Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2024/00520

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 29 өдөр Дугаар 183/ШШ2024/00520  Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, Б******* овогт Адъяагийн Б*******  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, С*******гийн Ж******* д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 210,900,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А.Б*******, С.Ж******* нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э*******,

Хариуцагч С.Ж*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.У*******,

Гэрч С.М*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Б******* нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Үүнд: С.Ж******* нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр А.Б******* надтай Зээлийн гэрээ байгуулж 145,600,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатайгаар, хүүгүй зээлсэн. Уг зээлийн гэрээний барьцаа болгож Б байрлах 180 м.кв талбайтай дутуу баригдсан хувийн сууц болон 2 ширхэг автозогсоолын хамт 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Барьцааны гэрээний дагуу барьцаалсан билээ. Зээлийг гэрээний хугацаа дуусахад төлнө гэсэн боловч 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөгийг төлснөөс өөр огт төлөлт өнөөдрийг хүртэл хийхгүй байна. Зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш удаа дараа утсаар ярьж болон уулзаж шаардсан боловч тодорхой шалтгаан нөхцөл тайлбарлан хойшлуулсаар өнөөдрийг хүрлээ. Хамгийн сүүлд 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр С.Ж******* нь эхнэрийн хамт уулзаж, "хөрөнгө оруулалт удахгүй орж ирнэ, улмаар барилгын дэд бүтэц шийдэгдээд барилга сууцаа зараад удахгүй өгнө" гээд өөрийн гараар бичиг бичиж өгөөд өнөөдрийг хүртэл нэг ч зээлээс төлбөр төлөөгүй тул энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Иймд зээлдэгч С*******гийн Ж*******аас 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 140,600,000 төгрөг, гэрээний 3.7-т заасны дагуу алданги тооцон 70,300,000 төгрөг, нийт 210,900,000 төгрөгийг иргэн Адъяагийн Б******* надад гаргуулан өгч, зээлийн үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б тоот 180 м.кв талбайтай дутуу баригдсан хувийн сууц болон 2 ширхэг автозогсоол зэрэг хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангаж хохиролгүй болгож өгнө үү, гэжээ.

 

Хариуцагч С.Ж******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

1. С.Ж******* нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр А.Б*******тэй 145,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч уг зээлсэн гэх мөнгө хариуцагч С.Ж*******ы данс руу шилжүүлсэн болон түүнд бэлнээр мөнгө өгсөн зүйл огт байдаггүй. Тухайн үед зээлийн гэрээ байгуулахдаа нэхэмжлэгч А.Б******* гэрээг барьцааны гэрээтэй байгуулаад 145,600,000 төгрөгийг хариуцагч С.Ж*******д өгнө гэсэн боловч одоог хүртэл нэг ч төгрөг өгөөгүй билээ. Зээлийн гэрээ байгуулсны дараа А.Б******* нь дээр дурдсан 145,600,000 төгрөгийг С.Ж******* надад олгоно гэж миний бие ойлгосон. Ийнхүү мөнгө хүлээн авсны дараа С.М*******тай зээлийн зарцуулалт болон эргэн төлөлтийн талаар нухацтай ярьж өөрийн зүгээс ийм эрсдэл хүлээх шаардлага байгаа эсэх, зээлээс татгалзах эсэх талаар тохиролцон зохих баримт бичиг үйлдэнэ гэж төлөвлөж байсан боловч А.Б******* нь уг мөнгийг надад өгөөгүй.

2. Нэхэмжлэгч А.Б******* нь уг зээлсэн гэх 145,600,000 төгрөгөөс 130,000,000 төгрөгийг иргэн С.М*******ын зээлийн барьцааны төлбөрийг Хас банкинд төлсөн байдаг ба энэ нь баримтаар нотлогддог бөгөөд үлдэгдэл 15,600,000 төгрөгийг хэнд өгсөн нь тодорхой бус байдаг. Маргааш өглөө нь С.М*******аас мөнгөний талаар лавлахад би 130,000,000 төгрөгийг А.Б*******гээс аваад Хас банкинд тушааж дуудлага худалдаанаас өөрийн барьцааны хөрөнгөө чөлөөлүүлсэн харин 15,600,000 төгрөгийг А.Б*******гээс асуу гэж хэлсэн. Төд удалгүй А.Б******* над руу утасдаж би С.М******* гуайд тусалж байгаа учраас түүнд 130,000,000 төгрөг өгсөн. Харин 15,600,000 төгрөгийг зээлийн хүүнд тооцсон гэж хэлсэн. А.Б******* нь нотариатч Б.Алтанцоожид зээлд хүү тооцохгүй гэж хэлж гэрээнд хүүгүй гэсэн заалт оруулуулсан байдаг.

