Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 201/МА2019/00024

 

 

 Н.Ж-ын нэхэмжлэлтэй,

Ц.Х-т холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 05-ны өдрийн 138/ШШ2019/00511 дугаар шийдвэртэй Н.Ж-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Х-т холбогдох 265 669 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ц.Х, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 08 сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ц.Х, түүний өмгөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Ц.Хтай дам хүнээр дамжуулан танилцсан. Улмаар Ц.Хтай утсаар холбогдож ярихад эгч нь багш хүн худлаа хэлэхгүй, мөнгө чинь хувьцаа болж гадаадын компанид хөрөнгө оруулалт болоод жилийн дараа хоёр нугаларч та нарт очно гэж хэлсэн. Тэгээд над уруу Хаан банкны дансаа явуулахад нь би 90 еврог тэр үеийн Голомт банкны ханшаар бодож шимтгэл 1.8 евро нэмээрэй гэхэд нь нийт 91.8 евро /91.8х2894/ буюу 265 669 төгрөгийг 2017 оны 11 сарын 02-ны өдөр шилжүүлсэн. Шилжүүлэг хийгдэж фэйсбүүк чатаар харилцаж байсан. Миний данс 5006569190, Ц.Хын данс ... юм. Цаашаа тэр хувьцаа болгосон эсэхийг мэдэхгүй байна. Нэг жил өнгөрч 2018 оны 11 сард холбогдож Ц.Хаас мөнгөө асуутал хариу хэлэлгүй утсаа блоклож, фэйсбүүкээ ч блок болгосон. Иймд Ц.Хд шилжүүлсэн мөнгөө нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхрийн ажлын газрын захирал Цэрэндулам нь Ц.Хын найз юм билээ. Ц.Х эгч “найзаасаа чиний дугаарыг авлаа” гээд над уруу утсаар залгаж богино хугацаанд мөнгөө хоёр дахин өсгөж авах боломж байгаа талаар ярьсан. Хөдөө орон нутагт байдаг гэхээр нь би элсэхгүй гэдгээ хэлсэн. Тэгэхэд Ц.Х нь уг компанийн төв оффис нь Төв номын сангийн ойролцоо байдаг, биет төлөөлөгчөөр дүүгээ явуулья гэсэн. Ц.Х эгчийн дүү Одгэрэл гэж хүн манай ажил дээр ирээд мөнгөө хэрхэн өсгөх талаар ярьсан. Их мөнгөөр элсвэл 7, 7 хоногоор ашгаа өгдөг. Хамгийн бага нь 90 еврогоор элсдэг. Багаар элсвэл нэг жилийн дараа ашиг авна гэж хэлсэн. Цаг хожиж багаар  ч гэсэн элсэх хэрэгтэй гэсэн. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ц.Х эгчийн ... гэсэн данс уруу тухайн үеийн евроны ханшаар тооцон 265669 төгрөг шилжүүлсэн. Мөн өөрийн найз Н.Жт энэ талаар хэлсэн. Тэгээд Н.Ж нь Ц.Хын дансанд 265669 төгрөг шилжүүлсэн. Нэг жилийн дараа Ц.Х эгч рүү ярихад нь утсыг  нь шууд салгасан гэсэн. Н.Жын хувьд нэг жилийн хугацаанд ямар нэгэн ашиг гэж аваагүй, ашигаа жилийн дараа Ц.Х эгчээр дамжуулан авна гэж надтай адил итгэсэн. Иймд Ц.Хаас 265669 төгрөгийг гаргуулан Н.Жт олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 онд Questra World гэдэг гадаадын компанид хөрөнгө оруулалт хийсэн. Энэ компани нь 7 хоног бүр ноогдол ашиг олгодог байсан. Энэ үед миний бие компьютерт хүний нэр шивж сурсан учир хүмүүс нэрээ шивүүлье гэж өөрсдийн мэдээллийг явуулж нэрээ шивүүлдэг байсан. Шивсэн хүний нэр дээр аккаунт үүсээд өөрсдөө тэрийгээ хянаад явдаг байсан. Бараг нэг жилийн өмнөөс ноогдол ашгаа авч чадахаа больсон. Ноогдол ашгаа авч чадахгүй ч гэсэн ноогдол ашиг орж байгаа нь харагддаг байсан боловч нэг сар орчмын өмнөөс сайт нь устаад юу ч харагдахаа больсон. Би ч гэсэн энэ компанийн хохирогч болоод явж байгаа. Н.Жын хувьд над уруу залгаад “би Ш.С гэдэг найзаасаа энэ компанийн тухай сонслоо. Би хөрөнгө оруулалт хийж мөнгөө өсгөх гэсэн юм. Таныг шивж оруулж чаддаг гэнэ” гэж яриад өөрийн мэдээллээ явуулж шивүүлээд, мөнгөө явуулж аккаунт үүсгүүлсэн. Тухайн үед энэ хүний аккаунтыг нээж өгөөгүй байсан бол тэр үедээ надаас мөнгөө нэхэх байсан юм. Компанийн сайт нь устаад алга болохоор өөрийнхөө өмнөөс хүнийг буруутгаж байгааг ойлгохгүй байна. Би энэ хүний мөнгийг өсгөж өгье гэж хэлээгүй. Надад мөнгө өсгөх ямар ч компани байхгүй. Найз Ш.Сийн урилгаар өөрийн хүслээр мөнгөө өсгөх гээд гадаадын компанид өгсөн мөнгөө надад өгсөн юм шиг нэхэж байгаад гайхаж байна. Н.Ж гэдэг хүн “Ц.Х гэдэг эмэгтэйг хувьцаа эзэмшдэг. Нэг жилийн дараа ашиг өгнө гээд байхаар нь мөнгө шилжүүлсэн” гэжээ. Гэтэл би энэ хүнийг огт танихгүй, хэзээ ч уулзаж байгаагүй, өөрөө над уруу залгаж гадаадын компанид мөнгө хийж байгаагаа мэдсээр байж хийчихээд, миний ятгалгаар хийсэн хүн шиг намайг гүтгэж байна. ...Би Н.Жын мөнгийг огт хэрэглээгүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй  гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 05-ны өдрийн 138/ШШ2019/00511 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ц.Хаас 265 669 /хоёр зуун жаран таван мянга зургаан зуун жаран есөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Жт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8620 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ц.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 8620 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Жт олгож, ... шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ц.Х, түүний өмгөөлөгч Д.Урансувд нар давж заалдах гомдолдоо: “... шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхээс үйл явдал болон татгалзаж буй үндэслэлийг буруу тайлбарласнаар хуулийг буруу хэрэглэх үндэслэл болсон гэж маргаж байна.

