Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2024/00631

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2024/00631

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн Б******* овогт Б*******ийн М*******-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн  Ц*******ийн А******* -д холбогдох,

 

2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах-худалдан авах , хувьцаа эзэмших эрх шилжүүлэх хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хувьцааны 50 хувийг буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай үндсэн, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах, Хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээний үнэ 109,050,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М*******,

Хариуцагч Ц.А*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Э*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М******* нь хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж, хувьцааны 50 хувийг буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.А*******д холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Ц.А******* нь "Х*******" ХХК-ийг анх галт зэвсэг болон сумыг нийтэд худалдаалах зорилгоор хилээр оруулах, галт зэвсгийг нийтэд худалдах, галт зэвсгийг нийтэд худалдах төвийн үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан талаараа Б.М*******д хэлж улмаар компанийн үйл ажиллагааг явуулахдаа түүнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэлж хамтарч ажиллах саналыг амаар тавьсан байдаг. Өөрөөр хэлбэл, өмнө нь олон жилийн өмнө А******* ахыг таньдаг байсан болохоор гэрээр нь орж гардаг байсан тэгээд А******* ах өөд болоод илүүтэй их уулздаг болсон, аль болох Ц.А*******д тус болдог л байсан. Тэгээд бизнес нь доголдож байгаа талаар ярьснаас болоод туслах дэмжих зорилготой хамтрах санал яригдсан болно. Б.М******* Ц.А*******гийн тавьсан хамтарч ажиллах саналыг хүлээн зөвшөөрсөн ба ингэхдээ компанид бусдад төлөх аливаа өр төлбөр байгаа эсэх, шүүхийн маргаан байгаа эсэхийг өөрөөс нь тодруулахад ...ямар нэгэн өр төлбөр, маргаантай асуудал компани дээр огт байхгүй гэдгээ хэлсэн...-ээр түүнтэй 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр "Хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г байгуулан Б.А*******гийн үүсгэн байгуулсан "Х*******" ХХК-нд хувь нийлүүлсэн хөрөнгийн 50 хувь буюу 10905 ширхэг, нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэ бүхий нийт 109,050,000 төгрөгийн хувьцааг худалдаж авахаар болсон юм. Энэ үед Ц.А******* бусдад төлөх хувийн өр төлбөр байгаа гэдгээ хэлж, уг өр төлбөрүүдийг өөрөө төлж барагдуулна, энэ гэрээтэй хамааралгүй гэдгээ ч надад хэлж байсан. Б.М******* би дээрх хэлэлцээрт орж "Х*******" ХХК-ний 50 хувийн хувьцааны эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсны дараа Б.А******* болон "Х*******" ХХК нь шүүхийн маргаантай байгаа болон бусдад өр төлбөр ихтэй болохыг олж мэдсэн ба нэгэнт "К*******" ХХК шүүхийн маргаантай байгаа, бусдад төлөх өр төлбөр ихтэй болохыг мэдсэн тул гэрээг баталгаажуулж мөнгийг шилжүүлээгүй юм. Ц.А******* нь хамтран ажиллах тохиролцооны дагуу компанийн үйл ажиллагаанд /галт зэвсэг худалдах эрх дээр/ Б.М******* намайг огт оролцуулдаггүй байсан ба энэ нь намайг төлбөр төлөөгүйтэй холбоотой гэж үзэж байна. Би дээрх гэрээг байгуулах болсон гол санаа зорилго нь /компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болох болсон нь/ "Х*******" ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болж компанийн нэр дээр бүртгэлтэй байдаг буу, сумны төвийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож галт зэвсэг, сумыг нийтэд худалдан борлуулж ашиг олох зорилготой байсан боловч компанийн хувьцаа худалдагч, эрх шилжүүлэгч тал энэхүү тохиролцоогоо биелүүлээгүйгээр /компанийн үйл ажиллагаанд оролцуулаагүй/ барахгүй буу, сумны худалдаа эрхлэх ажилд хамтран ажиллана гэж анхнаасаа намайг хууран мэхэлсэн гэж үзэж байгаа болно. Мөн Ц.