3. Нэхэмжлэгч А.Б******* 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч С.Ж*******ыг зээлсэн мөнгөнөөс 5,000,000 төгрөгийг төлсөн мэтээр бичсэн байгаа үндэслэлгүй юм. Учир нь уг мөнгийг хариуцагч С.Ж******* зээлийг хүлээн зөвшөөрч төлсөн зүйл байдаггүй ба түүний гэр бүлийн хүн С.М*******ын зээлнээс төлсөн байдаг. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар "Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн Өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан.......мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ гэсэн байгаа бөгөөд зээлдүүлэгч А.Б******* зээлдэгч С.Ж*******д зээлийн гэрээгээр тохирсон 145,600,000 төгрөгөөс нэг ч төгрөг зээлүүлээгүй өгөөгүй тул хариуцагч С.Ж******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч А.Б******* нь зээлдэгч С.Ж******* надад зээлийн гэрээний гол зүйл болох талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ түүнтэй холбогдох барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна, гэжээ

 

Хариуцагч С.Ж******* нь шүүхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Үүнд: С.Ж******* миний бие нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр А.Б******* гэгч хүнийг миний хамтран Г к" ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч С.М******* танилцуулан улмаар намайг нотариат дээр хүрээд ир гэж дуудан 145,600,000 төгрөгийг зээлүүлнэ гэж хэлж итгүүлэн зээлийн гэрээ байгуулсан. Энэ зээлийн гэрээг байгуулахдаа барьцаа хөрөнгө гаргаж өөрийн болон С.М*******ын 50,50 хувийн хувьцаа эзэмшдэг "Г к" ХХК-ийн оролцоотой баригдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан. Ингээд зээлийн гэрээг "Г к" ХХК-иар хийх гэж байснаа болохгүй юм байна та өөрийн нэр дээрээ хийчих танай "Г к" ХХК чинь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар *******й юм байна гэсэн бөгөөд мөн хамтран хувьцаа эзэмшигч С.М******* бас чи өөрийнхөө нэр дээр зээлийн гэрээ урьдчилаад хийчих мөнгийг нь гэрээгээ хийгээд чамд өгнө гэж итгүүлсэн. Тухайн үед "Г к" ХХК-ийн 600,000,000 төгрөгийн Хас банкинд зээлтэй зээлийн барьцаанд С.Ж*******, С.М******* бидний үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд байсан ба Шүүхийн шийдвэрээр 686,492,355 төгрөгний *******й Нийслэлийн шүүхийн шийдвэрээр барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүд дуудлага худалдаанд 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр орох байсан. Зээлийн гэрээгээ хийгээд мөнгөө өгөх үү гэж А.Б*******гээс асуухад танай "Г к" ХХК чинь шүүхийн шийдвэрээр Хас банкинд *******й юм чинь та *******й гэсэн үг ш дээ би танд мөнгө өгөхгүй ээ С.М******* ахад л тус болохоор ирсэн та явж бай гэсэн ба С.М*******тай хамт үлдэхээр хамтран ажилладаг хэдийгээр зээлийн гэрээ байгуулсан боловч намайг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт их хэмжээний *******йг мэдэж байгаа тул зээл олгохоос татгалзаж байна гэж би ойлгосон бөгөөд С.М*******ын таньдаг хүн гэсэн тул учир нь олдох байх гэж итгээд явсан. Ингээд хариуцагч А.Б******* нь гэрээ байгуулсан даруйд буюу 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цаг орчимд С.Ж******* надад зээлэхээр заагдсан 145,000,000 төгрөгийг өгөөгүй тарцгаасан С.М*******ын хамт нотариатын байранд үлдсэн. Харин маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн өглөөний 09.47 минутад миний бие С.М*******тай утсаар холбогдоход тэрээр Би Хас банк дээр байна. А.Б*******гээс авсан 130,000,000 төгрөгийг төлж өөрийн болон дүү С.Тын байрыг дуудлага худалдаанаас чөлөөлж байна гэсэн юм. Миний бие С.М*******аас: "зээлийн гэрээг надтай хийлгэчихээд яагаад надад өгөлгүй чамд өгч байгаа юм зээлийн гэрээ 145,600,000 төгрөгөөр байгуулсан чи 130,000,000 төгрөгийг авсан юм байна үлдсэн 15,600,000 төгрөгийг нь хэн авсан юм бэ гэтэл тэрээр "Би 130,000,000 төгрөг авч дуудлага худалдаанаас хөрөнгөө чөлөөлүүлсэн. Харин үлдсэнийг нь А.Б*******тэй ярь гэсэн. С.М*******тай утсаар ийнхүү ярьсны дараахан А.Б******* над руу залгаж: "Би 130,000,000 төгрөгийг С.М******* ахад өгсөн, анхнаасаа түүнд л туслах зорилготой байсан, харин 15,000,000 төгрөгийг хүүнд тооцсон гэж хэлсэн. А.Б*******гийн эхнэр нь С.М*******ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа С.М*******аар дамжуулан намайг хүрээд ирээч гэхээр нь 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр очсон тэгэхэд А.Б******* 145,000,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мөнгө зээлсэн гэж бичээд өгөөч би өөрийнхөө Хятад хөрөнгө оруулагчид үзүүлэх гэсэн юм гэж гуйсан бөгөөд С.М******* ахад би мөнгө өгсөн ах өрөө төлсөн С.М******* ах та хоёр нэг компанийн хүмүүс та зээлийн гэрээ байгуулсан та бичээд өг гэсний дагуу тухайн үед дараагийн үр дагаврыг бодолгүй бичиж өгсөн. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно" гэж заасан заалт бүрэн хэрэгжээгүй өөрөөр хэлбэл, хариуцагч С.Ж******* миний бие мөнгийг гардан хүлээж аваагүй тул Н.Б*******тэй хийсэн гэрээ хүчингүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар "Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг бөгөөд нэхэмжлэгч С.Ж******* миний бие нь зээлдүүлэгч А.Б*******гээс нэг ч төгрөг аваагүй А.Б******* надад гэрээ байгуулсан хэдий ч зээл олгохоос татгалзсан тул буцаан төлөх үүрэггүй гэж үзэж байгаа тул 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр А.Б******* С.Ж******* нарын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг бүхэлд нь хүчингүйд тооцож өгнө үү, гэжээ.

