Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 79

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

            улсын яллагч Б.Энхмэнд,

            шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соёлмандах (ҮД:0857),

шүүгдэгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Боржигон овогт Дамдинсүрэнгийн Батбаярт Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201701080110 дугаар, 108/2017/0082/Э индекстэй хэргийг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                           

Монгол Улсын иргэн, 1963 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, 24а дугаар байрны 07 тоотод оршин суух,

1. 1980 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн А-д зааснаар 6 сар засан хүмүүжүүлэх ажил хийх ял, 

2. Налайх районы ардын шүүхийн 1987 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 62 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 1989 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

3. Налайх дүүргийн шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 127 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 14 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 97 дугаар зүйлд зааснаар Д.Батбаярт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг  4 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар уг хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

4. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар албадан ажил хийлэх ял шийтгүүлсэн,

регистрийн УЕ63090539 дугаартай, Боржигон овогт Дамдинсүрэнгийн Батбаяр нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө 09-өөс 10 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 18-643б тоотод оршин суух Д.Нямцэрэнгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 40 инчийн “Элко” нэртэй зурагтыг хулгайлан авч 709.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Батбаяр нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө 09-өөс 10 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 18 дугаар гудамжны 643б тоотод оршин суух Д.Нямцэрэнгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж 40 инчийн “Элко” маркийн зурагтыг хулгайлан авч 709.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан Өмчлэх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Батбаярын: “... 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр найзындаа архи уучихаад өглөө нь гараад Нямцэрэнгийн гэрт очсон. Хаалгыг нь нүдсэн чинь эзэнгүй байхаар нь ороод зурагтыг нь аваад гарсан. Зурагтыг нь таксины жолоочид 2 шил архиар зарсан. Энэ хэргийн улмаас 4 сар хоригдсон ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Нямцэрэнгийн өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өглөө 06 цагийн үед гэрээсээ гараад хаалгаа цоожлоод явсан ба өдөр 10 цагийн үед цайгаа уухаар гэртээ иртэл гэрийн хаалга онгорхой байхаар нь “охин ирсэн юм болов уу” гэж бодоод дотогшоо ортол хойморт байсан зурагт алга болсон байхаар нь буцаад шууд дүү Мягмарсүрэнгийн гэрт ортол байж байсан ба “зурагт алга болчихлоо” гэхэд “сая Батбаяр ах орж ирээд архи уугаад гараад явсан” гэж хэлсэн. Тэгээд шууд буцаж гараад цагдаа дуудсан. ... Цоожны цүүг суга татаж аваад дотогш ороод цоожийг угаалгын машин дээр тавиад гараад явсан байна лээ. ... Одоо алдагдсан зурагтаа яг хэвээр нь хүлээн авсан тул гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Ц.Наранболдын өгсөн: “... Миний бие хулгайн зурагт гэж мэдэлгүй зурагт зарсан залууд 0.75 литрийн Хараа архи 1 шил, 0.5 литрийн Хараа архи 1 шил, нэг хайрцаг улаан шонхор тамхи авч өгөхөд 22.000 төгрөг болсон. Энэ 22.000 төгрөгөө нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28, 30, 33-34 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Г.Мягмарсүрэнгийн өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 09 цагийн үед гэртээ байж байтал гаднаас Цэхээнээ хочтой Батбаяр ах орж ирээд “ах нь нэг шил 0.33 литрийн архи авч уух гэсэн чинь 1.000 төгрөг дутаад байна, байвал өгөөч” гэхэр нь би 1.000 төгрөг өгөхөд чимээгүй аваад гараад явсан. Тэгээд удалгүй буцаад 0.33 литрийн архиа барьж орж ирээд надад жижиг хундганд хийж өгөөд би тэрийг нь уухад үлдэгдэл архиа аваад гараад явсан. Тэгээд зурагт үзээд хэвтэж байтал 10 цагийн үед манай нагац эгч Нямцэрэн орж ирээд “манай зурагт алга болчихож” гэхээр нь хашаанд орж үзэхэд гэрийнх нь хаалганы цоожийг суга татаад хулгай орсон байсан ба шууд цагдаад мэдэгдсэн. Батбаяр зүс үзсэн манай хороонд явж байдаг нэг залуутай хамт явж байсан. Нямцэрэнгийн гэрээс зурагт хулгайлсныг мэдээгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Т.Мөнхбаярын өгсөн: “... Өглөө 08 цагийн үед босоод дахиад архи авч уух гэхэд мөнгө байхгүй байсан ба Батбаяр 2.000 төгрөг гаргаж ирээд нэмж мөнгө олохоор бид 2 гараад Батбаяр “таньдаг айлаасаа мөнгө гуйна” гээд нэг айлд ороход хүн байхгүй хүүхэд нь гээд нэг залуу байсан ба Батбаяр тэр залуугаас 1.000 төгрөг гуйгаад аваад бид 2 гараад дэлгүүр ороод 0.33 литрийн сайхан нэртэй архи аваад буцаад нөгөө залуугийн гэрт ороод архиа хувааж ууж дуусгаад гарсан. Тухайн айлын хашааны арын хаалгаар Батбаяр бид 2 гарахад Батбаяр намайг “наанаа хүлээж бай, би нэг айлаар орчихоод гараад ирье” гээд нэг хашаа руу яваад орсон ба би архиндаа согтоод хашааных нь гадна хүлээгээд сууж байтал 5 минут орчим болоод Батбаяр нэг зурагт тэврээд гараад ирсэн. Тэгэхээр нь би “юун зурагт юм бэ” гэхэд “миний зурагт” гэж хэлээд миний урд гараад алхахаар нь араас нь дагаад алхахад Батбаяр нэг такси зогсоогоод суухаар нь би очоод суутал Батбаяр таксины жолоочид “энэ зурагтыг зарна” гэхэд нөгөө таксины жолооч нь зурагтыг үзээд хөдлөөд нэг хашааны гадна очоод буцаж гарч ирээд зурагтыг авч дотогшоо ороод буцаж гарч ирээд дэлгүүр ороод 1 шил 0.75 литрийн Хараа архи, 0.5 литрийн Хараа архи нэгийг, нэг хайрцаг улаан шонхор тамхи аваад буцаж гарч ирээд Батбаяр бид 2 манай гэрт очоод Мөнхбат бид 3 хувааж уугаад сууж байтал цагдаа нар хүрээд ирсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9 дүгээр тал/,