А******* энэ хугацаанд буу, сумны төвийн үйл ажиллагаандаа намайг огт оролцуулаагүй байж 50 хувийн хувьцаа худалдан авсан мөнгөө шилжүүлж өг гэж надаас удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл би хувьцаа худалдан авсны мөнгийг төлөөгүй байгаа болно. Ц.А******* нь "Х*******" ХХК-ний 50 хувийн хувьцааг Б.М******* руу шилжүүлэх болсон гол санаа зорилго нь компани дээрээ өмнө нь үүссэн байсан бусдад төлөх өр төлбөрийг төлүүлэх гэсэн санаа зорилготой байсан ба анхнаасаа намайг хууран мэхлэх санаа зорилготой байсан байна. Өөрөөр хэлбэл, уг гэрээ болон талуудын тохиролцоо бодит байдалд огт хэрэгжээгүй байдаг ба Б.М******* би тухайн компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болсноор эрх шилжүүлэн авахаас өмнөх, хойших хугацааны бусдад төлөх өр төлбөр, татвар хураамжийг асуудлыг хариуцах зэрэг аливаа эрх зүйн үр дагавар уг гэрээнээс гарахаар байсан тул төлбөр төлөхөөс татгалзсан, Ц.А******* нь анхнаасаа буу, сумны төвийн үйл ажиллагаанд Б.М******* намайг оролцуулж галт зэвсэг худалдах, буу заруулах хүсэл сонирхолгүй байсан гэж үзэж байгаа ба харин гэрээ байгуулах нэрийдлээр намайг хууран мэхэлж хувьцааны мөнгийг авах санаа зорилготой байсан гэж үзэж байгаа уг мөнгөөр бусдад төлөх өр төлбөрөө төлөх санаа зорилготой байсан нь илэрхий байна. Мөн "Х*******" ХХК нь шүүхийн шийдвэрээр бусад өр төлбөртэй талаар ч мэдээлэл байгаа тул энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргахад хүрсэн ба хэрэв үнэхээр бусдад төлөх өр төлбөртэй байгаа тохиолдолд Б.М******* миний хуулиар олгогдсон хууль ёсны эрх ашиг сонирхол нь шууд хөндөгдөхөөр байна. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцлийн хууран мэхлэх үйлдлийн санаа зорилго нь онолын хувьд ямар нэгэн төөрөгдлийг сэдэж бий болгох эсхүл бий болсон төөрөгдлийг хэвээр хадгалах явдал байдаг бөгөөд энэ тохиолдолд үүссэн бодит нөхцөл байдлын талаар хуурч мэхлэх тодорхой үйлдэл хийгдсэн байх ёстой. Хууран мэхэлсэн этгээд энд дурьдаж буй бодит нөхцөл байдлын талаар ташаа зүйл баталж нотлохыг эрмэлздэг онцлогтой. Ц.А******* тухай тохиолдолд "Хорсмэн клаб" ХХК нь бусдад төлөх ямар нэгэн өр төлбөргүй, шүүх, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа маргаан байхгүй, уг компанийн 50 хувийн хувьцааны эрх нь эрхийн болон биет байдлын доголдолгүй гэж худал хэлж түүнд итгүүлэн улмаар гэрээний үндсэн дээр компанийн 50 хувийн хувьцааг шилжүүлэх үйлдэл хийж хууран мэхэлсэн гэж үзэж байна. Энэхүү хууран мэхлэх үйлдлийг хийхдээ галт зэвсэг худалдах, сум худалдах зэрэг компанийн үйл ажиллагаанд оролцуулна гэж хууран мэхлэх замаар гэрээ, хэлцэл байгуулсан гэж үзнэ. Б.М******* би хууль, хяналтын байгууллагын шийдвэрийн дагуу "Хорсмэн клаб" ХХК-ийн бусдад төлөх өр төлбөрийг төлөх нөхцөл байдал үүсэж болзошгүй байгаа, мөн дээр дурьдсан хууран мэхэлсэн нөхцөл байдлаас болж түүний эрх ашиг, сонирхол хөндөгдөхөөр байгаа энэхүү нэхэмжлэлийг шүүхэд хандаж гаргаж байна. Иймд Б.М*******, Ц.А******* бидний хооронд 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан "Хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-г Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл /хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл/-д тооцож "Х*******" ХХК-ийн 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлж авахыг Ц.А*******д даалгаж, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү, гэжээ.