 

Нэхэмжлэгч А.Б******* шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг А.Б******* миний бие эс зөвшөөрч байна. Анх 2021 оны 11 сарын эхээр С.М******* эмч "...миний хамтарч ажилладаг найзад тус болж мөнгө зээлэх үү. барьцаа хөрөнгө байгаа юм байна" гэж яриад улмаар С.Ж*******тай уулзуулсан. Мөн С.М******* нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр "Ж*******ы барьж байгуулж байгаа Баянзүрх дүүргийн нутагт Налайх дүүрэг явах төв замын хойд талд Ургах наран хорооллын урд талд түүний компанийн барьж байгаа Батлан хамгаалах яамны "Ахлагч хотхон"-ны барилгын ажлын явцыг талбай дээр нь очиж танилцуулахдаа Ж******* өөрөө тэнд оччихсон хүлээж байгаа" гэснээр явж С.Ж*******тай уулзсан юм. Ингээд С.Ж******* нь барьж байгаа "Ахлагч хотхон"-ны талаар танилцуулаад нэг баригдаж дуусаагүй байрыг автозогсоолын хамт барьцаалаад зээл авах талаар яриад, нэг байр нь ашиглалтанд ороод 240 орчим сая төгрөгөөр зарагдах ба ирэх хавар ашиглалтанд ороод Батлан хамгаалах яамны гадаадруу энхийг сахиулах ажиллагаанд явсан албан хаагчид ирээд худалдан авах гэрээтэй юм, тиймээс зээлээ буцаан төлөхөд асуудалгүй гэж тайлбарлаад барилгын төслийн ажилтай холбоотой ажлын зураг, баримт бичгийн хуулбар хувийг надад өгсөн. Улмаар энэхүү уулзалтаас хойш 7 хоногийн дараа утсаар ярьж зээл өгч, авахаар болоод 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө 1-р эмнэлгийн ард байрлах нотариат уруу С.Ж******* бид хоёр орж мөнгө зээлэх, зээлийн болон барьцааны гэрээ байгуулах талаар тайлбарлаж, баримт бичгээ нотариатад үзүүлтэл нотариат нь "барьцааны гэрээ байгуулахад компанийн барьж байгаа барилгыг барьцаалахад нэгт "Г к" ХХК-н 2 хувьцаа эзэмшигч 2-лаа байх ёстой, хоёрт барьцаа хөрөнгө "Ахлагч хотхон"-ны барилгын ажлыг 3-1 компани хамтарч консорциум хэрэгжүүлж байгаа тул нөгөө 2 компаниас зөвшөөрөл авах буюу консорциум компаниудын барилгыг барьцаанд тавих эрхийг олгосон тогтоол хэрэгтэй." гээд зээлийн гэрээ, барьцааны гэрээг хийх боломжгүй, эдгээр баримт бичгээ бүрдүүлэхд ирээрэй гэсэн. С.Ж******* нь нотариатаас гараад "за би консорциум компаниудын захиралтай уулзаад зөвшөөрөл тогтоол аваад ирье, мөн М******* барьцааны гэрээ байгуулахад хамт байх талаар хэлээд" эргэж утсаар яриад уулзахаар болоод салж явсан юм. Ингээд тус өдрийн үдээс хойш баримт бичгээ бүрдүүлчихлээ, нотариат дээр уулзъя гээд С.Ж******* ярьсаны дагуу 17 цагийн үед нотариат дээр уулзаж, зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээ байгуулж, мөнгөө С.Ж*******д бэлнээр өгсөн. С.Ж******* "... Тухайн үед "Г" ХХК-ийг С.Ж*******, С.М******* бид хоёрын 50.50 хувь эзэмшдэг ХХК-ийн 600,000,000 төгрөгийн Хас банкинд зээлтэй зээлийн барьцаанд С.Ж*******, С.М******* бидний үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд байсан ба Шүүхийн шийдвэрээр 686,492,355 төгрөгийн *******й Нийслэлийн шүүхийн шийдвэрээр барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүд дуудлага худалдаанд 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр орох байсан" гэж нэхэмжлэлийн үндэслэл хэсэгтээ бичсэн байна. Тухайн үед 2021 оны 11 дүгээр сард надаас зээл авах болсон үндэслэлээ ингэж хэлж байсан ба зээл авч Хас банкинд зээлээ төлж, барьцаа хөрөнгүүдээ чөлөөлж авах гэж байгаагаа ч хэлсэн. Mөн компани нь зээлтэй, зээлээ төлж чадахгүй шийдвэр гүйцэтгэлд байгаа тул надад банк, банк бус санхүүгийн байгууллагаас зээл гарахгүй байгаа, бас зээлээ өөрийнхөө дансаар авах боломжгүй шийдвэр гүйцэтгэлээс данс хаасан байгаа тул бэлнээр авья гээд зээлээ бэлнээр авсан билээ. С.Ж******* нь надаас зээлж авсан мөнгөө цааш нь Хас банкны "Г к" ХХК-ийнхаа зээлийн өрөө төлсөн байна, түүнийгээ төлөхдөө компанийнхаа хувьцаа эзэмшигч С.М*******аар төлүүлсэн байна. Иймд дээрх нөхцөл байдал, үндэслэлийг үндэслэн С.Ж*******ы гаргасан "2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А.Б*******, С.Ж******* нарын хооронд байгуулсан 145,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, барьцааны гэрээг хүчингүйд тооцуулах" тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

