Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 118/ШШ2023/0028

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг батлах тухай

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа би тус аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох “Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ******* сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргын ажилд томилохыг даалгуулах, томилогдсон өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий иргэн Б.*******ийн нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.*******ийн нэхэмжлэлийг хүлээн авч улмаар хоорондоо ярилцаж эргүүлэн томилохоор боллоо. Иймд ажил олгогч, ажилтан нарын маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ. 

Нэхэмжлэгч хариуцагч нар 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн эвлэрлийн гэрээндээ: Иргэн Б.*******ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлд дурдсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 6447054 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлөх болно гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал бүрэн хүлээн зөвшөөрч 2023 оны 07 сарын 17-ны өдөр хариу мэдэгдэлдээ ажилд эргүүлэн томилохоор болсон тухай дурдсан байсны дагуу 2023 оны 08 сарын 01-ний өдөр ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын Б/04 тоот тушаалаар ажилд эргүүлэн томилж, улмаар мөн тушаалаар 2023 оны 04 сарын 14-ний өдрийн Б/03 тоот “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгосон. 2023 оны 07 сарын 31-ний өдрийн эвлэрлийн гэрээгээр хариуцагч тал нэхэмжлэлд дурдсан хүүхэд асрах чөлөөнөөс эргэн томилогдсон өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болох 6447054 төгрөгийг 2023 оны 10 сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн хүлээн зөвшөөрснөөр эвлэрсэн. Иймд шүүгчийн захирамжид хариуцагчийн мэдэгдэл болон эвлэрлийн гэрээг тусгаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.******* нь “Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ******* сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргын ажилд томилохыг даалгуулах, хүүхэд асрах чөлөөнөөс эргэн томилогдсон өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах шаардлагуудыг биелүүлж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх шаардлагыг 2023 оны 10 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт “нэхэмжлэгч хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” гэж заасан ба нэхэмжлэгч хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбараас харахад харилцан буулт хийсэн зүйлгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрч бүх шаардлагыг биелүүлэх талаар шүүхэд тайлбар ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ. Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/04 дүгээр тушаалаас харахад Б.*******ийн эрхэлж байсан санхүүгийн албаны даргын ажлыг Б.*******гаар хавсран гүйцэтгүүлж байсан, Б.*******ийн ажлын байранд шинээр хүн томилж ажиллуулаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрснөөр бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ийн  “Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ******* сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргын ажилд томилохыг даалгуулах, томилогдсон өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.АМАРЗАЯА