Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2024/01092

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 11 өдөр  Дугаар 183/ШШ2024/01092 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг,  Х-54 СӨХ-ны нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  Х******* овогт С*******гийн А******* /РД:ШЗ41122076/-д холбогдох,  

СӨХ-ны төлбөрт 3,754,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Т*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Хот айл-54 СӨХ нь хариуцагч С.А*******т холбогдуулан СӨХ-ны төлбөрт 3,754,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна

Үүнд: Чингэлтэй дүүрэг,  тоотуудын өмчлөгч С.А******* нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг огт төлөхгүй байна гэж СӨХ-оос шүүхэд өгөх нөхцөл бүрдсэн тул 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулан хэсэг өр төлбөрийг нь хасаж цуцалж байсан юм. Энэ хоёр байр нь 1 дүгээр давхрын байр, С.А******* нь 2003 оноос энэ хоёр орон сууцны байранд цайны газар, үсчин, оёдол гэх мэт үйл ажиллагаа явуулахаар бусдад түрээслүүлдэг. Эвлэрлийн гэрээгээр СӨХ-ны төлбөрт 34 тоот байрны сарын төлбөрийг 56,800 төгрөг, 34 тоот байрны сарын төлбөрийг 47,200 төгрөгөөр, алданги тооцохоор тохирч байсан юм. С.А******* нь уг гэрээгээр 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 2,500,000 төгрөг төлж барагдуулж байсан юм. Гэтэл одоогоор 2020 оны 12 дугаар сараас өнөөг хүртэл СӨХ-ны төлбөрөө төлөхгүй байна. СӨХ-оос удаа дараа төлбөрөө төлөхийг С.А*******т удаа дараа мэдэгдэж байсан. СӨХ нь ажлаа байнга удирдах ба хяналтын зөвлөлд танилцуулан, оршин суугчдад тайлангаа хүргэж, Facebook-н Х-54 СӨХ-ны цахим группэд байршуулан санал, хүсэлтийг нь авч байгаа. Иймд С.А*******аас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны төлбөрт нийт 3,754,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү, гэжээ.