Нэхэмжлэгчээс 2021.11.22-ны өдрийн 1033 дугаартай зээлийн гэрээ, 2021.11.22-ны өдрийн 1033 дугаартай барьцааны гэрээ, Зэсвэгт хүчний жанжин штабын 2020.06.23-ны өдрийн 1/2510 дугаартай албан бичиг, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020.06.23-ны өдрийн GC-18/2014 дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, зэрэг бичгийн нотлох баримтыг гаргаж өгсөн.

 

Хариуцагч талаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, 2021.11.18-ны өдрийн 0153 дугаартай зээлийн гэрээ, Голомт банкны дансны хуулга, Хас банкны орлогын маягт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, хариу тайлбарын тодруулга, сөрөг нэхэмжлэл, зэрэг бичгийн нотлох баримтыг гаргаж өгсөн.

 

Шүүх зохигчийн хүсэлтээр нотариатч Б.Алтанцоожоос нотариатын бүртгэлийн дэвтрийн хуулбарыг цуглуулсан байна.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Б******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 210,900,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хариуцагч С.Ж*******д холбогдуулан гаргасныг эс зөвшөөрч 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А.Б*******, С.Ж******* нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шүүх хангаж, сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр №1033 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний дагуу 130,000,000 төгрөгийг хариуцагчид бэлнээр өгч, нэг сарын хүүг 2 хувиар тохиролцон 15,600,000 төгрөгийг хүүнд тооцож, гэрээний нийт үнэ 145,600,000 төгрөг, зээлийн гэрээг хүүгүй, 6 сарын хугацаатайгаар, хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээг байгуулсан, барилга баригдаж дуусаагүйгээс өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүйгээс барьцаалбарт бүртгүүлээгүй. Иймд зээлийн гэрээний үүрэгт хариуцагч 5,000,000 төгрөг төлснийг хасаад үндсэн үүрэгт 140,600,000 төгрөг алданги 70,300,000 төгрөг нийт 210,900,000 төгрөг гаргуулахаар, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байна... гэж тайлбарладаг.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэгчээс зээлийн гэрээний зүйл болох 145,600,000 төгрөгийг аваагүй, гэрээний зүйл болох мөнгийг авсан бол нотариатын дэвтэрт мөнгөний дэсвгэртийг бичиж, хүлээлгэж өгөх байсан. Ингэж өгөөгүй тул хууль зөрчиж хийсэн хэлцэл. Б*******гийн ар гэрт өвчин зовлон тохиолдсон гэсэн тул манай эхнэр өөрийн данснаасаа Б*******гийн данс уруу 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргадаг.