Д.Батбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55 дугаар тал/,

Д.Батбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар тал/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 66 дугаар тал/,

Д.Батбаярын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 73-75, 78-89,  дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Д.Батбаярт Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Учир нь Д.Батбаяр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдардаг орон байр болох иргэн Д.Нямцэрэнгийн гэрт нь нэвтэрч үйлдсэн нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2-8 жилийн хугацаагаар хорих ялтай, харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар торгох, эсхүл 3-6 сарын хугацаагаар баривчлах, 2-5 жилийн хугацаагаар хорих ялтай бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан байх тул шүүгдэгч Д.Батбаярын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2002 оны оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Улмаар шүүгдэгч Д.Батбаяр нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар албадан ажил хийлэх ял шийтгүүлсэн ба мөн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялтайд тооцох хугацаа нь “Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно” гэсэн заалтад хамаарч байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Харин Д.Батбаярт согтуурсан үедээ анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулж, түүний 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 126 (нэг зуун хорин зургаа) хоног буюу 4 сар 6 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298, 299, 301 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Дамдинсүрэнгийн Батбаярыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Дамдинсүрэнгийн Батбаярт Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр, 4 (дөрөв) сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

3. Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Д.Батбаярт оногдуулсан 4 сар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Д.Батбаярын урьд 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 126 (нэг зуун хорин зургаа) хоног буюу 4 сар 6 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, түүнийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

5. Шүүгдэгч Д.Батбаяр нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Д.Нямцэрэн, иргэний нэхэмжлэгч Ц.Наранболд нар “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Батбаярт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ЛУВСАНДОРЖ