцлах эрхээ нэхэмжлэгч шударгаар хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заажээ.
Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахалтай холбоотойгоор хорио цээрийн дэглэм тогтоосон цаг хугацаанд хариуцагч нарын зээлийн гэрээний үүрэг төлөх хугацаа дууссан, нэхэмжлэгч гэрээний хугацааг сунгах арга хэмжээ аваагүй, эдийн засгийн хүндрэл үүссэн нөхцөл байдлын улмаас үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй явдалд бүхэлд нь буруутгах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
Иймд хариуцагчийн зээлийн хүүгийн төлбөрт төлсөн мөнгөн төлбөрийн хэмжээ, Ковид-19 цар тахлын нөхцөл байдал, гэрээг шударгаар биелүүлэх зарчмыг тус тус харгалзан зээлийн гэрээний үүрэгт нийт 120,740,821 төгрөгийг хариуцагч Г.Б*******, Х.А******* нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож, хүү болох 57,046,553 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй..
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,117,086 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б*******, Х.А******* нараас 761,654 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ф ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл*******эд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 222 дугаар зүйлийн 222.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Б*******, Х.А******* нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 120,740,821 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ф ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 57,046,553 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,117,086 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б*******, Х.А******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 761,654 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