 

А.Б******* нь С.Ж*******тай 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр №1033 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 145,600,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, хүүгүй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан нь хэрэгт авагджээ. / хэргийн - 5 тал/

 

Дээрх №1033 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Г к ХХК-ийн өмчлөлийн Нийслэлийн Б тоотод байрлах 180 м.кв талбайтай дутуу баригдсан хувийн сууц болон 2 ширхэг автозогсоолын хамт барьцаалсан барьцааны гэрээг байгуулсан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар Миний бие С*******гийн Ж******* нь Гавьваник к ХХК-ийн захирлын хувьд А.Б*******гээс 145,000,000 төгрөгийг 2021.11.21-нд зээлсэн бөгөөд 2022.05.01-нд 5 сая төгрөгийг дансаар нь шилжүүлсэн болно. Нотариатаар батлагдсан гэрээний дагуу уг зээлийг төлж барагдуулах болно... С.Ж******* ... 2022.09.20-нд УБ гар бичмэл, баримтад гарын үсэг зурж үйлдэж өгсөн талаар хариуцагч С.Ж******* маргаагүй, түүний эхнэр Н.Ц 2022.05.31-нд нэхэмжлэгч А.Б*******д 5,000,000 төгрөг шилжүүлсэн нь Хаан банкны шилжүүлгийн баримтын хуулбараар хариуцагчийн татгалзал тус тус няцаагдаж байна. /х.х-ийн 15/

 

Гэрч Н.Ц мэдүүлэгтээ ... Хариуцагчийн өмгөөлөгч: 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэрээг байгуулахад юу болсон талаар тайлбарлана уу гэхэд

Гэрч: Манай нөхөр н.Ж******* руу С.М******* утсаар яриад нотариатч оллоо та хоёр хүрээд ирээ гэсэн. Авзага трейд гэдэг газар хүрээд ир гэсэн нөхөр бид хоёр яваад очиход, С.М*******, н.Б*******, нотиаратч нэг эрэгтэй, өөр нэг эрэгтэй хүн байсан. Зээлийн гэрээг хийсэн. Гэрээг хийж дуусаад, та хоёр явчиж болно орой болчлоо гэж хэлсэн гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч: 2021 оны 11 сарын 22-ны өдөр н.Б******* гэдэг хүнээс танай гэр бүлийн хүн мөнгө авсан уу гэхэд

Гэрч: Аваагүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч: н.Б******* гэдгийг өмнө таньдаг байсан уу гэхэд

Гэрч: Таньдаггүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч: С.М*******тай ямар харилцаатай вэ гэхэд

Гэрч: С.М******* бид хоёр 10 жилийн найзууд гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч: Гэрээг байгуулсан өдрөө мөнгө аваагүй байна. Маргааш нь мөнгө авах талаар шаардсан уу гэхэд

Гэрч: Маргааш нь би нөхөртөө хэлсэн. 145 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгууллаа одоо мөнгө төгрөгөө яах юм болоо гээд асуусан. Өглөө эрт С.М******* руу залгахад би сонссон. Би н.Б*******гээс авсан мөнгөөр Хас банкны зээлээ төлөх гээд явж байна. Би өглөө эрт ирсэн юмаа. Би дуудлага худалдаанаас хөрөнгөө авахгүй бол дуудлага худалдаагаар орох гээд байна гэж хэлсэн. 15 600 000 төгрөгийг яах юм бэ гээд нөхөр асуухад мэдэхгүй н.Б*******гээс асуугаарай гээд утсаа салгасан гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Та 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч н.Б*******гийн данс руу 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн үү гэхэд

Гэрч: Тиймээ би шилжүүлсэн гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Та н.Б*******гийн дансыг хэнээс авсан бэ гэхэд

Гэрч: С.М******* н.Ж******* руу залгаад надаас мөнгө нэхээд хэдэн төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн. н.Б*******гийн аав нь өнгөрсөн гэж сонссон. Би тухайн үедээ үхэл зовлон тохиолдсон байна. Тус болоод өөрийн дансанд байсан 5 000 000 төгрөгийг шилжүүлье гээд С.М*******аас дансыг нь аваад мөнгө хийсэн гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тухайн мөнгийг танай гэр бүлийн хүн шилжүүлье гэж хэлсэн үү та өөрөө шилжүүлсэн үү гэхэд

