Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2024/00554

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 30 өдөр  Дугаар 183/ШШ2024/00554  Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,  И******* х******* ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, Б******* А******* овогт Б*******ы Б******* холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,220,939 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х*******,

Хариуцагч Б.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И******* х******* ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 5,220,939 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б*******д холбогду******* гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Үүнд: Зээлдэгч Б.Б******* нь манай компанитай 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ********** дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулагдсанаар зээлдэгч нь Цахим зээлийн эрх нээх гэрээний 1.3.2 дахь хэсэгт заасан Цахим зээл гэж - Зээлдэгчийн ББСБ-д илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуу******* Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг мөн 1.3.12 дахь хэсэгт заасан Цахим покет гэж- Аппликейшн дээр харилцагчийн үүсгэсэн удирдах тухайн харилцагчийн мөнгөн хөрөнгийн дүн болон гүйлгээний мэдээллийг агуулсан харилцагчийн цахим дансыг ашиглах, зээл авах эрх нээгдсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийш олгосонд тооцно хэмээн заасны дагуу Б.Б*******гийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Pocket/ аппликейшний 7701970476 дугаартай зээлийн дансанд 2022 оны 05 дугаар сарын 18-ний өдөр 3,241,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 480,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 50,000 төгрөгийн зээлийн олголтыг хийсэн. Цахим зээлийн эрх нээх гэрээний 2.3 дахь хэсэгт ББСБ-аас санал болгох зээлийн хугацаа нь 14 хоног, 30 хоног, 60 хоног болон бусад гэсэн сонголттой байх ба зээлдэгч зээл авах тухай бүрд зээлийн хугацааг өөрийн шаардлагад нийцүүлэн сонгоно хэмээн заасан байдаг. Зээлдэгч Б.Б******* нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 3,241,000 төгрөгийн зээлийн хугацааг 30 хоног байхаар, 2022 оны 06 дугаар сарын21-ний өдөр 480,000 төгрөгийн зээлийн хугацааг 90 хоног байхаар , 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 50,000 төгрөгийн зээлийн хугацааг 30 хоног байхаар сонгож, зээлээр олгосон мөнгийг өөрийн Цахим покетын дансанд хүлээн авсан. Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний онцлог нь зээлдэгч зээлийн гэрээний хүрээнд эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл болон үйлчилгээний төлбөр болох шимтгэлийг хугацаандаа төлсөн тохиолдолд зээлийн хүү төлдөггүй. Харин эргэн төлөлтийн хугацаандаа үндсэн зээл, шимтгэлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоногоос эхлэн зээлийг ашигласан хариу төлбөр болох хүү, түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээдэг. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, шимтгэлийг төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессежээр, түүний хувийн аппликейшн дэх цэсрүү нь мэдэгдэл удаа дараа илгээсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчсөн тул 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 3,241,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 3,240,998 төгрөг, шимтгэл 223,800, үндсэн хүү 1,294,090 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 258,818 төгрөг, нийт 5,017,707 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 480,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 79,999 төгрөг, шимтгэл 0, үндсэн хүү 30,009 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,001 төгрөг, нийт 116,011 төгрөг , 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 50,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 49,999 төгрөг, шимтгэл 1000, үндсэн хүү 24,262 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,458 төгрөг, нийт 79,720 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал 7,500 төгрөг үүнд нотариатын зардал болно. Иймд хариуцагч Б.Б*******гаас нийт 5,220,939 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И******* х******* ББСБ ХХК-ийн нэхэмжилж байгаа үнийн дүнгийн үндсэн зээлийг бол хүлээн зөвшөөрч байна. Харин шимтгэл болон нэмэгдүүлсэн хүү зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээл авахад шимтгэлийг хасаад шилжүүлдэг байсан. Тухайн үед зээл чинь ийм боллоо гэж над руу тухай бүрт нь залгаж байсан. Залгах болгонд би утсаа авч, холбогдохгүйгээр байгаагүй. Энэ зээлийг төлөхөд ийм ийм асуудал гарлаа, төлбөрөө төлөх боломжгүй болчихлоо, хүүхдийн бие өвчтэй байна, та нар урт хугацааны зээл болгоод өгөөч ээ, хүүгээ зогсоогоод өгөөч ээ би бага багаар төлөөд яваад байя гэж удаа дараа хүсэлт гаргаж байсан. Хүү нь өндөр болохоор маш өндөр хүү төлөөд байгаа учраас хүүг төлөх боломжгүй байна. Хүүгээ зогсоож өгнө үү гэсэн хүсэлтийг удаа дараа гаргасан. Тэгээд зээлийн хүү, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар тооцсон байна. Тухайн үед би 30 хоногийн дотор зээлээ төлөөгүй бол аппликейшн цаанаасаа автоматаар бүгдийг нь хаагаад ямар ч эрхгүй болгоод дахин зээл хүсэх эрхгүй болно. Тэгээд надтай байгуулсан зээлийн гэрээ дуусгавар болчихлоо гэж ойлгож болох уу гэдгийг нэхэмжлэгч талаас асуумаар байна. Тухайн үед надад 2 удаа албан бичиг ирсэн. Б.Б*******тай байгуулсан гэрээ дуусгавар болсон бид нар шүүхийн байгууллагад хандана гээд бараг 2-3 сарын дараа ирсэн мөртлөө 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаад тэр хүртэл нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү нь өсөөд энэ хугацааны хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 30 хоног юм уу, 90 хоног юм уу гэрээ дуусгавар болсон хугацаандаа хүүгээ тооцоод бодчихвол би ямар ч асуудалгүй хүлээн зөвшөөрнө. Гэрээний 3.3.2-т зааснаар гэрээний эрх түдгэлзүүлэх, эрх хаах гэдэг нь энэ аппликейшнээс 30 хоногийн дотор ямар ч зээл авах эрхгүй болоод бүх эрхүүд нь өдөр өдрөөр хасагдсаар байгаад дуусчихсан мөртлөө яагаад энэ хугацаагаа 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаа болгож байгаа юм бэ, дуусгавар болсон хугацаагаа 12, 01, 02 дугаар сарын 30-ны өдрөөр та нар тооцож болохгүй юу. Тийм учраас зээлийн гэрээний хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна, гэжээ.