Хариуцагч Ц.А******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.М*******ын нэхэмжлэлтэй Ц.А*******д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. "Х*******" ХХК нь 2000 онд үүсгэн байгуулагдаж, галт зэвсэг болон сумыг нийтэд худалдаалах зорилгоор улсын хилээр оруулах, худалдаалах, спорт агнуур зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. "Максимус к" ББСБ-ын эзэн Б.М******* надад манай компанитай хамтран ажиллаж, компанийн 50 хувийн хувьцааг эзэмших санал тавьсан. Бид ярилцаад "Хорсмэн клаб" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч би өөрийн эзэмшлийн хувьцаанаас 50 хувийн хувьцааг Б.М*******д 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн "Хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх" гэрээгээр шилжүүлж, Б.М******* нь "Х*******" ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Б.М******* нь "Х*******" ХХК-ийн галт зэвсэг, сумыг худалдах борлуулах үйл ажиллагааг явуулдаг. Их ав төвийн хаягийг өөрийн нөхрийн нэр дээрх компани шилжүүлэн авч, компанийн үйл ажиллагаанд өндөр ашиг олно гэж Чингис хаан банкнаас зээл авч хамтын үйл ажиллагааг өргөжүүлнэ гэсэн. "Х*******" ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байх үед тус компанийн "Хорсмэн клаб" төвийн Хан-Уул дүүрэг, Дипломат хотхоны 254 тоот зориулалтын байр, хаягийг ашиглан Б.М******* өөрийн нөхрийн компанид галт зэвсэг, сум худалдаалах тусгай зөвшөөрлийг гаргуулан авч, бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, Б.М******* нь нөхрийнхөө компаниар "Х*******" ХХК-тай адил чиглэлийн үйл ажиллагаа явуулж, "Х*******" ХХК- ийн зөвхөн ашиг орлогыг өөртөө авч ажилласны улмаас бидний хооронд маргаан үүссэн. Галт зэвсгийн худалдаа эрхлэхтэй холбоотой 2016 оны 3 дугаар сард "Х*******" ХХК тендер сонгон шалгаруулалтад хүртэл Б.М*******ын хүсэл зоригийн дагуу оролцох үед "Х*******" ХХК нь татвар бусад төрлийн өргүй байсан. Б.М******* нь "Максимус к" банк бус санхүүгийн байгууллагаар Чингис хаан банкнаас зээл авахдаа миний төрсөн ах Ц.Бгийн "С т" ХХК-ийн газар, үл хөдлөх хөрөнгийг 150,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавина гэж залилан барьцаалсан хэрнээ бидэнд мэдэгдэлгүй хэт өндөр зээлийн барьцаанд тавьж, зээлээ төлөлгүй ахын минь хөрөнгийг төлөлгүй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар "С т" ХХК-ийн газар, үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдахаар нөхцөл байдалтай байгаа болно. Харин өнөөдрийг хүртэл бодитоор хэрэгжиж ирсэн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн "Хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх" гэрээг хууран мэхэлж хийсэн гэх ямар ч үндэслэл байхгүй, зөвхөн Б.М******* өөртөө ашиг олж, "Х*******" ХХК-ийг болон иргэн Ц.А*******, "С т ХХК-ийг тус тус хохироож, залилан мэхэлж байгаа этгээд болно. Иймд иргэн Ц.А*******д 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн "Хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх" гэрээг холбогдуулан шаардах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