Гэрч: Би өөрөө санаачилж 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Танай гэр бүлийн хүн зээл төлсөн талаар та мэдэх үү гэхэд

Гэрч: Тийм зүйл байхгүй. Би өөрийн санаачилгаар л 5 000 000 төгрөгийг хийсэн гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Та С.М*******ыг зээлтэй гэдгийг яаж мэдэж байсан бэ гэхэд

Гэрч: Маргааш өглөө нь н.Б*******гээс зээлсэн мөнгөөрөө Хас банкны зээлээ төлөх гэж байна гэж утсаар ярьсан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: н.Б*******гээс С.М******* зээлсэн гэдгийг та мэдэж байгаа юм уу гэхэд

Гэрч: С.М******* өөрөө амаараа тэгж хэлсэн гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Зээлийн гэрээ байгуулсан зүйл байгаа юу гэхэд

Гэрч: Тийм зүйл байхгүй гэв.

Даргалагчаас: 2021.11.22-ны өдөр гэрээг байгуулахад та байсан уу гэхэд

Гэрч: Би хамт байсан гэв.

Даргалагчаас: 2022.09.20-ны өдөр хариуцагч н.Ж******* нь нэхэмжлэгч н.Б*******д бичиг хийж өгсөн байна. 145 000 000 төгрөгийг зээлсэн 2021.11.21-ны өдөр зээлсэн бөгөөд, 2022.05.01-нд 5 000 000 төгрөгийг дансаар нь шилжүүлсэн болно. Нотариатаар батлагдсан гэрээний дагуу уг зээлийг төлж барагдуулах болно гэж бичиг хийж өгсөн байна. Энэ талаар мэдэж байгаа зүйл байна уу гэхэд

Гэрч: Эмнэлэг дээр С.М******* бид хоёрыг дуудсан. Бид хоёр яваад очсон. С.М******* нь та нар юмаа ярь гээд гараад явсан. Тэр үед л тэгж бич гэсэн манай нөхөр хэлснээр нь бичсэн гэв.

Даргалагчаас: Танихгүй н.Б******* гэх хүнд ямар үндэслэлээр та мөнгө шилжүүлээд байгаа вэ гэхэд

Гэрч: Би өөрт байгаа 5 000 000 төгрөгийг өгсөн. С.М******* надруу утасдаад н.Б*******гийн эхнэр надруу утасдаад байна гэж хэлсэн. Тэгээд н.Б*******г өрөвдөөд 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэжээ.

 

Гэрч С.М******* мэдүүлэгтээ: ...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Та 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр А.Б*******, С.Ж******* нарыг зээлийн гэрээ байгуулахад хамт байсан уу, байсан бол өөрийнхөө мэдэж байгаа зүйлийг хэлнэ үү

Гэрч: Байсан. Өдөр нь талбайн урд талын нотариат дээр очоод зээлийн гэрээ байгуулна гэж очсон. Гэтэл нотариатч барьцаанд тавих зүйл байна уу гээд барьцаанд тавих хөрөнгө хэрэгтэй болсон. Тэгээд барьцаанд тавих хөрөнгөө Г к ХХК-ийн барьж байсан баригдаж дуусаагүй барилгыг барьцаанд тавъя гэсэн. С.Ж******* тэр Г к ХХК болон бусад хамтран ажиллаж байсан компаниудтай франчайз байгуулаад нөгөө хоёр компанийн захиралуудаас барьцаанд тавих боломжтой гэсэн зөвшөөрөл авахаар явсан. Тэр зөвшөөрлөө авч ирэхэд орой 5 өнгөрөөд бараг 6 цаг болж байсан. Тэгээд нотариат дээр буцаж ороод гэрээгээ хийсэн. Би тэр гэрээнд Г к ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувиар тухайн баригдаж байгаа байрыг барьцаанд тавьж болно гэдэг дээр гарын үсэг зурсан. Тэрнээс иргэн А.Б*******, С.Ж******* хоёрын мөнгө зээлэх асуудалд би оролцоогүй. Тэгээд С.Ж*******, А.Б******* хоёрын гэрээ хийсний дагуу мөнгө авч өгөх болсон. Тэгээд А.Б******* цүнхтэй мөнгөө тоолох уу гэхэд С.Ж******* шаардлагагүй би итгэж байна гээд А.Б*******гээс тэр мөнгийг гардаж аваад ямар ч байсан барьцаалбараа ав гээд надад мөнгийг Жаэргалсайхан шилжүүлж өгсөн. Орой болсон болохоор надаар шилжүүлүүлсэн, орой болоогүй байсан бол бүгдээрээ цуг яваад хийх байсан. С.Ж*******ы хүсэлтээр мөнгийг зээлж авсан. Ер нь Барьцаалсан хөрөнгө нь Г к ХХК-ийн барьцаалбар болохоос биш би тэр Хас банкнаас авсан мөнгийг авч өөртөө зарцуулаагүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний зүйл болох мөнгийг А.Б******* С.Ж*******д өгсөн юм уу гэхэд,