 

Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн цахим зээлийн эрх нээх гэрээ, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх зээлийн дансны хуулга, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх зээлийн дансны хуулга, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх зээлийн дансны хуулга, төлбөрийн баримт зэрэг баримтыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. 

 

Хариуцагчаас ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И******* х******* ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 5,220,939 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б*******д холбогду******* гаргаж байна.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шүүх хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

И******* х******* ББСБ ХХК нь Б.Б*******тай 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр №********** дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 3,241,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 480,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 50,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, зээлийн шимтгэл 8 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан нь хэрэгт авагджээ. / х.х 7-13 тал/

 

Хариуцагч Б.Б*******, нэхэмжлэгч И******* х******* ББСБ ХХК нар 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр №L12500122 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулсан, нэхэмжлэгч нь хариуцагч Б.Б*******д 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 3,241,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 480,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 50,000 төгрөгийг тус тус шилжүүлэн өгсөн, хариуцагч Б.Б******* нь зээл хүлээн авсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзэв.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, 21 дүгээр зүйлийн 21.3-т Зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина гэж тус тус заажээ.

 

Үүнээс дүгнэхэд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн үндсэн төлбөр дээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгчээс нэхэмжлэх эрхтэй тул зээлийн шимтгэлийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

Талууд зээлийн гэрээний хугацааг 30 хоног байхаар харилцан тохиролцон байгуулж 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр уг гэрээний хугацаа дууссан байхад нэхэмжлэгчээс 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан.

 

Үүнээс үзэхэд гэрээний хугацааг талууд цаашид харилцан тохиролцож сунгаагүй, үүргийн зөрчил арилаагүй байхад нэхэмжлэгч байгууллагаас шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасантай нийцэхгүй байх тул шүүхээс зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг 50 хувиар багасгаж шийдвэрлэв.

 

Иймд нийт 4,220,683 төгрөгийг хариуцагч Б.Б*******гаас гаргу******* нэхэмжлэгчид олгож, үлдэх 1,000,256 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,485 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б*******гаас 82,481 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И******* х******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б*******гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,220,683 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И******* х******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,000,256 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,485 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 82,481 төгрөг гаргу******* нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Ц.ОЮУНБИЛЭГ