Хариуцагч Ц.А******* нь 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах, Хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээний үнэ 109,050,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Б.М*******д холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Иргэн Ц.А******* нь иргэн Б.М*******тай 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан ба уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Хормэнклаб ХХК-ийн 50 хувь буюу 10905 ширхэг нэг бүр нь 10,000 төгрөг нийт 109,050,000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг худалдан авагч тал болох Б.М*******д шилжүүлсэн. Харин Б.М******* нь гэрээний төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байгаа ба төлбөрийг нэхэхэд өгнө гэсээр өдийг хүрсэн. Компанийн ажлаар уулзаж хамтран ажиллаад явдаг байсан болохоор гэрээний төлбөрөө төлнө гэдэгт итгэдэг байсан. Гэтэл Б.М******* 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар түүнийг Хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөрийг төлөхгүй байх санаа зорилготой байгааг мэдлээ. Иймд 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээний үнэ 109,050,000 төгрөгийг Б.М*******аас гаргуулж өгнө үү, гэжээ.

Нэхэмжлэгч Б.М******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Б.М******* миний нэхэмжлэлтэй Ц.А*******д холбогдох ...Б.М*******, Ц.А******* нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Хувьцаа худалдах- худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл /хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл/-д тооцуулах...", "..."Х*******" ХХК-ний 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлж авхыг Ц.А*******д даалгуулах..." нэхэмжлэлтэй иргэний хэрэг тус шүүхэд хянагдаж байна. Уг хэрэгт хариуцагчаар оролцож буй Ц.А******* нь үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлүүлэхээр 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн "Хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-ний үнэ болох 109,050,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүллээ. Нэхэмжлэгч, хариуцагч нар "Хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-г байгуулах болсон гол хэрэгцээ шаардлага, хүсэл зорилго нь Х*******" ХХК-ний нэр дээр бүртгэлтэй байдаг буу, сум импортолж оруулж ирэх, худалдах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож галт зэвсэг, сумыг нийтэд худалдан борлуулж ашиг олох, олсон ашгаа хувааж авах санаа зорилготой байсан. Компанийн хувьцаа худалдагч, эрх шилжүүлэгч тал энэхүү тохиролцоогоо биелүүлээгүйгээр /компанийн үйл ажиллагаанд оролцуулаагүй/ барахгүй буу, сумны худалдаа эрхлэх ажилд хамтран ажиллана гэж Б.М******* намайг хууран мэхэлсэн учраас үндсэн нэхэмжлэлийг гаргасан гэдгийг хэлье. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээс үзвэл төлбөрийг нэхэхэд өгнө гэсээр өдийг хүрсэн, компанийн ажлаар уулзаж хамтарч ажлаад явдаг байсан болхоор төлбөрөө төлнө гэдэгт итгэдэг байсан гэсэн тайлбар гаргасан нь үндэслэл муутай байна. Б.М******* намайг "Х*******" ХХК-ний үйл ажиллагаанд хэрхэн, яаж оролцуулдаг байсныг одоогоор баримтаар нотолж чадаагүй. Би уг компанийн үйл ажиллагаанд оролцоогүй ба намайг оролцуулдаггүй байсан ба эхэлж ажиллуулах гэж байгаа дүр эсгэж хамаг юмаа хийлгэж авчаад /бүх ажиллагааг би зохион байгуулсан/ ажилд орсон хүүхдүүдэд болон надад архи ууж агсам тавьж миний орлого гэж ажлуулахгүй намайг хөөсөн. Үүнийг ажиллаж байсан хүмүүс гэрчилнэ. Намайг компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр нэмж бүртгүүлсэн нь бусдад төлөх ёстой өр төлбөр, татварыг надаар төлүүлэх гэсэн санаа зорилготой байсан байна гэдгийг үндсэн нэхэмжлэлдээ маш тодорхой тайлбарласан. Гэрээний 3 дугаар зүйлд зааснаар хувьцааны төлбөрийг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулна гэж тохирсон. Миний бие хувьцааны төлбөрийг төлөөгүй явдал нь "Хорсмэн клаб" ХХК бусдад төлөх төлбөр ихтэй байсан учраас төлөөгүй. Хэрэв бусдад төлөх өр төлбөр байгаагүй бол хувьцааны төлбөр төлөгдсон байх ёстой байсан. Ц.А******* нь надаас хувьцааны төлбөрийг хэрхэн шаардаж байснаа баримтаар нотлох ёстой. Гэрээний 6 дугаар зүйлд гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш компанийн үйл ажиллагаатай холбогдон гарсан ямар нэг хариуцлагыг эрх шилжүүлэгч тал хариуцахгүй гэж гэрээнд оруулсан. Миний бие компанийн үйл ажиллагаанд байнга идэвхтэй огт оролцож байгаагүй учраас бусдад төлөх төлбөрийг хариуцах нь шударга ёсонд нийцэхгүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр авагч "Б Э" ХХК, иргэн Ю.Доржханд нарын төлбөр барагдуулах ажиллагаанд төлбөр төлөгч "Х*******" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.М******* намайг татан оролцуулж миний гадаадад зорчих эрхийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 18290114/01 дугаар мэдэгдэх хуудсаар, мөн өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэх хуудас ирүүлэн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэхэд биелүүлээгүй гэсэн үндэслэлээр миний нар дээр бүртгэлтэй эд хөрөнгүүдийн эрхийг түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэлийн энэ ажиллагаанд "Х*******" ХХК төлбөр төлөхгүй байх санаа зорилтыг агуулж ...компани хөрөнгөгүй учраас 50 хувийн хувьцаа эзэмшигч Б.М*******аас төлбөр гаргуулах ажиллагааг явуулж өгөх санал..."-ыг гаргаснаар надад холбогдуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Миний бие дээрх мэдэгдлүүдийг эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Ц.Гантуяад хүсэлт гаргасан боловч 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 4/395 дугаар хариу мэдэгдэх хуудсаар хүсэлтийг хүлээн авах боломжгүй, ажиллагаа хуульд нийцсэн гэсэн хариуг өгсөн. Уг ха*******с Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01ний өдрийн 183/ШШ2016/01243 дугаар шийдвэрээр "Х*******" ХХК-аас 156,852,684 төгрөгийг гаргуулж "Б Э" ХХК-д, мөн тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 341 дүгээр захирамжаар "Х*******" ХХК-аас 91,015,843 төгрөгийг гаргуулж Ю.Доржхандад олгохоор шийдвэрлэснийг олж мэдсэн. Улмаар би Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 18290114/01 тоот мэдэгдэх хуудас, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 4-180/27497 тоот мэдэгдэл, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 4449 тоот төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тогтоол, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 4-180/641 тоот эрх түдгэлзүүлэх мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх, гадаадад зорчих эрх сэргээлгэх, Б.М*******д холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хууль бус болохыг тогтоолгох..." нэхэмжлэл гаргасныг анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Харин Улсын дээд шүүх хяналтын журмаар гаргасан гомдлыг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хэлэлцээд 001/XT2022/01018 дугаар тогтоол гаргаж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2022/01130 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2022/00686 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Б.М*******д холбогдуулан явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Улсын дээд шүүх Б.М*******д надад холбогдуулан явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснээр зөрчигдсөн эрх сэргэсэн. Энэ нь Ц.А******* анхнаасаа намайг хууран мэхэлж "Х*******" ХХК-ний бусдад төлөх өрийг надаар төлүүлэх үүднээс хэлбэрийн хувьд хувьцаа эзэмшигч болгосон гэдгийг нотолно. Энэ нь би сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх шалтгаан болно. Ц.А******* надад санал тавьж "Хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-г 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан боловч өдийг хүртэл буюу 6 жилийн хугацаанд надаас "Х*******" ХХК-ийн хувьцааны мөнгийг аваагүй нь дараах шалтгаантай.