Н.Ж нь Questra world хөрөнгө оруулалтын компанийн талаар сонсож мэдээлэл авснаар энэ компанид хөрөнгө оруулалт хийж, өөрийнхөө мөнгийг өсгөх зорилгоор сүлжээний энэ компанид гишүүнээр элсэх саналаа илэрхийлж орсон. Гишүүнээр элсэх хүмүүс хамгийн багадаа 90 еврогоор элсэх ба үйлчилгээний хөлсөнд 1.80 евро төлдөг. Тэгээд өөрийн нэрээр аккуант үүсгээд нэмж хөрөнгө оруулалт хийх болон гишүүн нэмж оруулснаар ашиг хүртээд явдаг юм. Энэ компанид элсэхэд хүчээр ор гэж ятгаагүй. Журам, маркетингтай танилцаад элсэн орсон бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хөрөнгө оруулалтын компанид хөрөнгө оруулагч болж элссэн болохоо шүүх хуралдаан дээр тайлбарласан. Би Ш.С, Н.Ж гэх эмэгтэйг огт хараагүй, танихгүй анхнаасаа энэ компанийн талаар би мэдээлэл огт өгөөгүй. Харин Ш.С найз нь мэдээлэл өгөөд энэ компанид элсэн орох шийдвэрээ гаргасны дараа би түүнтэй холбогдсон ба гишүүнээр элсэхдээ надаар дамжуулан компьютерт шивүүлж аккуант үүсгүүлсэн. Анхнаасаа Н.Ж нь гадаадын хөрөнгө оруулалтын компанид элсэн орж байгаа гэдгээ мэдсэн бөгөөд шүүх хуралдаан дээр мэдсэн болохоо тайлбарласан. Түүнээс миний компанид /би хөрөнгө оруулалтын компани байтугай өөр компани ч байхгүй/ элсэн орж байгаа биш учраас би түүнд мөнгийг нь нэг дахин өсгөж өгнө гэж авсан зүйл байхгүй шүү дээ. Энэ байдлыг шүүх ялгаж үнэн зөвөөр шийдээгүй. Нэхэмжлэл гаргахаас сарын өмнө энэ компанийн сайт устсан. Түүнээс өмнө бид адилхан л компанийн мэдээлэл авч байсан. Н.Ж надад хувийн мэдээллээ өөрөө өгсөн. Түүний дагуу би өөртэй нь утсаар болон фэйсээр холбогдож бид 2 ярилцаад мэдээллийг нь шивж оруулсан ба оруулсан талаараа өөрт нь хэлж цаашид ингэж ордог гэдгийг зааж өгсөн. Шүүх хуралдаан дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч нь намайг нэг удаа фэйсээр яриад ингэж ордог гэдгийг тайлбарлаж байсан гэж хэлсэн. Үүгээрээ мэдээлэл нь орж хөрөнгө оруулалт нь тухайн компанид шилжсэн гэсэн үг. Хэрвээ мөнгийг нь компанид шилжүүлээгүй бол гишүүнээр элсэн орсон тухай мэдээлэл огт үүсэхгүй. Мэдээллийг нь компьютерт шивж оруулсан болохоо маш сайн мэдэж байгаа ба түүний нэрээр үүссэн аккуантад өөрөө л цаашид хандаж орох эрхтэй, надад биш Н.Жт мэдээлэл нь харагддаг. 1 удаа орсон болохоо надад хэлээд дахин юм асууж байсан. Хэрвээ тухайн хугацаанд нь мэдээллийг нь шивж хөрөнгө оруулалт хийгээгүй байсан бол надад тэр даруйд нь хандах ёстой баймаар юм. Гэтэл компанийн сайт устсанаас хойш шүүхэд хандсан нь зөвхөн өөрийгөө л бодсон хэрэг. Би ч гэсэн энэ компанид хөрөнгө оруулалт оруулсан. Адилхан л хохироод явж байгаа. Бидний хэн аль нь мөнгөө өсгөх гэж энэ компанид элссэн шүү дээ. Хэрвээ өөрөө компьютерт сайн ажиллаж чаддаг байгаад өөрийнхөө мэдээллийг өөрөө шивж оруулсан байвал хэнээс мөнгөө нэхэх вэ. Надаар дамжуулан олон хүн хөрөнгө оруулалтын компанид гишүүнээр элсэхдээ мэдээллээ шивүүлж орж байсан. Би нэг ч хүний мэдээллийг буруу шивээгүй, хоцроогоогүй, оруулахгүй хохироож байгаагүй. Яагаад гэвэл сүлжээний компани учраас орж буй хүмүүсийн мөнгөн дүнгээс дээд талынх нь хүмүүст урамшуулал гэж хөрөнгө оруулалт нь орж байдаг. Миний хэлний болон интернэтээр харьцах чадвар бусдад олзлогдон тусалсны хариуд би буруутан болно гэдэг нь шударга бус явдал. Би тэр хүнийг над руу мөнгө шилжүүлсэн гэж маргаагүй. Гэхдээ энэ мөнгийг би өөртөө хэрэглэсэн гэсэн үг биш ш дээ. Хэрвээ энэ компани ашиг өгөөгүй ч гэсэн сайт нь устаагүй байсан бол надаас мөнгө нэхэхгүй байсан. Сайт нь устаад алга болохоор нь өөрийнхөө оруулсан хөрөнгийг үр ашиггүй болгохгүйн тулд намайг хохироож болмооргүй юм. Би дээд боловсролтой, багш мэргэжилтэй, олон жил ардын олон хүүхдүүдийг физикийн шинжлэх ухаанд нэвтрүүлэх гэж хүчин зүтгэж яваа жирийн нэгэн сэхээтэн эмэгтэй. Хэзээ ч надаас ийм муу муухай луйврын үйл хийх ёс суртахуун гарахгүй. Маш их ажилтай байдаг учраас гишүүн элсүүлэх талаар мэдээлэл хүргэдэггүй байсан. Харин элссэн хүмүүсийн ажилд туслан тэдний гуйлтаар тус болж байсан явдал өөртөө гай авчирна гэж бодоогүй. Монгол улсад байгаа сүлжээний бизнес яг л ийм байдаг юм байна.