Гэрч: А.Б******* нь С.Ж*******д мөнгөө шилжүүлж өгсөн. Би түүнийг харсан гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тэр мөнгийг С.Ж******* аваад танд өгсөн гэж байна. Та тэр мөнгийг яасан бэ гэхэд,

Гэрч: Надад өгсөн. Г к ХХК-ийн барьцаалбарыг суллахаар Хас банкинд зээлэнд өгсөн гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр танай ажил дээр А.Б*******, С.Ж******* нар уулзсан юм уу гэхэд,

Гэрч: Уулзсан гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Зээлээ буцааж төлөхтэй холбоотойгоор мэдэж байгаа зүйл байна уу гэхэд,

Гэрч: Би тэр үед А.Б*******гийн эхнэр н.Мягмарсүрэнгийн бие нь муудаад манай эмнэлэгт ирж эмчлэгдэж байсан. Тэгээд А.Б*******, н.Мягмарсүрэн нарт геодезийн аппарат гэх зэрэг бусад асуудлаар мөнгө хэрэг болоод С.Ж******* руу утасдахаар ердөөсөө утсаа авахгүй, таслаад байна. Та зуулчлуулж өгсөн юм чинь намайг С.Ж*******тай уулзуулж өг гэсэн. Тэрний дагуу би С.Ж*******тай уулзуулж өгчхөөд ажлаа хийгээд гарч ороод явж байсан. Тэгээд тэнд уулзаж байхдаа А.Б*******, С.Ж******* нар тэр бичгийг үйлдсэн байх гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Өөр асуулт байхгүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч: Тухайн үед цүнхтэй мөнгийг С.Ж*******д хэдэн цагийн үед өгсөн бэ гэхэд,

Гэрч: Харанхуй болчихсон байсан. Цаг хараагүй. Дөнгөж хажуунд нь байсан Хас банк хаачихсан байсан гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч: Ямар өнгөтэй цүнх байсан бэ гэхэд,

Гэрч: Ногоовтор, бараан өнгийн бариултай, дугуйтай цүнх байсан гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч: Цүнхтэй мөнгийг А.Б******* нь С.Ж*******д өгөхөд С.Ж******* тэр цүнхтэй мөнгийг нээж үзсэн юм уу гэхэд,

Гэрч: Үзсэн. Дандаа боодолтой мөнгө байсан гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч: Би С.Ж*******, А.Б******* нарыг зуучлаагүй гэж хэлсэн. Гэтэл дараа нь эмнэлэг дээр уулзуулахдаа А.Б******* нь С.Ж******* миний утсыг авахгүй байна. Та зуучилж өгснөөрөө биднийг уулзуулж өг гэсэн. Та тэднийг зуучилсан юм уу, зуучлаагүй юм уу гэхэд,

Гэрч: Би танилцуулж өгсөн. Тэрийг одоо зуучилж өгсөн гэдэг юм уу, юу гэж хэлдэг юм мэдэхгүй байна. С.Ж******* мөнгө байхгүй байна. Барьцаанд тавьсан байр хураагдах гээд байна. Мөнгө зээлчих хүн байвал туслаач гэсэн. Би туслах зорилгоор С.Ж*******тай А.Б*******г танилцуулж өгсөн гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч: С.Ж******* 130,000,000 төгрөгийг тоолохгүйгээр итгэж авсан юм байна. Та С.Ж*******аас тэр мөнгийг авахдаа яагаад тоолж аваагүй юм бэ гэхэд,

Гэрч: Би ч бас итгээд авсан. Маргааш нь банкинд тэр мөнгийг хийхэд 130,000,000 төгрөг байсан гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч: Тэр мөнгөө хаана өгөлцөж авалцсан юм бэ гэхэд,

Гэрч: Нотариатчийн хажууд мөнгө өгөлцөж авалцсан гэв

Хариуцагчийн өмгөөлөгч: Нотариатч тэр цүнхтэй мөнгийг харсан юм уу гэхэд,

Гэрч: Харсан гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч: 130,000,000 төгрөгийг маргааш нь та 09 цаг 30 минутад төлсөн. С.Ж******* та хоёр Г к ХХК-ийн 50/50 хувийн хувьцаа эзэмшигч. Шүүхийн шийдвэр нь С.Ж*******, С.М*******, Г к ХХК нараас 680,000,000 төгрөгийг гаргуулах гэсэн шүүхийн шийдвэр байсан. Тэгэхээр та өөрийнхөө өр төлбөрийг төлж байгаа гэсэн үг үү. Та өөрийнхөө өмчлөлийн эд хөрөнгийг авахаар төлж байгаа гэсэн үг биз дээ, тэрнээс С.Ж*******ы өмчлөлийн эд хөрөнгө биш гэхэд,