Би "Максимус к ББСБ" ХХК-ийг үүсгэн байгуулсан ба манай компани "Чингис хаан банк" ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 3996/01/СС-2016 дугаар "Зээлийн гэрээ" байгуулж 1,050,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй зээлж авсан. Уг зээлийг "С т" ХХК-ийн захирал Ц.Бгийн төрсөн дүү "Х*******" ХХК-ийн захирал Ц.А*******гийн хүсэлтээр авсан. Тухайн үед Ц.А******* нь "...Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдан борлуулах нээлттэй сонгон шалгаруулалт..."-нд оролцохоор болсон гэж надад ойлгуулж зээл авхуулах хүсэлтийг тавьсны үндсэн дээр дээрх зээлийг би өөрийн үүсгэн байгуулсан компанийн нэр дээр авсан. Учир нь Х*******" ХХК буу сумны бизнесийн зээл авах гэсэн боловч уг нийлүүлэгч болгож хамтрах санаа агуулж байсантай нь шууд холбоотой. Уг зээлээс Ц.А*******гийн үүсгэн байгуулсан "Х******* ХХК нь 650,000,000 төгрөгийг үйл ажиллагаандаа ашиглах ба уг дүнгээс бодож банкинд зээл, зээлийн хүү төлөх, Максимус к ББСБ ХХК үлдэх 400,000,000 төгрөгт ногдох хэсгээр зээл, зээлийн хүүг банкинд төлөхөөр бид тохиролцсон. Энэ тохиролцооны дагуу "Х*******" ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 002/7/сс-2016 дугаартай "Зээлийн гэрээ"-г бичгээр манай компанитай байгуулж 650,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай, бизнесийн зээлийн зориулалтаар зээлсэн. Б.М******* миний үүсгэн байгуулсан "Максимус к ББСБ-наас зээлдэгч "Х*******" ХХК-нд 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Кассын зарлагын баримтаар 160,000,000 төгрөгийг, 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 60,000,000 төгрөгийг, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 18,816,000 төгрөгийг, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 50,000,000 төгрөгийг, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 67,720,045 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 138,014,896 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 155,449,059 төгрөг, нийт 650,000,000 төгрөгийг зээлж авсан боловч уг мөнгөө эргүүлж огт төлөөгүй. Ц.А******* нь өөрийн төрсөн ахдаа хүртэл худлаа ярьж нүүж байж хөрөнгийн нь эрсдэлд оруулсан байгаа. Гэрээгээр зээлдэгч зээлийн хүүд сар бүр 16,250,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн боловч зээлийн хүүд 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөгийг 1 л удаа төлсөн. Нэгэнт Ц.А******* надаас 50 хувийн хувьцааны үнийг нэхэмжилж байгаа бол надаас зээлсэн 650,000,000 төгрөгийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт тусад нь нэхэмжлэл гаргаж нэхэмжлэх болно гэдгээ хэлье. Тэрэлжид газрын асуудал зэрэг бусад асуудлууд ч бий. "Х*******" ХХК-ийн хувьцааг буцаан шилжүүлж авахыг даалгах нэхэмжлэлийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед бид эвлэрэх санал гарган ярилцаж байсан, эвлэрлийн гэрээний төсөл харилцан солилцож байсан гэдгийг хэлье. Мөн дээр дурдсанаар "Чингис Хаан банк" ХХК-аас зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлсэн ба барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гарсан шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байгаа болно. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.08.10-ны өдрийн 183/ШЗ2021/09073 дугаартай шүүгчийн захирамж, 2016.06.15-ны өдрийн Хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Х******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, кассын орлогын ордерууд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.16-ны өдрийн 183/ШШ2022/00686 дугаартай шийдвэр, Улсын дээд шүүхийн 2022.10.28-ны өдрийн 001/ХТ2022/01018 дугаартай тогтоол, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.06.13-ны өдрийн 210/МА2022/01130 дугаартай магадлал, хяналтын журмаар гаргасан гомдол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.29-ний өдрийн 183/ШШ2023/02580 дугаартай шийдвэр, 2022.06.30-ны өдрийн Компанийн хувьцаа, эрх буцаан шилжүүлэх гэрээ, 2022.06.30-ны өдрийн эвлэрлийн гэрээ,

Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Шүүх зохигчийн хүсэлтээр Шүүхийн тусгай архивын 2022.04.20-ны өдрийн 1/1065 дугаартай албан бичиг түүний хавсралт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022.04.26-ны өдрийн 5/3601 дугаартай албан бичиг түүний хавсралт, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2022.04.04-ний өдрийн 4/1849 дугаартай албан бичиг түүний хавсралт, зэрэг баримтуудыг цуглуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М******* нь хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж, хувьцааны 50 хувийг буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.А*******д холбогдуулан гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.А******* нь 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах, Хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээний үнэ 109,050,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул үндсэн нэхэмжлэлийн хүрээнд эрх зүйн дүгнэлт хийв.

 

Хариуцагч Ц.А******* болон нэхэмжлэгч Б.М******* нарын хооронд байгуулагдсан 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ-ээр Х******* ХХК-ийн 50 хувийн буюу 10,905 ширхэг нэг бүрийн 10,000 төгрөгийн нийт 109,500,000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг худалдахаар, худалдан авагч нь хувьцааны мөнгийг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...компани бусдад төлөх ямар нэгэн өр төлбөр, маргаантай асуудал компанид огт байхгүй гэж хариуцагч хэлсэн тул гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хууран мэхэлж хэлцэл байгуулсан тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хувьцааны 50 хувийг буцаан шилжүүлэхийг даалгуулах гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй., 59.2-т Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний 5 дахь хэсэгт эрх шилжүүлэн авагч тал нь компанийн татварын албанд төлж барагдуулах өр, төлбөрийг бүрэн хариуцах болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.М******* нь татварын албанд төлж барагдуулах өр, төлбөрийг бүрэн хариуцахаар тохиролцож хэлцэл байгуулсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл уг заалтаар няцаагдаж байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заажээ.

Түүнчлэн маргаан бүхий асуудалтай холбоотойгоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2018/00341 дугаартай Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2016/01243 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 542 дугаартай магадлал тус тус гарсан. Уг шийдвэрүүд гарснаас хойш эрх ашиг нь хөндөгдсөн гэж нэхэмжлэгч үзэж байгаа бол дээрх шийдвэрүүдтэй холбоотойгоор шаардах эрхийн хугацаандаа нэхэмжлэгч шүүхэд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй.

Өөрөөр хэлбэл, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргаснаас дүгнэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Ц.А*******д холбогдох Б.М*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.А*******д холбогдох 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Х******* ХХК-ийн 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Б.М*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах, Хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээний үнэ 109,050,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ц.А******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлалыг баталсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1,74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 773,400 төгрөг, хариуцагчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 703,200 төгрөгөөс 351,600 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 351,600 төгрөгийг гаргуулж хариуцагч Ц.А*******д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