Миний зүгээс яагаад компьютерт шивж байсан болох талаараа, мэдээлэл яаж оруулж, аккуант үүсгэдэг талаараа, нэхэмжлэгч нарт аккуант үүсгэж өгсөн талаараа нотолсон байтал ИХШХШТХ-ийн 25.2.2, 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж шүүх дүгнэсэн нь хэргийн үйл явдал, нотлох баримтад зөв дүгнэлт хийж чадаагүйгээс хуулийг буруу хэрэглэж байна гэж үзсэн юм. Харин эсрэгээрээ би аккуант үүсгэсэн гэж татгалзаж байхад нэхэмжлэгч өөрийн шаардлагаа нотлох ёстой. Мөнгө шилжүүлсэн баримтын дагуу иргэний хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байх гэж шүүх өрөөсгөл дүгнэлт хийсэн. Энэ мөнгө шилжиж ирснээр би түүний нэрээр хөрөнгө оруулалт хийж өгсөн. Над руу мөнгө явуулна гэдэг нь надад хөрөнгө оруулалт хийж байгаа биш би түүний ямар нэгэн зорилгод хүрэх үйл ажиллагааг дамжуулах үүрэгтэй болсон гэдэг нь үйл явдлаар тодорхой байна. Түүний хүсэлтийг биелүүлэхдээ би заавал төлбөр авах шаардлагагүй, би хүний мэдээллийг шивж аккуант үүсгэхдээ нэг ч хүнээс урамшуулал авч байгаагүй. Нэг ёсондоо би түүнийг хөрөнгө оруулалтын компанид элсэн орох мэдээллийг шивж өгч элсүүлсэн. Элссэн болохоо өөрөө мэдсэн. Эхний удаад фэйсбүүкээр заалгаж аваад аккуант үүсэн орсон гэдгээ мэдсэн. Цаашид гишүүн нэмж оруулах, ашиг аваагүй байх нь миний буруу биш шүү дээ. Миний дор элсэж орсон ч хүмүүс биш. Өөрсдийн ухамсар, хүсэл зоригийн дагуу хөрөнгө оруулагч болж элчихээд хөрөнгө оруулалтын адилхан нэг гишүүн надаас  мөнгөө нэхэмжилж байгаа нь буруу.