Хариуцагч С.А******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн миний бие СӨХ-ныхоо дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал мөнгийг төлөхгүй гэж хэзээ ч хэлж байгаагүй. Харин төлье өө, гэхдээ чиний энэ санаасаа зохиосон ийм их хэмжээний төлбөрийг бол төлөхгүй, СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар хэлэлцэгдэж, албан ёсоор батлагдсан тийм хэмжээгээр л төлье гэдэг. "Сууц Өмчлөгдийн Холбоо" гэдэг энэ байгууллага бол "Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай" гэсэн нэр бүхий өөрийн тусгайлсан хуультай байгууллага. Энэхүү хуулийн "Бүх гишүүдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох" гэсэн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болох" тухай заагаад 9.5 дахь хэсэгт нь "Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ." гэж заасан байна. Зардал мөнгөний асуудал учраас хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ." гэж онцгойлон заасан байгаа юм. Тэрчлэн уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт бүх гишүүдийн "Хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гаргах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулна." гэж заасан байгаа. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлын асуудлыг бүх гишүүдийн хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэх тухай дээр дурдсанчилан уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасны дагуу хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулсан. Бүх гишүүдийн хурлын тогтоол, хурлын тэмдэглэл байгаа эсэхийг иргэн Г.Т*******гаас танай шүүх гаргуулан авч шалгах шаардлагатай байх. "Сууц өмчлөгчийн эрх, үүрэг"-ийн тухай 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь хэсэгт "хурлын тогтоол, тэмдэглэлтэй танилцах, үнэн зөв эсэхийг хянах эрхтэй гэж заасан хэдий ч СӨХ-д сууц өмчлөгч бид нарын төлөх мөнгөний талаар СӨХ-ны хуульд дурдсан 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасны дагуу бүх гишүүдийн хурлаас гаргасан албан ёсны тогтоол, хурлын тэмдэглэлийг иргэн Г.Т******* сууц өмчлөгч бид нарт өгөх нь байтугай тас нуугаад үзүүлдэг ч үгүй. Албан ёсны тийм тогтоол шийдвэр байхгүй болоод л тэгдэг байх. Уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна гэж заасан байгаа. Энэхүү хуулийн "Бүх гишүүдийн хурал" гэх 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гаргах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулна гэж заажээ. СӨХ-ны гүйцэтгэх захирал гэх энэ Г.Т******* гэдэг хүний нэхэмжлэлдээ хавсаргасан "Хариуцагчийн өр авлагын банкны үлдэгдлийн хуулга" гэдэг материал доторхи мөнгөн дүнг иргэн Г.Т******* санаанаасаа зохион өөрөө шивж оруулдаг юм. Иргэн Г.Т*******г СӨХ-ны гүйцэтгэх захирал гэх гэдгийн учир нь иргэн Г.Т******* олон жилийн өмнө манай "Хот айл" СӨХ-ны гүйцэтгэх захирлаар сонгонгохдоо хууль бус, залихайн аргаар томилогдсон байдаг юм байна лээ. Тэр үед манай хороон дарга байсан эмэгтэй 10 хүрэхгүй хүн дагуулж ирээд иргэн Г.Т*******г СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томиллоо гэсэн хууль бус, хуурамч шийдвэр гээч юмыг гаргасан юм байна билээ. Зүй нь СӨХ-ны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт "Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно. гэж заагаад 9.4 дэх хэсэгт нь "Энэ хуулийн 9.2 заасан хувьд хүрээгүй бол бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэж, дахин хуралдуулах хугацааг товлоно." гэж заасны дагуу бүх гишүүдийн хурлыг хуульд заасан 50-иас дээш хувийн ирцтэйгээр хуралдуулж, уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу удирдах зөвлөлийг сонгож, уг удирдах зөвлөл нь СӨХ-ны хуулийн энэхүү 10 дугаар зүйлийн 10.8.1-д заасны дагуу холбооны гүйцэтгэх захиралд нэр дэвших болзол, шалгуурыг тогтоож, дараа нь уг 10 дугаар зүйлийн 10.8.2 дахь хэсэгт заасны дагуу холбооны гүйцэтгэх захирлыг сонгох ёстой. Гэтэл ийм ажиллагаа огт хийгдээгүй юм байна лээ. Тиймээс иргэн Г.Т******* нь СӨХ-ны гүйцэтгэх захирлаар хууль ёсоор сонгогдоогүй юм байна билээ. Энд дурдсан хуулийн заалтуудын дагуу иргэн Г.Т******* СӨХ-ны гүйцэтгэх захирлаар албан ёсоор сонгогдсон эсэх талаархи материалыг Г.Т*******гаас танай шүүхээс гаргуулан авч үзээрэй л дээ. СӨХ-ны зарим гүйцэтгэх захирал нар энэхүү тайлбар таницуулгад дурдсаны дагуу энэ мэтээр хууль бусаар болон хуулийн дагуу СӨХ-ны гүйцэтгэх захирлаар сонгогдчихоод хууль бус үйл ажиллагаа явуулж сууц өмчлөгдөөс цуглуулсан СӨХ-ны мөнгөнөөс цалин авч, цаашилбал СӨХ-ны мөнгийг хууль бусаар зарцуулж явдаг нь нууц биш. Иргэн Г.Т******* нь ийм л хүмүүсийн нэг нь. Энэ мэт иргэн Г.Т*******гийн хууль бус үйл ажиллагааны талаар иргэн С.Арсланбаатар миний бие энэхүү тайлбар танилцуулгад дурдсан байгаа.СӨХ-ны хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт "Дараахь асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ" гэж заагаад 7.2.4 дэх хэсэгт нь "Удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгож, тайланг нь хэлэлцэх, тэдний үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх," гэж заасан байна. СӨХ-ны хуулийн Удирдах зөвлөлийн эрх, үүргийн талаархи 10.8 дахь хэсгийн 10.8.1-д холбооны гүйцэтгэх захиралд нэр дэвших болзол, шалгуурыг тогтоох, 10.8.2-д нь холбооны гүйцэтгэх захирлыг сонгох гэж заасан байна. Энэ ажиллагаанд энд дурдсан хуулийн заалтуудын дагуу хийгдээгүй юм байна билээ, гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, дансны хуулга, сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээний хуулбар, Х СӨХ-ноос 2022 онд хийсэн ажлын тайлан, Х СӨХ-ноос 2021 онд хийсэн ажлын тайлан, Хот айл СӨХ-ноос 2020 онд хийсэн ажлын тайлан, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн эвлэрлийн гэрээ, нотлох баримт хүргэх тухай хүсэлт түүний хавсралтууд,