Гэрч: Г к ХХК зээл авч барилга барьсан. Тэгээд өр төлбөрт орсон. Би тэр авсан зээлийн хувьдаа өөртөө ашиглаагүй.Энэ асуудал ямар хамаатай юм бэ... гэжээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т ... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, ... эрхтэй бөгөөд гэрч Н.Ц гэр бүлийн гишүүн болох нөхөр С.Ж*******ы эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Шүүх гэрчийн Үндсэн хуулиар хамгаалагдсан уг эрхийг нь хөндөх үндэслэлгүй гэж дүгнэж, гэрчүүдийг нүүрэлдүүлэн байцаагаагүй бөгөөд гэрчийн мэдүүлгийн аль алиныг нь нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд зээлийн гэрээний дагуу хариуцагч С.Ж*******д бэлнээр 130,000,000 төгрөгийг өгсөн 15,600,000 төгрөгийг хүүнд тооцсон гэж тайлбарлаж байх тул талуудын хооронд 130,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Хариуцагч С.Ж******* 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгч А.Б*******тэй 1033 дугаартай Зээлийн гэрээ байгуулсан бөгөөд уг зээлийн гэрээг нотариатч 1033 дугаарт бүртгэсэн, түүнээс хойш 2022 оны 09 сарын 20-ны өдөр С.Ж******* нь гэрчлүүлсэн гэрээний дагуу уг зээлийг төлж барагдуулах баталгааг нэхэмжлэгчид гаргаж өгсөн байна. С.Ж******* зээлийн гэрээний зүйл болох 130,000,000 төгрөгийг аваагүй гэж тайлбарлаж байгаа атал нэхэмжлэгчид дахин 2022.09.20-ны өдөр баталгаа гаргаж өгсөн нь бодит үнэнд болон Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасан эрх, үүргээ шударгаар хэрэгжүүлнэ гэсэнтэй нийцэхгүй байна.

 

Түүнчлэн зохигчид анх зээлийн гэрээ байгуулахдаа иргэнийхээ хувьд 1033 дугаартай гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн, баталгаа гаргаж өгөхдөө хариуцагч нь Миний бие С*******гийн Ж******* нь Гавьваник к ХХК-ийн захирлын хувьд А.Б*******гээс 145.0 сая төгрөгийг 2021.11.21-нд зээлсэн бөгөөд 2022.05.01-нд 5 сая төгрөгийг дансаар нь шилжүүлсэн болно гэх баталгаагаар зээлийн гэрээг хуулийн этгээдтэй байгуулсан гэж шүүх үзэхгүй.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан бөгөөд зохигчийн хооронд байгуулагдсан 1033 дугаартай зээлийн гэрээгээр талууд хүү тохироогүй байх тул 15,600,000 сая төгрөгийг шүүх хүү гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө, 3.1-т гэрээний хугацаа 20211-11-22 өдрөөс 2022-05-22 өдрийг хүртэл 6 сарын гэж тус тус зааснаар хариуцагч гэрээнд заасан хугацаанд зээлийн гэрээний зүйл болох мөнгийг нэхэмжлэгчид төлөөгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т тус тус зааснаар 130,000,000 төгрөгийн ногдох алданги 65,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана, 156.3-т Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр №1033 дугаартай барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүйгээс барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх гэрээ болсон тул барьцаагаар хангагдах шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

Иймд шүүх зээлийн гэрээний үндсэн үүрэгт 130,000,000 төгрөг алданги 65,000,000 төгрөг нийт 195,000,000 төгрөгийг хариуцагч С.Ж*******аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 15,900,000 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүх зээлийн болон барьцааны гэрээний эрх зүйн дүгнэлтийг дээрх үндэслэлээр дүгнэсэн. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №1033 дугаартай зээлийн гэрээ хүчин төгөлдөр, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч С.Ж*******ы сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг тус тус баримтлан хариуцагч С.Ж*******аас зээлийн гэрээний үүрэгт 195,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Б*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,900,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №1033 дугаартай барьцааны гэрээний барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А.Б*******, С.Ж******* нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Б*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,282,650 төгрөг, хариуцагч С.Ж*******ы сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 882,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ж*******аас 1,132,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Б*******д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Ц.ОЮУНБИЛЭГ