Эдгээр шүүхийн шийдвэрт гаргаж буй үндэслэлүүдийг хянан үзэж Н.Ж болон Н.Ж, Questra world компани, бидний хооронд болсон хөрөнгө оруулалтын үйл явдлыг зөв ялган шударгаар тогтоож, түүний өмнө хүлээсэн мэдээллийг шивж оруулах үүргээ биелүүлсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

                                                  ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Н.Ж нь хариуцагч Ц.Х-аас 265 669 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Н.Ж нь Questra World гэх гадаадын компанид хөрөнгө оруулалт хийх зорилгоор 2017 оны 11 сарын 02-ны өдөр 90 евро /тэр үеийн ханшаар/ буюу 265 669 төгрөгийг хариуцагч Ц.Х-ын ХААН банкны ... тоот дансанд шилжүүлсэн байна. Энэ талаар талууд маргаагүй байна. /хх-ийн 5 дахь тал/

Хариуцагч Ц.Х нь нэхэмжлэгчээс шилжүүлж авсан 265 669 төгрөгийг Questra World гэх гадаадын компани руу шилжүүлсэн гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа боловч татгалзлын үндэслэлээ нотлосон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-д заасантай нийцээгүй байна.

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Х, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагч Ц.Х-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 05-ны өдрийн 138/ШШ2019/00511 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Х, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 8620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Л.НАРАНБАЯР

                                                                         Ж.ДОЛГОРМАА

                                                                         З.ЭНХЦЭЦЭГ