Хариуцагчаас хариу тайлбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, зэрэг бичгийн баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч Х-54 СӨХ хариуцагч С.А*******т холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ.

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн хариуцагч С.А*******т холбогдох Х-54 СӨХ-ны гаргасан 3,754,800 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Х-54 СӨХ нь Чингэлтэй дүүрэг,  тоот орон сууц нь 51 м.кв талбайтай 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 сарын 30-ны өдөр хүртэлх орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1,704,600 төгрөг, мөн хаягт орших 35 тоот орон сууц нь 59 м.кв талбайтай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2,050,200 төгрөг, уг 2 орон сууцанд аль алины аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг тул 1 м.кв талбайн үнэ 800 төгрөгөөр тооцож, нийт 3,754,800 төгрөгийг орон сууцны өмчлөгч С.А*******аас гаргуулахыг шаардаж байна.

Хариуцагч нь Чингэлтэй дүүрэг, тоот орон сууцыг өмчилдөг, аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг энэ талаар маргахгүй. Харин нэхэмжлэгч нь сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг хуульд нийцүүлж батлаагүй, бүх гишүүдийн хурлыг хийгээгүй, хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хурлыг хийж, баталсан сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг төлөхгүй гэж маргадаг.

Хэргийн баримтаас үзэхэд Х-54 СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.1, Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д зааснаар байгуулагдсан болох нь Х-54 СӨХ-ны гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. 

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй, 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар дээрх зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлж байхаар, харин уг зардлыг сууц өмчлөгчдөөс шаардах эрхийг сууц өмчлөгчдийн холбоонд олгосон байх тул Х-54 СӨХ шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцжээ.

Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй бөгөөд хариуцагч С.А******* нь тухайн орон сууцны өмчлөгч болохоо хариу тайлбартаа илэрхийлсэн байна.

Харин хариуцагчийн сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг тогтоохдоо хуульд нийцүүлээгүй гэсэн тайлбар нь Х СӨХ-ны бүх гишүүдийн 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэлээр няцаагдаж байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл тус бүх гишүүдийн хурлын шийдвэрээр ... нийт айл өрхөөс сард ашигтай талбайгаас 230 төгрөг м.кв, зөвшөөрөлгүй байраа өргөтгөж амьдарч байгаа айлуудаас сард нийт талбайгаас 400 төгрөг м.кв, аж ахуйн үйл ажиллагаа явуудж байгаа айл, аж ахуйн нэгжүүдээс нийт талбайгаас 800 төгрөг м.кв тус тус тооцон авахаар тогтоолоо гэж шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр байна.

Иймд хариуцагч С.А*******аас сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 3,754,800 төгрөгийг гаргуулж Х-54 СӨХ-нд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар хариуцагч С.А*******аас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 3,754,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х-54 СӨХ-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,026 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А*******аас улсын тэмдэгтийн хураамжид 75,026 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

  

ШҮҮГЧ  Ц.ОЮУНБИЛЭГ